A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1394/

“Айргийн өв соёл Монголын нүүр царай болох бүрэн боломжтой”

Уламжлалт аргаар бүрсэн айргийг европ технологитой хослуулна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1394/


“Магадгүй 5-10 жилийн өмнө байсан бол уламжлалт аргаар исгэсэн айргийг үндэсний зоогтой хослуулсан үйлчилгээ үзүүлэхэд хүнд байх байлаа. Өдгөө зам тээвэр, харилцаа холбоо хөгжиж, малчдаас айраг татахад илүү хялбар болсон. Малчид өөрсдөө ч авчраад өгч байгаа нь өмнөх жилүүдийг бодвол үсрэнгүй хөгжил юм” хэмээн “Хөх-үүр” старт-ап рестораны захирал Г.Чойжамц ярилаа. Зөвхөн Монголдоо, Монголыг зорин ирж хүртэх айраг Европ маягийн дотоодын нийтийн хоолны салбарын отгон бүтээгдэхүүн болоод удаагүй байна. Үндэсний зоог гүнцэгт хамгийн хүндтэй байр эзэлдэг айргийг нийтийн зоогийн хэрэглээнд түгээхээр зорьж буй Г.Чойжамцыг “Хүмүүс” буландаа энэ удаа урьж, ярилцлаа. Албан ёсны хоёр дахь салбараа нээгээд долоо ч хоноогүй байхад нь түүнтэй уулзахаар рестораныг нь зорив. Орчин үеийн минималист интерьерийг үндэсний хэв маягтай хослуулсан саруулхан танхим биднийг угтлаа. Харин VIP өрөөнд нь хултай айраг, тавгийн идээтэй явган ширээг тойруулан олбог дэвссэн байх агаад хоймортоо хөхүүр залж, дөрвөн ханаа тэр чигт нь цэлийсэн хээр тал, нуурын толийсон мандал, сүрлэг уулсын томоо гэгч зургаар чимж, ногоон зүлэг дэвссэн байв.

“ХӨХҮҮРТ ИССЭН" МӨРӨӨДӨЛ

Г.Чойжамц Монголын хамгийн сайхан айрагтай нутаг болох Булган аймгийн Сайхан сумын хүү. “Хөх-үүр”-ийг нээх тухай бодол хэзээнээс “иссэн” талаар бидний яриа эхэллээ. Тэрбээр оюутан болж, Улаанбаатарт ирээд айргаа их санадаг байснаа дурсаж, “Наранд биеэ борлуулж, айраг ууж зуныг өнгөрүүлдөг байсан бидэнд айраггүй байх маш хэцүү. Айрагны хүчээр л дархлаагаа дэмжиж, өвөл барагтай бол ханиад, томуу хүрдэггүй байлаа” хэмээв. Гэвч нэгэнт хот хэмээх их хөлийн газар гишгэсэн тул зуныхаа амралтаар тэр бүр нутагтаа очих зав зай олдохгүй. Тиймээс аргагүй эрхэнд урт цагаан болон энд тэндэхийн гудамжинд зассан айраг зардаг асрыг зорьдог байж. “Тэр үед л тухтай суугаад айраг уучих ресторан яагаад байдаггүй юм бол гэсэн бодол төрсөн. Бодол маань мөрөөдөл болж хувирсан. Мөрөөдлөө тээж явсаар өнгөрсөн жил л биелүүлэх тохиол бүрдэж, Хөх-үүр ресторанаа нээсэн” гэлээ. Тэрбээр энэ санаагаа олон хүнд хэлж, бизнесийн хамтрагч хайсан ч ихэнхдээ “бүтэхгүй” гэдэг хариулт сонсож, гэрийнхэн нь ч эсэргүүцэж байж. Гэхдээ оюутан ахуй цагаасаа садан төрөл, нутаг усныхныхаа айргийг хотод зарж өгдөг байсан тэрбээр нийслэлчүүдэд сайхан айраг ховрын бараа, малчдад ч нийслэл бол том зах зээл гэдгийг мэдэж байлаа.

