A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2830/

Аварга цолны мялаалга наадам болох уу

Отгон аварга Э.Оюунболд энэ ням гарагт хийхээр төлөвлөөд байсан цолны мялаалга найраа хойшлуулжээ.

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2830/


Ирэх ням гарагт Э.Оюунболд аваргын цолны мялаалга наадам Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдах ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Нутгийн удирдлагууд шинэ аваргадаа зориулах наадамдаа урлаг соёлын алдартнуудыг урьж, үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал бэлтгээд, өв уламжлалаа илтгэсэн үзүүлбэр бүхий сүрлэг нээлт, хаалтыг төлөвлөж байлаа. Түүнчлэн хурдан морины уралдаанд эрлийз морь уралдуулахгүй, соёолон насыг хамгийн эхэнд мордуулна гэх мэт олон шийдвэр гарган нутаг усаараа “доргиж, догдолж” байв. Харамсалтай нь Үндэсний бөхийн холбооноос залуу аваргын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн давааг ахиулах шаардлага тавьсан нь допинг хэрэглэсэн нь гарцаагүй мэт ойлголт төрүүлчихлээ. Уг нь мэргэжлийн байгууллагаас В сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг зарлана гэсэн. Ор сураггүй гэх Э.Оюунболд аварга өөрийн зардлаар БНСУ-д допингийн шинжилгээ өгөхөөр явсан гэдэг яриа ч байна. Ямартай ч энэ асуудлыг эцэслэтэл цолны мялаалга наадмыг хойшлуулжээ.

Үндэсний бөхийн холбооноос залуу аваргын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн давааг ахиулах шаардлага тавьсан нь допинг хэрэглэсэн нь гарцаагүй мэт ойлголт төрүүлчихлээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинжилгээний дээжийг сольж явуулна гэдэг боломжгүй зүйл

Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй комисс маш ноцтой алдаа гаргасан

 0 сэтгэгдэл


Улсын аварга Э.Оюунболд өөрийгөө допинг хэрэглээгүй, хэлмэгдүүлэхийн тулд миний шинжилгээг сольсон байна хэмээн мэдэгдсэн нь өдгөө ид маргааны сэдэв болоод байна. Хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлж буй ч мэргэжлийн хүний дуу хоолой үгүйлэгдсээр байгаа юм. Тиймээс Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхантай уулзаж, допинг тойрсон сэдвийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье. Улсын аварга Э.Оюунболд хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст допинг хэрэглээгүй, миний шинжилгээг сольсон байна гэж мэдэгдлээ. Үнэхээр шинжилгээний дээж солигдох магадлал бий юү?

-Энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээнээс үүдэлтэй маргаан газар авч, сүүлдээ үндэсний бөхийн хоёр холбоо маргалдаад эхэллээ. Наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүд увс, хэнтий аймгийнх байсан.

Гэтэл үндэсний бөхийн хоёр холбоог толгойлж байгаа хүмүүс бас Увс, Хэнтийнх болохоор өөрсдийн үзэл бодлыг хамгаалсан янз бүрийн мэдэгдэл хийгээд байх шиг байна. би Э.Оюунболд аваргын мэдэгдлийг үзсэн. Гэхдээ аваргын мэдэгдлээс өмнө допингийн хариуг зарлах процессийн талаар яримаар байна.

Ер нь улс орнууд Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэдэг том баримт бичгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрмийн дагуу зөвхөн асуудалтай хүнд л мэдэгдэх ёстой. Гэтэл допингийн шинжилгээний үр дүнг зарлах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага болох баяр наадмыг зохион байгуулах комисс бүх бөхчүүдэд хариуг нь хэлчихсэн. Энэ бол хамгийн эхний гажуудал. Олимпын наадмаар жишээ авъя л даа. Олимпоос медаль хүртсэн хэн нэг тамирчин “ОУОХ-ноос намайг цэвэр гэсэн” гэж ярьж байхыг харсан уу. Гэтэл манайхан дэлхийн спортод байхгүй, хамгийн буруу, гаж жишгийг бий болгочихлоо.

Б.Гончигдамба гарьдын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Шинжилгээ авах өрөөнд камер байрлуулсан гэж байна лээ. Уг нь шинжилгээ авах процедур хүний эрхтэй холбоотой маш нарийн ажил учир тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Тухайлбал, допингийн шинжилгээ авах өрөөг яаж тоноглох, тэнд юу юу байх, тэр өрөөнд хэн хэн орж болох гээд бүх процессийг олон улсын дүрмэнд нэгбүрчлэн заасан байдаг. Гарьдын ярьсан шиг шинжилгээ авах өрөөнд камер байрлуулна гэдэг байж болшгүй зүйл. Харин шинжилгээ авах өрөөнд тухайн тамирчны бие төлөөлөгч орж ирэх ёстой. Тэр төлөөлөгч нь ихэнх тохиолдолд тухайн тамирчны дасгалжуулагч, эмч юм уу орчуулагч байдаг. Тэр хүмүүсийн үүрэг нь нүдээрээ камерыг орлоно. Өөрөөр хэлбэл, тухайн өрөөнд болж буй процесс дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаад эцэст нь допингийн хяналтын хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг ёстой. Хэрэв Б.Гончигдамба гарьдын ярьж байгаа үнэн бол шинжилгээ авах багийнхан алдаа гаргажээ. Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй баяр наадмыг зохион байгуулах комисс бүр ноцтой алдаа гаргасан байна. Баяр наадмыг зохион байгуулах комисс цэвэр гарсан бөхчүүдэд хариуг мэдэгдсэнээсээ болоод өөрсдийгөө маш эвгүй байдалд оруулчихлаа.

