A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/385/

Академик эрх чөлөө ба үнэ цэнтэй ажилтан бэлтгэх эхлэл

Ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг орон нутагт бэлтгэж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/385/



Монголын зүүн бүсийн боловсролын салбарын тулах цэг болсон Дорнод их сургууль цагийн эрхээр боловсон хүчний бодлогоо өөрчилж эхэлжээ. Нийгмийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан тус сургууль хэдэн жилийн өмнөөс байгалийн ухаанд онцгой анхаарах болов. Үүнийг тод томруун харуулах нэг жишээ нь тус сургууль саяхан газрын тосны бүтээгдэхүүн шинжилдэг иж бүрэн лабораторитой болсон явдал. Азийн хөгжлийн банкнаас 2012-2019 онд хэрэгжүүлж буй дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд тус сургуульд 293.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсний нэг нь 107 сая төгрөг бүхий уг лаборатори юм. “Саяхан манай сургуульд салбарын яам болон АМГТГ-ын мэргэжилтнүүд ирж лабораторийг маань үзээд хүчин чадал сайтайд нь олзуурхаж, хурдан ашиглалтад оруулж үр дүнг нь үзэхийг захисан” хэмээн Дорнод их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзахдаа ярилаа. Ирэх жил тус сургуулийг газрын тосны инженерийн мэргэжлээр төгсөж буй анхны мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээлд гарна. Монгол орны газрын тосны өлгий нутагт хүчин чадал сайтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй лабораторийг түшиглэн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үргэлж шүүмжлэлийн бай болдог боловсролын салбарын хувьд нэн таатай мэдээ юм.


“Инноваци, шинэ технологид дасан зохицох чадвар, хөгжил нэвтрүүлэх чадавх бол тухайн улсын эдийн засгийн өсөлтөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен манай сонинд өгсөн ярилцлагадаа онцлов. Тиймээс ч дээд боловсролын салбарт мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх чөлөөг хангалттай байлгах, төгссөн мэргэжилтнүүд нь ажил олгогчдын шаардлагад нийцдэг байх нь хөдөлмөрийн зах зээлээр хоорондоо холбогддог макро эдийн засаг ба дээд боловсролын салбарын гол зорилго. Ийм жишигт дээд боловсролын чанарыг хүргэхээр хийсэн ажил, санхүүжилтынх нь багахан хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүн шинжлэх лаборатори юм. “Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж, Засгийн газар энэ салбарт гадаад ажилчдын тоог цөөлж, дотоодын ажиллах хүчнийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй энэ үед уг хөрөнгө оруулалт аймгийн тулгамдсан асуудлыг шийдлээ” хэмээн Засаг дарга М.Бадамсүрэн хатагтай Ёландад талархал илэрхийлсэн. Сургуульдаа лабораторитой болох төслөө тус сургуулийнхан 2015 оны арваннэгдүгээр сард бичиж, дараа сард нь санхүүжилт авах эрхтэй болсон аж. Харамсалтай нь, төсөл боловсруулах багт газрын тосны чиглэлийн нарийн мэргэжилтэн байхгүйгээс тоног төхөөрөмжийн жагсаалтаа дутуу өгчихжээ. Үүний улмаас одоо сорох шүүгээ, аналитик жин, нэрлэгийн аппарат, октан тодорхойлогч гэсэн дөрвөн тоног төхөөрөмж алга. Хайран сайхан тоног төхөөрөмжүүдээ оюутнууд нь гүйцэд ашиглаж чадахгүй, танхимын хойморт үзүүлэнгийн үүрэг гүйцэтгэж байгаа нь харамсалтай.


