A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/466/

Авьяасыг “гудамжинд” үлдээж байгаа босго оноог өөрчилье

Сайд та дээд боловсролд ялгавар тогтоож байгаа шийдвэрээ эргэн харна уу

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/466/

Өнөө жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43846 хүн бүртгүүлсний 37950 нь төгсөх ангийн сурагч, 5896 нь өмнөх оны төгсөгч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаанд нийт төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элсэж байгааг дурджээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ихэнх нь төрийн өмчийн 18, хувийн өмчийн 75 их, дээд сургуульд орохоор өрсөлддөг гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөхөөсөө огцом өссөн нь статистикийн мэдээнээс харагдаж байна. Тухайлбал, 2015 онд 17828 элсэгч шинээр орж байсан бол 2016 онд 27626 болж, 2017 онд бүр 32919 хүрч, өсчээ. Ингэж гэнэт өссөн шалтгааныг БСШУС Я-ны зүгээс ЭЕШ- ын босго оноо 400 байгаа нь “намдсан” гэж үзсэн байна билээ. Түүнээс биш ерөнхий боловсрол эзэмшигчдийн суурь боловсролын түвшин өссөнөөс их дээд сургуульд орсон элсэгчдийн тоо нэмэгдлээ гэдэг байдлаар хандаагүй байгаа юм. БСШУС- ын сайд А/195 тушаалдаа “2018- 2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болго” хэмээн “лүндэндсэн”.

Ингэж нэмэгдүүлснээр дээд боловсролын чанарыг сайжруулах, их, дээд сургуулиудын тоог цөөлж, чанаржуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд гаргах зорилгод нийцнэ гэж тооцоолжээ. Цаашлаад Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын байгууллагуудын сургалт, дээд боловсролын диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенцид нэгдэхээр “горьдож” байгаа юм. Нэг талдаа чанаргүй олон сургууль хаалгаа барьж, манай улсын дээд боловсролын үнэлгээ бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол аргагүй улсын эрх ашигт тустай зүйл. Мөн их, дээд сургуульд элсэгчдийн тоо 18 хувиар буурч, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэх аж. Харин нөгөө талд нь босго оноог ингэж хатуу зааж өгсөн нь хүний хувь заяа, хүүхдийн эрх ашиг хөсөр хаягдахад хүргэж байгааг харж чадсангүй. БСШУС Я босго оноонд “бүдэрсэн” олон хүүхэд дээд боловсролтой болохын тулд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа улсын гурав, хувийн дөрвөн их, дээд сургуулийг сонгоно гэж тооцоолсон байх. Сайдын баталсан тушаалд орон нутгийн их дээд сургуульд элсэгчдийн босго оноог 400 хэвээр үлдээсэн нь ч орон нутгийн их, дээд сургуулиудын танхимыг дүүргэх гэсэн бодлого байсан байж болно.

Урлагийн суутнууд математиктай, математикгүй шидээвэр бүтээлээ туурвисаар ирсэн

Гэхдээ энэ бодлого нь нийгэм даяар дээд боловсролд ялгавартай хандах хандлагыг аяндаа бий болгохыг тэд тооцсонгүй. Босго оноог ялгавартай тогтоосноос үүдэх сөрөг үр дагавар ч шууд харагдаж эхэллээ. Орон нутагт очиж суралцсан хүүхэд төгсөөд тэндээ ажилд орох магадлал муутай учраас нийслэлийг зорьж таарна. Гэтэл энд ажилд авах компаниуд ялгавартай хандаж эхэлнэ. Мэдээж хувийн компаниуд оюуны потенциал сайтай ажилтан авахын тулд 480 онооны босго давж бэлтгэгдсэн, Токиогийн конвенцийн “болзол хангасан” боловсон хүчнийг сонгох нь тодорхой биз дээ. Тэгэхээр “400 оноо”-ныхонд ямар “цензур” тогтох нь тодорхой харагдаж байгаа юм. Нарийн ярих аваас Боловсролын сайдын тушаал Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болжээ. Монгол Улсын иргэн бүр төрийн шийдвэрт тэгш хамрагдаж байх ёстой атал нийгэмд хөл тавьж ядаж яваа, иргэний үнэмлэхээ ч авч амжаагүй иргэдээ шууд ингээд ялгаварлах нь “эцэг хууль”-д хэр нийцэх юм бол доо. Энэ шийдвэрт бас нэг алдаа байгаа нь унаган авьяастай хүүхдүүд 480 онооны босгонд “тээглэх” магадлалыг өндөрсгөсөн явдал. Өнөөдөр авьяастай ч физик, математикийн “сүр”-д дарагдсан хүүхдүүд олон байгаа. Энд хэн нэгнийг дутуу үнэлэх, доромжлох талаар ямар ч зорилго агуулаагүйг ойлгох хэрэгтэй. Авьяас бол төрөлхийнх байдаг учраас математик энэ тэрд “дарлуулахгүй” торойж байдаг. Тиймдээ ч дэлхийн урлагийн суутнууд математиктай, математикгүй шидээвэр, сонгодог бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Манайд ийм суутнууд олон бий. Тэд математик мэтээс үл хамаарах урлагийн сургуулиар дамжин гарч ирсэн юм. Гэтэл ирээдүйн суутнуудыг хөгжүүлэх, бэлтгэхэд математикийн шалгалт хийгээд босго оноо шууд тээг болж байна.

