A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4588/

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана

Амлалтыг аудит биш ард түмэн хазаарлана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4588/
  • Өнгөрсөн хугацаанд жилд ердөө гурван ам.доллараар дөнгөн данган өсгөсөн дундаж цалинг таван саяд хүргэх шидтэн байх уу
  • Эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай намуудын аппарат биднийг судлаад санаанд нь багтамгүй цалин хөлс, үнэгүй байр өгнө гэчихэд “тас” гэж ойлгожээ
  • Нийгэм өөрчлөгдөж, хүн хөгждөгийг мэдрээгүй дээрх амлалтуудаараа зэвсэглээд сонгуульд оролцохоор шийдссэн улстөрчдийн амыг одоо үндэсний аудитын газар хазаарлана гэх хүлээлт байна

Популизмаар бялуурсан мөрийн хөтөлбөрийн амлалт энэ өдрүүдийн трэнд болж байна. Дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулж, Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байх учиртай. Тэгвэл энэ өдөр нь бие биенээ хуурч, дөнгөдөг “инээдмийн баяр”-тай давхцаж тохиох нь хувь заяаны шоглоом гэлтэй. Учир нь намууд энэ жилийн мөрийн хөтөлбөртөө урд урдынхаас илүүтэй тохуурхал агуулжээ. Нийгмийн даатгал төлдөг хүн орон сууц авахад цемент арматурын өртгийг тэглэхээс эхэлсэн амлалт өрх бүрийг үнэгүй байраар хангах хүртлээ өндрөө авч, гурван саяас эхлэн дуудсан цалингийн хэмжээ таван сая болж, 30 тэрбум ам.долларын улсын өрийг хамгийн баян 30 гэр бүлээр төлүүлэн, стратегийн ордуудыг иргэдэд өмчлүүлнэ гэх мэтээр хөврөв. Үүгээрээ сонгогчдын саналыг авч чадна гэж тооцоо судалгаа хийсэн гэнэ. Эрх баригч, сөрөг хүчин, парламентад суудалтай намуудын аппарат биднийг судлаад санаанд нь багтамгүй цалин хөлс, үнэгүй байр өгнө гэчихэд “тас” гэж ойлгожээ. Зүүний чиглэлийн МАН, түүнээс салбарласан МАХН-ын поп амлалтууд дүүрч гэхэд баруун төвийн үзэлтэй Ардчилсан нам даанч яав даа. Өнөөдрийн цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг. Гэтэл үүнийг ирэх дөрвөн жилд гурван сая төгрөгт хүргэнэ гэдгээ нэр цэвэр үлдсэн ганц гишүүнээрээ хэлүүлэхэд нь ой гутах багадав. 2008 онд уул уурхайн орлогоос “Эрдэнийн хувь” болгож иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх амлалтыг мөн л Ардчилсан нам түрүүлж донгодсон. Эхний дуу намжаагүй байхад МАХН (одоогийн МАН) “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг болгон ханш өсгөснөөр олонхын дэмжлэгийг авч чадсан юм. Тухайн үед дөнгөж сургуульд орж байсан хүүхэд өнөөдөр бүрэн дунд боловсрол эзэмшээд, бие хүн болж төлөвшөөд төгсөх болчихсон бүхэл бүтэн 12 жилийн дараа энэ аргаа дахин хэрэглэхээр санаархаж буй нь даанч инээдтэй. 2016 онд дундаж цалин 861 мянган төгрөг буюу тухайн үеийн ханшаар 420 ам.доллартай тэнцдэг байв. Харин өнөөдрийн 1.2 сая төгрөгт хүрсэн хөдөлмөрийн хөлсийг шилжүүлвэл 432 ам.доллар болно. Хэдийгээр дөрвөн жилийн хугацаанд 339 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч валютаар тооцоход 12-хон ам.