A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3027/

Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулна

Санал асуулга авахад нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3027/


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг ард нийтээс асуухдаа нийт 29 орчим тэрбум төгрөгийн зардал гаргана гэсэн урьдчилсан тооцоог УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо гаргалаа.

Санал асуулгыг 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 29 тэрбум төгрөгөөр санал асуулга явуулах зардлыг гаргахад Засгийн газрын нөөцөд байгаа хөрөнгө хүрэлцэхгүй гэдгийг хэлэв. Харин санхүүгийн боломж тааруу учраас санал асуулгыг хойшлуулж болох уу хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодруулж байсан юм. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагааны урьдчилсан хуваарийг гаргаж, байнгын хороонд хүргүүлсэн. Санал асуулгын тухай хуульд зааснаар шийдвэр хүргүүлснээс хойш 21-45 хоногийн дотор ард нийтийн санал асуулгыг явуулах хуультай. Энэ хугацаанд тохируулан аравдугаар сарын 23-нд гэж өгсөн. Төсөв мөнгөтэй холбоотой, төсвийн тодотголоор шийдэхээр бол Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аас тогтоосон хугацаанд нь хийх боломжтой” гэв.

Өнгөрсөн сонгуулиудаар хамгийн ихдээ 1983 хэсгийн хороо байгуулж байсан туршлага бий аж. Харин энэ удаагийн санал асуулгын үеэр хэсгийн хороодыг нэмэх тооцоог хийжээ. Улсын бүртгэлийн байгууллага дээр хаягийн өөрчлөлт, шинэчлэлт хийж буй. Оюутнууд болон түр оршин суугчдыг нийслэл хотод өгүүлэх, хэсэг хуваах, оноолт дээр бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах шаардлага үүссэнийг УБЕГ-ын төлөөлөл мэдэгдэж байна.

Ард нийтийн санал асуулга явуулах хуулиар санал явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21-45 хоногийн дотор СЕХ зохион байгуулах үүрэгтэй аж.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултаар асуулт асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр нэмж, Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж, ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-доруулж байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” харин үүнд УИХ-ын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал “УИХ-аар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ нь өөрөө цогц ажил бөгөөд үүний нэг нь хоёр дахь хэлэлцүүлгийн дараа ард нийтээр санал асуулга явуулах юм. Дэгийн тухай хуулийн 4.3-т зааснаар ард нийтийн санал асуулгыг нэг удаа гурваас илүүгүй асуулт асууж болно гэж заасан. Гэхдээ төслийг зөвшөөрөх эсвэл татгалзана гэсэн саналыг иргэд өгөхөөр журмын тухай хуульд тусгасан. Ард нийтийн санал асуулгын тухай ерөнхий хууль бөгөөд тусгайлсан үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар явуулах ёстой. Ерөнхийлөгчийн гаргасан саналаар бол шинэ үндсэн хуулийн асуудал яригдах болов уу” гэсэн тайлбар өглөө.

Шаардлагатай санхүүжилтийг гаргах хөрөнгө Засгийн газарт байхгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх журмын тухай хуульд тодорхой заасан. Баталсан эхийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг асуултаар л санал асуулга явуулна. Өөр асуулт байж болохгүй гэж үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн болон ардчилсан намын зөвлөлийн саналууд хэлэлцүүлгийн явцад дэмжигдэж, төсөлд тусгагдсан” гэх тайлбарыг нэмж өгөв. Ийнхүү хэлэлцсэний эцэст ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-ний өдөр зохион байгуулахыг дэмжлээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төлөвшилгүй, дотоод ардчилалгүй намууд парламентыг дүүргэсээр байх уу

Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцэх нам байхгүй нь намын дарга нарын “цуглаан”-аас харагдав

 0 сэтгэгдэл


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс төрийн намыг төлөвшүүлэхтэй холбоотой заалтууд орсон. Тухайлбал, “Нам үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу (Сонгуулийн насанд хүрсэн иргэдийн нэг хувьтай тэнцэхүйц иргэн эвлэлдэн нэгдэх) байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж, үйл ажиллагаа явуулна”, “Намын дотоод зохион байгуулалт нь  ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэсэн хоёр заалт орсон. Дээрх хоёр заалтын дагуу 20 гаруй мянган иргэний гарын үсэг цуглуулж нам байгуулах, санхүүжилтээ ил тод байлгах шаардлага жижиг улс төрийн намд тавигдах болов. Үүний ард улс төрийн намын төлөвшил, Монголын улс төрийн боловсролыг дээшлүүлэх зорилт агуулагдаж байгаа. Бүр цаашилбал, Монголын парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх зорилт бий. Харин энэ шаардлагыг хангах төлөвшсөн нам хэр олон болох нь анхаарал татаж эхлэв.

Өнгөрсөн мягмар гарагт Монголын дипломатын академи, “Конрад-аденауэр” сан хамтран Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын удирдлагуудыг урьж “Монголын улс төрийн намуудын төлөвшлийн асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Харамсалтай нь эл хэлэлцүүлэг хэрүүл тэмцлээс хэтэрсэнгүй. Тус хэлэлцүүлэгт үг хэлсэн намын дарга, төлөөлөгчид хоорондоо хорон үг чулуудаж, өнгөрсөн хугацаанд эрх барьсан АН, МАН-ыг муулах “уралдаан” зохион байгуулав. Хуралдаанд оролцсон намын дарга нар нэгнийгээ сармагчин хэмээн доромжилж, дээрх хоёр намтай “хөнжилд” орсон гэж муу муухайгаа дуудалцаад салсан. Нөгөө талаар хувь хүний төлөвшилгүй намын дарга нар намын төлөвшлөөр маргалдсан нь германчуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэв. Тухайлбал, иргэний хөдөлгөөний намын ЕНБД Д.Сүхжаргалмаа “Та нар шимпанзе шиг байна за юу” хэмээн намын дарга нарыг доромжилсон бол БНН-ын дарга Б.Жаргалсайхан “ХҮН намынхан нэг хэсэг гарч ирээд хэдэн төгрөг босгох гэж хэрэлдээд тарцгаасан... зарим нь дарга нарт ая тал засаж нэг юмны завсар хавчуулагдан албан тушаал авчих гэдэг. Үүнийгээ болих хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэр үеэр хамгийн төлөвшилгүй хоёр нам бол АН, МАН атлаа бидэнд сургах нь утгагүй гэсэн шүүмжлэл ч байсан. Бүр зарим намын дарга улсаа удирдаж явсан нэгнээ даапаалж “Монголын ард түмэн над шиг эрүүл өвчтэй хүнийг сонгохгүй, ноён нуруугаар төлөвшсөн П.Очирбат Ерөнхийлөгч шиг дуугүй суудаг хүнийг сонгоно” хэмээж байв.

