A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3025/

АНУ-ын тариф Хятадын экспортыг гэнэт буурууллаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3025/

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюутолгой” төсөлд шинэ нөхцөл байдал үүслээ

Гүний уурхайн зардал 34 хувийг хөндөнө

 0 сэтгэгдэл


“Шинэ зуун гарснаар хоёр хөршийн хамаарал, оролцоогүйгээр монголчууд өөрсдөө шийдэж чадсан хамгийн том бүтээн байгуулалт бол “Оюутолгой” төсөл хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр онцолж байлаа. Хамтарсан Засгийн газрыг эмхлэн байгуулж, тэргүүлж байсан түүний хувьд уг төслийг эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны компанитай олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд албажуулснаар өнөөдрийн сунжирсан их маргааны хөрс суурь хамт тавигдсан билээ. Дээрх гэрээг байгуулснаас хойш өдгөө арван жил өнгөрч байна. Энэ хугацаанд таван Засгийн газар солигдлоо. Үүнийг дагаад Монголын талын байр суурь ч хаврын тэнгэр шиг хэдэнтээ хувьсаж өөрчлөгдсөөр ирлээ.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон өчнөөн үйл явдал өрнөв. Улс төрийн сонгууль угтсан хийрхэл, хувь, хувьсгалын ашиг сонирхлын зөрчил дундуур “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт урагшилж байна. Уг төслийн баримт бичиг болох хөрөнгө оруулалтын гэрээ олон популистад бусдад танигдах олз болж, зарим нь уих-ын гишүүнээр хүртэл сонгогдож амжсан.

Цаашдаа ч энэхүү гэрээг яллах, шүүх, шүүмжлэх хүн багадахгүй шинжтэй. Иргэний нийгмийн нэг ололт нь энэ. Тэгвэл өнөөдөр “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 30 хүртэлх сараар хойшилж магадгүй байгаа.

Хугацаа сунжрахтай зэрэгцэн хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байгаа төдийгүй одоо ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэж болзошгүй байгаа. Төсөл зогсох ээлжит эрсдэлд 2020 оны сонгууль, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт мөн орж байгаа юм. Хөрөнгө оруулалт ахин нэмэгдэхээр байгаа нь үл ойлголцол руу төсөл хэрэгжүүлэгч талуудыг хөтөлж мэднэ. Ямартай ч “Оюутолгой” компанийн 66, 34 хувийг тус тус эзэмшигчид хэлэлцээрийн ширээнд суух нь тодорхой боллоо. Гүний уурхайн зардал хэтэрсэн нь ийм шинэ нөхцөл байдлыг үүсгэлээ.

Уурхайн талбарт хоёрдугаар босоо амны барилгын ажил үргэлжилж байна. Хэдий тийм боловч урьдын нөхцөл байдал давтагдахыг үгүйсгэх аргагүй. Төсөл хэрэгжүүлэгч талууд нэг нэгэндээ нуруу нуруугаа харуулж одвол гүний уурхайн бүтээн байгуулалт зогсоход хүрнэ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын зардал өсөж, алдагдсан боломжийн өртөг улам нэмэгдэнэ гэсэн үг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үе рүү энэ Засгийн газар очих цаг ч ойрхон байж мэдэх юм.

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 оны дөрөвдүгээр сард 2.7 тэрбум ам.доллар байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан М.Энхболд УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Үүний дараа С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийж эхлэх үед хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар болж өссөн. Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралт байдал, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүү, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зэргээс үүдэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэдэг. Засаг болгоны хүсэл хэдий ч зүрхэлж аваад зориглож хийгээгүй “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулахад төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 4.2 тэрбум ам.доллар болж, хоёр тал үүн дээр тохирч байв. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэг жилд нэг тэрбум орчим ам.доллараар өсөн нэмэгдэж байжээ.

