A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/758/

Азид хотжилт дөнгөж эхэлж байна

​Хот суурингийн тэлэлт Австралийн газар нутагтай тэнцэж байна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/758/


Шинэ мянганаас хойш Азид 200 гаруй сая хүн хот суурин газрыг бараадсан ч хөгжлийн хамгийн тэсрэлттэй гэгдэж буй тус бүс нутагт хотжилт дөнгөж эхэлж байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулж байна. Төв рүү тэмүүлсэн их нүүдлийн үр дүнд Зүүн Азийн хот суурингийн тэлэлт Австралийн газар нутагтай тэнцэж байгааг тус тайланд онцолжээ. Зүүн Азийн хотын хүн ам 2000 онд 579 сая байсан бол 2010 онд 778 сая давсан ба харин Европт ийм тооны хүн хотжиход 50 гаруй жил зарцуулсан аж. Хотын хүн ам нягтарч, 2010 оны байдлаар нэг ам метр талбайд 5400-5800 хүн ногдож байгаа бөгөөд Зүүн азийн нягтрах үйл явц дэлхийн дунджаас 1.5, АНУ-аас 50 дахин хурдтай өрнөж буй юм. Гэхдээ бүс нутгаар нь авч үзвэл эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх шилжилт хөдөлгөөн төдий л эрчтэй биш байгаа нь ирэх 10 жилд хотжилт улам тэлнэ гэх таамаг төрүүлж буй аж. Азийн хүн амын тэн хагас нь хотын оршин суугч бөгөөд 2050 онд гэхэд хотод амьдардаг хүмүүсийн тоо 3.3 тэрбумд хүрэх таамаг бий. Азийн хөгжлийн банкны хүрээлэнгээс хийсэн тооцоогоор энэ бүс нутагт өдөрт 127 мянган хүн хотод шилжин ирдэг аж. Харин Улаанбаатарын тухайд 2012 онд 317 мянган өрхийн 40.2 хувь нь орон сууц, 59.8 хувь нь гэр хороололд амьдарч байсан бол 2017 онд буюу таван жилийн дотор 386 мянган өрх болж нэмэгджээ. Харин орон сууцанд амьдардаг өрх 44.3 хувийг нь эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 70 мянган өрх өнгөрсөн таван жилийн хугацаанд нийслэлд нэмэгдсэн байна. Гэвч хотууд энэ их өсөлт, шилжилт хөдөлгөөнийг зөв удирдахын тулд шилжин ирэгсдийг орон сууцаар хангах зайлшгүй шаардлагатай. Ойрын жилүүдэд орлогын өсөлт, хотжилтыг даган азийн дундаж давхарга эрчимтэй өсөн тэлэх хандлагатайг олон улсын тинк танкуудын тооцооноос харж болно.

Азид хотжилт дэлхийн дунджаас 1.5, АНУ-аас 50 дахин хурдтай өрнөж байна

Дэлхийн хэмжээнд авч үзвэл 2030 он гэхэд дундаж давхарга гурван тэрбумаар нэмэгдэж таван тэрбумд хүрэх ч хот суурин газрын амьжиргаа доогуур иргэдийн тоо 863 сая болж нэмэгдэнэ гэсэн тооцоог Дэлхийн банк хийжээ. Үүнийг орон сууцны эрэлт талаас нь харвал 2030 он хүртэл өдөрт 96 мянга гаруй орон сууц зах зээлд нийлүүлж байж дээрх хүмүүсийг орон байраар хангана. Гэвч энэ бүхнийг санхүүжүүлэх эх үүсвэрийн эрэлд Ази даяараа гарч, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид шийдэл хайж байна. McKinsey хүрээлэнгийн хийсэн тооцоогоор одоогийн стандартын шаардлага хангахгүй амины сууцуудыг чанартай орон сууцаар хангахад зөвхөн барилгын зардалд 9-11 их наяд, газрын үнэд 19 их наяд ам.доллар шаардлагатай юм. Хэдийгээр энэ бүхнийг улс орнуудад, ялангуяа хотжилт хамгийн хурдтай явагдаж буй Азид төсвийн татаас болон хоёрдогч зах зээлд орон сууцаар баталгаажсан үнэт цаас гаргах замаар шийдэж ирсэн ч нэмэлт эх үүсвэрүүд бүр ч хэрэгтэй болох нь. Улс орнуудын ипотекийн зээлийн зах зээлийн хөгжлийг илтгэх чухал хэмжүүрийн нэг нь ДНБ-д эзлэх ипотекийн зах зээлийн хувь байдаг. 2016 оны байдлаар азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны гишүүн улс орнуудын ипотекийн зах зээлийн хэмжээ дунджаар ДНБ-ний 18.2 хувийг эзэлж байна. Монгол улсын хувьд 13.9 хувь байгаа нь ипотекийн зээл олголтыг өсгөх шаардлага буйг илтгэж байна. Хүн амын насны бүтцийг харахад ч ирэх 5-10 жилд ипотекийн зээлийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр, шилжилт хөдөлгөөн эрчимтэй тэлж буй шалтгаан нь ядуурал хэмээн Азийн хөгжлийн банкны судалгааны хүрээлэн үзжээ. 1990-2000 онд нэг хүнд ногдох орлогын өсөлт зургаан хувь байсан нь энэ бүс нутагт баян, ядуугийн зааг ялгаа улам нэмэгдсэнийг харуулж буй юм. Тиймээс бүс нутгийн бага, дунд орлоготой иргэдийн дийлэнхэд албан ёсны санхүүгийн хүртээмж болон орон сууцны санхүүжилтийн урьдчилсан нөхцлийг хангах хүртээмж туйлын дутмаг байгаа нь моргейжийн зах зээлд тулгарч буй нэг сорилт юм. Улаанбаатар хотод ч гэсэн гэр хороололд амьдарч буй иргэдийн сарын дундаж орлого нь 400-600 мянган төгрөг бөгөөд үүнд нийцсэн орон сууц болон зээлийн бүтээгдэхүүн үгүйлэгдэж буй. Мөн орон сууцны өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой, тасралтгүй явуулах шаардлагатай. Тиймээс газар зохион байгуулалт, барилгын компаниуд чөлөөтэй өрсөлдөх орчныг бүрдүүлэх, өртгийг бууруулах замаар санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газруудын тулгарч буй сорилт болж буйг Азийн хөгжлийн банк тэмдэглэжээ. Мөн бага, дунд орлоготой иргэдэд орон сууцны хүртээмжийг сайжруулахын тулд зээлийн шалгуурыг уян хатан болгох зэрэг нь Баруун Европ, АНУ-д тулгарч, тэдгээрийг ч даван туулж байсан. Харин өдгөө азийнханд тулгарч буй сорилт юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Хаяа дэрлэсэн өмнөд хөрштэй цалингаар өрсөлдөх бядтай улс байхгүй болно