Бас нэг хардлага гэвэл хоёр биш илүү олон хүнээс допинг илэрсэн, эрх бүхий хүмүүс нь өөрсдийн таалалд нийцүүлэн илэрсэн зарим хүнийг нуун дарагдуулаад өнгөрлөө гэх яриа байнга гардаг. Энэ бол боломжгүй зүйл. Яагаад гэвэл тамирчны цус, шээсний дээжийг допингийн хяналтын зорилгоор ашиглах эрх бүхий, магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй лаборатори дэлхийд 32 бий. Манай улсыг тойроод Орос, Хятад, Казахстан, Солонгост байдаг. Бидний харьцаад байгаа БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн допингийн хяналтын лаборатори бол тэр 32-ын нэг нь. Уг лаборатори үйл ажиллагаа явуулахдаа олон улсын лабораторийн стандартыг мөрдөж ажилладаг. Хэрэв тухайн лаборатори дүрэм журмаа зөрчсөн бол эрхээ хураалгах хүртэл арга хэмжээ авахуулна.
Үүнээс гадна лаборатори допингийн хяналтын дээжийг шинжлээд хариуг гурван хувь үйлддэг. Эхний хувийг захиалагч байгууллагад илгээнэ.

• Цол хурааж, шийтгэл оноох процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой. 

• Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин өөрөө хийж гүйцэтгэдэг. 

• Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах.

Манай тохиолдолд МҮОХ-нд өгөх учиртай хоёр дахь хувийг тухайн спортын олон улсын холбоо руу явуулна. Манай үндэсний бөхөд олон улсын холбоо гэж байхгүй болохоор ихэвчлэн Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо руу явуулдаг. Харин гурав дахь хувийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу илгээнэ. Өөрөөр хэлбэл, манайд ирж байгаа шинжилгээний хариу олон улсын хоёр байгууллагын хяналтад байна гэсэн үг. Тиймээс энэ хариуг манай талаас засварлах ямар ч боломжгүй.

Тамирчид шинжилгээ өгөх явцдаа бөглөдөг допингийн хяналтын хуудас дөрвөн хувь үйлдэгддэг. Нэг хувь нь шинжилгээ авсан байгууллагад, хоёр дахь хувь нь лаборатори руу явна. Гурав дахь хувь нь тухайн тамирчны харъяалагдаж байгаа холбоонд очно. Дөрөв дэх нь тамирчинд үлдэх ёстой. Тухайн дээжийн дугаар болон тамирчны гарын үсэгтэй хуудас нь лабораторид очдог. Харин лаборатори хариуг ирүүлэхдээ ийм дугаартай сорьцноос допинг илэрлээ гэж мэдэгддэг.

-Олон улсын лабораторийн үйл ажиллагаанд бид эргэлзэхгүй байна. Харин Э.Оюунболд аваргын ярьсанчлан тухайн дээжийг лабораторид очихоос нь өмнө солих боломж бий юу?

-Долдугаар сарын 12-ны орой төв цэнгэлдэх хүрээлэнд дээж авчихаад явуулах хүртлээ хоёр, гурван хоног хадгалж байгаа. Тэр хооронд дээжийг сольж явуулсан байж магадгүй гэх хардлага бий. Гэхдээ ийм боломж байхгүй.

Аваргын мэдэгдлээс үзвэл хэн нэг нь хорлох зорилгоор сольсон байна гэсэн. Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин хүн өөрөө хийж гүйцэтгэдэг. Тухайн дээжийг юүлсэн сав таглагдаад битүүмжлэгдсэн бол лабораторид очиж байж тусгай машинаар онгойлгохоос өөр аргагүй. Мөн тухайн тамирчны сонгож аваад дээжээ юүлж лацадсан саван дээрх дугаар дахин давтагдашгүй буюу цорын ганц байдаг. Хэрэв хэн нэгэн дээжийг явуулахаас өмнө сольсон байлаа гэж бодоход яг тийм дугаартай саванд хийх боломжгүй. Хэрэв өөр саванд хийгээд явуулбал тухайн савны дугаараар л хариу ирэх ёстой.

Түүнчлэн допингийн хяналтын хуудасны нэг хувийг тэр савтай нь цуг лаборатори руу заавал дагалдуулан явуулдаг. Хэрэв хэн нэгэн сольсон бол тэр хуудсан дээр байгаа Э.Оюунболд аваргын гарын үсгийг хэрхэн яаж дуурайлгаж зурсан байх вэ гэдэг асуудал босож ирнэ. Хэрэв гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж сэжиглэж байвал лабораторид явуулсан дээжийн хяналтын хуудасны гарын үсэгтэй тулгаж харах ёстой.

-Ямар ч байсан хүмүүсийн дунд эргэлзээ үүсчихлээ. Энэ эргэлзээг тайлах хамгийн зөв арга нь юу вэ. Э.Оюунболд аваргын ДНК-ийн шинжилгээг Б сорьцын хариутай тулгаж үзэх асуудал яригдаж байсан. Энэ зөв гарц мөн үү?

-Эргэлзээ тайлах хамгийн зөв бөгөөд хямдхан арга нь түрүүн миний хэлсэнчлэн допингийн хяналтын хуудасны лабораторид байгаа хувийг Э.Оюунболд аваргад байгаа хувьтай тулгаж, шинжилгээний дугаар болон гарын үсгийг нягтлах. Хэрэв үнэхээр шинжилгээний дээжийг солиод явуулчихсан бол лаборатори хэзээ ч долдугаар сарын 12-ны орой Э.Оюунболдын өгсөн саван дээрх дугаараар хариу ирүүлэхгүй. Яагаад гэвэл сав болгоны дугаар дахин давтагддаггүй. Харин ДНК-ийн шинжилгээ бол мөнгө зарсан илүү ажил юм даа.