Дэлхийн таван томын нэг, үндэстэн дамжсан Rio Tinto групп Монголд орж ирснээс хойш гурван жилийн дараа “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг  хожим Дубайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэмж тодотгосон билээ. Монголын хувь эзэмшилтэй холбоотой буюу 34 хувиа чамласан өнгө аяс манай улстөрчдөөс байнга цухалздаг. Сонгууль болгоноор зарим популистууд үүнийг ярьж, сонгогчдоос оноо авах гэж зүдэрдэг. Гэтэл нэг ч төгрөг заралгүй татвар, хураамж аваад суух тийм боломж бидэнд байсан. Ямар нэгэн хувь, хувьцаа авна гэхгүйгээр төслөөс олох нийт ашгийн 50-иас илүү хувийг аваад суух гарц байсан гэдэг. Одоогийн нөхцөлд 34 хувь бидэнд өр зээл болон хүндээр бууж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн гаргасан УИХ-ын тогтоолын дагуу хөрөнгө оруулагч компанийн хувьцааны дор хаяж 34 хувийг Монголын тал авах ёстой гэсэн шийдвэрийг УИХ гаргасан нь өнөөдөр биднийг гарах гарцгүй болгоод байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний хувь заяаг УИХ-ын 57 дугаар тогтоол үндсэндээ тодорхойлсон. Уг тогтоол Засгийн газарт буу тулгасантай дүйх хэмжээний зовлон тарьсан гэж өнөө хэр зарим улстөрч хэлдэг. 2001 онтой харьцуулахад манай эдийн засгийн хэмжээ өнөөдөр арав дахин өссөн байна.

Хөрөнгө оруулалтын зардал дахин 1.9 тэрбум ам.доллараар өсөхөөр байна


Мега төслийн хаялга энэ. Гэхдээ нийт нөөц баялгийн 80 хувийг хэвлийдээ тээх гүний уурхай ашиглалтад орох хүртэл зөвшилцөх, санал нэгдэх зүйл ар араасаа ундарсаар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй залгаад “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлыг улсаараа хэлэлцэх цаг тун ойртлоо.

Энэ байдлаараа Засгийн газрын толгойны өвчин “Оюутолгой” төслийн гүний уурхай болж мэдэх нь. Хөрөнгө оруулалтын зардлын асуудлаар хувь эзэмшигчид нэг талдаа гарч чадахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах, улмаар царцах эрсдэл хол биш байна. Үндсэн хуулийн “эцэг” гэгддэг байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хуульч Б.Чимид агсан “Гэрээгээр холбогдсон хоёр тал бол гэр бүл болсон хостой адил. Нэг гэрт орсон хоёр шиг элгэмсэг, ойр дотно харилцаатай байхгүй бол хардлага байнга төрнө. Харилцаа сэвтэх, эвгүйтэх цагт харилцан буулт хийж явахгүй бол хагарч салахдаа хүрч мэднэ. Тэгээд хамтдаа жаргаж чадахгүй бол тус тусдаа зовно доо” гэж Ерөнхий сайд асан С.Баярын өрөөнд болсон нэгэн хурал дээр хэлж байлаа. Тэгвэл гүний уурхайн зардал нэмэгдэх, ашиглалтад орох хугацаа хойшлох магадлал өндөр байгаа энэ үед эдүгээгийн Ерөнхий сайдын өрөөнд энэ талаар ямархуу яриа өрнөж, хэрхэн шийдэл эрэлхийлж байгаа юм бол...

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдийн сүүгээр Хятадад мөнгө босгох боломжтой

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гамшгийн эрсдэлийн даатгал төсвийн ачааг үүрэлцэнэ

Сүүлийн 10 жилд гамшигт эрсдэлийн улмаас 1.6 их наяд төгрөгийн хохирол учирчээ

 0 сэтгэгдэл


Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, хор хохирол нь өссөөр байна. Азийн улс орнууд гэхэд сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр 40 орчим тэрбум ам.долларыг цаг уурын гэнэтийн эрсдэлийг арилгахад зарцуулах болсон гэх статистик бий. Дэлхий дахинд нүүрлэсэн энэ гамшиг Монгол орныг ч тойроогүй. 2003 онтой харьцуулахад манай орны агаарын дундаж температур 2.4 градусаар дулаарч, энэ хэрээр гэнэтийн үер, ган зудын давтамж нэмэгджээ. 2009-2010 оны зуднаар гэхэд нийт мал сүргийн 23 хувь нь буюу 10 сая мал хорогдсон нь байгалийн гэнэтийн гамшиг ямар их хөнөөлтэйг илтгэнэ.

