A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3170/

Алдагдалтай төсвийг аравхан хоногт батлах нь

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3170/
С.Батсайхан /ЗГМ

Хуулийн хугацаанд хавчигдсан улсын төсвийн төсөл Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн араас зүүгдсээр арайхийн батлагдахаар болж байна. Засгийн газар ч, УИХ ч тэр хүсэлд нийцсэн төсвөө нүглийн нүдийг гурилаар хуураад, хуурай чигээр нь аваад гарах нь УИХ-ын сонгууль, улс төрийн увайгүй эрх ашиг нэвт шувт үнэртсэн төсвийн төсөл парла­ментын босгыг давлаа. Түмнийг туйлдуулж, төрийг доройтуулсан үрэлгэн зангаа засахыг 2016 оны сонгуулиас хойш дотоодын эдийн засагчид, гадаадын бай­гууллагууд сануулсан. Гэтэл өмнө­хөөсөө сургамж авч, сэрэмжлэх учиртай төсвийн бодлого тодорхойлогчид өнөөх гэмээ засах нь бүү хэл алдсан замаараа хямралын зүг хээв нэг алхаж байна.

Сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардал өсдөг
Улс төрийн сонгуулийг угтан төсвөө байдгаар нь тэлж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн зан эргэн сэдэрчээ. Парламентын сонгуулийн жил буюу 2012 онд 1.2, 2016 онд бүр 2.3 их наяд төгрөгөөр талийтлаа тэлсэн улсын төсөв 2020 онд ч энэ уламжлалаасаа хазайхгүй нь. Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал зарлага 2019 оныхоос 2.3, 2018 онтой харьцуулбал дөрвөн их наяд төгрөгөөр өснө.
Төсөв яагаад ингэтлээ тэлэв. Урсаад дуусчихдаг урсгал зардлыг ирэх онд 1.8 их наяд төгрөгөөр өсгөжээ. Үүний дий­лэнхийг төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бүрдүүлж буй аж. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулах бол тэтгэвэр, тэтгэмж өсгөхөд 168 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх чамин үгсийг улс төрчид бахархалтай нь аргагүй ярихад иргэдэд тун чихэнд чимэгтэй сонсогддог. Гэвч сонсоод л баймаар энэ сайхан үгс үнэндээ зарлагаа ч гүйцдэггүй ядруухан төсөвт хүнд ачаа болдог.
2020 оны төсвийн зардлын өсөлт ийнхүү нийгмийн хамгаалал руу чиглэжээ. Улс төрийн сонгууль болох жил эрх баригчид сонгогч­доос “оноо” авахын тулд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмдэг, нийгмийн хамгааллын бусад зардлыг өсгөдөг хуучирсан аргыг энэ удаад ч Засгийн газар сонгожээ.
Ингэж “оноо” аваад зогсохгүй сонгуулийн тойргуудаа услах мөнгийг нь улстөрчдөд бэлтгэж өгөхөө ч мартсангүй. Ирэх онд шинэ цэцэрлэг, сургууль, музей, театр гээд сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр хөвөрч буй бүтээн байгуулалтын нийт зардал 3.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх оныхоос 13 хувиар өссөн дүн. Урьд хожид хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийхээр тооцчихсон байна.
Ийнхүү мөнгөөр хахаж цацаж байгаа юм шиг зарлагаа дураараа өсгөсөөр байтал Монгол хэмээх их айлын зардал нь 13.9 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл бидний олох боломжтой хэмээн үзэж буй орлого 11.8 их наяд төгрөг. Ингээд үзэхээр Сангийн яамнаас өргөн барьсан төслөөр төсөвт нь 2.1 их наяд төгрөгийн “цоорхой” үүснэ.

