A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3948/

АНУ сонгуулиас өмнө тарифаа багасгахгүй

АНУ сонгуулиас өмнө тарифаа багасгахгүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3948/
  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно
  • Тариф бууруулах асуудал худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулж чадах эсэхээс шалтгаална

АНУ-д нийлүүлдэг Хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон олон тэрбум ам.долларын тариф АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дуустал хэвээр байх бололтой. Тарифыг багасгах эсэх нь Бээжин худалдааны эхний шатны хэлэлцээрийг хэрхэн мөрдөж байгаагаас шалтгаална хэмээн тайлбарлаж байна. Лхагва гарагт Цагаан ордноо худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш доод тал нь арван сарын турш АНУ хэлэлцээрийн хэрэгжилтийг хянаж, Хятадаас импортолдог 360 тэрбум ам.долларын бараанд оноосон татварыг бууруулах эсэхээ эргэцүүлнэ гэдгийг албаны хүмүүс өгүүлсэн юм. Азийн улс амласнаа мөрдөж буй эсэхийг магадлах боломжийг Трампын засаг захиргаанд олгох үүднээс гэрээний хэрэг жилтийг хянах хугацааг баримт бичигт тодорхой заахгүй бололтой. Мөн Хятадын 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд оноосон 15 хувийн тарифыг 7.5 хувь хүртэл бууруулахаар 12 дугаар сард өгсөн амлалт эхний шатны хэлэлцээрт хэвээр үлдэх юм. Тариф бууруулах асуудал худалдааны хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулж чадах эсэхээс шалтгаална хэмээн АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мягмар гарагт сэтгүүлчдэд тайлбарласан ч хэлэлцээр байгуулах тодорхой хугацааг дурдсангүй. Тариф бууруулах асуудал, энэ оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүйг тэрбээр анхааруулж байлаа. “Хоёрдугаар шатны хэлэлцээр болох хүртэл тариф хэвээр байна. Ерөнхийлөгчид хоёрдугаар шатны хэлэлцээр байгуулах боломж хурдан бүрдэж гэмээ нь уг шатны хэлэлцээрийн бүрдэл болгон тарифыг бууруулна” хэмээн Мнучин мэдэгдэв. “Хэрвээ хоёр дахь шатны хэлэлцээ байгуулж чадахгүй бол ямар ч тариф буурахгүй. Энэ асуудал нууц хэлэлцээр биш учраас сонгууль болон өөр бусад зүйлээс шалтгаалахгүй” хэмээн тэрбээр онцлов. Гарын үсэг зурах хэлэлцээрийн 86 хуудас баримт бичигт тариф бууруулах төлөвлөгөө тусгаагүйг албаны хүмүүс урьд нь ч хэлж байв. “Хэлэлцээрийн бүрдэл болж буй нийтэд зориулаагүй, итгэмжилсэн нэмэлт хэсэгт худалдан авах бараа бүтээгдэхүүний тодорхой хэмжээ заасан нь угаас урьд өмнө тогтчихсон зүйл” хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Мнучин нар мягмар гарагт хамтарсан цахим захидалдаа тайлбарласан юм. АНУ, БНХАУ-д энэ асуудлаар амаар болон бичгээр байгуулсан өөр хэлэлцээр байхгүй. Мөн тариф цаашид бууруулах тухай тусдаа хэлэлцээр гэж байхгүй” аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нааш тариф буурахгүй нь тодорхой болмогц АНУ-ын үнэт цаасны үнэ, голлох бенчмаркууд эргээд буурав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ, Хятад худалдааны анхан шатны эвлэрлийг үзэглэв

 0 сэтгэгдэл
  • Гэрээг үзэглэсэн өдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдын танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гарсан

