A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2114/

Агаарын тээвэрт тэсрэлт авчрах аварга бөмбөлөг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2114/


БНХАУ-ын дэмжлэгээр хөгжүүлж буй аварга бөмбөлөг маягийн хөлгүүд агаарын тээвэрт хувьсгалт өөрчлөлт авчирч болзошгүй байна.

Францын Flying Whales компанийн бүтээл, гелий дүүргэсэн аварга бөмбөлөг маягийн хөлөг 2021 онд анх удаа тэнгэрт хөөрөхдөө Эйфелийн цамхгийн дэргэдээс гараагаа эхлэхгүй юм. Уг хөлөг нь төв хятадын аж үйлдвэрийн хот, шороо бужигнасан хөдөөгийн фермүүдийн хооронд зорчих бололтой. Учир нь Францын компани БНХАУ-ын төрийн өмчийн CAIGA (China Aviation Industry General Aircraft Co) компанитай агаарын хөлөг угсрах үйлдвэр хамтран байгуулах болсноо саяхан зарласан юм.

Энэхүү үйлдвэрлэл 2022 оноос эхэлж, нэг нь л хоёр ширхэг Boeing 747 онгоц нийлүүлсэнтэй тэнцэхүйц аварга хөлгүүдийг дэлхийн зах зээлд нийлүүлнэ.

Наян жилийн өмнөх Hindenburg-ийн сүйрлээс үүдэн зохицуулах байгууллага, үйлдвэрлэгч, олон нийт агаараас хөнгөн аяллыг эсэргүүцэгч болцгоосон түүхтэй. Тэгвэл хий нь гарахаар шалчийж орхидог хуучны дирижабль биш, хатуу бүтэцтэй шинэ үеийн хөлгөөр ийм аялал эргэн сэргэх гэж байна.

Гэхдээ удаан хөдөлгөөнтэй шинэ хөлгүүд зорчигч булаацалдан орчин цагийн нисэх онгоцнуудтай өрсөлдөхгүй. Гибрид цахилгаан хөдөлгүүрт орчин цагийн технологийн ачаар шинэ үеийн аварга хөлгүүд нислэгийн зурвас гэх мэт наад захын дэд бүтэцгүй бүс нутагт ачаа тээврийг хямд төсөр хүргэдэг, нүүрстөрөгчийн ялгарал бага тээврийн хэрэгсэл болно.

Эдийн засгийн хоцрогдсон бүс нутгуудыг эдийн засгийн тойрогтоо багтаахыг эрмэлзэгч хятад улс шинэ төрлийн агаарын хөлгийн үндсэн үйлчлүүлэгч төдийгүй ирээдүйг нь тодорхойлогч байх юм.

Flying Whales-тэй хамтран ажиллах болсон түүх 2012 онд Францын ойн аж ахуйд тулгарсан бэрхшээлээс үүдэлтэй. Тус улс мод бэлтгэлийн нөөц ихтэй ч ийм нөөцийн ихэнх нь өндөр үнэ өртгөөр шинэ автозам зам тавих, нисэх онгоцны зурвас байгуулахгүйгээр мод цагаалах газарт хүргэх аргагүй байрлалд оршдог. Шийдэл хайсан Францын ойн алба нисэж буух зурвас  шаарддаггүй агаарын хөлөг мод бэлтгэлд тохиромжтой юм биш үү гэсэн асуулт тавив. Асуултын хариу нь Flying Whales компанийн бүтээл хатуу раам хийц, гелий хий дүүргэмэл LCA60T хэмээх 60 тоннын даацтай хөлөг болсон юм. Хөлгийг бүтээж амжаагүй ч олон компани сонирхож, Flying Whales-ыг 250 сая ам.доллараар санхүүжүүлээд байна. Эдүгээ хятадын CAIGA компани Flying Whales-ын 25 хувийг эзэмшиж байна.

Умард туйлд газрын тос, шатдаг хий олборлодог компаниуд Lockheed Martin корпорацын 20 тонны ачаа тээвэрлэх чадалтай гибрид-цахилгаан хөдөлгүүрт LMH-1 агаарын хөлгүүдийг (2020 юм уу 2021 оноос хэрэглээнд нэвтэрнэ) түрээсээр ашиглахаар зөвхөн 2016 онд 500 сая ам.долларын захиалга өгчээ. Ийм хөлөг ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хайлсаар байгаа цэвдэг дундуур автозам тавихаас хавьгүй хямд тусна. Нэг тонн ачаа тээврийн зардал нь хүнд даацын нисдэг тэрэгнийхтэй харьцуулахад долоо дахин хямд.

Онолын хувьд шинэ төрлийн хөлөг нь Хятад улсад тулгардаг хэд хэдэн бэрхшээлийг шийдвэрлэх юм. Нэгдүгээрт, хятад зэрэг том улсууд алслагдмал бүс нутагт түүхий эд материалын хайгуул хийхэд ийм онгоц ачаа тээврийн гол үүрэг гүйцэтгэх ирээдүйтэй. 

Хоёрдугаарт, “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд, дэд бүтэц хөгжөөгүй ч нутгуудад эдийн засгийн тусламж үзүүлэхэд хямд төсөр тээврийн хэрэгсэл болж өгөх юм. БНХАУ-ын анхаарал чиглэж буй Африк, Азийн хөгжиж буй улсуудын хүн амын тал орчим хувь нь дэд бүтцийн сул хөгжилтэй бүсэд амьдардаг.