Төсвийн гундашгүй өөдрөг төсөөллийг эдийн засагчид хүртэл “биширч” байна
Гэтэл энэ мөнгийг олох арга бүрхэг. Энэ оны төсөвт тусгаад бүтэлгүйтсэн гааль болон татвар, газрын бүртгэлийн шинэчлэлд дахиад найдлага тавьж, орлогоо 1.8 их наяд төгрөгөөр өсгөнө хэмээн Сангийн яам төсөөлж байна. Урдаа барьдаг уул уурхайгаас төсвийн орлогын 3-4 төгрөг тутмын нэг буюу 3.2 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Тухайлбал, энэ оны төсөвт тусгаад бүтэхгүй нь өдөр өдрөөр ойлгомжтой болж буй 42 сая тонн нүүрс ирэх онд дахин экспортлохоор төлөвлөсөн бадрангуй төсөөлөл, гундашгүй өөдрөг үзлийг жирийн иргэдээс эхлээд чадварлаг эдийн засагчид хүртэл “биширч” байна. Уул уурхайд хөрөнгө оруулагчдыг үргээх дараалсан популист шийдвэрүүдийнх нь дараа энэ зорилт биелэх эсэх нь улам бүр л бүрхэг болж байна.
Үнэнийг хэлэхэд, энэ жилийн төсөвт тусгасан гааль, дэд бүтцийн шинэчлэл бүтэж, экспортын зорилго биелээгүй ч төрийн данс улайгаагүй нь Сангийн яам сайн ажилласан гэхээсээ илүү олон улсын зах зээл дэх таваарын ханшийн тааламжит байдлаас үүдэлтэй. Гэтэл энэ жил биднийг ивээсэн ханшийн “тэнгэр” ирэх онд харж үзэхгүй нь тодорхой болж, өнгөрсөн улирлаас түүхий эдийн үнэ гулсаад эхэллээ. Энэ нь дэлхий рүү ойртсоор буй эдийн засгийн хямралын дохио болохыг ч шинжээчид сануулж байна. Таваарын зах зээлийн ханшийн уналт, дэлхийн эдийн засгийн хямрал, улмаар их хэмжээний өр төлбөр биднийг хүлээж байхад бид баяжих нь баараггүй хэмээн сохор азанд найдан, байгаа мөнгөө барах төсвийн төслийг өргөн барьж байна. Үүнийг ч эдийн засагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа.
“Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний дүн буюу 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор 2020 оны төсөвт төлөвлөсөн. Гэтэл энэ мөнгө биднээс хамаарахгүй. Тиймээс энэ мөнгийг бүрэн олно гэж бооцоо тавих боломжгүй. Гэтэл ийм эргэлзээтэй байдлаар орлого олохоор төлөвлөсөн атлаа 14 орчим их наяд төгрөгийн зарлага гаргахаар тусгасан нь эдийн засгийг хиймлээр тэлэхэд хүргэж байна. 2020 онд ОУВС-гийн хөтөлбөр дууссаны дараа эдийн засгийн сэргэлтийн голдирлыг хэвийн хадгалахад өнөөгийн өргөн бариад байгаа төсвийн төсөл шаардлага хангахгүй” хэмээн Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг хатуухан шүүмжлэв. Тэгвэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Түв­шинтөгс “Хоёр их наяд төг­рөгийн алдагдалтай төсөв батлаад байхаар Монгол Улс өрийн үйлчилгээний хүүд нэг их наяд төгрөг төлөөд байна. Тиймээс алдагдлыг бууруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг нэлээд чангалах хэрэгтэй” хэмээн дүгнэжээ.
Ийм хүнд жил биднийг хүлээж байхад хойтон жилийн сонгуулийн ялалтаа бодож, хавтгайрсан халамж, оноо авах гэсэн харалган шийдвэрүүдээ олшруулбал эрх баригчид эдийн засгаа дээрээс дэвссэнээс ялгаагүй. Төсвийн зардлаа тэлж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмж байгаа нь сайхан ч төсвийн зарлага нэмэгдэхийн хэрээр алдагдал нь өсдөг. Алдагдлаа орлогоороо нөхөж чадахгүй Монгол Улс үүнийг төлөхийн тулд гадаад, дотоодоос зээл авна. Ингээд эцэс төгсгөлгүй чөтгөрийн тойрог Монгол Улсын төсвийн бодлогод эргэлдэнэ.
Ирэх онд нэмж бонд гаргах­гүйгээр төсвийн алдагдлыг нөхнө хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Төсвийн алдагдлын 1.29 их наяд төгрөгийг гадаадын байгууллагын зээл болон бусад санхүүжилтээр нөхнө. Төсвийн тогтворжуулалтын сангаас 478.8 тэрбум төгрөг төсөв рүү татах төсөл санаачилсан байна. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг хаах мөнгийг Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлалаас гаргах нь. Уг нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийг тогтворжуулах зорилгоор тус санг байгуулсан. Гэтэл эдийн засаг өсөж байхад төсвийн зард­лын өсөлтийг хаахаар сангаа хэм­лэж, улсын хэтэвчийг цоолох нь.
Нүглийн нүдийг гурилаар хуурах нь
Дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуулийн нөлөөгөөр төсөвт үрэлгэн, хүнийрхүү сэтгэлээр хандсан төсвийн төслийг сангийн бодлого тодорхойлогчид УИХ-д өргөн барьсан байна. Гэтэл хамгийн халагламаар нь энэ төслийг УИХ завсар зайгаараа хэлэлцэх аж.
“Арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой. Түүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлэг рүү орсон тохиолдолд завсарлага хооронд зөвхөн хугацаатай асуу­дал хэлэлцэж болдог. Хоёр хэлэл­цүүлэг хоорондын завсарлага 7-10 хоног үргэлжилж байгаа шүү дээ. Тэгэхээр төсвийг завсарлага хооронд хэлэлцэж болох юм” хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлжээ.
Монгол Улсын 2020 оны хөгжлийн зураглал болсон энэ баримт бичгийг УИХ-д завсарлага дундуур зүтгүүлэх нь. Хуулийн хугацаанд хавчигдсан төсвийн төсөл Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн араас зүүгдсээр арайхийн батлагдах нь. Гэтэл улсын төсөв хэмээн баримт бичиг нь УИХ-ын гишүүдийн чөлөөт цагаараа “машиндчихдаг” тоглоом уу. Үнэнийг хэлэхэд, ирэх жилийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог энэ баримт бичгийг 10-хан хоногийн дотор шудраад өнгөрөх бус ул суурьтай хэлэлцүүлэхийн тулд хуулийн хугацааг тусгайлан зааж, жил бүрийн намар УИХ-ыг хуралдуулдаг.
Гэтэл Засгийн газар нь ч, УИХ нь ч тэр хүсэлд нийцсэн төсвөө нүглийн нүдийг гурилаар хуураад, хуурай чигээр нь аваад гарах нь. Харин ийм төсөв өнөөдөр биш юм аа гэхэд маргааш миний, таны талхны үнэд нөлөөлж, хэтэвч дэх хэдэн төгрөгт тань зөвшөөрөлгүйгээр гараа дүрнэ. Ийм инээдтэй ч гэмээр эмгэнэлтэй ч гэмээр жүжгийн төгсгөл нь Монголын эдийн засгийг ирэх жилүүдэд олстой дүүжлүүрийн дэргэд аваачиж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гишүүнийг эгүүлэн татах заалт “молиго үмхүүлж” байна