Ийм увайгүй хэлэлцүүлгээс улс төрийн намын төлөвшлийн талаар ашигтай дүгнэлт, алсын зорилт гарна гэдэгт найдах аргагүй. Мөн удирдлага нь хувь хүний төлөвшлөө олоогүй намд 20, 30 мянган хүн нэгдэж, улсын хэмжээний бодлого боловсруулна гэдэгт эргэлзэхээс аргагүй болж байна. Тэндээс гарсан бодлогыг ард түмэн сонгож, парламентаа бүрдүүлнэ гэхээр үндсэн хуулийн заалтууд “хаданд хашхирсан цуурай” болж амьдралаас тасарна гэсэн үг.

Дарга нь төлөвшөөгүй намд 20 мянган хүн итгэлээ өгөх нь эргэлзээтэй

Хамгийн сүүлд нам байгуулсан Ж.Батзандан, Л.Болд нар ч ялгаагүй өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, улсын хөгжил, парламентын ардчиллыг дээшлүүлэх зорилготой “хөндөлдөж” байгаа нь ажиглагдсан. Тэд намын гишүүдийн тоо, улсын хэмжээний бодлого боловсруулах тухай заалтыг хэлэлцэж байх үеэр нам зөвхөн дэмжигч дээр суурилж үйл ажиллагаагаа тодорхой бодлогогүй явуулах агуулгатай санал дэвшүүлж хэт цөөнх болсон. Орчин үеийн төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх, төрөөс оновчтой, ардчилсан шийдвэр гаргахад улс төрийн нам голлох үүрэгтэй. Мөн намууд парламентыг бүрдүүлэхээс гадна иргэд, олон нийтийн хүсэл зоригийг нэгтгэх, сонгогчдын төлөөллийн үүргийг гүйцэтгэж, иргэдийг төртэй холбох, ирээдүйн нэр дэвшигчдийг татан элсүүлэх арга хэрэгсэл болдог зуучлагч институт гэдгийг шинэ, жижиг намууд ухаарч өгөхгүйд учир буй.

Улс төрийн намуудын төлөвшилд дүгнэлт хийхийн тулд 2018 онд хийсэн “Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгаанаас эш татъя. Зургаан намын гишүүдээс 100 оноо бүхий намын дотоод өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт, гишүүдийн оролцоо гэсэн асуулгаар судалгаа явуулахад аН 54.2, МахН 51.7, эх орон нам 51.4, хүН 51.2, МАН 48.2, ИЗН 42.7 оноог тус тус авчээ. Энэ нь манай улс төрийн намууд “хагас ардчилалтай” ангилалд хангалтгүй түвшинд хамаарч байгааг илэрхийлж байгаа аж. Мөн чанарын судалгаа буюу экспертийн үнэлгээгээр эдгээр намын дотоод ардчиллын индексийг тодорхойлох боломжгүй болох нь батлагдсан байна.

Дарга нар нь төлөвшөөгүй, нам нь дотоод ардчилалгүй ийм нөхцөлд улс төрийн намд 20-30 мянган хүнийг элсүүлнэ гэдэг нь хүсэл, зоригоос өөр зорилгоор нэгтгэнэ гэсэн үг гэж ойлгогдож байна. Шударгаар хэлбэл “хүсэл шунал”-аар нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн байгуулсан намууд парламентыг бүрдүүлдэг байдал мөддөө арилахгүй нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Болорчулуун: Улсаа бодоод УИХ эрсдэл үүрч тарах хэрэгтэй

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай болгох нь юунаас ч илүү чухал

 0 сэтгэгдэл


Ард нийтийн санал асуулгатай зэрэгцээд УИХ-ыг тараан, ээлжит бус сонгууль явуулах тухай парламентын түвшинд яригдаж эхэллээ. Үүнийг олон гишүүн дэмжиж эхэлсэн нь ч тодорхой болов. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун юм. Түүнтэй УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах үндэслэлийн талаар ярилцлаа.

-УИХ-ыг тараан ээлжит бус сонгууль зарлах талаар гишүүд ярьж эхэллээ. Таны байр суурь бас үүнтэй нэгдэж байгаа юу?

-УИХ-ыг тараах талаар гишүүд ярилцаж байгаа нь үнэн. Ийм байр суурьтай, саналтай гишүүд олон байна. Бараг УИХ-ыг тараах хэмжээнд хүрэх болов уу гэж бодож байна. Хуулинд гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд УИХ-ыг тараана гэж заасан байдаг.

-Яг ямар үндэслэлээр УИХ тарах ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал миний мэдэхийн зургаа, долоон жилийн өмнөөс яригдсан. Болохгүй зүйлээ, улс орны хөгжилд саад болж байгаа асуудлаа, дордохын долоон өөрчлөлтөө засаад авъя гэсэн зорилгоор олон жил ярьсан. Тэр зорилгод хүрэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар энэ жилийн турш л ярилаа, ажиллалаа. Сая хоёрдугаар хэлэлцүүлгийг арай гэж дуусгаад Ард нийтийн санал асуулгыг авахаар шийдвэрлэсэн. МАН үнэмлэхүй олонх, 64 гишүүнтэй тулдаа л арай гэж энэ ажил явлаа. Түүнээс бус олон намаас бүрдсэн, үнэмлэхүй олонхгүй парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй юм байна.

