A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/612/

Адилхан “булай”-д холбогдсон хоёр гишүүндээ ялгаатай хандвал бүр ч гутамшигтай

​Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/612/


Монголын парламент өнгөрсөн долоо хоногийг хүчингийн хэрэгтэй холбоотой нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцэж хаасан бол шинэ долоо хоногийг ч энэ сэдвээр нээв. Хэдийгээр УИХ олонхиороо хэлэлцээд Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн ч, тэднийг өмөөрснөөрөө нийгэмд бухимдал төрүүлж, өөрсдөдөө жинхэнэ “гал” дуудна чинээ тооцсонгүй. Прокурорын газраас дээрх хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлье, яллъя гэсэнгүй, харин түр түдгэлзүүлж байгаад шалгая гэхэд парламент “үгүй” гэсэн. Тэгэхдээ “хуулийн мухардал”, “улс төр болно”, “төрийн халдашгүй дархан байдал ганхана” зэрэг сүртэй сүртэй шалтгаан нэртэй шалтаг зааж байлаа. Гэвч баасан гарагийн шөнө дөл хүртэл хуралдаад тарсан гишүүд амралтын өдрүүдэд нийгмийн уур амьсгалыг мэдэрсэн бололтой. Даваа гарагийн өглөө МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа тун ч их ууртай иржээ. Улмаар УИХ-д олонхыг бүрдүүлж, эрх барьж байгаа намын хувьд Д.Гантулга, Д.Мурат нарыг авч үлдсэнээрээ нэр хүндээ шороотой хутгаж орхилоо гэж шогширцгоосон байна. Мөн эмэгтэй гишүүдийн зарим нь хоёр гишүүнийг авч үлдэх парламентын шийдвэрт хориг тавьж өгөх хүсэлтийг Ерөнхийлөгчид өргөн барьсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов.


Энэ асуудлаас болж эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг дотроо хоёр хуваагдсан нь харагдаж байлаа. МАН-ын зарим гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалз гэж шахсан талаарх мэдээллийг ч эх сурвалж өгөв. Улмаар хэрүүл шуугиантай эхэлсэн бүлгийн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш хуралдахаар хойшилсон юм. Харин энэ хооронд УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа хоолойгоо зангируулан байж зарласан бол, эмэгтэй гишүүд “Бидний тэмцэл үр дүнд хүрлээ” хэмээн мэдэгдэв. УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн нас барсан, өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг уих хүлээн авсан, эс бөгөөс хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан гэсэн гурван тохиолдолд гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно хэмээн заасан байдаг. Д.Гантулга гишүүний хувьд дээрх нөхцөлүүдийн хоёр дахь нь буюу ...бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан… гэх заалтад хамаарч, хэрхэхийг уих-ын гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэхээр болж байна.

• Хэдийгээр санал хураалтыг нууц горимд авах ч, эрх баригчид өмнөх алдаагаа давтаж, Д.Гантулгыг авч үлдэхгүй байх.

• Тойргоо нэгэнт шившиглэсэн болохоор МАН-аас хэн ч дэвшсэн гарах магадлал туйлын бага.

• Хамгийн аюултай, айдас төрүүлэх өрсөлдөгч нь болох МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “ногоон гэрэл” асахаар байна.

Хэдийгээр санал хураалтыг нууц горимд авах ч, эрх баригчид өмнөх алдаагаа давтаж, Д.Гантулгыг авч үлдэхгүй байх. ингэсэн тохиолдолд Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ талаас илүү хугацааг нь эдлээд бүрэн эрхээсээ бууж, Хэнтий аймагт буюу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болно. Д.Гантулга гишүүнийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж аваагүй нь эрх баригчдад тун халтай байж болохыг өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн олны бухимдал тэдэнд мэдрүүлсэн нь анзаарагдлаа. Гэтэл тэдний ингэж их хүч тавьж “хамгаалсан” нөхөр гэнэт л гишүүнийхээ эрхээс түтгэлзэхээ мэдэгдсэн нь МАН-ынхнаа тун ч эвгүй байдалд оруулчихав. Хэдийгээр хугацаа алдсан ч, буруутай байж болно гэдгээ мань хүн өөрөө “ухамсарлаад” байхад л парламент дотор өөрөөр үзэж байсан болж таарлаа. Д.Гантулга маш хэрэгтэйдээ, эсвэл залуу гишүүнийхээ цаашдын хувь заяаг бодсондоо баасан гарагт УИХ түдгэлзүүлэх саналыг хүлээн аваагүй юм биш.