• 168 оюутны орон тоо байсаар атал 54 хүүхэд тэнцсэн нь олон “авьяас” 400-гийн босго оноонд дарагдсаныг харуулж байна.
• Нэг талдаа чанаргүй олон сургууль хаагдах, манай дээд боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдийн тоо нэмэгдэх ач тустай.
• Эцэг, эхчүүд хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлсэн нь төрийн шийдвэрт “нам цохиулах” шалтгаан болно чинээ бодоогүй байх.

Жишээлбэл, загвар, дизайнер, зураачийн ангид элсэх зорилго тавин зурах чадвараа сайжруулсан хүүхдүүд 480 оноонд бэлтгээгүй. Үндсэн ур чадвар нь зурах болохоос тоо бодох, гадаад хэл сурах явдал чухал биш гэж тооцсон тэдэнд дээд боловсрол эзэмших боломж ч хаагдчих гээд байна. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ давуу талыг хөгжүүлсэн нь төрийн шийдвэрт “нам” цохиулах шалтгаан болно чинээ бодоогүй байх. Бас ийм байдалд ордог тодорхой хэсэг бол СУИС , ШУТИС болон бусад дүрслэх дизайн урлагийн сургуульд элсэхийг хүсэгчид. Унаган авьяастныг шалгаруулж цэвэр урлагийн бүтээл туурвих сод уран бүтээлч бэлтгэх зорилготой сургууль хэчнээн “авьяас”-ыг математикийн “томьёогоор” гудамд гаргаж байгааг харах харамсалтай. Уран зураг, содон баримал, зураасан зургийн гоц бүтээлүүд төрөхөд математик, гадаад хэл тийм хэрэг болдог юм бол олимпиадын “гавал”-уудаар зураг зуруулж, сийлбэр сийлүүлээд үзээрэй. Шинжлэх ухаан, унаган авьяас хоёр хэчнээн өөрийг дурайтал ялгаад өгнө дөө. Унаган авьяас бол баян, ядууг үл харгалзан заяадаг бурхны хишиг, аз завшаан гэлтэй.

Түүнийг уйгагүй хөдөлмөр, зүтгэлээр “өнгөлдөг” ч, манай нөхцөлд эдийн засгийн боломжгүйгээс олон айл “авьяастнаа” жирийн хар ажилчин болгодог. Ар гэрийн гачигдлаас авьяасаа үнэлүүлж чадахгүй байгаа хэсэг ч бий. СУИС- ийн 2015-2016 оны тайланд ар гэрийн гачигдлаар 40 оюутан, сургалтын төлбөрөө төлөх боломжгүйн улмаас 18 оюутан сургуулиасаа гарсан гэсэн мэдээлэл байгаа нь хэдэн авьяастан яайран болсныг илтгэж байна. Мөн 2015 онд СУИС- ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд элсүүлбэл зохих 168 оюутны орон тоо байсаар атал 54 хүүхэд тэнцсэн нь олон “авьяас” босго оноонд дарлуулж байгааг харуулж байна. Дээр өгүүлсэн төрийн болон хувийн энэ мэт шалтгаануудаас уран барималчин тоосгоны шавар зуурч, агуу зураачид автомашины сэв гаргаад суух ёстой гэж үү. Тэгэхээр БСШУС Я-ныхан ЭЕШ-ын босго оноог өсгөсөн тушаалаа эргэн харах цаг ирж. Ирээдүйн боловсон хүчнээ 480-ынхан, 400-гийнхан гэсэн цензураар ялгадаг болох уу, “авьяас”-ыг гудамжинд гаргах уу гэдгийг шийдэх болжээ. Төрийн уян хатан бодлого гэж байдаг сан.