Дэлхийн улс орнууд энэ эрсдэлийг бууруулах, учирсан гамшгийг хохирол багатай даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалыг хөгжүүлэх болжээ. Санхүүгийн зохицуулах хороо ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалтын сэдэв ч энэ асуудал руу чиглэсэн байв. Уулзалтад “Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ”-ний байнгын гишүүн орнууд болох Филиппин, Индонез, Пакистан, Шри Ланка, Вьетнам болон Герман, Швейцарын төлөөлөгчид оролцсон юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлээс хамгаалахад даатгалын тогтолцоог ашиглах замаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх нь уулзалтын гол зорилго байв.

Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий орнууд эрсдэлийг даван туулсан туршлагаасаа хуваалцлаа. Вьетнам улс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.8-1 хувийг байгалийн гамшигтай холбоотой нөхөн олговорт зориулдаг аж. Нийт үр тарианыхаа 15 хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг аж.

Харин Индонез улс үндэсний хэмжээний хууль батлуулжээ. Үүний хүрээнд хуримтлал үүсгэж, хожим үүсэх эрсдэлээс сэргийлдэг байна. Хуулийн хэрэгжилтийг хангах гол үүргийг Сангийн яам нь хариуцдаг аж. Даатгалын хуулийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах нь чухал болохыг тус улсын Сангийн яамны Төсвийн бодлогын агентлагийн менежер Винсентус Викаксон хэлсэн.

Манай улсын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүний 28 орчим хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Улсын хэмжээнд 230 мянган малчин байгаа нь нийт хүн амын есөн хувийг эзэлж байгаа юм. 2006 онд малчдын долоон хувь нь даатгалд хамрагдаж байсантай харьцуулахад одоо байдал дээрдсэн ч хангалтгүй хэвээр байгааг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор хэлсэн.

Харин улсын нэгэн чухал салбар болох хөдөө аж ахуйд байгалийн хараат үйлдвэрлэл их байгааг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн менежментийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн онцлов. “Ган, зуд, хүн, малын халдварт өвчин, үер ус, түймрийн аюул улам ихэссээр байна. Сүүлийн 10 жилд нийт 44177 удаа гамшигт эрсдэл тохиож, үүний улмаас 1.6 их наяд төгрөгийн хохирол учирсан тооцоо бий. Улсын зүгээс олгож буй нөхөн олговор жил ирэх тусам нэмэгдсээр байна. Уг нь үүнийг даатгалын компаниуд төлөх ёстой юм” хэмээн тэрбээр ярилаа.

Одоогоор Монголд гамшгийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүн гаргаад ажиллаж байгаа байгууллага алга.

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал Монголд зайлшгүй шаардлагатай


Даатгалын зарим компани өөрсдийн үндсэн бүтээгдэхүүний хажуугаар гамшгийн эрсдэлийн даатгалыг хөгжүүлэхээр оролдож эхэлж буй. Гамшигт эрсдэлийн давтамж нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд энэ төрлийн даатгал зайлшгүй шаардлагатай болохыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа тайлбарласан. “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал өнөөгийн Монголд зайлшгүй шаардлагатай учраас бид энэ чиглэлээр даатгалын бүтээгдэхүүн бий болгох, хууль эрх зүйн орчинг боловсруулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод үер усны аюул тохиолдох боллоо. Мөн хөдөө орон нутагт цаг уурын өөрчлөлтөөс болоод ган, зудын эрсдэл байнга нүүрлэдэг. Энэ эрсдэлийг бууруулахад гамшгийн эрсдэлийн даатгал чухал үүрэгтэй. Одоогоор хуулийн төсөл өргөн бариагүй. Гэхдээ ОБЕГ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран гамшгийн даатгалын тухай хуулийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” хэмээн тэр хэлсэн юм.

