A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3975/

Амьдралд амт нэмсэн “Содон фүүдс”

Амьдралд амт нэмсэн “Содон фүүдс”
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3975/
  • Хагас автомат үйлдвэр нь хоногт витаминтай 7000 ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна
  • Монгол­чуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг 
  • “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ
  • Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна

Манай улс Бразил, Вьетнам , Ирланд, Этиоп зэрэг 10 гаруй улсаас кофе импортолж буй талаар Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ. Гэхдээ сүүлийн 3-4 жилд хуураагүй, түүхий кофе импортлон дотооддоо боловсруулж, амт, чанар, сайхан үнэрийг нь алдагдуулалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон юм. Кофе бол усны дараа жагсдаг шингэн хүнс. Монголчууд кофе хэрэглэдэг болж, энэ бүтээгдэхүүний соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ. Амт, үнэрийг нь мэдрэх тусам улам дурладаг тийм нэгэн өвөрмөц сэргээш болох кофег Монголдоо үйлдвэрлэж буй “Содон фүүдс” компанийг энэ удаагийнхаа “Би үйлдвэрлэгч” буланд урилаа. Эднийх хар болон сүүтэй, классик зөөлөн амттай гээд гурван төрлийн Instant coffee үйлдвэрлэж байна. Мөн анар, нэрс, чацаргана, зөгийн балтай зургаан төрлийн жимсний цай, тоник ундаа үйлдвэрлэж, зах зээлд өөрийн гэсэн өнгө, амтыг мэдрүүлж буй юм. 2017 онд үүдээ нээсэн “Содон фүүдс” компани зах зээлд өөрийн орон зайгаа эзлээд гурав дахь жилтэйгээ золгожээ. Хүнсний салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж буй “Содон фүүдс” компанийг зорилоо. Үйлдвэрлэлийн явцтай танилцахаар шингэн боловсруулах цех рүү ороход арааны шүлс асгаруулам жимсний исгэлэн үнэр хамар цоргив. Хагас автомат уг үйлдвэр хоногт витаминтай 7000 ширхэг ундаа, жимсний 14000 цай үйлдвэрлэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаяр “Би уул уурхайн компанид ажилладаг байсан. Уул уурхай бол маш тоосжилттой орчин. Үргэлж нарийн ширхэгт тоосонцор дунд байдаг байлаа. Ийм орчинд ажилладаг хүмүүст жимсний цай хамгийн сайн эмчилгээ болдог юм. Мэргэжлээсээ болоод би жимстэй цайны хэрэглэгч болсон. Жимс амьсгалын замыг цэвэрлээд зогсохгүй, хүний биед хэрэгтэй амин дэмийг хангаж, ашигггүй бактерийг устгадаг. Тиймээс жимсний цайг тасралтгүй уух нь хүний биед маш хэрэгтэй юм билээ. Тэгээд нэг удаа жимсний цай ууж байхдаа ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж яагаад болохгүй гэж хэмээн бодож байлаа. Уг нь аль эрт үйлдвэрлэл эрхлэх бодол төрсөн ч зүрхэлж хийхгүй явсаар цаг алдсан тал бий. Харин үйлдвэрээ нээж, бүтээгдэхүүнээ гаргаж эхэлснээс хойш илүү өргөн зах зээл бидэнд байгааг харж, урам зориг орсон. Мэдээж, зарим түүхий эдээ бид гаднаас авдаг л даа. Зуун настыг бид Вьетнамаас авчирдаг. Харин эх орныхоо хөрсөнд ургасан жимсийг хэрэглэдэг. Одоогоор зургаан төрлийн жимсний цай үйлдвэрлэж байна. Нэг удаагийн савлагаатай учраас хэрэглэхэд хялбар байдаг. Цаашдаа жимстэй цайныхаа төрлийг нэмэхээр бэлтгэл хийж байгаа. Дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна Өвөрмонголын зах зээлд хөл тавиад амжсан. Хийж, бүтээж чадвал бидний өмнө урд хөршийн зах зээлийн уудам орон зай байна. Хятадын зах зээлд БНСУ-ын нэг удаагийн хэрэглээгээр савласан Мaxim кофе их эрэлттэй байдаг. Тэгэхээр бидэнд том боломж олдож байна гэсэн үг. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн Мaxim кофеноос чанараар илүү шүү дээ. Учир нь сайн чанарын араб сортын бүхэллэгтэй болон нунтагласан кофены агууламж ихтэй, Солонгосын CJ брэндийн элсэн чихрийн орцтой. Нэг удаа найруулж уухад зориулан савласан бөгөөд 250 грамм усанд найруулж уухаар орцыг нь тохируулсан” хэмээн ярилаа. 

БНСУ-ын бүтээгдэхүүнээс дутахааргүй витаминжуулсан ундаа үйдвэрлэж байна

Хүч тамир сэлбэдэг учраас хүмүүс витамины найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой байдаг аж. Иймээс зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр витаминтай ундаа үйлдвэрлэж эхэлжээ. Улаан, ягаан, улбар шар, ногоон, бор гэх мэт солонгын өнгийг санагдуулам савлагаатай бүтээгдэхүүнүүд цэвэрхэн, авсаархан, бас өнгөлөг харагдана билээ. Дэндүү том савлагаатай бүтээгдэхүүн ариун цэвэр, эрүүл ахуйн талаасаа учир дутагдалтай байдаг. Тагийг нь нээгээд удаан хугацаагаар байлгавал зарим хүнс муудах эрсдэлтэй. Тиймээс хүмүүсийн хэрэглэх хэмжээгээр савлаж зах зээлд гаргах нь бүтээгдэхүүний чанарыг муутгахгүй байх давуу талтай. Мөн нэг удаагийн савлагаатай учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж Г.Ганбаяр тайлбарласан юм. “Содон фүүдс”-ийнхэн уламжлалт монгол бичгээ сэргээхэд хувь нэмрээ оруулахаар зорьж, витаминжуулсан ундааныхаа савлагаан дээрх нэрийг босоо бичгээр бичжээ. Энэхүү шийдэл нь содон агаад өвөрмөц харагдаж байв.