Дахин сонгогдох, үгүй нь сонин биш, улсаа бодоод ийм саналд нэгдэж байна


Тиймээс нэгдүгээрт, ойрын жилүүдэд тохиохгүй боломжийг ашигтайгаар дуусгах шаардлага байна. Хоёрдугаарт, олон жил улсын хөгжлийг тушсан алдааг засах, Үндсэн хуульд тусгахын тулд ард нийтийн санал асуулгыг ирцтэй, амжилттай болгох шаардлага байгаа. Хэрэв ирц хүрэхгүй бол улс оронд ашигтай заалт Үндсэн хуульд тусгаж чадахгүй дахин найман жил хүлээхэд хүрнэ. Энэ үүднээс УИХ эрсдэл үүрч, тарах шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа юм.

-Таны хэлээд байгаа улс оронд ашигтай шийдвэрүүд хэлэлцүүлгээс батлагдаж чадсан юм уу?

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр улсад ашигтай олон заалт хэлэлцүүлгийн шатыг давсан. Онцолбол ердөө 20 гишүүн хууль баталж чанаргүй, лоббид автсан хууль олноор төрдөг байсныг өөрчилж нийт гишүүдийн олонхоор хууль баталдаг болгох гэж байна. Хорин гишүүн хууль баталдаг заалтыг дордохын долоон өөрчлөлтөөр гаднынхан зорилготойгоор шургуулсан гэж боддог. Үүнээс болж манай улс маш их хохирол үзлээ шүү дээ. Мөн Засгийн газрын гишүүд нэг бол бүгд “давхар дээл”-тэй болоод, үгүй бол бүгд парламентын гаднаас тавигдаж савлаад байсныг засах гэж байна. Засгийн газрын бодлогын дөрвөн яамыг УИХ-ын гишүүд хариуцаад тогтворгүй байдлыг хангах болж байна. Үүнээс гадна шударга ёсны илэрхийлэл болсон шүүхийн шинэчлэлд дэвшил гарсан гээд олон зүйлийг дурдаж болно. Одоо л Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлуулж авахгүй бол цаашид лоббид автсан 20 гишүүн хууль батлах, бүх сайд давхар дээлтэй байх, шүүхийн хариуцлага, хараат бус байдал баталгаагүй гэх мэт зүйл үргэлжилсээр л байна шүү дээ. Тиймээс л ард нийтийн санал асуулгыг ирцтэй, амжилттай болгож, Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлуулахын тулд МАН-ын 64 гишүүн эрсдэл гаргаад УИХ-аа тарааж, сонгуулиа давхар явуулъя гэсэн санал гаргаад байгаа юм.

-Та нарыг өвөлжилтийн хүндрэл, утаа, эдийн засгийн хямралаас зугтаж, сонгуулийг наашлуулахаар санаархаж байна, ард нийтийн санал асуулгаар далимдууллаа гэсэн шүүмжлэл ч гарч эхэллээ?

-Ард нийтийн санал асуулгыг далимдуулсан зүйл байхгүй. Судалгаагаар ард нийтийн санал асуулгын ирц хүрэхгүйгээс хүчингүй болох магадлал өндөр, сонгуультай зэрэг явуулбал ирц хүрэх боломжтой гэсэн. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулах үүднээс ямар ч эрсдэлийг үүрэх зоригтой байх хэрэгтэй. Улс оронд ашигтай бол дахиад сонгогдохгүй байсан ч яадаг юм. Өвөлжилтийн бэлтгэлд улс төрөөс шалтгаалаад байх зүйл бага шүү дээ. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа хурааж авах боломж байна. Малчид хувийн бэлтгэлээ хангана. Засгаар заалгахгүй дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ хангачихна. Утааны хувьд шахмал түлшээр хангасны үр дүнд нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэсэн баталгааг холбогдох үйлдвэрийн удирдлага хэлж байгаа. Тэгэхээр асуудлаас зугтаад ирэх жилээс айгаад сонгууль наашлуулж байна гэдэг шүүмжлэл хол явахгүй. Бид бол улсаа бодож эрсдэлтэй ч гэсэн УИХ-аа тараая гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэх нь ард түмний хүсэл зориг.

-УИХ-ыг тараахыг давхар дээлтэй гишүүд дэмжих болов уу. Тэдэнд сайдын ажлаа хийх амбиц дүүрэн байгаа шүү дээ?

-Улсаа бодоод энэ УИХ эрсдэл үүрч, тарах хэрэгтэй. Дахин сонгогдохгүйгээ мэдэрч байгаа гишүүд гүрийнэ л биз. Мань мэтэд нь дахин сонгогдох, үгүй нь сонин биш.

-УИХ-ын ээлжит сонгуулийг намар зохион байгуулчихаар дараа дараагийн сонгууль бас л намрын ажил, хүйтнээс шалтгаалж ирцгүй болох эрсдэлтэй биш үү. Та нар үүнийг яаж тооцож байгаа юм бэ?

-Энэ удаад хугацаанд шахаг - даад, нөхцөл байдлаас шалтгаалж аравдугаар сарын сүүлээр хийж байгаа болохоос дараагийн сонгуулийг нааш нь татаж аравдугаар сарын эхээр хийж болно шүү дээ. Дахин болон нөхөн сонгуулийг аравдугаар сард зохион байгуулж болоод л байгаа шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Парламентыг тарааж, ээлжит бус сонгуулийг хүссэн “хий үзэгдэл” тэнүүчилж эхэллээ