АНУ, Хятад хоёр өргөн хэмжээний худалдааны гэрээний эхний үе шат хэмээн нэрлэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Гэвч Бээжинтэй эдийн засгийн харилцааны хуудсыг шинээр бичих Ерөнхийлөгч Трампын оролдлого үүнээс цааш хэр хол явах нь тодорхойгүй байна. Саяын тохиролцоогоор Хятадын тал Америкийн технологи ба компанийн нууцыг хулгайлах явдлыг даран зогсоох, валютын арга механизм ашиглан давуу байдал олж авахаас татгалзах үүрэг хүлээв. Түүнчлэн АНУ-тай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх зорилгоор 200 тэрбум ам.долларын бараа худалдан авахаар болсон байна. Талууд амлалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах систем бий болгох асуудлыг гэрээнд тусгажээ. Цагаан ордны зүүн танхимд болсон ёслол хоёр их гүрний дунд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй нөхөрсөг байдалд болов. Гурван жил үргэлжилсэн худалдааны хэрүүл маргаан дэлхийд тэргүүлэх хоёр эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Ноён Трамп гэрээг үнэлж “Энэ бол маш чухал, тэмдэглүүштэй үйл явдал. Магадгүй миний Ерөнхийлөгчид өрсөлдсөний гол шалтгаан. Бид хамтдаа хуучны буруу зүйлсийг зөв болгоно” гэжээ. Ёслолын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээлтийг АНУ-ын талд уншиж сонсгов. Энд дурдсанаар хоёр тал санал зөрөлдөөнөө шийдэхэд хамтран ажиллаж чадахыг онцлоод гарын үсэг зурсан тохиролцоог “Хятад хийгээд АНУ, бүх дэлхийн хувьд сайн зүйл” хэмээн үнэллээ. Энэ мэдээний дараа S&P 500 индекс өдрийн арилжааны бүх цаг үеийн рекордыг эвдэхэд тун ойртсон хэмжээгээр өссөн байна. Гэрээг үзэглэсэн өдөр АНУ- ын конгрессын төлөөлөгч дийн танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гаргасан бөгөөд худалдааны дайныг эвлэрлээр өндөрлөх найдвар төрүүлэв. Цагаан ордон өмнөх захиргааны үед эхлүүлсэн зарим хэлэлцээрийг сэргээхээ мэдэгдээд буй. Гэвч шинэ тохиролцоонд тусгагдаагүй зүйлсийг шүүмжлээд эхэлжээ. Тухайлбал, Хятадын төрийн дэмжлэгтэйгээр Америкийн компаниуд болон Засгийн газрын байгууллагуудыг хакердсан гэх сэжиглэл, капитализмыг бий болгож, компаниудаа олон улсад гаргахын тулд ихээхэн татаас олгож буй явдал зэргийг онцолж байна. Трампын захиргаа эдгээр асуудлыг хэлэлцээрийн дараагийн шатанд тусгана гэсэн авч тэр нь хэзээ эхлэх, аль хэр удах зэрэг нь тодорхойгүй. Үүний сацуу АНУ Хятадаас ирдэг импортод ногдуулсан тарифынхаа гуравны хоёрыг хэвээр хадгалж үлдэв. Энэ нь дараагийн хэлэлцээнд хөшүүрэг болно гэж Трамп мэдэгджээ. Ямартай ч бизнесийн бүлгүүд шинэ тохиролцоог баяртайгаар хүлээн авав. АНУ-ын Худалдааны танхим хоёр улс дараагийн шатны хэлэлцээг “аль болох түргэн эхлэх нь чухал” хэмээн мэдэгдсэн байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ Хятадыг валютын манипулятор гэж үзэхээ болив

 0 сэтгэгдэл
  • Хянах ёстой валютын жагсаалтад буцааж Швейцарыг оролцуулаад нийт 10 улс багтдаг