Түүнийг түдгэлзүүлснээр, магадгүй гэмт хэрэг үйлдсэнийг прокурор нотолчихвол (үрийн шингэний шинжилгээ авах л дутуу) тэртээ тэргүй уих хоёр хоногийн дотор хэлэлцэж шийдвэрээ гаргаж таарах байлаа. Хаврын чуулган завсарласан ч дээрх тохиолдолд нэг өдрийн дотор ээлжит бус чуулган зарлаж, асуудлыг хэлэлцэх хуультай. Харин Д.Гантулга гишүүн өөрөө өргөдлөө гаргасан энэ нөхцөлд УИХ хэлэлцэх хуулийн хугацаа байхгүй, хойш сунжруулах тусам эрх баригчид муухай харагдах нь тодорхой болно. Гэхдээ Д.Гантулгыг чөлөөлснөөр үүсэх улс төрийн эрсдэлээ олонхын бүлэг одоо тооцож суугаа нь лавтай. Хэнтийд болох нөхөн сонгууль эрх баригчдад тийм ч ашигтай бус тусах байх. Тойргоо нэгэнт шившиглэсэн болохоор тус намаас хэн ч нэр дэвшээд гарах магадлал туйлын бага. Харин ч хамгийн аюултай, айдас төрүүлэх өрсөлдөгч нь болох МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “ногоон гэрэл” асахаар байна. Улстөрчийн хувьд хамгийн өндөр рейтингтэй яваа тэрбээр хэнтий аймгаас сонгогдох магадлал туйлын өндөр юм. Харин эрх баригч МАН-ын хувьд Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр шахах байх. Мөн Хэнтийн одоогийн Засаг дарга Н.Ганбямбын нэр ч яригдаад эхэллээ. Улс төрд үүссэн ийм шинэ нөхцөл байдалд өрөг цааш яаж өрнөхийг харах үлдлээ. Ямар ч байсан Д.Гантулга чөлөөлөгдөх нь тодорхой, Хэнтийд нөхөн сонгууль болох нь баттай. Одоо Д.Мурат гишүүний асуудал үлдлээ. Асар нэр хүндгүй болсон парламент адилхан “булай”-д холбогдсон хоёр гишүүндээ ялгаатай хандах аваас бүр ч гутамшиг болох нь лавтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төсвийн ерөнхийлөн захирагчдын зургаа нь зөрчил гаргажээ

​Төрийн байгууллагуудын санхүүгийн тайланг шалгахад 14 тэрбум төгрөгийн зөрчил гарчээ​

 0 сэтгэгдэл


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэв. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар төрийн байгууллагуудын өнгөрсөн оны үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалт, дүн, шинжилгээг гишүүдэд танилцуулсан юм. Өмнөх жилийнхтэй харьцуулахад 2017 онд төрийн байгууллагууд улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн орлого илүү төвлөрүүлж, зарлагаа 300 тэрбум төгрөгөөр бага зарцуулсан байна. Үүгээрээ өнгөрсөн жилүүдээс төрийн санхүүгийн хариуцлага нэмэгдсэн нь харагдаж байгааг зарим гишүүн сайшаасан. Гэвч хариуцлага алдсанаас үүссэн алдагдлын хэмжээ жилийн дүнгээр буураагүй тул сайшааснаасаа олон гишүүн шүүмжлэв. Өнгөрсөн онд төрийн өмчит 6110 байгууллагад хяналт шалгалт хийсэн. Тэр дундаа зөрчил гаргасан 1115 байгууллагын үйл ажиллагааны тайланд нарийвчилсан шалгалт хийж 14 тэрбум төгрөгийн дутагдал илрүүлжээ. Түүнээс 5.1 тэрбум төгрөгийн зөрчилд 278 акт тавьж, 792 тэрбум төгрөгийн зөрчилд 381 албан шаардлага хүргүүлж, 41 зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн байна. Мөн санхүүгийн зөрчил гаргасан 497 албан тушаалтныг хуулийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж. УИХ-ын гишүүдийн зүгээс аудитын байгууллага болон Сангийн яаманд хандан олон асуулт тавьсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь гарсан зөрчилд ямар хариуцлага тооцсон тухай байв. Үндэсний аудитын газраас хийсэн мэдээлэлд төсвийн ерөнхийлөн захирагчдаас зургаан нь 2017 оны шалгалтаар хангалтгүй гэсэн үнэлгээ авсан аж. Харин гишүүд тэр зургаан хүнд энэ тайлан хэлэлцсэний дараа жичид нь хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөн тавих нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Мөн зарим гишүүний зүгээс томоохон ААН-үүдийг хувьчлах болсонтой холбогдуулан тэдгээрийн санхүүгийн тайланг онцлон асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өмч хувьчлалын жагсаалтад багтаад буй МИАТ компанид хийсэн аудитын тайлантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн.