Эцэст нь Хятадын хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах зорилгод ийм тээврийн хэрэгсэл нийцдэг. Дэлхийн агаарын тээврийн салбар ялгарал бууруулах үүргээ биелүүлэхийн тулд хүнд даацын онгоцуудаа хөнгөн жингийн тээврийн хэрэгслээр солих шаардлагатайг бүр 2010  онд дэлхийн Агаарын тээврийн холбоо (IATA) анхааруулсан билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Авлигатай тэмцэх бус, тэтгэх тогтолцоотой Монгол Улс

 0 сэтгэгдэл
  • Монгол Улс авлигын индексээр сүүл мушгисаар буй шалтгааныг Хонконгийн АТГ-ын дарга асан Тони Квок боловсон хүчний дутагдал болон хуулийн орчныг тодорхой болгож өгөөгүйтэй холбон тайлбарлалаа. Гэтэл Азийн улсууд авлигын эсрэг хэрэгжүүлсэн аргаараа дэлхийд шагшигдаж байна
  • Авлига нүүрлэсэн тогтолцоогоо эрх баригчид өөд нь татах уу, иргэд өөрчлөх үү 
  • Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий
  • Сингапурын Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм 
  • Хонконгийн АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг

    Дэлхийн улсуудын авлигыг 100 онооны системээр үнэлж, 50-иас доош оноотой оронд авлига ноцтой хэмжээнд нүүрлэсэнд тооцдог. Өнгөрсөн онд 88 оноогоор Дани улс тэргүүлсэн бол 10 оноогоор Сомали 180-д буюу адгийн байрт орсон. Тэгвэл энэхүү индексээр Монгол Улс 2013 оноос хойш 36-38 оноо авч сүүл мушгисаар ирлээ. Энэ түвшинд үнэлэгдсэн орнуудын түгээмэл зураглал бол эрх баригчид, тэдний хүрээллийн цөөн хэсэг хэт хөрөнгөжиж, харин олонх нь ядууралд өртдөг байдал юм. Үүнийг залруулахын төлөө тэдгээр хөрөнгөжсөн улстөрч, шийдвэр гаргагчид хуруугаа ч хөдөлгөлгүй, гацсан байдалтай олон жилийн нүүр үзлээ. Олон нийт ч Монгол Улсыг дэлхийд шившиглэсэн энэ байдалтай эвлэрч, хөмөрсөн тогоон дотроо хөрөнгөжсөн хүмүүсийнхээ өнөөх аргаар өчүүхэн амиа хоохойлохын төлөө тэмцэлдэнэ. Уг нь албан тушаалын төлөө тэмцэлдэх бус авлигатай тэмцвэл өнөөдрийн Дани, Шинэ Зеланд шиг иргэн бүр дунджаас дээгүүр орлоготой болж, эх орондоо амар тайван амьдрана гэдгийг хэзээ ойлгох бол.

ХОНКОНГ “ЖАРААХАЙ” БИШ “ТУЛ ЗАГАС”-ТАЙ ЭХЭЛЖ ТЭМЦЖЭЭ Өнөө цагийн авлигын аранга болсон улс бол өмнөд хөрш маань. Хятадын төрийн дээд удирдлагуудын дундах авлигын сүлжээг задалсан Ши Жиньпиний “Барын ав” ажиллагааны талаар дэлхий нийтээрээ шагшиж байна. Намын хурлаар хийдэг боловсон хүчний тохиролцоо, хурлын өмнөх улс төрийн нөхцөл байдал, “барын ав” буюу хүчний байгууллагуудад хийсэн цэвэрлэгээ зэргийг тодорхой хэргүүдээр жишээлж бичсэн номыг манай АТГ-ынхан орчуулуулж цөөн тоогоор хэвлүүлээд, хууль хяналтынхан болон улс төрийн зарим хүрээлэлд тараасан юм. Гэхдээ энэ номын тухай биш, Хятадын нөлөөгөөр Хонконг дахь авлигыг цэгцэлсэн зарим жишээнээс сонирхуулъя. 1960-1970-аад оны үед Хонконгод авлига хэвийн үзэгдэл болтлоо цэцэглэн хөгжсөн байв. Наад захын жишээ нь сар бүр таксины жолооч нар цагдаад хоёр долларын авлига өгч тусгай дүрстэй наалт авдаг байв. Түүний автомашиныхаа шилэнд наагаад хаана ч, яаж ч дүрэм зөрчиж болдог байлаа. Мөн хүүхэд төрүүлэхдээ эмнэлэгт эсэн мэнд амаржихийн тулд авлига өгч эхлээд, үхэхдээ оршуулгын газарт гайгүйхэн үйлчилгээ авах хүртлээ яг Монголын өнөөгийн нийгэм шиг амьдралынхаа турш “гар цайлгах” шаардлагатай тулгардаг байжээ. 1974 онд Хонконгод Авлигатай тэмцэх газар (ICAC) байгуулав. Тэд авлигын хэргийг ганц нэгээр нь илрүүлээд үр дүнгүйг ойлгож, шууд зохион байгуулалттай гэмт бүлгийн араас явжээ. Ингэж эрчимтэй ажиллаж, илрүүлсэн хэрэгтнүүдэд хуулийн хатуу шийтгэл оноосоор ердөө гурван жилийн дотор цэгцэлж чадсан гэж хэлэхэд болно. Манай АТГ шиг “спорт загасчлал” хийх, “жараахай барих” бус шууд “тул” шүүрч, үндсийг нь таслан зогсоосон нь энэ аж. Гэхдээ амжилтын нууц нь хараат бус байдалтай шууд холбоотой.  ICAC-ийн даргыг Бээжингээс томилдог. Түүнд Хонконгийн Ардын хурлын гишүүд, төрийн удирдах албан тушаалтнууд нөлөөлөх ямар ч боломжгүй, АТГ-ын дарга Ерөнхийлөн захирагчдаа л ажлаа танилцуулдаг аж. Ардын хурлын нэгэн гишүүн Ерөнхийлөн захирагч руу “Танай АТГ-аас намайг мөрдөөд байна” гэж  и-мэйл илгээснийхээ төлөө мөрдөн байцаалтад нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр хоёр жилийн ял авсан түүх бий. Ингэж цэгцлэхдээ төрийн албан хаагчдыг ч хамруулав. Тухайлбал, барилгын зөвшөөрөл олгосон компанид эхнэрээ өндөр цалинтай ажилд оруулсан түшмэл, ханган нийлүүлэх гэрээ байгуулсан менежер, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг нууц амраг бүсгүйнхээ зуучлалаар чирэгдэлгүй олгодог байсан этгээд, хамаарал бүхий хүндээ тендер олгосон дарга гээд шат шатны төрийн үйлчилгээнийхэн торны цаана сууж байв. Тэр бүү хэл, ажлаа бүтээлгэснийхээ төлөө биеэ үнэлэгч “бэлгэнд авсан” “хурган” дарга нэг жил шоронд сууж, төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан жишээ бий. АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг. Тиймээс хэргийг хөөн хэлэлцэх хугацааны жишиг нь хуульд заагдаагүй ч нэг жилийн дотор шийдвэрлэсэн байхаар шуурхайлдаг. Хонконгийн 170 мянган төрийн албан хаагч толгой дараалан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх албагүй аж. Харин тэднийг АТГ-ын 1400 ажилтан хараанаасаа салгалгүй ажиглаж, автомашинаа солих, шинэ байранд орох гэх мэт хөрөнгийн хөдөлгөөн бүрт нь шалгалт хийдэг байна. Энэ мэт олон жишээг Хонконгийн АТГ-ын даргаар ажиллаж байсан ноён Тони Квок ярьсан юм. Тэрбээр дэлхийн 26 оронд Хонконг хэрхэн авлигаас ангижирсан түүхээр илтгэл тавьсан ба Азийн сангийн төслийн дагуу 2007 онд анх Монголд ирж ажиллаж байв. Хамгийн сүүлд 2010 онд ирснээс хойш есөн жилийн дараа буюу энэ сарын 10-нд манай хууль хяналтынханд сургалт хийхээр ирэх үедээ Монгол Улсын авлигатай тэмцэх ажиллагаа нэгэн хэвийн, амжилт багатай яваа нь Монгол Улсын 30-хан мөрдөн байцаагч АТГ-т ажиллаж, мөн хуулийн орчин бүрхэг байгаатай холбон тайлбарласан юм. Мөн мөрдөн байцаагч, прокурорынхон хэргийг шуурхай илрүүлж, яллах дүгнэлт хийсэн ч шүүх шударгаар шийдэхгүй бол энэ ажил хэзээ ч үр дүнд хүрэхгүйг тэрбээр анхааруулж байлаа. Азийн зарим улсад 200 хэрэг “боож” шүүхэд шилжүүлэхэд дөнгөж 20-ийг нь шийдвэрлэсэн үзүүлэлт байгаа нь авлигатай тэмцэх сонирхолгүйн жишээ гэдгийг Тони Квок онцолсон юм. Харин манайд 2016 онд 25, 2017 онд 46, өнгөрсөн жил 37 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тоон мэдээтэй байна. 