-Дэлхийн допингийн түүхэнд шинжилгээний дээж солигдсон тохиолдол байдаг уу?

-Би лав сонсоогүй юм байна. Бүх зүйл стандартын дагуу явж байгаа учраас солигдох ёсгүй л дээ. Ер нь допингийн хяналтын баг гэдэг хэн нэгнээс хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулдаг юм.

-Гэхдээ манайд тийм биш байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Харамсалтай нь тийм. Өнөөдөр Монголд спортын эмчээр ажиллаж байгаа хүмүүс допингийн хяналтын багт ороод байна. Энэ бол туйлын буруу. ирээдүйд зайлшгүй засах ёстой асуудал. Спортын эмч гэдэг анагаах ухааны сүүлийн үеийн эм, витамин хэрэглүүлж, тухайн тамирчныг амжилт гаргахад шинжлэх ухаан талаас тус дэм болох үүрэгтэй хүн. Гэтэл допингийн хяналтын баг тухайн тамирчин хуульд харш бодис хэрэглэсэн үү гэдгийг илрүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эсрэг тэсрэг чиглэлтэй хүмүүс. Та нар бодоод үз дээ. Спортын эмч хүн тухайн тамирчныг амжилт гаргуулахын тулд янз бүрийн эм тариа хийчихээд дараа нь өөрөө шалгана гэдэг яаж ч бодсон буруу. Угаас допингийн эсрэг багийг хэрхэн бүрдүүлэх олон улсын дүрэм журам байдаг. Гэвч манайх мөрддөггүй.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноох шийтгэл үеийн үед маргаан дагуулсаар байдаг. Заримынх нь цолыг хураадаг бол зарим бөхийн барилдах эрхийг хасаад өнгөрөх жишээтэй. Үүнийг цэгцлэх ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуултад хариулахаас өмнө дэлхий яадаг вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Олимпын наадам болон бусад тэмцээн дээр асуудалд орсон хүнд автоматаар оноох шийтгэл гэж байдаг. Үүний дагуу тамирчны тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгож, статистикаас хасаж, медаль, шагналыг нь хураана. Үүнээс гадна цаг хугацааны шийтгэл онооно. Харин хугацааны хувьд тухайн кэйсээс шалтгаалаад янз бүр байж болно. Гэтэл манайх үндэсний их баяр наадмын тухай хуульдаа миний сая ярьсан хоёр шийтгэлийн дунд “эсвэл” гэдэг үг тавиад сонголттой болгоод орхичихсон. Допинг илэрсэн бөхийн цолыг хураана, эсвэл барилдах эрхийг хасна гэсэн салаа утгатай заалтаас болоод маргаан үүсээд байгаа юм. Уг нь энэ хоёр шийтгэл хамт байх ёстой. Цолыг нь хураагаад барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна гэсэн үг.

Цол хураах шийтгэл онооё гэхэд бас түвэгтэй асуудал үүснэ. Улсын баяр наадмаар хүртсэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Төрийн тэргүүн долдугаар сарын 12-нд зарлиг гаргаад цол олгочихлоо. Гэтэл баяр наадмыг зохион байгуулах комисс Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, цолыг нь хураах уу гэдэг асуудал үүснэ.

ДНК-ийн шинжилгээ хийнэ гэдэг мөнгө зарсан илүү ажил

Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах. үүний хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмэн дээр үндэслэсэн үндэсний допингийн эсрэг дүрэмтэй болох ёстой. Гэхдээ зөвхөн баяр наадамд зориулж биш, бусад спортын төрлийг хамарсан байх ёстой юм.

Энэ баяр наадмын өмнө бас л допингтой холбоотой хэрүүл гарлаа. Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд шүүхийн шийдвэр гарсан болохоор барилдана гэцгээгээд, бусад бөхчүүд нь допингтой бөхийг барилдуулбал бид барилдахгүй гээд бөөн юм боллоо. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль зөвхөн улсын баяр наадмын үеэр хүчинтэй. Бусад үед хэн, яаж зохицуулах нь тодорхойгүй.

Уг нь манай улс допингийн эсрэг тэмцэх Копенгагений тунхаглал болон ЮНЕСКО-гийн конвенцид нэгдэн орсон улс. Өөрөөр хэлбэл, манай төр засаг эх орондоо допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Тиймээс одоо зөв дүрэм хэрэгжүүлэх ёстой. 

-Таны яриад байгаа хууль, дүрмийг хэн хариуцаж батлуулах ёстой юм бэ?

-Спортын салбар хариуцсан төрийн байгууллага буюу БСШУСЯ хариуцаж батлуулах ёстой. Допингийн эсрэг үндэсний төв бол Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Монгол дахь салбар нь. Жирийн нэг төрийн бус байгууллага болохоор баталсан дүрэм, журмыг нь улсын хэмжээнд мөрдүүлнэ гэдэг боломжгүй л дээ.

Ер нь олны дунд допингийн шинжилгээ хэрэгтэй эсэх, авах шаардлага байна уу гэх мэт яриа байдаг. Үүнийг шийдэхийн тулд үндэсний бөх маань спорт уу, зүгээр л нэг баяр цэнгэл үү гэдгийг тодорхойлох ёстой. Хэрэв спорт юм бол шударга байх ёстой, тамирчны эрүүл мэндийг хамгаалах ёстой гэдэг үүднээс допингийн шинжилгээ зайлшгүй байна. Үндэсний бөх бол зүгээр л үндэсний соёл, наадам цэнгэл гэх нь бас бий. Спорт биш гэж үзвэл бөхчүүдэд спортын гавьяат тамирчин цол өгч байгаа нь зөв үү гэдэг асуудал үүснэ. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна.