Мэдээж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг улс орон бүрт өөр өөр хэлбэрээр тохиож буй. Зүүн өмнөд Азийн орнууд далайн хар салхи, газар хөдлөлтөд нэрвэгдэх нь элбэг бол Монголд ийм гамшиг нүүрлэх эрсдэл харьцангуй бага. Гэхдээ үер ус, ган гачиг гээд анхаарахгүй орхиж боломгүй эрсдэл бий. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгалд ямар төрлийг хамруулах вэ гэдгээ сайтар ярил - цан шийдэх нь чухал, энэ ажилд даатгалын компаниуд чухал үүрэгтэй оролцох учиртайг хуралд оролцогчид онцолж байв.

ЗГМ: ТОДРУУЛГА С.Даваасүрэн: Цаг уурын өөрчлөлт даатгалын зах зээлд маш том орон зай бий болголоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн хурлыг хийх болсон шалтгаан, ач холбогдлын талаар тодруулж өгнө үү?

-Санхүүгийн зохицуулах хороо “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд төрийн зохицуулагч байгууллагуудын оролцоо” хөтөлбөртэй хамтраад энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөн маань “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” нэртэйгээр төр болон хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулагдаж байгаа юм. Азийн хэд хэдэн орноос төрийн байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирлээ. Мөн Германы хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үйл ажиллагааны зохион байгуулалтад хамтран оролцож байна. Цаг уурын өөрчлөлттэй холбоотой эрсдэл ирээдүйд биш, яг энэ цаг үед бий болчихоод байгаа зүйл. Сүүлийн үед цаг уурын хэт их халалтын талаар байнга ярьж байна. Энэ нь иргэдийн амьдралд тодорхой бус байдлыг бий болгож байгаа. Энэ нөхцөл байдал ядуу буурай, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусдаг. Тухайлбал, үе ус, галын аюул байна. Энэ эрсдэлийн эсрэг дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргаж байгаа ч байгалийн гамшиг иргэдийн хэвийн амьдрах боломжийг хүндрүүлдэг учраас төр маш их зардал гаргах шаардлагатай болдог. Манай улсын хувьд үер усны эрсдэл өндөр байна. Эрсдэл нэгэнт тохиолдсон хойно нь төрийн байгууллагууд тодорхой хэмжээний нөхөн олговор олгох биш, анхнаасаа даатгалд хамруулж чадвал тухайн нөхцөл байдлыг хамгийн бага зардалтайгаар даван туулах боломж бүрдэнэ. Тиймээс энэ чиглэлээр төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг шийдэх нь зөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм.

-Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах даатгалын бүтээгдэхүүн зах зээлд гаргавал иргэдийн худалдан авах чадвар хэр байх бол. Нөгөө талаар даатгалын компаниуд ийм төрийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна уу?

-Даатгалын компаниудын хувьд ослын даатгал зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа. Гэхдээ энэ нь олонхыг хамарч чадахгүй байна. Яагаад гэвэл зардал өндөр. Тиймээс төрийн зүгээс ямар хэмжээний хүчин чармайлт гаргаж чадах юм, даатгалын компаниуд ямар байдлаар оролцох сонирхолтой байна гэдгийг шийдэх завсрын үе дээр бий болж байгаа цоо шинэ бүтээгдэхүүн гэж хэлж болно. Манай орны хувьд энэ үйлчилгээ харьцангуй шинэ. Тийм учраас бид энэ зөвлөгөөнийг хийж байна. Бусад улс асуудлаа хэрхэн шийдэж байгаа туршлагаас судална. Энэ нь даатгалын компаниудын хувьд шинэ сорилт, маш том орон зай гэдгийг онцолж хэлмээр байна.

-Хууль эрх зүйн хувьд тодорхойгүй байдал их байна гэсэн. Үүнийг цэгцэлж, хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо, ОБЕГ, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхний хамтын хүчээр л энэ асуудлыг шийдэх боломжтой. Дахин хэлэхэд, энэ төрлийн даатгал өмнө нь байгаагүй. Гэтэл байгаль, цаг уурын байдал биднээс үл хамааран өөрчлөгдөж байна. Энэ нь бидний өмнө тулгарсан бодит байдал болчихоод байна.

-Олон улсад гамшгийн эрсдэлийн даатгал хөгжөөд хэр хугацааг үдэж байна вэ?