 0 сэтгэгдэл


Дэлхийн хөгжлийн луужин болсон Азийн хүн ам хөгширч байна. Маш хурдтай. Хачирхалтай нь тэдний байр суурь хөдөлмөрийн зах зээл дээр нөлөөтэй хэвээр. Тэд улс орны хөгжлийн загвар, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн тэнцүү түвшинд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг зураглаж буй НҮБ-ын дээвэр дор нэгдсэн мэргэжлийн байгууллага, зах зээлийн шинжээчид онцлох боллоо. Азийн өсөлт, хөгжлийн алтан үеийг цогцлоосон тэдний өдрөөс өдөрт томорч буй хоосон орон зайг нөхөх боловсон хүчний эрэлт ирээдүйд улам нэмэгдэнэ. Нөгөө талаар, тэднийг асарч тойглох эрүүл мэндийн ажилтнууд хамгийн өндөр эрэлттэй байх нь. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн хоёрт нь ажиллаж, амьдрахад хамгийн таатай үе ирээд буйд баярлахаас аргагүй. Олон нийтийн сүлжээгээр Японд нөхцөл сайтай ажлын байранд, бүр тодорхой хэлбэл, автомашин үйлдвэрлэгч болон технологийн томоохон компаниудад үндсэн ажилтан авна гэсэн зар сүүлийн үед олширлоо.

Мэдээлэл технологийн болон цахилгааны, нарийн мэргэжлийн инженерүүдийг үндсэн ажилтнаар авч, гэр бүлтэй нь ажиллуулна гэсэн зар дадлагажигчийн ажлын байрныхаас олон болж буйг Японд ажиллах хүч зуучилдаг компанийн төлөөлөл онцлов. Үндсэн ажилтан болбол цалин өндөр, нийгмийн хангамж сайн, ажлын байр баталгаатай, оршин суух зөвшөөрөл найдвартай, цаашлаад ирээдүй нь гэрэлтэй гэсэн үг. Энэ бол Япон компаниудын боловсон хүчний төлөөх өрсөлдөөн хот, мужаас хальж бусад улс орон, бүс нутагт ширүүхэн өрнөж буйг харуулж байна. Харин өнгөрсөн 30 жилд тус улсад ур чадвартай дадлагажигч ажилтны нийт ажиллах хүчинд эзлэх хувь 15-37 хувь болж өссөн байх юм. Японы хүний нөөцийн мэргэжилтэн Тошиаки Мацумото “Япон компаниуд ажилчдаа хэзээ, хаана ажиллах тал дээр маш уян хатан болж байна” хэмээн Reuters агентлагт ярьжээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сард Toyota компани Токио хот дахь төв оффистоо ажилчдынхаа хаана ажиллах хүсэлтэй байгаа талаарх хариултыг нь 24 цагийн турш хүлээн авсан байна. Ажилчдаа зөвхөн цалин хангамжаар тогтоон барих нь хангалтгүй болж, байршил, ажлын цагийн уян хатан зохицуулалтад анхаарах болсон аж. Тус улсад энэ оны байдлаар нэг ажил горилогчид 1.62 ажлын байр ногдож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт сүүлийн 44 жилд хамгийн дээд цэгтээ хүрснийг хэвлэлүүд онцолж байна. Цаашдаа ч ажиллах хүчний дутагдал улам тэлэх нь тодорхой байгаа нь өдгөө дэлхий дахинд Японы тухай хамгийн түгээмэл сэдэв болоод буй. Ердөө хоёр жилийн дараа бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутагт ажиллах хүчний дутагдал 12.3 сая, 2030 онд 47 саяд хүрэх тооцоог удирдах түвшний ажилтнуудын оролцоотой хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалдаг Korn Ferry төв хийжээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ 16 хувиар давснаар цалингийн хэмжээг нэмэх нөхцөл бүрдэх аж.