Хувьчлах гэж байгаа объектуудын нэг метр квадратын үнэлгээ 128 мянга байна

Түүний асуултад Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “МИАТ компани 2017 онд 48.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ашиг нь зорчигч болон ачаа тээвэрлэлт, захиалгат нислэг, нойтон тээвэрлэлт, бусад гэсэн орлогоос бүрдэж байгаа. БНСУ-д чиглэсэн нислэг ашигтай байгаа бол Turkish airlines компаниас болж Европ руу чиглэсэн нислэг алдагдалтай байгаа” гэв. УИХ-ын гишүүн М.Билэгт “Удахгүй хувьчлах гэж байгаа төрийн өмчит ААН-үүдэд аудитын шалгалт хийсэн үү? Төрийн өмчийг өмчлөх гэж байхад барилгын нэг метр квадратын үнэлгээ аль 1998 онд тогтоосон 128 мянган төгрөгөөр үнэлэгдсэн хэвээрээ байна. Үүнд аудитын байгууллага ямар хяналт тавьж байгаа вэ” хэмээв. Хариуд нь ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “ Өмч хувьчлалаар орох гэж байгаа компаниудад аудитын шалгалт хийгээгүй байгаа. Аудит хийсний дараа хувьчлах нь зөв гэсэн таны байр суурийг дэмжиж байна” гэв.Мөн энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ШШБЕГ-ын хөрөнгөөс Лексус 570 автомашин авч унасан тухай асуудал дахин сөхөгдлөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ц.Нямдорж сайд харьяа байгууллагынхаа мөнгөөр том жиип авч унаад тэр нь баригдмагц буцаасан. Гэтэл түүнийхээ оронд яамныхаа хөрөнгөөр дахиад 2018 оны Land cruiser 200 маркийн автомашин аваад уначихсан байна. Тэр хоёр жиип үнийн дүнгийн хувьд бараг ижил байдаг. Үүнийг шалгасан уу” гэв. Харин аудитынхны өгсөн хариултаар албаны мөнгөөр автомашин авч унасан Ц.Нямдорж сайдыг шалгуулахаар хуулийнханд хандаад байгаа аж. Төсөвтэй холбоотой бас нэгэн муу мэдээ нь “Оюутолгой” компани улсын төсөвт хуурамч тайлангаар татвар төлдөг байж болзошгүй тухай байсан. Сангийн сайдын хэлж буйгаар “Оюутолгой” компани өнгөрсөн онд Монгол улсын төсөвт бүх татварын нийлбэрээр 346 тэрбум төгрөг төлсөн байна. Гэхдээ энэ нь зардлаа өсгөж орлогоо бууруулсан дүнгээр тооцуулсан байж болзошгүй аж. Ер нь үндэстэн дамнасан компаниуд гадаад салбартаа зарлага шилжүүлэх хэлбэрээр зардлаа өсгөж орлогоо багаар тооцуулдаг явдал элбэг байдаг аж. Манай Сангийн яам өнгөрсөн жилүүдэд энэ талаар хяналт тавьж чаддаггүй байсан. Харин одоо парламентад өргөн бариад буй ААНОАТ тухай хуульд энэ талаар зохицуулах заалт оруулжээ. Мөн үндэстэн дамнасан компаниудын орлого зарлагыг тооцдог Вебс гэх олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болсныг Сангийн сайд дуулгалаа. Монгол улсын төрийн өмчийн нийт хөрөнгө 2016 онд 31 их наяд төгрөг байсан. Харин өнгөрсөн онд 45 их наяд төгрөг болж огцом өссөн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээс үүдэлтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэмшиж буй төрийн эзэмшлийн 12 тэрбум хувьцааны нэгж үнэ 950 төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хоригдсон 20 албан тушаалтан хориулаа эмнэлэг рүү шилжжээ