Зохиолын дагуу явах юм бол ард нийтийн санал асуулга унаж мэдэхээр байна

 0 сэтгэгдэл


Ялсан намын гишүүдийн амбиц яагаад ч дарагддаггүйн жишээ 2016 оны сонгуулиас хойших МАН-ын дотоод зөрчил, хагарал, гүйцэтгэх засаглалын холио солио, нэг, хоёрдугаар ээлжийнхний томилгоон дээр хангалттай харагдлаа. УИХ-д 65 суудал авсан үнэмлэхүй олонх МАН-ын зарим гишүүн намын удирдлагын түвшний заавраар парламентыг хугацаанаас нь өмнө тараахаар хөдлөөд эхэлсэн байна. Энэ нь сонгогчдын үзүүлсэн өндөр итгэлийг даагаагүй гэдгээ өөрсдөө баталж байна гэхээс илүү есөн сарын хугацаа үлдээд буй УИХ-ын гишүүний суудлаас бүр ч том ашиг сонирхол ард нь байгаа учраас тэр үү гэж хардахад хүрч байна. Үндсэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг ард түмнээс асуух санал асуулгаас үүдэлтэй дараагийн нүүдэл нь парламентыг хугацаанаас нь өмнө тараахад чиглэж байж.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа twitter сүлжээндээ “Хугацаанаасаа өмнө тарах тухай намын генсек /Д.Амарбаясгалан/ болон зарим хүн УИХ-ын гишүүдтэй уулзаж, гарын үсэг зуруулж байгаа юм байна. Нам нь оролцож төрөө үймүүлж байна шүү” хэмээн жиргэж, операци аль хэдийнэ эхэлснийг олон нийтэд зарласан. Тэгвэл хугацаанаасаа өмнө парламентыг тараах бичигт УИХ-ын 33 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. Залуучууд голдуу гарын үсгээ зурснаас Засгийн газрын зургаан ч сайд мөн багтжээ. Парламент хугацаанаасаа өмнө тарах тарахгүй гэхээсээ илүү тарах үндэслэл нь юу юм бэ гэдэг сонин. Одоохондоо гарын үсэг зурсан гишүүд ямар нэгэн бодитой үндэслэл хэлэхээсээ илүү “би дэмжиж байна, дэмжихгүй байна” гэж хувийн бодлоо ярьж байна.

Парламентыг хугацаанаас нь өмнө тараах үндэслэл хийгээд, үр дүн нь хэрхэн хөврөхийг таамаглаад үзье.

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА УНАХ УУ

Зохиолын дагуу явах юм бол ард нийтийн санал асуулга унаж мэдэхээр байна. Гэхдээ иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхийг дэмжихгүй байна гэхээс илүү ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар унах нь ч тодорхой. За, ер нь аль ч шалтгаанаар унасан бай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго бүтэлгүйтвэл парламентын засаглалыг ард түмэн дэмжихгүй байгаа гэх мессежийг нийгэмд өгнө. Үүнээс гадна өргөн барьснаасаа хойш тал талаасаа сэглүүлсээр өдий хэмжээнд тэсэж үлдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гялайж, гялтайх ганц хоёр заалт нь хамт унана. Товчхондоо 30 орчим жил будилж зуурсан шавар дотроо Монголын улс төрийг дагасан төрийн алба, нийгмээрээ дахиад хамгийн багадаа найм, цаашлаад 20 жил зууралдах болж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хувилбар нь таван парламентын турш яригдаж, гурван парламентын хугацаанд Ажлын хэсгийн түвшинд яригдсан гэдэг утгаараа шинэ зүйл байгаагүй. Ихэнх зүйл заалт нь МАН, АН хоёр тус тусдаа, эсвэл хамтарч засаглаж байх үеийн гишүүдийн санаачилсан хувилбар. Гэтэл Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусангуут хэлэлцүүлгээс гарч буйгаа АН мэдэгдэж, замын дундаас нийлсэн Ерөнхийлөгч саналаа татсан нь ч учиртай байж.

Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нь, тэр хэмжээний кноп нь МАН-д хангалттай бий ч, дотоод зөрчил нь тогооноосоо хальсан өнөө үед сөрөг хүчин Ардчилсан намын сөрөх тоглолт, Ерөнхийлөгчийн байр суурь ямар байх нь тун чухал.

БҮХ БУРУУГ ПАРЛАМЕНТАД НААГААД НЭР ЦЭВЭР ГАРАХ САНААРХАЛ

Парламент хугацаанаасаа өмнө тарах хэнд ашигтай вэ? Нэгдүгээрт Ерөнхийлөгчид. Тэрбээр энэ удаагийн УИХ-ыг өөрөө тарах саналыг хоёр ч удаа хүргүүлж байсан. Мөн одоо засаглалын хэлбэрийг ард түмнээс асууя, Ерөнхийлөгчийн засаглалыг туршаад үзье гэдгээ ил цагаан зарлаад буй. Хүчтэй удирдагчийг үгүйлсэн нийгмийн сэтгэл зүй дээр парламентыг бүр муухай харагдуулах нь түүнд туйлын ашигтай.

Харин дараагийнх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүний тэргүүлсэн кабинет бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд хийсэн ажил нь анх томилогдохдоо үүсгэсэн нийгмийн хүлээлтийн хаана ч хүрэхгүй. Шидийг олдоггүй л юм бол үлдэж буй есөн сарын хугацаанд тэд гавшгай сайнаараа дуудуулах ажил хийж чадахгүй бас амжихгүй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентыг тарааснаараа дараагийнхаа боломжийг ашиглана. Товчхондоо болж бүтээгүй, шавар шавхайгаа парламентад наагаад нэр цэвэр гарахаар оролдоно. Эрх баригч намын рейтинг 2016 оноос хойш тогтмол буурч байгаа ч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувийн нэр хүнд дээшилж буй. Хамгийн сүүлийн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг Ерөнхийлөгч Х.Баттулгаас илүү гарсныг харуулсан.

ЗГ-ын хийсэн ажил анх томилогдохдоо үүсгэсэн нийгмийн хүлээлтийн хаана ч хүрэхгүй


Тиймээс лидер дагасан улс төрийн үзэгдлийг ашиглаж, намаа ялуулна гэж тэр тооцсон байх. Түүнээс гадна тэдний өрсөлдөгчид сонгуульд оролцох ямар ч бэлтгэлгүй байгааг ашиглахаар тооцож суугаа. Одоо байгаа шиг 65 суудлаа хадгалж чаддаггүй юм аа гэхэд 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр ирэх эрсдэлийг хамаагүй бууруулна гэсэн үг.

СҮГ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ УУ

Хуулиараа аливаа сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн Хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Тэгэхээр парламентыг хугацаанаас нь өмнө тарааж, ээлжит сонгууль хийхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал унах ёстойн шалтгаан энэ. Тухайлбал, 1992 онд Үндсэн хуулийг баталснаас зургаан сарын дараа сонгууль болж байсан бол, 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш мөн зургаан сарын дараа сонгуулийг зохион байгуулж байжээ. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг арваннэгдүгээр сард баталж амжвал хамгийн багадаа 2020 оны тавдугаар сард сонгууль явуулах боломж нээгдэх юм.