ОЛОН УЛСЫН ЖИШИГ БА МОНГОЛ Авлигын индексээр эхний дөрөвт ордог улс бол Сигапур. Азийн улсуудаас хамгийн анх буюу 1952 онд Авлигын үйлдлийг мөрдөн шалгах товчоо (CPIB) байгуулж ажиллав. 1965 онд тусгаар улс босныхоо дараа Ерөнхий сайд асан Ли Куан Ю-гийн дотны найз, орон сууцны асуудал хариуцсан сайд нь авлигын хэрэгт холбогдож байлаа. Гэр бүлийн найз тул хэрэгт орооцолдсон сайдын эхнэр ноён Ли-гийн гэрт ирээд, найзыгаа аврахыг гуйсан аж. Харин Ерөнхий сайд “Та нөхрөө авлига аваагүй гэдэгт итгэж байна уу” гэж асуужээ. Эхнэр нь ч “тийм” гэж. “Тэгвэл шалгуулаад гараад ирэхийг нь хүлээе” хэмээн хэлсэн гэдэг. Харамсалтай нь авлигын хэрэг нотлогдож, Ли Куан Ю-гийн дотны найз уучлал хүссэн захидал бичээд амиа хорлосон юм. Уг захидлыг одоог хүртэл Сингапурын CPIB-ын сайтад байршуулсан байдаг. Энэ явдал авлигын хэргийг огцом хумив. Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм. Одоо Сингапурын төрийн албан хаагчдыг гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс дээш зээлтэй байхыг хориглодог бөгөөд  зөвхөн өөрт нь зориулсан, өөр хаа ч байхгүй хямдралаар автомашин авсан бол авлигын хэргээр шоронд орно гэх мэт хатуу заалттай хууль мөрдөж байна. Азийн бусад улсын хувьд ч ялгаагүй авлигатай тэмцэх ажил идэвхтэй өрнөсөөр байна. БНСУ-д гэхэд л Албан ёсны мэдээллийг ил болгох тухай хуулийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангаснаар төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн албан дахь авлигатай тэмцэх том хөшүүрэг болсон уг хуулийг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам нь гардан боловсруулж, батлуулж, хэрэгжилтэд анхаарч байна. Гэтэл манай ХЗДХЯ ямар байгаа билээ. Мэргэжилтнүүдийн боловсруулж өгсөн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийн төслийг дарсаар байгааг нь шүүмжлээд байхад үл тоомсорлох атлаа сайдынхаа өндөр үнэтэй шинэ машины эх сурвалжийг нотлохоор улайрч байх жишээний. Түүнчлэн Солонгост нийтийн ашиг сонирхлын төлөө авлигыг илрүүлэн мэдээлсний шууд үр дүнд төрд учрах хохирол, алдагдлаас сэргийлсэн тохиолдолд “шүгэл үлээгч”-ийг гурван тэрбум хүртэлх воноор урамшуулах хуультай. Харин манайд “шүгэл үлээгч”-ийг урамшуулах бүү хэл хамгаалах тухай асуудлыг дөнгөж хөндөж эхэлж байна. Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий. “Арабын хавар” хэмээн нэрлэгддэг, олон улсад засгийн газруудын эсрэг өрнөсөн тэмцэл эхэлсэн шалтгаан нь Тунис дэх гудамжны худалдаачинтай холбоотой. Тэрбээр өдөр бүр нэг долларын авлига авдаг байцаагчийг үл тэвчихдээ төв талбайдаа өөрийгөө шатаасан түүхтэй. Эхнэр, таван хүүхдээсээ гадна өндөр настай ээж, хүнд өвчтэй ахыгаа тэжээдэг түүний хувьд өдрийн нэг долларын авлига бол нялх хүүхдийнх нь гурван өдөр идэх сүүний мөнгө байв. Энэ мөлжлөгийг үл тэвчсэн худалдаачин амиа өргөснөөр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал нэг сарын дотор засгийн газраа унагасан. Энэ жагсаал Йемен, Ливи, цаашлаад Египетэд халдварлаж, хэд хэдэн засгийн газрыг унагасан юм. Монголд төрийн үйлчилгээг авахын тулд нэгэн байгууллагын олон давхрыг элээж, хаалга бүрийн цаана “гар хүндрүүлэх” болзлыг хангаж чадвал хэргээ бүтээдэг эмгэнэлтэй амьдралд монголчууд дарлуулаад удлаа. Бизнес эрхлэгчид төрийн хүнд суртлыг гэтэлгэж дийлэхгүй сөхрөхдөө өөрсдөө төрд шургалж, давуу байдал бий болгохоор улайрна. Жилийн жилд энэ тэмцэл илүү боловсронгуй болж өрнөсөөр, харин цаана нь “авлига” улам хүчирхэгжин оршин тогтносоор. Энэ байдлыг зогсоох хараат бус мэргэжлийн байгууллагын удирдлага эрх баригчдын бээлий мэт солигдож байхад иргэд ямар үр дүн хүлээх билээ. Үл тэвчихийн туйлд хүрч, өөрийгөө шатаах нэгэн гарахаас нааш сэрж, сэрэмжлэхгүй гэж үү, монголчууд аа.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Цацраг идэвхт усыг далайд цутгах шалтгаан