A

Жижиг

A

Дунд

A

Том

NBA-ийн оддын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг

​Сагсны супер одод жилд 30-40 сая ам.долларын цалин авдаг​

 0 сэтгэгдэл


АНУ-ын мэргэжлийн лигүүдийн аль нэгт багтаж чадвал саятны амьдралд хөл тавилаа л гэсэн үг. Супер одод жилд 30-40 сая ам.долларын цалин авдаг бол байнга сэлгээнд суудаг тааруухан тоглогч нь 800 мянган ам.доллар өлхөн халаасалчихна. Энэ нь тус улсын энгийн иргэдийн дундаж цалингаас даруй 10 дахин их хэмжээ. Гэвч ядуу тарчиг амьдралаас гэнэт баяжсан тамирчид мөнгөө дэмий зүйлд баруун солгойгүй цацсаар эцэст нь модоо барих тохиолдол элбэг. NBA-ийн сагсчдын 60 хувь нь зодог тайлснаас хойш таван жилийн дотор дампуурдаг гэх баримт үүний нотолгоо. Америкийн хөлбөмбөгийн тамирчдын хувьд 78 хувь нь зодог тайлсныхаа дараа гуйлгачдын эгнээнд шилждэг гэх баримт бүр ч эмгэнэлтэй. Ухаангүй үрэлгэн зангаасаа болж дампуурсан супер оддын түүхээс сонирхуулъя.

Аллен Айверсон

Аллен 14 жилийн карьерийнхаа турш зөвхөн цалингаас 154 сая ам.доллар олсон байдаг. Оргил үедээ тэрбээр Reebok компанитай таван жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулаад зогсохгүй, дараа нь үүнийгээ шинэчилж бүх насаараа тус компанийг сурталчилсан анхны тоглогч болсон. Харамсалтай нь түүнийг гай дайрч, денвер болон Атланта дахь хоёр ч эдлэнгээ банкинд хураалгаж, эхнэрээсээ салж, мөрийтэй тоглоомонд ихэнх мөнгөө алдсан. Өдгөө Аллен дансан дахь 30 сая ам.доллартаа 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй болчихоод байна.

Майк Тайсон

Мэргэжлийн боксын домогт аварга амжилттай он жилүүдийнхээ үрээр 400 сая “ногоон” олсон ч хар тамхи, гэмт хэргийн улмаас өдгөө дампуурсан оддын тоонд орж буй. Аргаа барсан ахмад боксчин төлбөрөө төлөхийн тулд телевизийн шоунд орох, кинонд тоглох зэргээр мөнгө олж байна.

Эвандер Холифильд

Боксын оддоос дампуурсан ганц хүн нь тайсон биш. Мэргэжлийн боксын аваргын бүсийг дөрвөн удаа эзэмшиж явсан Эвандер холифильд ч бас ийм асуудалд орсон. Энэ нь ердөө хоёрхон шалтгаантай. Эхнийх нь маш их алдагдалтай бизнес түүнийг ийм зам руу түлхсэн бол сүүлийнх нь олон хүүхдийн мөнгө төлдөгт байгаа юм. Тэрбээр зургаан өөр эмэгтэйгээс нийт 11 хүүхэдтэй. 2008 онд Атланта дахь 109 өрөөтэй эдлэнгээ зээлийн улмаас алдсан аж.

Жон Дэли

Баячуудын спорт гэгддэг гольфт Жон дэли нэгэн үе гялалзаж байлаа. Гэвч тэрбээр нэг л өдөр мөнгөгүй, ядуу нэгэн болж хувирсан. Архинд толгойгоо мэдүүлсэн нь үүний шалтгаан болжээ. Тэрбээр 2004 онд хэвлүүлсэн дурсамж номдоо 60 сая ам.долларыг юу ч үгүй үрчихсэндээ харамсаж явдгаа бичсэн байдаг.

Майкл Вик

Америк хөлбөмбөгийн “Филадельфи ийглс”-ийн холбогч Вик нохой зодолдуулсан хэргээр 18 сар “аавын хаалга” татсан. үүнээс үүдэн олон сая ам.долларын гэрээгээ алдаж, хамтрагч бизнесийн байгуулагууд нь нүүрээ буруулснаар бүр мөсөн дампуурсан юм.

Ленни Дюкстра

Бэйсболын “Нью-йорк Метс”, “Филадельфи Филльес” багуудад тоглож, гурван удаа Бүх оддын тоглолтод оролцсон Ленни 1997 онд зодог тайлсан. Их спортоо орхисноос хойш бизнесийн ертөнцөд хөл тавьж, машин угаалгын газар ажиллуулж эхэлсэн боловч 2007 онд түүнийгээ зарсан юм. Энэ хооронд сэтгүүл гаргаж үзсэн ч бас л бүтэлгүйтэв. Өр зээлэнд ороогдсон тэрбээр бүх мөнгөө банкинд алдсан гашуун түүхтэй.