Ард нийтийн санал асуулга унаад, парламент хугацаанаасаа өмнө тарчихвал нөхцөл байдал өөрөөр эргэнэ. Парламентаа дагаад Засгийн газар нь унаж таарна. Гэхдээ тэд дараагийн Засгийн газар байгуулагдтал үүрэг гүйцэтгэх ёстой. Улс төрийн хэллэгээр СҮГ (Сайдын үүрэг гүйцэтгэгч) гэсэн тодотголтойгоор У.Хүрэлсүхийн кабинет бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байх юм.

1996-2000 онд ажилласан Засгийн газруудаас Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн кабинет гурван сар болоод огцорсон ч СҮГ гэсэн тодотголтойгоор зургаан сар ажилласан байдаг. Гэхдээ СҮГ Засгийн газар ажиллах нь улс төрийн нөхцөл байдлыг ороо бусгаа, тогтворгүй болгож, нийгэм тэр чигээрээ сульдаж, хариуцлага улам сулардаг гашуун түүхийг санаж байх ёстой. Ямар нэгэн бодлого шийдвэр гаргах, ажил хийхэд туйлын саад бэрхшээлтэй үе байсныг тухайн үеийн Засгийн газрын гишүүд ярьсан нь замхараагүй байгаа. Ийм явдал Монголын төрд дахин давтагдах цаг хугацааг улстөрчид ашиглан даварч болох ч, ард олон ядардаг гэдгийг мартаж болохгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

УЛААНБААТАРЫН АГААР УГААРТАЙ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА

Нүүрсний утаа цагийн дотор 400 ширхэг янжуур татсан шиг уушгийг хордуулдаг

 0 сэтгэгдэл


Агаарын бохирдолтой тэмцэх тухай олон улсын нэршлийг урвуулан, ач холбогдлыг нь саармагжуулж, түүнд зориулж төвлөрүүлсэн сангаа хүртэл утаатай тэмцэх сан гэж нэрлэн, нийслэлчүүдийн тархинд “утaа л аюултай” гэсэн юмыг суулгаж амжсан юм. Ингэснээр “утаагүй зуух”, “утаагүй яндан” гэдэг бизнессийг тултал цэцэглүүлсэн. 2000 оноос хойш утаатай тэмцэх санд тэрбум ам.доллар төвлөрүүлсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Агаарын найрлагад байх хорт хийн хэмжээ зохих түвшингээсээ аль хэдийн даваад гамшгийн хэмжээнд хүрчээ. 2019 оны 4 дүгээр сарын 26-нд "Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол түгшүүрийн хэмжээнд хүрлээ. Утааг бууруулах чиглэлээр 2000 оноос хойш тэрбум ам.доллар зарцуулсан боловч олигтой үр дүнд хүрсэнгүй" гэсэн мэдээг Синьхуа агентлаг дэлхийгээр нэг цацаж орхив. УИХ-ын зарим гишүүд машид бухимдаж, “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг ер нь яаж гаргаад байгаа юм”, “Улаан цэнхэр зураас л гэнэ, тэр юу юм” хэмээн үглэцгээв.

АГААРЫН БОХИРДЛЫГ УЛС БҮРИЙН ГОЛ ГОЛ ХОТУУДЫН ТУСГАЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ӨДӨРТ ХЭДЭН УДАА ГАРГАДАГ

Дэлхийн улсуудын агаарын бохирдлыг гол гол хотуудаар нь өдөрт хэдэн удаа тодорхойлж мэдээлдэг НҮБ-ын институт (Air Quality Index)-ын мэдээллийг олж хардаггүй УИХ-ын гишүүн байна гээд бодохоор дэндүү гайхмаар. Mэдээ олоод үзчих сэтгэлгүй хүмүүс, агаарын бохирдлын хэмжээг яаж гаргадгийг мэдэхгүй байх нь ойлгомжтой. Маш товч мэдэгдэхүүн өгье. Агаарын бохирдлыг гаргахдаа найрлагад байх хэдэн хийг онцгой анхаардаг юм билээ. Үүнд, азотын диоксид (NO2), хүхрийн хүчил (SO2), угаарын хий (CO) болон бусад нэн хортой хийнүүд багтаж орно. Эдгээрийн найрлагаас хамаарч хорт чанарыг үнэлдэг индекс олон улсад мөрдөгддөг.

УИХ-ын гишүүдийн ундууцаж байх тэр үед Улаанбаатарын индекс 600-д хүрч, тас хар зураасаар тэмдэглэгдэж байсан. Монгол Улс, ялгадас шатаадаг Ливан, боксит үйлдвэрлэдэг Гвиней, Мозамбик зэрэг орнуудтай зэрэгцэн хар жагсаалтад орж байжээ. Одоо ч тэр жалсаалтаас гараагүй байна. Өнөөдөр, яг энэ нийтлэл бичиж суухдаа AQ нүүр рүү нэвтрэн УБ-ын агаарын бохирдлын түвшинг сонирхож үзлээ, 114-тэй л байна. Энэ нь зүрх судасны өвчтэй хүн зүрхний шигдээс болох түвшин юм, налгар намраар шүү дээ. Агаарын бохирдолтой тэмцэх НҮБ-ын гишүүн орнуудын конгресс боллоо. Тусгай эксперт Дэвид Бойд илтгэлдээ “Агаарын бохирдолд нэн түрүүнд эх, хүүхдүүд нэрвэгдэж байна. Тархинд цус харвах, уушгины хорт хавдар, зүрхний шигдээсийн гол шалтгаан нь агаарын бохирдолтой холбоотой. Гэр, гадаа, ажил, байгаль, ер нь л агаарын бохирдол хүрээгүй, хүрч чадахгүй орчин гэж алга. Агаарын бохирдлоос болж дэлхий жил бүр долоон сая хүнээ алдаж байна” гэж мэдэгдлээ.