-Бусад төрлийн даатгалтай харьцуулбал түүх нь тийм ч урт биш. Цаг уурын дулаарал, цаг уурын өөрчлөлт даатгалын зах зээл дээр маш том орон зай бий болголоо. Тиймээс эрсдэлт нөхцөл байдлыг хамгийн бага хохиролтойгоор хэрхэн даван туулах вэ, нэгэнт эрсдэл учирсан бол нөхөн төлбөр олгох асуудлыг хэрхэн шийдэх нь чухал. Харин энэ үйл явцад даатгалын одоогийн тогтолцоо хариу үйлдэл үзүүлж чадаж байна уу, даатгалын компаниуд хэр зэрэг чадамжтай байна вэ гэх мэтээр олон асуудал яригдана.

-Энэ төрлийн үйлчилгээг давхар даатгалын компаниар дамжуулан олон улсад гаргах боломж хэр байгаа бол?

-Өнөөдөр Монголын даатгалын зах зээл дээр ердийн даатгалын 15 компани, амьдралын даатгалын нэг компани, давхар даатгалын хоёр компани ажиллаж байна. Эрсдэл их байх тусам цаашаа давхар даатгуулах шаардлага үүснэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд даатгалын компаниудын нийт хөрөнгө 1.8 дахин өсөж, 300 гаруй тэрбум төгрөг болсон. Мөн даатгалын компаниудын нөөц сангийн хэмжээ эрс өсөж, нөхөн төлбөр олгох чадвар сайжирсан. Энэ хэрээр өөрсдийгөө чадваржуулах, илүү мэргэжлийн болох чиглэл рүү ажилласаар байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 онд даатгалын компаниудын дүрмийн санг өсгөх шийдвэр гаргасан. Энэ ажлыг 2018 онд амжилттай хэрэгжүүлж дууслаа. Даатгалын компаниуд улсын хэмжээнд 500 гаруй бүтээгдэхүүн гарган ажиллажбайна. Гэхдээ дэлхийн нөхцөл байдлыг харвал бүх л төрлийн даатгалын орон зай нээлттэй байгаа. Үүний нэг томоохон сорилт нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой даатгал.

-Сая хэлэлцүүлгийн үеэр энэ төрлийн даатгалыг албан журмын даатгалын системээр хэрэгжүүлбэл үр дүнтэй байдаг тухай ярилаа. Харин Монголд ямар байвал зохистой бол?

-Цаг уурын эрсдэлд өртөмтгий Монгол орны тухайд албан журмын даатгалын системээр явбал үр дүнд хүрнэ. Гэхдээ хүн бүрийг биш, яг эрсдэлт нөхцөлд байгаа хүмүүсийг албан журмаар даатгуулах байдлаар хэрэгжихийг үгүйсгэхгүй. Өнөөдөр бид яг энэ талаар зөвлөлдөж, олон улсын экспертүүдийг урьж, туршлагаас нь солилцож байна. Энэ бол чухал эхлэл. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд “Азид хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын оролцоо” хөтөлбөрийг сүүлийн хоёр жил ахалж ажиллаж байна. Тиймээс энэ зөвлөгөөнийг дотооддоо зохион байгуулж, гарц шийдэл хайж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Санхүүгийн сувгийг тэлснээр Сингапурыг орон сууцжуулжээ

Сингапур төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлсэн

 0 сэтгэгдэл


Орон сууцны үнээр толгой цохидог Сингапур улс иргэдээ ялангуяа, залуусыг байртай болгох шинэ төлөвлөгөө боловсруулжээ. Иргэдийн хэтэвчинд тохирсон үнэ өртөгтэй орон байрыг зах зээлд нийлүүлж, үнийн хөөсийг бууруулахаар зорьж буйгаа тус улсын Үндэсний хөгжлийн яам өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.

Сингапур бол дэлхийд 176-д эрэмбэлэгддэг жижигхэн газар нутагтаа таван сая хүнийг тав тухтай амьдруулдаг, хотжилтын хамгийн үлгэр жишээ орны нэг. 1959 онд Их Британийн колоничлолоос гарах үед Сингапурын хүн амын ердөө есөн хувь нь тав тухтай орон сууцанд амьдарч байв. Харин үүнээс 60 жилийн дараа тус улс иргэдээ тав тухтай орон сууцаар хангаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн. Ингэснээрээ энэ улс HSBC-гээс танилцуулдаг хүн амьдрахад хамгийн таатай орнуудын эхэнд эрэмбэлэгдсэн байна.