Айргийн хэрэглээ нэмэгдсэнээр малчдын орлого өсөх боломжтой

Тиймээс хүмүүсийг гудамжны асарт бус эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчинд айраг уух боломж бүрдүүлье гэсэн мөрөөдлөө орхисонгүй. “Мөрөөдлөө биелүүлэхэд Төртогтох найз минь хамгийн том түлхэц болсон. Найз маань манай нутгаар аялж, айраг ууж, дэмбээ сурсан. Энэ ахуй соёл их таалагдсан учраас “Хөх-үүр”-ийг байгуулахад санаа нийлж, анхны хөрөнгө оруулалт болох 15 сая төгрөгийг хоёулаа нийлж босгож байсан юм. Гэрийнхнийхээ эсэргүүцлийг ч үл тоож, арван жил бодолдоо хадгалсан мөрөөдлөө биелүүлж эхэлсэн. Бүр ээжийгээ ажлаас нь гаргаж, тогоочоор ажиллуулсан” хэмээн өгүүлэв. “Хөх-үүр” рестораны анхны хөрөнгө оруулалт одоо хэд дахин нугарсан. Баяр, ёслол олонтой сард эргэлтийн хөрөнгө нь 100 сая төгрөгт хүрдэг болжээ. Анх 2017 оны наймдугаар сард ресторанаа 30-40 хүний багтаамжтай нээж байсан бол өнгөрсөн хавар өргөтгөж, хэдхэн хоногийн өмнө дахиад нэг салбар нээснээр нэг дор 150 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай болоод байна. Г.Чойжамц мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, бас маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Гэвч айргийн хэрэглээг дэлгэрүүлж, нийтийн хоолны нэг чухал бүтээгдэхүүн болгох нь түүний жинхэнэ мөрөөдлийн ажил.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛЭЭ ЧАНАРТАЙ ХАНГАНА

Монголчуудын согтууруулах ундаа, жимсний шүүс, сүүний хэрэглээний статистик, зах зээлийн судалгаанууд түгээмэл бий. Гагцхүү дөрвөн сая адуутай Монгол жилд хэдий хэмжээний айраг уудаг тухай мэдээлэл байхгүй. Гэтэл ийм албан ёсны тоон мэдээлэлтэй болно гэдэг салан задгай хөдөө аж ахуйн салбартай манай орны хувьд том даваа. Одоогоор бараг боломжгүй мэт санагдах зүйл. Харин айргийг малчдаас нэгдсэн байдлаар татаж, нэмүү өртөг шингээж зах зээлд түгээж эхэлсэн тус ресторан нээгдсэн цагаасаа хойш нийт 26 тонн айраг борлуулсан бөгөөд 90 хувийг нь Булган аймгийн Сайхан, Могод сумаас хангажээ. Үлдсэнийг нь Дундговь, Архангай, Өвөрхангай аймгаас нийлүүлсэн байна. “Бид Монголд хамгийн сайхан айргаар үйлчилдэг газар байхыг зорьж байгаагаас биш заавал Булганы айраг борлуулахыг зориогүй. Гэхдээ л Булганых хамгийн сайн нь учраас нийлүүлэлтийн ихэнх хувийг эзэлдэг” гэв. Сайхан сумаас байнгын 10-15 нийлүүлэгчтэй бөгөөд Могодынх бүр олон аж. Цаашид рестораны үйл ажиллагаа сайжрахын хэрээр айраг нийлүүлэгчдийн тоо ч дагаад өснө. Ирэх онд 20 тонн айраг нэмж нөөцлөх бөгөөд хүргэлтийн хоолондоо айраг дагалдуулдаг болсноор айрагны борлуулалт энэ жилийнхээс 3-4 дахин нэмэгдэх тооцоо гарч буй аж. Ингэснээр малчид айргаа борлуулж, санхүүгийн эргэлтэд оруулах боломж тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцжээ. Тэрбээр “Задгайгаар худалдахад айрагнаас хорогдол их гардаг, зарагдахгүй удсанаас хатуурах зэрэг байнгын эрсдэл бий. Харин одоо бол энэ асуудлыг шийдвэрлэж эхэлсэн. Ядаж л айргаа өөрсдөө тээвэрлэж авчраад, борлуулахад зарцуулдаг цаг хугацаа, хөдөлмөрийг хөнгөвчилж байна. Цаашид дотоод зах зээлээ чанартай айргаар тогтвортой хангаж чадвал амьдрал ахуй нь бодитой сайжрах малчдын тоо нэмэгдэнэ гэж бид үздэг” гэв.