 0 сэтгэгдэл
  • Цацраг идэвхт хаягдал ус хадгалж буй савнууд 2022 оны дунд үе гэхэд дүүрнэ. Нэмж сав байрлуулах зай хомс. 

    Японы эрчим хүчний TEPCO компани нэг сая шоо метр буюу олимпын тэмцээний 400 усан сан дүүргэхүйц цацраг идэвхт усыг сүйрсэн Фүкүшима Дай-ичи АЦС-аас Номхон далай руу цутгах төлөвлөгөөг хэлэлцэж байна. Уг төлөвлөгөө нь Чернобылийн ослоос хойших хамгийн ноцтой цөмийн ослын уршгийг арилгах 200 тэрбум ам.долларын хүчин чармайлтын нэг бүрдэл юм. Цацраг идэвхт хаягдал ус хадгалж буй савнууд 2022 оны дунд үе гэхэд дүүрнэ. Нэмж сав байрлуулах зай хомс. Анх сонсож буй нэгэнд айдастай ч цацрагийн бохирдолтой усыг гадагш зайлуулах нь дэлхийн цөмийн үйлдвэрлэлд нийтлэг практик. Япон ч дэлхий нийтээр мөрддөг журамд нийцүүлж хаях бололтой. Гэлээ гээд орон нутгийн иргэд, хөрш Өмнөд Солонгосын уур цухал намжихгүй.


ЦӨМИЙН БОХИРДОЛТОЙ УС ХААНААС ГАРААД БАЙНА? 
Японы түүхэнд хамгийн хүчтэй нь болох 2011 оны газар хөдлөлтөөр үүссэн цунами Токиогоос умар зүгт 220 километрт орших Фүкүшимагийн АЦС-ын реакторын барилгыг гэмтээсэн юм. Барилга доторх хайлсан цөмийн түлшийг хөргөхөөр өдөрт 100 орчим шоо метр ус цутгадаг нь цацраг идэвхтэй болж хувирдаг. Бохирдсон усыг шахуургаар шахаж АЦС-ын ойролцоох ALPS (Advanced Liquid Processing System) хэмээх 1,000 орчим тусгай саванд хадгалдаг. Бохир усыг тусгай цэвэрлэх процессоор оруулж тритийгээс (tritium) бусад цацраг идэвхт бодисыг нь “шүүж” байгаа. Тритий бүхий усыг далайд асгахын өмнө аюулгүйн стандартад нийцүүлэн дахин боловсруулалтад оруулна хэмээн Японы Эдийн Засаг, Худалдаа,Үйлдвэрлэлийн Яам мэдэгдсэн юм.

ТРИТИЙ ГЭЖ ЮУ ВЭ?  Тритий бол хоёр нэмэлт нейтрон бүхий сулхан цацраг идэвхт устөрөгчийн хэлбэр юм. Дэлхийн агаар мандлын дээд хэсэгт байгалийн процессоор үүсэж явдаг тритий нь мөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн. Тритийг цөмийн зэвсгийн зэрэгцээ анагаах ухааны салбарт био тэмдэглэгээ, ердийн хэрэглээнд зорчигчийн гарц, төрөл бүрийн цагны тооны тэмдэглэгээг харанхуйд гэрэлтдэг болгох үүднээс ашигладаг. 