Жамаркус Руссель

Америк хөлбөмбөгийн авьяаслаг залуу холбогчдын тоонд багтаж явсан ЖаМаркус Руссель 2007 онд драфтаар “Оклэнд Рэйдерс” багт очсон. Тус баг ирээдүйтэй тоглогчтой дөрвөн жилийн хугацаатай 61 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэвч хар тамхины улмаас Руссель мэргэжлийн замналаа удаан үргэлжлүүлж чадсангүй. Тэрбээр шоронд сууж, эдлэнгийнхээ мөнгийг ч төлж чадахгүй болтлоо уруудсан юм.

Лэтрелл Спрюэлл

NBA-ийн хамгийн сахилгагүй тоглогчдын нэг лэтрелл 2005 онд “Миннесота Тимбервулвз” багийнхаа гурван жилийн 21 сая ам.долларын гэрээнээс татгалзсан шалтгаанаа “Энэ мөнгө үр хүүхдээ тэжээхэд хангалттай хүрэлцэхгүй” хэмээн тайлбарласан аж. Эдлэн газрынхаа сарын төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн лэтрелл 2005 оноос хойш лигт тоглоогүй юм.

Скотти Пиппен

Нэгэн цагт “Чикаго Буллз”-ын од асан Скотти Пиппен карьерийнхаа турш 120 сая ам.долларыг зөвхөн цалингаасаа олсон гэдэг. Харамсалтай нь домогт тоглогч дампуурлаа зарлаж, энэ бүхнээс гарахын тулд өөрийн эд хөрөнгөө зарсан юм.

Энтони Уолкер

NBA-д 12 жил тоглохдоо 110 сая ам.доллараас илүүг олсон Уолкер зодог тайлаад хэдхэн жилийн дараа хөгжлийн лигт тоглох болсон нь сагсан бөмбөгөө санасных биш байв. Мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө алдсан түүнд мөнгөний хэрэг гарсан учраас эргэн ирсэн хэрэг. Тэр зөвхөн цалингаараа амьдраагүй. Ид үедээ Adidas брэндтэй гэрээ байгуулж, 1999 онд NBA Live 99 видео тоглоомын эхний нүүрэнд заларч, 60-65 орчим сая “ногоон” олсон ч энэ мөнгө элсэнд цацсан ус мэт алга болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нурах дөхсөн байруудыг шинэчлэх компани олдохгүй байна

НМХГ-аас 263 барилгад ашиглалтыг зогсоох шаардлага хүргүүлжээ

 0 сэтгэгдэл

Нийслэлийн өнгө төрхийг доош чангааж, бараан толбо болж буй нурах шахсан байшингууд хаа сайгүй бий. Ялангуяа, хотын захын зам дагуу будаг нь халцарч, ан цав үүссэн ханатай, суурь бүтэц нь ил гарсан, хүн амьдрах нь бүү хэл хажуугаар нь өнгөрөхөд аюултай орон сууц цөөнгүй. Тухайлбал Баянзүрх дүүрэгт хууль сахиулах их сургуулийн дэргэдэх барилгууд, Сонгинохайрхан дүүрэг дэх Нефть баазын ажилчдын хуучин барилга зэрэг хүн амьдрахыг хориглосон, шинэчилж чадахгүйгээс эзэнгүй балгас болсон барилгууд байна. Өнөөдрийн байдлаар 18 байршилд ийм насжилт өндөртэй барилгыг буулган дахин барилгажуулах шаардлага бий гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй барилгуудыг шалгахад ийм тоо гарч байгаа юм. Бүх барилга байгууламжийг паспортжуулах ажил хийгдвэл үүнээс хэд дахин их тоо гарах нь тодорхой. Улаанбаатар хотод 200 мянга гаруй барилга, байгууламж байдгаас 22 мянга нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт (НЕТГ) бүртгүүлэн паспорт авч, хаягжилтад хамрагджээ. ийн 10 гаруйхан хувь нь ашиглалтын шаардлага хангасан гэсэн паспорттой байгаа нь иргэд зөвхөн хүсэлт гаргаж ирсэн тохиолдолд паспорт олгодгоос үүдэлтэй. НЕТГ-т бүртгэлтэй барилгуудын дийлэнхийг нийслэлийн төвийн дүүргийн барилга, байгууламжууд эзэлж байгаа.


