A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5366/

Ардын намын үед улсын эдийн засаг сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрч, анх удаа -10.7% агшлаа

Ардын намын үед улсын эдийн засаг сүүлийн 30 жилийн доод түвшинд хүрч, анх удаа -10.7% агшлаа
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5366/

Цар тахлын үеийн эдийн засгийн оны эхний улирлын үзүүлэлт төсөөлж байсан таамгуудаас ч долоон дор байлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар буурч, мөнгөн дүнгээр эдийн засаг 377.2 тэрбум төгрөгөөр агшжээ. Төв банкны таамгаас ч илүүгээр эдийн засаг ийнхүү хумигдсан байна. Шинжээчдийн дундаж таамаг 3.9 хувь байсан бол төв банк долоон хувиар агших тухай өмнө нь мэдээлж байв. Гэтэл статистик үзүүлэлт илүү анхаарал татахуйц ноцтой байлаа. Энэхүү мэдэгдэхүйц агшилтын цаана өрх, аж ахуйн нэгжийн орлого тэр хэрээр хумигдаж буй нь тодорхой. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар буурахад уул уурхай, тээвэр, мэдээлэл холбоо, бөөний болон жижиглэн худалдааны салбар уналттай гарсан нь сөргөөр нөлөөлжээ. Харин хөдөө аж ахуйн салбар өссөн нь ялимгүй эерэг нөлөө үзүүлсэн байна. Хэдий тийм боловч уул уурхай болон үйлчилгээний салбараас үлэмж хамааралтай болсон манай улсын эдийн засаг нэг улирлын дотор хямралд аль хэдийн нэрвэгджээ. Өнгөрсөн оныг зургаа орчим хувийн өсөлтөөр өндөрлөсөн манай улсын энэ оны эдийн засгийн таамгийг олон улсын санхүүгийн байгууллагууд өнөөдөр харилцан адилгүй дүгнэж байна. Тэднээс хамгийн өөдрөг хувилбарыг Азийн хөгжлийн банк 2.1 хувь гэж зурагласан бол гутранги нь ОУВС байлаа. Тус сан нэг хувиар агшина гэж үзэж байгаа. Эхний улирлын агшилт хоёрдугаар улиралд ч дамнан үргэлжлэхээр байна. Тухайлбал, үйлчилгээний салбарыг өдийд тэтгэж байдаг аялал жуулчлал энэ жил түүхэнд байгаагүйгээр уналтад орж, зочид буудлууд ашгаа 40 гаруй хувиар алджээ. Оны хоёрдугаар улиралд дорвитой сэргэлт ажиглагдах найдвар улам багассаар. Бүтээн байгуулалтууд ч цаг хугацаандаа эхэлсэнгүй.