ТРИТИЙ АЮУЛТАЙ ЮУ? Тритий нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Тритийгийн бета-бөөм (цацраг идэвхт задралаар ялгарч буй тэрхүү хэсэг) арьс нэвтэлж дийлэхээргүй сул энергитэй хэдий ч амьсгалах болон хэрэглээгээр (бохир усаар!) дамжин биед хуримтлагддаг. Тритий нь олон тэрбум беккерель (Бк - цацраг идэвх хэмждэг нэгж) хэмжээнд хуримтлагдаж байж хүний биед сөрөг нөлөөлдийг Канадын Цөмийн Аюулгүйн Комисс тогтоожээ. Японд энэ оны гуравдугаар сарын 31-нд явуулсан судалгаанаас үзвэл TEPCO-гийн саванд хадгалаатай усан дахь тритийн хамгийн өндөр агуулга нэг литрт 2.5 сая беккерель байгаа юм. Харьцуулахын тулд жишээ авахад тритийн агуулга гадилд 15 беккерель, нэг килограмм уранд 25 сая беккерель байдаг. 


ТРИТИЙГ ЯАЖ ХАЯДАГ ВЭ?
   Ихэнх АЦС тритий болон бусад цацраг идэвхт бодисыг бага хэмжээгээр гол мөрөн, далайд цутгадгийг Дэлхийн Цөмийн Холбооны (World Nu-clear Association) бодлогын шинжээч Дэвид Хэсс тайлбарлав. АНУ-ын Цөмийн Зохицуулах Комиссын (US Nu-clear Regulatory Commission) тайлбараас үзвэл тус улсын АЦС-ууд тритийтэй усыг “аюулгүй хэмжээнд, тогтмол”, зохих зөвшөөрөлтэйгээр гадагш цутгаж, цутгасан тухай мэдээллийг ил тод нийтэлдэг ажээ. 

TEPCO ЯАГААД НЭМЖ САВ АШИГЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?  Бохир ус хадгалах 1000 орчим сав байршуулахын тулд шувууны дархан газрын ойролцоох 500 ам метр талбайн ойг хядсан TEPCO-д дахиад сул талбай байхгүй болсон.

БОХИР УС ДАЛАЙД АСГАХЫГ ХЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА Бохир ус далайд асгах нь орон нутгийн агнуурын нэр хүндийг унагаж, загасчдыг амьжиргаанаас нь салгана хэмээн үзэж буй Фүкүшима мужийн загас агнуур эрхлэгчид TEPCO-гийн төлөвлөгөөг эрс эсэргүүцдэг. Фүкүшимагийн ослоос хойш дэлхийн 20 гаруй улс Японы зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хориг тогтоосон нь одоог хүртэл хүчинтэй. Далайн урсгал цацраг идэвхт усыг Өмнөд Солонгосын эрэг хүргэх магадлал бараг байхгүй ч Сөүл уг хэмжээнд түгшиж буйгаа илэрхийллээ. TEPCO-гийн захирал Такаши Кавамура, урьд нь Японы Цөмийн Зохицуулах Албаны тэргүүн байсан Шиничи Танака нар усыг далайд асгах төлөвлөгөөг дэмжиж буйгаа мэдэгдсэн. Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар байр сууриа илэрхийлж амжаагүй байна.














A

Жижиг

A

Дунд

A

Том

Нобелийн шагналтнуудын судалгаа Монголын ядуурал буурдаггүйн шалтгааныг тайлбарлав

 0 сэтгэгдэл
  • Нобелийн эдийн засгийн эзэд шинжлэх ухаанчаар ядуурлыг бууруулах шаардлагатайг баталж байна. Харин Монголын улстөрчдийн ядуурлын эсрэг тэмцэл нь тэдний баталсан судалгааны эсрэг явж ирснийг харуулж буй
  • Ядууралтай тэмцэхийн тулд язгуурыг нь судлах нь чухал
  • Эдүгээ дэлхий даяар 700 сая хүн хоногийн хоолоо арай ядан залгаж, ядуурал дунд амьдарч байна
  • Ядуурлыг бууруулах нь ийм ярвигтай, шинжлэх ухааны нарийн тооцоолол нэхсэн тэмцлийг шаардаж байхад эрх баригчид үүнийг өнгөц аргаар бууруулах гэж оролддоu
  • Мөнгө дагуулсан, ядуурлыг бууруулах тэмцэл нь эргээд авлигыг өдөөж, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү түлхэх сул талтай