Мэдээж үүнд нийтийн орон сууц, төрийн захиргааны болон нийслэлийн өмчийн барилгууд орно. Нийслэлийн өмчлөлд 2994 барилга бүртгэлтэй бөгөөд ихэнх нь ашиглалтын хугацаа нь дууссан, насжилт өндөртэйд тооцогдож байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 263 барилгыг аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэж ашиглалтыг нь зогсоосон. Нийслэлд 1990 оноос өмнө ашиглалтад орсон барилга 1106 байна. Бүр 1960 оноос өмнө барьсан 60 орчим жилийн насжилттай 105 барилга байгаа юм. Эдгээр хуучин барилгыг буулгаж дахин барих болон зарахын тулд үнэлгээ хийх шаардлагатай байгаа аж. Ашигтай байршил, А зэрэглэлд байгаа бол уг барилгын үнэлгээ өндөр байх нь ойлгомжтой. Нийслэл энэ онд усан спорт сургалтын төв буюу төв бассейны барилгыг найман тэрбум төгрөгөөр зарсан нь үүний тод жишээ. Хотын төвийн байршил сайтай ч ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны барилгыг хувийн компаниуд худалдан авах, орон сууцаар солих хэлбэрээр дахин барилгажуулж буй. Харин нийслэлээс алслагдмал байрлалтай ашиглах боломжгүй барилгад улсын төсвөөс хөрөнгө гаргаж байгааг албаны хүн хэллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар одоогоор 263 барилгыг аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэж үзэн ашиглалтыг нь зогсоох шаардлага хүргүүлжээ.


Тэдгээр барилгыг шинэчлэх зорилгоор НЕТГ 140 барилгыг буулган дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд газар хөдлөлтийн долоон баллд нурах аюултай, оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд, эд хөрөнгө эрсдэлд орсон гэсэн дүгнэлттэй 19 орон сууцны барилгыг буулгажээ. Энэ ажил 2014 онд НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ажил нь эхэлсэн ч дөнгөж 19 барилгыг шинэчилж байгаа нь хангалтгүй. Төвийн ашигтай байршилд буй барилгыг шинэчлэхэд ийм урт хугацаа шаардагдаж байхад хотын зах, алслагдсан дүүрэгт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй хэзээ мөдгүй нурж иргэдийн амь насанд заналхийлж буй барилгын асуудлыг хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байна. БЗД-ийн 8-р хорооны иргэн Н.Оюунцэцэг “Манайх хууль сахиулахын их сургуулийн урд талын хуучин байранд байдаг. Манай байрыг ашиглахыг хориглоод хэдэн жил болж байгаа боловч үүнээс өөр орох оронгүй хүмүүс хаачих билээ. 1960 онд баригдсан гэх энэ барилга хүн амьдрахад хүндрэлтэй болсон, хэзээ мөд нурах нь. Холбогдох хүмүүст хэлэхээр байр барих компанийг хайж байгаа гэсэн хариу өгдөг” гэж ярьсан юм. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын чанар, аюулгүй байдлын улсын ахлах байцаагч У.Ёндонгоос тодруулахад “Өнөөдрийн байдлаар манай дүгнэлтээр ашиглалтыг нь зогсоосон барилгууд олон байна. Тухайлбал, Налайх дүүрэгт хоёр, СХД-ийн Нефть баазын орон сууцны хоёр барилгын нөхцөл байдал маш хүнд байна.

Яг ийм Нисэхийн ажилчдын хуучин хоёр барилгыг өнгөрсөн онд буулгаж, тэнд байсан 96 айлыг Буянт ухаа хороололд түрээсийн болон зээлийн орон сууцанд оруулсан. Буулгасан барилгын оронд орон сууцны барилга барихаар төсвөөс долоон тэрбум төгрөг гаргаад байгаа. Хотын төвийн орон сууц хувийн компаниуд худалдаж аваад зохицож болж байна. Алслагдсан дүүргийн хуучин барилгыг улсаас л хөрөнгө гаргаж шийдвэрлэхээс өөр гарцгүй” гэсэн хариу өгч байна. Гологдож тунасан 18 байршил дахь барилгыг шинэчлэх сонгон шалгаруулалтыг удаа дараа зарладаг боловч тоож ирэх барилгын компани байдаггүй аж. Тухайлбал, Зайсангийн Сүрьеэгийн эмнэлэгийн орон сууцны хуучин хоёр барилгад төсөл хэрэгжүүлэхээр 15 удаа тендер зарласан боловч нэг ч компани сонирхоогүй байна. Шалтгаан нь ашиггүй байрлалд орон сууц барьвал хөрөнгө, хугацаагаар “шатдаг”-тай холбоотой. Мөн орон сууц солилцоогоор авсан газар өртөг өндөр тусдаг нь үүнд нөлөөлдөг. Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шард төсөл хэрэгжүүлж буй барилгын компаниуд нэг метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр худалдан авч буй. Барилгаасаа 30 айлд орон сууц олгоход ийм дүн гарч байгаа аж. Хотын төвд хамгийн ойр байршилд барилга барихад ийм тооцоолол гарч байгаа гэхээр алслагдсан дүүрэгт ямар ч ашигггүй байх нь ойлгомжтой. Үүнийг өөрчлөх боломж уг нь бий. Төслийн хүрээнд барилга барьж буй компаниудын орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаас гадна хуучныг шинээр сольж өгснийх нь төлөө үл хөдлөх борлуулсны татвар авдагаа больчих хэрэгтэй. Нийслэлийн удирдлага энэ мэт хөнгөлөлт, зохицуулалт хийвэл алслагдсан дүүрэгт барилга барих компани мундахгүй биз ээ. Тэгээд ч тортог бужигнасан тохь тухгүй, халуун усгүй хуучирсан орон сууцаа өөрчилж чадахгүй олон жил болсон иргэдэд ч нэн ашигтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дахин нэг хүүхдийн амины үнээр тахилга хийж нааджээ

