A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3925/

Ам тоо, амьд мал хоёрын зөрүүг татвар арилгана

Ам тоо, амьд мал хоёрын зөрүүг татвар арилгана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3925/
  • Малчид банкнаас ахиу зээл авахын тулд малынхаа тоог хийсвэрээр нэмж тоолуулдаг болжээ
  • Малынхаа тоог өсгөж тоолуулах нь банкнаас өндөр дүнтэй зээл авахад хэрэг болдог байна
  • Малын тоог зөв зохистой байлгах, цаашлаад бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх шилдэг арга бол малын хөлийн татвар авах. Малын хөлийн татвар авах нь улсын эдийн засагт ч нэмэртэй

Гурван сая гаруй хүн амтай Монгол Улс 70 сая малтай боллоо. Бүр тодруулбал, улсын хэмжээнд 2019 онд 70 сая 949 мянга 900 толгой мал тоологджээ. Жил бүр мал өслөө гэх чихэнд чимэгтэй мэдээ сонсогдож, маханд дуртай хүн бүрийг баярлуулах юм. Мал малчны мэдэлд шилжсэнээс хойш тасралтгүй өсөж ийн 70 гаруй сая толгойд хүрээд байгаа нь энэ. Хөдөөгийнхөн сумынхаа мал тооллогын комиссыг эгээтэй л хадаг барьж угтдаггүйсэн. Тэдэнд зориулж шөнийн нойроо хугаслан бууз, банш хийж хөлдөөнө. Зарим айл нь мах чанаж, шилтэй цэнхэр гаргаж дайлна. Улсын даалгавар биелүүлж яваа өнөө тооллогын комиссын гишүүд малчдыг айл саахалтаар нь дуудаж цуглуулаад, аман мэдүүлгээр малыг тоолоод арилж өгнө. 10 гаруй жилийн өмнө бол малыг нь хурааж байгаад нэг бүрчлэн хуруу даран тоолдог байв. Харин тоо бүртгэлийн энэ арга барил сүүлийн жилүүдэд хялбаршиж, малчдынхаа амаар л “туудаг” болжээ. Монголын мал өсөж байгаа нь сайн хэрэг. Энэ өсөлтийг дагаад махны үнэ буурах учиртай юм. Гэтэл эсрэгээрээ махны үнэ малын тоотойгоо өрсөлдөн өсөж байгаа нь амьжиргаа доогуур иргэдийг бухимдуулдаг боллоо. Нөгөөтэйгүүр малчид тооны хойноос хөөцөлдөж, сүргийн үүлдэр угсааг нь сайжруулах талаар санаа тавьдаггүй дутагдалтай. Сүүлийн үеийн залуу малчид мянгат малчин болохын өвчинд нэрвэгдээд байна. Сум орон нутгаас малаа олон болгож өсгөсөн өрхийг сайшааж өргөм жилдөг болохоор өөрийн малын тоо нь хүрэхгүй бол хамаатан садныхныхаа хонь, ямааг хамж, нийлүүлж тоолуулаад ч болтугай “мянгат малчин” болдог болжээ. Өвөрхангай аймгийн малчин Б.Буянт “Манай саахалтын Д.Тэрбишийнх 800 гаруй малтай. Гэтэл “Сумын сайн малчин” гэсэн өргөмжлөл хүртсэн. Уг нь сумын сайн малчнаар мянган малтай иргэдийг л тодруулдаг юм билээ. Тэдний мал яагаад ч мянга хүрэхгүй. 200 мал нэмж тоолуулсан байх” хэмээн эргэлзсэн аястай хэлж байв. Малчин Д ч мөн л малынхаа тоог нэмж тоолуулдгаа ярив. Эднийх 40 гаруй адуутай хэрнээ 100 давуулж, 60 толгойгоор нэмж тоолуулсан байх юм. Учрыг нь лавлавал “Банкны зээл авахад малын тоо олон байх нь ашигтай. Адаглаад л ахиу зээл олддог” гэлээ. Зарим малчин ийнхүү малынхаа тоог нэмж тоолуулдаг шударга бус Монголын мал сүрэг 70 сая болсон гэх мэдээнд эргэлзэхэд хүрч байна. Нэг өрх малаа 200 толгойгоор хийсвэрээр өсгөж тоолуулаад байвал мал тооллогын дүн хуурамч болох нь тодорхой. Бодит тоо дор хаяж 30 хувиар багасаж мэдэхээр байгаа юм. Бэлэн мөнгө байдаггүйн улмаас малчдын олонх нь банкны зээлд хүлээтэй амьдардаг нь нууц биш. Оюутны сургалтын төлбөр, цагаан сар гээд намар, хаврын улиралд илүүтэй зээл авдаг. Тиймээс малчид хотон доторх малаа, хэдэн сарын дараа гарах ашиг шимийг нь хүртэл банкны барьцаанд тавьчихдаг. Жишээлбэл, малчин Н.