Иргэдээ орон сууцжуулах нь жижиг газар нутагтай энэ улсын бодлого тодорхойлогчдын эн тэргүүний зорилт байв. Тиймээс үе үеийн эрх баригчид нь орон сууцжуулах бодлогод гар таталгүй хөрөнгө оруулалт хийсээр иржээ.

Харин сүүлийн жилүүдэд Сингапурыг зорих жуулчлалын урсгал нэмэгдэж, газрын үнэ өссөнөөс орон сууцны үнэ огцом нэмэгдсэн нь энэ улсын иргэдэд шинэ сорилт болжээ. 2019 оны хоёрдугаар улиралд тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ таван жилийн дээд цэгт хүртлээ өссөн байна.

Үнийн өсөлт нь нийгмийн зарим хэсэгт орон сууц худалдан авахад хүнд болгож, орлогын бодит боломжоос нь илүүрхэж эхэлсэн. Тиймээс тус улсын төр засаг үнэ өндөр, өрсөлдөөн ихтэй зах зээлийн шуурганд өөрөө байртай бол хэмээн иргэдээ түлхэж, тоолгүй орхисонгүй. Харин хөнгөлөлт хүсэж буй залуу гэр бүл, ганц бие иргэд, бага болон дундаж орлоготой өрхүүдэд зориулсан төлбөрийн болон нийлүүлэлтийн тусгай бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

Тус улс анх удаа байр авч буй гэр бүлд 95 нас хүртэл төлөгдөх 80000 сингапур долларын орон сууцны зээл олгоно. Түүнчлэн 35 ба түүнээс дээш насны ганц бие, 4500 сингапур доллараас доош орлоготой иргэдэд 40 мянган сингапур долларын хөнгөлөлттэй зээл олгох аж.

Ингэж санхүүжилтийн хөшүүргийг хөнгөвчилснөөр эрэлт нэмэгдэнэ гэж тус улсын төр засаг үзэж байгаа. Харин өсөн нэмэгдэх энэ эрэлтийг хангахын тулд төр, түүний мэдлийн компаниуд ирэх онд нэмэлт байруудыг орон сууцны зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй аж. Ингэж санхүүжилт болон нийлүүлэлтийг нь уялдаа холбоотой шийдсэнээр тусгайлсан бодлого чимээгүйхэн нэхэж буй нийгмийн зарим бүлгийг онилж амжилттай хэрэгжинэ гэж үзэж буйгаа тус улсын Үндэсний хөгжлийн сайд мэдэгдсэн байна.

Сүүлийн хагас зуу гаруй жил Сингапур улс төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон сууцжуулах бодлогыг тууштай дэмжсээр ирсэн. Орон сууцжуулах бодлогын амин дэм нь санхүүжилт. Үүнийг шийдэхийн тулд төр татаас хэлбэрээр иргэдээ орон сууцжуулах бодлогыг дэмжиж, жилд дунджаар 1-2 тэрбум сингапур доллар олгодог. Гэхдээ төсвөөс олгож буй татаасаар иргэдээ орон сууцжуулах боломжгүй. Тиймээс нийгмийн амин чухал хэрэгцээ болсон орон сууцжуулах бодлогоо Хуримтлалын төв сантай 1968 онд уясан байна. Ингэж санхүүгийн механизмыг нь шийдсэнээр орон сууцжуулах бодлого тогтвортой урагшилсан. Эдүгээ санхүүжилтээр цангаж буй ипотекийн хөтөлбөрт Нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сангийн эх үүсвэрийг татан оролцуулах нь оновчтой шийдэл хэмээн салбарын хэлдэг. Тэгвэл сүүлийн хэдэн жил бидний яриа хэлэлцээнээс хэтрээгүй энэ шийдлийг 50 гаруй жилийн өмнө Сингапур улс хөрсөндөө буулгасан. Энэ нь Сингапур улс иргэдээ орон сууцжуулж, орчны бохирдлоос сэргийлэх санхүүжилтийн гол түлхүүр байжээ. Ажил олгогч, ажилтны бүх хураамжийг төвлөрүүлдэг энэ сангийн өөрийн данс дахь хуримтлалаа ашиглан иргэд сууц худалдан авах боломжтой. Тодруулбал, хуримтлалын мөнгөнөөсөө байрны үнийн 15 хувийг төлж болохоор заажээ.