​Дов тахих наадмаар унаач хүүхэд энджээ​

 0 сэтгэгдэл


Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн сард есөн настай хүү хурдан морины уралдааны үеэр мориноос унаж амь насаа алджээ. (Хохирогч хүүгийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг нууцлав). Энэ талаар сумын Засаг дарга Б.Амараа “Нутгийн нэгэн овоог хот айлууд тахидаг. Тахилгад зориулсан хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндсэн” гэв. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням “Нутгийн иргэд жижигхэн толгой тахихдаа уралдаан зохион байгуулсан. Энэ үеэр гарсан хэрэг. Гэхдээ уралдаан зохион байгуулах талаар бидэнд, сумын удирдлагадаа албан ёсоор мэдэгдээгүй. Тахилгыг зохион байгуулсан иргэн хүүгээ хурдан морь унуулсан юм билээ” хэмээв. Уралдаан зохион байгуулагчийн өөрийнх нь хүүхэд амиа алдсан гэдэг мэдээллийг цөөнгүй албаны эх сурвалж баталгаажуулсан юм. Харин хүүгийн эцэг өөрөө бус өөр ахмад настай хүн уралдаан зохион байгуулсан гэсэн юм.

ХҮҮГЭЭ АЛДСАН ЭЦЭГ, ЭХ ГОМДОЛГҮЙ ГЭЖЭЭ

Эх сурвалжуудын хэлж буйгаар уг уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна. Харамсалтай нь, амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ. Харин аймгийн цагдаагийн газраас албан ёсны зөвшөөрөлгүй уралдаан зохион байгуулж, хүүхэд эндсэн гэдэг үндэслэлээр зохион байгуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Бага насны хүүхдийн амь нас хохирсон эл ослын араас ямар хариу арга хэмжээ авч буйг тодруулахад О.Балжинням “Хүүгийн даатгалын нөхөн төлбөр болох 20 сая төгрөгийг олгуулахаар холбон зуучлах хариу арга хэмжээ авч байна. Хүү Алтан овооны наадамд оролцохдоо даатгуулсан байсан” гэв. Уралдаан зохион байгуулах гэж буйгаа сумын удирдлагад мэдэгдэж, ядаж төр оролцоод зохион байгуулсан бол хүүхэд нь эндэхгүй байсан юм хэмээн сумын засаг дарга эцэгт нь халаглаад өнгөрчээ.

Амиа алдсан хүүгийн эцэг, эх гомдолгүй гэж цагдаад мэдүүлжээ

Тус аймагт сүүлийн хоёр жилд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдүүддээ хамгаалалтын хувцас, хэрэглэлийг нь бүрэн өмсгөж, шаардлага хангаагүйг нь уралдаанд оруулаагүй. Үүний ачаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учраагүй аж. Энэ жил Алтан овооны тахилгын үеэр ч есөн насны морьд уралдахад нэг ч хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай эрсдэл гараагүй гэдгийг аймгийн мэргэжилтэн хэллээ. Харамсалтай нь албан ёсны зөвшөөрөлгүй, иргэд, хот айлууд дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж. Ийм уралдааны үеэр зохион байгуулагчид хүүхдэд хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлэх тал дээр ч хяналт тавьдаггүй, эцэг, эх нь ч хэнэггүй ханддагаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орж байна.

• Уралдаан албан ёсны зөвшөөрөлгүйгээс гадна унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй оролцсон байна.

• Дур мэдэн зохиож буй уралдаанд хүүхэд эндэх тохиолдол олон байгаа аж.

• Одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.