Чинээлэг орнууд, их гүрнүүд, олон улсын байгууллагууд, сайн үйлстнүүд... Үгээгүй ядуурал хүрээгээ тэлсээр буй Африкт гар сунгагчдын жагсаалт ийн урт үргэлжилж, тус бүс нутаг руу цутгасан мөнгө санхүүгийн хэмжээ гол мөрөн мэт урсгадаг. Гэтэл мөнгөөр угжуулж, санхүүжилтээр цутгуулсан энэ тив сүүлийн хагас зуун жилд өөдлөв үү. Африкт хаягласан дэлхий дахины тусламж дэмжлэг болон тус тивийн орлогын үзүүлэлтийг та харж байна. Энэ тивийг чиглэх дэлхий нийтийн дэмжлэг нэмэгдэхийн хэрээр тус бүс нутгийн орлого өсөх бус буурсан урвуу дүр зураг харагдаж байгаа биз. Магадгүй хар тивийг чиглэсэн “хайр” ивээл Африкийг эмнэх бус харин илүү өвчлүүлсэн ч байж мэднэ. Зөвхөн Африк гэлтгүй халамж, дэмжлэг хэрэгтэй улс орон, хэн бүхэнд мөнгөн тэтгэмж, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж бодитоор хүрч, байгаа онодог болов уу. Дэлхийд энх тайван тогтсон сүүлийн хэдэн арван жилд цэнхэр гараг даяараа ядуурлыг ялан дийлэхээр байдгаараа тэмцлээ. Гэсэн ч эдүгээ дэлхий даяар 700 сая хүн хоногийн хоолоо арай ядан залгаж, ядуу тарчиг амьдарч байна. Нийгэм, эдийн засгийг хослуулан доройтуулдаг энэ “хорт хавдар” дэлхийн олон орны хоолойд тулсан өнөө үед тус аюулт эмгэгийг эмчлэх аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой судалсан гурван эрдэмтэн 2019 оны Нобелийн эдийн засгийн шагнал хүртлээ. АНУ-ын иргэн М.Краймер, Францын Э.Дюфло, Энэтхэгийн Абиджит Банерджи нар ядуурлын судалгааг олон жилийн турш буурай болон хөгжиж буй орнуудад бодитоор хийж, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй энэ “өвчнийг” илүү прагматик туршилтад суурилан судалсан нь шагналыг хүртээх гол шалтгаан болсныг Нобелийн хороо мэдэгдсэн байна. Массачусетсийн технологийн институт болон Харвардын их сургуулийн эдгээр эрдэмтний тухай сүүлийн үед хэвлэлээр хөвөрч буй тул энэ төрлийн мэдээллийг орхиод тэдний судалгаанд анхаарлаа хандуулъя. Ядуурлыг бууруулна. Энэ үг дэлхийн бараг бүх орны улстөрчдийн амнаас урсдаг. Гэтэл яг үнэндээ улстөрчдийн бодлого ядуурлыг бууруулж байна уу. Ялангуяа, буурай болон хөгжиж буй орнуудад ядуурлаар түрий барьсан тоо тоймгүй олон төсөл хөтөлбөр, бодлогын арга шийдэл хэрэгжүүлдэг атлаа яагаад буурахгүй байна вэ. Хэмжихэд хэцүү, хийсвэр шинж чанартай энэ асуултад 2019 оны Нобелийн шагналтнууд хариулахаар зорьжээ. "Бид ядуурлын эсрэг тэмцлийг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэн баталгаажуулахыг зорьсон. Үнэндээ ядуурлыг бууруулахаар тэмцэгчид түүний язгуур шалтгааныг тоодоггүй. Яг ямар шалтгааны улмаас ядуурал үүсэж буйг тогтоохгүйгээр түүний огт харанхуйгаар тэмцдэг. Ингэснээр ядуурлыг бууруулах нэрийдлээр их хэмжээний мөнгө, цаг хугацааг үр дүнгүй үрэхэд хүргэдэг” хэмээн Францын эдийн засагч, Нобелийн шагналтан Э.Дюфло тайлбарласан байна. Өнгөрсөн хугацаанд ядуурлын эсрэг улс орнуудын тэмцэл бүхэллэг, цөм шинжтэй байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар ядуурлыг том зургаар харж, эл бул хар чулууг хөдөлгөхөөр байдаг чадлаа барсан нь үр дүн муутай, хүч, хөрөнгө тарамдсан арга зам байжээ. Харин том асуудлыг олон жижиг хэсэг болгон хуваавал ядуурлын эсрэг тэмцлийг удирдахад илүү хялбар болох санааг эдийн засагчид дэвшүүлж, түүнийгээ нотолжээ. Ядуурлын шалтгаануудыг илүү нарийвчилж, тодорхой асуудалд чиглүүлж, түүнийг онилсон шийдэл хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж үзсэн байна. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчны хүчин зүйлсийг задлан шинжлээд, ядууралтай тэмцэхэд  гүйцэтгэж буй үүргийг үнэлэх аргачлалыг боловсруулжээ. Тун энгийн жишээгээр тайлбарлая. Нобелийн шагналтнууд халуун орны хамгийн том сорилтын нэг болох хумхаа өвчнөөр жишээ авсан. Дэлхий даяар жил бүр 900 мянган хүн энэ өвчний улмаас амиа алддаг. Тэдний дийлэнх нь таваас доош насны африк жаалууд. Хумхаа өвчин нь Африкийн орнуудын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж, эргээд ядууралд нөлөөлж байна. Тэгвэл үүнийг бууруулахын тулд энэ өвчнийг тараадаг шавжаас хамгаалах тор ашиглах нь оновчтой аргад тооцогддог байна. Тэгвэл 10 ам.долларын үнэтэй торыг иргэдэд үнэгүй тараавал хумхаагийн өвчлөлийг бууруулах уу. Энэ амар арга учир дутагдалтай хэмээн судлаачид үзжээ. Чухам үүнээс бодлого тодор-хойлогчдын алдаа эхэлдэг байна. Дийлэнх бодлого тодорхойлогчид тор тарааснаар өвчлөлийг бууруулна хэмээн ухар мөчид тооцдог. Гэтэл үнэгүй тор авсан иргэд түүний үнэ цэнийг бүрэн ухаарч, ашигладаггүй. Эсвэл өвчнөөс хамгаалах торыг загас барих зэргээр өөр зориулалтаар ашиглах нь цөөнгүй байдаг аж. Тиймээс хамрах хүрээг нь нэмэхийн тулд үнэгүй тараах уу эсвэл үнэ цэнийг нь өсгөхийн тулд өртөг шингээх үү. Эдгээр сонголтын аль нэгийг нь сонгохын тулд ул үндэстэй судалж, тооцсоны үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн санааг Нобелийн шагналт бүтээлдээ дурджээ. Ядуурлыг бууруулах нь ийм ярвигтай, шинжлэх ухааны нарийн тооцоолол нэхсэн тэмцэл шаардаж байхад эрх баригчид үүнийг өнгөц аргаар бууруулах гэж оролддог. Тухайлбал, дэлхийн цөөнгүй орон бага орлоготой иргэддээ хямд зээл өгөөд ядуурлыг бууруулахаар зорьдог. Гэтэл энэ нь явуургүй арга болох нь судалгаагаар нотлогджээ. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин ялангуяа, буурай орнууд ядуурлыг углуургаар нь судалж, ул суурьтай бодлого боловсруулаагүй атлаа ядууралтай тэмцэхээр их хэмжээний санхүүжилт татаж, өр зээл тавих нийтлэг хандлага ажиглагдсан. Гэвч энэ нь үр дүн муу, хүч тамираа барсан оролдлого болох нь олон байжээ. Цаашлаад мөнгө дагуулсан, ядуурлыг бууруулах тэмцэл нь эргээд авлигыг өдөөж, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээ рүү түлхэх сул талтай. Өөрөөр хэлбэл, улстөрчид, эдийн засагчид гээд хэн бүхний дураараа ярьдаг ядуурлыг цээжний тооцоо, цочмог шийдвэр, амныхаа зоргоор ярьж ядуурлыг бууруулахаар тэмцэж, тас харанхуй бууруулах боломжгүй гэдгийг баталжээ. Шинжлэх ухааны нотолгоо баримтад суурилсан аргаар ядууралтай тэмцэх нь хамгийн үр дүнтэй хэмээн үзсэн. Ядуурлын эсрэг тэмцэл тооцоо судалгаа, нарийн дүн шинжилгээ, нухацтай бодлого боловсруулалт шаарддагийг дэлхий дахинд тунхагласнаараа энэ нь шинэлэг болсон байна. Тэгвэл тооцоо судалгаатай бодлого боловсруулж, түүний үр дүнг хэмжих нь Монгол Улсад хамгийн үгүйлэгдэж буй. Монгол Улс сүүлийн 30 орчим жил хөгжлийн дөнгө болсон ядууралтай тэмцсээр ирсэн ч Монголын хүн амын тал нь ядууралд нэрвэгдэж, гурван хүн тутмын нэг ядуу хэвээр байгаа. Яагаад. Тооцоо судалгаагүй ядууралтай тэмцдэг, хөнгөлөлттэй зээл зэрэг хялбар аргыг илүү үздэг зэрэг нь манайд түгээмэл ажиглагддаг үйл явц. Гэтэл ядуурлын эсрэг үндэслэл, нотолгоогүй тэмцэл үр дүнгээ өгөөгүйг дэлхийн шилдэг эдийн засагчид баталж байна. 