Чадварлаг боловсон хүчнээ гадаадад олноор нь алдах эрсдэл ойрхон байна

Өөрөөр хэлбэл, 12 жилийн дараа дэлхий даяар 4.2 их наяд ам.долларын цалин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад бэлэн эргэлдэж байх нь. Ажилчдад ийм мөнгө амлах өндөр магадлалтай нь санхүү, бизнес, эрүүл мэндийн салбар. Боловсон хүчний хомсдолоос болж санхүү, бизнесийн салбарт үүсэх алдагдал жилд дунджаар 439.6 тэрбум ам.доллараар хэмжигдэх тооцоо бий. Эдгээр салбарт нийт эрэлтийн 10 орчим хувь эргэлдэх төлөвтэй. Түүнчлэн технологи, медиа, харилцаа холбооны салбарт 4.3 сая ажилтны хомсдол үүснэ гэж тооцоолж байна. Үндсэндээ Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс Азид ажиллах хүчний гол эрэлтийг бий болгох аж. Тухайлбал, Малайзад 2030 он гэхэд ажиллах хүчний дутагдлаас болж бизнест 93.4 сая ам.долларын алдагдал хүлээх төлөв бий. Мөн Сингапурт ур чадвартай ажилтны хомсдол нэг саяд хүрэх бөгөөд энэ нь жилд 106.8 тэрбум ам.долларын орлого олох боломжоо алдах эрсдэл юм.

Одоогоор тул улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол 61 хувь давж буй аж. Харин эрүүл мэндийн салбарт 2030 он гэхэд эрэлт 18 саяд хүрэх бөгөөд зөвхөн Зүүн өмнөд Азид дөрөвний нэг нь ногдож байна. Үүний дотор Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг Номхон далайн баруун эргийн хүчирхэг эдийн засгуудад 1.4 сая ажилтан дутагдалтай байх нь. Гэхдээ энэ бол хамгийн багаар тооцсон үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор 1000 хүн тутамд ногдох эмч, сувилагчийн тоо Хятадад 3.9, Японд найм, Өмнөд Солонгост 7.8 шаардлагатай аж. Хэдийгээр Азид технологийн хөгжлийн ачаар эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ч ур чадвартай ажилтнуудын нийлүүлэлт хүн амын өсөн нэмэгдэж буй хөгшрөлтийн хурд, төрөлтийн эрчтэй сааралтыг гүйцэхгүй байна. Тиймээс ч эрүүл мэндийн салбарт хүний нөөц татах замаар дээрх тулгамдсан асуудлаа шийдэх бодлого баримталж буйг Forbes онцолсон юм. Ялангуяа, хаяа дэрлэсэн өмнөд хөршийг ирээдүйд цалингаар гүйцэх зах зээл үгүй аж.

Шинжлэх ухаан, технологийн салбартаа Нобелийн шагналтнуудыг мөнгөөр “зодож” татаж буй тус улс 2030 он гэхэд АНУ, Японы дараа хамгийн өндөр цалин хангамжтай улс болно гэдгийг Korn Ferry төвийн бизнесийн удирдах албан тушаалтнуудын санал асуулга харуулж буй аж. ОУВС ч Хятадын хэт давуу байдал болох хямд ажиллах хүчний нийлүүлэлт 2025 он гэхэд үндсэндээ төгсгөл болно. Ингэснээр өдгөө ДНБ-ээсээ илүү хурдацтай өсөж буй цалингийн хэмжээ улам нэмэгдэж, Индонез, Филиппиний түвшнээс өндөр тогтоно гэж дүгнэжээ. Энэ бүхнийг онцолж буй шалтгаан нь хэрэв монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж, дутагдах гачигдахын зовлонгүй амьдрах бололцоо олгохгүй бол алсдаа эмчээс эхлээд нарийн мэргэжилтнүүдээ гаднын орнуудад олноор нь алдах эрсдэл ойрхон байна. Яг л өнөөдөр гаднынхан мэдээлэл технологийн инженерүүдийг нөхцөл сайтай ажлын байраар татаж, дотоодын өрсөлдөх чадварыг бууруулж буйтай адил. Азийн ажиллах хүчний их урсгал дунд нэг ч гэсэн монгол хүн амьдрал ахуйгаа өөд татах нь сайшаалтай ч улс орны хэмжээнд харвал дотоодын хөдөлмөрийн зах зээл эзэнгүйдэх, тамирдах тавилан ирэхгүй гэх баталгаа алга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хиймэл оюун ухаанд хаягласан тэрбум $-ын санаачилга