ДЭМБ-аас Улаанбаатарын агаарын бохирдлыг тусгайлан судалж, НҮБ-д илтгэл хүргэн, манай Засгийн газарт онцгой зөвлөмж ирүүлсэн байдаг юм. Энэ мөрөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байгаа юм билээ. Энэ эрчээрээ урагш тасралтгүй давшин явах л ёстой, өөр гарц харагдахгүй байна.

УТАА ГЭГЧТЭЙ ТЭМЦЭХ ЯРИА НЬ УГААСАА УТГАГҮЙ

Ийм ухагдахуун дэлхий дээр хаана ч байхгүй юм билээ. Утаа бол дайсан биш, тухайлбал, экологийн түлшний шаталтаас гарсан утаа хүний бие эрхтэнд ямар ч хор нөлөөгүйг агаарын бохирдолтой тэмцэх даяарын байгууллагууд олж тогтоогоод удаж байна. Монголчууд үүнийг эртнээс мэдэрсээр ирсэн үндэстэн. Аргалын утаа хортой байсан сан бол энэ гариг дээр нэг ширхэг ч монгол хүн үлдэхгүй байлаа. Монголчууд тамирдаад уначихсан малаа хүртэл хадны хүж өвс уугиулан утаж байгаад босгоод ирдэг уламжлалтай ард түмэн.

Утаатай тэмцэх, утаагүй зуух, угааргүй нүүрс...үргэлжилсэн энэ утгагүй яриагаа зогсоогоосой гэж их хүлээлээ. Зогссонгүй, бүр санхүүжүүлэх тал руугаа явчихлаа. Тэвчээр барагдахдаа, шүүмжлээд нэмэр болохгүйг мэдэх хойно, ДЭМБ-ын тусгай зөвлөмж (Indoor air pollution)-г ядаж битгий зөрчөөсэй гэсэндээ үүнийг анхааруулж байна.

Тэр зөвлөмж бол бизнес хийх гэсэн манай хэдэн инженер, судлаачдын суртал, улс төрийн хоол хүнс биш, Азийн хэд хэдэн орон, түүний дотор Монголд хийсэн гүнзгийрүүлсэн судалгаанд суурилсан, дэлхийн нэртэй (зарим нь нобелийн шагналтай) эрдэмтдийн тархиар бүтээгдсэн баримт бичиг. Шууд аваад хэрэглэх гарын авлага, бодлого боловсруулах суурь мэдээлэл, гишүүн улс орнуудын заавал мөрдөх эрхийн хэм хэмжээ юм шүү дээ. Тэр зөвлөмжийг түгээмлээр хэрэгжүүлэх, нарийвчилсан судалгаа явуулах, хяналт тавих үүрэг бүхий "Aгаарын бохирдолдаяарын холбоо" НҮБ-ын дэргэд ажиллаж байдгийг дашрамд мэдээлье.

УТААТАЙ ТЭМЦЭХ БИШ УГААРТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ

Утаа гэгч гамшиг л гэнэ, утаатай тэмцэхгүй бол улаанбаатарчууд, улс орноороо сүйрлээ л болцгоолоо. Гэтэл урьд нь баланцгаа хийж байсныг, баланцаг хийсэн нүгэлтэй хүмүүсийн тухайд хэн ч үл ярина. УИХ-ын гишүүд гудамжаар тэнэж, утаа гэгчээ хэмжлээ, айлаар хэсэж тавьтаргүйтэн лайв хийж, хүүхэд шуухад айлган сүржигнэцгээлээ, улс орон даяар хоосон яриа өрнүүллээ, нэмэртэй юм огт болсонгүй. Хамаг учир нь утаандаа ч биш, утааны хордуулах  бодис угаарын хийнд л байгаагийн шалтгааныг ч олсонгүй мэнэрээд үлдэцгээлээ.

Дэлхий даяар нэгэнт тогтсон ойлголт нь утаа биш агаарын бохирдол (air pollution). Дэлхийн бүх улс орнуудад нийтлэг мөрдөгддөг ухагдахуун нь энэ. Нүүрсний утаан дотор нүдэнд үзэгдэж харагдах утаа майнаас гадна түүнээс хэдэн мянга дахин илүү хортой нүдэнд үл үзэгдэх бодис, химийн хортой нэгдлүүд агуулагдаж байдгийг ДЭМБ-аас тогтоосон.

Өчүүхэн жижиг Монгол Улс наад захын тусламж зөвлөгөө авах гэтэл ойлголтын зөрүү гарах учраас дэлхийн байгууллагатай зөрчилдөөд нэмэргүй л дээ. Цаашлаад, ДЭМБ-ын түгээмэл зөвлөмжийг зөрчсөн, утгыг нь гуйвуулсан гэдгээр орж ирэх торгуулийг манай төсөв даахгүй ээ. Хятад болон Европын жишгээс гэнэт санаа аваад, агаар бохирдуулсны төлбөр нэхвэл ДЭМБ л лавтайяа бидний талд зогсохгүй, “айл хэсэгчид” үүнийг нэг дэнслээд үзээрэй.

АГААРЫН БОХИРДЛЫН ИНДЕКСИЙГ ДОЛООН ТҮВШИНГЭЭР ГАРГАДАГ

0-50 бол эрүүл (ногоон)

51-100 бол байж болох эрүүл (шар)

101-150 бол мэдрэмтгий хүнд эрүүл бус (бор)

151-200 байвал нийтлэг эрүүл бус (улаан)

201-300 болохоор хортой (нил ягаан)

301-500 гэхээр нэн хортой (саарал)

500-аас дээш гарвал гамшиг гэж үзэж хараар тэмдэглэдэг байна.