Нүүрсний экспорт ердийн үедээ очих хүртэл багагүй хугацаа туулахаар байна. Эдийн засаг эрчимжих үе оны эхний хагас жил байдаг. Харин гуравдугаар улиралд наадам, найр, амралт гээд эдийн засгийн эрч бүхэлдээ сулардаг талтай. Тэгвэл хоёр улирал дараалан эдийн засаг агших тохиолдолд ОУВС-гийн таамаг илүү бодитой болно гэсэн үг. Эдийн засаг агшсанаар ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал гүнзгийрдэг зүй тогтол түгээмэл. 2013, 2016 оны эдийн засгийн уналтын үед дээрх шинж тэмдгүүд илэрч байв. COVID-19 цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт оны эхний улиралд хоёр сар гаруй зогсож, орлогын тасалдал эдийн засагт үүссэн билээ. Үүний уршиг өрх болгоны амьдралд нөлөөлж, өдөр хоног өнгөрөх тусам хүмүүсийн амьжиргаа дордож, доройтож байна. Уул уурхайгаас хамаарал бүхий ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд ажилгүй зогсож, тэдгээрт ажиллаж байсан иргэд гэртээ харихад хүрэв. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж байсан 10 гаруй мянган жолоочийн гурав хүн тутмын нэг нь дөнгөн данган ажилтай төдий байна. Бусад нь хямрал, хүндрэлийн нөлөөнд автаж, ажилгүйдлийн эгнээнд шилжихэд ойртжээ. Компаниуд өндөр түрээстэй байраа суллаж, зардлаа танасаар. Нийслэлийн захын хороололд талхаа таллаж, ургамлын тосоо граммаар авч байсан 2016 оны хүндхэн дүр зураг эргэн ирж байна. 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас ч дор нөхцөл байдал өнөөдөр бий болов. Сүүлийн 20, 30 жилд байгаагүй эдийн засгийн уналтыг энэ онд монголчууд биеэр үзэж, туулж болзошгүй нь. Эдийн засаг үндсэндээ элгээрээ хэвтлээ. Өрхийн орлого агшиж, ажлын байрны олдоц муудлаа. Аж ахуйн нэгжүүд үүний хамгийн том хохирогч нь болж байна. Ажилтнаа цомхотгож, зарим нь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар, 40 орчим мянган иргэн одоогоор ажилгүй болоод байгаа. Тэг рүү тэмүүлж буй эдийн засгийн уналт иргэн болгоны “халаас”-ыг сэгсэрч байна. Хэнийг ч өрөвдөж, хайрлахгүйгээр эдийн засаг дунд болон бага орлоготой өрхийн амьжиргааг “багалзуурдах нь”. Эдийн засгийн уналт ёроол руугаа газардсаар байвал танхимын тооцоолсон 260 мянган хүн ажилгүй болох эрсдэл биеллээ олоход ойрхон байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