​Төрд эрүүл чийрэг, саруул ухаантан зүтгэх учиртай​

 0 сэтгэгдэл


Сүүлийн хорь гаруй жилийн дотор монголчууд бид нэг зүйлд онцгой “даслаа”. Юунд гэхээр, бидний олонхын “Шоронд гагцхүү хамгийн болохгүй, бүтэхгүй гэсэн болгоныг хийж явдаг хүн хоригддог. Тийм адгийн үйлдлийг үйлдэгчид бол ихэвчлэн боловсролгүй, танхай балмад араншинтай, нийгэмд адлагдсан этгээд байдаг” гэсэн ойлголт өөрчлөгдөж, харин ч эсрэгээр хамгийн мундаг гэгдэгчид, нөгөө “цагаан захтнууд”, улстөрч, сайд дарга нар, төрийн өндөр албан тушаалтнууд ч гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгт холбогдох болсонд огтхон ч гайхахаа байжээ. Авлига, албан тушаалын хэрэг гэсэн шинэ нэр томъёогоор хуулийн хэллэг баяжлаа. Харин нэг зүйлд огт дасахгүй байна. Өндөр албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдсэн ч, хуулийн дагуу эдэлвэл зохих зэм,шийтгэл, ял барагтай бол авдаггүйд дасахгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийг шударгаар хэрэглэхгүй байгаад дасахгүй байгаа юм. Түүнээс гадна жирийн иргэнээс ялгаатай нь ямар нэгэн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хэн боловч, шалгагдаад эхэлмэгцээ л ямагт эрүүл мэндээр доройтон, үхэх сэхэхийн заагт амь нас нь дэнжигнэж, санжиганаад ирдэг нь үнэнхүү гайхаш бардаг болсон. Ийн өгүүлж байгаагаараа хүний мууд дурлаж байгаа юм биш ээ! Нээрээ улстөрчид, эрх мэдэлтнүүд ямар нэгэн хэрэгт холбогдсон л бол бүгд адилхан “үхлийн ирмэгт” хүрсэн нэгэн болчихоод байдаг нь энэ чиглэлийн судлаач нарт магадгүй хамгийн сонирхолтой сэдэв байж болмоор санагддаг. Үүнийг нэгэнт хөндсөн болохоор эхлээд хүний эрх, эрх чөлөөний тухай болон түүний зарим нэг хязгаарлалтын талаар дурдах нь зөв болов уу. Мэдээж энэ талаар өгүүлсэн олон мянган хуудас хууль, дүрэм бий. Тэдгээрийг амны уншлага болтол цээжлэх нь иргэн бүрийн үүрэг биш ч, хуулийн дагуу л бид бүгдээрээ амьдрах ёстой.

Тиймээс иргэд өөрийн эдлэх эрхийн хэм хэмжээг мэддэг байх нь хамгаас чухал гэж би боддог. Зүгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд уншиж, судлан танин мэдэхэд хэцүү энэхүү олон дүрэм журам, хэм хэмжээний тухайд хамгийн энгийнээр “Өөрийн чинь эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” хэмээх афоризмаар хураангуйлж ойлгочихож болмоор юм шиг санагддаг. Энэ хязгаарыг давж гарснаараа эрх, эрх чөлөөгөө хасуулж, дүрэм журмын диктатур дор амьдарч байгаа иргэн олон бий. Тодорхой тайлбарлавал, бусдын эрх, эрх чөлөө болоод төрийн хууль, цааз, дүрмийг зөрчиж, эрхээ хязгаарлуулсан иргэн хэн боловч ялтан болдог. Тиймээс нийгэмд эдлэх эрхээ хасуулсан ялтан хэн боловч шоронд “хүмүүжих” ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл гэмт үйлдэлд холбогдсон албан тушаалтнууд яагаад ийн “хүмүүжиж” болдоггүйг л гайхаад байна. Ийм олон тохиолдлын эздийг нэр,овог, албан тушаал, факттайгаар нь нэрлэн жагсааж болох хэдий ч, монгол хүн бүр бараг бүгдээрээ мэдэх хойно дэмий цаг зав барсан хэрэг болох биз ээ. Юутай ч хүний эрхийн хүрээнд авч үзвэл, ялтан нийгмээс тусгаарлагдсан ч, цаашид нийгэмших эрхээр хангагдах, баталгаатай амьд явах зэрэг олон эрхээ эдлэх учиртай. Гэхдээ манай улсын засан хүмүүжүүлэх, цагдан хорих, түр хугацаагаар саатуулах байранд хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагддагт олон хүн эргэлздэг. Эргэлзэх болсны нэг шалтгаан нь эв эрүүл, сав саруул, тарган цатгалан малилзаж, гялалзаж явсан өндөр албан тушаалтнууд хоригдоод сар бололгүй эмнэлэгт дамнуулан хүргэгддэгт байна. Энд тэднийг үнэхээр үхэхээс наагуур болтол нь эрүүдэн шүүж тамлаад байна уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирдэг. “Үгүй” гэж хууль, хүчнийхэн харин хариулдаг. Хачин байгаа биз.