-Х.Баянмөнх аваргын холбоо Э.Оюунболд аваргад хариуцлага тооцох шаардлага гээчийг гаргасан байна лээ. Допинг хэрэглэсэн нь албан ёсоор тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх нь хэр зохимжтой бол?

-Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шинжилгээний хариуг албан ёсоор зарлах, хариуцлага тооцох эрх бүхий субьект нь баяр наадмыг зохион байгуулах комисс л доо. Монголын үндэсний бөхийн холбоо биш. Тиймээс ийм алхам хийсэн нь бас л хууль зөрчсөн үйлдэл. Хамгийн сүүлийн том жишээ гэвэл лондоны олимпын чөлөөт бөхийн тэмцээний 120 кг-д алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдээс допинг илэрч, медалиа хураалгалаа. Хүрэл медаль хүртсэн хоёр бөхөд алт, мөнгөн медаль ирж, долдугаар байр эзэлсэн манай тамирчин Ж.Чулуунбат тавд орсон. Цол хурааж, шийтгэл оноох энэ процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой юм. Албан ёсоор зарлаагүй байхад нэг холбоо нь шууд дайрч давшилна гэдэг яаж ч бодсон буруу л даа.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Т.Үйтүмэн: Хүүгээ бокс руу орчих болов уу гэж бодсон чинь жүдо барилдана гээд байна

Бэлтгэлийн дараа зүүн гарын доороос хийх цохилтоо мянган удаа давтдаг байлаа

 0 сэтгэгдэл


Хоёр хоногийн дараа Монголын тамирчдын баяр болох гэж байна. Их спортоор овоглож, 
тамирчны өнөр бүлд багтсан хүн бүрийн хувьд энэ бол хүсэн хүлээдэг баяр нь. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнг сониныхоо зочноор урьж ярилцлаа.

-Тантай уулзалгүй их уджээ. Сүүлийн үед хийж буй ажлаасаа сонирхуулаач?

-Би яахав, хувь, хувьсгалын ажлаа амжуулах гээд гүйж л байна. Боксын холбооны дэд ерөнхийлөгч гэдэг утгаараа хэдэн тамирчиндаа тусалчих юмсан гээд хийх ажил ихтэй. Уг нь клуб нээж, хүүхдүүдтэй ажиллах санаа байдаг. Яг зориглоод бариад авъя гэхээр амжихгүй юм.

-Тамирчдын баяр болох гэж байна. Баяр дөхөөд ирэхээр тамирчин ахуй үеэ дурсаад сайхан байдаг биз?

-Өмнө нь тамирчин байх үед дандаа тэмцээн уралдаан, бэлтгэлтэй байж таардаг байсан болохоор баярлахтай манатай л байлаа. Харин сүүлийн үед найз нөхдийн хүрээнд тэмдэглэдэг болсон. Тамирчин бидний хувьд цагаан сар, наадмын дараа орох том баяр юм даа.

-Та дэлхийн аваргын мөнгөн медальтай, гавьяат тамирчин хүн. Гэхдээ азгүй үед төрөн гарсан тамирчин юм болов уу гэж бодогддог юм. Одоогийнх шиг ахуй хангамж сайн нөхцөлд тамирчин байсан бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан байх даа?

-Тиймэрхүү юм боддоггүй ээ. Яахав, найз нөхөд маань “Үүеэ азгүй үед төрсөн тамирчин” гэж ярьдаг л юм. Гэхдээ бурхны заасан замаар явж байгаа юмыг яалтай билээ. Би өөрийгөө азгүй тамирчин гэж боддоггүй. Чадлынхаа хэмжээгээр тоглоод, баг хамт олныхоо ачаар дэлхийн аваргын мөнгөн медаль авч, Ази тивийн аварга боллоо. Мэдээж одоогийн хүүхдүүдийн нөхцөл байдал сайхан л байна. Ахуй хангамж, тусламж дэмжлэг, материаллаг бааз бидний үетэй харьцуулашгүй болсон. Гэхдээ одоо эргээд бодоход элбэг хангалуун биш ч гэсэн тэр үеийн амьдрал минь илүү амттай байж. Манай үеийнхэн “Олимп гэдэг юманд нь ороод үзчих юмсан” гэж ярихаас биш олимпын медаль гэдэг зүйл тэнгэрт байгаа мэт хол санагддаг байлаа. Харин сүүлдээ спорт холбоод маань сайхан ажиллаж, төр засаг, хувь хүмүүс маш сайн дэмжсэний хүчинд олимп, дэлхийн медаль их ойрхон юм байна гэдгийг ойлгосон.

-Таныг боксын холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед олимп, дэлхийн аваргууд төрөн гарсан. Тухайн үед компаниудаас хандив тусламж гуйх ажилд таны нэр нүүр их хэрэг болдог байсан болов уу гэж боддог юм. Т.Үйтүмэнг яваад ороход татгалзах хүн ховор биз дээ?

-Миний нүүрээр тусламж дэмжлэг авч байсан гэвэл онгирсон болчих байх. Гэхдээ ямар ч мөнгө өгөхөөргүй хүнийг инээлгэж байгаад мөнгийг нь аваад гарах үе гардаг л байлаа. Гэхдээ би өөртөө мөнгө авах гэж байгаа биш, хэдэн тамирчныг маань дэмжээд өгөөч гээд ордог болохоор татгалздаггүй байсан байх аа. Манай боксоос олимп, дэлхийн аварга төрөхөд их олон компани тусалсан шүү.

