A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2129/

АН-ын хүчний харьцаа хаашаа ч эргэсэн Баянзүрхийг алдана

Ротаци ирэх 23-нд дуусах бол энэ өдөр Баянзүрхэд нөхөн сонгууль болно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2129/


Ардчилсан нам дотоод сонгуулиа хийж, үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 410 гишүүнээс 112-т нь эргэлт хийх гэж байна. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажилласан хийгээд Засгийн эрхийг барьж байх үе, Ардчилсан намын зүгийг Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан зааж байх жилүүдэд ротаци буюу эргэлтийн сонгуулиа гээгээд байв. Харин 2016 онд АН Ерөнхийлөгчөөс бусад бүх шатны сонгуульд бараг бүрэн ялагдсаны дараа эргэн ирсэн эргэлтийн сонгуулийн хувьд энэ жилийнх гурав дахь нь юм. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явагдаж байна.

Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг.

Үндэсний бодлогын хороо Ардчилсан намын хувьд шийдвэр гаргах дээд байгууллага.

Аль фракц ротацийн сонгуульд сайн өрсөлдөж ҮБХ-нд давуу суудал авна, тэнд намын эрх мэдэл ерөнхийдөө шилжиж, 2020 онд арай олон нэр дэвшигч гаргах давуу эрх олно.

Ингэхийн тулд нэр дэвшихийг хүсэгч эхлээд хураамж гурван сая төгрөгөө төлөх ёстой. ҮБХ-ны гишүүн бус, шинэ нэр дэвшигч бол дэнчингийн мөнгө гэж мөн гурван сая төгрөг нэмж байршуулах ёстой юм. Шинэ нэр дэвшигч нийт зургаан сая төгрөг төлнө гэсэн үг. Хэрэв ялагдвал дэнчингийн гурван сая төгрөгөө буцаан авах бөгөөд, хураамж нь харин Ардчилсан намын дансанд үлдэнэ гэсэн үг. Зургаан сая төгрөгөө өөрөө босговол сайн, гэхдээ хүнээс хандив авбал ҮБХ-ны гишүүн болсон хойноо нөгөө спонсорынхоо их улс төрийнх нь замд тус болох том үүрэг хүлээнэ. ҮБХ-ны гишүүн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх давуу эрх эдэлдэг тул ротацийн сонгуульд ялахын тулд найраа хийнэ, хор найруулна, басхүү тухайн орон нутгийн гишүүдийнхээ саналыг татахын төлөө мөнгө хаяна. Чухамдаа их улс төрийн төлөөх шаргуу тэмцэл ротацийн сонгуулиас эхэлнэ. УИХ-ын сонгуулийн бага хувилбар ч гэж хэлж болох тэмцэл Ардчилсан нам дотор өрнөж байгаа.

Үнэнийг хэлэхэд С.Эрдэнэ тэргүүтэй МОАХ-ныхон давуу байдлаа хадгалж үлдэх үү, хуучин “Алтангадас”-ынхан алдсан эрхээ сэргээх үү гэдгийн төлөөх тэмцлийн өмнө Ардчилсан нам ирээд байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн чимээ дөхсөн энэ үед ротацийн сонгууль түүний өмнөх нэлээд том бэлтгэл болохоороо онцлог юм.

Энэ жил ротаци болж буй тойргуудад Ардчилсан намын нэгдүгээр эгнээнийхэн болон дунд шатны кадрууд ч байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын Баянгол дүүрэг дэх ҮБХ-ны гишүүний тойрог ротацид орж байна. Тэрбээр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд ялагдаж байсан юм. Харин Баянголд ротаци болж байгаа нь З.Энхболд тойргоо сольж, Сүхбаатар дүүрэг рүү очиж байгаатай ч холбоотой байж мэднэ. Хэрэв тэрбээр Сүхбаатар дүүргээс АН-ын ҮБХ-ны гишүүн болвол 2020 онд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой сонгуульд тулж мэдэхээр байгаа юм.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа Хан-Уул дүүрэг, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн Чингэлтэй, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа Говь-Алтай, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Ж.Бадраа аймагтаа, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр Сэлэнгэ, гадаад харилцааны яамны Консулын газрын дарга асан Ш.Сүхбаатар төв, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр Увс, “гааль”ийн хэмээгддэг Ш.Адьшаа Ховд, сайд асан М.Сономпил, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан нар Дархан-Уул аймагт эргэлтийн сонгуульд орж байна. Тэд энэ суудлаа хадгаж үлдэх үү, алдах уу гэдэг энэ сарын 23-нд тодорхой болох юм.