Албан тушаалтнуудын эрүүл мэнд хоригдож шалгагдаад ирэхээрээ мууддаг нь ямар учиртай байна вэ

Үүнийг магадлахын өмнө доорх тоог танилцуулъя. Монголд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын Тогтоол гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийн дагуу хэн нэгнийг баривчлах, цагдан хорих болон хорих ялыг албадан эдлүүлэх үүргийг хэрэгжүүлдэг. Тус байгууллагын хэмжээнд гяндан, онцгой дэглэмтэй хорих, баривчлан ял эдлүүлэх анги тус бүр нэг, жирийн дэглэмтэй хорих болон чанга дэглэмтэй хорих анги тус бүр 11, цагдан хорих байр 26, баривчлах ял эдлүүлэх байр 13 байна. Нийт 600 байр, байгууламж, 64 нэгжид хорих үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Энэ бүх байгууламжид өнөөдрийн байдлаар ял авсан 3600 хүн хоригдож байгаа гэсэн статистик миний урд байна. Харин урьдчилан хориход хоригдож, шалгагдаж байгаа 800 хүн байдаг юм байна. Шүүхээр орж ял эдлээгүй бол эдгээр 800 хүнийг хэн ч ялтан гэж хэлэх эрхгүй юм.Тэдний талаарх бүх мэдээлэл, тэр тусмаа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл нь нууц байх учиртай байдаг. Гэтэл сүүлийн таван жилээр жишээ татахад урьдчилан хориход авлига, албан тушаалын хэрэгт холбогдон саатуулагдаж шалгагдсан хорь гаруй албан тушаалтан бүртгэгдсэн байна. Хамгийн гайхмаар нь тэдний эрүүл мэнд үнэн “найгүй” болчихсон байсан нь нийтэд задарчихсан байна л даа. Тэдгээр нь бүгд л шалгагдаж байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж, улмаар “шоронгоос” гадуур шалгагдахаар болсон байдаг юм. Харин энэ хугацаанд өндөр албан тушаалтан бус дөрвөн хүн л урьдчилан хорих байрнаас эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлжээ.

Эндээс харахад “Монгол Улсын төр зүтгэсэн хүмүүстээ халтай” гэдэг үг үнэн ч юм уу гэж бодогдохоор. Гучаад оны их хэлмэгдүүлэлтийн үед Анандын Амар агсны хэлсэн энэ үгийг өнөө цагийн улстөрчид асар хэлэх дуртай болчихсон байх юм. Тэр тусмаа ямар нэгэн асуудалд холбогдохоороо гүнээ санаа алдаж байгаад хэлэх нь өөрсдийгөө өрөвдүүлэхийг хүсээд ч байх шиг санагдах болсон. Нөгөө талаар дээр дурдсан баримтад тулгуурлаваас Монголын төрд зүтгэгсэд эрүүл мэндийн хувьд муу, архаг хууч өвчинд баригдсан, сул дорой, нэн ядруу, ачаалал даах чадваргүй байдаг юм байна гэсэн ойлголт хэн бүхэнд төрж байна. Уг нь төрд зүтгэж, төрийн бодлогыг түшнэ гэдэг нь босож суусан найман цагаар хязгаарлагддаггүй, хүмүүний бие, сэтгэл, оюун ухааны бяд, бярыг жинхэнэ шавхаж, чилээсэн цаг наргүй хүнд агаад хариуцлагатай алба бас үүрэг гэж ойлгогддог. Тиймээс төмөр шиг биетэй, болор мэт саруул тунгалаг оюун ухаантай хүмүүс сонгогдох байтал ийм сул дорой, өвчин эмгэгтэй гэдгээ нуусан нөхдүүдээр бид төр,засгаа жолоодуулж ирсэн байж таарах нь. Хэрэв “Эрүүл биед саруул ухаан оршдог” гэх Монгол ухаан үнэн аваас зайлшгүй хөндөх ёстой асуудал энэ мөн байх болов уу. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байсан байх л даа.Мэдээж эрх чөлөөгөө хязгаарлуулж, цоож цуургатай өрөөнд хоригдон, харуул хамгаалалт дор амьдрахыг хэн хүсэх билээ. Ийм байдалд орсон бол нэг өдрийн ч өмнө болтугай мултрахыг хэн ч бодож таарна. Эрхэм албан тушаалтнуудын эрүүл мэнд ийм зохиомол шалтгаанаар “муудан” зэм, ялаас мултраад байдаг бол жирийн иргэдийг яах ёстой болж байна.