$-ын ханшийн өсөлт бизнесүүдийг хамгийн их зовоож байна

 0 сэтгэгдэл
  • Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр

Төгрөгийн ханш сулрах хэрээр засаглалын чанар доройтож иржээ

Ам.доллар мягмар гарагт 2808 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк зах зээлд 35.6 сая ам.доллар нийлүүлэв. Долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа зохион байгуулж, төгрөгийн ханшийн уналтыг тогтоон барих гэж мөнгөний бодлого тодорхойлогчид зорьж байна. Гэвч тэдний санаснаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн ханш чангарч байгаа юм алга. Харин ч эсрэгээрээ ам.долларын ханш жолоогүй өссөөр. Зах зээлд долоо хоног болгон дунджаар 50 орчим сая ам.доллар нийлүүлсэн ч хамгийн өсөлт зугуухан урагшилсаар байна. Улсын гадаад валютын албан нөөц хөшигний ард хорогдсоор. Дөрвөн тэрбум ам.доллар давж байсан гадаад валютын нөөц дундарч, ам.доллар төгрөгийн зах зээлд бүхэлд нь ноёрхсоор. COVID-19 цар тахлаас үүдэн аялал жуулчлалаас жил болгон орж ирдэг орлого агшиж, валютын нөөцийг нэмэх боломж хумигдсаар байна. Гадаад худалдааг илэрхийлэх төлбөрийн тэнцэл оны эхний улиралд 350.2 сая ам.долларын алдагдал хүлээж, худалдааны алдагдал тэлсээр. Экспортын орлого тасалдаж байгаа нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарах хөрс суурийг үндсэндээ бүрдүүллээ. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь тэр хэрээр төгрөгийн ханш сулрах дарамт авчирлаа. Үүнээс гадна Европын Холбооны “хар” жагсаалтаас болж хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүсэв. Европын орнуудаас Монгол руу чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эрч саарсан нь, дотоодын валютын зах зээлийн эрсдэл бизнесийн орчинд томоохон сорилт болохоор байна. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны сул талыг бид валютын ханшаар илүү мэдрэх болсон. Валютын зах зээл тогтворгүй байх тусам бизнесийн орчин доройтсоор. Бизнес эрхлэгчдэд валютын ханшийн энэхүү өсөлт дарамт болоод зогсохгүй хөгжих, дэвжих боломжийг нь хаасаар, хөл гарыг чөдөрлөсөөр. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Монголын бизнесийн орчин” гурван жил тутмын судалгааг хоёр дах удаагаа үндэсний хэмжээнд авч эхэлсэн. Энэхүү судалгаа нь бизнесийн орчны өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах шаардлага, арга замыг тодорхойлох зорилготой аж. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест хүндрэл бий болсон энэ үед бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал, байр суурь маш чухал. Энэхүү судалгааны дүнд үндэслэн тодорхой саналуудыг гарган шинээр байгуулагдах УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны эргэлт саарсан. Үүн дээр ам.долларын ханшийн өсөлт багагүй нэрмээс болох нь. Шинээр бүрдэх УИХ, Засгийн газрын хамгийн том даваа валютын ханш, гадаад өрийн эргэн төлөлт болохоор байна. Ханшийн энэхүү өөрчлөлтийг тогтворжуулж, өрийн менежментийг зөв засаглалаар хангахгүй бол дараалсан олон хямрал биднийг хүлээж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний улиралд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оныхоос 5.4 хувиар буурчээ. Тодруулбал, 284.7 тэрбум төгрөгөөр агшсан. Нийтийн хоолны салбарын орлого нэгдүгээр улиралд 2.6 хувиар буурсан. Эдгээр үзүүлэлтээс худалдаа үйлчилгээний салбар хэрхэн муудсаныг харж болох юм. Үүнээс гадна аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа саарсны улмаас зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд 35.3 тэрбум төгрөгөөр буюу, хоёр дахин буурсан байна. COVID-19 цар тахланд дээрх салбар хамгийн их нэрвэгджээ. Эдгээр салбарт валютын ханш гүнзгий нөлөөлсөн хэвээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хими цэвэрлэгээний газруудын орлого 30-70 хувь буурчээ