Тус лабораторид тулгамдаж буй өөр нэг асуудал бол менежментийг нь хариуцах лаборант, профессор олдохгүй байгаа юм байна. “Улс орон даяар зар тавиад ч ирдэггүй. Цалин хангамж, бүс нутгийн хөгжлийг голдог байх” хэмээн Э.Ундармаа учирлав. Уг нь газрын тосны олборлогч болон шатахуун импортлогчид хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд буй аж. Дорнодын их сургуулийн Инноваци, гадаад харилцааны албаны мэргэжилтэн С.Энхжаргал “Лабораторийн менежменттэй холбоотой асуудал их чухал. Байнгын ажиллагаатай байх, засвар үйлчилгээ тогтмол хийдэг байх хэрэгтэй. Бид анхнаасаа төслөө бичихдээ нээлттэй лаборатори байгуулж, бүсийн компаниудад төлбөртэй үйлчилгээ үзүүлэх замаар зардлаа нөхөх, санхүүжилт босгохыг зорьсон” гэж ярилаа. Азийн хөгжлийн банкны боловсролын салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Итгэл “Лабораторийн зарим тоног төхөөрөмж дутуу, ажиллуулах мэргэжилтэн байхгүй байгааг харах үнэхээр харамсалтай байна. Сургууль хариуцлагагүй хандаж, бэлтгэл дутуу хийсний илрэл. Гэхдээ нэгэнт манайхаас хөрөнгө оруулсан тул бид дутууг нь авч өгнө” хэмээв. Лаборатори байнгын үйл ажиллагаатай болсноор Монголд газрын тосны салбарт үйл ажил­ лагаа явуулдаг компаниудтай хамтран ашиглах, газрын тосны инженерийн чиглэлээр хавсарга болон суурь судалгааг бүс нутгуудын болон улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэж буй юм.


АЖИЛ ОЛГОГЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ


Ажил горилогчдын хувьд бичгийн харилцааны болон багаар ажиллах чадвар, задлан шинжлэх, санаачилгатай шийдэмгий байх чадварууд дипломын голч дүнгээс нь илүү чухал болохыг ХНХЯ-наас ажил олгогчдын дунд явуулсан судалгаанд бий. Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогчдын дээрх хэрэгцээг хангах нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн нь “Оюутнуудын санаачилгыг дэмжих төв” юм. Оюутнууд санаачилгаа ажил хэрэг болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлснээр ажил хийх сонирхол нь нэмэгдсэн байна. Тухайлбал, “Маамуу” үсчний салоны төсөл орлого олох боломжтой учир оюутнууд маркетинг хийх, харилцагч татах гэх мэт бие даан бизнес эрхлэх чадваруудаа хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болжээ. Одоо тус салонд үсчний чиглэлээр ажиллах сонирхолтой оюутнууд цагаар ажилладаг. Энэ төсөл хэрэгжсэнээр оюут­ нууд төслөө төлөвлөгөөний дагуу хийх, удирдлагаар хангах, эрсдэлээ тооцох, тайлан боловсруулах гээд төслийн удирдлагын чадвар нь эрс сайжирсан гэдгийг С.Энхжаргал онцоллоо. Өөрөөр хэлбэл, төсөлд хөрөнгө оруулалт татах, дэмжлэг авахад саад болдог төслийн зорилт, үр дүнг ерөнхийлөх гэх мэт монголчуудын гаргадаг түгээмэл алдаа багасаж байна гэсэн үг. Үүний зэрэгцээ албан бичиг боловсруулах, багаар ажиллах чадвар, сэтгэл зүйгээ удирдаж, зорилгынхоо төлөө тууштай явдаг чадварууд нь хөгжсөн аж. “Төсөл хэрэгжсэний дараа эрсдэлээ тооцоолж хэрхэн даван туулах вэ гэсэн асуудал шийдэх чадвар маш сайн хөгжсөн гэж оюутнууд хариулсан байна. Одоо уг жишгийг тус сургууль үргэлжлүүлж буй бөгөөд оюутнууд холбоогоороо дамжуулж цагийн ажил хийдэг болжээ.