Рэгзэнгийнх 200 гаруй ямаатай. Багаар бодоход ноолуураасаа 20 гаруй сая төгрөгийн орлого олдог. Гэхдээ цагаан сараар ноолуурынхаа орлогын тэн хагасыг нь барьцаалаад зээл авдаг тухайгаа хэлсэн юм. Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 285 мянган малчин өрх тоологджээ. Тэдний 40 хувь нь банкны зээлтэй амьдарч байна. Зээлтэй малчдыг насны ангиллаар авч үзвэл, 33 хувийг 35-44 насныхан эзэлжээ. Мөн 25-30 насныхан 22 хувь, 45-54-тэй нь 25 хувийг эзлэх жишээний. Тэгэхээр тэтгэвэргүй, өдөр тутмын орлогогүй дундаж насныхан илүүтэй зээл авдаг нь харагдаж байгаа юм. Тиймээс энэ насныхан малынхаа тоог хийсвэрээр өсгөж тоолуулах магадлалтай гэсэн үг. Банкны малчны зээлийн мэдээллийг харахад малын тооноос хамаараад хамгийн багадаа хоёр сая төгрөг, цаашлаад 30 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой юм байна. Аль болох олон мал тоолуулах тусам ахиу зээл олдоно гэсэн үг. Автомашин худалдан авах, хүүхдээ өрх тусгаарлахад гэр барааг нь бэлдэж өгөх гээд хоттой хэдийгээ барьцаалж зээл авахаас өөр арга малчдад байдаггүй. Малын тоо буруу болохоор эдийн засгийн үр өгөөж нь бага байх эрсдэлтэй. Нэгэн сонирхолтой мэдээлэл байх юм. 1989, 1990 оны үед малынхаа тоог таван саяар бууруулж олон нийтэд зарладаг байжээ. Нийтэд зарладаггүй таван сая малыг улсын нөөц гэж үздэг байсан байх юм. Цаг хүндэрч, мал олноор хорогдсон үед тоог нь орлуулна гэж тооцоолсон гэсэн үг. Гэтэл сүүлийн үед дарах бус тоог нь хийсвэрээр өсгөж тоолуулдаг боллоо. Банк тухайн малчны мал тооллогынх нь дүнг үндэслэн зээл олгодог болохоор шинэ цагийн малчид ийн овжин, хуурмаг арга хэрэглэдэг болоод уджээ. Уг нь төр засаг зөв бодлого барьдаг бол малчид ингэж өөрсдийгөө ч, улсаа ч хуурах шаардлагагүй. Малын тоог зөв зохистой байлгах, цаашлаад бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх шилдэг арга бол малын хөлийн татвар авах. Энэ төрлийн татвар авах нь улсын эдийн засагт ч гэсэн тус нэмэртэй. 2010 онд УИХ-аар баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд малын тоо толгойг, бэлчээрийн даацад тохируулах, бэлчээрийг зөв зохистой ашиглаж бэлчээрийн даацад малын тоог тохируулах талаар тодорхой тусгасан. Тухайлбал, малчдаас малын хөлийн татвар авахаар тусгасан боловч харамсалтай нь хэрэгжихгүй байгаа юм. 2015 онд ХХААХҮЯ малчдаас бэлчээр ашигласны төлбөр авах талаар санал боловсруулж, Сангийн яаманд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль эрхзүйн орчин нь бүрдсэнгүй. Хэрэв малчдаас малын хөлийн татвар авдаг болчихвол малынхаа тоог хийсвэрээр нэмж тоолуулдаг шударга бус байдал гарахаа болино. Түүнчлэн малчдын улсад өгсөн татварын мөнгөөр худаг ус гаргах боломж бүрдэнэ. Хэнэггүй малчдыг хариуцлагатай болгох арга барил нь малын хөлийн татвар гэдгийг төр засаг мэддэг ч ажил хэрэг болохгүй байгаа нь харин асуудал. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Оюунболд цагаан сараар барилдахаар зодог, шуудагтай гарч ирвэл яах вэ

 0 сэтгэгдэл
  • Шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд болон начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрч, өмнө нь байгаагүй дуулиан дэгдсэн. Учир нь, наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол анхных байлаа. Гэвч Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцоо шинжлүүлэхээс татгалзаж, шүүхэд хандсан. Хэсэг хугацааны дараа шүүхээс өргөдлөө буцаан, допингийн шинжилгээ авдаг багийг шалгуулахаар АТГ-т хандав. Тэрбээр “Намайг хэлмэгдүүлж байна. Би энэ хүмүүстэй хатуу тэмцэнэ. Намайг дарамталж, сүрдүүлсэн. Би цагаан сараар барилдана” гэж яриад бөхийн хүрээнийхэн дунд хэрүүлийн алим шидсэн нь өндрөө авчээ. Энэ талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонсох гэсэн боловч тэд татгалзав. “Бидний зүгээс ярих зүйл байхгүй. Түрүүлж дуугарах нь ч ёс зүйд нийцэхгүй. МҮБХ-ны байр суурийг сонсох хэрэгтэй. Дараа нь өөрсдийн бодлоо илэрхийлж болно” гэсэн ижил утгатай хариулт өгч байв. Харин наадмын өмнөх сорилго барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш нарыг зодоглох гэхэд бойкот хийж, бөхчүүдийг уриалж байсан улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн өнөөдрийг хүртэл таг чиг. Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд оролцохоор зодог шуудгаа өмсөөд бөхийн торгон ногоон дэвжээнээ гарч ирвэл яах вэ. Бөхчүүд ямар үйлдэл үзүүлэх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. “Допингтой бөхтэй барилдахгүй” хэмээн бойкот хийх үү, эсвэл хувь тавилантайгаа эвлэрээд барилдах уу гэдэг эргэлзээ бий. Допингийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтнийг бөх сонирхогчид хамгийн түрүүнд харж байгаа. Өнөөдөр 109 бөх болон Спортын анагаах ухааны төвийн эмч, мэргэжилтнүүдийг АТГ шалгаж байхад тэд яагаад таг чиг байна вэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Шинэ аваргын тухайд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэдсэн бол начин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээнд дээжээ явуулсан нь А сорьцоо баталсан дүнг үзүүлжээ. Ингэснээр бөхийн салбар хорооноос хоёр бөхийн барилдах эрхийг тус бүр хоёр жилээр хасах, цол чимэг бууруулах, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөж олгох хүсэлтийг Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлсэн байна. В сорьцын хариугаа авсан начин Б.Цэрэнтогтох ч шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандаад байгаа. Ингэснээр шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэх хугацаа сунжирч байна гэсэн үг” гэв. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Популизм ба “зүүн талаар гүйцэж түрүүлэх” уралдаан Монголд

 0 сэтгэгдэл
  • Зах зээлийн эдийн засагт шилжсэн хэрнээ популистууд үнэтэй байсан зүйлсээ ч үнэгүй, хүндгүй болгож байна
  • Популист бодлого өндийж ядаж байгаа эдийн засагт ямар бид хангалттай харсан, хүртсэн
  • Хэрэв улс төрийн мөчлөг дагасан популист улстөрчдийг сонгож, популист бодлого хэрэгжүүлсээр байвал 2030 онд Монгол Улс жинхэнэ утгаараа “Монсуэль” болоход ойрхон байна

    Ерөнхийлөгч ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төлж өгөх мэдэгдэл бүхий мэндчилгээ дэвшүүлсний араас бараг бүх улстөрч, нам хүчнүүд уг “сайн үйлс”-ийн автор болох гэж дор бүрнээ улайрсан өдрүүд саяхных. МАН баялгийг баячуудаас булааж, ард түмэндээ хүртээж байна хэмээн саймширсан бол баруун төвийн үзэл баримтлалаа хазайлгүй дагахаа тангараглаж, түүнийгээ Улсын дээд шүүхээр батлуулсан Ардчилсан нам цаашид нийт иргэдийн зээлийг тэглэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Харин МАХН зээл аваагүй байсан ахмад настан тус бүрт нэг сая төгрөг олгох ёстой…. гэх мэтчилэн улс төрийн намууд нэг нь нөгөөгөө “зүүн талаар нь гүйцэж түрүүлэх” уралдаанд хамаг хүчээ шавхаж байна. Гэвч энэ мэт популист бодлого өндийж ядан байгаа эдийн засагт ямар сөрөг талтайг хүүхэд төрүүлсэн, хүнтэй гэрлэснийх нь төлөө төрөөс өгсөн нийгмийн халамжууд, “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” зэрэг гоё нэртэй ч гай ихтэй амлалтын дараа бид хангалттай харсан, хүртсэн. Сүүлийн 20 орчим жил /2008 оноос/ монголчууд популизмтай танилцсан. Популизмын тодорхойлолтыг тайлбарлахдаа “Нийгмийн өөр өөр давхаргын хүмүүсийн өөр өөр үзэл бодол, эрх ашиг, ёс суртахууны ялгаанд үндэслэн “иргэд”-ийг төлөөлөгч гэж өөрийгөө тодорхойлсон нэг нөхөр “иргэд”-ийн эрх ашиг гэх тодорхой асуудлыг “элит” гэгч бүлэг этгээдийн өөдөөс сөргүүлэн тавихыг хэлнэ” хэмээн орчуулжээ. Популистуудын ярих нь сайхан ч зорилго нь хортой. Тэд олон нийтэд таалагдах, тэдний дунд нэр хүнд олж авах, эсвэл дэвшүүлсэн асуудлаараа далимдуулан ашиг орлого олох зорилготой. Гэхдээ популизмыг халамжийн бодлоготой андуурах вий. Дэвшүүлсэн асуудал нь байгалийн, нийгмийн, эдийн засгийн өөрийнх нь хууль, дүрмийг ихэвчлэн уландаа гишгэсэн, сөрсөн шинж чанартай байдаг нь халамжаас ялгаатайг санах хэрэгтэй. Популизмын давлагаа 2016 оноос /харин манайд 2008 оноос/ дэлхий даяар эрчимжсэн гэж хэлж болно. 2016 онд дэлхийн хамгийн чинээлэг 20 улсын ердөө найман хувь нь популист улс төрийн бодлого хэрэгжүүлж байв. Энэ тоо өнөөдөр 43 хувьд хүрчээ. Популистууд өнөөдөр дэлхийн мөнгийг удирдаж байна. Берлиний их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, эдийн засгийн хямрал популист улстөрчдийг “үйлдвэрлэдэг”-ийг баталжээ. Тэгвэл 2030 он хүртэлх жилүүдэд эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа нь популизмыг одоо байгаагаас нь ч илүү хүчирхэгжүүлэх магадлалтай. Эдийн засгийн өсөлт удаашрах, хүн амын тоо нэмэгдэх, тэр дундаа нийгмийн халамж хүртэх шаардлагатай насны бүлгийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэхээр байгаа нь дэлхийд популизм ноёлох таатай хөрс болохоор байгааг “Засгийн газрын мэдээ” сонин “Дараагийн арванд юу болох вэ” нийтлэлдээ мөн хөндсөн. Популизмын зардлыг харин хэн төлж, хэн ашгийг нь хүртэж байна вэ гэдгийг эхлээд бодъё. 2011 онд Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, түүнийгээ “Эх орны хишиг” хэлбэрээр иргэдэд тараачихсан. Тэгэхдээ нүүрсний зах зээл дээрх ханш хэд байхаас үл хамааран нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар “Чалко”-д тогтвортой өгөх хатуу гэрээ хийсэн юм. Уг гэрээний хүрээнд 350 сая ам.долларыг төлж барагдуулах хүртэл нүүрсээ “Чалко”-гоос өөр компанид өгөхийг хориглосон заалт мөн орсон байдаг. Ийм ашиггүй заалтаар гэрээ байгуулж зээлж авсан 350 сая ам.доллараа улстөрчид иргэн бүрт “Эх орны хишиг” болгон сардаа 21 мянган төгрөг тарааж байв. Ихэнх нь Эрээний “хог”, архины мөнгө болсон 21 мянган төгрөг хэч нээн сургууль, хэдэн эмнэлэг барьж, хэчнээн хүний ажлын байр шинээр бий болгон, хэдэн км зам тавих боломжтой байсан бол. Үнэндээ иргэн бүртээ тарааж байсан 21 мянган төгрөгөөс өнөөдөр үлдсэн ганц юм “21,000” нэртэй шоу нэвтрүүлэг л байна. Тэгвэл нийт 776 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг УИХ сая яаралтай дэгээр баталлаа. Улс төрийн тооцоол олтой болохоос эдийн засгийн үндэслэлгүй энэ шийдвэрийн дараа эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь чухал. УИХ-ын дарга Г.Занданшатар “Харин ч дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийг идэвхжүүлнэ. Яагаад гэвэл ахмадууд сүү, талх...зэрэгт л тэтгэврээ зарцуулдаг” гэж мэдэгдсэн бол энэ салбарыг тодорхойлогч эрхмүүд харин эсрэг дуугарч байна. “Физикийн хуулиар орчлонд ямар ч зүйл тэглэгдэж алга болдоггүйтэй адил эдийн засгаас ч мөнгө алга болохгүй. Амьд амьтан идсэн хоол хүнсээ ходоод гэдсээрээ дамжуулан боловсруулдаг шиг аливаа мөнгө үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, цалин хөлс болж байж эдийн засагт шингэдэг”-ийг эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаад ч тусыг олсонгүй, тэтгэврийн зээлийг тэглэх төслийг яаралтай дэгээр ярсхийтэл гараа өргөн батлав. Цагаан сараас өмнө 800 орчим тэрбум төгрөг зах зээлд гэнэт нийлүүлснээр инфляц өсөхөд нөлөөлж, төгрөгийн ханш суларч / юань 400 төгрөгт хүрсэн/, төсвийн тогтворгүй байдал бий болж, энэ нь цаашлаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй тусгай хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхөөр байгааг сануулж байгаа юм. Монгол хэлний их тайлбар тольд “үнэгүй” гэх үгийн хамгийн эхний утгыг “үнэ байхгүй”, “үнэ хүрэхгүй”, “үнэ цэнгүй”, “нэр хүндгүй” гэж тайлбарласан байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэн хэрнээ үнэтэй байсан зүйлсээ ч үнэгүй, хүндгүй болгож орхисон жишгээр ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэх хуулийн барьцаанд орж буй Салхитын мөнгөний орд хөрөнгийн зах зээл дээр ямар ч үнэ цэнгүй болж мэдэх юм. Хэрэв улс төрийн мөчлөг дагасан популист улстөрчдийг сонгож, популист бодлого хэрэгжүүлсээр байвал 2030 онд Монгол Улс жинхэнэ утгаараа “Монсуэль” болоход ойрхон байна. Хол мэт сонсогдож байгаа боловч 2030 он гэдэг шат шатны хоёр удаагийн сонгуулийн л мөчлөг. Сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд гарсан бодлого тодорхойлогчид улсын хөгжлийн урт хугацааны бодлого биш, дараагийн сонгууль хүртэлх дөрөв дөрвөн жилдээ “дөнгөлүүлж”, олон нийтэд таалагдах, талдаа татах хортой бодлого хэрэгжүүлсээр байвал улс орон сүйрэх нь цаг хугацааны л асуудал болдог гашуун түүхтэй орнууд бэлхнээ байгааг сануулъя. 

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Монгол ноолуураас “айхын” учир

     0 сэтгэгдэл
    • PETA нийгэмлэгийн Ази дахь салбар ямар учраас чулуун хана, плитан шалтай орчныг монгол малчны хот гэж ойлгуулахыг санаархаж, айдас хүргэм бичлэгээ монгол ноолуураас татгалзах уриалга болгосны цаад зорилго нь анхаарал татна
    • Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Конгрессийн шинэ бүрэлдэхүүнд дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулиар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломж нээгдэх юм
    • Монголын тал нутгийн эрс хүйтэн уур амьсгалтай өвөл мал тэсэж үлдэхийн тулд үс нь улам шигүү болж ургадаг байгалийн зүй тогтол бий

    Монголчууд малаа амьд таван эрдэнэ хэмээн хайрлаж, уналга эдэлгээнд хэрэглэхдээ ч гамнан, мал аж ахуйтай холбоотой эд зүйлсээ хүртэл хүндэтгэн дээш нь залдаг уламжлалтай ард түмэн. Адуу нь нутагтаа эргэж гүйдэг байгалийн энэ шүтэлцээг зөвхөн монголчууд бид л ойлгоно. Сүүлийн жилүүдэд “Монголоо алдсан моньднууд” олширч, нүүдэлчин соёлын үнэт өвийг үл мэдэгчид улам ихссэнийг харуулсан нэгэн үйл явдал олны анхаарлын төвөөс холдоогүй байна. Малчны хотонд ямааны хоолойг хэрчээд цусыг нь юүлж байгааг ноолуур самнах үйл ажиллагаатай холбож ташаа мэдээлсэн бичлэгийн тайлбарыг харьд амьдардаг дуучин бүсгүй уншсан нь ямар ч монгол хүний эгдүүг хүргэх нь мэдээж. “Энэ Монголд биш, монгол хүн ингэж мал муулахгүй” гэх эсэргүүцэлд хариу болгож “Би ямааг муулаагүй, тэдэнтэй зүй бус харьцсан хүмүүсийг муулсан” гэж тайлбарлаж байгаа түүнээс монгол ахуй, малч ухаан хүлээх нь утгагүй. Харин дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг амьтны эрх хамгаалах PETA нийгэмлэгийн Ази дахь салбар ямар учраас чулуун хана, плитан шалтай орчныг монгол малчны хот гэж ойлгуулахыг санаархаж, айдас хүргэм бичлэгээ монгол ноолуураас татгалзах уриалга болгосны цаад зорилго нь анхаарал татна. 

    Монголын ноолуур дэлхийд тэргүүлэх цаг мөдхөн 

    Монгол ноолуур дэлхийд чанараараа тэргүүлдэг. Ноолуурын голч хамгийн нарийн буюу 14-16 микрон, уртлаг нь 38-43 мм байдаг бол дэлхийд экспортоор тэргүүлдэг Хятадын ноолуур 33-35 мм уртлагтай, нарийн нь 15-16.5 микрон хэмжээтэй байдаг аж. Жилд 20 орчим мянган тонн ноолуур дэлхий дахинд хэрэглэдэг бол үүнээс 7-8 мянган тонныг Монгол Улс дангаараа бэлтгэж, хоёр дахь томоохон экспортлогч болдог. Гэхдээ энэхүү сайн чанарын ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.2 их наяд еврогоор хэмжигддэг тансаг хэрэглээний зах зээлд томоохон тоглогч болох ирээдүй Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн өмнө бий. Тиймээс зах зээлээ хамгаалж, бодит мэдээллийг хүргэхийн тулд холбогдох яам, холбоо болон үйлдвэрлэгчид, худалдан борлуулагч, малчид “Монголын хаан ширхэгт” тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр нэгдсэн. Засгийн газраас 2018 онд эхлүүлсэн “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд боловсруулах үйлдвэрүүдэд 270 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон юм. Уг зээлээр хүчин чадлаа нэмэгдүүлсэн үйлдвэрүүд өдгөө гадаад зах зээлд тэмүүлж байна. Сүлжих үйлдвэрлэл 42 хувиар өсөж, самнах болон ээрэх шатны үйлдвэрлэл 28-33 хувиар өссөн сайн үзүүлэлттэйгээр энэхүү хөтөлбөрийн эхний шатыг давсан юм. Дараагийн шат буюу 2020-2021 онд тансаг хэрэглээний бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлж, энэ салбарт тэргүүлэгч орнуудтай өрсөлдөх зорилго тавиад буй. 

    Ангийн үслэг эдлэлээс татгалзсан шигээ ноолуурыг халж болзошгүй 

    АНУ-д татваргүй бараа нийлүүлэх Гуравдагч хөршийн худалдааны хууль “дуншиж” байгаа энэ үед өрсөлдөгчдийн зүгээс явуулсан “түншилт”-эд монголчууд дотооддоо бужигнахаас хэтрэхгүй, эдийн засгийн хөнөөлгүй гэж найдна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Конгрессийн шинэ бүрэлдэхүүнд дахин өргөн барьсан уг хуулиар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломж нээгдэх юм. Энэ нь ноолуурын зах зээлд тэргүүлэгч өмнөд хөршийн болгоомжлолыг төрүүлдэг байж болно. Тиймээс хойд нутгууддаа “хорлонтойгоор” бэлтгэсэн бичлэгийг Монголын уудам тал, малчин айлын дүрстэй эвлүүлэн ташаа мэдээлэл агуулсан контентоо түгээсэн гэж хардахад хүргэнэ. Дэлхий нийтэд байгаль хамгаалагч, амьтны эрхийн төлөө тэмцэгчид амжилт олсоор байгаа хандлагыг ашиглан, монгол ноолуурын нэр хүндийг унагах гэсэн энэ санаархал Конгрессийн хэмжээнд хүрч цойлохгүй байх. Гэвч ногоон тив болохоор зорьж буй европчууд ангийн арьсаар хийсэн үслэг эдлэлээс татгалзаж чадсан шигээ ноолуурыг амьтан тамлаж бэлтгэдэг гэх ташаа ойлголтоор тансаг хэрэглээгээ хумьж болзошгүй. Энэ нь зах зээлд доргилт өгөх хэмжээнд нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм. Тиймээс хэлбэрт хуурталгүй агуулгад нь ач холбогдол өгч, холбогдох төрийн байгууллагууд хөгжиж буй салбараа хамгаалах бодлогодоо анхаарч, судлаачид бодит мэдээллийг хүргэхэд илүүдэхгүй. 

    Тонн зэсийн баяжмал $6270 бол самнасан ноолуур тонн нь $42,000

    Өнгөрсөн хавар боловсруулаагүй ноолуур нэг кг нь 115 мянган төгрөгийн ханштай байсан. Үүнийг угааж, утас ээрч, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргавал үнэ нь хэд дахин өснө. Ноолууран цамц хамгийн багадаа 80 ам.доллар, пальто 700 орчим ам.долларын ханштай тансаг хэрэглээний зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эдээс илүү эдийн засгийн өгөөж өгөхийг шинжээчид тооцоолдог. Нэг тонн зэсийн баяж малын үнэ 6270 ам.доллар бол самнасан ноолуур тонн нь 42 мянган ам.доллар. Арван ширхэг ноолууран пальто тонн зэсийн баяжмалтай дүйцэх хэмжээний орлого авчирдаг гэх мэтээр тооцоолвол байнга ярьдаг сэдэв болох эдийн засгаа солонгоруулахын ач холбогдлыг ойлгоно. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг ингэж үнэд хүргэсэн монгол ямааны “Хаан ширхэгт” ноолуурын ач холбогдол, чанарын судалгаагаа дэлхий нийтэд танилцуулах, бүтээгдэхүүний загвар шинэчлэл, сурталчилгаагаа огтхон ч таслахгүй байх нь чухал. “Монгол ямааны ноолуурын суурь судалгаа” бүтээлээр докторын зэрэг хамгаалсан Р.Бадмаанямбуу монгол ноолуурын чанарын талаар тайлбарласан байна. Монголын тал нутгийн эрс хүйтэн уур амьсгалтай өвөл мал тэсэж үлдэхийн тулд үс нь улам шигүү болж ургадаг байгалийн зүй тогтол бий аж. Тиймээс монгол ямааны ноолуур хамгийн нарийн ширхэгтэй, дулаан чанартай байдаг. Малчид гуравдугаар сарын дунд үеэс эхэлж ямаагаа самнадаг ба сам нь хүртэл үндэсний MNS стандарттай, хэмжээ, шүдний өнцөг, үзүүрийн диаметрийг тогтоосон байдаг гэсэн. “Дэлхийд жилдээ 100 сая тонн текстилийн ширхэгт материал үйлдвэрлэдгийн 0.06 хувь нь буюу 54 мянган тонн нь малын гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл энэ өчүүхэн нөөцийн 50 хувь нь зөвхөн ямааны ноолуур бөгөөд Монгол Улс энэ үнэт түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж, экспортолох нь чухал” гэдгийг тэрбээр онцолсон юм. 

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    27 хоногтой нярай угаарын хийнд хорджээ

     0 сэтгэгдэл
    • Энэ сарын 19-ний шөнө таван хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргүүлснээс хамгийн бага нь 27 хоногтой нярай байжээ

    Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд суурилуулах угаар мэдрэгчийн эхний ээлжийн 20 мянган ширхгийг тарааж бараг дууссан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НМХГ, НОБГ болон Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт өгдөг мэдээллийн үеэр угаарын хийд хөнгөн хэлбэрээр хэчнээн хүн хордсоныг мөн хэлэв. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 46 иргэн хандсан байна. Тэдний 24 нь хүүхэд бол 22 нь насанд хүрсэн хүн байжээ. Тэд бүгд эмнэлгийн тусламж, зөвлөгөө аваад буцсан гэдгийг хэллээ. Мөн амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаар мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж дууссан бөгөөд айл өрхүүдэд тараах ажил эхэлжээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд холбогдох байгууллагуудаас 18 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажиллалаа. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн 13-ын 1 тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлсэн. Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв. 

    Үүний дараа НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.

    -Энэ сарын 19-ний шөнө таван хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргүүлсэн гэсэн. Дөрвөн хүүхэд нь дөрвөн настай, хамгийн бага нь 27 хоногтой нярай байсан талаар мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

    -Үнэн. Угаарын хийнд хордсон дуудлага бүртгэгдсээр байгаа. Хоногт 10-18 дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд ирдэг. Дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллаж байна. 

    -Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ? 

    -Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас асууж болно.