A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1669/

Алтны ил тод байдал хумигдаж болзошгүй

Төв банкны алт худалдан авалт 19.8 тоннд хүрчээ

Алтны ил тод байдал хумигдаж болзошгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1669/


МОНГОЛ
Дархан-Уул аймгийн иргэн Дорж олборлосон алтаа тушаагаад охиныхоо сургалтын төлбөрийг төлжээ. Ингэснээр намраас хойш чихнээс нь уяатай байсан нэг хонхоо чимээгүй болгосондоо Дорж додигор байна. “Сургалтын төлбөрийн дарамтаас салж санаа амарлаа. Одоо цагаан сар хүртэл их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарахгүй” хэмээн тэрбээр өгүүлж байна. Энэ намар Дархан-Уул аймагт Үнэт металлын шинэ лаборатори үүдээ нээж, үйлчилгээгээ бичил уурхайчдад илүү ойртуулсан. Ингэснээр гар аргаар алт олборлодог олон Дорж алтаа төв банкинд тушаахаар айдас тээн Улаанбаатар хотыг зорихоо больж, орон нутагтаа борлуулдаг болсон нь олборлогчдын магнайг тэнийлгэжээ.

Шинэ лаборатори иргэдээс алтыг нь Лондоны үнэт металлын биржийн ханшаар худалдан авч буй нь дэлхийн зах зээл Дарханд нүүдэллэн ирсэн гэлтэй. Энэ сарын 5-ны байдлаар тус лаборатори 107 килограмм алтыг иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авсныг төв банк мэдээлж байна. Ингэснээр орон нутагт байгуулсан үнэт металлын шинэ лабораториуд Монгол Улсын алтны нөөцийг зутаатгахад түлхэц болсон. Мөн энэ үед төв банкны алт худалдан авалт 19.8 тоннд хүрсэн нь 2017 оныхоос 3.2 хувиар ахисан дүн. 

Ингэснээр иргэн Доржийн тушаасан эрдэнэс алтны ил тод сүлжээгээр дамжсаар эх орныхоо эдийн засгийн дархлааг тэтгэж, Монголын эдийн засгийн баганыг бататгахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Бичил уурхайн олборлолтын сүүдрийг сөхөж, ужгирсан асуудлыг шийдэж, зөв зохион байгуулалт оруулсан нь ийнхүү энгийн иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэр болоод зогсохгүй Монголын эдийн засгийн үл ганхах баганыг тулахад чухал нөлөө үзүүлж байна гэсэн үг.

Алт тушаалт өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өсчээ

Гэтэл нэгэн цагт иргэн Дорж Монголын эдийн засагт дэм үзүүлэх нь бүү хэл төр, засаг ч үл шийдэж чадах “шүдний өвчин”ий нэг хэсэг болчихоод байсан нь үнэн. Дорж шиг хувиараа алт олборлогчид “нинжа” хэмээн адлуулж, нийгмээс гээгдсэн мэт амьдарч байсан. Гэтэл бичил уурхайн сүлжээний сүүдрийг сөхөж, хууль бус олборлолтыг албажуулснаар алтны салбар цэгцэрч, нийгмийн нэг “шүдний өвчин” эдийн засгийн амь болчихоод байгаа нь энэ. Дорж өдгөө нөхөдтэйгээ хоршоо байгуулж, хууль, журмын дагуу олборлолт хийдэг болсон. ингэж албан бус олборлолтыг ил тод болгосноор уул уурхай төдийгүй экологи, эдийн засаг, нийгмийг хүлсэн гурвалсан гинжийг тасалжээ.

ЛАТИН АМЕРИК


Монгол Улс ийн албан бус олборлолтыг албажуулж буй бол бичил уурхай энэ салбарын том сүүдэр хэвээр. 1980-аад оны эхээр бичил уурхай дагасан гэрэл, сүүдэр Латин Америкийг дайрч байжээ. 20 дугаар зууны сүүлчээр эхэлсэн уул уурхайн тэсрэлт Латин Америкийн Боливи, Чили, Перу зэрэг улсыг дайрч, уул уурхай дагасан сорилтууд ар араасаа цуварчээ. Эквадор улс л гэхэд одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөн усыг хяналтаасаа алдаж, химийн энэ элементийн өмнө өвдөг сөхрөхөд хүрээд байв. Аравхан настай бяцхан хүү Чад мөнгөн усаар тоглож буй гэрэл зураг дэлхий нийтийг цочоож байсан удаатай. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд Эквадор алтны бодлогоо нээлттэй болгож, хууль журмаа хөнгөвчилсөн. 