• Иргэдээ орон сууцжуулах нь энэ улсын бодлого тодорхойлогчдын эн тэргүүний зорилт байв. 

• Сингапурыг зорих жуулчлалын урсгал нэмэгдэж, газрын үнэ өссөнөөс орон сууцны үнэ огцом нэмэгдлээ.

• 2019 оны хоёрдугаар улиралд тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ таван жилийн дээд цэгт хүртлээ өссөн байна.

Сингапур улс санхүүжилтийг ийн төсөв болон сангийн мөнгөөр шийдсэн бол орон сууцжуулах бодлогын бүтцийг цомхон бөгөөд оновтой загварт чиглүүлсэн. Тэд иргэдээ орон сууцжуулна хэмээн төрөөр овоглосон олон компани, аж ахуйн нэгж төрүүлсэнгүй. Харин Орон сууц ба хөгжлийн зөвлөл байгуулж, төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай түншлэлийн хүрээнд орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр заажээ.

Түүнчлэн энэ арлаас бидний суралцах ёстой нэг зүйл нь ухаалаг төлөвлөлт. Байшин барих талбай хязгаарлагдмал учраас Сингапур улс тэнгэр баганадсан өндөр барилгын загварыг сонгосoн. Гэлээ гээд энэ нь тав тухтай орчин байх ёстой. Тиймээс барилга бүрийн өндөр ба хэмжээг зэргэлдээх барилгуудтай уялдуулан төлөвлөж, орон сууцуудын хооронд сайн тохижилт бүхий чөлөөт ногоон бүс бий болгожээ. Ингэж тус улс дэлхийн хамгийн өндөр нягтралтай атлаа таатай орчныг бүрдүүлсэн байна.

Монгол, Сингапур улсын хүн амаа орон сууцаар хангахаар ханцуй шамлаж эхэлсэн хугацаа бараг ижил. Гэвч нэг гараанаас зэрэг эхэлсэн хоёр улсын одоогийн орон сууцны хангамж хүрэлцээ, амьдрах орчны байдал тэнгэр, газар мэт ялгаатай. 100 хүрэхгүй жилийн өмнө загасчдын бяцхан тосгон байсан энэ улс дэлхийн хамгийн шилдэг төлөвлөлтийг цогцлоож байхад орчин цагийн Монгол Улс орчны бохирдлоосоо салаагүй, эсгий хотуудтай хэвээр байна.

Төрийнхөө хөнгөлөлттэй бодлогоор байртай болох гэж буй бага, дунд орлоготой жирийн сингапур иргэний адил Монголын мянга мянган өрх бөмбөгөр цагаан гэрээ ханандаа паар, халуун устай байраар солихоор мөрөөдөж буй. Гэвч тэдний нэг итгэл найдвар болсон ипотекийн зээл хэмээх санхүүгийн суваг нь өргөжихгүй байгаа нь байртай болох хүсэлтэй Монголын мянга мянган өрх санаа байвч санхүүгийн чадамж нь дутахад хүрээд байна.

Аль ч улсын төрийн бодлого иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад чиглэж байх ёстой.  Тиймээс Сингапурын төр засаг олсон амжилтдаа ташууралгүй, иргэдийнхээ хэтэвчинд тохирсон орон сууцны бодлогыг одоо ч хэрэгжүүлж байна. Гэтэл утааны улирал хэзээ мөдгүй эхлэх гэж буй энэ үед агаарын бохирдлыг ор үндэсгүй дарах арга болсон орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх талаар ам нээж буй бодлого тодорхойлогчид алга. Монголын нийгэм, эдийн засагт онцгой чухал ач холбогдолтой энэ хөтөлбөрийг цаашид хэн үргэлжлүүлэх нь өнөө хэр тодорхойгүй хэвээр байгаа нь харамсалтай.