БНХАУ юанийн ханшийг унагахгүй байх “амлалтаа сахин биелүүлж”, ханшийн мэдээллээ нийтэлж байхаар болсон. Үүнтэй уялдан тус улсыг валютын булхайч гэж үзэхээ зогсоохоо Трампын засаг захиргаа даваа гарагт мэдэгдлээ. АНУ-ын Сангийн яамнаас хагас жил тутамд Конгресст гаргаж өгдөг валютын ханшийн тайланд шинэ өөрчлөлт тусгажээ. Уг баримт бичиг нь лхагва гарагт Вашингтонд Цагаан ордонд 11:30-аас эхлэх худалдааны эхний шатны хэлэлцээрт АНУ, БНХАУ гарын үсэг зурахаас хоёр хоногийн өмнө нийтлэгдсэн юм. АНУ-ын түнш, валютын манипуляц явуулах магадлалтай 20 улсын жагсаалтад өдгөө манипулятор байхгүй болсныг баримт бичигт тайлбарлажээ. БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, ХБНГУ, Итали, Ирланд, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг улс багтаж буй жагсаалтад Швейцарыг буцаан оруулжээ. “БНХАУ санхүүгийн үүрэг хариуцлага, ил тод байдлыг дэмжингээ өрсөлдөх чадвараа бэхжүүлэх зорилгоор валютын ханшаа унагахгүй байх үүрэг хүлээсэн” гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин даваа гарагт Вашингтон хотноо мэдэгдсэн юм. Азийн гүрний уг үүрэг нь АНУ, БНХАУ-ын худалдааны эхний шатны хэлэлцээрийн нэг хэсэг болж байгааг 45 хуудас бүхий уг тайланд дурджээ. Наймдугаар сарын 5-наас хойш үргэлжилж буй яриа хэлэлцээний явцад Бээжин “валютын девальвацтай холбоотой тодорхой арга хэмжээ авч чадлаа” хэмээн АНУ-ын Сангийн яам үнэллээ. Тус яам Хятадыг валютын манипулятор гэж тодорхойлохоо зогсоож буйг Bloomberg News даваа гарагийн өглөө мэдээлсэн юм. Харин үүний дараа юанийн ханш сүүлийн зургаан сарын үнэмлэхүй түвшинд өсөв. АНУ-ын худалдааны шинэ тарифын хариуд БНХАУ-ын төв банк юанийн ханш уналтыг зөнд нь орхисон тул Вашингтон наймдугаар сард Бээжинг валютын манипулятор хэмээн цоллосон нь хоёр улсын хоорондох худалдааны дайныг хурцатгасан. АНУ-ын Сангийн яамны тайланд Хятадын Ардын Банк болоод “төрийн банкуудын валютын ажиллагаа, ялангуяа оффшор юанийн зах зээл” хоорондох “олон нийтийн ойлголт ухамсрыг сайжруулах”-ыг БНХАУ-д мөн уриалжээ. Хятадын Ардын Банк 2019 онд явуулсан интервенцийн бодлогоос “Үндсэндээ татгалзсан” хэмээн АНУ-ын Сангийн яам үзэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын дундуур гарах ёстой байсан уг тайлан АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээний улмаас хойшилсоор даваа гарагт гарсан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Иран хэд хэдэн алдааны улмаас Украины онгоцыг унагажээ

 0 сэтгэгдэл
  • Ираны Tor системийг ажиллуулж байсан цэргүүд дээд удирдлагаасаа зөвшөөрөл авалгүйгээр пуужин харвасан байж таарахгүй хэмээн шинжээч таамаглав
  • Ирак дахь АНУ- ын цэргийн баазууд руу пуужин харвасны дараа яагаад иргэний агаарын тээврийн хөлөг нисэхийг зөвшөөрөө вэ гэсэн асуулт үүсэж байна