-Хүү тань жүдогийн секцэнд орчихжээ. Боксоор хичээллэхгүй гээд байна уу?

-Би дөрвөн хүүхэдтэй хүн. Бага хүү маань спортын хүн болно гэдэг. Би амьхандаа бокс руу орчих болов уу гэж бодсон чинь жүдо барилдана гэнэ ээ. Чи заавал боксчин бол гэж хүчлэлтэй биш, өөрийнх нь сонирхлыг л дагаж байна. Гэхдээ замдаа яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй шүү дээ. Жүдогоороо цааш явах уу, дундаас нь бокс руу орох уу, бүр больчих ч юм уу, хэн мэдлээ. Хүү маань жүдодоо их сонирхолтой. Арслантай гүүрний тэндээс “Алдар” спорт хороо хүртэл дугуйгаараа явчихна. Би өөрөө тамирчин байхдаа Д.Банди багшийн секцэнд хичээллэхийн тулд Шаамараас аймгийн төв хүртэл 20 км газар өдөр бүр дугуйгаар явдаг байлаа. Харин одоо хүү маань аавыгаа дуурайж,  дугуйгаар бэлтгэлдээ явж байгаад баярлаад л байна. Миний хүү заавал олимп, дэлхийн аварга болох албагүй. Харин бие нь чангараад, эрүүл чийрэг болно гэдэг хамгийн чухал. Гэхдээ нэгэнт спортоор хичээллэсэн хүн эцсийг нь хүртэл яваарай гэж хүүдээ захидаг юм.

-Тантай уулзсаных Д.Банди багшийн талаар ярихгүй өнгөрч боломгүй. Энэ агуу хүний талаарх сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Би Д.Банди багшийн анхны шавь нарын нэг. Миний өдий зэрэгтэй яваа нь багшийн минь л ач. Багш маань шигшээ багийн дасгалжуулагч болоод олимп, дэлхийн аваргууд төрлөө. Д.Банди багшийг л шигшээгийн ахлахаар тавьж байж энэ амжилтууд ирнэ гэж би боддог байсан. Тэр дагуу л болсон.

• Өмнө нь ялдаг байсан хүнээ дийлэхгүй байгаа юм чинь залууст зайгаа тавьж өгье гээд спортоо орхиж байлаа.

• Боксоо орхиогүй бол Монголдоо яаж ийж аргалж байгаад түрүүлж магадгүй. Гэвч гадагшаа гараад хүн дийлэхгүй бол хэрэггүй биз дээ. 

• Токиогийн олимп монголчуудын хамгийн их амжилт гаргах боломжтой үе нь байгаа юм. Энэ боломжийг л ашигламаар байна.

Багш маань харахад ширүүн төрхтэй ч их зөөлөн хүн байсан. Ер нь маш зөөлөн байж, бусдын эвийг олж байж амжилт олно гэдэг би Д.Банди багшийн арга барилаас ойлгож авсан. Миний багш намайг цохиж авах нь байтугай загнаж ч үзээгүй. Хамгийн анх багштайгаа Филиппинд болсон олон улсын тэмцээнд орж байлаа. Анх удаа гадаадын тэмцээнд орж байгаа хүүхэд багш юу гэж хэлнэ, тэрийг нь дагаастай. “За миний хүү рингэн дээр ингэж гараад, ингэж тоглоод, шүүгчтэй ингэж харьцаарай” гээд бүх юмыг зааж өгнө. Би тэр тэмцээнээс алтан медаль авсны дараа багш надад “За миний хүү, чамд ганц авах чанар байна. Рингэн дээр тулалдаж байхдаа багшийнхаа үгийг сонсож, хэрэгжүүлнэ гэдэг тамирчин хүний хамгийн сайн чанар” гэж билээ. Рингэн дээр ухаан мэдрэлгүй тулалдаж байгаа мөртлөө багш хажуунаас сөөнгө хоолойгоор ганц хоёрхон үг хэлэхэд аягүй тод сонсогддог байв. Аваргын төлөө тоглох явцад “Наад хүнийхээ баруун гарыг нь хараад тогло” гэж байна. Тэгэнгүүт баруун гарнаас нь бултаад тоглоод байсан чинь ялчихсан. Энэ мэтээр багшийн минь заавар, зөвлөгөө олон ч тулаанд хэрэг болсон доо.

-Та гэдсэнд хийдэг цохилтоороо алдаршсан боксчин. Одоо Монголд тантай адилхан тоглолттой боксчин байна уу?

-Би тамирчдын бэлтгэл сургуулилт дээр тэр бүр очиж чадахгүй юм. Тэгэхээр тэр нь ийм тоглолттой гэж дүгнэх хэцүү. Миний хувьд Монголд байна уу, гадаадад байна уу хамаагүй, бэлтгэлийн дараа ганцаараа үлдээд зүүн гарын доороос хийх цохилтоо 500-1000 удаа давтдаг байлаа. Ингэж байж үндсэн цохилтоо олж авсан хүн. Дараа нь тэмцээн дээр тоглож байхад нөгөө цохилтоо өөрийн мэдэлгүй хийгээд унагаах үе зөндөө д байсан. Энэ чинь гоё шүү дээ. Харин хүний толгой руу тоншиж тоншиж байгаад цагаа дуусгаж, шүүгч хэнд нь ялалт өгөх бол гэж горьдоод байж болохгүй байхгүй юу. Үндсэн цохилтоо давтаад байхад хэзээ нэгэн цагт хэрэг болж л таарна.

-Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд энэ цохилт хэрэг болсон доо…

-Тэгэлгүй яахав. Энэ чинь л нөгөө бэлтгэлийн дараа цохилтоо мянган удаа давтсаны ач. Бөхчүүд нэг мэхээ байнга давтаад байхаар барилдааны явцад нөгөө мэхээ өөрийн мэдэлгүй хийгээд унагаачихсан байсан гэж ярьдаг. Үүнтэй л адилхан. Одоо Хятадын тамирчид бүгд бэлтгэлийн дараа цохилт давтдаг болсон байна лээ. Харин манай хүүхдүүд ийм бэлтгэл хийдэг эсэхийг мэдэхгүй байна.

-Одоо монголчууд Н.Төгсцогтыг харуулдаж, энэ тамирчнаар бахархаж байна. Мэргэжлийн бокст гаргаж буй Н.Төгсцогтын амжилтын талаар ямар бодолтой байна вэ?

-Манай Н.Төгсцогт их сайн тоглож байна. Цаашдаа ч сайн тоглох байх. Ер нь Америк тив мэргэжлийн боксоор агуу шүү дээ. АНУ, Мексик, Венесуэлийн мундаг тамирчид зөндөө байгаа. Ялаад байх тусам цаашаа улам чангарна. Н.Төгсцогтоос гадна Солонгост байгаа М.Нандин-Эрдэнэ гээд тамирчин маань мундаг сайн тоглож байна. Намайг холбооны нарийн бичгийн дарга байх үед хоёулаа мундаг тоглодог байсан тамирчид. Одоо ч сайн байгаад нь баярлаад байна.

-Н.Төгсцогтын тоглолт мэргэжилд орсноос хойш хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Мэргэжлийн боксын дүрэм өөр шүү дээ. Сонирхогчийн бокс есхөн минут тоглодог бол мэргэжлийн бокс гурван минутаар 10, 12 үе тоглож байна. Энэ хэрээр тоглолтын тактик, цагийн хуваарь өөрчлөгдөнө. Манай Төгсөөгийн тоглолт мундаг болсон байна лээ. Цаашдаа дийлдэхгүй байх аа. Мэдээж цаашлах тусам өрсөлдөгч нь улам сайжирна. Үүн дээр л маш болгоомжтой байж, бэртэл гэмтлээс хол байгаасай гэж залбирч сууна даа.

-Таны үед Монголын бокс оргил амжилтаа үзүүлсэн. Харин одоо хатуухан хэлэхэд амжилт бага багаар буурсаар байна. Үүний учир шалтгааныг та юутай холбон тайлбарлах вэ?

-Тамирчдаасаа илүү холбооны удирдлагын арга барил, багш дасгалжуулагчийн ур чадвар, зохион байгуулалтын асуудал тааруухан байна уу гэж бодогддог. Д.Банди багш шиг сайн дасгалжуулагч үгүйлэгдэж байна. Уяачгүй морь яаж уралдах билээ. Үүнтэй адил сайн дасгалжуулагчгүй бол тамирчнаас өндөр амжилт хүлээх хэцүү шүү дээ. Мэдээж багш болгон тамирчдынхаа амжилтыг сайжруулахын төлөө явж байгаа. Гэхдээ ур чадвар, техник, тактикаа сайжруулах хэрэгтэй. Харин багшийн заасан бүхнийг тамирчин сайн сурч байж амжилт гаргана.

-Токиогийн олимпыг ямраар төсөөлж байна вэ?

-Монголын боксчдын хийморь нь харьчихаагүй бол амжилт гаргах байх аа. Олимпын циклийн бэлтгэл ямар байгааг сайн мэдэхгүй болохоор үүнээс илүүг хэлж чадахгүй нь дээ. Уг нь Токиогийн олимп монголчуудын хамгийн их амжилт гаргах боломжтой үе нь байгаа юм. Газар нутаг хол биш, ганцхан цагийн зөрүүтэй. Энэ боломжийг л ашигламаар байгаа юм. Гэхдээ Олон улсын боксын холбоо өөрөө асуудалтай байна. Олимп зохион байгуулах эрхийг мэргэжлийн боксын холбоонд өгөх гэнэ. Олимпын боксын тэмцээн ямар дүрмээр явагдах эсэх нь одоо болтол тодорхойгүй. Олимпын эрхээ яаж өгөх нь ч тодорхой биш байна. Энэ асуудал цэгцэрсний дараа илүү тодорхой таамаг дэвшүүлж болох байх.

-Нэгэнт олимп ярьсных нэг юм сонирхоё. Та 2000 оны Сиднейн олимпын дараа спортоо орхисон. Арай эрт зодог тайлчихав уу гэж харамсдаг уу?

-Би Сөүлд болсон тэмцээнд Êыргызийн тамирчныг хожиж Сиднейн олимпын эрхээ авсан юм. Ингээд олимп эхлэхээс өмнө хоёр сарын турш Êубад бэлтгэл хийлээ. Эрс тэс уур амьсгалд өссөн хүн тэр халуун газар удаан хугацаанд байхаар ямар ч бяргүй болдог юм билээ. Монголд ирээд хоёрхон хоноод Сидней рүү ниссэн. Тэнхээ тамир ч олигтой сэргэдэггүй. Ингээд олимпод очоод сугалаа сугалтал нөгөө Êыргызтэйгээ дахиад таарсан ч ялж чадаагүй. Олимпод хожигдчихоод маргааш нь боксоо орхихоор шийдсэн дээ. “Та яагаад больчихов оо” гэж хүмүүс надаас асуудаг байлаа. “Би өмнө нь ялж байсан хүнээ дийлэхгүй байна. Одоо больё доо. Эртхэн залуучууддаа зайгаа тавьж өгье” гээд л больсон. Яахав, боксоо орхиогүй бол Монголдоо яаж ийж аргалж байгаад түрүүлж магадгүй. Гэвч гадагшаа гараад хүн дийлэхгүй бол хэрэггүй биз дээ.

