A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1132/

АНУ-ын компаниуд Энэтхэгийн зохицуулалтыг эсэргүүцэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1132/

Шинэ Дели дэлхийн тавцнаа өгөгдлийн аюулгүй байдлыг хангах тэмцэл өрнүүлж эхэлмэгц АНУ-ын компаниуд хатуу шинэ зохицуулалтыг нь эсэргүүцэж, Энэтхэгийн IT группүүд Вашингтоны хариу арга хэмжээнд түгших болов. Энэтхэгийн Засгийн газраас цахим худалдаанд баримтлах бодлого тодорхойлсон хуулийн төсөлд тус улсын хэрэглэгчдийн өгөгдлийг гадаадад дамжуулахыг хориглосон заалт оржээ. Мөн тус улсын Төвбанк-Энэтхэгийн Нөөцийн Банкнаас (Reserve Bank of India) гаргасан ижил утгатай тушаалд энэ аравдугаар сараас эхлэн хэрэглэгчдийн өгөгдлийг хилийн чанадад дамжуулахыг хориглоод байгаа. АНУ-ын төлбөрийн картны компаниуд уг зохицуулалтыг хүчингүй болгуулахаар лобби өрнүүлж эхэллээ. БНХАУ-аас ялгаатай нь Энэтхэг улс гадаадын технологийн группүүдэд харьцангуй чөлөөтэй ажиллахыг зөвшөөрдөг. Уг нөхцөл нь Энэтхэгийн дижитал зах зээлийн хөгжилд түлхэц болж, дотоодод шинээр үүссэн группүүдийн өрсөлдөөнийг хурцатгаж өгдөг. Эдүгээ Мумбай Энэтхэгийн старт-апуудыг дэмжих, өгөгдөл хадгалах, боловсруулах ажиллагааг дотооддоо явуулахын төлөө хатуу байр суурь баримтлах болж буйг шинжээчид өгүүлж байна.

Өгөгдлийг оффшор хадгалахыг хориглох төв банкны шийдвэр “урьд өмнө үзэгдэж дуулдаагүй зүйл” болж байгааг Mastercard-ын өмнөд Ази хариуцсан захирал Поруш Сингх тайлбарлав. Бразил улс банкуудаа оффшор үүлэн тооцоолол ашиглахыг жилийн өмнө хориглосон. Гэвч лоббичдын эсэргүүцлийн улмаас дараахан нь цуцалжээ. Өгөгдлийг оншор хадгалах шаардлага тавьдаг өгөгдлийн хараат бус байдлын шинэ хууль Ази даяар түгээмэл ч одоогоор ихэнх нь төслийн түвшинд байгаа. Азийг хамарсан уур амьсгал Энэтхэгт ч нэвтэрлээ. АНУ-Энэтхэгийн Бизнесийн Зөвлөл зэрэг төрөл бүрийн лобби бүлгүүд тус улсын Төв банкинд бодлогоо эргэн харах захидал илгээж буй нь Financial Times-д ирсэн мэдээллээр тодорхой болов. Шинэ төсөл нь Энэтхэгийн карт эзэмшигчдийн аюулгүй байдалд халгаатай төдийгүй компаниуд өгөгдлийг нь эрсдэлийн үнэлгээ хийдэг олон улсын зангилаа төвүүдэд шилжүүлэхэд саад болно хэмээн лоббичид тайлбарлаж байна. "Локалжуулах шаардлага нь хэрэг дээрээ энэхүү үйлдвэрлэлд оролцогч нар санхүүгийн гэмт хэрэг, луйврыг илрүүлэх чадварыг нь муутгаж, кибер эмзэг орчин үүсгэх аюултай” хэмээн АНУ-Энэтхэгийн Бизнесийн Зөвлөлийн захидалд дурджээ. Өгөгдлийн том төвүүдийг Энэтхэгт шилжүүлэх нь эрчим хүчний үнэ өндөр, өргөн зурвасын холболт муу тус улсад өртөг зардал ихтэй тусна гэдгийг Fitch агентлагийн шинэхэн тайланд анхааруулжээ.