ЦАГАА ОЛСОН БИЗНЕС

Хөрөнгийн хангалттай эх үүсвэр, нарийн төлөвлөгөө, бизнесийн асар их туршлагын тусламжтай зах зээлүүдийг байлдан дагуулдаг франчайзингийн сүлжээ ресторануудтай бид одоохондоо өрсөлдөж чадахгүй. Гэхдээ гаднын шилдэг бүтээгдэхүүн, бизнесийг Монголд оруулж ирж, амжилттай явуулсан ч одоогийнх шиг урмын үг сонсохгүй байсан гэж тэрбээр итгэлтэй нь аргагүй хүүрнэв. “Монгол өв соёл, ахуй, хоол, айргаа нийтийн хэрэглээ болгохоор зорьж байгаа чинь бахархмаар сайхан байна. Битгий шантраарай” гэж хэлдэг үйлчлүүлэгчдээсээ би их урам зориг авдаг. Би Монгол өв соёлыг өвлүүлэхийг хүсдэг” гэв. Үндэсний хоол төдийгүй дээл хувцас, өв соёл буцаад сэргэж байна. Тиймээс ч зөв цаг хугацаанд зөв хөдөлж байгаа гэж боддогоо Булган нутгийн уугуул хүү ярилаа. Түүний хувьд “Модерн Номадс”, “Бродвэй” сүлжээ зэрэг үндэсний хоолоо түгээн дэлгэрүүлэгч ресторануудаас үлгэр жишээ авч, суралцаж явдаг аж. Гэхдээ уур амьсгал, цаг хугацааны шалгуурыг давж ирсэн уламжлалт зоог идээний боловсруулалтыг суурин амьдралын хэв маягт нийцүүлэх нь магадгүй өнөөгийн олон соёл зонхилсон нийтийн хоолны зах зээлийн үндэсний хэмээх тодотголтой тоглогчдын хувьд хийх ёстой хамгийн том ажил нь байх. Г.Чойжамц “Малынхаа араас явган эсвэл морьтой шогшдог байсан цагт өөх тостой мах, гурил идсэн ч сайн шингэдэг байсан. Гэтэл таргалалт ихсэж, хөдөлгөөн багассан энэ үед заавал монгол хоолоо идэх ёстой гээд муйхарлаад зүтгээд байж болохгүй. Айрагтай гагцхүү монгол хоол төгс зохицдог хэдий ч орчин үеийн амьдралын хэв маягт тохируулж өөрчлөхөөс өөр аргагүй. Хоолны технологи маш сайн хөгжсөн. гол нь хүний биед хэр зэрэг зохицож байгааг нь шинжлэх ухааны туршилтаар нотолж, тохирсон технологио олох л чухал байна” гэв. Тиймдээ ч ирэх жилүүдэд үндэсний хоол үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхээр эрд эмт эн судлаачид, туршлагатай тогооч, энгийн малчидтай хамтарч ажиллаж буй аж. Айраг бол зөвхөн Монголд л байдаг ундаа. Уламжлалт технологийн онцлогоос шалтгаалж айргийг гаднын зах зээлд гаргах боломж одоогоор алга. Харин айргаа орчин үеийн технологи, хэрэглээтэй уяснаар дотоодын зах зээлд энэ соёлыг түгээн дэлгэрүүлэх хангалттай орон зай байгаа. Цаашилбал, жуулчдыг татах хамгийн сонирхолтой ундаа, үндэсний брэнд болох бүрэн боломж буйд арван жил тээсэн мөрөөдлөө 15 сая төгрөгөөр “Хөх-үүр” болгосон Г.Чойжамц итгэж явна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуулийн цоорхой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хохироож байна