 0 сэтгэгдэл
  • Хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан

    Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлжээ

    Манай сонин дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас болж жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллгааны талаар цуврал сурвалжилга бэлтгээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн дугаартаа хими цэвэрлэгээний газруудыг онцолж байна. Хувцас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ учраас тус салбарынхны орлогод үзүүлэх нөлөө бусад салбартай харьцуулахад харьцангуй бага гэж бодож байтал бодит байдал дээр 30-70 хувь буурсан байв. Орлого буурах гол шалтгаан нь үйлчлүүлэгч багассанаас гадна зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосон нь шууд нөлөөлсөн хэмээлээ. “Метро экспресс” хими цэвэрлэгээ 26 салбартай бөгөөд нийт 114 ажилтантай. Тус хими цэвэрлэгээний орлого 30-40 хувь буурчээ. “Уг нь хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан. Өдөрт олох орлого харилцан адилгүй тул цалингаа цагт нь өгч чадахгүй байгаа. Ажилчдаа цомхотголд оруулахгүй гэж хичээж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл цомхотгохоос өөр аргагүй. Түрээслэгч байгууллагууддаа хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан ч аль аль талдаа хүндрэлтэй байна. Нэг салбараа татан буулгахаар болсон. Нөхцөл байдал цаашид улам хүндэрвэл дараа дараагийн орлого багатай салбаруудаа татан буулгана” хэмээн “Метро экспресс” хими цэвэрлэгээний хүний нөөцийн менежер Р.Бямбадолгор хэлсэн юм. Хими цэвэрлэгээнүүдийн орлого олох оргил үе нь наймдугаар сараас тавдугаар сар хүртэл байдаг гэнэ. Мөн үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй Japan express хими цэвэрлэгээний газрын орлого 70 хувь буурчээ. Тус хими цэвэрлэгээний үйлчилгээ хариуцсан захирал Б.Хишигдулам “Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлж байна. Манайх томоохон зочид буудлуудтай гэрээтэй ажилладаг. Гэтэл коронавирусээс болоод хэвийн ажиллахгүй байгаа тул орлого 70 хувь буурсан. Ажилгүйчүүдийн тоог нэмэхгүйн тулд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгөхийг эрмэлзэж байгаа. Түрээсээ ерөөсөө хөнгөлөхгүй атлаа сар бүр нэхдэг. Нөхцөл байдал хүнд байхад түрээсээ өгч чадахгүй бол гар гэж дарамтлах болсон. Зун орлого багасдаг ч энэ жилийнх шиг ийм муу байж үзээгүй. Өдөрт 500 мянган төгрөгөөс буудаггүй байлаа. Гэтэл одоо тал хувьд нь ч хүрэхгүй байна” гэв. Харин “Нарта” хими цэвэрлэгээний орлого 50 хувь буурчээ. Эднийх 50 гаруй салбартай бөгөөд 100 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. “Нарта” хими цэвэрлэгээний менежер С.Мандахгэрэл “Үнэхээр хэцүү байгаа. Цагаан сараас хойш ажилгүй шахам байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар болгохыг л хичээж сууна. Ажилчдынхаа гэр бүлийг хоолтой байлгахын тулд цалинг нь тасалчихгүйг хичээж байна. Адилхан хэцүү байгаа учраас түрээсээ хөнгөлүүлэх талаар ярилцаагүй. Байгаагаа шавхаад, төлөх ёстой зүйлээ төлж байгаа. Коронавирусээс болоод иргэн болон байгууллагад 30-40 хувийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Манайх үйлдвэр, засварын газар, амралтын газар, эмнэлэг зэрэг газрын олон тоо ширхэгтэй хувцас цэвэрлэдэг. Хэрэгцээ байгаа учраас бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн нь энэ” хэмээлээ.

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Америкт дэгдсэн үймээн Трампыг шүүмжлэх далим болов

     0 сэтгэгдэл
    • Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл АНУ-д өрнөж буй эсэргүүцлийн үймээн самууныг “шүүрч авлаа”

    Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж буй Бээжинг шүүмжлэн, сүрдүүлсээр ирсэн Вашингтонд Хятадын албаны хүмүүс, төрийн мэдээллийн хэрэгсэл “хариуг нь барьж” АНУ-ын хотуудыг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, дээрэм самууныг Трампын засаг захиргааг өөлөх далим болгов. Азийн санхүүгийн чухал зангилаа хотод өнгөрсөн оноос эхэлж, олон сар үргэлжилж буй ардчиллын төлөөх хилэнт эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд Хятадын удирдагчид саяхнаас үндэсний аюулгүй байдлын хуулийн шинэ зохицуулалт гаргахаар шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр дэлхийн бусад улс орны засгийн газрыг түгшүүлж, АНУ хариу арга хэмжээ авахаар сүрдүүлсний дотор Хонконгийг эх газрын Хятадаас тусад нь авч үзэж харьцдаг явдлыг эцэслэх “процессыг эхлүүлэх” сануулга багтлаа. Хонконгийн байдал “тун төвөгтэй”-д түгшиж буйгаа илэрхийлсэн Ерөнхийлөгч Дональд Трампт ч удалгүй бэрхшээл тулгарч, АНУ-ын хотуудад төстэй нөхцөл байдал үүсэв. Цагаан арьст цагдаа газарт унагаж, хүзүүн дээр нь найман минут гаруй өвдөглөснөөс амь эрсэдсэн афро-америк гаралтай Жорж Флойдын үхэл АНУ-ыг хамарсан эсэргүүцлийн үймээн дэгдэхэд хүргэлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам, төрийн мэдээллийн хэрэгсэл үүсээд байгаа нөхцөлийг Трампыг шүүмжлэх далим болгов. Бээжингийн суртал ухуулгын хэрэгсэл АНУ даяарх эсэргүүцлийн хөдөлгөөн, шатаж буй барилга, цагдаагийн түрэмгийлэл, засгийн газрыг шүүмжилж буй эсэргүүцэгчдийн бичлэгийг гаргах замаар өрнөдийн ардчиллын байнгын бэрхшээл болох үймээн самуун БНХАУ-д бололцоогүй зүйл болохыг нотлохоор чармайж байна. Хонконгийн талаар баримталж буй Хятадын Коммунист Намын байр суурийг эсэргүүцэхийг уриалж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Морган Ортагусаас твиттерт бичсэн бичлэгийн хариу болгон БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Хуа Чунь-Ин мөн “жиргэлээ”. Жорж Флойд амь үрэгдэхийнхээ өмнө хэлсэн “Би амьсгалж чадахгүй нь” хэмээх эцсийн үгээр Хуа Чунь-Ин хариу бичжээ. Мөн тэр бээр АНУ-д болж буй үймээн самууны тухай видео сурвалжилгыг “Дээрэмчид ба баатрууд ХОЁР НҮҮР” гэсэн тодорхойлолттой хавсаргасан юм. Яамны төлөөлөгчийн жиргээ нь Хонконгод өрнөж буй эсэргүүцлийг дэмжин магтагч АНУ-ын эрх баригчдын байр суурь хоёр нүүртэйг дурдсан хэрэг болов. Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг цагдаагийн газар шатааж түймэрдсэн зэрэг балмад үйлдлийнх нь төлөө Бээжин шийтгэл оноосоор иржээ. 