доллараар өссөн байна. Жилд гурван ам.доллараар нэмэгдсэн цалинтай иргэд ирэх дөрвөн жилд ямар ид шидээр сард таван сая төгрөг аваад хэвтэж байхаа төсөөлж ч чадахгүй байна. Өнгөрсөн сонгуулиудын амлалтад орон сууцны асуудлыг байнга хөндөж ирсэн. “Байранд орох дараагийн айл нь танайх” гэх бичигтэй нэр дэвшигчдийн зурагт хуудас одоо ч “чанараа алдаагүй” хадгалагдсаар байна. 2008 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан Ц.Батбаяр иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгөө барьцаалж, урьдчилгаа болгоод байранд орох боломжийг амласан бол, 2012 онд нийслэлд өрсөлдөн, хотын мэр болсон Э.Бат-Үүл газраа байраар солих, эсвэл төвийн шугамд холбуулж хауст амьдрах сонголтыг бидэнд тулгасан. Гэвч өнөөдрийг хүртэл бахь байдгаараа... 2019 оны байдлаар Монгол Улс нийт 897 мянган өрхтэй, үүнээс 382 мянган айл нь байранд амьдардаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 500 гаруй мянган өрхийн эмзэг цэг нь орон сууцны асуудал гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэд МАХН-ыг сонгосноор үнэгүй байранд орох буюу МАН-ыг сонгоод нийгмийн даатгалаа үзүүлж, байрныхаа ихэнх өртгийг тэглүүлчихнэ гэдэгт итгэхгүй. Харин ажилтай орлоготой, эрүүл мэндийн үйлчилгээгээ чирэгдэлгүй авдаг, үр хүүхдэдээ чанартай боловсрол олгодог нийгмийг хүсэж байгаа. Иргэн бүр тэгш боломж эдэлж, шударга орчинд жижиг дунд бизнес эрхлээд ирээдүйгээ өөрийн гараар бүтээхэд тушаа болдоггүй тогтолцоог эрэлхийлж суугаа. Нийгэм өөрчлөгдөж, хүн хөгждөгийг мэдрээгүй дээрх амлалтуудаар зэвсэглээд сонгуульд оролцохоор шийдсэн улстөрчдийн амыг одоо Үндэсний аудитын газар хазаарлана гэх хүлээлт байна. Гэвч эрх баригчдын томилсон дарга, албан тушаалтнууд эзнийхээ өөдөөс эсэргүүцэл үзүүлж, мөрийн хөтөлбөрийг нь тамгалахаас татгалзаж чадахгүй. Харин сөрөг хүчин хийгээд жижиг намуудын мөрийн хөтөлбөрийн “бөөсийг түүж”, санхүүгийн тооцоо нь амьдралаас хальсан, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг “эвдсэн” зарим хэсэгт хатуурхсан болоод өнгөрөх биз. Харин ард түмэн, сонгогч та бид амаа авч дахидаг морь шиг хадуурсан эдгээр амлалтыг хазаарлаж чадна. Өнгөрсөн долоон сонгуульд танин мэдэж, суралцаж, хашир суусан олон нийтийг одоо утоп амлалтаар хуурч дөнгөхгүй. Технологийн хөгжлийг дагаад малчны хотоос ч мэдээллийг олон талаас авч чаддаг болсон, гэр хорооллын захын нэг дэлгүүрийн худалдагч ч төсөв, мөнгөний бодлогыг гадарладаг болчихсон үед арай л доромжилсон амлалт зарласнаа улстөрчид өөрсдөө ч мэдэж байгаа. Ямар ч хамаагүй үнээр, хэний ч өмнө гутамшгаа дэлгээд, амаа үмхийртэл худлаа ярьсаар төр барих эрхийг атгалцахын төлөө уралдахаар улайран зэхэж байна. Тэдэнд тохирсон хариуг нь өгөхөө сонгогчид мэднэ. Харин утопчидын оронд дугуйлчих эрүүл сэтгэхүйтэй, эвдрээгүй эх орончид хаана байна...