Мөн Боливи, Перу улсад хүүхэд эмэгтэйчүүд уурхай дагасан хүнд хүчир ажилд үрэгдэж, алт олборлолт зах замбараагаа алдсан. Боливийн Засгийн газар, төв банкны алтны худалдааны хөтөлбөр нээснээр алтны далд худалдаачид болон Боливи-Бразилийн хил дээрх ченжийн сүлжээнд том цохилт өгчээ. Ингэснээр тус улсын хууль ёсны алтны үйлдвэрлэл 25 хувиар өсчээ. Боливи дэх алт худалдан авах түргэн үйлчилгээний цэгүүд нь том хотуудад биш уурхайн ойролцоох зам, жижиг суурин зэрэг бичил уурхайчид очиход дэд бүтцийн хүндрэлгүй газруудад чөлөөтэй нээж эхэлсэн байна. 

Дэлхийн №1 эдийн засаг болох Америкийн зарим зах хязгаар нутгуудад бичил уурхайчид алт хайн тэнүүчилдэг бөгөөд аль XIX зуунд ухаж сэндийчсэн хэсгийг дахин онгичиж эхэлсэн тухай CNN агентлаг тусгай сурвалжилга хийн гаргаж байсан юм. Агуу Америкаас эхлээд Ази Африкийн олон орон өнөө хэр уул уурхайн сүүдэр болсон албан бус олборлолттой нүүр тулж байна. Ийнхүү бичил уурхайчдын тоо өсөхийн хэрээр хааж хориглохоос илүүтэй зохицуулах, ил тод байлгах, хамтран ажиллах бодлогыг дэлхийн улсууд чухалчлах болжээ. 

Монгол Улс алт дагасан олборлолтыг ил болгохоор зорьсон. 2012 онд эх орны алтаар эрдэнэсийн сангаа зузаатгахын төлөө алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон түүхтэй. Ингэснээр төв банкинд алт тушаах иргэн, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдсэн юм. Гэтэл энэ хуулийн хугацаа улирч буй 2018 онтой хамт дуусна. Холбогдох албаныхан алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байх зохицуулалтыг цааш таван жилээр сунгах санал УИХ-д өргөн барьсан. Монголын эдийн засагт амь тариа болсон энэ хуулийн хугацааг сунгах нь зүйтэй гэж бодлого тодорхойлогчид үзсэн. Гэхдээ зарим төрийн түшээ алтны татварыг өсгөх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлээд байна. Монгол Улс алтны татварыг өсгөөд, тус таваарын зах зээлийг далд хэлбэрт шилжүүлж, гадаад хөрөнгө оруулагчдыг үргээж байсан гашуун түүх саяхных. Өнгөрсөн жилүүдэд алтны салбарт өрнөсөн ахиц дэвшил, доржийн амьдралын өөрчлөлт, өсөлтийг өндөрсгөсөн татвар, журмууд салхинд хийсгэж болзошгүй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Ганбаатар: Вирусээс шалтгаалж шахмал түлшний хомсдол үүсэхгүй

 0 сэтгэгдэл
  • Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг Хятадын үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ

Сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд нь барьцалдуулагч бодис байдаг. Уг бодисыг манай улс урд хөршөөс импортолдог юм. Гэтэл энэ бодис тасрах эрсдэл үүсчээ. Учир нь Хятадын зарим мужид коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Үүнээс үүдэж түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажилд хүндрэл гарах эрсдэл үүссэнийг Улсын онцгой комиссын хурал дээр танилцуулсан юм. Монгол Улс БНХАУ-аас сайжруулсан түлшний түүхий эд болон утаа мэдрэгчийг импортоор авдаг. Хэрэв цаашид нийлүүлэлт зогсож, одоо байгаа нөөц дуусвал нийслэлчүүд түлшний хомсдолд орох эрсдэл нүүрлэнэ. Энэ асуудлаар Улсын онцгой комиссын хурал дээр тодорхой саналыг гаргаж, өөр улсаас түүхий эд авахаар судалж эхэлжээ. Иргэдийн дунд ч хомсдол үүсэх вий гэх болгоомжлол байна. Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодруулахад “Өнөөдрийн хувьд 10 хоногийн нөөц байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг дуусахаас өмнө бид нөөцөө дахин бүрдүүлж амжина. Одоогоор Новосибирскээс татах гэж байна. Долоо хоногийн дотор нэг сарын нөөц бүрдүүлэх боломжтой учраас санаа зоволтгүй. Сайжруулсан шахмал түлшний хомсдолд орж, тасалдана гэсэн ойлголт байхгүй” хэмээн ярилаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

 0 сэтгэгдэл
  • 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг коронавирус салхинд хийсгэх нь
  • Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг “Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирусийн улмаас Монголын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулах нь. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт ирэх сар хүртэл зогссоноор нөхцөл байдал улам эмзэг болж ирэв. “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын хэлснээр манай улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо бүрмөсөн алдах нь нэгэнт тодорхой боллоо. 2020 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс татварын орлогоор 1.4 их наяд төгрөг олохоор Засгийн газар тооцоолсон. Гэвч коронавирусээс улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн манай улс багагүй алдагдал амсахаар байна. Хэрэв бид дээр дурдсан төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хийж чадахгүй бол цалин тэтгэвэр тавих асуудал цаашид хүндэрнэ гэсэн үг. Орлогогүй төсөв ийм нөхцөлд зардлаа танахаас өөр хувилбаргүй. Төсвөө тодотгоод ч эдийн засгийн уналтыг зогсоож дийлэхгүй. 42 сая тонныг экспортлох Засгийн газрын төлөвлөгөөг коронавирус ийнхүү салхинд хийсгэх нь. БНХАУ-ын Баяннуур хот, Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэх газар коронавирусийн халдварын хоёр ч тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглох шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 51 хувийг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэдэг. Зөвхөн тус боомтоор гэхэд жилд 3.5-4 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тэгвэл Гашуунсухайтын боомт хаагдсанаас хойш манай улс өдөрт 10 гаруй сая ам.доллар буюу төв банкны мягмар гарагт зарласан албан ханшаар тооцож үзвэл 27.5 тэрбум төгрөг алдаж байна. Үүнийг 30 хоногоор үржүүлж тооцвол 300 гаруй сая ам.долларын орлогоо бид тавиад туух нь. Бусад боомтыг оруулж тооцвол үүнээс илүү өндөр тоо гарах нь дамжиггүй. 