"Содон" кофены амт, үнэрийг Өвөрмонголчууд таашаажээ

Тэрбээр “Монголын зах зээлд жилд хоёр сая орчим ам.долларын кофе, кофены төрлийн бүтээгдэхүүн борлуулагддаг. Солонгосчууд өөрсдөө кофе ургуулдаггүй ч өөрийн нэрийн кофег Хятад, Монголын зах зээлд нийлүүлдэг. Тэгэхээр бид ч гэсэн ийм төрлийн үйлдвэрлэл эрхэлж зах зээлд өрсөлдөх том боломж харагдсан. Тиймээс бид урд хөрш рүү кофегоо нийлүүлдэг. Тэдэнд бидний бүтээгдэхүүний амт, үнэр таалагдсан учраас эрэлт ихтэй байдаг. Хүмүүс кофены сүүнд төдийлэн ач холбогдол өгдөггүй байж магадгүй. Гэхдээ л сүү хамгийн чухал орцны нэг шүү дээ. Тиймээс бид зөвхөн кофенд төгс зохицох ургамлын гаралтай сүүг орцондоо багтаадаг. Түүнчлэн монголчуудынхаа хэрэглээнд нийцүүлэн ахиу граммаар савладаг. Манай нэг удаагийн савлагааны кофе 20 граммын хэмжээтэй байдаг” гэлээ. Тус компани бүтээгдэхүүнээ зах зээлд хямд үнээр нийлүүлдэг аж. Дунджаас доогуур орлоготой хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлэн үнээ тогтоосноо сонирхуулсан юм. Эднийд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, урд хөршийн зах зээлд хөл тавихын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тул ЖДҮС-гийн зээл хөөцөлдөж, 300 сая төгрөгийн дэмжлэг авах хүсэлт гаргасан ч хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцээгүй байна. Үүнд жаахан сэтгэл дундуур үлдсэн гэдгээ нуусангүй. Тэрбээр “Манай үйлдвэрийн бүх зүйл стандарт болоод тавьсан шаардлагад нь нийцсэн. Гэтэл зээл олдоогүй. Ямар хүмүүст зориулсан, ямар зээл болох нь үнэхээр ойлгомжгүй санагдсан” гэж байв. Үйлдвэрлэл хөгжинө гэдэг бол улс орон хөгжихийн үндэс. Бид зах зээлээ тэлж “Made in Mongolia” гэсэн нэрийн хуудсыг урд хөршид таниулж чадвал улс орны нэр хүндэд ч гэсэн хэрэгтэй байх хэмээн Г.Ганбаяр өгүүлсэн юм. Гадаадын зах зээлд гаргахын тулд савлагаанд ихээхэн анхаарч тод өнгийн шийдлийг сонгосон тухайгаа ч мөн сонирхууллаа. Олон улсын зах зээлд гаргахад сав, баглаа, боодол, өнгөний зохицол тун чухал учраас “Содон фүүдс”-ийнхэн тод өнгийг чухалчилдаг аж. 

Стандартад нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй савлагаатай

Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаардаг болжээ. Тиймээс эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэхийг зорьж байна. Энэ шалгуурт “Содон фүүдс”-ийн витаминжуулсан ундаа хамгийн сайн тохирох бүтээгдэхүүн юм. БНСУ-ын хүнсний үйлдвэрүүд өргөн хэрэглэдэг зузаан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тетрапак уутанд витаминжуулсан ундаа буюу тоникоо савладаг аж. Үүнийг тус улсаас нэлээд өндөр өртөгтэй оруулж ирдэг гэнэ. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол нь эрүүл мэндийн шаардлагад нийцсэн байхаас гадна амт, чанарыг нь алдагдуулахгүй байх нь чухал. Энэ шаардлагад эдний сав баглаа боодол яв цав нийцдэг. Цаашдаа шилтэй болгохоор зорьж буйгаа ч дуулгаж байв. Шил бол хамгийн хялбар ариутгагддаг сав учраас бакус шиг ундаанд шилэн савлагаа хамгийн тохиромжтой юм байна. Гэхдээ сав баглаа боодлоо сайжруулахад үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх учраас судалгаан дээр тулгуурлаж шинэчлэл хийнэ гэдгээ хэлж байлаа. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн ямар орчинд үйлдвэрлэгдэж буйг бид мэдэхгүй. Харин манай бүтээгдэхүүн 99 хувийн хяналт дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоор эрүүл мэндэд нийцсэн аюулгүй гэдгийг амлаж чадна хэмээн үйлдвэрлэгч маань ярилаа. Энэ оны гуравдугаар сард чанарын шинэ стандарт нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа ч мөн дуулгасан юм.

Зуун наст, нимбэгний тоник хамгийн эрэлттэй болжээ

Цагаан сараар “Содон фүүдс”-ийн бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг аж. Г.Ганбаяр “Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас шалтгаалаад дотооддынхоо хэрэгцээг хангаад гадагшаа илүүчилж чаддаггүй юм. Энэ жил Өвөрмонгол руу нэлээд хэмжээгээр нийлүүлэхээр зорьж байна. Манай бүтээгдэхүүн гарын бэлгэнд өгөхөд тохирсон савлагаатай л даа. Витаминжуулсан ундаанууд хайрцагтаа зургаан ширхэгтэй байдаг. Манай витаминжуулсан ундаа өвөрмонголчуудад их таалагдаж байгаа. Цагаан сар дөхөхөөр захиалга их ирдэг” гэв. Дэлхий нийтэд нимбэг жимсний орцтой бүтээгдэхүүн ихээхэн эрэлттэй байдаг. Эдний нимбэгтэй тоник ч мөн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болж чаджээ. С витаминаар баялаг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг, эрч хүч сэргээдэг гээд нимбэг жимс эрүүл мэндэд ач тустай эд. Энэ чанараар нь нимбэгний тоник хэрэглэх нь олширчээ. Монголын үйлдвэрлэгчид ганц нэгээрээ дэлхийн зах зээлд гарах гэж шоргоолж шиг мацах хэрэггүй. Бүгдээрээ хамтраад бие биенийхээ дэмэнд явбал олон улсын зах зээл бидэнд нээлттэй байна. Түүнчлэн урлаг соёлоороо дамжуулан Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхий дахинд сурталчилбал Made in Mongolia олон улсад хурдан танигдана хэмээн ярьж байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчүүдийн чөлөөт сонголт Edi брэнд