Тэд ч гэсэн хүн л юм хойно хоригдож, түгжигдэж, шалгагдаад ирэхээрээ сэтгэл санаагаар унадаг, хямардаг бие хаа нь өвддөг л байж таарна. Тийм тохиолдолд тэднийг яадаг байх нь вэ? Тодорхой албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө чинээгүй байдаг болохоор хаалттай бүсийн цаана хамаг зовлонгоо чимээгүй эдлээд үхэх, сэхэхээ тэнсэн байж байдаг байх нь уу, гэсэн олон олон ээдрээтэй асуулт хариултгүй байсаар өдийг хүрч байна. Уг нь бичлэгийн сэдэв цаг үеэ олсон бол нэн донжтой. Гэхдээ ямар нэгэн тодорхой цаг хугацаанд хайрцаглагддаггүй хэзээ ч, хэдийд ч хөндөж болох сэдэв гэж байдаг. Тэгэхээр тэрлэж буй сэдэв маань ийм ангилалд хамаарах болов уу гэсэн итгэл үнэмшил байлаа. Яагаад вэ, гэдгээ тайлбарлах учиртай. Монголчууд маш олон зүйлд бухимддаг боллоо. Түүний нэг бол ямбыг нь эдлээд, ялаа үүрч чаддаггүй энэ олон эрх мэдэлтнүүдийн цагаа тулахаар арчаагүй болдог хөгийн төрх байдал нь юм. Бидний энэ их оволзсон уур, бухимдал заримдаа юу юугүй дэлбэрэх гэж байгаа галт уулыг санагдуулдаг. Тэгээд энэ байдлаараа удаад байвал нэг л өдөр зад тавин дэлбэрнэ л дээ. Яг үнэндээ бидний 1990 оны Ардчилсан хувьсгалаар олж авсан хамгийн үнэ цэнэтэй болгон тухайн үеийн Улсын бага хурал байхгүй болсон цагаас эхлээд хөсөр хаягдсан гэж боддог хүний нэг би билээ. Улс орныг хэн дуртай нь удирдаж болно гэсэн ойлголтоор 30 шахам жил замналаа. Сайн дурын “уран сайханчид” бөөн бөөнөөрөө гарч ирээд төр, засгийн жолоон дээр өдий олон жил “айл гэр” болж тоглоцгоолоо. Тэдний дотор ингэхэд ер нь эрүүл хүн байна уу.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуралдаа суудаггүй гишүүд төсвийн мөнгө үрсээр байх уу