ЯПОН ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ТУХАЙ СУРАЛЦАЖ БАЙНА


Дорнод их сургуульд байгуулсан зайн сургалтын төвд сайн дурын ажилтан Мина Япон сурагчдад Монголын тухай хичээл зааж, мэдээлэл түгээж байна. Биднийг зайн сургалтын танхимаар ороход Архангай аймаг дахь МУБИС-ийн зайн сургалтын төвөөс холбогдсон байлаа. Ийм төвүүдийг БаянӨлгий, Завхан дахь их сургуулиудад Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд мөн байгуулсан бөгөөд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг аж. Зайн сургалтын төвтэй болсноор орон нутагт ахисан түвшний сургалт явуулах, төгсөгчдийн мөшгөх судалгаа хийх, гадаадын мэргэжилтэн, профессоруудын сургалтад хамрагдах, эрдэм шинжилгээний илтгэл, судалгаануудаар цахим сан үүсгэж, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Засгийн газраас боловсролын салбарт баримталж буй бодлогын хүрээнд 2022 он гэхэд орон нутгийн ЕБС-ийн багш нарын 70 хувийг магистрын зэрэгтэй болгоход Дорнод их сургуулийн зайн сургалтын төв чухал хувь нэмэр оруулж буйг захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа онцолсон. Тус сургуулийн төгсөгчид зүүн бүс дэх цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарын 80 орчим хувийг хангадаг аж. Уг төв одоогоор аймгийн дөрвөн сумтай холбогддог бөгөөд энэ он гарсаар таван удаагийн онлайн хичээл, хоёр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.


Оюутнуудын төсөл удирдах, албан бичиг боловсруулах чадвар сайжирчээ


Орон нутаг дахь боловсролын аяллын хүрээнд санхүүжүүлэгч байгууллагын урмыг хугалж, нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс нүүр улайх бас нэг явдал болжээ. Төслийн хүрээнд Дорнод их сургуулийн биеийн тамирын заалыг иж бүрэн шинэчлэхээр 86 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Харамсалтай нь, гүйцэтгэгч байгууллага болон сургуулийн удирдлагын хариуцлагагүйн улмаас өдгөө тэр их мөнгөний нэлээд нь салхинд хийсэв. Гүйцэтгэгч компани зориулалтын бус шал тавьснаас хүмүүс халтирч унаж, гэмтэх болсон тул хуучин шалаа буцаан тавьсан, хана нь чанар муутай гээд санхүүжүүлэгчээ гонсойлгож хариуцлагагүй хандсан байв. Хатагтай Ёланда “Биеийн тамирын заал чанар болон дизайны хувьд та бүхний сэтгэлд хүрээгүй, хүмүүс унаж, гэмтсэнд харамсалтай байна. Гүйцэтгэгч байгууллагыг шалгая.” хэмээв. Харин Азийн хөгжлийн банкны боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Итгэл “86 сая төгрөг их мөнгө. Үүний зарцуулалт ийм хангалтгүй байгаад сэтгэл дундуур байна. 2014 онд энэ заалыг зассан. Манай журмаар гүйцэтгэгч тал нэг жилийн баталгаа өгдөг. Тухайн үед яагаад мэдэгдэж болоогүй юм бэ. Тэгсэн бол дахиж хийлгэж болох байсан. Үүнд сургуулийн удирдлага ч бас хариуцлагагүй хандсан байна” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын хүү Монголд ан хийхээр ирсэн үү

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн бямба гарагт АНУын ерөнхийлөгчийн том хүү Доналд Трамп Жуниор Монголд аялахаар ирээд, Алтай таван Богдыг зорьсон. ГХЯ-нд хандаагүй, хувийн шугамаар ирсэн тул албаны ямар ч уулзалт товлоогүй аж. Трампын хөвгүүдийг ангийн хорхойтой, сайн ч бууддаг талаар олон улсын хэвлэлүүд нэг хэсэг шуугисан. Гол шалтгаан нь АНУ-д ховор ан амьтны арьс, түүхий эд оруулах хоригийг зөөллөсөн шийдвэр гаргасан нь зэрлэг Африкт хориотой ан хийх үзэгдлийг ихэсгэсэнтэй холбож шүүмжилж байв. Харин энэ удаад Трамп Жуниор дархан цаазат ангаар баялаг баруун хязгаарыг зорьсон нь дэлхий даяар шуугисан асуудалтай холбож хардахад хүргэлээ. Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг орон нутгаас өгдөг. Тухайн жилд хэдэн төрлийн хичнээн ан хийх хязгаарыг баталсны дараа анчдад үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдээ авдаг байна. Ан тус бүр өөр өөр тарифтай. Тухайлбал, аргаль, угалз зэргийг агнахад 40-50 мянган ам.долларын төлбөртэй. Түүнийг орон нутаг болон анчдыг зуучлах компани хуваан авдаг байна. Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Монгол Улсад “авиралт хийнэ үү, ан хийнэ үү, яана уу” хамаагүй. Орон нутагт хөрөнгө оруулж, алс баруун хязгаарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа нь чухал биз.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

