A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3011/

Арван жил түргэн хоол идээд сохорч, дүлийрэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3011/


Английн Бристол хотын оршин суугч хоол хүнсэн дэх амин дэмийн дутагдлын улмаас сохорсныг Daily Mail сонин мэдээллээ. Ердөө 19 настай британи залуу сүүлийн арван жилийн турш чипс зэрэг янз бүрийн шарсан төмс, зайдас, гахайн махтай сэндвич, гамбургер зэргээр хооллосон байна.

Хүүхэд байхаасаа л өөр хоол идэхээс татгалзаж эцэг эхээрээ түргэн хоолны газруудаас хоол захиалж авчруулдаг байсан хүү 14 нас хүрэх үед эрүүл мэнд нь муудаж, ядрамтгай болжээ. Эмнэлгийн шинжилгээгээр хүүд цус багадах өвчтэй гэсэн онош тавьж, амин дэмийн курс тариа хийж, мах, ногоо, үр жимс бүхий зохистой хоолны дэглэм баримтлах зөвлөгөө өгсөн байна. Эмчийн зөвлөгөөг хайхралгүй фастфуд үргэлжлүүлэн хэрэглэсээр ердөө жилийн дараа буюу 15 настайд нь хүүгийн хараа болон сонсгол мууджээ.

Тухайн үед өвчтөн В12 амин дэм, зэсийн дутагдал болсон нь шинжилгээгээр илэрсэн юм. Зохисгүй хоолны дэглэмээс болж хүүгийн хараа муудсаар 17-тойдоо таг сохорлоо. Хүүд хүнсний нэмэлт бичиж, хоол тэжээлийн эрүүл дэглэм баримтлах эмчилгээ хийв.

Түүнийг “Нийгмээс бүрэн тасарсан. Сургуулиа төгсөөд мэдээллийн информатикаар коллежид  элссэн. Гэхдээ юу ч сонсож, юу ч харж чадахаа больсон болохоор сургуулиа хаясан” хэмээн эх нь тайлбарлав. Эх нь өвчтэй хүүгээ асрахаар ажлаасаа гарчээ.

Хоолны буруу дэглэм харааны мэдрэлийг нь сэргэх аргагүй болгосноос залуу Снеллений диаграмм (хараа шалгадаг хүснэгт) дээрх хамгийн том үсгийг ялгах төдийхөн хараатай үлджээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Унтаж буй байрлал эрүүл мэндэд чухал нөлөөтэй

 0 сэтгэгдэл


Хүний унтаж байгаа байрлал эрүүл мэндэд нь нөлөөлдөг гэдэг. Суугаагаар унтах нь зүрхэнд муугаар нөлөөлж, гэдэсний даралтыг нэмэгдүүлдэг тул хамгийн аюултай байрлал гэж эмч нар анхааруулж байна. Түүнчлэн хажуу талаараа унтах нь нуруу нугасанд муу нөлөөтэйг дурдлаа. Оросын нойр судлаачдын нийгэмлэгийн гишүүн, доктор Владимир Ковальзон дээшээ харж унтах нь хурхируулдаг учир хэт таргалалттай хүмүүст сайн хувилбар биш хэмээн зөвлөв. Залуу хүмүүст хүртэл ийм эмгэг тохиолддог аж.

Тэрбээр “Илүүдэл жин хүчтэй хурхиралт үүсгэдэг. Хурхиралт цусны исэлдлийг өөрчилдөг учир маш аюултай. Исэлдсэн цус тархинд очих хангалтыг алдагдуулж, эрт цус харвах эрсдэл үүсгэдэг. Хүмүүс хурхиралтыг багасгахын тулд олон давхар дэр тавьж, хагас суугаа байдлаар унтдаг тал бий. Түүнчлэн унтлагын хувцсандаа теннисний бөмбөг оёж, нухахад нь хажуу тийш эргэх арга бодож олсон жишээ бий” хэмээн ярив. Гэвч өнөө үед үүнийг үр дүнтэй эмчлэх арга нээгдсэн учир ийм эмгэгтэй хүмүүс заавал эмчид хандах ёстой зөвлөжээ. Доктор Ковальзон цааш нь “Бид хурхиралтын аюулыг хүмүүст мэдүүлэхийг зорьж байгаа. Дээш харан унтдаг хүмүүст уушги руу нь агаар шахдаг тусгай төхөөрөмж өгч, эмчилгээ хийдэг” хэмээн өгүүлэв. Түүний ярьснаар шөнийн дотор хүн унтах байрлалаа арав орчим удаа сольдог агаад нэг байрлалтай унтах нь эмгэгийн шинж гэж үздэг байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүнсний ногоонд нуугдсан хор сэтгэцэд нөлөөлөх аюултай