 0 сэтгэгдэл


Массачусетсын технологийн их Сургууль (МТИС) компьютер тооцоолол, хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлав. МТИС нь хувийн шууд хөрөнгө оруулалтын Blackstone группийг үндэслэгчийн нэг, гүйцэтгэх захирал Стивен Шварцманаас хандивлаж буй 350 сая ам.долларт түшиглэн дээрх технологийн тэнхимийнхээ хүчин чадлыг бараг хоёр дахин өсгөх юм. Уг санаачилга АНУ-ын их сургуулиудын хувьд компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарт оруулж буй хамгийн аварга хөрөнгө оруулалт болно хэмээн МТИС тайлбарлалаа. Мөн тус их сургууль хиймэл оюуны салбарт анх судалгаа өрнүүлж эхэлсэн 1950-иад оноос хойших хамгийн том бүтцийн өөрчлөлт болох юм. Бостоны хаяанд орших МТИС-ийн Кэмбриж кампуст 2022 онд ашиглалт орох өвөрмөц шинэ барилгад шварцманы тооцооллын коллеж байрлана. Коллежид ажиллах 50 багш судлаачдын томоохон урсгал үүсгэнэ хэмээн их сургууль тооцоолж байжээ. “Бид МТИС-ийн нүүр царайг шинэчилж байгаа” хэмээн тус их сургуулийн ерөнхийлөгч Рафаэль Рэйф мэдэгдэв.

“Шварцманы коллеж нь тооцооллын судалгаа, боловсрол хоёрын дэлхийн төв, хиймэл оюуны шинэ хэрэглүүр бүтээх уран дархны газар байх болно” гэж тэрбээр онцоллоо. Мөн оюутан, судлаач нарыг эдийн засаг, хэл шинжлэл, хот шинжлэл зэрэг бусад ухаанд сургаж, үйл ажиллагаандаа компьютер тооцоолол, хиймэл оюун ашиглах чадвартай болгох аж. Коллежийн зорилго нь “Компьютер тооцоолол, хиймэл оюун гэсэн хоёр хэлээр чөлөөтэй нэвтрэлцдэг хүмүүс бэлтгэх” явдал хэмээн МТИС-ын проректор Мартин Шмит тайлбарлав. “Технологийн инновацаар дэлхийд тэргүүлэгчийн нэгийн хувьд МТИС хиймэл оюуны салбарт хариу нь нэн даруй шаардлагатай олон асуултын чиг баримжааг заагчийн үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн ноён Шварцман өгүүллээ. Уг санаачилга нь АНУ-ыг ирээдүйд чиглэсэн, хувьсгалч технологид манлайлагч байлгахын тулд хиймэл оюуны салбарт асар их хөрөнгө оруулахыг засгийн газарт уриална хэмээн найдаж буйгаа тэрбээр өгүүлэв. Ноён Шварцманы 350 сая ам.долларын санхүүжилтээс гадна бусад донор 300 сая ам.доллар хандивлахаа ам.долларыг амлаад байна.

Зорилтот нэг тэрбум ам.долларын санхүүжилтэд дутагдаж буй үлдсэн 350 сая МТИС бусад эх үүсвэрээс хайна. Энэ оны хоёрдугаар сард тус их сургууль хиймэл оюуны судалгаа төдийгүй боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй MIT Quest for Intelligence хөтөлбөр зарласан юм. Технологийн үйлдвэрлэл эрхлэгчид компьютер тооцоолол, хиймэл оюуны салбарын чадварлаг эрдэмтэн, инженерүүдийг их сургуулиудаас салган компанийн судалгаанд урвуулах аюул нүүрлэсэн үед МТИС-ийн дээрх хоёр санаачилга эрдмийн судалгааг дэмжихэд чиглэжээ. Үүний зэрэгцээ МТИС нь эрдэмтэн судлаачдыг их сургууль, болон Бостоны бүсийн судалгааны төвүүд дэх нарийн технологийн компанид зэрэг ажиллах боломж олгохоор чармайж байна. МТИС-д зориулсан 350 сая ам.долларын хандив нь 12.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ноён Шварцманы хувьд хамгийн том филантроп бэлэг нь юм. Тэрбээр 2015 онд Йелийн их Сургуульд оюутны болон соёлын төв барихад зориулан 150 сая ам.доллар хандивласан. Мөн 2013 онд Хятадын Чинхуа их Сургуулийн олон улсын тэтгэлгийн хөтөлбөрт 100 сая ам.доллар бэлэг болгож байсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуулийн дагуу ажиллаж байхад хэн ч дарамт үзүүлж чадахгүй байх