 0 сэтгэгдэл



Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн лицензээ цуцлуулсан эзэд, төрийн зарим түшээдтэй Новотел зочид буудалд цугласан тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Харин тэр үйл явдалд  нэр холбогдсон Д.Хаянхярваа гишүүн гэртээ байгаагаа харуулж “нүцгэн лайв” хийсэн нь интернэт орчинд маргаан дэгдээв. Түүний гэр орноо дүрсэлж, дүү нараа харуулсан тэр бичлэгийг уулзалтын дараа хийсэн гэж хүмүүс хардаж байгаа юм. Үүн дээр нэмээд “Монгол газар”- ын Ц.Мянганбаяр эмнэлэгт хүргэгдсэн шуугианд хариу болгож мань гишүүн “Би тэр Мянганбаяр нарыг чинь танихгүй, мэдэх ч үгүй” гэж жиргэсэн нь сошиалд хардлагын галыг улам өрдөөд байна. Хаян дарга Ц.Мянганбаяр нартай уулзсан гэх мэдээллийг хууль хяналтын  байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түүнд хандаж “Үнэн худлын хооронд бүх л ертөнц оршдог” хэмээсэн сэтгэгдэл илгээжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Нөхөр маань тоглоомонд донтчихлоо, би яах вэ?

 0 сэтгэгдэл


ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа уншигчдаас ирсэн асуултад дараах хариултыг өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ГЭР БҮЛ ХУУРАЛТ ДУТУУГИЙН МЭДРЭМЖЭЭС ҮҮДЭЛТЭЙ

-САЙН БАЙНА УУ. БИ 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. МАНАЙХ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ. ХАРИН МАНАЙ ЭХНЭР ГЭР БҮЛЭЭСЭЭ САЛСАН НЭГ ЗАЛУУТАЙ НАМАЙГ ХУУРЧ БАЙСНЫГ ХЭДЭН САРЫН ӨМНӨ МЭДСЭН ЮМ. ТЭР ЗАЛУУГИЙН САЛСАН ЭХНЭР НАДАД ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ ИХ ЦОЧИРДСОН. ЭНЭ ТАЛААР ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ХОЛБООГОО ТАСАЛ ГЭЖ ХЭЛСЭН. БОСГОСОН АМЬДРАЛАА НУРААХЫГ, ХОЁР ХҮҮХДЭДЭЭ ХАГАЦАЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ ЭХНЭР МААНЬ “ХОЁУЛАА САЛЪЯ” ГЭЖ ХЭЛЛЭЭ. БИ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Гэр бүлээс гадуурх харилцаа нь ихэвчлэн хамтрагчаасаа авч чадаагүй дутуугийн мэдрэмжтэй холбоотой байдаг. Эхнэр эсвэл нөхрөөсөө авч чадахгүй байгаа мэдрэмжээ өөр хүнээс авах нь энэ харилцааны эхлэл болдог. Тиймээс эхлээд танд ямар асуудал байсан бэ. Эхнэртэйгээ яаж харьцдаг байсан болон эхнэр чинь таниас юу хүсэж хүлээдэг байсан талаар бодоод үзээрэй. Хэн хэн нь тайвширсны дараа ярилцах хэрэгтэй. Уур бухимдал сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эхнэр чинь тухайн хүнтэй яагаад хамт байхыг хүссэн юм бол, эхнэртээ ямар мэдрэмж сэтгэлийг өгч чадаагүй вэ зэрэг хэн хэнийхээ учир шалтгаан нөхцөлийг нээлттэй ярилцаж тодруулах хэрэгтэй. Асуудлын учир шалтгааныг тодруулсан бол яагаад салахыг хүсэж байгаа, яагаад салахыг хүсэхгүй байгаа шалтгаануудаа ярилцан асуудал яавал шийдэгдэх боломжтой гарц гаргалгааг хамтдаа хайгаарай.