 0 сэтгэгдэл
  • Малгайтай цамц, зузаан, нимгэн эрээн өмд, майк гээд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд танигдаж байна
  • Манайх Нэхмэлийн хүрээлэнгийн лабораториор түүхий эдийнхээ чанарыг шинжлүүлсэн. Алаг даавууны хувьд хөвөн даавууны орц нь 62, полиэстрын орц нь 38 хувьтай байсан
  • Хүн ам цөөтэй жижиг зах зээл гэж хүмүүс шүүмжилдэг ч манай улсад үйлдвэрлэл эрхлээд явах боломж бүрэн бий. Манай хувцас хүмүүст аль хэдийн танигдсан. Үнийн хувьд ч боломжийн буюу 20-40 мянган төгрөг
  • "Дэнд" компани одоогоор 16 хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүүхдийн биеийн тамирын хувцас үйлдвэлэхээр загвараа гаргажээ

Хувцас урлал бол элдэв өнгийн даавуу, торгыг “ургуулах” ид шид юм. 2014 онд Монголын зах зээлд чанар чансаагаа мэдрүүлэхүйц нэгэн шинэ бараа гарч ирсэн нь эрчүүдэд зориулсан чөлөөт загварын хувцас байв. Гэртээ болон дасгал хийхдээ өмсөхөд биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй байдгаараа Edi брэнд онцлог. “Дэнд” компанийнхны үйлдвэрлэж буй хувцас хөлс шингээх хөвөн даавуун материалтай болохоор харшил өгдөггүй давуу талтай. Хөнгөн үйлдвэрийн салбарт өөрсдийн гэсэн зам мөрөө гаргаж, орон зайгаа эзэлж буй Edi брэндийг санаачлагч дунд эргэм насны эмэгтэйг Наранхандын Энхцэцэг гэдэг. Тэрбээр Зүүн салаанд орших наран ээвэр газарт оёдлын үйлдвэрээ байгуулж, алслагдсан хорооны эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа нэгэн. Манай сонины сурвалжлах багийг очиход тус үйлдвэрийхэн тун ч завгүй ажиллаж байлаа. Оёдлын машины намуухан дуу чихэнд үл мэдэг сонсогдож, ар араасаа цувран суусан бүсгүйчүүдийн гар чөлөө завгүй хөдөлнө. Тэд эрчүүдийн чөлөөт цагаараа өмсөх дуртай малгайтай цамц, зузаан, нимгэн эрээн өмд, майк гээд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд танигдаж буй аж. Хатагтай Н.Энхцэцэг хүнс үйлдвэрлэлээс хувцас урлал руу урваад долоон дахь жилтэйгээ золгожээ. Зарчимч, нямбай бас шаггүй ажил хэрэгч нэгэн гэдэг нь илт мэдрэгдэнэ. Бизнес эмэгтэйчүүдийн төвийн энтрепренер хатагтай, дүүргийн шилдэг үйлдвэрлэгч, хотын шилдэг үйлдвэрлэгч гээд амжилтыг нь илтгэх өргөмжлөл, цом нь түүний хэр хөдөлмөрч, бүтээлч болохыг гэрчлэх мэт.

2016 онд оюуны өмчийн гэрчилгээгээ гардан авсан Edi брэндийг энэ жил МҮХАҮТ-аас импортыг орлох гол бүтээгдэхүүнээр өргөмжилжээ. Хэрэглэгчид ч тэднийг чанартай, сайн материалтай хувцас үйлдвэрлэдэг гэж урмын үгээр мялаадаг аж. Тэрбээр “Бидний үеийнхнийг ажлын талбар дээр гарах үед улс орон зах зээлийн нийгэмд шилжиж, амьдралын төлөө хөлсөө урсгахаас өөр аргагүй болсон. Нийгмийн байдал, амьдралын шаардлагаар хувийн үйлдвэрлэл эрхлэх сонголт хийсэндээ алдаагүй. Анхандаа хүнс үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байлаа. Гэвч яагаад ч юм хувцас үйлдвэрлэл миний сонирхлыг татдаг байсан юм.  Эрэгтэйчүүдийн чөлөөт хувцас, гэрийн өмд үйлдвэрлэж эхэлсэн маань нүдээ олсон сонголт болсон. Манай улсад төрлийн үйлдвэр байхгүй. Импортын хувцас нь монгол залуусын биеийн размерт төдийлэн таардаггүй юм билээ. Манай эрчүүд азиудыгаа бодвол булчинлаг, шөрмөстэй, биеэрхүү болохоор Европын размер таардаг. Бид нэлээн судалгаа хийж байж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Гуанжоугийн үйлдвэрээс сайн чанарын даавуу захиалан авчирч хувцсаа оёдог.

Манайх Нэхмэлийн хүрээлэнгийн лабораториор түүхий эдийнхээ чанарыг шинжлүүлсэн. Алаг даавууны хувьд хөвөн даавууны орц нь 62, полиэстрын орц нь 38 хувьтай байсан. Мөн хар даавууг шинжлүүлэхэд хөвөн даавуу нь 79, полиэстр материал нь 20 хувь гарсан. Энэ бол маш чанартай сайн үзүүлэлт л дээ. Биеийн тамирын хувцас ерөнхийдөө сунамтгай байдаг. Манай материал цэвэр даавуу учраас сунадаггүй. Гэхдээ биеийн тамирын гэхээс илүү амралтын хувцас гэж хэлж болно. Манай үйлдвэр өдөрт өмд 120 ширхэг, биеийн тамирын цамц 50-ийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Дүнжингарав худалдааны төв, III, IV хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүр, Гранд плазагийн гуравдугаар давхраас манай хувцсыг худалдаж авах боломжтой” хэмээн ярилаа. Тус компани одоогоор 16 хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж хүүхдийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэхээр загвараа гаргаад байгаа аж. Агуулахаар нь ороход хэдэн тавиур дүүрэн хувцас давхарлан тавьсан харагдлаа. Улаан, хар, цэнхэр, саарал өнгийн биеийн тамирын хувцсыг уутлахад бэлэн болгожээ. Хэдэн тийш нь татаж үзэхэд чанартай гэдэг нь мэдрэгдэж байв. Ямартай ч Edi-гийнхэн намар хүүхдүүдэд үндэсний үйлдвэрийн биеийн тамирын хувцсаар гоёх боломж олгож байна. Тэд шинэ хичээлийн жилд хүүхдүүдийг хувцаслах зорилгоо биелүүлэхээр одооноос ханцуй шамлан зүтгэж буй аж. Цагаан сарыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр тэдний борлуулалтыг эрс унагаж, зуны урин дулаан цаг, намрын сэрүүн өдрүүдийг хүлээхээс аргагүй болгосон ч тэд үйлдвэрлэлээ явуулсаар. Амьдрал мөнгөн дээр тогтдог болсон өнөө цагт нэг өдөр ч зүгээр суух эрхгүй гэж оёдолчид өгүүлсэн. Н.Энхцэцэг захирал ч болж өгвөл хүмүүсээ ажилтай байлгах гэж зорьдог байна. Тэрбээр “Хүн ам цөөтэй жижиг зах зээл гэж хүмүүс шүүмжилдэг ч манай улсад үйлдвэрлэл эрхлээд явах боломж бүрэн бий. Манай хувцас хүмүүст аль хэдийн танигдсан. Үнийн хувьд ч боломжийн. Материалынхаа сонголтоос хамаараад 25-40 мянган төгрөгөөр борлуулдаг. 