 0 сэтгэгдэл
  • Гэмт хэрэгт холбогдсон гишүүний эрхийг шууд түдгэлзүүлдэг болох хүслийг мушгин гуйвуулжээ
  • Цэцээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөнийг тогтоож, дүгнэлтээ парламентад хүргүүлэх боловч УИХ Цэцийн дүгнэлтэд бус зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд “анхаарлаа хандуулах” заалт УИХ-ын тухай хуульд байгаа

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-­ын гишүүнийг эгүүлэн татах гэж байгаа нь орсон нь “бахархам” амжилт гэж эрх баригчид сурталдаж байна. Гэвч өнгөн дээрээ өөрчлөх дүр эсгэх атлаа хөрсөндөө чанарын ялгаагүй заалт оруулжээ.1992 оноос мөрдөж буй эцэг хуульд “УИХ-­ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-­ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт бий. Харин одоо хэлэлцэж буй төслөөр тус заалтыг “УИХ-­ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-­ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-­ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж өөрчлөхөөр төлөвлөж байна. Гишүүдийн өргөн барьсан төсөлд анхнаасаа гишүүнийг эгүүлэн татах заалт байгаагүй. Харин өнгөрсөн зун гишүүд тойрогтоо ажиллаж ирээд дээрх заалтыг нэмэхээр болсон. Магадгүй иргэд тэднийг шахаж шаардаа биз. Тэгэхдээ тэд УИХ-­ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгадаг болгохыг л хүссэн. Мөн прокуророос хууль зөрчсөнийг нь тогтоогоод яллах баримттай оруулж ирээд байхад ЖДҮ таван гишүүнээ хаацайлаад бүрэн эрхтэй нь үлдээчихдэг учраас олон нийт ийм заалтыг хүсэмжилсэн хэрэг. Харамсалтай нь иргэдийн хүсэлтийг тусгасан нэрээр өмнөхөөс ялгарахгүй өөрчлөлт оруулахаар зэхээд байгаа нь энэ. Хуучин заалтын өмнө “өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн тохиолдолд” гэсэн “угтвар” оруулсан нь “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэх афоризмтай л тохирч байна. Үүнийг тайлбарлахын тулд уих­ын гишүүний тангараг хийгээд парламентын гишүүний үндсэн хууль зөрчсөн Цэцийн дүгнэлтийг парламент хэрхэн шийдвэрлэх ёстойг сөхөж харъя. УИХ-­ын тухай хуулийн 6.2­т заасны дагуу гишүүд “Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлдэг. Энэхүү тангараг ёсоор гишүүн төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэвч иргэдээсээ илүү хууль зөрчдөг гишүүдэд хариуцлага тооцох механизм алга. Уг нь тангарагтаа үнэнч байхыг шаардсан заалтууд УИХ-­ын тухай хуульд олноороо бий. Харамсалтай нь өргөсөн тангаргаасаа няцсаныг тогтоох заалт аль ч хуульд байхгүй учир гишүүнийг эгүүлэн татах энэ үндэслэл мухардмал юм. Мөн УИХ-­ын гишүүнийг үндсэн хууль зөрчсөнийг тогтоох үйл явц ч нийт гишүүдийн “хүн чанар”­-аас шалтгаалах хуулийн зохицуулалттай. Цэцээс УИХ-ын гишүүн үндсэн хууль зөрчсөнийг тогтоож, дүгнэлтээ парламентад хүргүүлэх боловч УИХ Цэцийн дүгнэлтэд бус зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд “анхаарлаа хандуулах” заалт УИХ-ын тухай хуульд байгаа. Цэц ч тус заалтыг зөв гэж 2008 онд гаргасан тогтоолдоо тодорхой дурджээ. Тухайн үед иргэн Н.Хайдав УИХ-­ын дарга, гишүүдийг хууль зөрчсөн талаар Цэцийн дүгнэлт гарчихаад байхад парламент дүгнэлтийг нь хэлэлцэлгүй, зөвхөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар УИХ-­ын тухай хуульд заасан нь үндсэн хуулийн шударга зарчимтай зөрчилдөж байна гэсэн утгатай өргөдөл гаргаж байв. Харин түүний хариуд парламентаас “УИХ-­ын гишүүн үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлаар Цэц дүгнэлт гаргаж УИХ-д оруулна. Харин дүгнэлт гарсныг үндэслэн УИХ-­ын гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ өөрийн бүрэн эрхэд хадгалан шийдвэрлэдэг байхаар үндсэн хуульд тусгажээ” хэмээжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэж Цэц тогтоож, дүгнэлт гаргасан ч шийдвэрлэх эрх нь халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний бодлоос шалтгаалах аж. Улмаар хууль зөрчсөн УИХ-ын гишүүний хувь заяа нийт гишүүдийн хүн чанараас шалтгаална гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд прокурорын зүгээс яллах дүгнэлттэй танилцуулсан гишүүний эрхийг түдгэлзүүлсэн асуудалд хууль биш “хүн чанар” дийлснийг бишгүй харсан. Иддэгээрээ ижилсэж, хумсалдгаараа хуйвалдан тохой залгаж суугаа тэдний хувьд нэгнээ прокурорт өгчихвөл маргааш нь өөрөө ороогдох тавилан хүлээж байгаа учир хамгаалж гарах нь Цэцийн дүгнэлтээс чухал. Ийм нөхцөлд төслийн заалт төлөвлөснөөрөө батлагдвал чанарын өөрчлөлт гарахгүй нь. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс, амжилт ололт гэж хөөрцөглөх нь ч иргэддээ “модон морь унуулж, молиго үмхүүлж” байгаагаас юуны ялгаа. Нөгөөтэйгүүр нэгэнт л “Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалтаар эрхэнд нь халдахаас хойш “өргөсөн тангаргаас няцаж үндсэн хууль зөрчвөл” гэх угтвар зүүж иргэдээ хуурах шаардлага байсан ч юм уу. Түүний оронд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон л бол шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгах боломжийг хуулийнханд өгсөн бол “загатнасан газар маажих” шиг оновчтой болох байлаа.