-Та одоо бээлий өмсөж, хөлсөө гаргаж байна уу?

-Одоо би “Зевс” гээд боксын клубт хааяа бэлтгэл хийж, хөлсөө гаргадаг. Тоног төхөөрөмж, бэлтгэл сургуулилт сайтай гоё газар бий. Заримдаа кроссонд гүйнэ. Хөдөлгөөн дутагдсанаас болж гэдсээ урагшаа алдчихвал онцгүй биз дээ.

- Сайхан ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна

Харилцан уялдаатай салбаруудыг хоёр яаманд хувааснаас бодлогын алдаа гарсан

 0 сэтгэгдэл


Монголын аялал жуулчлалын бодлого аль болох олон жуулчин татаж, тэднээс мөнгө “саах” зорилго агуулж буй энэ үед аяллын салбар бүрийн үзүүлэлтийг дээшлүүлэх нь гол зорилт юм. 2018 онд Монголд зочилсон жуулчдын тоо 529.3 мянгаар хэмжигдэж, 569.5 сая ам.долларыг Монголын эдийн засагт оруулсан байна. Тэдний дийлэнх буюу 76 хувь нь унаган байгаль, түүх, нүүдлийн соёл ахуйтай танилцахаар ирдэг бол 10 хувь нь адал явдалт экстрим аялал хийхээр, 10 хувь нь бизнесийн зорилгоор ирдэг аж. Үлдсэн нь “бусад” гэсэн ангилалд өчүүхэн бага хувийг эзэлж байна. Тэр өчүүхэн хувь дотор спортын аялал жуулчлал гэсэн дэлхийд тэргүүлж буй салбар багтаж буй нь хэтэрхий чамлалттай.

Саяхан манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн 18 насны ДАШТ болон олон улсын чанартай хоёр ч тэмцээнд оролцогчдоос бид эдийн засагтаа юу нааж чадсан бэ. Ганц зочид буудал л хоногийн буудлын хөлс олж бусад нь бор зүрхээрээ л санхүүжилт цацаж зохион байгууллаа.

43 орны тамирчин, дасгалжуулагч, арын албаны 1000 гаруй хүнээс хэдэн төгрөг манай эдийн засагт орсон тухай мэдээлэл алга. Урьдчилан тооцоолсон зорилтын тухай бүр ярилтгүй.

Уг нь олон улсын чанартай спортын арга хэмжээг дагаж агаарын болон дотоод тээвэр, зочид буудал, хоолны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж эдийн засагт том хөрөнгө оруулалт болдог. Дэлхийн олон орон тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдааныг нутагтаа зохион байгуулсныхаа шанд олон тэрбум ам.доллар олоод зогсохгүй хэдэн мянган ажлын байр бэлтгэж эдийн засагтаа нэмэрлэж байна. Тухайлбал, 2018 онд хойд хөрш маань хөл бөмбөгийн ДАШТ-ээс 31 тэрбум ам.доллар “зулгааж”, 220 мянган ажлын байраар иргэдээ хангажээ. Мөн “Sport England” судалгаанд Англи улс спортоос жилдээ 20.3 тэрбум еврогийн орлого бүрдүүлж, 400 мянган ажлын байр бий болгодог гэжээ.

Манай улс энэ төрлийн аялал жуулчлалаас хэчнээн төгрөгийн орлого олдог талаарх сүүлийн үеийн судалгаа мэдээлэл байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлалын салбар нэг яаманд харьяалагдаж байх үед хийсэн ганц судалгаа бий. Тэр судалгаанд “Монгол Улс 2016 онд олон улсын чанартай 12 тэмцээн зохион байгуулахад 80 орны 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүс ирж эдийн засагт 3.2 тэрбум төгрөгийн шууд орлого өгсөн” хэмээжээ. Жил бүр ийм судалгааг хийсэн бол энэ салбарын бодлого тодорхой болж эдийн засагт нөлөө үзүүлэх төлөвлөгөөг зорилт болгон хэрэгжүүлэх боломж байв.

Спорт аялал жуулчлал яагаад хөгжихгүй байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд засаглалын алдаа гарсан. Нэг яамны харьяанд байсан уялдаа бүхий хоёр салбарыг салгачихаар бодлогын алдаа болчихоод байна. Хэдий тийм ч аялал жуулчлалын салбар соёл, спортын салбартайгаа хамтарч ажиллаж байна. Тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагчид манай улс таалагдвал дараа гэр бүлээрээ аялах нөхцөл үүсэх учраас энэ төрөлд анхаарахаас аргагүй” гэв. Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “Спорт, аялал жуулчлал гэдэг нэг яаманд байх ёстой гэдэг нь үнэн. Түүнээс гадна спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд спортын холбоод БОАЖЯ болон БСШУСЯ-тайгаа уялдаагаа сайжруулах нь чухал байна. Спортын холбоод төрөөс санхүүжилт аваад алга болчихдог, тайлангаа өгдөггүй, тэмцээний талаар мэдээллээ ирүүлдэггүйгээс эдийн засагт орж байгаа тоо баримтыг тодорхой гаргаж болдоггүй байсан. Өнөө жилээс бүх тэмцээний тайланг авч судалгаа хийхээр зорьж байна. Түүний дараа эдийн засагт илүү орлого оруулах зорилт тавигдана” гэж ярилаа.