Энэтхэгийн эрх баригчид “дотоодын технологийн салбараа хөгжүүлэхийн тулд илт протекционист байр суурь баримтлах болсон”-той уялдан үүлэн тооцооллын салбарт ч мөн адил шаардлага тавьж болзошгүй. Бараг бүх хүнийг хамарсан биометрийн таних систем нэвтрүүлсэн Энэтхэгийн Засгийн газарт мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалах бодлогоо тодорхойлох нь чухал болж хувирлаа. Энэ сард Энэтхэгийн Засгийн газрын тусгай хороо өгөгдлийн аюулгүй байдлын судалгааны тайлан нийтэлсэн. Уг тайланд Европын Холбооноос саяхан хэрэгжүүлж эхэлсэн өгөгдөл Хамгаалах Ерөнхий Зохицуулалт (General Data Protection Regulation) шиг зохицуулалт үүсгэхийг уриалжээ. Энэтхэгийн Мэдээллийн Эрхийн Хуулийг сулруулах сөрөг нөлөөтэй ийм зохицуулалтыг зарим авлигач албан тушаалтан буруугаар ашиглаж болзошгүйг шүүмжлэгчид анхааруулж байна. “Болгоомжтой ажиллах ёстой салбар шүү” хэмээн ашгийн бус IT For Change группийн гүйцэтгэх захирал Парминдер Сингх анхааруулав. “Мэдээллийн Эрхийн Хууль, хатуу чанга байх ёстой шинэ зохицуулалт хоёрын зааг ялгаа ч бүрхэг байгаа”-г тэрбээр нэмж өгүүлсэн юм. Шинэ зохицуулалтыг нэн түрүүн дэмжигч Энэтхэгийн дотооодын компаниудын нэг нь тус улсын дижитал төлбөрийн Paytm групп. Тус групп нь цахим төлбөрийн салбарт Хятадын Alibaba, Японы SoftBank-ны дэмжлэгтэй ажилладаг цахим худалдааны Flipkart, АНУын Amazon компанитай ширүүн өрсөлддөг. Цахим худалдаа, дижитал төлбөрийн салбарт өрсөлдөгч нараасаа ялгаатай нь бүх өгөгдлөө Энэтхэгт дотооддоо боловсруулдаг Paytm-д шинэ зохицуулалт ашигтай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын $200 тэрбумын импортод тариф тогтоов

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япончууд пластикийг шахахаар зорьж байна

 0 сэтгэгдэл

Японы цаас үйлдвэрлэгч компаниуд маркетинг ба судалгааны нэгжүүддээ дэлхий даяар хуванцарын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, цаасны ирээдүй бол хоосон үг биш гэдгийг ойлгуулах даалгавар өгчээ. Тусгайлан байгуулсан хэлтсүүд сав баглаа боодлын аль ч төрлийг цаасан бүтээгдэхүүнээр орлуулах технологи боловсруулах зорилт тавив. Түүнчлэн Засгийн газар болон компаниуд пластик уут, аяга, соруул гэх мэт нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзахыг эрмэлзэж буй үед цаасан бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхийн тулд төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулна. Саяхан Starbucks кофены сүлжээ 2020 он гэхэд пластик соруулаас бүрэн татгалзахаа зарласан бол Disney, McDonald’s зэрэг компани энэ чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Үүний дараахан Японы цаас үйлдвэрлэгчид ийм арга хэмжээ авч байгаа нь цаг үеэ олсон хэрэг юм.

Гэтэл Японы зоогийн газрууд, жижиглэн худалдаачид пластикаас татгалзах тухай олигтой ярихгүй байгаа нь Токио 2020 оны олимпын тоглолтод бэлтгэж байгаа үед хачирхалтай явдал гэж цаасны нэгэн компанийн захирал хэллээ. Японы Засгийн газар удахгүй уг салбарын судалгаа, хөгжүүлэлтэд татаас олгох санаачилга гаргаж, цаасны үйлдвэрлэлийн хүчин чадлыг дэмжих байх гэж салбарын нэг шинжээч үзэж байна. Дэлхийд цаасны борлуулалтаар топ тавд багтдаг Oji Holdings шинээр байгуулсан “инновацыг дэмжих төв”-дөө захирлуудыг томилон ажиллуулж эхэлсэн юм. Тус компанийн дотоод өрсөлдөгч Nippon Paper Industries өнгөрсөн сард мөн “Цаасжуулалтыг дэмжих оффис” байгуулжээ. Уг хэлтэс олон жил үргэлжилсэн цаасгүй оффис хэмээх үгийн оронд “Цаасаар юу хийж чадахаа харуулах боломж олгоё” гэсэн уриа дэвшүүлэв.

Судалгаа, маркетингийн нэгжүүд кофе ба түргэн хоолны сүлжээнүүдэд цаасан соруул, цаасан таг зэргийг ашиглахыг санал болгохоос гадна хэрэглээний бүтээгдэхүүн үйлчдвэрлэгчдэд хандаж, шампунь, шингэн саван гэх мэт шингэнийг сүүний савтай адил хатуу цаасанд савлахыг ятгахаар ажиллана. Nippon Paper-ын анхаарал татсан нэг шинэ технологи бол хүнсний үнэрийг хадгалдаг цаасан уут бөгөөд төмсний чипс зэрэг хүнсийг савлах боломжтой. Тус компани бизнесийн боломж өргөжиж байгааг мэдэгдсэн Гэвч Nippon Paper-ын захирлууд цаасжуулах хөдөлгөөний хамгийн том саад тотгор нь үнэ өртгийн асуудал байгааг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, цаасан соруул пластик соруулаас зургаа дахин илүү үнэтэй бөгөөд түүхий эдийн үнээс голлон шалтгаалдаг аж. Түүнчлэн цаасан сав хийхэд пластикаас илүү хүндрэлтэй байдаг. Пластикийг халаагаад наадаг бол цаасыг заавал цавуудаж наах хэрэгтэй. Nomura банкны цаасны салбарын шинжээч Такаоми Коно “өнөөгийн байдлаар цаас илүү үнэтэй, үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа нь зах зээлд борлуулалт өсгөхөд гол саад болж буй ч үйлдвэрлэгчид технологио сайжруулж, Засгийн газар татаас олгох байх гэж бодож байна” хэмээн дүгнэлээ.