    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын шинэ эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд оролцоно

     0 сэтгэгдэл

    Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын эзэн хааныг сэнтийд нь залах төрийн ёслолд оролцохоор өнөө өглөө арлын орныг зорсныг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Япон улсын 126 дахь эзэн хаан Нарүхито нь өнгөрөгч 5 дугаар сард эзэн хаанаар өргөмжлөгдсөн. Эзэн хааныг сэнтийд нь залах ёслолд  Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэргээс 2500 гаруй зочин, төлөөлөгч уригдсан. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор, Монгол Улс гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна. Хоёр улсын хооронд стратегийн түгшлэлийн хэлэлцээр 2017 онд байгуулсан юм. Хэлэлцээрийн зорилго нь хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм. Энэ удаагийн төрийн ёслолоос манай Ерөнхий сайд ямар олзтой ирсэн талаар бид эргэн мэдээлнэ. 

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Тусгай сангийн ₮ 84.9 тэрбумаас өөр хувийн секторыг дэмжих хөрөнгө алга

     0 сэтгэгдэл
    • Төсвийн орлогын бараг гуравны нэгийг нь уул уурхайн салбараас олохоор тооцоолсон
    • Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын төрсөн нутаг, сонгогдсон аймаг Хэнтийд хэт их хөрөнгө оруулалт суусан бол, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс руу улсын мөнгийг урсгаж байгаа “хэрэгт” давхар унаж байна



    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн танилцуулгад дурдсанаар төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг. Инфляцитай уялдуулан цалин, тэтгэвэр, халамжийг нэмэхэд 327 тэрбум төгрөг, цөлжилтийг сааруулахад 6.5 тэрбум, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгаа хийхэд 8.1 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгаснаа танилцуулгын үеэр илүү тодотгосон. Бараг таван хуудас дүүрэх танилцуулгад харин ирэх жил хувийн секторт ажлын байрыг хэдээр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих талаар ганц ч үг үсэг байсангүй. Тусгай сангуудыг нэгтгээд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан хэмээн нэрийдсэн. Түүнд тусгасан 84.9 тэрбумаас өөр олон тулгуурт эдийн засгийг ингэж хөгжүүлнэ гэсэн ямар ч хөрөнгө тавиагүй байна. Харин төсвийн орлогын бараг гуравны нэгийг нь уул уурхайн салбараас олохоор тооцоолсон бөгөөд энэ нь 3.2 их наяд төгрөг. Мөн ААНОАТ-аас 1.9 их наяд, дотоодын барааны НӨАТ 1.3 их наяд, автобензин, дизель түлшний татвар 280.6 тэрбум, автомашины татвараас 264.4 тэрбум, гаалийн албан татвар 875 тэрбум, импортын барааны НӨАТ 1.8 их наяд, согтууруулах ундааны татвар 408.4 тэрбум, АМНАТ 1.3 их наяд, агаар бохирдуулсны төлбөр 44 тэрбум, газрын төлбөр 107.5 тэрбум төгрөг гэх мэтээр орло го бүрдүүлэх жагсаалт хөвөрнө. Харин зардал, тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалт тойрсон маргаан гишүүдийн дунд дэгдлээ. Жилийн жилд гардаг тойргийн хөрөнгө оруулалт дагасан гомдол энэ удаа ч давтагдав. Сайдууд өөрийн сонгогдсон тойрогт илүү хөрөнгө оруулалт суулгадаг хэмээн барьцдаг гишүүд Хэнтий, Увс аймгийг илүү онилж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарын төрсөн нутаг, сонгогдсон аймаг Хэнтийд хэт их хөрөнгө оруулалт суусан бол, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс руу улсын мөнгийг урсгаж байгаа “хэрэгт” давхар унаж байна. 