    A

    Жижиг

    A

    Дунд

    A

    Том

    Манай компанийн орлого 34 хувиар буурч, 46 ажилчны гэрээг цуцалсан

     0 сэтгэгдэл
    • Нэг хүний ажлыг хоёр хүн хийгээд ажилласан цагтаа тохирсон цалин авч байгаа. Бага ч гэсэн тогтмол орлоготой байлгах үүднээс ийм зохицуулалт хийсэн
    • Цаашид халдварт өвчний байдал намжихгүй бол манай салбарын нөхцөл байдал улам л дордоно. Монголын эдийн засаг ч гэсэн нэлээн дордож байна

    Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь хувийн хэвшлийнхэнд хүнд тусаж байна. Ялангуяа, нийтийн хоолны чиглэлээр бизнес эрхэлдэг хүмүүсийн орлого буурч, чамгүй хэмжээний алдагдал хүлээжээ. Статистикийн мэдээллээс харахад нийтийн хоолны салбарын орлого 102.9 тэр бум хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.6 хувиар буурсан дүн гарчээ. Зоогийн газрын орлого 62.5 тэрбумд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 2.1 хувиар өссөн байна. Хөл хорионы үед ресторан, зоогийн газруудын орлого ямар байгаа талаар “Эм Жи Си Стар Групп” ХХК-ийн ерөнхий захирал С.Батмөнхтэй ярилцлаа.

    -Нийтийн хоолны салбарынхны орлого буурсан дүн гарсан ч ресторануудын орлого ялимгүй өссөн харагдлаа. Бодит байдал дээр ямар байгаа вэ? 

    -Коронавирусийн нөлөө нийтийн хоолны салбарынханд хүнд тусаж байна. Business insider мэдээлснээр гуравдугаар сарын 31-ний байдлаар зөвхөн АНУ-д 30 мянга гаруй ресторан хаагдсан байна. Мөн ойрын үед 110 мянга гаруй ресторан бүр мөсөн хаалгаа барина гэж мэдээлсэн. Манай улсад 2000 гаруй ресторан, зоогийн газар байдаг. Энэ салбарт ажилладаг 35000 иргэн эрсдэлд ороод байна. Манай компани гэхэд зургаан салбар ресторантай. Компанийн борлуулалтын хувьд өмнөх оны таван сартай харьцуулахад орлого 34 хувиар буурлаа. Аялал жуулчлал зогссон, хорио цээртэй холбоотойгоор янз бүрийн хүлээн авалт зохион байгуулахыг хориглосон нь маш их алдагдалд хүргэж байна. Мөн манай Sky-17 бар хоёрдугаар сарын дундаас эхлэн хаалгаа барьсан. Одоо хүртэл хаалттай байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сартай харьцуулахад шөнийн клубээс олдог орлого 74 хувиар буурсан. 