ХҮҮХДҮҮДЭЭ БҮҮ ХАРЬЦУУЛ

-БИ ОДОО ХОЁР ОХИНТОЙ. ТОМ МААНЬ НАЙМАН НАСТАЙ, БАГА НЬ ЗУРГААН НАСТАЙ. ДҮҮ НЬ ИХ СЭРГЭЛЭН ЦОВОО ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХҮМҮҮСТЭЙ АМАРХАН НӨХӨРЛӨДӨГ БОЛ ЭГЧ НЬ ЧИМЭЭГҮЙ, ДУУ МУУТАЙ ХҮҮХЭД. ХҮМҮҮСТЭЙ ХУРДАН ДОТНОСОЖ ЧАДДАГГҮЙ ДУУ СУЛТАЙ, НООМОЙ. БИ ТОМ ОХИНДОО САНАА ЗОВООД БАЙНА. ДҮҮ ШИГ НЬ СЭРГЭЛЭН, ХҮМҮҮСТЭЙ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ БОЛОХ УУ. ЯАЖ ТЭГЭХ ВЭ?

-Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь хүүхдүүдээ хооронд нь харьцуулж бодох юм. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зан чанартай. Чимээгүй, дотогшоогоо байлаа гээд хүчээр нээлттэй болгох гэж хүчлэх нь хүүхдэд нь дарамт болж өөрийнхөөрөө байж чадахгүйд хүргэнэ. Дүүтэй нь харьцуулж ярьдаг бол дүүдээ дургүй болох ч талтай. Улмаар өөрийг нь ойлгодог хүн байхгүй мэт санагдаж ганцаардахад хүргэнэ. Та хүүхдээ өөртэйгөө дотно, нээлттэй байгаасай гэж хүсэж байвал өөрчлөх гэж хүчлэхгүйгээр өөрийнх нь онол, зан чанарыг хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Тэд чинь нэг хэвэнд цутгасан робот биш, байгаагаараа хайрлагдах гэж ирсэн хүүхдүүд шүү дээ.

ӨСВӨР НАСАНД ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ МЭДРЭМЖ НЭМЭГДДЭГ

-САЙН БАЙНА УУ. БИ ГЕРМАНД СУРДАГ, 17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. НАДАД K-POP МАШ ИХ ТААЛАГДДАГ УЧИР СОЛОНГОС ХЭЛ СУРСАН. ХАРИН САЯХНААС СОЛОНГОСТ ОЧИЖ СУРАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА. УЛС ОРОН БҮРИЙН ӨӨРИЙН ОНЦЛОГ ГЭЖ БАЙДАГ ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ БОДЛОО ЭЭЖ, ААВДАА ХЭЛЭХЭЭС АЙГААД БАЙХ ЮМ. ТЭД НАМАЙГ ЭНД СУРГАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН. БИ ЯАЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ ВЭ?