Сүүлийн 45 жилийн дотор пестицидийн хэрэглээ 450 дахин нэмэгджээ

 0 сэтгэгдэл


Дэлгүүрийн лангуун дээр шүр байна шиг бөнжийх улаан алим урд хөршөөс оруулж ирсэн амтат жимсний нэг. Нүдээр харахад өө сэвгүй хэрнээ хазаад үзэхэд арааны шүлс асгаруулам сайхан амт лав алга. Харин голынх нь үртэй хэсэгт үл ялиг хөгц харагдах нь идэх дур хүслийг шууд л унтраав. Энэ бол өнөөх мөөгөнцрөөр өвчилсөн хүнсний бүтээгдэхүүний нэг аж. Жимсний энэхүү мөөгөнцөр өвчнийг устгадаг химийн бодисын ерөнхий нэршил нь пестицид. Пестицидийн хүнсний ногоонд хэрэглэх зөвшөөрөгдөх тунг олон улсын байгууллага тогтоосон байдаг ч газар тариалан эрхлэгчид заасан хэмжээг хэтрүүлэн хэрэглэдэг талаар албаны эх сурвалж хэлж байв. Пестицидийн үлдэгдэл ихтэй хүнсний ногоо худалдааны захуудад борлуулагдаж буй нь аюулын харанга дэгдээж болзошгүй байна. Хэт их хэмжээгээр хэрэглэвэл бүдүүн гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгээд тогтохгүй үхлийн аюулд ч хүргэдэг гэдгийг ДЭМБ анхааруулсаар байгаа юм.

Үхлийн аюул дагуулагч энэхүү химийн бодис ганц бус бүр мянган төрөл бий гээд боддоо. Энэ олон төрлийг нь тайлбарлана гэвэл барагдахгүй.

Харин НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллага 100 төрлийн пестицидийг бүртгэж, хэрэглэх тунг нь тогтоосон байна. Эхлээд энэхүү пестицид гэдэг бодисын танин мэдэхүйн талаар багахан мэдээлэл өгье. Пестицид гэдэг нь pestis–хор хөнөөл, cido–устгах гэсэн утгатай грек гаралтай үг.

Пестицидийн талаар химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд “Мал, амьтан, ургамлыг аливаа өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавж, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис” юм хэмээн тодорхойлжээ.

Байгаль орчин аялал жуулчлал, хүнс ХАА, Эрүүл мэндийн сайд нарын 2011 оны хамтарсан тушаалаар 100 гаруй нэр төрлийн пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг заасан жагсаалт гаргажээ. Эл бодисыг 154 аж ахуйн нэгж хил гаалиар оруулж ирдэг гэсэн мэдээлэл байна.

Хүний эрүүл мэндэд хор учруулахуйц бодисын жагсаалтад есөн төрлийн пестицидийг багтааж буй. Хөдөө аж ахуй, газар тариаланд хэрэглэдэг химийн энэ хорны хэмжээ дэлхийд сүүлийн 45 жилийн дотор 450 дахин нэмэгдэж, жил бүр 20 мянган хүн хордож, нас бардаг гэсэн судалгааг НҮБ-аас нэгэнтээ гаргаж байжээ. Дэлхийн улс орнууд сүүлийн үед пестицидийн хор хөнөөлийн талаар ихээхэн хөндөх боллоо. Хойд хөрш л гэхэд хуримтлагдсан пестицидийг устгах том аян өрнүүлсэн байна. Газар тариалан эрхлэгчид хөгц мөөгөнцрөөс жимс, ногоогоо хамгаалах бас ургацаа алдахгүй байх, хураасан ногооныхоо хадгалалтыг уртасгах зорилгоор пестицидийн төрлийн бодисыг өргөн хэрэглэдэг байна.

БҮХ УРГАЦЫГ ШИНЖЛЭХ БОЛОМЖГҮЙ

Энэхүү бодисыг Европын орнууд хэдэн сая тонноор нь хэрэглэдэг аж. Хэдийгээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгаль орчинд халтай бодис хэмээн анхааруулдаг ч газар тариалан эрхлэгчдийн гол хэрэглээ болсоор байна.