Цөөн хүн амтай улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд импортын бараанд тодорхой хэмжээний хориг тавих хэрэгтэй гэж би боддог. Жилд импортоор 500 тэрбум төгрөгийн бараа гаднаас авдаг юм билээ. Энэ бол бага биш мөнгө шүү дээ. Тиймээс гадагшаа урсаж буй энэ мөнгийг эх орондоо үлдээж чадвал улсад л хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал буурах сайн нөлөөтэй. Уг нь гадаад зах зээлд гарах тэмүүлэл бий. Гэхдээ том зах зээлийг хангахад үйлдвэрийн хүчин чадал чухал учраас хэдэн жил бэлтгэх шаардлагатай. Улс орон хөгжөөд ирэхээр хэрэглэгчдийн хүрээ өргөжинө шүү дээ. Манай байгууллага олон улсын хийгээд дотоодынхоо үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Хүмүүсийг анзаараад байхад нэг зүйл харагддаг юм. Манай монгол эмэгтэйчүүд эрчүүдээ орхигдуулаад байх шиг байдаг. Өөрсдөө харсан зүйлээ худалдаж авдаг хэрнээ нөхрийгөө ганц өмд авах гэхэд л “За дараа бол. Гэрт юу ч өмссөн яадаг юм” гээд л цааргалдаг. Уг нь хоёр биедээ л хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байх. Гадныхан бол шал өөр шүү дээ. Гэртээ ирээд биед эвтэйхэн чөлөөтэй хувцсаа өмсөөд тухалдаг. Анх гэрт өмсдөг эрээн өмд хийж эхэлж байхад их л шүүмжилдэг байлаа. 

Одоо харин хандлага нь өөрчлөгдөөд хүмүүс хэрэглэдэг болжээ” хэмээн ярив. Манайд нэг үеэ бодвол үйлдвэрлэл хөгжиж байгаа гэдгийг тэрбээр онцлов. Төр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд импортоо хамжааргалах л хэрэгтэй гэсэн санааг тэрбээр өгүүлж суусан. Түүний ээж Москвад төгссөн оёдлын технологич, анхны хувцас дизайнеруудын нэг болохоор сайн зөвлөх, туслах нь болдог аж. Хувцас урлал бол түүний хобби нь юм байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдсан нэг асуудал нь НӨАТ байдаг аж. Н.Энхцэцэг “Францад бол НӨАТ зөвхөн борлуулалтын системийг хянах зорилготой байдаг юм билээ. Улс хоёр хувийг нь аваад найман хувийг нь буцааж өгдөг тогтолцоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Бид хоёр хувийн татвар төлдөг байсан бол бүгд дургүйцэхгүй. Мэдээж үүргээ ухамсарлаж НӨАТ-аа төлнө шүү дээ. 10 хувь гэдэг үнэнийг хэлэхэд бидэнд амаргүй л байдаг. Энэ тогтолцоог эргэж хармаар байгаа юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид их бага хэмжээгээр НӨАТ-ын өртэй явдаг байх. Миний хувьд ч гэсэн сар бүр бага хэмжээний өр хуримтлах нь байдаг л үзэгдэл болсон. Боломжтой бол төлнө, орлого, ашиг маруухан байвал хойшлуулахаас өөр арга байдаггүй” гэв. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг татвараа цаг тухайд нь төлж, улсад орлого оруулах юм хэмээн тэрбээр хэлж байв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Арьсан бүтээгдэхүүний зах зээлд өнгө нэмэх “Aмка” брэнд

 0 сэтгэгдэл
  • Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг
  • Өнгөрсөн жилээс хүү маань бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой хийж үзэг гэж боддог юм. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна
  • Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, би байхгүй байсан ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд мөнгө орж байх хэмжээнд хүргэх

“Паскаар эхэлсэн бизнесээ зах зээлд өрсөлдөхүйц брэнд болгохын тулд багагүй хөлс дуслуулсан, одоо ч хичээсээр байна. Мэдээж шантрах үе бишгүй тохиолддог. Гэвч бууж өгөөгүй, өгөх ч үгүй” хэмээх шавилхан биетэй, хөдөлмөрч залуугийн үүсгэн байгуулсан “Aмка” брэндийг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна. Арьсан эдлэлийн зах зээлд өөрийн гэсэн дүр төрхийг бий болгоод буй тус брэндийн үүсгэн байгуулагч У.Амарбат 23 настай экологич мэргэжилтэй. Залуу хүнд мөнгө, туршлагаас илүү зориг, зорилго тэмүүлэл хэрэгтэйг үлгэрлэж буй тэрбээр бизнесээ нэг жилийн өмнөөс эхлүүлсэн ч богино хугацаанд цэцэглүүлж чаджээ. Учир нь тус брэнд дотоодын зах зээлд танигдаад зогсохгүй БНХАУ, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаад амжсан байна.