-Тухайн улсын урлаг соёл таалагдаад тэр орныхоо хэлийг судалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ улс чиний ирээдүйн амьдрал, мөрөөдөлд бүрэн хамааралтай эсэхийг бодож үзээрэй. Юун түрүүнд суралцах орон, сургуулиас илүү сурахыг хүсэж буй мэргэжлээ тодорхойлоорой. Чи ирээдүйд ямар амьдралаар, юу хийж амьдрахыг хүсэж байна вэ,тэр амьдралаараа амьдрахад чамд ямар ажил, мэргэжил хэрэгтэй вэ. Энэ мэргэжлээр сурахад надад ямар сургууль, ямар улс тохиромжтой вэ гэх мэтчилэн бодож үзээрэй. 12-16 нас бол шилжилтийн нас. Хүүхдийн онцлогоос хамаарч шилжилтийн нас хожуу тохиох нь ч бий. Тиймээс өөрийн сэтгэл зүй, насны онцлогоо тунгаагаад үзээрэй. Чиний насан дээр нийгмийн мэдрэмж нэмэгдэж бусдыг хүндлэх, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. Энэ хэрээр гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ тулгарсан болохгүй, бүтэхгүй зүйлийн өмнө өөрийгөө буруутган эмзэглэж, гутрах нь ихэснэ. Эсрэгээрээ өөрийнх нь туслалцаатай бүтсэн ажил хэрэгт баярлаж, урам зориг, эрч хүч авдаг. Тиймээс өөрийгөө буруутгах мэдрэмж чамд байнга төрж байвал хүндээр хүлээн авах хэрэггүй. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах үүднээс тэмдэглэл хөтөлж болно.Дараа нь уншиж үзээд өөрийнхөө бодол санаанд дүгнэлт хийгээрэй. Мөн аав, ээжтэйгээ өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцаж нээлттэй ярилцаад үз. Тэд чамд хамгийн сайн зөвлөгөөг өгөх болно.

УНТСАН Ч АМРААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

-БИ 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ. СҮҮЛИЙН ЗУРГААН САР ҮРГЭЛЖ ДӨРВӨН ЦАГТ СЭРЖ БАЙНА. ОРОЙ БОЛОХООР УНТАЖ ЧАДАХГҮЙ ХӨРВӨӨГӨӨД БАЙХ ЮМ. ЭНЭ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ. ХЭРХЭН НОЙРОНДОО САЙН БОЛОХ ВЭ?

-Тийм ээ, нойргүйдэх, нойронд муу болох, унтсан ч унтаагүй мэт мэдрэмж төрөх нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Удаан хугацаагаар ямар нэг зүйлд санаа зовох, түгшүүртэй байх болон хэт их зүйлсийг бодож шаналах нь нойргүйдэлд хүргэдэг. Нойргүй болсон хүмүүс ихэнх нь ямар асуудлаас болж нойронд муу болсноо мэддэггүй. Сэтгэл гутрал нь далд хэлбэрээр удаан хугацаанд бага багаар хуримтлагдсаар хожуу илэрч байгаа нь энэ юм. Асуудлыг хэт хүндээр хүлээж авч удаан хугацаанд шаналахаа болих хэрэгтэй. Асуудал, хэцүү зүйлсээ овоолон үүрч явах биш тухайн цаг үед нь үлдээж сурах нь өнгөрснөө чирж өөрийгөө шийтгэхээс дээр байх болно. Хэрвээ та асуудлаа тодорхойлж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж аваарай.

ТОГЛООМОНД ДОНТСОН БОЛ СЭТГЭЦИЙН ЭМЧИД ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛ

-САЙН БАЙНА УУ. БИ 26 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ. МАНАЙ НӨХӨР ТОГЛООМОНД ДОНТЧИХЛОО. БИ ТОГЛООМООС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭХ ГЭЭД ХҮҮХДЭЭ ӨВӨР ДЭЭР НЬ АВААЧИЖ ТАВЬСАН Ч  УЙЛУУЛААД Л ТОГЛООД БАЙДАГ. НЭГ ӨДӨР БИ КОМПЬЮТЕРИЙН ЗАЛГУУРУУДЫГ НЬ НУУЧИХСАН ЧИНЬ АЙМШИГТАЙ УУРЛАСАН. ЭНЭ ХҮН ТАКСИНД ЯВЖ ӨДРИЙН ХООЛОО ОЛЧИХООД Л ТОГЛООД ХЭВТЭЖ БАЙХ САНААТАЙ БАЙХ ШИГ БАЙНА. ЯАЖ ЗАСАЖ АВАХ ВЭ?