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Баттулга: Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил

 0 сэтгэгдэл
  • Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй
  • Монголын Засгийн газар сонгуулийн циклээр данхайлгаж баталдаг “өндөр жил”-ийн төсвөө өнөөдрийг хүртэл тодотгохгүй гэж тас гүрийсээр байна
  • ЖДҮХС-гийн хэрэгтэй нэр холбогдсон гишүүдийг сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргах шаардлага тавив

Өвчин гэж хэлэхэд ч багадах халдварт цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг өөрчилж, улс орны Засгийн газрууд тулгарсан аюул, хямралын “цунами”-г хохирол багатай давж гарахын тулд бүхий л аргыг хэрэглэж байна. Гэвч Монголын Засгийн газар сонгуулийн циклээр данхайлгаж баталдаг “өндөр жил”-ийн төсвөө өнөөдрийг хүртэл тодотгохгүй гэж тас гүрийсээр. Үүнийг нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Гадаад худалдааны танхимуудын хамтын санаачилга” зэрэг бизнесийн холбоод шүүмжилж буй. Төсвийн “шар сүү” болоод буй шаардлагагүй, үр ашиггүй зардлууд болох контор, соёлын төв, хөшөө, хаалга, музей, усан оргилуураа танаж, тэндээс суларсан хөрөнгийг үйл ажиллагаа нь доголдож буй, тэсч үлдэх гэж дэнжигнэж байгаа хэсэгтээ амь тариа болгож өгөхийг тэд гуйж байна. Харамсалтай нь, гурван сарын дараах сонгуульд зориулсан “баяр”-ын шахуу төсвөө Ерөнхий сайд, Сангийн сайдын хамт яс хамгаалж, гуйх шаардахын дунд байгаа бизнесийнхний горьдлого талаар болох шинжтэй. Яг ийм үед төсвөө тодотго, улсын мөнгө санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулахыг санал болгож буй Ерөнхийлөгч Х.Баттулгын үг ээлжит чуулганы нээлтийн албан ёсны протоколын арга хэмжээнүүдээс хамгийн олзуурхууштай сонсогдов. Тэрбээр хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио. Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл үргэлжлэх эрсдэлт төлөв үүсэж байгааг анхааруулж байна. Тийм ч учраас бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, тулгарах хүндрэлд эдийн засгаа, нийгмийн амьдралаа тохируулахаар цаг алдалгүй бэлтгэж эхэлсэн.

Гэтэл Монголын эрх баригчид эсрэгээр, сонгуульд илүү ач холбогдол өгч байгаа нь даанч өөдгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга “... Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэхийг Ерөнхийлөгч уриалав. Түүнчлэн 5.1 их наядын дүнтэй Засгийн газрын зарласан арга хэмжээ одоогоор амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авахыг тэрбээр бас сануулсан юм. Ингэхийн оронд компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа НӨАТ-ын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэрэг бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод буйг мөн онцолсон. Эцэст нь энэ Засгийн газрын хар толбо болоод буй ЖДҮХС-гийн хэрэгтэй нэр холбогдсон гишүүдийг сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулахыг шаардаад, шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхимд хууль сахих тангараг өргөсөн гишүүд шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлэхийг санал болголоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгууль явуулбал үхлийн өөдөөс өөрсдөө тоссонтой адил болно