Хөдөлмөрийн насны ажил хийдэггүй 75 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий

 0 сэтгэгдэл


Ид хийж бүтээх насных ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэйн улмаас ажил хийж чаддаггүй 80 мянган хүн Монголд байна. Харин өнгөрсөн оны байдлаар тэдний 2500 нь ажил хайгчаар бүртгүүлж, ердөө 25 хувь нь ажилд зуучлуулан оржээ. Гэхдээ тэд ажилд орох гэж бүртгүүлээд хамгийн багадаа хагас жил хүлээдэг аж. Тиймээс зарим нь замаасаа шантардаг гэсэн судалгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд 25, түүнээс дээш ажилтантай бол түүний дөрөвт нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ажиллуулах ёстой. Гэвч энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлэх, шалгах механизм тун муу. Тиймээс аж ахуйн нэгжүүд дээрх хуулийг биелүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад хойрго хандсаар байна. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүйн төлбөрийг төлөөд явах сонирхол өндөр байдаг аж.

2018 оны байдлаар дээрх төлбөрийг 273 аж ахуйн нэгж, байгууллага төлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 969.1 сая төгрөг шилжүүлжээ. Уг нь тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх нийт 5230 шимтгэл төлөгч байгууллага Монгол Улсад бүртгэлтэй аж. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалт бүрэн хэрэгжсэн бол дор хаяж 15 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болох байсан. Шимтгэл төлж байгаа байгууллагаас төлбөр төлж буй шалтгааныг асуухад 50 орчим хувь нь “Хөгжлийн бэрхшээлтэй  иргэн ажилд орохоор хандаж байгаагүй” гэж хариулсан байна. Харин 26 хувь нь эдгээр иргэнд  ажиллах боломжтой ажлын байр байхгүй, 20 хувь нь ур чадвар шаардлагад нийцдэггүй гэжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг “Тухайн байгууллага хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь ажилчдынх нь тооноос хамаарна” хэмээн хэлэв. Ийнхүү ажилд орох гэсэн ч тэнцдэггүй, хайгаад ч олддоггүй гээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд гэр зуур байхаас өөр сонголт үлдсэнгүй. Харин тэдэнд улсаас сар бүр 174 мянган төгрөгийн тэтгэмж олгодог бол, улиралд нэг удаа асаргааны мөнгө гэж 78 мянгыг нэмж өгдөг аж. Тэгэхээр үүнээс өөр ямар ч орлогогүй тэд сард ердөө 200 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг гэсэн үг.

Харин ажил хийж буй 20 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж. Эрүүл мэнд, боловсрол, ус хангамжийн салбарт цөөн тооны хүмүүс ажилладгийг албаны хүн дурдсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв

Хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг хууль зөрчин өөрчилжээ

 0 сэтгэгдэл


Шилдэг татвар төлөгчдийн эхний хоёр байрыг жилийн жилд “булаацалдаж” төсвийн ачаанаас томоохон хувийг үүрэлцдэг “Оюутолгой” ХХК-д ажиллах хүсэлтэй залуусыг жагсаавал хэдэн зуун километр ч үргэлжилж мэдэх эрэлттэй байгууллага. Харин тэнд ажилладаг монгол ажилчдыг улстөрч биш хэрнээ орлого өндөртэй, тансаг хэрэглээтэй гэж олон нийт андуурах нь бий. Бүр “байр аваад амьдардаггүй, машин аваад унадаггүй” гэж шоглодог болсон. Жилийн гуравны нэгийг гэр бүлээсээ хол, уурхайн хуаранд “ажлын мал” болж өнгөрөөдөг тэдний хувьд эрүүл мэндээ зольж авдаг цалин нь амьдралын баталгаа болдог ч, аз жаргалыг мэдрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын хуулиар газар дор хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг хүн 7-10 жил ажиллаад л тэтгэвэрт гарах учиртай. Өөрөөр хэлбэл, уурхайчин хүн амьдралаа эхэлж, анхны хүүхдээ өлгийдсөнөөс хойш сургуульд орох хүртэл нь л энэ хүнд нөхцөлийг дааж ажиллах чадвартай гэж шинжлэх ухааны үндэстэйгээр судалж байж хуульчилсан нь лавтай.

Тэгвэл энэхүү хуулийг “Оюутолгой”-н удирдлагууд үл ойшоож, хөдөлмөрийн нөхцөлийг нь “хэвийн” гэдэг ангилалд оруулах замаар цалингийн зардлаасаа хэдэн төгрөг хэмнэх явуургүй арга сүвэгчилжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард уурхайн талбарын 329 ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, 200 гаруй хүнийг “хэвийн бус” ангиллаас хассан байна. Хэвийн бус гэх нэр томъёоны цаана газар дор, хортой, халуун зэрэг бүхий л хүнд нөхцөлийг илэрхийлж байгаа хэрэг.

Ийм нөхцөлд хөдөлмөр эрхэлж, 13 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан 200 гаруй хүн тус бүрээс сарын нэг сая орчим төгрөгийг зургаан сарын турш хассанаар, нийт 1.2 тэрбум шахам төгрөгийг “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд “хэмнэж” чаджээ. Энэ “шилдэг” аргаа хэрэгжүүлэхийн тулд хууль, журам зөрчиж үнэлгээ хийх эрхгүй байгууллагыг сонгон шалгаруулахаа ч мартсангүй.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт “ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д “хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг “хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв” хариуцаж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ бол ХНХЯ-ны харъяа, хуучнаар Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв юм. Гэтэл “Оюутолгой” ХХК нь АШУҮИС-ийн дэргэдэх “Орчны эрүүл мэндийн институт” гэх төрийн бус байгууллагыг шалгаруулан, үнэлгээ хийлгэж ийнхүү ажилчдыг хохироосон дүгнэлт гаргуулжээ. Түүгээр ч барахгүй энэ төрийн бус байгууллагаар гүний уурхайн үнэлгээг мөн гаргуулахаар болсон тухай ажилчид нь ярьж байна.

Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд одоогоор 178 ажилтан гомдол өргөдөл гаргажээ. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны эрхийг зөрчсөн энэхүү үйлдлээ зогсоохыг хүсч, тэд удирдлагууддаа хандсан боловч “танай улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон” хэмээн байдлыг залруулаагүй аж. Ингээд Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр харъяа дүүргийн засаг даргаар захирамж гаргуулан, дундын зуучлагчийг томилуулах шатанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс огт оролцоогүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү шүүхэд хандсанаар хөдөлмөрийн маргаан өрнөх боломжгүй болж, ажилчид хүнд нөхцөлийн нэмэгдлээ авах горьдлого үндсэндээ тасарч байна.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалд “тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг шинэчлэн батлах” жагсаалтаар тогтоосон ажлын байрыг тодорхой заасан байдаг.

• Хэвийн бус буюу газар дор, хүнд, хортой нөхцөлд 7-10 жил ажиллаад тэтгэвэрт гардаг хуультай. 

• Хууль зөрчиж, ТББ-аар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. 

• ҮЭХ-оос “Оюутолгой”-н хууль бус шийдвэрийг шүүхэд өгнө.