Аав ээждээ ажил олгож байна

Түүний аав С.Ундрахболд, ээж Л.Эрдэнэчимэг нь Японы хөрөнгө оруулалттай “Тод гэрэл жидай” компанитай хамтарч Hushtug брэндийн арьсан цүнх үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Тэд тус брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг бөгөөд сард дунджаар 600-800 цүнх Японы зах зээлд нийлүүлдэг байна. Харин өнгөрсөн жилээс хүү У.Амарбат нь мөн тэдний үйлдвэрт захиалга өгч бүтээгдэхүүн хийлгэдэг болсонд тун баяртай байгаагаа илэрхийлж байв. С.Ундрахболд “Манай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад найман жил болж байна. Өнгөрсөн жилээс хүү минь бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой юм хийж үзэг гэж боддог. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна. Анх “ааваа би нэрийн брэндтэй болохоор төлөвлөж байна” гэхийг нь сонсоод чадах эсэхэд нь эргэлзэж л байсан. Гэтэл бодсоноос ч илүү үр дүнтэй ажиллаж байгааг нь хараад баярладаг” гэж хүүгээрээ бахархан өгүүллээ. Тэдний арьсан урлалын үйлдвэр 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөг хариуцлагатай компани юм. Мөн тэд ихэнхдээ захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг аж. Тодруулбал, хамтарч ажилладаг “Тод гэрэл жидай” компани нь мөнгөө урьдчилж төлөөд, захиалгаа өгөх системээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэснээр төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний илүүдэл гарах, хэрэглэгч хайх зэрэг хүндрэл үүсдэггүй байна. Тиймээс “Aмка” брэнд ч тус арга барилаар ажиллаж, захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ Монголын нөхцөлд зөвхөн энэ аргаар борлуулалт хийх боломжгүйг онцоллоо. Монгол арьсаар дэлхийд таашаагдсан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой тус брэнд одоогоор үйлдвэртээ болон “Улаанбаатар галлериа”-д бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд Ard.mn онлайн шопоор дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг байна. Мөн өөрсдийн цахим хуудсыг хөгжүүлж, хүмүүст танигдаж буй бөгөөд энэ нь бүтээгдэхүүний захиалга авах, борлуулах нэг чухал суваг гэнэ.

Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг

Hushtug брэндийн цүнх гурван удаагийн хяналт шалгалтыг давж байж зах зээлд гардаг байна. Японы зах зээлд чанараараа танигдах зорилготой брэнд учир эдэлгээ удаантай, бат бөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний эрхэм зорилго. Үнийн хувьд, нэг цүнхийг дунджаар 500 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Харин тус үйлдвэрийн дотоодын хэрэглэгчдэд зориулан урлаж буй “Aмка” брэндийн цүнх үүнээс хоёр дахин хямд үнээр зарагддаг. Чанарын хувьд Япон улс руу гаргадаг цүнхнээс ялгарах зүйлгүй төдийгүй загвараа дотоодын хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн урладаг байна. У.Амарбат “Манай үйлдвэрийн ажилчид чадварлаг, туршлагатай. Үйл ажиллагаа нь жигдэрсэн учир хамтарч ажиллахад таатай байдаг. Мөн аав, ээж хоёр маань хариуцаж ажилладаг болохоор надад бүтээгдэхүүнээ чанарын шаардлага хангаагүй гарах вий гэх айдас байдаггүй юм. Тэд цүнхээ үйлдвэрлэхдээ ширхэг утсанд хүртэл анхаарч, нарийн хийцтэй урладаг. “Aмка” брэндийн бүтээгдэхүүн Hushtug-ын цүнхтэй ижил чанартай гардаг нь манай бас нэг онцлог. Харин загварын хувьд дотоодын хэрэглэгчдэд тохируулан бага зэрэг өөрчилж урладаг юм. Тухайлбал, монголчууд хаяг, лого бүхий чамин хийцтэй бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой. Харин япон хүмүүс ямар нэг гоёл чимэггүй энгийн загвар их захиалдаг. Мөн Хятад, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргахдаа ч хэрэглэгчдийн судалгаа их хийдэг. Улс, үндэстэн бүхний онцлогт тохирох зүйл хийж байж л хүмүүст хүрнэ. Тиймээс зах зээлээ мэдэрч, загвараа гаргахыг хичээдэг. Гэхдээ үнийн хувьд манай бүтээгдэхүүн хоёр дахин бага байдаг. Үүнд тээвэрлэлт мэдээж нөлөөтэй. Гэхдээ Hushtug-ын цүнхний зөвхөн борлуулалт дээр зургаан хүн ажилладаг болохоор ажилчдаа цалинжуулахаас эхлээд өртөг ихтэй. Харин би бүтээгдэхүүн борлуулах, хөгжүүлэх, орлого зарлагаа тооцох зэрэг ажлыг өөрөө л хийдэг. Ингэснээр багагүй мөнгө хэмнэдэг юм. Сургуулиа төгсөөд удаагүй, хуримтлуулсан мөнгө багатай бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй юм билээ. Мөн би энэ тал дээр ямар ч мэдлэггүй, номын дуу сонсоогүй хүн. Гэхдээ болохгүйгээс болгох хүртэл нь л зүтгэж байна. Бизнес эрхлэгчдийн сургалтад сууж, аль болох өөрийгөө цэнэглэхийг хичээдэг. Хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийдэг юм. Мастертаа ч сурдаг. Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, намайг эзгүйд ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд минь мөнгө орж байх хэмжээнд хүргэх мөрөөдөлтэй” гэлээ.