A

Жижиг

A

Дунд

A

Том

Засаг орлогын шинэ эх үүсвэрийн эрэлд гарлаа

 0 сэтгэгдэл

Татварын шинэчлэлийн үр дүн 2020 онд илүү мэдрэгдэнэ

• Төсөвт инфляц, валютын ханшийн эрсдэл мөн л ээлжит сорилт.
• Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр дамжуулан аргалах нь элбэг болсон. Тиймээс төсвийг найр тавин батлах эрсдэл
сонгуулийн өмнө хамгийн өндөр байдаг.
• Орлогоо хэт өндөр тогтоож байж төсвийн алдагдлаа бага харагдуулах гэсэн нүд хуурсан арга гэж дийлэнх эдийн засагч 2020 оны төсвийг үзэж байна. Ийм нөхцөлд үр ашигтай төсөв гэж 2020 оны төсвийг тодотгох боломжгүй аж.

•Орлогыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмсэн нь хүртэл сонгуультай холбоход хүргэж байгаа юм. Төсвийн орлогоо ийм дэврүүн тооцсон атлаа эдийн засгийн өсөлтөө ирэх жил зургаан хувиар тооцсон нь бас л хачирхалтай. 

Засгийн газар ирэх оны төсвийн орлогоо урьд өмнө байгаагүйгээр тун өөдрөг төсөөлж, 11.8 их наяд төгрөг гэж тооцжээ. Энэ нь ДНБ-ий 29 хувьтай тэнцэж байна. Ийм хэмжээний орлого төвлөрнө гэдэгт эрх баригчид итгэл төгс байгаа бололтой. Сонгуулийн өмнөх жил учраас хамаг нөөц боломжоо тэд тултал нь шавхана гэсэн үг. Хөрөнгө оруулалт руу хамаг байгаа мөнгөө урсгаж таарна. Ингэж байж сонгогчдоос оноо авах, дахин засаглах боломжийг эрх баригч нам эрэлхийлэх нь мэдээж. Эрх мэдлийн төвд нь суугаа хүмүүсийн хийж чадах ажил энэ. Хэн ч байсан ингэх нь дамжиггүй. Гэхдээ төсвийн хүндрэлийг сонгуулийн дараа шинэ Засгийн газар үүрэхээс өнөөдрийн хууччуул хариуцахгүй. УИХ ч эдийн засагт ямар эрсдэл бий болохыг ер тооцоолохгүй. Тэд зөвхөн өөрсдийн тойрогт ахиу мөнгө авахаа л урьтал болгож, төсвийн удирдлагыг зөнд нь орхидог. Тийм болохоор сонгуультай жилүүдэд аль ч засаг төсвөө тэлж, үрэлгэн аашлах нь гэм биш зан болсон. Эргэн сануулахад, 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар мөн л энэ зуршлыг давтаж байлаа.  2012 онд  С.Батболдын тэргүүлсэн засаг ч эдийн засгийн өндөр өсөлтөд автан улсын төсвийн орлогоо 5.8 их наяд төгрөгөөр тооцоолж байв. Тэр цагаас хойш монголчууд уул уурхайн компанийн хувьцаатай болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд хуваарилж, нэг хүнд 1072 ширхэг хувьцаа ногдож байсан нь саяхан. Энэхүү хувьцааны ногдол ашиг өнөө хэр сураггүй байна. Компани ашигтай ажиллаж эхэлсэн ч монгол хүнд баялгийн хувь хишиг гэж наалдсан юм алга аа. Сонгуульд ялахын тулд “бүхнийг фронт руу” гэгчээр байгаагаа бардаг уламжлал манай улсад тогтсон. 2020 оны төсвийн орлого ялгаагүй дээрх жишгээр талийж өгчээ. УИХ-ын зүгээс Засгийн газарт төсвийн орлого, зардлаа эргэж нэг харах, алдагдлыг нь бууруулах, хөрөнгө оруулалтын төслүүдээ чанаржуулах, хүлээгдэж буй өр төлбөр, эдийн засгийн гадаад, дотоод эрсдэлийг “долоо хэмжиж байж нэг огтлох” зарчмаар ажиллах үүрэг даалгавар өгөх эрхтэй. Энэхүү бүрэн эрхээ парламент сонгуулийн өмнө ашиглах нь даанч ховор. Товчхондоо, Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр дамжуулан аргалах нь элбэг болсон. Тиймээс төсвийг найр тавин батлах эрсдэл сонгуулийн өмнө хамгийн өндөр байдаг. Орлогоо хэт өндөр тогтоож байж төсвийн алдагдлаа бага харагдуулах гэсэн нүд хуурсан арга гэж зарим эдийн засагч 2020 оны төсвийг үзэж байна. Ийм нөхцөлд үр ашигтай төсөв гэж 2020 оны төсвийг онцлох боломжгүй аж. Орлогыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмсэн нь хүртэл сонгуультай холбоход хүргэж байгаа юм. Төсвийн орлогоо ийм дэврүүн тооцсон атлаа эдийн засгийн өсөлтөө ирэх жил зургаан хувиар тооцсон нь бас л хачирхалтай хэрэг. Засгийн газар ДНБ-ий өсөлтийн төсөөллөө ирэх жил ялимгүй бууруулжээ. Сонгуультай жилүүдэд бизнес, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус уур амьсгал бүрдэж, хөрөнгө оруулагчид хүртэл нөхцөл байдлыг харзнаж, улмаар ДНБ-ий өсөлт эрс саардаг талтай. Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн бол оны эцэст хүлээлт үүнээс дутуугүй байна. Уул уурхайн голлох таваарын үнэ ирэх жилүүдэд бидний төсөөлж байгаа шиг сайн сайхан байх таамаг үнэндээ харагдахгүй байгаа. Мөнгөний бодлогод учирсан бэрхшээл ч төсөвт хамаарна. Энэ утгаараа төсөвт инфляц, валютын ханшийн эрсдэл мөн л ээлжит сорилт. Орлогыг үнэгүйдүүлэх бодит эрсдэлд эдгээрийг нэрлэдэг. Төсвийн төсөөллөөр экспорт ирэх онд 7.8 тэрбум ам.долларт хүрэх бол импорт үүнээс даруй нэг тэрбум ам.доллараар бага байх нь. Ингэснээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.5 тэрбум ам.долларт хүрч, энэ оны эхний есөн сартай харьцуулахад дөрөв орчим тэрбум ам.доллараар өсөхөөр байна. Нүүрсний экспорт энэ онд төлөвлөсөнтэй адил түвшинд буюу 42 сая тонныг ирэх онд борлуулахаар байгаа. Гэвч 2019 оны нүүрсний экспортын төлөвлөгөө сайнгүй байна. Засгийн газар орлогыг нэмэгдүүлэх олон эх сурвалжийг хайж буй. Эдгээрээс шинэ  содон нь газрын бүртгэлийг цахим болгож, ил тод байдлыг дээшлүүлэхээр ажиллах юм байна. Тодруулбал, Засгийн газраас бүртгэлийн мэдээллийг ил тод болгох, газрын төлбөр ногдуулалт, төлбөрийг цахимаар явуулах, цахимаар газар эзэмших нөхцөлийг бүрдүүлэх аж. Мөн газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө хялбараар төлөх боломжийг бүрдүүлж, газрын төлбөрийн орлогыг бүрэн хураадаг болсноор төсвийн орлогын суваг өргөсөхөөр байна. Газар хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой үүсэж буй хүндрэлийг сум, дүүрэг нь бие даан шийдвэрлэх боломжийг олгох үүднээс газрын төлбөрийн орлогын 40 хүртэлх хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Өмнө нь тэр болгон хийгдэж байгаагүй шинэчлэл энэ удаагийн төсөвт тусгалаа олсон байна. Эдгээрийг үр дүнтэй зохион байгуулж чадвал бэлээхэн орлогын эх үүсвэр газрын харилцаа гэдэг нь маргаангүй. Перугийн алдарт эдийн засагч Эрнандо де Сото манай улсад айлчилж, тэр үеэр иргэдийн газрыг хөрөнгө болгон баталгаажуулах, өөрийн өрийн бичиг гаргаж, иргэдтэйгээ хамтрах тухай дурдаж байлаа. “Капиталын нууц” номоороо дэлхийд алдаршсан тэрбээр газрын харилцааны ач холбогдлыг бидэнд учирлаж байсан. Тэгвэл өнөөдөр засаг төсвийн орлогоо бүрдүүлэх нэг хэрэгсэл нь газрын төлбөр, газартай холбоотой харилцаа болж байна. Эндээс үзэхэд, ирэх жилүүдэд газар, түүний ашиглалттай холбоотой төлбөрийн асуудал томоохон сэдэв болж мэдэх нь. Орлого нэмэх ээлжит хөшүүрэг нь татварын шинэчлэл гэж Засгийн газар үзэж байна. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах бусад хуулийн 14 шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхээр байгаа. Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварыг хялбаршуулсан горим хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр татварын бүртгэл, тайлагнал цахим хэлбэрт бүрэн шилжихээр байгаа. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын тайлангийн тоог цөөрүүлнэ. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгож, 300 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөхөөр байна. Татварын энэхүү шинэчлэл нь бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлж, улмаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтойг Сангийн сайд тодотгосон удаатай.