 0 сэтгэгдэл
  • Ерөнхийлөгчийн уриалгыг монгол хүн бүр дэмжээсэй гэж хүснэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард түмэндээ хандаж уриалга гаргасны дараа Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт нийгмийн өмнө хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь явуулна, түүнчлэн үүссэн цагийн байдалтай холбоотойгоор төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж мэдэгдлээ. Өмнө нь, бараг тэрхүү уриалгатай зэрэгцээд “Бүхий л асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд нэгдмэл бодол санаатай, нэг цонхоор харж байна” хэмээн хэлж байсан үгнээсээ тэрбээр буцжээ. Учир нь Ерөнхийлөгчийн уриалгад сонгуулийн хугацааг хойшлуулах, яаралтай төсвийн тодотгол хийх зэрэг зургаан асуудлыг хөндсөн байсан. Тэгэхээр Ерөнхий сайдын мэдэгдлээс хэрэв тэд өнөөдрийг хүртэл нэг цонхоор харж байсан юм бол цаашдаа үгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй болж байгаа юм байна. Түүнчлэн бидэнд эл хоёр эрхмийн үзэл бодол, бодлогоос шууд хамаарах хоёр сонголт тулгарлаа. Коронавирусийн аюул биднээс холдож одсон, одоо бол хорио цээргүй болно гэсэн өөдрөг үзлээр Ерөнхий сайдын байр суурийг дэмжин бүх нийтээрээ сонгуульдах, эс бөгөөс хяналт, хорио цээрийн дэглэмээ барьж, нэг л алдвал тогтоож дийлэхгүй болж мэдэх аюулаас болгоомжилж, өнөөдөрт үл хууртаж, илүү хашир байж, төсөвт тодотгол хийж, шаардлагагүй зардлаа танаж, сонгуулийн хугацааг байдал илүү найдвартай болох хүртэл хойшлуулах уу гэсэн хувилбар тулгагдлаа. Хүн төрөлхтөнд учруулж буй, учруулж болох аюул маш тодорхой байхад, тэр тусмаа эсрэг авах арга хэмжээ, эмчилгээ тодорхойгүй, арга хэрэгслийг хараахан олоогүй, дэлхий нийтээрээ айн түгшиж байхад бид энэ цар тахалтай аз эзээ үзэж байгаа юм шиг амь насаараа бооцоо тавих нь дэндүү тэнэглэл. Бид Ерөнхий сайдынхаа мангар зоригтойг нь мэднэ. Гэхдээ Монгол Улсын аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насаар бооцоо тавьж “тоглох” хэмжээний мангар зориг гаргадаг байж болохгүй шүү дээ. Дэлхийн бүх улс оронд аюулт тахал нэгэнт тархаж, үхэл цаг, минутаар нэмэгдэж, улс орнууд онцгой цагийн байдал, бүр дайны цагийн байдал зарлачихаад байхад сонгууль явуулна гэж байгаа зоригийг тэнэг гэж хэлэхээс өөр арга алга. Ерөнхий сайд болон намд нь амин чухалд үнэлэгдэх улс төрийн олон шалтгаан байгаа ч, улс үндэстний эрх ашгаас дээгүүр эрэмбэлэгдэж таарахгүй шүү дээ. Дэлхийн улс орны төр, засгууд зөвхөн сонгуулийн үйл ажиллагаа төдийгүй нийгэм, эдийн засаг, урлаг, спортын олныг хамарсан бүхий л арга хэмжээг хойшлуулах шийдвэрийг ээлж дараалан гаргаад эхэлсэн. Бүхий л Засгийн газрууд хэмнэлтийн горимд шилжиж, төсвөө дахин тодотгож, зардлаа танаж байна. Монгол Улс энэ оны сонгуульд зориулж 23.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл энэ их мөнгийг эрүүл мэнд, аюулгүй байдал, ард иргэдийн амьжиргаа, аж ахуй нэгжүүдийн хэвийн ажиллагаа, ажлын байр, орлогыг тэтгэж дэмжихэд зориулах нь сонгуульд зарцуулахаас хамаагүй амин чухал биш шүү! Яг одоо титэмт вирусийн тахал өвчний аюулыг үл тоон сонгууль явуулах чухал шаардлагатай гэж үзэж, бодож яваа хүн Монголд хэр олон байгаа бол гэдгийг бодож үзсэн үү, Ерөнхий сайд аа! Үгүй бол бодоод үзэх хэрэгтэй. Цөөн тооны улстөрчөөс өөр ингэж бодож, зүтгэж байгаа хүн гарахгүй, бараг байхгүй л болов уу! Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын болон хүчний байгууллагуудын ажилтнуудын нойр, хоолгүй зүтгэж байгаа энэ олон өдөр хоногуудын хүчин зүтгэлийг ядаж хүндэтгэх сэтгэл эрх баригчдад байх ёстой шүү дээ. Тэд амь насаараа дэнчин тавьж өнөөдрийг хүртэл гэр орон, үр хүүхэд, хань ижил, аав ээждээ очилгүй тусгаарлагдан Монгол Улсад, монгол хүнд халдварт тахлыг тархааж алдчихгүйн тулд өнөөдрийг хүртэл тэсвэрлэн тэмцсээр л байна. Анхны халдварлагчаас хойш тоо буурсангүй нэмэгдсээр байна. Цаашдаа ч хилийн чанадаас олон зуун иргэн маань ирнэ. Тэдний дунд халдвар тээсэн хэчнээн хүн ирэхийг хэн ч тааж мэдэхгүй байна. Тахал тээж ирэхгүй гэхээсээ тээж ирэх магадлал нь илүү байгаа шүү дээ. Сэтгэл амгалан, үл тоомсорлон хандаж байсан улс орон яаж хохирол амсаж байгаа мэдээг бид өдөр бүр харж, сонсож байна. Иран, Франц улсууд улс оронд нь халдвар тархахгүй гэж үзээд сонгууль явуулснаараа өнөөдөр ямар байдалд хүрээд байгаа билээ. Халдварласан болон нас барсан хүнийхээ тоогоор хамгийн өндөр байна. АНУ-ын жишээ маш том сургамж. Энэ цар тахлын хэмжээ хумигдах биш улам тэлж байна. Эдгэрсэн хүн дахиад өвдөж байна. Халдварын тархалт буурч байсан улс орнуудад дахиад царлан дэгдэж байгааг Япон, БНСУ, Хятадаас ирүүлж буй мэдээ нотолсоор. Яг одоо үүнийг бичиж байхад дэлхий дахинд 65 мянган хүн нас барж, 1 сая 300 мянган хүнд халдварлаад байна гэсэн мэдээ ирж, тоолуур мэт энэ тоо цаашаа хором хормоор нэмэгдэж гүйх нь дотор эвгүйцүүлж байна. Дэлхийн вирус судлаач нэртэй эрдэмтэд тахлын аюул ирэх саруудад хамгийн ноцтой үедээ орно гэдэгт санал нэгдэж байгааг монголчууд уншиж, сонсож байгаа байх. Тэр ч бүү хэл АНУ-д тавдугаар сард 280 мянгаас илүү хүн нас барна гэдгийг эрдэмтэд, эмч эмнэлгийн ажилтнууд нь маш айдастайгаар хэлж байна. Хорио цээрийн улмаас дэлхийгээр нэг очих газаргүй, оочих аягагүй болсон цагаач, дүрвэгчдийн асуудал ид яригдаж байна. Энэ олон сая хүн бүр вирус тээгч амьд “бөмбөг” байх магадлал улам өндөр болж байна. Тэгээд нөхцөл байдал ийм байхад Монгол Улс санаа амарч, тэр ч бүү хэл сонгууль хийнэ гэж зүтгэх улстөрчдийг бид зөвшөөр ч дагана гэдэг үхлийн өөдөөс өөрсдөө тосон очиж байгаагаас ялгаа юун. Дэлхийн улс орнууд, ДЭМБ-аас Монгол Улс харьцангуй сайн байна гэж дүгнэсэн дүгнэлт манай угийн хөөрүү зарим нэг улстөрчийг бүр манантуулж орхисон бололтой. Энэ дүгнэлт одоо бүр ард иргэдэд халдварлах шинжтэй болоод явчихлаа. Улстөрчдийн энэ хандлагаас болж улс орноороо тайвширч байгаа нь маш аюултай юм. Өнөөдөр амны хаалтгүй алхах хүний тоо гадуур, дотуур өдөр бүр нэмэгдэж байгааг та бид харж байна. Хүүхэд, залуус энд тэндгүй маскгүй тоглож, цуглах нь ихэслээ. Нөгөө их сэрэмжилж байсан сэрэмж бүүдийсээр байна. Улс орнууд хөл хорио, цээр, онцгой байдлаа улам өндөржүүлж байхад бид эсрэгээр суларсаар. Хорио цээрийн дэглэм зөрчсөн этгээдийг өчиггүй буудаж болох хүртэл шийдвэрийг зарим улс гаргаж байна. Саяхан “Гүүгл” компаниас коронавирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 131 улс орны гар утас хэрэглэгчдийн хөдөлгөөнд хяналт хийж үзсэнд улс орнууд дургүйцлээ илэрх ийлсэн байна билээ. Монголчууд биднийг ч бас хянасан байна. Хамгийн гол нь тэдний хийсэн хянал таар бидний сэрэмж суларч, зорчих хөдөлгөөн нэмэг дэж байгаа нь тодорхой гарчээ. Хамгийн анхны халдвар тээгч илэрсний дараах үед бидний хөдөлгөөн эрс багасч бараг 4-5 хувь болсон байсан бол одоо нэмэгдэж 16 хувь болсон байх жишээтэй. Бид ийм амархан нөхцөл байдалдаа итгэж тайвшрах цаг хараахан биш, аюул улам бидэнд дөтөлсөөр байгаа шүү дээ. Ерөнхий сайд хийгээд эрх баригч намынхан ийм үед сонгууль явуулна гэж байгаа бол өнөөдрийг хүртэл улс орноороо тахлын эсрэг сөрсөн тэмцэл, хүр сэн, олсон амжилт, аюулт тахалтай нүүр тулан тэмцэж буй эмч эмнэлгийн ажилтнууд, иргэдийнхээ зүтгэл, амь насаар бооцоолж, таамаглаж үл чадах аюулт тахалтай халзагнаад үзье гэсэн хэрэг болж таарна.Тэгвэл сануулчихъя. Энэ бол казиногийн ширээн дээр тэрбумаар нь тавиад алдаж болдогтой адилтгах үйлдэл биш билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хожимдсон гэмшил