Шведийн Стокгольм хотноо 2001 онд баталсан удаан задардаг органик бохирдуулагчийн тухай конвенцид 180 орон нэгдсэн бөгөөд Монгол улс ч мөн орсон билээ. Тиймээс пестицидийн хяналтыг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм. Манай улсын зарим тариаланч аминч үзэл гаргаж пестицидийг их хэмжээгээр хэрэглэдэг талаар нэгэн эх сурвалж хов дуулгасан. Уг нь ххаахүя бүртгэж, хэрэглэх хэмжээг нь тодорхой заасан байдаг ч хэнэггүй тариаланчид далдуур чухам юу хийдгийг хэн ч таашгүй. Хоёр ч лабораторид хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шинжилдэг гэх боловч бүх ургацыг хамруулах боломжгүй байдаг аж.

• Хоёр ч лабораторид хүнсний ногооны пестицидийн үлдэгдлийг шинжилдэг гэх боловч бүх ургацыг хамруулах боломжгүй байдаг.

• Хэдийгээр Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага байгаль орчинд халтай бодис хэмээн анхааруулдаг ч газар тариалан эрхлэгчдийн гол хэрэглээ болсоор байна.

• Хэрэглэгчдээс гадна тариаланчид өөрсдөө хамгийн их хордож буйгаа ойлгох хэрэгтэй.

Зөвхөн энэ жил гэхэд урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гаргаад байгаа. Тэгэхээр ийм хэмжээний ургацыг бүхэлд нь шинжлэх боломжгүй гэсэн үг. Тиймээс пестицид хэр хэмжээгээр агуулагдаж байна вэ гэдгийг тогтоох боломжгүй учраас хамгийн энгийн арга нь сайтар угааж хэрэглэх хэрэгтэйг хоол судлалын мэргэжилтнүүд зөвлөж байна. Импортын хүнснээс ч найман төрлийн пестицидийн үлдэгдэл илэрч байсан тохиолдол байгаа юм. Ер нь зөвшөөрөгдөх хэмжээнээс пестицидийн үлдэгдэл үл ялиг их гарах тохиолдол бий гэж нэгэн мэргэжилтэн онцолж байлаа. Хэрэглэгчдээс гадна тариаланчид өөрсдөө хамгийн их хордож буйгаа ойлгох хэрэгтэй. Пестицидтэй шууд харьцдаг хүмүүс хамгийн их хордож байдгийг мэргэжилтнүүд сануулдаг. Хордож нас барсан тохиолдол ч бий. Тодруулбал,1975 онд анх пестицидийг буруу хэрэглэсний улмаас 2-61 насны 21 хүн өвдөж, 13 нь нас барсан нь баримт тэмдэглэгдэн үлджээ.

ПЕСТИЦИДИЙН ХӨНӨӨЛӨӨС БОЛЖ ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАР ХИЙСГЭДЭГ

АНУ гэхэд л пестицидээс болж хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирсан хор хөнөөлийг багасгахын тулд жил бүр хэдэн тэрбум доллар зарцуулдаг боллоо. Бразилд л гэхэд зөгий олноор үхэж дэлхий дахиныг гайхашруулсан. Үүний цаад шалтгааныг пестицид байж болзошгүй гэж олон улсын байгууллага үзсэн байна. Ийн хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй, амьтдад ч гэсэн хор хөнөөлөө учруулсаар байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Б.ЭНХТУНГАЛАГ: ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД ХОРДЛОГОНД ОРУУЛНА

Бид пестицид хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын ал баны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагаас тодрууллаа.