ДЭМБ утааны асуудлаар 2014 онд тусгайлан хуралдаж, “агаарын бохирдол” (аir pollution) гэж нэрлэж байхаар тогтсон юм билээ. Хурлаар агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад хийсэн судалгаануудаас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцсэн юм байна. Тэнд, зуухны тухайд ч тусгайлан асуудал болгон хэлэлцсэн байдаг. Зууханд нүүрс түлснээс гарах утааны хор нь уушги, дотор эрхтнийг цагийн дотор 400 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээнд хордуулдаг гэсэн дүгнэлтийг Калифорны Их сургуулийн профессор Кирк Смитт илтгэж олныг алмайруулсан байдаг юм. Агаарын бохирдлоос дэлхий дээр жилдээ долоон сая хүн, түүний тал нь угаараас үүдсэн хорт хавдраар үхэж байна гэдэг статистик бас л хирд хиймээр сонсогдож байна. Энэтхэг улс 700 сая яндантай, (манайх нийслэлдээ 240 мянган яндантай), үүнийг орон сууцжуулах aргаар шийдэх техникийн боломж байхгүй гэдгийг Делийн Их сургуулийн профессор Калпана Балакришан илтгэсэн, маш тодорхой технологи шаадлагатай байгааг санал болгосон байдаг юм. Манайх одоо байгаа хүчин чадлаараа 240 мянган янданг орон сууцжуулна гэвэл 20 жилийн хугацаа шаардлагатай.

Хурлаас, дэлхийн хөгжиж байгаа орнуудын төвшинд зориулсан тусгай зөвлөмж (Indoor air pollution) гарсан, тэр нь эрх зүйн хэв хэмжээний статустай юм байна. Хөгжиж байгаа орнууд заавал хэрэгжүүлэх ёстой, эс бөгөөс торгууль орж ирэх үндэслэлтэй. ДЭМБ-ын хурлыг хүндэтгэн НҮБ-аас, SE4All, "Экологийн түлш" даяарчилсан холбоо гэсэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр болжээ. НҮБ, ДЭМБ-ын хүчин чармайлтын үр дүнд хоёр том дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байна.

1. Зуух ямар байх нь хамаагүй, гагцхүү шаталтаас гарсан хорыг тархаахгүй тусгай шүүлтүүрээр авч үлдэх ёстой.

Шүүлтүүрийн тухай хэн нэгэн ярих л ёстой гэж би маш их хүлээсээн, хэн ч энэ талаар ганхийсэнгүй дээ. Улаанбаатарт байгаа 240 мянган янданг бүгдийг нь шүүлтүүртэй болгох ёстой. Шүүлтүүрийн үйлдвэр яаралтай барьчихвал гаднаас оруулснаас хямд төсөр байх болно. Яндангаа стандартын болгоод, айл өрхүүд зуухныхаа хүхээгийг яндандаа тааруулах ёстой болно. Тэгэхээр зуух бол чухал биш, гоёмсог зуухтай байх нь төрийн биш хувь хүн, айл өрхийн асуудал, харин шүүлтүүртэй яндантай байх нь л бодлогын асуудал болж таарлаа.

Барууны орнуудад, жишээ нь Австрид жижиг, том оврын зуухны яндангийн шүүрийг тодорхой хугацаанд тусгай хүмүүс сольдог юм билээ. Багтай, иргэний хамгаалалтын хувцастай сүртэй юм болно, хичнээн их хортой байдаг нь эндээс ойлгомжтой. Гэрийн зуух, их бага оврын уурын  зуухнууд, ДЦС-ын яндан...бүгдийг хуу шүүлтүүржүүлэх ёстой. Авто машины янданд хүртэл шүүлтүүр тавьж, мэргэжлийн хяналтыг чангатгах хэрэгтэй болно.

2. Түлш ямар байх нь хамаагүй биш, гагцхүү экологийн түлш хэрэглэх.

Шууд мэдээж хэрэгжихгүй, гэхдээ хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол энэ. Манайд бол боломжтой, бас уламжлал бий. Аргал, хотны хөрзөн оруулсан био-экологийн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нүүрсний энд дөхөж очих элчтэй био түлшний стандарт технологи бий ч үнэтэй тусна, түгээмлээр хэрэгжих боломжгүй сөрөг талтай. Тэгэхээр шахмал түлшинд нүүрс заавал орж таарч байна. Нүүрсний гүйцэд шаталт дээр ойлголтын зөрүү бий. Хүрэн нүүрсийг технологийн зуух ашиглан гүйцэд шатаах нь угаараас нь хэд дахин давсан хортой үнсэн тоосонцор ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судлагааны хэсгээс тогтоочихсон. Тэгэхээр утаагүй зуухны гайхамшгийг орхих хэрэгтэй болж байна. Ер нь бол, үнсээ тусгай зориулалтын хүүдийд хийж зайлуулах шаардлагыг манай ЭМЯ яаралтай хэрэгжүүлэх ёстой, агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой. Харин өөрөө гүйцэд шатдаг нүүрсийг шахмал түлшинд оруулж ашиглах гарц байгаа юм. Энэ чилэлээр сайд Ц.Даваасүрэнгийн “аажимдаа коксжсон нүүрсний хэрэглээнд алхам алхмаар шилжих бодлого барина” гэсэн санаа зөв өө.

Агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой

Монголоороо байна гэж элийрээд, элийрэлдээ солиороод асуудалд алийн болгон дандаа хэрэглээ рүү далжийсан ахуйн сэтгэлгээгээр хандах ёстой юм бэ. Европын соёл бол буутай соёл гэж үздэг УИХ-ын гишүүн байна, элийрэл биш үү. Бүгдээрээ орон сууцаараа эмнэлэг хийчихээд бөмбөгөр цагаан гэрт гарч амьдарцгаая гэж тулгадаг, болохгүй гэсэн бүхнийг тархины тураалтай гэж доромжилдог УИХын гишүүн байна, солиорол биш үү. Утаагүй (угааргүй?) зуух байгаа гэж итгүүлэхийг оролддог УИХ-ын гишүүн байна, балайрал биш гэж үү. Дэлхийтэй зөрчилдөөд бид хаачих юм бэ. Дэлхий даяарын алеяансуудын зөвлөгөөг сонсч, дэлхийтэйгээ, ялангуяа Европын соёлтой нэгэн голдиролд багтаж амьдрах ёстой шүү, механизм нь гэвэл технологийн дэвшил, өөр гарц байхгүй.