    Төсвийн хөрөнгө оруулалтад гишүүдийн илэр хийлсэн байр суурийг хүргэе.
    Д.Оюунхорол: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭДЭД ЯАЖ НААХ ВЭ ГЭДГЭЭ АНХААРААЧ 

    -Мэдээж бид үр ашигтай, зөв зохион байгуулалттай төсөв бат-лах ёстой. Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын бод лого тэгш бус, хуваа рилалт нь биш байгааг ойлгож байгаа байх. Эдийн засгийн өсөлтийг хүнд яаж наал дуу лах, айл өрхийн хаал гаар яаж оруулах вэ гэдэг дээр бод ло-гын хувьд эргэж хараач ээ. Мөн Хавдрын эмнэлгийн хөрөнгө оруу-лалт болох 19.9 тэрбум төг рөгийг зайлшгүй төсөвт тавих ёстой.


    Д.Хаянхярваа: ХЭНТИЙД УЛСЫН ЧАНАРТАЙ БУС ХӨРӨНГӨ ₮142 ТЭРБУМ БАЙГАА НЬ “АРАЙ Ч ДЭЭ” ГЭМЭЭР 

    -Төсвийн мөнгөөр хөрөнгө оруулах гэж байгаа зүйлсийг харахад бас “арай ч дээ” гэмээр зүйл байна. Энэ жил аймгуудын дундаж хөрөнгө оруулалт 30-32 хувь байхад зарим аймаг хэт өндөр байна. Жишээлбэл, Хэнтий аймаг 142 тэрбум төгрөг. Энэ бол улсын чанартай биш хөрөнгө оруулалт нь. Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт 1.8 сая төгрөг гэсэн үг. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь Хэнтий аймагт байгааг гишүүд шүүмжилж буйтай санал нэг байгаа. Үүнийг хэлэлцүүлгийн явцад эргэн харах байх гэж бодож байна. Аялал жуулчлалыг ярьж, дэмжих ёстойг ойлгож байгаа ч хөрөнгө зарахгүйгээр хийх ажил байгаа гэдгийг бодох ёстой. Нэг газар тодорхой барилга барьснаараа аялал жуулчлалыг дэмждэг гэж бодохгүй байна. 


    М.Энхболд: ЗУРАГ ТӨСВИЙН МӨНГӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЖ БАЙНА

    -Энэ жил эдийн засаг 7.1 хувийн өсөлттэй байгаа. Гэтэл энэ хугацаанд ядуурал 1.2 хувь буурсан гэж Дэлхийн банк дүгнэсэн. Ийм үед иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, цалин тэтгэврийн нэмэгдлийг анхаарах нь зөв. Төсвийг нэмэгдүүлж байгаа нэг зүйл бол зураг төсөл. Энэ нь төсвийг 82 хувиар нэмж байна. 5-10 хувиар өсгөж болох ч 82 хувиар өснө гэдэг байж болохгүй зүйл.

    Ш.Рандаасэд: МАХНЫ ЭКСПОРТЫГ ХОРЬСНООР МАЛЧДЫН ОРЛОГО БУУРЧ БАЙНА

    -Мөнгө гаргахгүйгээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх асуудлыг орхиж байна. Тухайлбал, арьс, ширний үйлдвэрлэлүүд элгээрээ хэвтлээ. Ч.Улаан сайд гарч ирэхдээ их сайхан юм ярьсан ч одоо таг. Тухайлбал, махны үнийг бууруулахын тулд мал, махны экспорт бууруулсан. Энэ хэрээр малчдын орлого буурч байна. Мах нь үнэгүй, арьс шир нь хог дээр хаягдаж байгаа. Хөгжлийн банкны зарим нэг хөтөлбөрүүдийг зайлшгүй явуулах ёстой байна. 21/100 хөтөлбөр баталсан ч хэрэгжиж байгаа юм алга.

    Б.Баттөмөр: УЛСААСАА БАЯН ХҮМҮҮС БАЙНА

    -42 сая тонн нүүрс гаргана гэж Засгийн газар тооцоолжээ. Дэлхийн бизнесийн чиг хандлага тэнцвэр, зохицуулалт руу явах ёстой, үүнийг нь төр хийх ёстой. Баялгийн менежментээ маш сайн хийх ёстой юм. Бид менежментээ хийж чадахгүй байна. Хувийн хэвшлээ дэмжиж болно, тэгэхдээ менежмент сайтай, хөрөнгө татах чадвартай аж ахуй нэгжүүдээ дэмжих нь зөв. Ашигт малтмалын үр шимийг ард түмэн хүртэж чадахгүй байна. Баялгийн эзэд нь ядуурч, бага хэмжээний татвар төлөөд улсаасаа баян болсон хүмүүс байна. Баялгийн менежментээ зөв хийхгүй Монгол Улс цааш хөгжихгүй шүү гэдгийг тал талдаа бодох ёстой.