-Мэргэжлийн сэтгэц мэдрэлийн эмчид үзүүлэхийг санал болгож байна. Цахим тоглоом хэт их тоглох нь дэлгэцийн донтолтын нэг төрөл бөгөөд даамжирвал сэтгэц мэдрэлд нөлөөлж эмгэг болох аюултай байдаг. Тиймээс сэтгэцийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

Аймгийн харцага, начингууд хүртэл шинэ цолны мялаалга наадам хийдэг болжээ

 0 сэтгэгдэл


Төрийн ордонд болж өнгөрсөн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр энэ жил өвөлжилт хүндэрч магадгүйг албаны хүмүүс сануулсан. Наймдугаар сард орсон их борооны улмаас ургац хураалт хойшлох, болц удаашрах зэрэг шалтгаанаас хамаарч ургац алдах нөхцөл бүрдсэнийг салбарын яамнаас тариаланчдад анхааруулсан бол наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй гэх мэдээллийг цаг уурын байгууллагаас өглөө. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг сануулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг шат шатныханд хатуу анхааруулсан. Гэвч эрхэм сайдын үгийг нохой хуцаж байгаан чинээ ч тоох хүн алга. Долдугаар сарын аравдаар улс орон даяар эхэлсэн их найр наадам хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн өнөө үед ч үргэлжилсээр. 21 аймаг, 330 сумын наадам ч яахав болдгоороо болоод өнгөрсөн. Харин албан ёсны наадмын дараах албан бус бэсрэг наадмууд бараг хоёр сарын турш үргэлжилсэн хэрнээ дуусах яагаа ч үгүй байна. Наадам хэссэн монголчуудын тоос шингэрэх ч янз алга.

Улсын баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд түүнийхээ мялаалга наадмыг хийдэг уламжлалыг байх ёстой зүйл гэж үзье. Гэтэл сүүлийн үед аймгийн цолтнууд хүртэл нүсэр том мялаалга наадам хийдэг болжээ. Тэр ч байтугай аймгийн харцага, аймгийн начин цол хүртсэн нөхөд хүртэл бэсрэг наадам хийж, бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваа зохион байгуулж байгааг юу гэж ойлгох вэ. Тун удахгүй сумын заан цолны мялаалга наадам гэж сонсогдоход гайхах зүйл алга. 

Жил бүр 120 орчим бөх шинээр аймаг, улсын цол хүртдэг гэх ерөнхий багцаа бий. Энэ жилийн  тухайд аймгийн начин 70 гаруй, аймгийн харцага 20 орчим, аймгийн заан тав, аймгийн арслан  цолыг 20 шахам бөх хүртжээ. Үүн дээр улсын баяр наадмын шинэ цолтнуудыг нэмбэл 120 гэсэн дундаж тоонд дөхөж очихоор байна. Харин энэ олон цолтнуудын ихэнх нь мялаалга наадмаа хийдэг болсон гэж тооцвол найр наадмын хөл есдүгээр сар гарсан ч тасрахгүй бололтой.

Бөхчүүд цолны мялаалга наадмаа хийнэ үү, болино уу бидэнд ямар хамаатай юм гэж зарим нь бодож магадгүй. Тийм биш юм аа. Учир нь шинэ цолтон бүр мялаалга наадмаа тухайн аймаг, сумын захиргаатай хамтран зохион байгуулдаг. Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд энэ хэдэн өдөр бүхэлдээ наадмын зохион байгуулалтад дайчлагдана. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс чамгүй мөнгө зарцуулчихна. Бусад сумынхан шинэ цолтны наадмаа сайхан хийгээд байхад бид юунаас нь дутдаг юм гэх монгол зан үүнд нэрмээс болно.