    -Asiana Central, Asiana Buddha ресторануудад хэчнээн хүн ажилладаг вэ. Ажилчдын нөхцөл байдал ямар байна вэ? 

    -Манай компани нэгдүгээр сард 191 ажилтантай байсан. Гэтэл тавдугаар сарын 28-ны байдлаар 46 ажилтныхаа гэрээг цуцлаад байна. Бид болж өгвөл ажлын байраа хадгалж үлдэхийг хичээж байгаа. Ажилчдаа ихэвчлэн богиносгосон цагаар ажиллуулж байна. Нэг хүний ажлыг хоёр хүн хийгээд ажилласан, цагтаа тохирсон цалин авч байгаа. Бага ч гэсэн тогтмол орлоготой байлгах үүднээс ийм зохицуулалт хийсэн. Гуравдугаар сарын 18-наас хойш хүмүүсийг богиносгосон цагаар ажиллуулаад байна. Түр болон гэрээгээр ажилладаг 46 ажилтны гэрээг цуцлах шаардлага тулгарсан. 

    -Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Энэ шийдвэр танай салбарт хэр хүнд тусаж байна вэ? 

    -Манай салбарын хувьд хүндхэн шийдвэр гарлаа. Бид нааштай шийдвэр гарах байх гэж хүлээж байсан. Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасантай холбоотойгоор бүх сургалт, хурим, найр цуцлагдаж байгаа учраас манай ресторануудын байдал улам хүндэрнэ. Ялангуяа манай The Brook ресторанд гольфийн маш олон тэмцээн, хурим зэрэг урлаг, уран сайхны олон арга хэмжээ болдог. Энэ бүхэн болохгүй байгаа учраас орлого нэлээд муудна. Цаашид байдал улам хүндрэх дүр зурагтай байгаа учраас манай салбарынхан яаж орлогоо сайжруулах вэ гэдэгт санаа зовниж байна. Гэвч орлогоо сайжруулах гарц харагдахгүй байгаа. Монголд жуулчид ирэхгүй байгаа нь том цохилт болж буй. Уг нь урин дулаан цаг ирж, аялал жуулчлал ид хүчээ авдаг улирал шүү дээ. Гэтэл жилд ирдэг 500 мянган жуулчин ирэхгүй болчихлоо. Энэ нь зочид буудал, зоогийн газрынханд том хохирол учруулж байна. 

    -Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ та бүхэнд бодитоор хүрч чадаж байна уу? 

    -Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг аравдугаар сар хүртэл чөлөөлсөн шүү дээ. Монголчууд далайд дусал гэж хэлдэг. Тэгэхээр компанийн хувьд бага ч гэсэн нэмэр болж байна. Мөн Нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн сангаас нийт ажилтанд 200 гаруй мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Саяхан манай компанид энэ шийдвэрийн талаар мэдээлэл ирсэн. Тэгэхээр ажилчдын санхүүгийн байдал, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлэх байх. Гэхдээ энэ бол түр зуурын гал унтраах арга хэмжээ. Цаашид халдварт өвчний байдал намжихгүй бол манай салбарын нөхцөл байдал улам л дордоно. Монголын эдийн засаг ч гэсэн нэлээн дордож байна. Тиймээс цаашид бүр л хүндрэх байх. Тэр үед бизнесийг хамгаалахад ямар арга хэмжээ авах талаар бодлого боловсруулах хэрэгтэй байх гэж бодож байна.