    О.Содбилэг: ХҮНДЭЭ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

    -Улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт хотод хөрөнгө оруулалт бага хуваарилагдаж байна. Улсын төсөвт өндөр татвар төлж, төлөвлөгөөгөө биелүүлдэг, хүн ам нь 100 мянга давсан хот. Хүн амын төвлөрөл ихтэй бүсийнхээ хүн рүү анхаарах хэрэгтэй. Бодлогын төсөв гэж ярьж байгаа ч хүн багатай газарт өндөр төсөв олгосон нь харагдаж байна. 2020 оны төсвийг хэрэгжүүлснээр манай намын мөрийн хөтөлбөр 95 хувь хэрэгжих боломжтой гэсэн ч тодорхойгүй. Бид мөрийн хөтөлбөртөө хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн боловч хаана хэрэгжих нь ойлгогдохгүй байна.















    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Авлигатай тэмцэх бус, тэтгэх тогтолцоотой Монгол Улс

     0 сэтгэгдэл
    • Монгол Улс авлигын индексээр сүүл мушгисаар буй шалтгааныг Хонконгийн АТГ-ын дарга асан Тони Квок боловсон хүчний дутагдал болон хуулийн орчныг тодорхой болгож өгөөгүйтэй холбон тайлбарлалаа. Гэтэл Азийн улсууд авлигын эсрэг хэрэгжүүлсэн аргаараа дэлхийд шагшигдаж байна
    • Авлига нүүрлэсэн тогтолцоогоо эрх баригчид өөд нь татах уу, иргэд өөрчлөх үү 
    • Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий
    • Сингапурын Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм 
    • Хонконгийн АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг

    Дэлхийн улсуудын авлигыг 100 онооны системээр үнэлж, 50-иас доош оноотой оронд авлига ноцтой хэмжээнд нүүрлэсэнд тооцдог. Өнгөрсөн онд 88 оноогоор Дани улс тэргүүлсэн бол 10 оноогоор Сомали 180-д буюу адгийн байрт орсон. Тэгвэл энэхүү индексээр Монгол Улс 2013 оноос хойш 36-38 оноо авч сүүл мушгисаар ирлээ. Энэ түвшинд үнэлэгдсэн орнуудын түгээмэл зураглал бол эрх баригчид, тэдний хүрээллийн цөөн хэсэг хэт хөрөнгөжиж, харин олонх нь ядууралд өртдөг байдал юм. Үүнийг залруулахын төлөө тэдгээр хөрөнгөжсөн улстөрч, шийдвэр гаргагчид хуруугаа ч хөдөлгөлгүй, гацсан байдалтай олон жилийн нүүр үзлээ. Олон нийт ч Монгол Улсыг дэлхийд шившиглэсэн энэ байдалтай эвлэрч, хөмөрсөн тогоон дотроо хөрөнгөжсөн хүмүүсийнхээ өнөөх аргаар өчүүхэн амиа хоохойлохын төлөө тэмцэлдэнэ. Уг нь албан тушаалын төлөө тэмцэлдэх бус авлигатай тэмцвэл өнөөдрийн Дани, Шинэ Зеланд шиг иргэн бүр дунджаас дээгүүр орлоготой болж, эх орондоо амар тайван амьдрана гэдгийг хэзээ ойлгох бол.