Амка брэнд бүтээгдэхүүнээ Монгол арьсаар хийдэг

Арьсаар бүтээгдэхүүн урлахад хамгийн чухал зүйл бол түүхий эд байдаг. Тус үйлдвэр түүхий эдээ дотоодоосоо хангадаг байна. Учир нь Монгол арьс бат бөх, чанар сайтай, эдэлгээ удаан зэрэг олон давуу талтай. Мөн тэд дотоодын үйлдвэрээ дэмжиж хамтарч ажиллахыг хүсдэг гэнэ. Гэхдээ бүсний арал, цүнхний цахилгаан зэрэг туслах бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр ховор учир тэдгээрийг дотоодоос хангах боломжгүй байдаг аж. Энэ талаар “Бид бүтээгдэхүүнээ “Мон ирээдүй” үйлдвэрийн боловсруулсан арьсаар хийдэг. Хятадын арьсаар хийж болох ч нимгэлгээ авахдаа муу, бат бөх биш зэрэг цөөнгүй сул талтай юм билээ. Гэхдээ монгол малын арьс бэлчээрлэлтээс шалтгаалсан шарх, өвчлөлөөс үүссэн сорви ихтэй байдаг. Энэ нь бүтээгдэхүүн гаргахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм. Бидний хамтарч ажилладаг “Мон-Ирээдүй” компани арьсаа өндөр түвшинд боловсруулдаг. БНХАУ, Итали, Турк, Япон, БНСУ зэрэг орнуудад боловсруулсан арьсаа гаргадаг юм билээ. Мөн Michael Kors, ZARA зэрэг дэлхийн алдартай брэндүүд тэдний арьсаар цүнх хийдэг. Түүнийгээ Монголд оруулж ирээд шаггүй үнэтэй зардаг шүү дээ. Манай үйлдвэр маш сайн боловсруулсан түүхий эд хэрэглэдэг учир бүтээгдэхүүнээ нүүр бардам худалдаалдаг” гэлээ. Тус брэндийн хамгийн гол давуу тал нь Японы зах зээлд хөлөө олсон брэндтэй эн зэрэгцэж, туршлага судалж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа явдал юм. Түүнчлэн арьсан эдлэлийн дотоодын үйлдвэрүүдтэй харьцуулахад үнэ ч хямд байлаа. Тухайлбал, Монголд нэг бүс дунджаар 50-60 орчим мянгаар борлуулдаг бол энд 20-30 мянган төгрөг. Харин цүнх 200-300 мянган төгрөгөөр худалаалж байв. Мөн загвар давтахгүйг хичээж, чанарыг эрхэмлэдэг нь тэдний онцлог. Үүнээс гадна, бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засаж өгдөг нь хэрэглэгчдийн таашаалд хэдийн нийцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрдээ сайныг өмсгөх гэсэн сэтгэл үндэсний үйлдвэр болон хөгжсөн нь

 0 сэтгэгдэл
  • Сайн чанарын материал орж ирэх болсон тул оёдлын үйлдвэрүүд сэргэж эхэлжээ
  • Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон хийх материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр албан ёсоор үйлдвэрээ ажиллуулж эхэлжээ
  • Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжжээ
  • Харахад энгийн мэт боловч хагийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг
  • Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ суух хугацаанд мэргэжлийн хувьд өсч дэвжих, магадгүй албан тушаал өгсөх, карьераа нэмэгдүүлэх боломжоо алддаг нь нууц биш. Гэхдээ ямар ч эмэгтэй нялх үрээ асарч, өсгөх энэ хугацааг золиос гэж боддоггүй бөгөөд амьдралын аз жаргал гэж хүлээж авдаг нь хамгийн сайхан. Харин ч өөрийн бизнесээ эхлүүлээд амжилтад хүрсэн олон эмэгтэй гэртээ хүүхдээ харж байхдаа бизнесийн санаагаа бодож олсон талаарх олон түүхийг уншиж байлаа. Эдгээр эмэгтэйн нэг төлөөлөл бол А.Батжаргал. Тэрбээр хүүхдийн биед эвтэйхэн чанартай дотуур хувцас хайгаад олоогүй учир өөрөө хийхээр шийджээ. Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжсөн түүхийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. 

18 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах тус үйлдвэрийг зорьж очиход оёдлын машин тасралтгүй тачигнаж, оёдолчин эмэгтэйчүүд биднийг анзаарах сөхөөгүй ажиллаж байв. А.Батжаргал биднийг үйлдвэрийн байрны зохион байгуулалт, үйлчин эмэгтэйчүүдийн гараас “Намуу” брэндийн хувцас хэрхэн “төрж” буй процесстой танилцууллаа. Тус үйлдвэр эсгүүр гаргах өрөө, оёдол, индүүдлэг гэсэн ерөнхий гурван хэсэгтэй. А.Батжаргал “Өнөөдөр захиалга их байгаа болохоор ажилчид маань завгүй л байна. Зарим нь гадуурх ажлаа амжуулахаар явсан” гэв. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр үйлдвэрээ албан ёсоор ажиллуулж эхэлжээ. “Монголын нөхцөлд сайн чанарын хөвөн зөөлөн материалтай дотуур хувцас олдоц багатай байдаг. Өдөр тутамдаа байнга хэрэглэдэг эдгээр хувцсыг ихэвчлэн гадаадаас авдаг байсан. Харин хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа өмсөх хувцсаа заавал гадаадаас авах шаардлага юу байна. Яагаад эх орондоо үйлдвэрлэж болохгүй гэж бодоод туршилтаар хувцас хийж эхэлсэн” гэж А.Батжаргал ярьсан юм.

“Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг

“Намуу” брэнд нь дотуур хувцас, нимгэн өмд, халаад, майк шортны хослол, футболк, унтлагын болон жирэмсний хувцас зэргийг үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж. Бүтээгдэхүүнээ гаргаад зургаан сар болж байгаа боловч аль хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Нэг удаа “Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг байна. Улмаар тус үйлдвэрийн дизайнеруудад өөрсдийн хүсэл сонирхлын дагуу захиалга өгч, хувцас хийлгүүлэх болсон аж. Тухайлбал, гэрийн өмдний тухайд илүү загварлаг байлгахыг хүссэн байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ саналыг хүндэтгэн үзээд өнгө, загвар, материалаа шинэчилж, өвдөг гардаггүй материалтай, суудал өндөртэй, биед эвтэйхэн загвартай болгосон байна. Мөн үйлчлүүлэгчдийн сонирхлын дагуу эмнэлэгт өмсөх хамбан материалтай халаад хүртэл хийжээ. Тэднийх материалаа БНХАУ болон БНСУ-аас авдаг. Үйлдвэрийн дэлгүүр нь Төв номын сангийн урд байрлах Выставка буюу Сарны титэм худалдааны төвд байдаг аж. Мөн “И-март”, “Номин”, “Миний дэлгүүр” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна олон хүнд хүргэх зорилгоор “Номин”-гийн орон нутгийн салбар супермаркетуудаар борлуулдаг.