Төсөв нь орлогогүй, улсын сан хөмрөг нь хоосон улс яаж дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн салбараа тэтгэж, тэжээх чадах билээ. Хамгийн ноцтой нь, Хятадын тал Монголоос авах уул уурхайн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 30-60 хүртэлх хоногоор хойшлуулж байгаа нь эдийн засагт урилгагүй хямрал дуудлаа. Ядаж байхад яр гэгчээр манай улс ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах хатуу хуваарьтай. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нэгдүгээр сард улсын нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар ахисан. Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч, энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 оныг дахин давтлаа. Уул уурхайн эдийн засагч Л.Наран баатар “2020 он сорилттой жил болохоор байна. Аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлага хугацаанаасаа хоцорч, зээлийн эргэн төлөлт муудаж байгаа нь ажиглагдах болсон. Уул уурхайн компаниудын сэлбэгийн хангалт тасарснаас болж техникүүд нь сул зогсож эхэллээ. Үүнийг дагаад ажил эрхлэлт муудна. Нөхцөл байдал энэ чигээр дахиад сар үргэлжлэхэд манай эдийн засагт томоохон хямрал авчирч мэдэхээр байна” хэмээн өөрийн нүүр номдоо бичжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг ихээхэн өөдрөг төсөөлж, тогтвортой өснө хэмээн таамаглаж байсан. Тэгвэл нүүрсний экспорт хумигдаж, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа саармагжсанаар эдийн засаг агших дүр зураг ажиглагдаж эхэллээ. Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг “Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм. Өмнөд хөршийн нүүрсний эрэлт ихэсдэг хугацаа гэвэл дөрөвдүгээр сараас эхлээд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энэ үед дэд бүтэц сайтай орнууд илүү давуу боломж эдлэх нь бий. Харин манай улсын хувьд авто замаар нүүрсээ тээвэрлэдэг учраас урт удаан хугацаанд зогссон салбарынхан бэлтгэл ажлаа хангаж, жигдэртэл багагүй хугацаа орно. Нүүрсний биет хэмжээгээ үлэмж ахиулахад төмөр замын ач холбогдол их. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэвч өнөөдрийг хүртэл уг төмөр зам ашиглалтад орсонгүй. “Чингис” бонд болон “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашгаас багагүй хэмжээний мөнгийг энэхүү төсөлд юүлсэн билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нэг тонн нүүрс төмөр замтай болбол тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар нүүрсээ өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх боломж бүрдэхээр байгаа юм. Нүүрсний экспортоос гадна ирэх тавдугаар сард ОУВС-тай байгуулсан “Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөр” дуусахаар байгаа. 2017 оноос хойш хэрэгжсэн энэхүү хөтөлбөр зогссоноор манай улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт буурч болзошгүй гэсэн таамгийг мөн хийгээд байна. Тэрчлэн УИХ-ын ээлжит сонгууль энэ онд тохиож байгаа нь ДНБ-ий өсөлт уруудах ээлжит үндэслэлд тооцогдоно. Корнонавирусийн тархалт намжихаас Монголын эдийн засаг өсөх, уруудах нь хамаарахаар байна. Хятадын эдийн засгийн зогсонги байдал тус улсаас хараат эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх аж. Өмнөд хөршийн эдийн засаг энэ онд агших таамгийг Bloomberg болон J&P Morgan, Economist Intelligence Unit тэргүүтэй байгууллагууд дэвшүүлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Тавантолгой”-н IPО цаг хугацааны эрсдэлд орж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл
  • Хонгконгийн хөрөнгийн биржийн ханш унаснаас хойш дэлхийн хувьцааны зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд ам.доллараар буурав
  • Шинэ төрлийн вирусийн халдварын тархалтын нөлөөгөөр компаниуд Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргах хугацаагаа хойшлуулах хандлага ажиглагдаж байна 