-Пестицид хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Пестицидийг хогийн ургамлыг устгах (гербицид), мөөгөнцөр болон ургамлын өвчинг устгах (фунгицид), хортон шавж устгах (инсектцид) зорилгоор ихэвчлэн хэрэглэж байна. Ямар ч зорилгоор хэрэглэхээс үл хамааран буруу хэрэглэх тохиолдолд эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлнэ. Жишээлбэл, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй фунгицид гэхэд уургийн нийлэгжилт болон эд эсийн амьсгалах үйл явцыг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах, хөх, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, элэг, уушгийг гэмтээх, жирэмсэн эхийн урагт нөлөөлөх гэх мэт. Иймээс НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын хамтарсан хүнсний эрх зүйн комиссоос хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хатуу тогтоож өгдөг. Мөн хүн амын хоол хүнсээр авах пестицидийн хоногийн хүлцэх тунг, хүний биеийн жингийн 1кг-д ямар хэмжээтэй байхыг тогтоосон. Ер нь шавьжийн эсрэг бодис нь хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 долоон тэрбум хүрнэ гэж тооцоолсон. Хүнсний нөөцийн хангамж, хүртээмж, ургац нэмэгдүүлэх зориулалтаар пестицидийг ямар нэг хэмжээгээр хэрэглэх асуудал гарч байна. Гэхдээ пестицидийг хүнсэнд аль болох хэрэглэхгүй байх нь зөв. Хэрэглэхдээ тун хэмжээг тааруулах, багасгах, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, пестицидтэй зөв харьцах, хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэлд хяналт тавих нь чухал. Нийт хүн ам пестицидийн үлдэгдэлд өртөх нь бага. Өртөмтгий бүлэг гэж байна. Тухайлбал, газар тариалан эрхэлдэг, өрхийн тариалан, хүнсний ногоо, жимс тариалдаг хүмүүс, ялангуяа жирэмсэн болон хөхүүл эхчүүд, хүүхдүүд гэх мэт. АНУ, Канадад хийсэн судалгаагаар пестицидийн үлдэгдэлтэй жимс, ногоо хэрэглэсний улмаас хүүхдүүдийн анхаарал төвлөрөл нь муудах, өөрийгөө хянах чадваргүй болж буйг тогтоосон байсан. Пестицидтэй харьцдаг, өрхийн тариалалт эрхэлдэг хүмүүс хамгаалах хэрэгсэл бээлий, амны хаалт, нүдний хаалтыг байнга хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 18-аас доош насны хүүхдийг пестицидтэй харьцахыг хориглодог.

-Бразилд зөгий олноороо үхсэн тохиолдол гарсан. Тэгэхээр амьтанд бас хор учруулдаг гэсэн үг үү?

-Амьтанд ч гэсэн сөргөөр нөлөөлнө. Шавжийн эсрэг бодис гэхэд тухайн амьтны амьсгалын системийг гэмтээж, устгадаг.

-Жимсний хөгц мөөгөнцрийг нүдээр хараад мэдэх боломжтой юу?

-Ер нь хөгц нүдэнд харагдана гэдэг бол аль хэдийн хөгц мөөгөнцрийн задрал явагдаад хор нь ялгарчихаад байна гэсэн үг. Нүдэнд харагдахгүй учраас жимс, ногоог гаднаас нь хараад хөгц мөөгөнцөртэй гэдгийг мэдэх боломжгүй. Тариалах, худалдах явцад эрүүл ахуйн дэглэм хэрхэн сахисныг хэрэглэгч мэдэхгүй шүү дээ. Шинжилгээгээр л нарийн зүйл нь тодорхой гарна. Ялангуяа төмс бол маш их мөөгөнцөрддөг, өвчилдөг ногоо.

-Манай лабораториуд пестицидийн үлдэгдлийг зөв шинжилж чадаж байна уу?

-Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори пестицидийн үлдэгдлийг шинжилдэг. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори энэ тал дээр илүү туршлагатай. НҮБ-ын ДЭМБ, ХХААБ-ын хамтарсан хүнсний эрх зүйн комисс 100 төрлийн пестицидийн хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдлийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон. Монгол Улсын хувьд улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори 38 төрлийн пестицидийн үлдэгдлийг шинжлэх боломжтой байх.

-Угааж хэрэглэвэл пестицидийн үлдэгдэл бүрэн арилах уу?