Хүчин чадлынхаа 50 хувийг л ашиглаж байна

Харахад энгийн мэт боловч хамгийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг. “Олон төрлийн дизайнаас бүтээгдэхүүн болох загварыг сонгодог. Хувцасны материалаа үнэтэй авдаг учраас бүтээгдэхүүн зах зээл дээр хямд гарах боломжгүй. Гэхдээ бид аль болох өндөр үнээр борлуулахгүй байх төлөвлөгөөтэй ажилладаг” хэмээн А.Батжаргал хэлсэн юм. Одоогоор тус үйлдвэр есөн ажилтантай бөгөөд захиалга ихтэй үед гэрээгээр оёдолчин авч ажиллуулдгаа дуулгав. Мөн үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувиар ажиллаж буйгаа хэлсэн юм.

Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч олонтой

Тус үйлдвэрийн хувцаснууд төрлөөсөө хамааран 3500-45000 төгрөгийн үнээр зах зээлд гарч байна. Хамгийн үнэтэй нь 65 мянган төгрөгийн үнэтэй хамба хилэн материалтай гэрийн халаад байв. А.Батжаргал “Монголчууд хувцсаа хаанаас авч буйг судалж үзсэн. Ажил, амины шугамаар гадаад явдаг хүмүүс тухайн орнуудаас хувцсаа авчихдаг. Харин тийм боломжгүй хүмүүс ямар нэгэн брэндийн хямдарсан хувцсыг авч өмсдөг. Дэлхийд алдартай брэндүүд нэг төрлийн хувцсыг маш олноор үйлдвэрлээд, үлдсэн бараагаа 50-70 хувь хямдруулж зардаг. Харин монголчууд ихэнхдээ ингэж хямдарсан хувцсыг авч өмсдөг бөгөөд, гадаадад ийм үнэтэй байдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Тухайн компани бүх ашгаа хийчихээд үлдэгдэл бараагаа дуусгах зорилгоор хямдруулж байхад гадаадын бүтээгдэхүүн хямд байхад бараагаа хямдруул гэж дотоодын үйлдвэрлэгчдэд хэлдэг” хэмээн тайлбарлалаа. Тэрбээр “Бид бүтээгдэхүүний оёдол, эсгүүрт онцгойлон анхаарч, өдөр тутамдаа сайжруулсаар олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэхийн төлөө чармайн ажиллаж байна” гэсэн юм. Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч ихтэй. Учир нь БНСУ-аас чанартай, олон төрлийн даавуу орж ирдэг болсон учраас оёдлын үйлдвэрүүд сэргэж, хувь хүмүүс хүртэл гэрээр хүүхдийн хувцас, баривч зэрэг олон зүйл үйлдвэрлэх болсон байна. А.Батжаргал Чехэд бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч цаашид хувийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол чанарыг дэлхийд мэдрүүлэхээр зорьж буй “Эхлэл”-ийнхэн

 0 сэтгэгдэл
  • Сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд экспортолж байна
  • Залуус "Эхлэл"-ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг их хэрэглэх болжээ. Үзэмж давгүй чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар залуус сонирхуулж байлаа
  • Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэлээд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа
  • Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна

“Дуслуулсан хөлс бүр чинь үр дүн авчирна”. Ийн хэлэх эрхэм бол “Эхлэл” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа гэх 30 эргэм насны залуу юм. Тэрбээр таван жилийн өмнө хуушуур хийж, захиалгаар хүргэж өгдөг байжээ. Тэр үед Монголд анхны электрон хэрэгслийг үйлдвэр байгуулах том зорилго сэтгэлдээ тээж, бизнесээ босгох шат өөд зугуухан алхаж явснаа дурсав. Тэрбээр “Амжилтын түлхүүр хүн бүрийн гарт анх төрөхөд л атгаатай байдаг. Тэр бол зүтгэл. Амжилтыг холоос хайх хэрэггүй. Зүтгэл байсан цагт чиний амжилтад хүрэх тасалбар хүчинтэй гэсэн үг” хэмээн хэлэх дуртай. Монголчууд гар утас, компьютер үйлдвэрлэнэ гэхээр зарим хүний санаанд багтдаггүй. Тэртээ тэргүй улс орнууд хийж байгаа зүйлийг бид хийж яах юм бэ, тэгээд ч бидний хийсэн бүтээгдэхүүн төгс байж чадах уу гэж эргэлзэх хүмүүс бий. Гэвч бид бусад үндэстнүүдтэй л ижилхэн зүрх, тархитай төрсөн. Тиймээс агуу зүйлийг бүтээх, дэлхийг байлдан дагуулах авьяас билиг ч бидний дотор оршиж буй. Хүн бүр хичээл зүтгэл гаргаж, зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал бүхнийг бүтээнэ гэж Ч.Батзаяа үздэг аж. 