    ХОНКОНГ “ЖАРААХАЙ” БИШ “ТУЛ ЗАГАС”-ТАЙ ЭХЭЛЖ ТЭМЦЖЭЭ 

    Өнөө цагийн авлигын аранга болсон улс бол өмнөд хөрш маань. Хятадын төрийн дээд удирдлагуудын дундах авлигын сүлжээг задалсан Ши Жиньпиний “Барын ав” ажиллагааны талаар дэлхий нийтээрээ шагшиж байна. Намын хурлаар хийдэг боловсон хүчний тохиролцоо, хурлын өмнөх улс төрийн нөхцөл байдал, “барын ав” буюу хүчний байгууллагуудад хийсэн цэвэрлэгээ зэргийг тодорхой хэргүүдээр жишээлж бичсэн номыг манай АТГ-ынхан орчуулуулж цөөн тоогоор хэвлүүлээд, хууль хяналтынхан болон улс төрийн зарим хүрээлэлд тараасан юм. Гэхдээ энэ номын тухай биш, Хятадын нөлөөгөөр Хонконг дахь авлигыг цэгцэлсэн зарим жишээнээс сонирхуулъя. 1960-1970-аад оны үед Хонконгод авлига хэвийн үзэгдэл болтлоо цэцэглэн хөгжсөн байв. Наад захын жишээ нь сар бүр таксины жолооч нар цагдаад хоёр долларын авлига өгч тусгай дүрстэй наалт авдаг байв. Түүний автомашиныхаа шилэнд наагаад хаана ч, яаж ч дүрэм зөрчиж болдог байлаа. Мөн хүүхэд төрүүлэхдээ эмнэлэгт эсэн мэнд амаржихийн тулд авлига өгч эхлээд, үхэхдээ оршуулгын газарт гайгүйхэн үйлчилгээ авах хүртлээ яг Монголын өнөөгийн нийгэм шиг амьдралынхаа турш “гар цайлгах” шаардлагатай тулгардаг байжээ. 1974 онд Хонконгод Авлигатай тэмцэх газар (ICAC) байгуулав. Тэд авлигын хэргийг ганц нэгээр нь илрүүлээд үр дүнгүйг ойлгож, шууд зохион байгуулалттай гэмт бүлгийн араас явжээ. Ингэж эрчимтэй ажиллаж, илрүүлсэн хэрэгтнүүдэд хуулийн хатуу шийтгэл оноосоор ердөө гурван жилийн дотор цэгцэлж чадсан гэж хэлэхэд болно. Манай АТГ шиг “спорт загасчлал” хийх, “жараахай барих” бус шууд “тул” шүүрч, үндсийг нь таслан зогсоосон нь энэ аж. Гэхдээ амжилтын нууц нь хараат бус байдалтай шууд холбоотой.  ICAC-ийн даргыг Бээжингээс томилдог. Түүнд Хонконгийн Ардын хурлын гишүүд, төрийн удирдах албан тушаалтнууд нөлөөлөх ямар ч боломжгүй, АТГ-ын дарга Ерөнхийлөн захирагчдаа л ажлаа танилцуулдаг аж. Ардын хурлын нэгэн гишүүн Ерөнхийлөн захирагч руу “Танай АТГ-аас намайг мөрдөөд байна” гэж  и-мэйл илгээснийхээ төлөө мөрдөн байцаалтад нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр хоёр жилийн ял авсан түүх бий. Ингэж цэгцлэхдээ төрийн албан хаагчдыг ч хамруулав. Тухайлбал, барилгын зөвшөөрөл олгосон компанид эхнэрээ өндөр цалинтай ажилд оруулсан түшмэл, ханган нийлүүлэх гэрээ байгуулсан менежер, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг нууц амраг бүсгүйнхээ зуучлалаар чирэгдэлгүй олгодог байсан этгээд, хамаарал бүхий хүндээ тендер олгосон дарга гээд шат шатны төрийн үйлчилгээнийхэн торны цаана сууж байв. Тэр бүү хэл, ажлаа бүтээлгэснийхээ төлөө биеэ үнэлэгч “бэлгэнд авсан” “хурган” дарга нэг жил шоронд сууж, төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан жишээ бий. АТГ-ын мөрдөн байцаагчид нь сэжигтнээ саатуулах, хилийн хориг тавих бүрэн эрхтэй. Гурван сарын хугацаанд хэргийн 50 хувийг, жилийн дотор 90 хувийг илрүүлээгүй бол дотоод хяналтдаа шалгуулахад хүрдэг. Тиймээс хэргийг хөөн хэлэлцэх хугацааны жишиг нь хуульд заагдаагүй ч нэг жилийн дотор шийдвэрлэсэн байхаар шуурхайлдаг. Хонконгийн 170 мянган төрийн албан хаагч толгой дараалан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх албагүй аж. Харин тэднийг АТГ-ын 1400 ажилтан хараанаасаа салгалгүй ажиглаж, автомашинаа солих, шинэ байранд орох гэх мэт хөрөнгийн хөдөлгөөн бүрт нь шалгалт хийдэг байна. Энэ мэт олон жишээг Хонконгийн АТГ-ын даргаар ажиллаж байсан ноён Тони Квок ярьсан юм. Тэрбээр дэлхийн 26 оронд Хонконг хэрхэн авлигаас ангижирсан түүхээр илтгэл тавьсан ба Азийн сангийн төслийн дагуу 2007 онд анх Монголд ирж ажиллаж байв. Хамгийн сүүлд 2010 онд ирснээс хойш есөн жилийн дараа буюу энэ сарын 10-нд манай хууль хяналтынханд сургалт хийхээр ирэх үедээ Монгол Улсын авлигатай тэмцэх ажиллагаа нэгэн хэвийн, амжилт багатай яваа нь Монгол Улсын 30-хан мөрдөн байцаагч АТГ-т ажиллаж, мөн хуулийн орчин бүрхэг байгаатай холбон тайлбарласан юм. Мөн мөрдөн байцаагч, прокурорынхон хэргийг шуурхай илрүүлж, яллах дүгнэлт хийсэн ч шүүх шударгаар шийдэхгүй бол энэ ажил хэзээ ч үр дүнд хүрэхгүйг тэрбээр анхааруулж байлаа. Азийн зарим улсад 200 хэрэг “боож” шүүхэд шилжүүлэхэд дөнгөж 20-ийг нь шийдвэрлэсэн үзүүлэлт байгаа нь авлигатай тэмцэх сонирхолгүйн жишээ гэдгийг Тони Квок онцолсон юм. Харин манайд 2016 онд 25, 2017 онд 46, өнгөрсөн жил 37 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тоон мэдээтэй байна. 