УТААНД АГУУЛАГДДАГ ХОРТ БОДИС

ДЭМБ-ын хуралдаан дээр маш их сонирхол татсан зүйл бол утааны хорны илрэх шинжийн тухай асуудал байсан юм билээ. Учир нь аль ч улсын оршин суугчид нүдэнд харагдсан утаа гэдгээр нь тэмцээд нүдэнд харагдахгүй нэн хортой бодисыг анхаарлын гадна орхих хандлагатай холбоотой юм. Манайхан, УИХ-ын гишүүд яг энэ байлаар хандаж, дэвшлээс хоцрогдож, ард түмний тархийг угааж байна. Шинэ зуух, муух болсноо нүүрс түлж үзүүлчихээд утаа үнэртэж байна уу, “Үгүй”. Утаа нүдэнд харагдаж байна уу, “Үгүй”. Шийдлээ, цэг! Ингэж л хандаж байна.

Манай хэд хэзээ шинжлэх ухаанч болох вэ гэдгийг хүлээх хэрэггүй, учир нь асуудлын хуримтлал, даамжрал энэ хэдийн сэтгэлгээний өөрчлөлтийг хүлээхгүй. Хурлын гол бичиг баримтын дагалдах хавсралт материалуудаас иш болгоод хамгийн хортой гэсэн хэдэн бодисын тухай мэдээллийг энд хавчууллаа. Голдуу нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй бодис байдаг юм байна.

1. УГААРЫН ХИЙ (СО).

Өнгөгүй, үнэргүй, аймшгийн хортой, нягтралтай тунгаар бол үхлийн аюултай! Түүхий нүүрс, нүүрсний дутуу шаталтаар үүссэн угаарын хий амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж хемоглобинтой урвалд орон, цусанд хүчил төрөгч орох сувгийг бөглөнө. Аажмаар хордуулна, цусаар удам дамжина.

2. УГААРЫН ХИЙ (СО2).

Үхлийн аюултай. Уушгины багтраа үүсгэнэ, цусанд нэвчинэ.

3. УГААРЫН ХИЙ (SO2).

Маш хортой, уушины архаг өрөвсөл үүсгэнэ, хорт хавдрын голомт, эд эсийг сэрээнэ. Утаагүй технологийн зуух гэх манайхны яриад байгаа зуухыг соёл иргэншилтэй орнуудад хуулиар хязгаарласан, заримд нь бүр хориглочихсон юм байна. Түүхий нүүрс гэж яриад байгаа хүрэн нүүрсийг технологийн өндөр даралтаар гүйцэд шатаасны дараа хэд хэдэн төрлийн үй олноор хөнөөх химийн хорт бодис үнс болон үлддэг, тэр нь агаарт дэгддэг юм байна.

1. ҮНСЭН ДЭХ АЗОТЫН НЭГДЛҮҮД (NO, NO2).

Дэгдсэн тоосонцор нь үнэргүй, нүдэнд харагдахгүй. Үхлийн аюултай, жирэмсэн эхчүүдийн үр зулбуулна.

2. Цианы хүчлийн тоосонцор.

Агаарт дэгдэмхий, өнгө, үнэргүй, үй олноор хөнөөх химийн хорт бодис. Химийн зэвсэгт найрлага болон орно. УБ-ын агаарт илэрсэн юм билээ, УИХ-ын хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байдаг, ард түмнээс нуусан.

3. Хар тугалганы дэгдэмхий хий (Pb).

Асар хортой, хорт хавдар үүсгэнэ, үр зулбуулна. Манайд бас л илэрсэн, УИХ ард түмнээсээ нуусан. Хар тугалганы хорноос үүдэлтэй эмчилгээгүй өвчний жагсаалтыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан. Зах зухаас нь жишээлэн дурдлаа, ер нь наснаасаа урьтаж үхэгсэдийн 72 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж ДЭМБ тогтоочихсон юм.

АГААРЫН БОХИДЛООС ГАРАХ ҮНДСЭН АРГА

1. Бүх янданг (айл өрх, том жижиг уурын зуух, ДЦС-ууд, авто тээврийн хэрэгсэл) шүүлтүүржүүлэх (филтьр). Хамгийн сайн шүүлтүүрийг оруулж ирэх, өөрсдөө шүүлтүүрийн үйлдвэртэй болох.

2. Био-экологийн түлшинд шилжих. Аргал, коксжсон нүүрсний нөөц, боломжоо ашиглан био түлш үйлдвэрлэх, энэ брэнд технологиор дэлхийн зах зээлд гарах. Энэтхэг, Хятад гээд хангалттай том зах зээл байна.

3. Хотын хэт төвлөрлийг саармагжуулан хотын шинэ мастeр төлөвлөгөө гаргаж хуульчлах. Хотын хүндийн төв (эпицэнтр)-ийг хөдөлгөх, хотыг тараан байрлуулах. Энэ чиглэлээр УИX-ын хэдэн залуу гишүүдийн хөөцөлдөж яваа ажлыг тултал дэмжих. Мэдээж эхний хоёр заалтыг гуравдугаар заалтын бүрэлдэхүүн болгон хэрэгжүүлэх шаардлагатай.
Засгийн газраас 114 ажил төлөвлөж хэрэгжүүлнэ гэж үлгэр ярьснаас энэ гурвыг л бодитой ажил болгоод хэрэгжүүлчихвэл нэг талаас агаарын бохирдлоос салахад том алхам хийгдэнэ, нөгөө талаас ДЭМБ-ын тусгай зөвлөмжийг хэрэгжүүлсэн орны тоонд багтаад орчих юм биш үү. Орон сууцжуулах план бол утаа, угаартай ч, үгүй ч хийх л ёстой ажил шүү дээ. Бүтээн байгуулалт өөрийн замаар явах ёстой. Цахилгаан халаагуур ч гэсэн өөрсдийнхөө замаар явах  ёстой ажил. Ер нь шинээр ДЦС барихгүйгээр агаарын бохирдлоос салах нөхцөл бүрэлдэхгүй. Дээрх гурван санаа ч биелэхгүй. Угаас суурь бүтэцгүйгээр юу ч бүтэхгүй, ээлжит мянгуужин болоод л, нөгөө л утаа тойрсон утгагүй юмаа ярьсаар л суух болно. Суурь бүтэц бол суурь нөхцөл юм.