Зөвхөн бөхийн тухайд ярихад ийм байна. Үүнээс гадна харваачид, шинэ цолны болзол хангасан уяачдын наадам гээд цааш үргэлжилнэ. Тийм харваачийн мэргэн цолны мялаалга наадам, ийм уяачийн алдрыг тэмдэглэх наадам гээд зөндөө л сонссон байх. Тэр ч байтугай хүүхдийн сэвлэг үргээх баярт зориулан бэсрэг наадам хийж, морь уралдуулах үеэр нэг нөхөр хоёр настай хүүхдээ морин дээр баглаж уяад уралдуулсан гэх дуулиан өнгөрсөн жил гарч байлаа. Аав нь тухайн үед торгуулаад өнгөрсөн санагдана. Гэхдээ даахины найранд зориулж бэсрэг наадам хийнэ гэдэг арай л дэндүү аархал уу.

Жижиг хэмжээний ганц наадам зохион байгуулахад хамгийн багадаа 20 сая төгрөгийн зардал гардаг гэх багцаа бий. Бөх, морь, сур харвааны бай шагнал, дуучдын үнэ хөлс, ирсэн зочдыг дайлж цайлах мөнгө болон зохион байгуулалтын бусад зардал багтаад энэ. Арай том, хөлтэйхөн наадам хийнэ гэвэл энэ зардал улам өсөх нь тодорхой. Өнгөрсөн зун манай нэгэн алдартай аваргад зориулсан наадам баруун аймгийн төрсөн суманд нь болж өнгөрлөө. Хамгийн гол нь эл наадмын бүх зардал тухайн сумын төсөрхөн төсвийг шавхаад зогсохгүй сумын албан хаагчдын цалингаас татаас авч байж нэг юм зохицуулсан тухай чих дэлслээ.

Ингэж наадамлаад цэнгэл авдаг гэвэл нэн харамсалтай биш гэж үү.

Гэтэл ийм хэмжээний зардалтай наадам 21 аймаг, 330 суманд жил бүр хэд хэдээрээ болж байна гээд төсөөл дөө. Ямар их үргүй зардал урсаж байгаа бол. Наадам хийж буй энэ мөнгөөр сумандаа ганц боловсон жорлон барьчих сэтгэл даанч алга даа.

Наадмын маргааш намар гэж монголчууд ярьдаг. Наадамлаж дууссан бол намар, өвлийн бэлтгэлээ эртхэн базаахыг сануулсан үг. Хотынхон ч яахав, дулаан хувцсаа зэхсэн байхад өвлийн бэлтгэл ерөнхийдөө болоод явчихна. Харин хөдөөгийн малчдын хувьд хадлан тэжээлээ бэлдэхээс авахуулаад хийх ажил мундахгүй. Гэтэл зуны сарыг зургаа юм шиг санаж наадамласаар анхны цас унахтай зэрэг гэнэт ухаарсан мэт сандардаг арчаагүй малчин өчнөөн бий. Тэгээд өвөл нь болохоор хотоо харлуулчихаад зуд турханд хамаг буруугаа чихээд сууж байх вий.

Сүүлийн үед малаа саадаггүй залхуу малчин олширсон гэж ярьдаг нь үнэний ортой. Одоо хот байтугай хөдөөд цагаан идээ нүдний гэм болсныг хүн бүр хэлдэг. Бидний багад захын нэг малчныхаар ороход цагаан идээгээр бялхаж байдаг сан. Хотоос ирсэн хамаатнууддаа даавуун уут дүүрэн хийж өгөөд явуулна. Харин одоо ингэж цагаан идээгээр халгиж цалгисан айл хэр олон байгаа билээ. Монгол 60 сая малтай хэрнээ 15 мянган төгрөгөөр ганц кг мах авч, ааруулын үнэ 20 мянгыг давж, сүүнийхээ 80 хувийг импортоор авч буй нь эмгэнэл биш гэж үү. Гэвч энэ бүгдийг тоож, анхаарлаа хандуулах ч сөхөөгүй наадамлаж, өдөр хоногийг өнгөрөөсөөр. Ерөнхий сайд анхааруулсаар байтал ийнхүү үл тоосон наадамчин монголчууд байгаль эхийн ниргэлт амсаж байж оройд нь орох гээд байх шиг санагдах юм.