Цагдаагийн мөрдөгч болно гэж бодож байгаагүй

 0 сэтгэгдэл


Цагдаагийн байгууллага шилдэг мөрдөгчдийг шалгаруулж эхэлснээс хойш 25 жил өнгөрчээ. Өнөө жилийн тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болоход Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч М.Батсайхан түрүүлсэн юм. Цагдаагийн албаны шилдэг залуу боловсон хүчний төлөөлөл болж буй түүнтэй ярилцлаа. Тэрбээр түрүүлсэн тэмцээнээс гадна мөрдөгчийн ажлын зовлон жаргал, ажлын ачаалал болон цалин хангамжийн талаар өгүүлсэн юм.

-Шилдэг мөрдөгч шалгаруулах уралдааны энэ жилийн ялагч нь болжээ. Энэ уралдааны талаар ярилцлагаа эхлэх үү?

-“Шилдэг мөрдөгч 2018” тэмцээн өнгөрсөн есдүгээр сард болсон. Энэ жил 25 дахь удаагаа зохиогдсон юм. Тэмцээний тухайд хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг шалгах, сэтгэн бодох чадвар сорих, бие бялдрын сорилт болон буудлага үйлдэх гээд олон төрөлтэй. Мөн гэмт хэргийн бодлого бодуулж, төлөвлөгөө боловсруулна. Би 2016 онд анх орсон ч амжилт үзүүлж чадаагүй. Харин энэ жил хууль эрх зүйн мэдлэгийн сорилууд дээр өндөр оноо авсан нь түрүүлэх гол шалтгаан болсон. Мөрдөн байцаах алба 2018 оны гуравдугаар сараас эхлэн нийт мөрдөгч нараас хууль эрх зүйн мэдлэгийн шалгалтыг сар бүр авдаг болсон юм. Эдгээр шалгалт өөрийгөө сайжруулахад хамгийн гол нөлөө үзүүлсэн болов уу.

-Мөрдөгчөөр ажиллаад хэр удаж байна вэ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Миний хувьд цагдаагийн мөрдөгч болно гэж бодож байгаагүй. Арван жилээ төгссөний дараа хэд хэдэн сургуульд конкурс өгч байгаад 2010 онд Цагдаагийн академид элсэн орсон юм. Манай хамаатан садны дунд цагдаагийн байгууллагад ажилладаг хүн байхгүй. Тиймээс энэ ажлын талаарх ойлголт төдийлэн сайн байгаагүй. Цагдаагийн сургуульд суралцсан дөрвөн жилийн хугацаанд багагүй зүйлийг мэдэж авсан. Мөн дадлага хийх явцдаа цагдаагийн алба гэж юу юм, ямар зарчмаар ажилладаг вэ гэсэн тодорхой мэдлэгтэй болсон л доо. 2014 онд сургуулиа төгсөөд эрх зүйч мэргэжлээр бакалаврын диплом болон цагдаагийн дэслэгч цолоо гардан авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн юм. Харин энэ оны гуравдугаар сараас Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчөөр томилогдон ажиллаж байна. Ер нь сургууль болгон төгсөх курстээ уртын дадлага хийдэг дээ. Энэ үед эрүүгийн цагдаагийн алба болон мөрдөн байцаах албаны алба хаагч нарын удирдлаганд уртын дадлага хийсэн. Тэр үеэс л мөрдөн байцаагч болохоор шийдсэн юм.

-Дөнгөж төгсөөд ажлын байран дээр ороод ирлээ. Анх хэрэг даалгах үед мэдэхгүй, чадахгүй зүйл тохиолдож байв уу?

-Бид ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдож, цолоо аваад албан тушаал дээр очиж байгаа хүмүүс. Анх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд шалгаж эхэлсэн. Дөнгөж төгссөн учраас мэдэхгүй чадахгүй зүйл мэдээж гарна. Тиймээс бидэнд дадлага удирдагч сурган зааварлагч багш томилдог юм. Тухайн үед цагдаагийн ахмад Ч.Ганзориг миний багшаар томилогдож, би өөрийн хариуцаж буй хэрэг болгоныг хянуулж, зөвлөгөө авдаг байв.

-Энэ ажлыг хийж чадахгүй нь гэж шантрах үе байв уу?

-Шинэ албанд томилогдоод хэдэн сар ажиллахад хэргийн ачаалал ихсэж байсан энэ үед л шантарч байсан. Харин яваандаа ажилдаа зүгшрээд ажлын ачаалал дааж сурсан л даа.

-Мөрдөгчийн ажлын ачаалал хэр байна вэ. Нэг мөрдөгч ойролцоогоор хэдэн хэрэг хариуцаж байгаа бол?