Нөгөөтэйгүүр, уралдааныг амиа алдсан хүүгийн аав зохион байгуулсан эсэхээс үл хамааран тэрбээр хохирогч, бас гэмтэн. Хэдийгээр амиа алдсан хүүдээ гомдолгүй гэж буй ч хохирогчийн хууль ёсны асран хамгаалагчийн үүргээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хууль журмаар ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдгийг хууль сахиулагчид, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагын аль нь ч тодорхой хэлсэнгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Нөхцөл байдлыг нь нарийн тогтоохгүйгээр шууд хэлэх боломжгүй” гэв. Харин ГБХЗХГ-ын хуулийн албаны дара А.Энхбаатар “Энэ тохиолдолд эцэг, эхчүүд ямар нэг зөвшөөрөлтэй, албан ёсоор зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд зориулалтын хамгаалалтын хэрэгсэлтэй л хүүхдээ оролцуулах хэрэгтэй” л гэх зөвлөмж өгнө дөө. Намар цагт найр наадам, унага тамгалах, хүүхдийн сэвлэг үргээх гээд хүн бүр дур дураараа, энд тэндгүй уралдаан зохион байгуулдаг. Тэр болгонд иргэд хүүхдээ уралдуулна гээд л дагуулж очдог. Монгол даяараа л ийм байна шүү дээ” гэлээ.

АЛБАЖУУЛААГҮЙ УРАЛДААНД ХҮҮХЭД ЭРСДЭХ НЬ ИХ

Энэ жил улсын болон аймаг, сумын наадам, томоохон овоо тахилгын үеэр гэмтэж бэртсэн хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад илт багассан. Олон нийт, хэвлэл мэдээллийн ачаар унаач хүүхдүүдийг эрсдэлээс сэргийлэх ажил ахицтай байсан. Гэтэл үүний эсрэгээр албан ёсны зөвшөөрөлгүй уралдаанд хүүхэд эрсдэх тохиолдол олон байна. Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд оролцуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг үл харгалзан, холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан. Гэтэл уралдаан ямар ч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог болсон гэж ХЭҮК дүгнэсэн. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, уралдааны үеэр 18 хүүхэд мориноос унаж сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндээрээ хохирсон. Тэдний нэг нь тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргүүлсэн. Бас нэг хүүхдийн гар хугарч, хоёрынх нь мөр болон шуу бэртсэн байна. Мөн нэг хүүхдийн хөл хугарч, дөрвөн хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргүүлсэн гэсэн албан ёсны бүртгэл бий. Тэгвэл яг ийм хэмжээний аюул намрын найр, наадамтай зэрэгцэн унаач хүүхдүүдэд заналхийлж байна.

ЖАЛГА ДОВНЫ УРАЛДААНЫГ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

Унаач хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй түвшинд ордог. Олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн бол хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг таван орчны нэг. Үүнийг хуульд тусгаж, сэргийлэх үүрэгтэй албан тушаалтнууд нь ч тов тодорхой байгаа. Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар тухайн сумын засаг дарга үүнд хяналт тавьж, сэргийлэх ёстой. Гэтэл сумын засаг дарга нь найр наадам ид хавтгайрдаг намрын цагт амарч зугаалчихаад, уралдаан болох үеэр “би байгаагүй, мэдээгүй байсан” гэдэг тайлбар тавиад сууж байна. Тэртэй тэргүй намрын цагт найр наадам хавтгайрдгийг монголчууд бүгд л мэддэг. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын хуулийн албаны дарга нь ч үүнийг мэддэг атлаа яаж зохицуулахаа мэдэхгүй сууж байна. Асуудлын учир шалтгаан, цаг хугацаа, эрсдэл, хариуцах эзэд нь тодорхой атал яагаад шийдэл гаргаж ирж чадахгүй байна вэ. Ядаж сэрэмжлүүлэг, ухуулга сурталчилгаа явуулж болохгүй гэж үү. Монголчууд бэсрэг наадмуудад морь уралдуулахгүйгээр баярлаж сурах хүртэл уралдаан тэмцээнийг нь албажуулж, хяналт тавьж яагаад болохгүй гэж. хурдан морины өвөл, хаврын уралдаанд зохицуулалт хийж чадсан. одоо намрын уралдаанд ч зохицуулалт хийх цаг нь болжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

“Балдорж” шагналын эзэд тодорлоо

​Гранпри шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар хүртлээ​. Манай сонины сэтгүүлч З.Цэлмэг шилдэг аравт шалгарлаа.