Уг хавсралтад дурайтал бичигдсэн ажлын байрыг ийнхүү хэвийн бус ангиллаас хассан тул “Оюутолгой”-г шүүхэд өгөхөөр зэхэж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярьсан. Өмнөх дарга нь энэ асуудлыг хуулийн хүрээнд эсэргүүцэн, хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсний төлөө ажлаасаа халагдсан аж. Харин одоо эдгээр залуусын тэмцэл үр дүнд хүрэх эсэхийг нийгэм даяараа харж байна.

“Оюутолгой” ХХК-ийн монгол ажилчид яг адилхан үүрэг гүйцэтгэдэг гадаад мэргэжилтнээс дөрөв дахин бага цалин авдагтаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, эрүүл мэндэд хортой орчинд ажилладагтаа “ялархаж”, аяга сүү илүү нэхэж үзээгүй. Бусад орнуудад эрхэлдэг уурхайн ажилчидтайгаа ижил хэмжээнд үзэж, цалингийн шатлалын нэгдсэн системтэй байхыг ч шаардаагүй. Гагцхүү эрүүл мэндээс нь хумсалж, амьдрах наснаас нь хороож байгаа хүнд, хортой нөхцөлдөө тохирсон нэмэгдэл хэдхэн төгрөгөө өгөөч гэж гуйж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хаусын зах зээлд боломж нээгдсэн ч чанар үгүйлэгдэж байна

Амины орон сууцны ипотекийн зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байна

 0 сэтгэгдэл


Бүтээн байгуулалтын улирал хэзээ мөдгүй эхлэх нь. Өвлийн турш гацсан барилгын араг яснууд амилж, иргэн, аж ахуйн нэгж, нэгдэл бригадууд хавартай уралдан ханцуй шамлах үе ирлээ. Барилгын салбарын борлуулалтын гол суваг болох ипотекийн зээлийн журмыг өнгөрсөн онд тодотгож, энэ оноос найман хувийн хүүтэй зээлийг амины орон сууцанд олгохоор болсон. Одоогоор хаус барихаар хөнгөлөлттэй зээл авч буй иргэний тоо харьцангуй цөөн байгааг арилжааны банкны зээлийн эдийн засагчид хэлж байна.

Амины гэх тодотголтой шинэ зээл 2013 оноос олгож эхэлсэн олон давхар орон сууцны зээлтэй урьдчилгаа төлбөр (30 хувь), хүүгийн хувь (жилийн найман хувь) зэрэг үндсэн шаардлага, шат дамжлагын хувьд ижил. Гэхдээ ипотек хэмээх ижил нэрийн дор олгох энэ хоёр зээлийн бүтээгдэхүүнд хэд хэдэн ялгаа бий.

Нэгдүгээрт, Засгийн газраас нэг дор олон зуун айлыг багтаадаг орон сууцанд олгох зээлийн хэмжээ болон хугацааны дээд хязгаарыг 100 сая төгрөг болон 30 хүртэлх жилээр тогтоосон бол амины хаусын санхүүжилт харьцангуй бага, хугацаа нь ч богино. Тодруулбал, нийслэлийн иргэд 120 хүртэлх ам метр талбайтай амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 хүртэлх жилээр авч болно.

Өнгөрсөн оны байдлаар арилжааны банкуудын өөрийн санхүүжилтээр олгосон зээлийн хүү дунджаар 14 хувийн хүүтэй байжээ. Харин Засгийн газар энэ хэмжээний хүүг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэхгүйн тулд зээлийн хүүгийн зөрүүг өмнөөс нь төлж, байж болох хамгийн бага буюу жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд санал болгож буй.

Гэтэл хүүгийн дарамтынх нь багагүй хэсгийг төр үүрч буй энэ төрлийн хөнгөлөлттэй зээлийг зорилтот бүлэг нь бус, байр, хаустай чинээлэг иргэд гэр хорооллын иргэдтэй уралдан авч, илүү хөрөнгөжих тохиолдол цөөнгүй гарсныг албаныхан үгүйсгэсэнгүй. Тиймээс энэ зээлийг халаалт, халуун устай тав тухтай байр байшинд амьдрах чин хүсэлтэй иргэд рүү чиглүүлэхээр ипотекийн зээлийн журмыг шинэчилжээ. Ингэснээр энэ бодлого байгаа онож, орчны бохирдлыг бууруулж, дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлэх юм.

Манай иргэдийн дийлэнх нь орд харш шиг олон өрөөтэй эсвэл дэндүү давчуу биш амины орон сууцыг төдий л сонирхдоггүй. Харин дундаж хэмжээ, мансарттай байшинг илүүд үздэг гэж барилгын компаниуд хэлж байна. Ингэхдээ зочдын болон гал тогооны өрөө зэрэг үндсэн хэсгээс гадна унтлагын 2-3 өрөө, амралт болон техникийн өрөөтэй, дунджаар 78 ам метр талбай бүхий хаусыг сонирхдог аж. Ийм хэмжээ бүхий орон сууцны дундаж зардлыг “Барилга.мн” сэтгүүлийн мэргэжилтний баг тооцжээ. Зураг төслөөс нь эхлээд дотоод засал хүртэлх барилгын өртөг 65 сая төгрөгтэй тэнцсэн байна. Ингэхдээ барилгын материалын үнийг 2018 оны эхний хагасын байдлаар НӨАТ-тай нь хамтатган тооцсон бөгөөд тээврийн зайг 20 километр гэж үзжээ. Энэ өртөг дээр бусад нэмэгдэл зардал болон ашгийг таван хувиар тооцон нэмбэл 74.1 сая төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Иргэд худалдан авах гэж буй байраа барьцаалж, банкнаас ипотекийн зээл авдаг. Өөрөөр хэлбэл, банк хэдийн сүндэрлэн боссон тул шинэ байрны ордер буюу орон сууцны гэрчилгээг нь барьцаалж, буцаагаад зээл олгодог гэсэн үг. Харин амины хаусын зээлийг шинээр байшин барих гэж буй иргэдэд олгохоор заасан. Тиймээс иргэд зээл авч байж, хаусаа барина гэсэн үг. Гэтэл барьцаалчих үл хөдлөх хөрөнгө нь нүдэнд харагдахаар босоогүй байгаа нөхцөлд үүнийг хэрхэн шийдэх вэ. Холбогдох журамд зааснаар иргэд банкнаас авах зээлтэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгө тавих учиртай. иргэдийн дийлэнх нь байшин барих газраа барьцаанд тавьж байгаа аж. Гэвч зөвхөн газар зээлийн барьцааг хангахгүй байгаа тул зээл авахаас өмнө амины орон сууцныхаа барилгын ажлыг тодорхой хувьд хүргээд, үүнийгээ эзэмшил, газартайгаа хамтатгах байдлаар шийдэх гаргалгааг ч Барилга хот байгуулалтын яамнаас санал болгож байна. Мөн иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, инженерийн дэд бүтцэд холбосноор үнэ цэнэ нь нэмэгдэх төлөвтэй гэж холбогдох албаныхан  үзэж байна.

Салбарын яам болон Нийслэлийн захиргаа инженерийн дэд бүтцийг өргөтгөж, иргэдийн үүдэнд хүргэхээр зорьж байгаа. Энэ төрлийн дэд бүтцийг сунгахад БНХАУ-аас хоёр тэрбум юанийн санхүүжилт олгохоо 2017 онд мэдэгдсэн. Ингэснээр Баянхошуу, Толгойт, Хандгайт, Шарга морьт, Дарь-Эх, Гачуурт зэрэг алслагдсан бүс рүү инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ татахаар төлөвлөсөн ч санхүүжилт нь өнөө хэр бүрхэг байгаа аж. Холбогдох албаныхан 2019, 2020 онд орж ирнэ гэж хүлээж байна.