-Ер нь мөрдөгч нарын ажлын ачаалал их байдаг.

-Мөрдөгчөөр ажиллаад дөрвөн жил болжээ. Хэрэг мөрдөн шалгах явцад тохиолдсон сонирхолтой, адармаатай явдлаас жишээ болгон ярьж болох уу?

-Ямар ч хэргийг шалгахдаа үнэнийг нь заавал олж тогтоохын төлөө ажилладаг. Нэг хэргийн араас орж, шалгаад явж байхад бүх зүйл үнэн бодитоороо гарч, зөв зүйтэй шийдэгдэхийг харах сайхан байдаг юм.

-Энэ дундаас санаанд тод, нэлээд удаан ноцолдож байж учрыг нь олсон хэргээс дурдвал?

-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ажиллаж байхдаа өмчлөх эрхийн эсрэг хэд хэдэн гэмт хэргийг нэлээн удаан хугацаанд шалгаж шийдвэрлэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж байсан даа. хэргийн нарийн ширийнийг хамаагүй ярьж болохгүй байх.

• Хууль эрх зүйн мэдлэгийн сорилууд дээр өндөр оноо авсан нь шилдэг мөрдөгч шалгаруулах тэмцээнд түрүүлэх гол шалтгаан болсон.

• Бүх зүйл үнэн бодитоороо гарч, зөв зүйтэй шийдэгдэхийг харах сайхан байдаг.

• Цалин хүрэлцэх, эсэх нь хүн бүрийн хэрэглээнээс хамаарах байх.

-Мөрдөн байцаагчид хэргийг шийдэхгүй хэтэрхий удааж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Энэ юутай холбоотой бол?

-Янз бүрийн л шалтгаан бай даг байх. Мэдээж ажлын ачаалал хамгийн гол шалтгаан. Тиймээс зарим нэг хүний хэргийг шийдэлгүй удаашруулах тохиолдол гардаг л байх. Нөгөөтэйгүүр мөрдөгчийн ур чадвар нөлөөлдөг болов уу. Тогтоосон хугацаанд хуулийн дагуу шийдвэрлээд өгвөл хэл ам гарахгүй шүү дээ.

-Манай мөрдөгчид хуучин социализмын үеийн арга барилаасаа одоо болтол салаагүй гэж шүүмжилдэг. Өөрөө залуу үеийн төлөөлөл болон ажиллаж байгаа хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Манай мөрдөгчид хуульд заасан эрх үүргийнхээ хэмжээнд ажиллаж байгаа гэж боддог.

-Гэр бүлтэй болж амжсан уу. Ер нь мөрдөгчийн гэр бүлийн амьдрал ямархуу байдаг бол?

-Би эхнэр, хүүхэд, ээжтэйгээ амьдардаг. Сургуулиа төгссөний дараа эхний хоёр жил ёстой л цаг наргүй ажилладаг байлаа. Сүүлдээ дадлага туршлага хуримтлуулаад ирэхээр ажлаа хурдан хийж, гэрийнхэндээ цаг зав гаргах боломж бүрдсэн. Ажлаа зөв төлөвлөж, хийх ёстой юмаа цаг тухайд нь хийгээд явбал өдөржин шөнөжин гүйгээд байх шаардлагагүй шүү дээ. Хувь хүнээс л шалтгаалж байгаа юм. Манай эхнэр, гэр бүлийнхэн маань миний ажлыг маш сайн ойлгож, дэмждэг юм.

-Ганц төлөг хулгайлсан хүн торны цаана олон жил сууж байхад олон тэрбумын хэрэгтэй нөхдүүд хөнгөн ял аваад байна гэх яриа бий. Мэдээж хэрэг болгон мөрдөн байцаагчийн гараар дамжиж байгаа. Хууль тэгш үйлчлэх заалт хаанаа гажуудаад байна вэ?

-Бидний зүгээс мөрдөн байцаалтын явцад яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, хэргийг тал бүрээс шуурхай, бодитой шалгаж прокурорт шилжүүлнэ. Үүнийг прокурор хүлээн авч хянаад гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна гэж үзвэл шүүхэд шилжүүлдэг. Шүүхээс хуульд заасны дагуу шүүх хурлыг товлож хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар гэмт хэрэг гарсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдвол хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. Үүний нэгэн адил миний ажиллаж байгаа байгууллагын зүгээс хуульд заасны дагуу тухайн хэргийг шалгаж, гэмт хэрэг мөн, бишийг нь тогтоогоод шилжүүлдэг. Үүнээс цааш юу болдог, хэн нь буруутай вэ гэдэг дээр миний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөхөд хэцүү л дээ.

-Авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг шалгахад дээрээс дарамт шахалт ирдэг гэж ярьдаг. өөрт чинь ийм зүйл тохиолдож байв уу?