УИХ-ын гишүүдийг ажилд нь бараг л албадаж ирүүлэх хэмжээнд яригдаж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүд хурлаа таслах, хүний өмнөөс кноп дарах, ирц бүрдэхгүй байх асуудал үе үеийн парламентад чихнээс хонх уясан асуудал байсаар ирсэн. Аргаа барсан олонхын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан хэдэн гишүүн дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ирцийг бүртгэх, парламент, байнгын хороогоор хэлэлцэж буй асуудлаар санал хураахдаа гишүүдийн хурууны хээг таниулах зохицуулалт хийх төсөл өргөн барьсан. Улмаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Гэвч энэ нь хурлын дэгийг сахиулж, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж байна гэхээс илүү өнөөгийн парламентын гишүүд үүрэгт ажлаа ухамсарлах чадамжгүй болсны илэрхийлэл юм. Байг гэхэд одоогийн парламентын гишүүд өнгөрсөн хугацаанд уих болон байнгын хорооны хуралдааныг тасалсан цагийг хар. 1012 цаг. Ийм олон цагаар үүрэгт ажлаа хийлгүйгээр эрхмүүд хаана юу хийж явсан байж таарах вэ. Үүний цаана орон нутагт ажиллаж байгаа, эрүүл мэндийн асуудалтай, гадаадад томилолттой...гэх мэт шалтгаанаар шалтаг хийж, сул тэнэж явсан тохиолдол ихэнх нь байдгийг уих-ын тамгын газрын тайлангаас харж болно. Хүний урманд хуралдаа хагас дутуу ч сууж харагддаггүй атлаа УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээ эдэлж л яваа тэднийг ажилд нь ирүүлэхийн тулд төсвөөс мөнгө зарж, төрийн ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж байгаа нь ээлжит эмгэнэл болоод байна.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан ажлаа тодорхой хугацаагаар тасалсан тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх заалт мөрдөгддөг. Гэтэл энэ чуулганы хугацаанд гишүүдийн ажлаа тасалсан 1072 цагаас нэг гишүүнд 13 цаг ногдож байна. Хуулиа дээдэлдэг улс бол парламентаараа “ажлаасаа халагдах” цаг болчихож. энгийн нэг хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа хүнд ийм зохицуулалт үйлчилж байхад ард түмний итгэлийг авч, төрийн ажилд томилогдсон, дархан эрх эдэлж байгаа этгээдүүдэд үүнээс илүү хариуцлага ногдох ёстой юу гэхээс бага байх ёсгүй. Ард түмний итгэлийг өвөртлөн, төрийн ордонд “тухалж” буй гишүүдээс чуулганы танхимд бараг харагддаггүй нь ч бий. Хамгийн алдартай нь Б.Наранхүү. Түүний санаачилсан хууль, ахалсан ажлын хэсэг, боловсруулалцсан баримт бичгийн талаар сонссон нь нэгээхэн ч үгүй. Төрийн ордон дахь албан өрөө нь л түүгээр “авторладаг” байх. Гэхдээ байнга шахуу түгжээтэй. Уг нь байнгын ажиллагаатай парламентын гишүүний үндсэн үүрэг нь хууль боловсруулж, батлуулах байдаг. Гэхдээ ёс зүйгүй, үүрэг, хариуцлагаа умартсан гишүүн УИХ-д Б.Наранхүү ганцаараа биш гэдгийг өдгөө парламентаар хэлэлцэж буй дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нотолно.

Нэртэйгээр нь төрийн албан хаагч өдөрт найман цаг ажилладаг хуультайг өдөр бүр гишүүдэд сануулъя

Гишүүд хурлаа таслах нь үнэхээр дэндэж, хууль батлах үйл явцад саад учраад байгаа тул төрийн ордны тоног төхөөрөмжийг шинэчилж, цахим картаар ирц бүртгэдэг, санал өгдөг болгосон нь саяхан. Гэтэл гишүүдийнхээ өмнөөс карт нь ажил хийгээд байгаа тул ийн хурууны хээг нь таниулах арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн бололтой. Ийм болтлоо арчаагаа алджээ, манай төрийн түшээд. Уг нь УИХ-д энэ төвшний ёс зүй, сахилга хариуцлагатай хүмүүс л сонгогдох босго өндөр газар биш бил үү. Гэтэл цэцэрлэг, яслийн хүүхэд шиг “эрхэлж” байгаа тэднийг яах ёстой юм бэ? Нэртэйгээр нь төрийн албан хаагч өдөрт найман цаг ажилладаг хуультайг өдөр бүр тэдэнд сануулж байвал яасан юм. Засаг огцруулах, сайдыг чөлөөлөх үед “долоовор” хуруугаа ашигладаг, улстөржихөөс өөр ажил сэддэггүй, дандаа буруу талаас нь хардаг, боломж л гарвал өөрийгөө л рекламддаг нөхдүүд энэ парламентад бишгүйдээ нэг байна. Энэ мэт эрээвэр хураавар олон “өнгө”-нөөс бүтсэн парламентад эрхбаригчид нь ч эрх баригчид шиг, сөрөг хүчин нь ч сөрөг хүчин шиг харагдахгүй байгаа нь нууц биш. Өөрийнхөө өмнөх үндсэн ажлаа хийхгүй мөртлөө Засгийн газраа ажил хийлгэдэггүй, гүйцэтгэх засаглалынхаа бүхий л асуудалд хошуу дүрж, тендер, төсөл, ТЭЗҮ-ээс өөрийг бодохоо больсон ийм парламентад хэн хариуцлага тооцох вэ.