УИХ 2018 оны зургаадугаар сарын 22-нд “Эрдэнэс тавантолгой” компанийн нийт хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгө оруулагчдад дахин санал болгох тухай агуулга бүхий тогтоолын төслийг хуульчилсан юм. Ингэснээр хамгийн багадаа нэг тэрбум орчим ам.доллар босгох боломжтой гэж үзсэн. Тогтоолтой хамт УИХ-аас 180 хоногийн хугацаатай даалгавар тухайн үед Засгийн газарт мөн өгсөн билээ. Үүнээс хойш 570 гаруй хоног өнгөрсөн байна. Дэлхийд нэр хүндтэй гаднын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалснаар нэг тэрбум гаруй ам.доллар манай улс “өвөртлөх” боломжтойг холбогдох албаныхан онцолж байв. Бэлтгэл ажил тодорхой түвшинд үргэлжилсээр байгаа аж. “Ажлын хэсгийн зүгээс мэдээллүүдээ ярьж болохгүй, олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжийн хүрээнд дотоод мэдээллийг санаатай болон санаатай бус байдлаар гаргаснаар биржийн үйл ажиллагаа хоёр сараар хойшлох эрсдэлтэй учраас мэдээлэл өгөх зааврыг танилцуулсан. Тухайн бирж гаднын компаниудаас хөрөнгө босгож буй тул бид мэдээллийг ярьж болохгүй байна. Ерөнхийд нь хэлэхэд маш сайн байгаа, сонгуулийн өмнө IPO гаргах нөхцөл бий болгох чиглэлээр ажиллаж байна” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдсэн. Хэдий тийм боловч өмнөх гашуун сургамж дагуулсан түүх өнөө ахин давтагдах вий гэсэн болгоомжлол үүсээд эхэлжээ. Энэ нь цаг хугацааны эрсдэл. Тодруулбал, Засгийн газар үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд амжиж энэхүү IPO-г үр дүнтэй зохион байгуулж чадах эсэх нь олны анхаарал татна. Учир нь, өмнөх оролдлогууд сонгуультай хамт замхарч, буруутан нь сонгууль болж үлддэг байв. С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тулгарч байсан нөхцөл байдал өнөөдрийн эрх баригчдад мөн ойртоод ирлээ. Үүнийг сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр илэрхийлж, “Төлөвлөж буй “Эрдэнэс Тавантолгой”-н IPO УИХ-ын ээлжит сонгуультай цаг хугацааны хувьд тулахаар байна” гэж мэдэгдсэн нь дахиад л энэхүү төсөл 2012, 2016 оны дүр зургийг давтах вий гэсэн ээлжит дохио болов. “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоол өмнөх тогтоолуудтай харьцуулахад ногоон гэрлээр батлагдсан. Саад бэрхшээл хамгийн бага байсан. “Эрдэнэс Тавантолгой” өмнө нь IPO гаргах талаар хэд хэдэн удаа оролдлого хийсэн ч дотоодын улс төрийн нөхцөл байдал, улстөрчдийн үйлдэл хамгийн том саад, бэрхшээл болж байлаа. Энэ нь удаа дараагийн оролдлого амжилтгүй болж, бүтэлгүйтэх гол үндэслэл байсан юм. Гадаад зах зээлийн эрсдэлээс илүүтэй дотоодын эрсдэл мега төслийн боломжийг бүрэн хаацайлж байсан удаатай. Хөрөнгө оруулагчдад компанийн хувьцаа хүрэлгүй замын дундаас буцаж байсан нь нэг бус удаагийнх. Тэгвэл өнөөдрийн эрх баригчдын хувьд төслөө үр дүнтэй хэрэгжүүлэхэд дотоод эрсдэл гэхээр юм бараг байсангүй. Ялангуяа, Засгийн газарт эрх чөлөө нь бүтэн байлаа. УИХ, Ерөнхийлөгчийн дэмжлэг аль аль нь байгаа тул “Эрдэнэс Тавантолгой”-г одоо л эдийн засгийн эргэлтэд оруулах байх гэсэн нийгмийн хүлээлт, олны найдвар хараахан ширгээгүй байна. Хөрөнгө оруулалт горилж буй тус компани өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ сайн байснаар өрийн дарамтаас гарч, үйл ажиллагаа нь жигдэрч эхэлж буй. 2019 онд гэхэд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тухайлбал, тайлант хугацаанд 13.7 сая тонн нүүрс экспортолж, татварын дараах цэвэр ашгийн хэмжээ нь нэг их наяд төгрөгт хүрсэн билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зэсийн ханш мөддөө сэргэхгүй нь

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн хоёр дахь том эдийн засаг хүндхэн сорилттой тулгарсан нь түүхий эдийн ойрын эерэг төлөвийг үгүйсгэж, хөрөнгө оруулалт хумигдах, зэсийн шинэ төслүүд царцах төвөгтэй байдал үүсгэлээ
  • Merrill Lynch-ийн шинжээчдийн таамгаар, зэсийн ханш 2020 оноор зогсохгүй дунд хугацаанд буурах төлөвтэй байна

Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн дэгдэлт таваарын зах зээлд гэнэтийн эрсдэл дуудлаа. Зэс гэхэд сүүлийн 14 хоногт тасралтгүй буурч, тонн нь 5641 ам.доллар болоод байна. “Манай улсын экспортын бараг 60 хувийг зэс, нүүрс эзэлдэг. Энэ утгаараа зэсийн үнийн уналт төсөв болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр өгүүлсэн юм. Энэ оны улсын төсөвт зэсийн ханшийг ихээхэн өөдрөг буюу 5991 ам.доллар гэж төсөөлсөн. Ингэснээр 1.1 их наяд төгрөг зөвхөн зэсийн борлуулалтаас олохоор болсон юм. Гэвч зэсийн ханш цаашид ч үргэлжлэн буурахаар байгаа нь сангийн бодлого тодорхойлогчдын толгойны өвчин болж мэдэхээр байна. Дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн дийлэнх хэсэг өмнөд хөршөөс хамаардаг. Ийм нөхцөлд худалдааны зөрчлөөс гадна шинэ төрлийн вирусийн дэгдэлт улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүйг Citigroup анхаа руулсан юм. Bloomberg-ийн мэдээллээр, зэсийн ханш сүүлийн өдрүүдэд хамгийн их өөрчлөлт ажиглагдах болов. Merrill Lynch-ийн шинжээчдийн таамгаар, зэсийн ханш 2020 оноор зогсохгүй дунд хугацаанд буурах төлөвтэй байна.Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн нэг нь зэс. 2020 оны төсвийн орлого 11.7 их наяд төгрөг бөгөөд таваарын зах зээлийн уналтыг харгалзан Засгийн газар өөрсдийн хэрэгжүүлэх төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг Н.Энхбаяр эдийн засагч анхааруулсан юм. Төсвийн орлого дээрх нөхцөл байдлаас үүдэн нэгэнт бүрдэхгүй нь тодорхой болж байгаа энэ эгзэгтэй үед эх баригчид зардлаа танахаас өөр аргагүй болох нь. Хэрэв тодотгол хийхгүй, зардлаа 13.8 их наяд төгрөгт хэвээр үлдээвэл төсвийн алдагдал улам тэлэхээр байна. УИХ 2020 оны төсвийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай баталсан. Зэсийн ханш суларсаар байгаа нөхцөлд хоёр их наяд төгрөгийн алдагдал дахин нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхийн зэсийн үнэ болон хэрэглээний хэмжээг өсгөж буй гол орон бол БНХАУ. Харамсалтай нь шинэ төрлийн вирусийн тархалтаас болж өмнөд хөршийн эдийн засаг суларч байна. Олон улсын худалдааны эргэлт саарч, эрдэс түүхий эдийн эрэлт буурч, үнэ нь уруудсаар. Дэлхийн зах зээл дээрх металлын ханшийн уналт биржийн үнэ ханшид хүртэл давхар, давхар нөлөөлж байна. Өдгөө Хятадын биржүүд 2008 оны хямралын түвшинд хүрээд буй. Зах зээлийн ийм таагүй байдал зэсийн олборлолт эрхэлдэг компаниудад хүндээр тусахаар байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг хүндхэн сорилттой тулгарсан нь түүхий эдийн ойрын эерэг төлөвийг үгүйсгэж, хөрөнгө оруулалт хумигдах, зэсийн шинэ төслүүд царцах төвөгтэй байдал үүсгэлээ. Зэсийн үнэгүйдэл “Эрдэнэт” болон “Оюутолгой”-н 2020 оны орлого 2019 оныхоос буурахад нөлөөлөх нь дамжиггүй. Ил уурхайгаасаа олборлолт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа эрчимтэй урагшлуулах “Оюутолгой” компанийн хувьд зэсийн ханшийн уналт, ирэх сонгуулийн өмнөх улс төрийн эрсдэл хамгийн том даваа болохоор байна. Тус компани өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 28.4 мянган тонн зэс олборлосон. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар бага үзүүлэлт юм. Харин зах зээлийн үнэ улам суларсаар байвал олборлолт болон борлуулалтын орлого багасна гэсэн үг. Ил уурхайн баяжмал дахь зэсийн агууламж буурч байгаа энэ үед зэсийн ханш доошилсон нь уг төслийн үйл ажиллагааны зардлыг мөн тэлэхээр байна. Манай улс өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.79 тэрбум ам.долларын орлого олсон. Тэгвэл энэ онд зэсийн орлого буурах магадлал улам нэмэгдсээр. Зэсийн ханш 6000 ам.доллараас доош орсноор баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэг уурхайнуудын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.