Халаалт, халуун устай хаусын хямд зээлийн шугам нээсэн энэ бодлого энэ төрлийн бизнес эрхлэгчид ч зах зээлийн боломж олгож байгаа. Хүлээгдэж байсан бодлогыг төр урагшлуулсан хэмээн амины орон сууцны компанийн төлөөлөл мэдэгдсэн бол “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд “Амины орон сууцанд зээл олгосноор зах зээлд эрэлт нэмэгдэх хүлээлттэй төдийгүй зөв төлөвлөж хэрэгжүүлж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломж бий” хэмээн хэлж байна.

Энэ онд ипотекийн зээлд олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, хагас их наяд төгрөгт хүргэсэн. Үүний тодорхой хэсэг нь амины орон сууцны зах зээлийг чиглэх болноор санхүүжилтийн саад  багасч, боломж нэмэгдсэн сайн талтай. “Тэнхлэг зууч” компанийн нийслэл болон орон нутгийн суурин газарт нийт 340 мянга орчим айл инженерийн дэд бүтцэд холбогдоогүй амьдарч байгаа гэсэн тооцоо гаргасан. Үүнээс үзэхэд амины орон сууцанд зах зээлийн боломж зах хязгааргүй байгаа гэсэн үг. Дээрээс нь санхүүжилтийн шинэ бас хямд сонголт нээгдэж байгаа нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд ч ээлээ үзүүлнэ.

Гэхдээ амины орон сууцны зах зээлийн нэг амин чухал хүчин зүйл болох чанарын тухай ойлголт өнөө хэр орхигдоод байна. Найман хувийн хүүтэй зээлийг стандартын шаардлага хангасан амины орон сууцанд олгохоо албаныхан мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт угсралтын нормыг хангасан, зураг төслийн хүрээнд боссон байшинд зээл авах юм. Гэтэл одоогоор амины орон сууцуудын 90 гаруй хувь нь зураг төсөлгүйгээр, иргэн хоорондын хэлэлцээрийн хүрээнд баригддаг. Ер нь энэ салбарын чанарыг байшин захиалсан иргэдийн үзэмжээр шийдэх нь түгээмэл байдаг аж. Чанарыг нь мэргэжлийн байгууллага бус иргэд дэнсэлдэг учраас барилгын компаниуд хямд үнэ, богино хугацааг чанараас түрүүнд тавьж, зар сурталчилгаагаа ч энэ төрлийн үгсээр чимэглэж хачирладаг. Бүр 14-хөн хоногийн дотор амины орон сууц барих зар мэдээллүүд ч цахим ертөнцөөр хөвөрч байна. Мөн 10 гаруйхан хоногийн дотор амины орон сууц барина хэмээн иргэдээс жилийн өмнө мөнгийг нь аваад өнөөг хүртэл барилгаа бариагүй компаниуд ч энэ зах зээлд бий аж.

Гэтэл амины орон сууцны зах зээлийн боломж нэмэгдэхийн хэрээр илүү хариуцлагатай, мэргэжлийн ажиллах шаардлага тулгараад байна. Учир нь иргэд, барилгын компани гэсэн хэдхэн тоглогчийн хооронд өрнөдөг байсан энэ бизнес Засгийн газар, Монголбанк болон арилжааны банк зэрэг олон оролцогч нэмэгдэж, зах зээлийн зарчмаар ажиллаж эхэллээ. Энэ зах зээл өмнөх шигээ замбараагүй, хяналтгүй, албан бус байдлаар үргэлжилбэл нэг их удахгүй нуран унахад хүрнэ. Ингээд зогсохгүй хүүтэй зээл авсан иргэн болон санхүүжилт өгсөн банкинд хохирол дагуулна. Тиймээс чанар хэмээх ойлголтыг зах замбараагүй амины орон сууцанд чанд сахиулахгүй бол нуухыг нь авах гээд нүдийг сохлох вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийг 100 мянгаар торгожээ

 0 сэтгэгдэл


Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг сая төгрөгийн, зургаан иргэнд 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцжээ. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар гарган зогсоосон аж.