Залуус “Эхлэл”­-ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, повер зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг ихээр хэрэглэх болжээ. Үзэмж давгүй, чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар тэд сонирхуулж байлаа. Тэрбээр компани байгуулсан түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. “Эхлэл”-­ийн түүх 2007 оноос бичигджээ. Хоёрдугаар курсийн оюутан залуу цагийн ажил хийхийн хажуугаар Amjilt.com Ehlel.com Miniih.com зэрэг сайт ажиллуулж эхэлсэн байна. Бүх төрлийн программ татдаг варез сайт болохоор тухайн үеийн залуусын сонирхлыг татаж чаджээ. Эдгээр сайтыг ажиллуулж байхдаа тэрбээр дотроо Microsoft шиг болно хэмээн бодож зүтгэж байв. Ингээд 2011 оноос hostmongol гэж нэрээр Монголд анх удаа .MN домэйн нэрийг 25 ам.доллараар худалдаалах боломжийг нээж, хоёр жил шахуу энэ үйл ажиллагаагаа эрхэлжээ. Энэ бүхэн өнөөдрийн электроникийн үйлдвэр байгуулах шат гишгүүр болсон байна. Ч.Батзаяа “Би багаасаа л Солонгосын Sam­sung, LG, Японы Toyota, Honda, Германы Benz, Хятадын Lenovo шиг брэндийг Монголдоо бий болгоно гэж мөрөөдөж явсан. Үүнийгээ бодит болгох нь миний зорилго, тэмүүлэл. Тийм ч учраас брэндийнхээ уриаг see your dream come to life буюу мөрөөдөл тань амьдрал дээр хэрхэн биелэхийг хар гэсэн утгатайгаар өгсөн. 2016 оны аравдугаар сард компаниа байгуулж, оюуны өмчөө бүртгүүлэх, худалдаалах зүйлсээ үйлдвэрлэх, Aliba­ba-­гийн хятад сапплэйр эрх авах зэрэг ажлуудаа маш нарийн хийсэн. Хятадын зах зээл, бизнесийн орчин, бизнесийн соёл нь миний бодсоноос тэс өөр байсан болохоор түүнийг ойлгох, мэдрэх гэж, бага биш хугацаа зарцуулсан. Наад зах нь хэлний бэрхшээл. Гэвч ямар ч байсан өнөөдөр бол Хятадын зах зээлийг ойлгох ойлголт, арга зам, гарц, хэл ус, дадал зуршил маань хамаагүй дээрдсэн шүү. Ер нь үйлдвэрлэгч, бүтээгч, экспортлогч тэр дундаа олон улсад худалдаа хийж суръя гэвэл бид Америк, Орос, Европ гэхээсээ илүүтэй хятадуудаас л сурах хэрэгтэй юм шиг санагддаг” гэлээ. Монголын технологийн салбарт цахиур хагалах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий дахинд “Made in Mongo­lia”-­г таниулах хүсэл зорилготой бизнесээ эхлүүлжээ. Түүнийг анх бизнесээ эхэлж байхад санхүү, хөрөнгө босгох амаргүй байсан ч хичээл зүт­гэлийн хүчээр хүнд үеийг давж гарчээ. Тэрбээр “Манай улс нүүрс, алт, зэс, ноос ноолуурын чиглэлээр дэлхийн зах зээлд танигдсан хэдий ч голдуу түүхийгээр нь олон улсад гаргаж байна. Их хэмжээгээр гаргасан нөхцөлд эдийн засгийн үр өгөөж гайгүй байдаг ч багаар экспортлоход ашиг нь буурдаг. Тиймээс хүмүүсийн орчин үеийн хэрэглээн дээр тулгуурлаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийцүүлэхээр зорьсон. Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа. Технологийн бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэж байна. Ойрын 10 жилд илүү өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр би зах зээлээ зөв мэдэрч үйлдвэрлэл явуулж байгаа гэж боддог. Манай компани одоогоор 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс долоон нэр төрөл нь гар утасны дагалдах хэрэгсэл. Монголчуудын хувьд импортын бүтээгдэхүүн давамгайлсан байдаг учраас зах зээлд үнэтэй байгаа юм. Гэхдээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг учраас гаалийн татвар, тээврийн зардал багасдаг тул өртөг хямд байдаг. Эх орондоо үйлдвэрлэхээр үнэтэй байдаг гэж иргэд ойлгодог. Тийм биш. Бид чанарт илүү анхаарал хандуулж байна. Гар утасны холбогч л гэхэд тасрахгүй бат бөх байж удаан эдэлгээ даахуйц байлгахад анхаардаг” гэж ярилаа. “Эхлэл” компа­нийнхан Энэтхэг, ОХУ, Казахстан руу бараагаа экспортлох гэрээ хэлэлцээр хийгээд байгаа аж. Том зах зээлд хөл тавихын тулд үйлдвэрийн хүчин чадал сайн байх ёстой. Үүнд ихээхэн анхаардаг ч нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагддаг хэмээсэн юм. Чадалтай залуус өөрсдийгөө үнэлдэг гадаад зах зээлд ажил­ладаг болохоор Монголоос сайн мэргэжилтэн олно гэдэг амар биш гэдгийг тэд хэлж байв. Тиймээс залуусыг сургаж, тогтвортой ажиллуулахаар зорьж буй аж. Одоогоор сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд энэ хүчин чадлынхаа хүрээнд олон улсын зах зээлд бараагаа нийлүүлж байна. Дараагийн үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсны дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзжээ. Дахин хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Эхний ээлжинд Энэтхэгийн Бангалор руу бүтээгдэхүүн гаргаж буй юм байна. Тус хот 20 сая хүн амтай болохоор овоо дориун зах зээл бий гэж “Эхлэл”-ийнхэн онцолж байв. Энэ жишгээр Монголын бизнесмэнүүд дэлхийн зах зээлд гарах гэж чармайж байна. Гэхдээ олон бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд тийм ч амар байдаггүйг Ч.Батзаяа хэлж байв. Бизнесийн орчин хэт нүсэр байхаар цаг хугацаа алддаг, энэ нь бүтээмжийг хойш татаж байна хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. Бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал нь хаана, бооно, торгоно гэсэн эрх зүйн санкцууд байдаг аж. Төрийн энэ дарамт бизнесийн орчныг сулруулж байдгийг тэрбээр шүүмжилж байлаа. Ч.Батзаяа “Манайх төрөөс элдэв хөнгөлөлттэй зээл, дэмж­лэг авч байсангүй. Өөрийн боломжоо ашиглаад л зүтгэж байна. ЖДҮ­-ийг дэмжих зээл, элдэв татаас төрөөс үзүүлэхгүй байж болно л доо. Харин бизнес эрхлэгчдэд илүү чөлөөт өрсөлдөөнийг л бий болгож өгөх хэрэгтэй. Гадаад зах зээлд гарахад чөлөөтэй байлгамаар байна” гэлээ. Өмнө нь Монголд элект­роникийн үйлдвэрлэл эрхэлж байсан туршлагатай бизнесмэн байдаггүй болохоор амаргүй байсныг дурдаж байв. Түүнчлэн хамтраад ажиллах, туршлага солилцох нөхцөл боломж хязгаарлагдмал байдгийг ч нуусангүй. Электроникийн чиглэлээр бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг зорьж буй хүмүүст “Эхлэл”-­ийнхэн зам гаргаж өгөгч нь болж байна. Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна. Ч.Батзаяа “Бизнесийг хүн баяжих гэж хийдэггүй юм. Бусдыг идэх хоолтой, өмсөх хувцастай байлгах, сайн сайхан амьдруулах гэж хийдэг юм” хэмээн ярьдаг. Тиймээс ч ажилгүйдлийг бууруулж, баялаг бүтээхэд хүчин зүтгэж яваа ажээ.