ҮБХ-нд шинээр нэр дэвшигч нийт зургаан сая төгрөг намдаа өгөх ёстой

Намдаа дундаас дээш байр суурь эзлэгчид ротацийн сонгуульд оролцоод завгүй бужигнах энэ цаг дор Баянзүрх дүүрэг дэх засаглалаа Ардчилсан нам алдах эсэх дээрээ тулаад байна.

Тус намын дотоод сонгууль энэ сарын 23-нд болж дуусах бол энэ өдөр Баянзүрх дүүрэгт ИТХ-ын хоёр суудал дээр нөхөн сонгууль болох товтой.

2016 оны намар болсон орон нутгийн сонгуулиар нийслэлд Ардчилсан нам ялалт байгуулсан хоёр дүүргийн нэг нь Баянзүрх. Тиймээс өнөөдөр тус нам уг дүүрэгт засаглаж, удирдлагыг барьж буй. Сонгуулийн үр дүнгээр АН 22, МАН 19 тойрогт ялалт байгуулсан. Мөн сонгуулийн дараа зургаан ч тойрогт маргаан гарч АН, МАН-ын аль алиных нь зүгээс шүүхэд хандаад байсан юм. Дээрх маргаантай тойргуудын дөрвийнх нь маргааныг шүүх сонгуулийн болон бусад хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж, сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид төлөөлөгчийн суудалдаа үлдсэн. Харин Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойрогт болсон сонгуулийн маргаан удтал үргэлжилж, гурван ч шатны шүүхээс дахин сонгууль явуулах шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл энэ хоёр тойрог дээр 23-ны өдөр дахин сонгууль явуулах товыг зарлаад байна. Суудлын харьцаа тун ойрхон үед энэхүү дахин сонгууль Баянзүрх дүүргийн удирдлагын эрх шилжих эсэхийг шийднэ гэдгээрээ ихээхэн чухал. АН ялалт байгуулвал эрх баригчийн байр сууриа илүү баталгаажуулж үлдэх байлаа. Харин МАН-ын хувьд засаглалын эрх шилжүүлж авах боломж олгоно. Тиймдээ ч АН, МАН-ын зөвхөн Баянзүрх дүүрэг дэх намын байгууллагууд төдийгүй төв намаас нь ч ихээхэн анхаарал тавих тойрог. Гэвч өнгөрсөн жилийн дотоод сонгуулиас үүдэлтэй маргаанаа өнөөдрийг хүртэл шийдээгүй Ардчилсан намынхан Баянзүрх дүүргийн нөхөн сонгуульд орохооргүй болжээ. Харин МАН, Монголын Консерватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн дөрвөн нам дахин сонгуульд оролцохоор хуулийн хугацаанд албан ёсоор хүсэлтээ өгөөд байгаа.

БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс “2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн. 10, 19 дүгээр тойрогт сонгуулийн хууль зөрчигдсөн гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарсан учраас дахин сонгуулийг зохион байгуулна. Сонгуулийн тухай хуулийн 153.1-д сонгуульд оролцох эсэхээ намууд санал авахаас 60 хоногийн өмнө илэрхийлж бүртгүүлнэ гэсэн заалтын дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал дахин сонгуульд оролцох намуудын хүсэлтийгхүлээн авч дууссан. Буцаасан болон авахаас татгалзсан нам байхгүй. Ардчилсан намын хувьд сонгуульд оролцох хүсэлтээ өгөөгүй” хэмээх тайлбарыг өгч байв.

Ийнхүү Ардчилсан нам дотооддоо сонгуульдсаар гадна талдаа хүчээ алдах өдөр нь энэ сарын 23-нд зэрэг тохиож мэдэх нь. Үүнийг л хувь заяаны шоглоом гэдэг байх...

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Эрдэнэбат: 2020 оны сонгууль руу чиглэсэн үйл ажиллагаа эхэлж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг прокуророос яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Уг тогтоолтой тэрбээр танилцсан талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдан авсантай холбогдуулан түүнийг яллагдагчаар татсан аж.