Ямар сайндаа л “ийм парламент байснаас тарсан нь дээр” гэх Ерөнхийлөгчийн санаачилга тэр үедээ тэгж их өндрөө авах билээ. “Түүхэн дэх хамгийн сул гишүүд сонгогдсон, сахилга батгүй парламент ажиллаж байна” гэх тодорхойлолтыг УИХ-ын гишүүдийн зарим нь хүлээн зөвшөөрдөг. Уг нь тэдний хийх ёстой ажил нь улстөржихөөс гадна бас улс оронд чухал хуулиудыг хэлэлцэж батлах явдал шүү дээ. Парламентын хүлээлгийн танхимд, УИХ-ын даргын өрөөний хаа нэгтээ дарагдсан олон хуулийн төслийг уих хэзээ амжиж хэлэлцэх нь тодорхойгүй байна. Бүрэн эрхийнхээ ихэнх хугацааг эрх мэдлийн хэрүүлд зарцуулсан тэдэнд хэлэлцэх асуудал, батлах хууль толгойтой үснээс их баймаар. Зөвхөн өнөөдөр, маргааш хуралдах нэгдсэн чуулганаар гэхэд 30 орчим асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ. Үнэндээ ийм олон хуулийг хоёрхон өдрийн дотор хэлэлцэж амжихгүй бөгөөд үйл явдлаас харахад бөөндөхөөр шийдсэн бололтой. Ээлжит чуулганы ихэнх хугацааг үндсэн үүргээсээ өөр зүйлд зарцуулсан УИХ-ын хавар, намрын чуулганы төгсгөлд ингэж хуулиудыг бөөнддөг жишиг тогтсоныг энэ удаа ч давтаж буй нь тэр юм. Ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг олж авсан хүн тэр хэмжээгээр өөртөө хувь хүний ёс зүйг ухамсартайгаар илэрхийлж байх ёстой. Гэтэл өнөөдөр уихын гишүүдийг ажилд нь бараг л албадаж ирүүлэх хэмжээнд яригдаж буйг ойлгох ухаан алга. Тийм байж төрөө хүндэл, хуулиа сахь, биднийг сонс гэж сонгогчид руу хашгирсаар байх уу?

A

Жижиг

A

Дунд

A

Том

Засгийн газрын “хар толбо”-ыг парламентын босго давуулаагүй С.Бямбацогт танд баярлалаа

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн С.Бямбацогт туршлагатай парламентч, зангарагтай түшээ гэдгээ өнөөдөр харуулж, Засгийн газрыг түүхэнд үлдэх “хар толбо”-ноос нь аврав.

Засгийн газар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хуулиас дээгүүр, хариуцлагаас хол байх эрхийг өөрсдөдөө олгохоор санаархсаныг нь тэрбээр эсэргүүцэж, уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн хэлсэн юм. Парламентад хэд хэдэн удаа сонгогдсон, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллаж асан туршлагатай түүний үг Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд даацтай бууж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Шинэ хуулийн төсөлд Засгийн газар болон түүний харьяа байгууллагын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгасан байв. Хэрэв энэ төсөл хууль болж гарвал “Эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх” гэсэн хамгийн энгийн, хамгийн чухал Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн шийдвэр болно. Ингэснээрээ Монголын Засгийн газруудаас хамгийн “хар толбо”-той танхимаар түүхэнд үлдэх байлаа. Дөнгөж өнгөрсөн даваа гарагт өргөн барьсан, парламент дахь намын бүлгүүд, УИХ-ын даргын зөвлөлөөр ч хэлэлцээгүй уг төсөл гэнэт Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд багтсаныг гайхах гишүүд ч олон байв. Үүдээр бус тооноор орж ирсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь Монголын ард түмний язгуур эрхийг уландаа гишгэсэн, төрийн дарангуйлал, дураараа авирлалтыг гааруулсан зохицуулалттай. Ийм дарангуйллын систем бий болохоос болгоомжилж төслийг байнгын хорооны “босго” давуулаагүй С.Бямбацогт гишүүнд баярлах ёстой байх.