    ОЛОН УЛСЫН ЖИШИГ БА МОНГОЛ 

    Авлигын индексээр эхний дөрөвт ордог улс бол Сигапур. Азийн улсуудаас хамгийн анх буюу 1952 онд Авлигын үйлдлийг мөрдөн шалгах товчоо (CPIB) байгуулж ажиллав. 1965 онд тусгаар улс босныхоо дараа Ерөнхий сайд асан Ли Куан Ю-гийн дотны найз, орон сууцны асуудал хариуцсан сайд нь авлигын хэрэгт холбогдож байлаа. Гэр бүлийн найз тул хэрэгт орооцолдсон сайдын эхнэр ноён Ли-гийн гэрт ирээд, найзыгаа аврахыг гуйсан аж. Харин Ерөнхий сайд “Та нөхрөө авлига аваагүй гэдэгт итгэж байна уу” гэж асуужээ. Эхнэр нь ч “тийм” гэж. “Тэгвэл шалгуулаад гараад ирэхийг нь хүлээе” хэмээн хэлсэн гэдэг. Харамсалтай нь авлигын хэрэг нотлогдож, Ли Куан Ю-гийн дотны найз уучлал хүссэн захидал бичээд амиа хорлосон юм. Уг захидлыг одоог хүртэл Сингапурын CPIB-ын сайтад байршуулсан байдаг. Энэ явдал авлигын хэргийг огцом хумив. Ерөнхий сайд дотны найздаа ингэж хандаж байгаа юм чинь бидэнд ямар ч аврал үгүй юм байна гэх айдсыг авлигачдад төрүүлж чадсан юм. Одоо Сингапурын төрийн албан хаагчдыг гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс дээш зээлтэй байхыг хориглодог бөгөөд  зөвхөн өөрт нь зориулсан, өөр хаа ч байхгүй хямдралаар автомашин авсан бол авлигын хэргээр шоронд орно гэх мэт хатуу заалттай хууль мөрдөж байна. Азийн бусад улсын хувьд ч ялгаагүй авлигатай тэмцэх ажил идэвхтэй өрнөсөөр байна. БНСУ-д гэхэд л Албан ёсны мэдээллийг ил болгох тухай хуулийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Иргэдийн мэдэх эрхийг хангаснаар төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн албан дахь авлигатай тэмцэх том хөшүүрэг болсон уг хуулийг Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам нь гардан боловсруулж, батлуулж, хэрэгжилтэд анхаарч байна. Гэтэл манай ХЗДХЯ ямар байгаа билээ. Мэргэжилтнүүдийн боловсруулж өгсөн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийн төслийг дарсаар байгааг нь шүүмжлээд байхад үл тоомсорлох атлаа сайдынхаа өндөр үнэтэй шинэ машины эх сурвалжийг нотлохоор улайрч байх жишээний. Түүнчлэн Солонгост нийтийн ашиг сонирхлын төлөө авлигыг илрүүлэн мэдээлсний шууд үр дүнд төрд учрах хохирол, алдагдлаас сэргийлсэн тохиолдолд “шүгэл үлээгч”-ийг гурван тэрбум хүртэлх воноор урамшуулах хуультай. Харин манайд “шүгэл үлээгч”-ийг урамшуулах бүү хэл хамгаалах тухай асуудлыг дөнгөж хөндөж эхэлж байна. Төр засгаас авлигатай тэмцэх шийдвэртэй алхам хийхгүй бол авлигыг үл тэвчсэн иргэдийн шийдсэн үйлдэл нийгмийг орвонгоор нь өөрчлөх тохиолдол бий. “Арабын хавар” хэмээн нэрлэгддэг, олон улсад засгийн газруудын эсрэг өрнөсөн тэмцэл эхэлсэн шалтгаан нь Тунис дэх гудамжны худалдаачинтай холбоотой. Тэрбээр өдөр бүр нэг долларын авлига авдаг байцаагчийг үл тэвчихдээ төв талбайдаа өөрийгөө шатаасан түүхтэй. Эхнэр, таван хүүхдээсээ гадна өндөр настай ээж, хүнд өвчтэй ахыгаа тэжээдэг түүний хувьд өдрийн нэг долларын авлига бол нялх хүүхдийнх нь гурван өдөр идэх сүүний мөнгө байв. Энэ мөлжлөгийг үл тэвчсэн худалдаачин амиа өргөснөөр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал нэг сарын дотор засгийн газраа унагасан. Энэ жагсаал Йемен, Ливи, цаашлаад Египетэд халдварлаж, хэд хэдэн засгийн газрыг унагасан юм. Монголд төрийн үйлчилгээг авахын тулд нэгэн байгууллагын олон давхрыг элээж, хаалга бүрийн цаана “гар хүндрүүлэх” болзлыг хангаж чадвал хэргээ бүтээдэг эмгэнэлтэй амьдралд монголчууд дарлуулаад удлаа. Бизнес эрхлэгчид төрийн хүнд суртлыг гэтэлгэж дийлэхгүй сөхрөхдөө өөрсдөө төрд шургалж, давуу байдал бий болгохоор улайрна. Жилийн жилд энэ тэмцэл илүү боловсронгуй болж өрнөсөөр, харин цаана нь “авлига” улам хүчирхэгжин оршин тогтносоор. Энэ байдлыг зогсоох хараат бус мэргэжлийн байгууллагын удирдлага эрх баригчдын бээлий мэт солигдож байхад иргэд ямар үр дүн хүлээх билээ. Үл тэвчихийн туйлд хүрч, өөрийгөө шатаах нэгэн гарахаас нааш сэрж, сэрэмжлэхгүй гэж үү, монголчууд аа.