Тэрбээр хэлэхдээ “АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь маш шуурхай яллагдагчаар татах тухай прокурорын 75 тоот тогтоол гарсан. Иргэнийхээ хувьд энэ тогтоолтой хууль журмын дагуу танилцаж гарын үсэг зурлаа. Гэтэл өчигдөр мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлээр ялын үндэслэл, яллагдагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тархсан. Эрүүгийн хуульд аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурорын зөвшөөрөл өгөх ёстой. Би ч бас иргэнийхээ хувьд уг асуудлыг хуулийн дагуу, ямар нэг улс төргүйгээр, олон нийтэд дулиан дэлгэхгүйгээр асуудалд хандаж ирсэн. Гэтэл яагаад процесс хуулийн дагуу явж байхад эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээллийг зорилготой тараах болов гэдэг нь анхаарал татаж байна. Яг тэр өдрийн болсон үйл явдлыг ажиглаад харж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд хөгжлийн банкны асуудлаар, мөн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”ийн 49 хувьтай холбоотой асуудлаар нийтэд мэдээлэл хийсэн. Энэ бүгдийг уялдуулаад харахад улстөржсөн шинж агуулагдаж байна гэх дүгнэлтэд хүрч байна. Тийм учраас би өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын газарт хүсэлт хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдээлж байна” гэлээ.

Хүсэлтэд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын мэдэгдэх бололцоотой гэсэн хэмжээгээр нийгэмд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү хэмээжээ. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад “Яг энэ үндэслэлээр зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн улстөржсөн үйл ажиллагаа явуулсныг анхааралдаа авна уу” гэсэн хүсэлт дахин явуулж байгаа гэв.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан тухайд тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт Монгол Улсад ямар ч хохирол авчраагүй. Гэтэл онц ноцтой хохирол учруулсан мэт худал үндэслэл гаргаж байгаа нь буруу. Үүгээр “Эрдэнэт” үйлдвэрт өмнө нь гардаг байсан хулгай луйврын хэргийг хаацайлах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Өнөөдөр нийгэмд байгаа үнийн хөөрөгдөл, архидалт, гэмт хэрэг, өвчин зэрэг асуудлыг намжаах гэсэн арга болжээ” гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг дахин шаардлаа

УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гийн хөрөнгөөс жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөртөө авсан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мулталсан, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна гэж үзээд УИХ-ыг өөрөө тарах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга дахин гаргалаа.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм. харин энэ удаа “...Наад зах нь төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсжээ. Та бүхний батлан гаргасан татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон. Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа” гэв.

Тэрбээр хагас жилийн өмнө мөн УИХ-ыг өөрөө тарах санал гаргаж байсан юм

Тиймээс ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй болсон УИХ-ыг өөрөө тарахыг уриалж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам эрх баригчдын эсрэг жагсана гэв

10 сая ам.долларын авлигын дуулианы араас дахин нэг сайд 1.2 сая еврогийн хэрэгт холбогдсон гэв

 0 сэтгэгдэл


АН-ын удирдлагууд Засгийн газрыг огцруулахаар бүтэн сарын турш жагсаал, цуглаан зохион байгуулах болсон талаараа мэдэгдлээ.

Тус намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлав. Тэрбээр “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг өгч, арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ өслөө. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр биш, цагаар өсөж байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй.

Мөн нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна.

Сүүлийн үед сурагчдын дунд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсаны илрэл. Өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг асуудал сөхөгдөөд эхэллээ. ЖДҮХС-гаас олон зуун сая, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессын 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, төрийн яаманд болсон аллагатай холбоотой асуудал гээд олон хэрэг шийдэгдсэнгүй. Тиймээс  үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс үзэж байна” гэсэн юм.

Түүний хэлсэн үг, Засгийн газрыг огцруулах үндэслэл үүгээр зогссонгүй. АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан хэргийг эрх баригчид замхруулах чиглэлд явж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Стандарт банкны өрийн эхний 40 сая ам.долларын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж, үлдэгдэлд нь 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийсэн дуулдаж байгаа тухай АН-ын дарга мэдэгдсэн. Мөн тэрбээр “үүний цаана ямар луйвар нуугдаж байгааг татвар төлөгчид мэдэх эрхтэй. “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. үүнийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэж мэдэгдэв.