 0 сэтгэгдэл

Нэрт сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны үйл хэргийг мөнхжүүлэх, Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулах зорилгоор “Балдорж” шагналыг бий болгож, анхны эздийг тодруулсан нь 2009 он. Анхны гранпригийн эзнээр сэтгүүлч Б.Ганчимэг тодорсноос хойш нийт есөн сэтгүүлч энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. Тэгвэл энэ жил “Монголын Пулитцер” гэгдсэн “Балдорж” шагналын 10 дахь удаагийн шалгаруулалт боллоо. Өмнөх таван жилд нийгмийн амьдралын эрээн бараан, улс төр, байгаль орчин, хүний эрх, хуулийн гажуудал, нөлөө бүхий хүмүүсийн ярилцлага зонхилдог байсан бол сүүлийн жилүүдэд эгэл жирийн хүмүүсийн амьдрал, шинжлэх ухаан, хүүхэд эмэгтэйчүүд, эдийн засгийн ээдрээтэй амьдралыг эрэн сурвалжилсан, редакцын зүгээс бодлогоор дэмжсэн багийн бүтээл давамгайлах болсныг шүүгч нар онцолж байв. “Шүүгч нар шилдгүүдийг шалгаруулахдаа сэтгүүлчдийн зарцуулсан хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, сэдэв, нийтлэлээс хүлээх үр дүнг чухалчилсан.


Сүүлийн үед цахим ертөнц асар богино хугацаанд хурдтай хөгжиж, хүчтэй бичигчид нийгмийн сүлжээнд бий болсон ч өдөр тутмын сонин, телевизүүдийн үнэ цэн, үзэгч, уншигчдаас хүлээдэг итгэл үнэмшил хэвээр байна” хэмээн шүүгчдийн зөвлөлийн гишүүн, доктор, профессор Э.Сонинтогос ярив. Өнөө жил 88 сэтгүүлч 170 шахам материалаа илгээжээ. Урьд өмнөхтэй харьцуулахад сайт, телевизийн сэтгүүлчдийн оролцоо нэмэгдсэн нь нэг онцлог байв. 10 дахь удаагийн “Балдорж” шагналын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар “хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгаараа тодорлоо. “Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард хариуцлагатай уул уурхайн эрэлд гарснаас хойш эх орноороо 10 мянга гаруй километр зам туулжээ. Олон хүнтэй уулзаж, олон ч эх сурвалжаас мэдээлэл авлаа. Уул уурхайн бодлого нь оновчгүй, зөрчилтэй, замбараагүй байна. Орон нутагтаа, Монголын эгэл жирийн малчинд өгөөжгүй байна.


Тиймээс малчид уул уурхайг хүчтэй эсэргүүцэж байна. Уул уурхай нэлдээ хариуцлагагүй байна. Тиймээс уул уурхайгаас хариуцлага нэхэх сэдвийг сэтгүүлчид хэзээ ч хаяж болохгүй” хэмээн “Балдорж” шагналын шинэхэн эзэн Т.Энхбат сэтгэгдлээ хуваалцсан. “Балдорж” шагналын дэд байрт Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй МҮОНРТ-ийн эрэн сурвалжлах баг хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлгээр шалгарлаа. Байгуулагдсан цагаасаа хойш “Балдорж” шагналын эхний аравт тогтмол багтаж, гранприг нь хүртэл авч байсан “Засгийн газрын мэдээ” сонин энэ удаа ч шилдгүүдийн тоонд дахин багтлаа. Тодруулбал, манай сонины Эдийн засаг, уул уурхайн албаны сэтгүүлч З.Цэлмэг “харилцуурын цаадах нулимс”, “гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэлээрээ шилдэг 10-ын долоод жагссан юм.

“БАЛДОРЖ” ШАГНАЛЫН ШИЛДЭГ 10

● “Блумберг” телевизийн сурвалжлагч Н.Хонгорзул-“Монголд үйлдвэрлэв” цуврал нэвтрүүлэг.

● “Монцамэ” агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг “Аниргүйн гүн дэх цаг хугацаа”, тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос сэтгүүл зүйн карьер хөөдөг салбар биш” нийтлэл.

● “Өдрийн сонины” сэтгүүлч Э.Хүрэлбаатар-“Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжилга.

● “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг “Харилцуурын цаадах нулимс”, “Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэл.

● “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго-“Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя” цуврал нийтлэл.

● “Монголын медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй Монгол” цуврал нийтлэл, нэвтрүүлэг.

● 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж-“Нэг удаа” үндэсний контент, “Монгол Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлэг.

● “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт-“Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжилга, “Бид болон Монголын тал нутаг танд хайртай” нийтлэл.

● “ТВ 9” телевизийн сэтгүүлч Д.Ганзориг- “Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрын эрх мэдэл” цуврал, “хүн малтайгаа орхигдсон хөвсгөл нуурын энэлэн” нэвтрүүлэг.

● “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга-“Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилга, “Амьдрал сайн уу” цуврал нийтлэл. Дэд байр: МҮОНРТ-ийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн-Хүний эрхийн сэдвээр хийсэн цуврал нэвтрүүлэг. Гранпри шагнал: “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа-“Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилга.