A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3061/

Ану: Бал сараа Европын орнуудаар усан онгоцоор аялж өнгөрөөнө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3061/


Өнгөрсөн даваа гарагт дуучин Ану буюу Ч.Уранхолбоо, Б.Түвшинбаяр нар таван охиноороо гэрчлүүлэн, хуримын ёслолоо хийсэн нь өнөөдрийг хүртэл олны дунд яригдсаар байна. Түүнтэй хуримынх нь сонин сайхнаас ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танай гэр бүлд баяр хүргэе. Хуримын зар тарснаас хэдхэн хоногийн дараа өндөр зохион байгуулалттай, чамбай хурим хийлээ. Зохион байгуулагчдын талаар сонирхмоор байна?

-Бид хуримаа хийхээр шийдсэнээсээ хойш маш богино хугацаанд олон ажил амжууллаа. Гэхдээ өөрсдөө дангаараа зүтгэсэн бол яагаад ч амжихгүй нь тодорхой байсан. Тиймээс богино хугацаанд зөв менежменттэй ажилладаг MCP компанид хандсан юм. Бид тус тусын ажлаа өдөр нь амжуулаад орой нь цуглаж хуралддаг байсан. Хуримын өнгө төрх, үйл ажиллагааг бүхэлд нь “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн агуулгаар зохион байгуулсан. Тиймээс тиффани ногоон өнгөөр хуримын бялуу, бэрийн цэцэг, бусад чимэглэл, зангилаа гээд бүх зүйлийг шийдсэн. Бид өдөрт 3-4 цаг унтаж, бусад цагт нь ажлуудаа амжуулсан. Өдөр бүр төлөвлөсөн ажлуудынхаа хажуугаар хуримын бэлтгэлээ базааж байлаа. Бид хоёроос гадна аав ээж, найз нөхөд, Buzy mom влогийн хамт олон гээд маш олон хүний сэтгэл зүтгэл, гар бие оролцсон. Өнөөдөр нэг хийчихээд сарын дараа ч юм уу, илүү сайжруулаад дахин хийх боломжгүй шүү дээ. Тиймээс маш сайн бэлтгэх хэрэгтэй байсан. Зохион байгуулагч маань энэ үүргээ нэр төртэй гүйцэтгэж өгсөнд маш их баярлаж байна.


-Хуримын цомгийн зургаа хэзээ авахуулав. Хаана зураг авалтаа хийсэн бэ?

-EXA агентлагаар хуримын зургаа авахуулж, видео цомгоо хийлгэсэн. Хэдийгээр бид завгүй ажилтай ч Филиппин явж цомгоо хийлгэсэн юм. Тэнд нар үүрийн таван цагт мандаж, 17 цагт жаргадаг. Энэ хугацаанд зургаа авахуулах гэж их ачаалалтай явж ирсэн. Надаас илүү хань минь хичээл зүтгэл гаргаж, хуримын цомгоо сайхан хийлгэсэн. Өнөөдрөөс (баасан гарагаас) эхэлж хуримын видео маань цацагдана.

-Сюрприз ихтэй сайхан хурим болсон гэж хүмүүс ам сайтай байна. Та өөрөө нөхөртөө зориулж дуулсан гэх мэт сонирхуулах зүйл ихтэй байсан бололтой?

-Үнэхээр олон сюрприз барьсан. Гэр бүлийн найз дуучин П.Баярцэнгэл маань бидний анхны бүжгийн дуу болгож For you гэж сайхан дууг зориуллаа. Зууны манлай дуучин, гавьяат Б.Сарантуяа эгч аз жаргалын бэлгэдэлтэй үнэхээр сайхан үг хэлж, ая дуугаа өргөсөн. Миний хувьд нөхөртөө зориулж “Гала” хамтлагийн “Хөвгүүн” дууг шинээр бичүүлж, “Аймар продакшн”-ы залуустай бүжиглэж дуулж өгч сюрприз барьсан. Учир нь миний хань намайг анх энэ дуугаа дуулж байхад харж дурласан учраас бидний хувьд нандин мөч минь байлаа. Бид үргэлж хамтдаа бэлтгэл ажлаа хийж байсан ч дундуур нь “бултаж”, нууцаар очиж хоолойгоо бичүүлсэн. Маш богино хугацаанд, бүр 5-10 минутад тасалж бичүүлсээр бэлгээ бэлдсэн л дээ. Үүнд New star продакшны С.Гантөр, Л.Мандах нар их тусалсан.

-Нөхөр чинь харин танд ямар бэлэг барьсан бэ?

-Миний энэ аз жаргалтай амьдрал, таван сайхан гүнж, үргэлж намайг дэмждэг түшиг тулгуур, насны хань минь байна гэдэг өөрөө маш том бэлэг. Яг хуримын үеэр надад шилэн хоргонд хийсэн мөнхүүлсэн сарнай бэлэглэсэн.

-Хуримын даашинз үнэхээр тансаг харагдаж Байна лээ. Хаана захиалсан Бэ?

-Хуримын даашинзаа Precious fashion house хувцас загварын салоноор хийлгэсэн. Дэлхийн болон олон улсын миссийн тэмцээнд явсан гоо бүсгүйчүүдийн даашинзыг урладгаар нь мэдэх байх. 4-5 дизайнер бүтэн сарын турш сууж хийсэн. Хээ угалз нэг бүрийг нь гараар урлаж бүтээсэн. Даашинзаа би өөртөө хадгалж үлдээд, том охиноо хуримаа хийхэд нь бэлэглэнэ.

-Хэдэн хувцас сольсон бэ. Үс засалт, загварыг хэн хариуцсан бэ?

-”Монгол костюмс”-ийн дизайнер Кадрын загвараар даашинзуудаа хийлгэсэн. Нийт таван даашинз сольж өмссөн. Дизайнер Кадр хувцас болгоноо өргөн агууламжтайгаар урладаг. Миний “Алдарт эх”-ийн одон гардахдаа өмссөн дээлийг “Байгаль эх” гэж нэрлэдэг. Энэ удаад мөн “Хөөрхөн дэлхий” нэртэй номин ногоон даашинзаар нь гоёлоо. “Галагийн Ану” нэртэй даашинз ч бий. Мөн хуримын цомогтоо энэ мундаг дизайнерийнхаа урлаж өгсөн үндэсний хувцсыг өмссөн.

Даашинзаа би өөртөө хадгалж үлдээд, том охиноо хуримаа хийхэд нь  бэлэглэнэ

Таван янзын даашинзад тохируулж үс засалтыг минь хийж өгсөн Хуландаа маш их баярлаж байна. Өнгөрсөн жил олон улсын ур чадварын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Энэ жилийн тэмцээн нь яг одоо болж байгаа. Яг миний хуримын өглөө буюу 9-нд нисэх ёстой байсан ч хойшлуулаад миний болон охидын минь үсийг гоёж, гоодож өгөөд шөнөдөө өөр нислэгээр явсан. Ингэж их сэтгэл гаргаж тусалсан Хулангаа энэ удаад алтан медаль аваад ирээсэй гэж маш их хүсэж байна.

-Нийт хэчнээн зочин таны хуримд оролцсон бэ. Өөрийн чинь талаас урлагийнхан их ирсэн Байх?

-Бид анх 300 гаруй зочин төлөвлөж байсан ч 500 болж нэмэгдсэн. Зохион байгуулагчид маань сайн ажиллаж, "Скай" ресортын хамт олон ч шуурхай арга хэмжээ авч, хүлээн авалтыг сайхан өрнүүллээ. Зочдын 60 орчим хувь нь ханийн минь талаас ирсэн. Харин манай талын зочдын тал орчим нь урлагийнхан байсан. Би хуулийн сургууль төгссөн. Ангийнхан маань бүгд ирсэн. Дүүрэг дүүргийн шүүгч, хуульч нар гээд бүтцийн хувьд содон л зочидтой байлаа.

-Уучлаарай, бэлгийн талаар сонирхъё. Ямар бэлэг сонирхолтой, дурсамжтай Байв?

-Ихэнх нь гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх бэлэг байсан. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн түлхүү байгаа нь сайхан санагдсан. Тухайлбал, нөхрийн маань найзын гэр бүлээс “Гоёо” брэндийн ноолууран хөнжил бэлэглэсэн. Онцлог нь Уранхолбоо, Түвшинбаяр гээд бидний нэрийг ерөөлийн хамт томоор бичиж, зориулж нэгхэн хувь хийсэн байсан. Мөн “Байгаль” брэндийн монгол ахуйг шингээсэн аяга тавагны цуглуулга гээд үндэсний брэндүүдийн бүтээгдэхүүн хүндтэй бэлэг болох хэмжээнд хөгжиж ирсэн нь сайхан санагдсан. Мөн эрүүл ахуй талаас Amway брэндийн тос, ус хэрэглэхгүй ч түлэгдэж, наалддаггүй, мах, ногоо орц бүр нь өөрийн амт, витаминлаг чанараа хадгалж үлддэг хоолны савны ком бас бэлгэнд ирсэн. Одоо энэ савандаа эрүүл хоол хийж байна даа. Мэдээж үнэт эдлэл, бэлэн мөнгө ирсэн. Үүнийг тодотгоод байх шаардлагагүй байх аа.

-Нууц биш бол нийт хэчнээн төгрөгийг хуримандаа зарцуулсан бэ?

-Өөрсдөөс гарсан нь л нэлээд их болсон юм чинь хуримын дийлэнх хэсгийг хариуцсан хадам аав ээж минь чамгүй мөнгө гаргасан байх аа. Би өмнө нь хуриманд уригдаж л байсан болохоос нарийн ширийнийг мэддэггүй байжээ. Ширхэг бүрт нь анхаарч, тэр болгонд цаг зав, ухаан, зохион байгуулалт гээд маш их хүч шаарддаг юм байна. Гэхдээ хурим хийхээр шийдсэн  залуустаа зөв зүйлд зорьж байгаад нь баяр хүргэж, талархмаар байна. Гэр бүлд нь төдийгүй хүрээлэн буй хүмүүст нь амьдралын туршид сайхан дурсамж үлдээдгээрэй үнэ цэнтэй сайхан үйл хэрэг юм байна.

-Таны хуримын нэг анхаарал татсан зүйл сүйх тэрэг байсан. Хаана захиалж хийлгэсэн бэ?

-Английн язгууртны хэв маягийг оруулсан загвараар гадаадад захиалж хийлгэсэн. Гэрчүүддээ зориулж бас нэгийг хийлгээд хоёр сүйх тэрэг хуримандаа хөлөглөсөн. Зохион байгуулсан эгчдээ энэ сүйх тэргүүдээ үлдээнэ. Цаашдаа олон хосын амьдралаа эхлүүлэх хуримын нандин замыг энэ сүйх тэргээр туулаасай гэж аз жаргал шингээн ерөөж байгаа юм шүү.

-Их “ажлын” ард гарсан хос бал сараа хаана хийхээр төлөвлөсөн бэ?

-Миний нэг мөрөөдөл бол усан онгоцоор аялах. Бид бал сараа ирэх аравдугаар сард төлөвлөсөн. Итали, Грек, Хорват улсын долоон хотоор аялах хөтөлбөртэй Монголынхоо аяллын компаниар үйлчлүүлнэ. Эдгээр хотоос Грекийн түүх, соёл миний сонирхлыг маш их татдаг.

-Шинэ хосоос ялгаатай нь та хоёр таван охинтой. Тэд хуримын хөлд хэр “дарагдсан” байна?

-Би өөрөөсөө илүү охидоо гоёход догдолсоор байсан. Тэд маань жаахан болохоор бас ядралгүй яахав. Том болсон хойноо аавынхаа шийдэж, зорьж хийсэн энэ хуримыг ойлгох байх. Манай том охин дөнгөж энэ жил сурагч болж байгаа. Япон "школь" бусдад дараа болохгүй зөв хүн төлөвшүүлдэг учраас “Сакура” сургуулийг сонгосон. Бид бал сараа хойшлуулсан шалтгаан нь охиноо сурагч болоход нь дасгах, стресст автуулахгүй сурах эхлэлийг нь тавих гол асуудалтай холбоотой. Өдөр бүр бүр ээж нь амин дэмтэй хоол өгч, бактертай тараг уулгах, энергитэй усанд оруулах, аав нь тайван хөгжим сонсгож сургуульд нь хүргэж өгөх, шинэ содон бүх зүйлийнх нь талаар ярилцах гээд зайлшгүй хамт байх үе ирээд байна. Тиймээс бид хоёр охиноо сургуульд нь дасгаж, жигдрүүлчихээд бал сарын аялалдаа мордоно доо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрүүлийн бузраас спортын холбоод салж байгаа сайн жишгийг магтъя

Одоо МҮБХ-нд допингийн эсрэг дүрмээ цэгцлэхээс эхлээд хийх ажил их байна

 0 сэтгэгдэл


Бөхийн хүрээнийхэн, үндэсний бөх сонирхогчид баяртай байна. Аргагүй ээ, 2002 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон их хэрүүл тэмцэл ашгүй нэг дуусах нь гэсэн бодол Л.Чинбат захирлыг тамгаа гардуулж өгөхтэй зэрэгцэн төрөв. “Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавилаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат жиргээндээ бичсэн байв.

Ингэж нэг эвлэрч, хоорондоо ойлголцохыг хардаг л юм байна.

Үнэндээ өнгөрсөн 17 жилийн тэмцэлд хэн хожиж, хэн хохиров. Харамсалтай нь энэ тэмцэлд ялагч байсангүй. Харин бузрын муухай хэрүүлээс болж нэр хүнд нь шавар шавхайтай хутгалдсанаараа монгол үндэсний бөх л тэр чигээрээ хохирогч боллоо. Одоо муу муухай бүхнийг үндэсний бөхтэй харьцуулан ярьж, хамаг муу үгээр үндэсний бөхийнхнийг хараах болсон нь дуусч өгдөггүй тэмцлийн л балаг байв. Харин Л.Чинбат захирал энэ хэрүүл тэмцэлд  татагдан орсноороо нэр хүндээ асар ихээр алдаж буйг ойлгосон бололтой, эвлэрлийн үүд хаалгыг ийн нээлээ.

Үнэндээ Монголын нэрийг урлаг, спортынхон л сайнаар гаргасаар ирсэн түүхтэй. Улс орон зах зээлийн нийгэмд шилжиж, хүн ардаа яаж тэжээх вэ гэж сандарч явсан үед ч манай тамирчид олимп, дэлхийн дэвжээнээс медаль авч, үндэсний бахархлыг төрүүлсээр байлаа. Сонгуулийн будлианаас үүдэлтэй жагсаал цуглаан сүүлдээ олныг хамарсан үймээн болж, таван залуугийн эрдэнэт амь эрсэдчихээд байсан тэр эгзэгтэй мөчид Монголын тамирчдын амжилт ард түмний хуралдсан уур хилэнг уусган тайвшруулж, улстөрчдийг эвлэрэлд хүргэж байв. Харин Монголын спортын амжилт ямар үед урууддаг вэ, бид ямар тохиолдолд том тэмцээнээс ганзага хоосон ирээд байна вэ. Ингээд судлаад, сонирхоод үзэхээр нэг л учир шалтгаантай холбогддог юм. Энэ бол өнөөх хэрүүл, тэмцэл, хагарал, бутрал. Түүнээс төрийн дэмжлэг, тамирчдын ур чадвар дутсандаа биш юм.

Монголын эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпийн наадмаас медаль авч амжаагүй явна. Гэтэл хажууд нь жүдогийнхон эв нэгдэлтэй, зангидсан гар шиг байж чадсаныхаа ачаар олимп, дэлхийн аваргуудтай болж, Монголын номер 1 спорт гэх алдрыг хүртэв.

Сая л гэхэд чөлөөтийн шигшээгийнхэн ДАШТ-д явахын өмнө буруу тамирчин сонголоо, улсын аварга болсон залуу тамирчныг дарамтлан үлдээлээ гэж хэрүүл хийсээр байгаад үдсэн. Улмаар гавьяат тамирчин Э.Сумъяа өөрийн хэмжээнд хүрч барилдаж чадалгүй тэмцээнээ дуусгахад олон нийт харааж шүүмжлээд нүүр хийх газаргүй болгож байна. “Энэ хүнийг заавал ялах юм шүү гэж бодохын оронд ялагдчихвал яана аа гэсэн айдас төрж байлаа” хэмээн Э.Сумъяа барилдааныхаа дараа ярьсан нь ямар их сэтгэлийн дарамтад байсныг гэрчилнэ. Хэрүүл тэмцэл бидэнд ингэж л нөлөөлж байна.

Чөлөөт бөхийнхний адил хувь заяагаа харлуулсан мөрийг үндэсний бөх, сагсныхан давтан үлдээж байлаа. Сагсчид мөн дотроо хоёр хуваагдаж, хоёр өөр холбоотой болсны балгаар олон улсын холбоо бидэнд хориг тавьж, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцуулсангүй. Бид одоог хүртэл сагсны азийн аваргад оролцож чадахгүй яваа нь чухам энэ хоригоос үүдэлтэй.

Өнгөрсөн 17 жилийн тэмцэлд ялагч гэж байсангүй


Үр дүнд нь тамирчид хохирч, Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй авьяаслаг тамирчид ид үеэ хий дэмий өнгөрөөхөд хүрч байна.

Үндэсний бөх ч ялгаагүй. Зургаан залуу зааны гайхамшигт өрсөлдөөний ачаар үзэгчдийн сонирхлыг асар их татах болсон монгол үндэсний бөх дуусч өгдөггүй хэрүүл тэмцлийн балгаар нэр хүндээ алдаж, муу муухай бүхний туйл мэтээр хэлэгдэх болов. Хуваарьт барилдаанаа зохиож чадахгүйд хүртлээ уруудан доройтохыг бид нүдээрээ харж, харамсаж суулаа. Энэ хооронд бөхийн өргөөний хаалга хэдэн ч удаа эвдрэв, цагдаа, хүчнийхэн хэдэн ч удаа хамгаалалтад гарав. Бөхийн холбоог булаалдсан энэ тэмцлийн саар талыг дурдаад байвал барагдахгүй. Сүүлдээ ард түмэн халх, дөрвөд, зүүн, баруун монголоороо хуваагдахдаа  туллаа. Энэ бол хамгийн том эмгэнэл байв. Холбооны тамга тэмдэг булаалдсан маргаан эцэстээ үндэстний эв нэгдэлд заналхийлэх хэмжээнд хүрсэн нь энэ.

Харин одоо МҮБХ-ны дээгүүр хуралдсан хар үүл сарниж, сайн сайхан цаг ирэх нь гэсэн хүлээлт бий боллоо. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол Б.Бат-Эрдэнэ аварга холбооны тэргүүн хэвээр үлдэж, нөгөө талаас яруу найрагч Ү.Хүрэлбаатарыг дэд тэргүүн болгох тохироог хоёр тал хийсэн гэх. Үнэндээ одоогийн нөхцөлд хэн тэргүүн, дэд тэргүүн болох нь тийм ч чухал биш. Харин эвдрэлцэж муудалгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэх нь чухал байна.

Одоо МҮБХ-нд хийх ажил маш их байгаа. Допингийн эсрэг дүрэм журмаа чамбайруулж, хийгүй болгох нь тэдний хийж гүйцэтгэх хамгийн эхний том ажил. За тэгээд бөхчүүдийг жин нэмэхэд хүргэж буй шахааны барьцыг халж, өөр хувилбар санал болгох нь аминд тулсан бас нэг шинэчлэл болох учиртай. Үүнээс гадна энд тэнд хэрэг түвэг тарьж, нийт бөхчүүдийн нэр хүндийг унагаад байдаг том толгойтой нөхдөд арга хэмжээ авч, хариуцлага тооцдог болох ёстой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд холбоо нь нэр хүндгүй, чадамжгүй болохын хэрээр бөхчүүдийн ёс бус авир ч хэрээс хэтэрсэн. Энэ бүхнийг цэгцэлж, дэг журманд оруулж чадна гэсэн хүлээлт олны дунд байгааг холбооны удирдлагууд ойлгож байгаа биз ээ.

• Холбооны тамга тэмдэг булаалдсан маргаан эцэстээ үндэстний эв нэгдэлд заналхийлэх хэмжээнд хүрээд байв. 

• Одоо маргалдаж муудалцаад байгаа бусад холбоод тэднээс үлгэр жишээ авмаар байна. 

• Чөлөөтийн эрэгтэйчүүд 1980 оноос хойш олимпоос медаль аваагүй нь дуусч өгдөггүй хэрүүл тэмцэлтэй холбоотой байв.

Хэдхэн хоногийн өмнө жүдогийн шигшээгийн дасгалжуулагч нар ДАШТ-д амжилт муутай оролцсондоо уучла лт гуйж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ бол Монголын спортод үгүйлэгдэж байсан маш сайн жишиг. Үүнийг залгуулаад бөхийн холбоог тойрсон ужиг тэмцэл эцэслэх шатандаа орлоо. Харин одоо маргалдаж муудалцаад байгаа бусад холбоод тэднээс үлгэр жишээ авмаар байна. Хоорондоо хэмлэлдээд юунд ч хүрдэггүйг өнгөрсөн гашуун түүхүүд бидэнд харууллаа шүү дээ. Эцэст нь хэлэхэд Монголын тамирчдын амжилтыг энэ муухай хэрүүл тэмцэл л хойш татаж байна, өөр юу ч биш.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НҮБ -ын “утгагүй” зөвлөмжгүйгээр агаарын бохирдол буурахгүй гэж үү

Сайжруулсан шахмал түлш хэр үр дүнтэй болохыг харах хэрэгтэй

 0 сэтгэгдэл


Монгол Улс сүүлийн арван жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулна гэж ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Энэ хугацаанд буюу 2008-2018 онд улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, харин гадаадын буцалтгүй тусламжаар 60.7 сая ам.доллартай тэнцэхүйц хөрөнгийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан. Гэтэл агаарын бохирдол буурах биш харин ч эсрэгээрээ нэмэгдсээр буй.

Өнгөрсөн жилд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс улаанбаатарын агаарын бохирдол 30 дахин их байгааг зарласан. Хэрэв 2027 он гэхэд утааны асуудлаа шийдэхгүй бол эдийн засгийн үргүй зардал жил бүр 33 хувиар нэмэгдэнэ гэсэн баргар дүгнэлтийг НҮБ-аас гаргасан байна.

Түүнчлэн НҮБ-ын энэ судалгаагаар агаарын бохирдолтой холбоотой манай эдийн засгийн зардал ойролцоогоор жилд 1.6 их наяд төгрөг болж байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Мөн Монгол Улс агаарын бохирдлоос яавал салж болох боломжуудын талаар Ирланд улсын AARC компани судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааг гадаадын долоо, Монголын таван зөвлөх мэрэгжилтэн хамтран хийжээ. “Уг нь 2010-2016 оны хооронд агаарын бохирдол буурах хандлагатай байж. Энэ нь тухайн үед энгийн зуухыг сайжруулсан шаталттай зуухаар сольсон нь үр дүнгээ өгч байсан гэсэн үг. Гэтэл үүнээс хойш хөрөнгө мөнгөний гачигдлаас болж агаарын бохирдол улам нэмэгдсэн” хэмээн судалгаанд хамтран ажилласан зөвлөх Д.Нэргүй хэлж байлаа.

“Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд” төсвийн зарлагын шинжилгээний тайлангийн гол зорилго нь өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнтэй байсан эсэх, цаашид юунд анхаарвал зохиход чиглэсэн байна.

Агаарын бохирдлыг шийдвэрлэх цорын ганц шидэт шийдэл гэж байхгүй бөгөөд гагцхүү төр засаг, хувийн хэвшил, хувь хүмүүсийн олон талын оролцоотой тууштай хамтын зүтгэл чухал болохыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч биата транкманн онцолсон юм.

Монгол Улс 2017 оноос агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр (АОББҮХ)-ийг хэрэгжүүлж эхлэх үед 9.8 их наяд төгрөг шаардлагатай хэмээн тооцож байсан боловч тухайн төсвийн 80 хувь одоо болтол шийдэгдээгүй байгаа аж. Тиймээс цаашид энэхүү хөтөлбөрөө сайжруулах хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс сануулж байлаа. НҮБ-аас манай улсад зориулж богино, дунд болон урт хугацаанд боловсруулах зөвлөмж хүртэл гаргасан байна.

Айлууд дунджаар өрхийн төсвийнхөө 17.5 хувийг өвлийн түлшинд зарцуулдаг

Энэ зөвлөмжөөр бол богино хугацаанд агаарын бохирдлын татварыг нэмэгдүүлэхээс гадна, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй гэнэ. Харин дунд хугацаанд түүхий нүүрс хэрэглэхээ болих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр шаталттай зуух ашиглах зэргийг санал болголоо. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, БНСУ болон япон тэрчлэн Зүүн өмнөд Азийн улсуудад экспортлох боломжийг эрэлхийлэх, мөн хувийн хэвшлийн хөрөнгийг татан оролцуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг санал болгожээ.

Эдгээрээс анхаарал татах нэг зүйл нь агаарын бохирдлын татварыг нэм гэх зөвлөмж юм. Улаанбаатарын агаарын бохирдлын гол үйлдвэрлэгч болох гэр хорооллыг үнэндээ нийгмийн хамгийн бага орлоготой, эмзэг давхаргынхан бүрдүүлдэг гэдгийг НҮБ-ын мэрэгжилтнүүд мэддэггүй бололтой. Гэр хорооллын айлууд дунджаар өрхийн төсвийнхөө 17.5 хувийг өвлийн түлшиндээ зарцуулдаг гэсэн тооцоо бий. Улаанбаатарын эргэн тойронд гэр хорооллын 200 мянга гаруй яндангаас, ялангуяа өвлийн цагт зөвшөөрөгдсөн хязгаараас давсан хамгийн хортой утаа, угаар гарч байгаа. Гэвч энэ утааг багасгахын тулд айл өрхүүдээс нэмэлт татвар авах нь хэзээ ч бүтэхгүй асуудал болж хувирах нь мэдээж. Тиймээс бидэнд НҮБ-ын зөвлөмжөөс илүү энэ өвлөөс хэрэглэж эхлэх сайжруулсан шахмал түлшинд найдах нь л дээр санагдаж байна. Хэр үр дүнтэй болохыг харах хэрэгтэй. Сайн шатдаггүй, илчгүй байна гэх мэт сөрөг сэтгэгдлүүд цахим сүлжээгээр бишгүй байгааг анзаарч л байгаа байх. Сайжруулсан шахмал түлшний төслийн мэрэгжилтнүүд болохоор түлэх аргачлал буруу байгааг хэлж байна билээ. Иргэд шинэ аргачлалыг нь мэдэхгүй байгаа бол зааж сургах ажлыг хурдан өрнүүлэх хэрэгтэй. Үнэхээр утаа гаргадаггүй нь үнэн л юм бол тэр НҮБ-ын татвар нэмэх тухай “утгагүй” зөвлөмжийн хэрэг бидэнд алга.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь

Үнэт цаасны зах зээл өсөлтөө хадгалахад хөрөнгө, хурд хэрэгтэй байна

 0 сэтгэгдэл


Монголчууд хөрөнгийн зах зээл рүү хошуурч эхэлсэн сүүлийн хоёр жилд төрийн өмчит үнэт цаасны биржид нийт 10 компани анхдагч зах зээлд хувьцаа арилжиж, нийт 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаад байна. Гэтэл эдгээр компаниас зөвхөн “Лэндмн ББСБ", “Мандал даатгал” болон отгон хувьцааг арилжсан "Инвескор ББСБ" компанийн үнэт цаасны ханш анхны үнээсээ өсжээ. Харин дийлэнх буюу шинээр хөл тавьсан компаниудын 70 хувийнх нь хувьцааны ханш анхны үнээсээ багасаж, уруудсан урамгүй дүр зургаар иргэд, хөрөнгө оруулагчдын урмыг хугалсаар.

Хувьцаа арилжиж, банкны хүүгүй, урт хугацаатай санхүүжилт татсан компаниуд босгосон мөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөтгөн, шинэ үйлдвэр, үйлчилгээ нээн, гялалзаж явна. Гэтэл эдгээр компанид итгэж мөнгөө өгсөн иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгө ханшийн уналтад өртөн хямдарч, өдрөөс өдөрт үнэ цэнээ алдсаар байна.

Энэ нь иргэдийн итгэлийг сулруулж, сүүлийн хэдэн сар дотоодын хөрөнгийн зах зээлд уналт нүүрлэх нэг шалтгаан болсон. Монголын хөрөнгийн зах зээлийн гол барометр болох топ 20 индекс оны эхнээс 10 хувиар буурч, 20 мянган нэгжээс доошлоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн есөн сард 70 орчим тэрбум төгрөгөөр буурч арилжааны идэвх, үнийн дүн уруудлаа. Ийнхүү гол үзүүлэлтүүд нь уналтыг чиглэж, үржихийн хүрдээр өсөж байсан үнэт цаасны зах зээл хурдаа алдаж эхлээд байна.

Өсөлтийг буухиалуулахад дотоодын компаниудын үүрэг, оролцоо чухал байна

Уг нь 30 орчим жил өлгийнөөсөө гараагүй Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн хоёр жил төрөл арилжсан мэт идэвхжиж, их өсөлтийн ээлжит давалгаа ирсэн. 1990-ээд оноос хойш монголчууд дахин хувьцаа руу хошуурч, хөгшин залуугүй үнэт цааснаас өгөөж хүртэхээр тэмүүлэх болсон. Гэтэл санхүүгийн зах зээлд гялтайж байсан энэ сэргэлт сүүлийн хэдэн сард саарснаар Монголын үнэт цаасны салбар дахин хөлдөх эрсдэл ойртлоо. “Хөрөнгийн зах зээлд тодорхой алхмууд хийхгүй бол буцаад удаашрах нөхцөл байдал үүслээ. Эргэн унах эгзэгтэй цаг үе тулж ирлээ” хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлж байна.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсээд бараг хагас жарныг үдэх гэж буй ч энэ салбар дөнгөж амьсгалах төдий байсаар өдий хүрсэн. Харин эдийн засгийн тэлэлт, хувийн хэвшлийн  өөрчлөлтийг даган сүүлийн жилүүдэд сэргэлт бий болсон ч үүлэн чөлөөний нар шиг энэ идэвхжилийг тогтоон барилгүй, тоолгүй орхивол буцаад их мөстлөгийн үе рүүгээ эргэн ухрах нь. Иймд өдгөө өндийж буй зах зээлээ унагахгүйн тулд зах зээлд оролцогчид дор бүрнээ хичээж, хувь, хувьсгалаар талцан, ар нуруугаа бие биедээ харуулалгүй хаа хаанаа хариуцлагатай хандах цаг хаяанд ирснийг сануулах нь зөв буй за.

Өсөлтийг буухиалуулахад дотоодын компаниудын үүрэг оролцоо чухал байна. Хувьцаат компаниуд чихэнд чимэгтэй үгсээр сурталчилгаа хийж, өндөр ашиг амлаад иргэд, аж ахуйн нэгжээс хялбархан мөнгө босгож болно. Гэхдээ бид санасан санхүүжилтээ татчихсан бол хувьцааны ханш унах нь, хөрөнгө оруулагчид мөнгөө алдаж, хохирох нь нь падлийгүй хэмээн хэнэггүй загнан, амиа хичээж болохгүй байх. Иймд өөрт нь итгэж мөнгөө өгсөн түнш буюу хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг зүтгэлээр хариулж, тэднийг урамшуулах, амжилтаа ахиулах нь хувийн хэвшлийн хийх гол ажил болж байна.

Нөгөө талд манай дотоодын зах зээлийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал. Санхүүжилтээр ангаж буй энэ зах зээлийн цангааг тайлахын тулд гадаадын хөрөнгө оруулалт чухал хэвээр. Уг нь гадаадын хөрөнгө оруулагчид манай дотоодын үнэт цаасыг үл тоох бус харин ч сонирхдог. Үүнийг “Лэнд МН” болон “Инвескор ББСБ” компанийн үнэт цаасны арилжаанаас харж болно. Энэ оны эхний хагаст гэхэд “Инвескор ББСБ” компанийн санал болгосон нийт хувьцааных нь 85 хувийг японы мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авсан.

Ийнхүү гадаадын, ялангуяа манай бүс нутгийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхдог ч бид тэдэнд үүд хаалгаа бүрэн нээж өгөхгүй л байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй болохын тулд дотоодын зарим хууль журмыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхийг төдий л сайшаадаггүй. Өдрөөс өдөрт үнэ цэнээ алддаг монгол төгрөг хөрөнгө оруулагчдын хөрөнгөнөөс чимээгүйхэн “хумсалдаг” тул ханшаа алддаг мөнгөн тэмдэгтээс тэд аль болох татгалздаг. Энэ сарын байдлаар гэхэд л ам.доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар унасан бол инфляцын түвшин төв банкны зорилтот түвшнийг хэдийн давж, хоёр оронтой тоо руу мацаж буй.

Ийнхүү төө төөгөөр үнэ цэнээ алддаг төгрөг тэдний сонирхлыг татдаггүй юм. гэтэл манайд төгрөгөөс өөр сонголт үгүй. Иймд дотоодод хөрөнгийн зах зээлд санхүүжилт татах, Монголыг чиглэх валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ам.доллараар тооцсон бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Гэтэл үндэсний төлбөр тооцоо гүйцэтгэх хуульд валютаар зөвхөн хадгаламж байршуулж болохоор заасан байдаг. Энэ нь дотоодын зарим дүрэм журмыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрснийг илтгэнэ. Энэ асуудлаар салбарынхан хэлэлцэж, холбогдох хүсэлтийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд хэдэн сарын өмнө хүргүүлсэн ч өдгөө хүлээгдсээр байна.

Түүнчлэн хөрөнгийн захын төлбөр тооцооны журмыг олон улсын жишигт хүргэж, т+2 горимыг Монгол Улсад нэвтрүүлэхээр олон жил ярьж буй ч өнөө хэр бас л бодит болоогүй байна. Гэтэл хаяанд байрладаг Казахстан улс үүнийг хэдийн 2017 онд нэвтрүүлчихсэн байх юм.

10 компани анхдагч зах зээлд хувьцаа арилжиж, нийт 70 тэрбум төгрөг босгосон

Энэ мэтээр хууль журмын өөрчлөлтүүдийг холбогдох байгууллагууд нь бие биедээ бичиг цаасаар шидэлдсээр суутал зах зээл биднийг хүлээхгүй нь. Хэдийгээр Монголын хөрөнгийн зах зээл жижиг боловч хэмжээнээсээ ахадсан аппарат, бүтэцтэй байгаа нь нэг талаас удаашрах шалтгаан болж байна. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийг амилуулж, төгрөгийн жишиг хүүг тогтоож байсан Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн арилжаа сүүлийн хоёр жил зогссон. Харин ирэх оноос тус үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж болон блокчэйн технологид суурилан арилжихаар төлөвлөж буйгаа Сангийн яам мэдээлсэн юм.

Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээлд бий болсон өсөлт оновчтой бодлогын үр дүн гэхээс илүү Монголын эдийн засгийн тэлэлт, нийгмийн захиалгаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ зах зээл өөрийн инерцээрээ өндийсөн. Харин үүнийг өсөлттэй бөгөөд тогтвортой хадгалахад хувийн хэвшил болон зохицуулах байгууллагуудын хүчин зүтгэл, түлхэц дэм тунчиг шаардлагатай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Унтаж буй байрлал эрүүл мэндэд чухал нөлөөтэй

 0 сэтгэгдэл


Хүний унтаж байгаа байрлал эрүүл мэндэд нь нөлөөлдөг гэдэг. Суугаагаар унтах нь зүрхэнд муугаар нөлөөлж, гэдэсний даралтыг нэмэгдүүлдэг тул хамгийн аюултай байрлал гэж эмч нар анхааруулж байна. Түүнчлэн хажуу талаараа унтах нь нуруу нугасанд муу нөлөөтэйг дурдлаа. Оросын нойр судлаачдын нийгэмлэгийн гишүүн, доктор Владимир Ковальзон дээшээ харж унтах нь хурхируулдаг учир хэт таргалалттай хүмүүст сайн хувилбар биш хэмээн зөвлөв. Залуу хүмүүст хүртэл ийм эмгэг тохиолддог аж.

Тэрбээр “Илүүдэл жин хүчтэй хурхиралт үүсгэдэг. Хурхиралт цусны исэлдлийг өөрчилдөг учир маш аюултай. Исэлдсэн цус тархинд очих хангалтыг алдагдуулж, эрт цус харвах эрсдэл үүсгэдэг. Хүмүүс хурхиралтыг багасгахын тулд олон давхар дэр тавьж, хагас суугаа байдлаар унтдаг тал бий. Түүнчлэн унтлагын хувцсандаа теннисний бөмбөг оёж, нухахад нь хажуу тийш эргэх арга бодож олсон жишээ бий” хэмээн ярив. Гэвч өнөө үед үүнийг үр дүнтэй эмчлэх арга нээгдсэн учир ийм эмгэгтэй хүмүүс заавал эмчид хандах ёстой зөвлөжээ. Доктор Ковальзон цааш нь “Бид хурхиралтын аюулыг хүмүүст мэдүүлэхийг зорьж байгаа. Дээш харан унтдаг хүмүүст уушги руу нь агаар шахдаг тусгай төхөөрөмж өгч, эмчилгээ хийдэг” хэмээн өгүүлэв. Түүний ярьснаар шөнийн дотор хүн унтах байрлалаа арав орчим удаа сольдог агаад нэг байрлалтай унтах нь эмгэгийн шинж гэж үздэг байна.