Спорт хариуцсан яаманд мэргэжлийн спортын холбоод тайлангаа өгдөггүй, аялал жуулчлалын салбарт спорт аялал жуулчлалын судалгаа байдаггүйгээс эдийн засгийн том салбар манай улсад ор мөр төдий байна. Тэр хэрээр эдийн засгийн үзүүлэлтийг ч тооцох боломжгүй байгаа юм. Уг нь аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд спортын фанатуудыг эх орондоо “уяж”, төрөл бүрийн үйлчилгээгээр мөнгийг нь саах боломжийн төлөө уралдаж байна. Дэлхийд спорт аялал жуулчлалыг хотын хөгжлийн нэг түлхүүр болгох өрсөлдөөн ч ширүүн байгаа. Энэ чиглэлээр БНСУ дэлхийд цахиур хагалж Сөүл, Пусан хотуудаа спортын тэмцээн хүлээн авч, жуулчдын халаасыг сэгсэрдгээр нь алдартай болгосон.

Манай улс, тэр дундаа Улаанбаатар, Дархан хотууд спортын аялал жуулчлалын чиглэлээр дагнан хөгжих бүрэн боломж ч цухуйж эхэллээ. Дархан хотод 20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт баригдаж дуусаж байна. Тэнд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн усан бассейн, тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар баригдаж буй. Үүнээс гадна өвлийн спортын ордон ч бас бий. Улаанбаатар хотод БуянтУхаа цогцолбороос гадна битүү дээвэртэй “Мөсөн ордон”, 2020 онд зохион байгуулах Азийн хүүхдийн наадамд зориулсан спортын хотхон баригдаж байгаа. Харин эдгээр барилгыг “үхмэл” хөрөнгө болгохгүйн тулд спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах ёстой. Тэр хэрээр зочид буудал, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн эрэлт нэмэгдэнэ.

Маркетинг муу бол дахин тэмцээн зохион байгуулах эрх авч чадахгүй

Ийм боломж дүүрэн байгааг өнгөрсөн хавар болсон Шатрын Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс харж болно. Тус тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагч зэрэг 67 жуулчин манай улсад 10 хонохдоо эдийн засагт 190.4 сая төгрөг үлдээгээд явжээ. Тухайлбал агаарын тээвэрт 66 сая, дотоод тээвэрт 7.4, зочид буудал хоолонд 79.4, Цонжин болдог, Чингисийн өргөө, Говь кашмер, Аръяабал хийд зэргийн үйлчилгээнд 36.5 сая төгрөг үржээ. Гэхдээ энэ тэмцээн олон улсын түвшинтэй харьцуулахад түүхий байгаа нь олон зүйлээр илэрч байна. Дээрх зардал дээр нэмээд бэлгэдэл буюу маскотын загвар худалдах, түүний дүрстэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэх зэрэг мөнгө олох маркетингийн олон аргыг хэрэглэсэн бол илүү их мөнгө “сааж” чадах байлаа. Наад зах нь тэмцээний онцлогийг харуулсан малгай, өмсгөлийн борлуулалтаас боломж байсан л юм.

2019 онд Монгол Улсад олон улс, тив, дэлхийн чанартай 13 тэмцээн зохион байгуулахаар мэргэжлийн спортын холбоод Засгийн газраас болон холбогдох олон улсын мэргэжлийн байгууллагаас эрхээ авчээ. Тухайлбал өнгөрсөн хавар чөлөөт бөхийн өсвөрийн ААШТ, гандболын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ сард гэхэд л саяхан аваргуудаа тодруулсан 3х3 18 насны ДАШТ, Гимнастикийн ААШТ, Бадминтоны олимпын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай. Мөн ирэх саруудад Жижүцү, бокс, ширээний теннисийн ААШТ, самбо бөхийн ДАШТ, бодибилдинг, жүдо бөхийн олон улсын тэмцээн болно. Эдгээр тэмцээнээс бид эдийн засагтаа өсөлт нэмэх боломжуудыг өөрсдийн хэмжээнд “тултал” ашиглах хэрэгтэй. Ядаж л дээрх тэмцээнийг зохион байгуулагчид жижиглэн худалдааны маркетинг хийж, үзэгчдийг татах олон төрлийн уран ухаан сийлэн төсвөөс гаргасан зардлыг нөхмөөр байна. Тэгэхгүй бол эдийн засгийн үр өгөөжгүй зөвхөн нэг талыг бодсон уралдаан тэмцээн зохион байгуулдаг орон болчхоод байна. Нөгөө талаар энэ байдал нь ч эргээд сөргөөр нөлөөлөх явдлууд ч гарсаар байгаа. Тухайлбал, манай улсын мэргэжлийн холбоодод тэмцээн зохион байгуулах эрх олгосон олон улсын байгууллагууд тэмцээний маркетинг муу байгааг шүүмжилж, үзэгчдийн тоог голон маркетинг, эдийн засгийн үр өгөөжийн судалгаа, баталгаа нэхдэг болсон.

Дараа жил Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд” спортын наадам болно. Тус наадамд спортын 21 төрөлд өрсөлдөхөөр 57 орны 3700 орчим тамирчин болон албаны хүн хүрэлцэн ирэх тооцоо бий. Мөн хүүхдүүдээ дэмжихээр олон тооны жуулчин ирнэ. Тэдэнд ая тухтай үйлчлэхийн зэрэгцээ эдийн засагтаа нэмэр болгох, аялал жуулчлалдаа үсрэнгүй хөгжил авчрахын төлөө өнөөдрөөс тархиа ажиллуулахгүй бол дараагийн эрх олгох том тэмцээн уралдаанд бид гологдоход ойрхон байна.