• Ирэх долоо хоногийн пүрэв гарагт АН-аас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. 

• 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэрэг сөхөгдөж эхэллээ. 

• “Эрдэнэт”-ийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусах тул хэрэг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр аргалахаар хүлээж байна” гэв.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгээд АН жагсаал зохион байгуулах шийдэлд хүрсэн аж. Тиймээс тавдугаар сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардах аж. Мөн УИХ дахь АН-ын зөвлөл Б.Пүрэвдорж гишүүний Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэд анхаарал хандуулахаа илэрхийлсэн. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэбат гишүүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл албан бус. Харин өчигдөр хууль хяналтын байгууллагаас дуудаж уулзсан гэсэн. Ямар учраас дуудсаныг мэдэхгүй байна. Өөрөө энэ тухай тодорхой тайлбараа өгөх байх.

-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?

-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Энэ сарын 27-нд үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчийг тодруулна. Түүнээс гадна үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Үүнийг эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол Цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.

-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгаа гэдгийг хэлэх хүмүүс байна. Танай намынхан камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?

-Төрийн ордонд нууцын зэргэлэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан дарга “гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй байдаг” гэж хэлсэн. Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явддыг тохиолдлынх биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Үүнийг хуулийн байгууллагаас яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан оройноос талийгаачийг бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэх мэдээллийг маш шуурхай тарааж эхэлсэн. Энэ бол олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл. Үүний цаана жинхэнэ сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид хардаж байгаа учраас хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 онд “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг хуримтлагдана

Аудитын албан тушаалтнууд цалингаа нэмүүлэх хүсэлт ирүүлжээ

 0 сэтгэгдэл


Ерөнхийлөгч Х.Баттулга татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг төсвийн байнгын хороонд ирүүлжээ. Тиймээс ирэх даваа гарагт уг асуудлыг хэлэлцэнэ гэж тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдэгдсэн юм.

Үргэлжлүүлээд тус хуралдаанаар Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр Сангийн яам төлөвлөсөн байна. 

Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас хэтрэхгүй, ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас бага байна гэж тооцоолжээ.

Мөн төсвийн тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан, ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сан 2019 оноос өргүй болж эхлэх аж. Ирээдүйн өв санд 2019 онд батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдахаар тооцсон байна.

Түүнчлэн зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг гэж Сангийн сайд хэлэв. “2016 онтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. Улсын их Хурлаас баталсан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж, гарахад 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулж таван хувь болгосон.

Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах хуулийг шуурхай баталбал зээлийн хүү буурах боломжтой” гэж Ч.Хүрэлбаатар сайд онцолсон.

Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” төсөл байв.

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д заасан адилтгах албан тушаалын зэрэглэлд хамрагддаг.

Зээлийн хүүг захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсдэг

Энэ нь Монгол улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил аж.

Мөн саналд цалинг нэмэгдүүлэх санал болон судалгааг хавсаргасан байна. Энэ судалгаагаар үндэсний аудитын газрын нэг албан хаагчийн албан тушаалын дундаж цалин нь ерөнхий прокурор, АТГ, шүүхийн байгууллагын албан тушаалын дундаж цалингаас 14-54 хувь бага байгаа аж.

Аудитын байгууллагын албан хаагчид нь дээрх байгууллагын албан хаагчдын адил нотлох баримтад тулгуурлаж ажилладаг ба аудитын байгууллагаар илэрсэн зөрчлийн нотлох баримтад тулгуурлан хууль хүчнийхэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг. Иймд цалинг тогтоохдоо аудитын байгуулагыг хараат бусаар, бие дааж ажиллах боломжийг хангах нь зөв юм гэжээ.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий аудиторын цалин 1.7 сая төгрөг байгаа аж. Харин Ерөнхий прокурорынх 2.2 сая байгаа юм. Тиймээс цалинг 1,879.350 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг ирүүлжээ.

Түүнээс гадна Ерөнхий аудиторын орлогч, ҮАГ-ын тамгын газрын дарга, газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор, газар, хэлтэс, албаны дарга…гэх мэт албан тушаалтан, шинжээч, менежерүүдийн цалинг нэмүүлэх хүсэлт ирүүлснийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.