 0 сэтгэгдэл
  • ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд түүнийг тавьж явуулахад хэцүү, чөлөөлөхгүй гэхэд “ЖДҮ-д хариуцлага тооцоогүй” шалтгаанаар сонгуулиар иргэдийн нүүр харах эрхгүй болох ацан шалаанд ороод байна

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Тэрбээр өргөдөлдөө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3 буюу гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргах гэснийг үндэслэл болгожээ. Түүнийг ЖДҮХС-гийн хэрэгт холбогдуулан 2018 оноос шалгаж эхэлсэн. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 6-нд ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон юм. Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Түүний буруутгагдаж байгаа гэмт хэрэг нь улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хорих ял оноох заалттай. 2019 онд Ерөнхий прокурор Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж байсан ч хүлээж аваагүй. Тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан М.Энх-Амгалан “Ер нь сайд байсан Б.Батзориг гэдэг хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд ЖДҮ-гийн гэх энэ мөрдөн байцаах ажиллагаанд саад учирсаар байх болно” ХОЖИМДСОН ГЭМШИЛ гэдгийг онцолж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх өргөдлийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхлэх нь.

Энэ парламент гэмт хэрэгт холбогдсон хоёр ч гишүүнээ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн “туршлагатай”. Өмнөх хоёр нь хүчиндэх болон хүний амь нас хохирсон хэрэгтэй холбоотой асуудлаар буюу “ганцаарчилсан” нөхцөл байдалд танхимаа орхиж байв. Харин Б.Бат-зориг гишүүн араасаа олон “дагуул”-тай. ЖДҮХС-гаас зээл авсан ангийн олон нөхөд нь түүнийг тавьж явуулахад хэцүү, чөлөөлөхгүй гэхэд “ЖДҮ-д хариуцлага тооцоогүй” шалтгаанаар сонгуулиар иргэдийн нүүр харах эрхгүй болох ацан шалаанд ороод байна. Аль нь ч байсан ЖДҮХС-гаас зээл авагсад бус өгсөн нь л буруутаад өнгөрөх болоод байна. Өнгөрсөн сард Б.Батзориг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авалгүй ердийн журмаар шийдвэрлэхээр шийдсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэдэг нь яллагдагч гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн байх ёстой. Тэгвэл Б.Батзориг төрийн сангийн хөрөнгийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж үрэн таран хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэвч хохирлын хэмжээ болон хохирогч нь тодорхойгүй. Эдгээр асуудлыг гишүүний бүрэн эрхээ өгсний дараа нягт шалгах боломжтой болно. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Батзориг сайд байхдаа төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь намын нөхдөдөө олгох шийдвэрт гарын үсэг зурсандаа хариуцлагаа хүлээж, хожимдсон ч гэсэн гэмшиж буйгаа энэ алхмаараа харууллаа. Харин Б.Батзоригоор “туг тахиад” танхимын буландаа шигдэн үлдэх ЖДҮ-чдэдээ хэзээ хариуцлага тооцох вэ. Уг нь Эрүүгийн хуульд 22.2 буюу “албаны нөлөөг урвуулан ашиглах” заалт байсныг 2017 онд хүчингүй болгосон. Уг заалтад “албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан” бол таван жил хүртэл хорих ял заасан байв. ЖДҮ-чин гишүүд өөрсдийгөө “дэгээдэх” энэ заалтыг хүчингүй болгоод, Б.Батзоригт хариуцлага тооцож хөөж явуулснаар ЖДҮ хэргийг хаасан болж “нүглийн нүдийг гурилаар хуурах” гэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чингис хааны музейн шавыг тавилаа

 0 сэтгэгдэл
  • Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг авах, хуулбар авах талаар 36 улстай холбогджээ
  • Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн

Байгалийн түүхийн музейн суурин дээр барих Чингис хааны музейн шавыг тавилаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл тэргүүтэй албаныхан уг үйл ажиллагаанд оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын дунд сарын шинийн 17-нд ийн эхлүүлж байна. Энд Монголын түүхийн судалгаа, сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой" гэв. 

Есөн давхар уг барилгыг нийт хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн бөгөөд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг болох юм. Музейн үзмэрийг зөвхөн бодитоор үзэхээс гадна виртуаль байдлаар тухайн цаг үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлгэцүүдтэй байх аж. Мөн Монголын 36 их хааны лааны тосон баримал байхаас гадна Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхэн дурсгал, үзмэрүүдийг эх хувиар болон хуулбарлан авахаар 36 улстай холбогдоод байгаа аж.