-Тодорхой хэмжээгээр бохирдсон тул бүрэн арилахгүй. Гэхдээ зах зээлд худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэлд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг тул хэрэглэгчид маань энэ тал дээр санаа зовохгүй байж болох байх гэж бодож байна. Пестицидийн үлдэгдлийг багасгахын тулд хүнсний ногоо, жимсийг хальслах, сайтар угааж хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шинжилгээний бичгийг нь заавал үзэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зам тээврийн осол гэр бүлээр нь сүйрүүлж байна

Ялаа, шумуул хазсан шарх хүндэрч, мэс засал хийлгэхэд хүргэж байна

 0 сэтгэгдэл


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гуравдугаар давхарт байх хүүхдийн тасагт тусламж эрсэн үрс, тэвдэж сандарсан эцэг эхчүүд дүүрэн. Харахад нүд халтирч, сэтгэл өвдөнө. Байсхийгээд л цахилгаан шат онгойж, сувилагч, асрагч нар носилкитой хүн түрсээр гарч ирэх юм. Баруун хөлөө нимгэн самбай даавуугаар битүү боосон хүү, тэргэн дээр суун түрүүлсээр буулаа. Мөн гараа сойж боосон хоёр жаал эргэн тойрныг ажиглан хонгилоор нааш цааш хөлхөх аж. Тус эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал одооноос арай буурч байгаа талаар эмч, сувилагч нар нь ярив. Сургууль, цэцэрлэг тарсан зуны урин дулаан цагт хүүхдүүд хараа хяналтгүй болж осол, аваарт өртөх нь элбэг тохиолддог аж. ГССҮТ-ийн нэгдүгээр улирлын статистик мэдээллээс харахад, цэцэрлэгийн насныхан илүү их гэмтсэн нь харагдана. Түүнчлэн зуны улиралд Гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь автомашины осолд өртсөн иргэд, хурдан морь унаач хүүхдүүд байдаг аж. Мөн сүүлийн үед хүүхдүүд могойд хатгуулж очих тохиолдол гардаг болжээ.

Бид гараа сойж боосон охиноо эмчид үзүүлэхээр ирсэн 30 гаруй насны эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр “Бага насны хүүхэд хөдөлгөөнтэй болохоор хараа хяналт жаахан сулрахад л бэртчихдэг юм байна. Манай охин одоо дөрвөн настай, гэртээ тоглож байгаад гараа хугалчихсан. Ах нь морь болж, дүүгээ унуулж тоглож байгаад булгиж байна гээд шидчихсэн чинь гар нь хугарчихаж. Хүүхдийн яс хэврэг болохоор яльгүй зүйлээс шалтгаалаад амархан бэртдэг юм байна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, бага насны хүүхдээс хараагаа салгаж ерөөсөө болохгүй шүү” хэмээв.

Түүнчлэн гурван настай хүүгийн ээж ч дээрх шиг гэмшиж сууна. Ээжийгээ ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэх зуур хүү гурван давхрын цонхоор унажээ. Ээж нь ярихдаа “Манай гэрийн цонх ялаа, шумуулны тортой. Гэтэл хүү маань ялааны торыг цааш нь түлхээд уначихсан. Азаар кабелийн утсанд дүүжлэгдэж уналтын хурд нь саарч доошоо ойчсон тулдаа бага зэрэг гэмтсэн байна” гэлээ.

Эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал, дүрэм журамгүй мэт аашилдаг жолооч нарын буруугаас болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй гардаг байна. Зам тээврийн ослын хохирогч нь хүүхэд болж, насан туршдаа хүний гарт амьдрах харамсалтай явдал гарсаар байгааг эмч нар хэлж байв. Гэр бүлээрээ зугаалганд явж байгаад осолдож, аав нь ухаангүй сэхээн амьдруулах тасагт хүү нурууны хагалгаанд орж, ээж нь хорвоог орхисон зүрх шимшрэм дүр зурагтай Гэмтэл, согог судлалын үндэсний төвийнхөн л нүүр тулдаг.

“Авто тээврийн ослоос болж гэр бүлээрээ эрүүл мэндээрээ хохирно гэдэг харамсалтай явдал шүү. Иймэрхүү тохиолдол жил тутам л гарч байна. Манайхан хөдөөгийн замд гарахаараа хурдны зам дээр явж байгаа мэт андуурдаг. Гэтэл манай Монголын зам ямар билээ дээ. Хөдөөгийн зам бол хамгийн аюултай зам шүү дээ” хэмээн эмч нар ярьж байлаа.

Тус эмнэлгийн энэ оны нэгдүгээр улирлын статистик мэдээллийг харахад улсын хэмжээнд осол гэмтэл болон бусад шалтгаанаар 33,856 хүн үйлчлүүлжээ. Осолд өртөгсдийн 606 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өвчлөл 5148 тохиолдлоор их байгаа юм.

Хүүхдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн хаалганы хажуугийн ханан дахь талархлын булан баярласан сэтгэгдлээ бичсэн захидлаар дүүрсэн харагдлаа. Эмч, сувилагч нарт хаягласан халуун сэтгэлийн үгэн илгээмж багачуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл аж. 

М.БОЛДБААТАР: ХҮҮХЭД МОГОЙД ХАТГУУЛЖ ИРЭХ БҮРТ "ЕРӨНДӨГ БАЙСАН БОЛ" ГЭЖ ХАРАМСДАГ

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн эрхлэгч М.Болдбаатартай уулзаж ярилцлаа.

-Танай эмнэлэг зуны улиралд хэр ачаалалтай ажилладаг вэ. Автын ослоос болж хүүхэд гэмтдэг тохиолдол их гарч байна уу?

-Нэг үе ачаалалтай ажиллаж байсан. Сүүлийн нэг, хоёр жил харьцангуй ачаалал багасч байна.  Өнөөдөр би долоон хагалгаа хийхээр төлөвлөсөн. Гэхдээ хадаас авахыг бол хагалгаа гэж тооцохгүй л дээ. Эцэг, эхчүүдийн хараа хяналт сайжирсан юм болов уу, зуны улиралд хүүхдүүд осол, гэмтэлд өртөх нь буурсан байна. Орон сууцыг стандартынх нь дагуу хүүхдийн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай нь барьдаг болчихвол хүүхэд машины гарааш дээрээс унаж бэртдэг байдал гарахгүй шүү дээ. Тоглох талбайгүй болохоор гарааш дээр гарч үсэрч тоглож байгаад унаж бэртчихээд ирдэг. Хүүхэд гэнэн болохоор нэгэнтэйгээ хөөцөлдөж байгаад машинд шүргүүлэх, мөргүүлэх тохиолдол гарч байна. Манай тасгаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд байдаг. Тэгэхээр жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурмаар байна. Хурдаа тохируулж явах ёстой гэсэн дүрмийг заавал хэвшүүлж сурах хэрэгтэй. Хөдөөгийн зам бол хурдны зам биш шүү дээ. Эвдрэл ихтэй, хамгийн баталгаагүй зам. Хүмүүс шинэ машин худалдаад авчихлаа гэж боддог. Гэтэл японд 10 жил эдлүүлсэн хуучин тэрэгнүүд л Монголд орж ирж байгаа. Тэгэхээр холын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж явдаг болмоор байна. Хувь хүн сахилга, хариуцлагатай байвал осол аваар гарах нь багасна.

-Осолд өрсөн хүүхдүүдийн эдгэрэх байдал ямар байна?

-Хүүхдийн гэмтэл хурдан эдгэрдэг. Хадаасаа авахуулах гээд ирэхдээ л эрүүл хөлнөөсөө ялгагдахааргүй болсон байдаг. Харин нуруу, нугас тархины хүнд гэмтлүүд алс хэтдээ урхагтай байх тал бий. Нийт гэмтлийн 3-5 хувь хөдөлмөрийн чадвараа алддаг.

-Хүүхдүүд могойд хатгуулсан тохиолдолд танай эмнэлэгт ирэх үү, ийм тохиолдол хэр гарч байна вэ?

-Могойд хатгуулсан хүүхдүүд ирж хэвтдэг. Хөдөө аялал зугаалгаар явж байхдаа могойд хатгуулах тохиолдол бий л дээ. Гэтэл Улаанбаатар хот дотор могойд хатгуулсан хоёр хүүхэд ирж, эмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны гадаа тоглож байсан хүүхэд могойд хатгуулсан. Мөн гуравдугаар хорооллын “Ачлал” их дэлгүүрийн гадна явж байсан могойг 15 настай хүүхэд барих гэж байгаад хатгуулсан тохиолдол гарлаа. Би могой судлаач биш болохоор хортой хоргүйг мэдэхгүй л дээ. Гэхдээ л хүүхдийн гар их хавдсан байсныг зүслэг хийж хорыг нь гадагшуулах эмчилгээ хийсэн. Мөн ялаа, шумууланд хазуулж, тэр нь мэс засалд ороход хүртлээ хүндрүүлж ирэх боллоо. Магадгүй агаар, хөрсний бохирдол нөлөөлдөг байх, ялаа шумуул хазсан шарх ясыг гэмтээх хүртэл хүндэрдэг болжээ. Ер нь шумуул, ялаанд хазуулсан шарх их хоруу чанартай болсон нь бидэнд анзаарагдаж байна.