Ираны агаарын довтолгооноос хамгаалах хүч Украины нисэх онгоцыг залуурт пуужинтай андуурч унагасан хэргийн нарийн зүйлс тодорхойгүй хэвээр. Гэхдээ нэг зүйл ойлгомжтой нь “газар- агаар” ангиллын пуужин байг ташаа тодорхойлохоос сэргийлэх бүх арга хэрэгсэл бүтэлгүйтсэн явдал. Онгоцонд зорчиж явсан 176 хүн бүгд амь үрэгдсэн эмгэнэлт хэргийн шалтгаан хэд хэдэн түвшинд үүссэн алдаатай холбоотой хэмээн Teal Group-ийн пуужингийн системийн шинжээч Стивен Залога үзлээ. “Уг хэрэг нь аргачлал, технологи аль аль нь үүргээ гүйцэтгэж чадсангүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Ахан дүүсийнхээ амь насыг хөнөөхөд хүргэсэн ийм алдаанаас сэргийлэх ядаж аргачлал байх ёстой” хэмээн Залога ярьж байна. Иран улс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн “гэмтэн”-ийг шүүхийн өмнө авчрахаа мэдэгдсэн. Эмгэнэлт хэрэгтэй холбоотойгоор Ираны эрх баригчид Ирак дахь АНУ- ын цэргийн баазууд руу пуужин харваад хэдхэн цаг болсон ноцтой нөхцөлд яагаад иргэний агаарын тээврийн хөлөг нисэхийг зөвшөөрөө вэ гэсэн асуулт мөн үүсэж байна. Украины олон улсын агаарын шугамын 752 дугаартай нислэгийн онгоц залуурт пуужинтай андуурахааргүй ялгаатай нисэж явсан. Тегераны нисэх буудлаас хөөрч, ердийн чиглэлээр нисэж явсан онгоц пуужинд оногдох хүртлээ дохиогоо дамжуулж явжээ. Украины онгоцыг ойрын зайн аюулаас хамгаалах өндөр хүчин чадалтай зэвсэг болох “SA-15 Tоr” залуурт пуужингаар харваж унагасан юм. Дайн байлдааны бүсэд ашиглах зориулалттай хараалах систем бүхий уг пуужин иргэний агаарын тээврийн хөлөг, залуурт пуужин, байлдааны сөнөөгч онгоцыг хооронд нь ялгах чадваргүй. Ийм ч учраас дэлхийн улс орнууд Tor системийг ихэвчлэн иргэний агаарын тээврийн онгоц ялгаж тодорхойлох чадвартай агаараас хамгаалалт командын системийн хамт ашигладгийг Залога тайлбарлав. Иймд Ираны Tor системийг ажиллуулж байсан цэргүүд дээд удирдлагаасаа зөвшөөрөл авалгүйгээр пуужин харвасан байж таарахгүй хэмээн шинжээч таамаглав. Украины олон улсын агаарын шугамын 752 дугаартай Boeing 737- 800 онгоц GPS-ийн өгөгдөл ашигладаг орчин үеийн нэн шинэ системтэй төдийгүй байршлаа иргэний зориулалттай радаруудад дамжуулж байсныг FlightRadar24 сайтын мэдээлэл баталдаг. Tor-ын радар систем иргэний онгоц, цэргийн бай хоёрыг ялгаж чадахгүй ч Ираны өөр бусад систем онгоцыг ажиглан хянаж, мэдээллээ пуужинт цэргийн удирдлагад дамжуулдаг байх ёстой хэмээн Залога үзэж байна. Онгоц цэргийн баазын зүг чиглэсэн нь пуужин харвах шалтгаан болсон хэмээн Иран хожим тайлбарласан. Boeing 737- 800 онгоцны нислэгийг бүртгэсэн FlightRadar24-ын статистикаас үзвэл агаарын хөлөг хөөрснөөсөө хоёр минутын дараа үл ялиг баруун тийш даялсан нь Ираны буудлын нисэх зурвасаас тасардаг нийтлэг ердийн маневр байгаа юм. Онгоц 2,408 метр орчмын өндөрт гэнэт дохио дамжуулахаа зогссон нь пуужинд оногдож гэмтсэнээс болсон бололтой. Мөн өдөр лавтайяа өөр хоёр онгоц мөн байдлаар агаарт хөөрсний зэрэгцээ өөр хэд хэдэн нислэг болсныг FlightRadar-ын өгөгдөл баталж байна. АНУ-ын байлдааны дрон нь илрүүлэх системд өртөхгүйн тулд газарт ойр, ихэвчлэн 30 орчим метрийн өндөрт нисдэг болохыг Залога мөн тайлбарласан юм.