-Надад бол айхтар дарамт ирж байгаагүй. Яг л хуулийнхаа дагуу ажиллаж байгаа тохиолдолд ямар ч хүн дарамт шахалт үзүүлж чадахгүй байх гэж боддог.

-Өөр шиг чинь ийм бодолтой мөрдөгч аль болох олон байгаасай гэж хүсэж байна.

-Баярлалаа.

-Цагдаагийн алба хаагчид авлигад өртөхгүйн тулд цалин хангамж, нөхцөл нь сайн байх ёстой. Харин өөрийн чинь хувьд хөрөнгө мөнгөний тал дээр бусдаас хараат болохгүй, өөрийн цалингаар гэр бүлээ асуудалгүй аваад явчих боломж байна уу?

-Цалин хүрэлцэх, эсэх нь хүн бүрийн хэрэглээнээс хамаарах байх. Миний хувьд гэр бүлээ тэжээгээд явчих хэмжээний цалин авдаг гэж боддог. Ажилласан жил, авсан цолноосоо шалтгаалаад цалин хөлс цаашид нэмэгдэх байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сумдын тоог цөөлж, төсвийн нурууг тэнийлгэе

969 хүнтэй суманд спортын талбай байгуулахад 92 сая төгрөг зарцуулдаг

 0 сэтгэгдэл


Орон нутгийн хөрөнгө оруулалт их наядаар тоологдох хэмжээнд хүрлээ. Хүн амын тархмал байдлаас болж татвар төлөгчдийн хөрөнгө жил ирэх тусам үр ашиггүй зүйлд улам их зарцуулагдах болсон нь эндээс шууд харагдана. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр 1996 онд Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдарч байсан бол нийслэлийг чиглэсэн шилжих хөдөлгөөнөөр сумдад амьдрах хүн амын тоо эрс буурсан. Орон нутгийн хүн амын тоо 2000 онд нийт хүн амын 44 хувь байсан бол 2013 гэхэд 31 хувь болтлоо эрс буурчээ. Сүүлийн 10 жилд гэхэд нийслэлд албан ёсоор шилжин ирэгсдийн тоо 490 мянгаар нэмэгдэж, 2.14 саяд хүрлээ. Үүн дээр сумдаас ажил хайж, амьдрал бараадаж ирэгсдийг тооцвол нийт хүн амын 25 хүрэхгүй хувь нь орон нутагт амьдарч буй. Ийм байхад төсвийн дийлэнхийг орон нутаг, тэр тусмаа сумыг сөнөөчихгүйн тулд хуваарилж буйг шог гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ. Монгол улсын 330 сумын ихэнхийг үнэндээ оросууд л түүхий эдийн бааз сууриа бэхжүүлэхийн тулд байгуулсан. Түүнээс бус нүүдэлчдийн түүхтэй холбоотой суурин газар цөөхөн юм. Харин жалга довны үзэлд “Тархиа базуулсан” бид ЗХУ-ын үеийн хүлээсийг тайлж чадалгүй өдий хүрсэн.

Одоо үүнийг залруулахгүй бол олон зуун тэрбум төгрөг үр дүнгүй зүйлд зарцуулагдаж, хөгжлийн чөдөр тушаа болсоор байна. Хэдэн жишээ дурдахад л татвар төлөгчдийн мөнгө тойрог нэртэй УИХ-ын гишүүдийн “Усалгааны талбай”, сум нэртэй хэдхэн хүний хэрэгцээнд зарцуулагдаж байгаа нь тодорхой харагдана. Тухайлбал, Завхан аймгийн Асгат гэж сум байх. тэнд Статистикийн хорооны 2017 оны тооллогоор 969 хүн амьдарч байгаа аж. Мянга хүрэхгүй хүн амтай сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагааг “гал алдуулахгүй” барьж байхын тулд 10 мянга гаруй оршин суугч бүхий сумтай ижил зардал гаргаж буй. Дээр нь нэмээд жилийн жилд хэрэгтэй, хэрэггүй зүйлд ч төсвийн мөнгийг цацсаар байгаа. 2019 онд дээрх Асгат суманд нийтийн спортын талбай байгуулахаар 92 сая төгрөг төсөвлөжээ. Мөн 1397 хүнтэй өмнөговь аймгийн Ноён суманд эмнэлгийн барилга барихаар нэг тэрбум төгрөг зарцуулахаар болсон.үүнээс гадна төсвийн хөрөнгийг судалгаагүй зарцуулдаг байдал ч хаа сайгүй хэвшил болж эхэллээ. 1985 хүн амтай хэнтийн Цэнхэрмандал суманд цэцэрлэгийн барилгыг 1,9 тэрбум төгрөгөөр барихаар болжээ. Гэтэл Цэнхэрмандал сумын хүн амын төрөлтийн ерөнхий коэффициент ҮСХ-ны судалгаагаар сүүлийн таван жилд огцом буурч, 17 хувьд хүрчихээд байхад шинээр цэцэрлэг барих ёстой гэсэн сэтгэлгээгээр мөнгө үрж байна.

Хүн ам багатай сумдын захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн шинэ барилга хийгээд урсгал зардалд энэ мэтчилэн мөнгө цацдагийг нэг бүрчлэн дүгнэвэл сонины хэдэн хуудас дүүрэхээр байна. Монгол улсын хэмжээнд хоёр мянга хүрэхгүй хүн амтай 45 сум байгаа бол гурван мянга хүрэхгүй хүн амтай 100 сум бий. Хүн ам харьцангуй бага эдгээр засаг захиргааны нэгжийг тэжээхийн тулд УИХ-ын гишүүд төсвийг “хорлож” байгаа нь шударга бус. Цаад утгаараа татвар төлөгчдийг хорлож байгаа хэлбэр юм. Тиймээс гурван мянган хүнтэй суурин газарт сумын статус олгодог болчихвол 145 сум хасагдаж тэр хэрээр төсвийн хөрөнгө хэмнэгдэх боломж нээгдэхээр байгааг эрхэм түшээд эртхэн ухамсарлах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, эдгээр суманд зарцуулж байсан төсвийн хөрөнгийг үлдсэн 158 суманд зарцуулсан шиг зарцуулж, тохижуулсан шиг тохижуулаад үйлдвэрлэл, үйлчилгээг сайжируулчих юм бол хүссэн, хүсээгүй хасагдсан сумын иргэд татагдан очно шүү дээ. Төр өдий хүртэл зоригтой алхам хийж чадахгүй байгаагаас томоохон суурингууд хөгжлийн гацаанаас гарахгүй байна. Төр ч юу байхав улсын хөгжилд ташуур өгөх ёстой үе үеийн УИХ-ын гишүүдийн аминчхан бодол, довоо шарлуулдаг шунал чөдөр тушаа болсоор. Үндсэн хуулиар засаг захиргааны нэгжийн шинэ хуваарилалт хийх эрхийг УИХ-д олгосон.

• Уул уурхай хөгжиж буй Ханбогд, Цогтцэций сумын хүн ам гурав дахин нэмэгджээ.

• УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд амь бие хайрлахгүй зүтгэх тангарагтай болохоос тойргоо тойглоно гэж ам гараагүй байх.

• Монгол Улсын хэмжээнд хоёр мянга хүрэхгүй хүн амтай сум 45, гурван мянга хүрээгүй хүн амтай сум 100 байна.

УИХ-ын гишүүдийн 39 нь л үүнийг зориглоод хийчих юм бол ирээдүйд үнэлэгдэх гавъяа байгууллаа гэсэн үг. Энэ парламентад ийм боломж ч бий. Нийслэлээс сонгогдсон 28 гишүүн дээр 11 хүн иргэний зориг гаргачихвал улсын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр болох санж. УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэхийн тулд амь бие хайрлахгүй зүтгэх тангарагтай болохоос биш тойргоо тойглоно гэж ам гараагүй байх. Нүдэн дээр нь сум орон нь эзгүйрч, хүн амьдрах хүсэлгүй байгааг илтгэсээр байтал өнөө маргаашийн будаг, шавраар өөрсдийгөө хуурч байгааг гишүүд мэдэрч л байгаа. Ирээдүй тэдний өмнөөс харамсаад барахгүй гэдгийг ч бас мэддэг байх. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дүүргүүдийн хүн ам өсч, аймгийн статустай болгох нөхцөл, шаардлага тулгарсан гэж үздэг. Яг үүний адил сумдыг хүн амын тоогоор нь статус тогтоож, хүрэхгүйг нь татан буулгаж яагаад болохгүй гэж. Дургүйд хүчгүйн үлгэр л энд үйлчилж байна. Орон нутаг дахь хүн амын шилжилт хөдөлгөөнд хийсэн судалгаагаар уул уурхай түшиглэсэн, ажлын байр бий болгосон сумдын хүн амын тоо огцом өссөн үзүүлэлт бий. Арван жилийн өмнө гурван мянга хүрэхгүй оршин суугчтай байсан Өмнөговийн Ханбогдод 6.9 мянга, Цогтцэций суманд 7.4 мянган хүн албан ёсоор бүртгүүлжээ. Түүнийг дагаад хүнс, бараа бүтээгдэхүүний жижиг, дунд үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжсөн. Энэ нь сумдын хүн ам өсөхөөр тухайн орон нутгийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг тодорхой харуулж байгаа юм. Үнэхээр л бид хөгжихийг хүсч байгаа бол төсөв хөрөнгөө зөв, оновчтой зарцуулдаг болох учиртай. Суурин, баг болгоны тоогоор мөнгө төсөвлөөд байх аваас энэхүү “хөрөнгө оруулалт” ямар ч үр дүнгүй, элс рүү асгасан ус лугаа ор, мөргүй болно гэдгийг эрхэм гишүүд ойлгодог баймаар юм.