-Могойн хорны ерөндөг гэж байдаг гэсэн. Танай эмнэлэгт байдаггүй юм уу?

-Уг нь Социалист нийгмийн үед могойн хорны ерөндөг гэж байсан. ХААИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнд байдаг байлаа. Ерөндөг авдаг мөнгийг зарим нөхөд дундаас нь авч оймсондоо хавчуулчихаад гаднаас авахаар үнэтэй гээд оруулж ирэхгүй байна. Монголоос л лав олдохгүй байгаа. Сүүлийн жилүүдэд могойд хатгуулах тохиолдол мэр сэр гардаг болж байхад ерөндөг зайлшгүй хэрэгтэй. Бусад оронд бол могойн хорны ерөндөг бий. Гагцхүү манайх үнэтэй гээд авч ирэхгүй байна л даа. Могойд хатгуулсан хүүхэд ирэх бүрт ерөндөг байсан бол гэж харамсдаг.

-Унаач хүүхдүүд мориноос унаж бэртэж ирэх нь багассан уу?

-Хүүхдийн байгууллагууд унаач хүүхдүүдэд их анхаарал хандуулдаг болсон тул улс, аймгийн томоохон наадмуудын үеэр хурдан морины хүүхэд унаж бэртэх тохиолдол гарахгүй байгаа. Харин овооны тахилга, мянгат малчны цолны найр гэсэн жижиг уралдаануудын үеэр хүүхэд мориноос унаж гэмтэн ирэх тохиолдол гарсаар байна. Хүмүүсийн арга заль нарийсаад хурдан мориноос унасан хүүхдээ үзүүлэхдээ хашаа руу авирч байгаад унасан гэж хэлдэг болсон. Бид юунаас шалтгаалсан гэмтэл, бэртэл байна гэдгийг хараад мэднэ шүү дээ. Зарим хүн хүүхдийнхээ гэмтлийг нуун дарагдуулж, хүндэрсэн хойно нь авчирч үзүүлдэг. Унаач хүүхдүүдийн асуудал хурцаар яригдаж, анхааралд өртөөд ирэхээр нуух гэсэн оролдлого гарч байна.

-Тээврийн хэрэгслийн осол аваар зуны улиралд нэмэгддэг биз?

-Аялал зугаалгын үеэр, цагаан сараар тээврийн хэрэгслийн осол эрс нэмэгддэг. Гэр бүлээрээ эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү шүү дээ. Эмээ, өвөөтэйгээ үр хүүхдүүдтэйгээ бэртээд л ирдэг. Зүрх шимшрэм дүр төрхтэй байсхийгээд л нүүр тулдаг. Ослын улмаас аав нь, эсвэл ээж нь нас барж, хүүхэд өнчин үлдэж байгааг харахаар зүрх зүсэгдэх шиг болдог. Эр хүн заримдаа зангарагтай байдаг юм. Өөрөө хүнд гэмтэлтэй хэрнээ бусдыгаа түрүүлж үзүүлэх гэж зүтгээд байдаг юм.

-Танай эмнэлгийн гадна, дотно өнгө төрх их сайжирчээ. Тоног, төхөөрөмжийн хүчин чадал, эм тарианы хүрэлцээ хангамж асуудалгүй юу?

-Тухайн байгууллагын даргаас их зүйл шалтгаалдаг. Нэгдүгээр эмнэлэг рүү шилждэг Т.Мөнхсайхан дарга манай эмнэлгийг жимбийлгэлээ шүү дээ. Тоног, төхөөрөмжийн хүчин чадлыг нэлээн сайжрууллаа. Эмнэлгийн төсвийг нэмүүлж чадсан. Үүнийгээ дагаад эм, тарианы хүрэлцээ хангамж ч сайжирсан. Гэхдээ л улсын эмнэлэг бол улсынх л байдаг. Төслөөр тоног, төхөөрөмж аваад өглөө гэхэд жил зургаан сарын баталгаа өгнө. Баталгаат хугацаанд нь хариуцсан улс орных нь инженерүүд ирээд засаад өгдөг. Хэрэв баталгаат хугацаа нь дууссан тохиолдолд инженер гаднын орноос авчирч засуулах шаардлагатай. Харин энэ үед өндөр төлбөр төлдөг учраас жаахан бэрхшээлтэй юм байна.