A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2936/

Ард түмнээсээ уучлалт гуйх зориг гаргаач, Э.Оюунболд оо

Допинг хэрэглэсэн анхны тохиолдолд хуулиа өөрчлөх ёстой байв

Ард түмнээсээ уучлалт гуйх зориг гаргаач, Э.Оюунболд оо
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2936/


Монголчуудын дэлхийд гайхуулдаг нүүдэлчний соёл, жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөх допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариугаар илэрлээ. “Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн” гэх хариуг Баяр наадмыг зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцэж, олон нийтэд зарлав.

Засгийн газраас гаргасан уг мэдэгдэл энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдод унасан бөхчүүдийн давааг ахиулах уу, бай шагнал, цолыг хураах уу гэх мэт олон маргааны эхлэлийг тавив. Харин “хэргийн эзэн” өөрөө ямар нэг мэдэгдэл хийгээгүй нам жим байна.

Түүний багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ “наадмаас өмнө Хэнтийн бөхийг түрүүлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгөөр тохироо хийсэн”, “ямар нэг аргаар допингтой холбоно гэсэн заналхийлэл ирж байсан” гэх шавийнхаа үгийг давтаад хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн тухай мэдээллээ хуваалцав. Тэгэхээр олон улсын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн шинжилгээний хариуг Монголын хууль, хяналтын байгууллага шалгаж, гүтгэлэг, эсвэл үнэн болохыг тогтоох нь л дээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүд, сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачид болон айрагдсан морьдоос сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уг хуулийн 14 дүгээр зүйл, хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах гурван шийтгэлийн нэгийг л онооно гэх заалт бас бий. Нэгдүгээрт тухайн бөх, харваач болон морийг баяр наадмаас хасах, хоёрдугаарт бай шагналыг олгохгүй байх, эцэст нь баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах гэсэн санкцыг оруулж өгсөн байдаг. Харин 2007 онд 14 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, “Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэсэн заалт шингээжээ.

Э.Оюунболд аварга А сорьцын шинжилгээний дүнтэй санал нийлэхгүй бол В сорьцыг шинжлүүлэх хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах ёстой байв. Хэрэв хүсэлт гаргаагүй бол эхний  шинжилгээний хариуг шууд зарлах журам үйлчилж буй. Харамсалтай нь залуу аварга хоёр дахь шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасангүй, харин 2009- 2019 онуудад шөвгөрсөн бөхчүүдийн бүгдийнх нь шинжилгээг дахин судалж үзэх, эргэлзээтэй тохиолдол байвал хуулийн байгууллагад шалгуулах тэс өөр хүсэлт гаргасан. “Унавал хамт уная” гэх уран сайхны киноны шилийн сайн эрийн үг өдгөө үндэсний бөхийн жудаг, баримтлах зарчимд шингэв гэлтэй уг мэдэгдэлд бөхчүүд эмзэглэсэн байх. Допингийн шинжилгээний сорьц тухайн лабораторидоо 10 жил хадгалагддаг. Хэрэв хүсэлт ёсоор бүгдийг дахин шинжилж, өмнөх жилүүдийн түрүү, үзүүр, амжилттай барилдсан бөхчүүдээс допинг илэрвэл бүр сайн л биз. Бохирдсон дэвжээгээ нэг мөр цэвэрлээд авах боломж гарах ч юм бил үү.

Маргаан цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Хууль хяналтынхан шалгаж байгаа нэрээр хугацаа хожиж болох ч нөгөө талаас шударгаар барилдаагүй, луйврын аргаар наадмын түрүүг авсан гэх зэвүүцэл олны дунд хүчтэй өрнөж байна.

Энэ асуудал ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх хүртэл өндрөө авав

Үүний зэрэгцээ Э.Оюунболдыг хоёр жил эрхээ хасуулчихаад, эргэж барилдаад жинхэнэ хүч бяр, уран мэхээрээ наадмын түрүүг авч, нэрээ цайруулах хэрэгтэй гэх хэсэг ч байна. Гэвч энэ бүхний цаана улс орны тусгаар тогтнолын баталгаа, үндэсний баяр наадмын дархлаа алдагдсаар байгааг анхаарах цаг нэгэнт иржээ.

Ерөнхийлөгчийн зарлиг хөдөлшгүй, үнэ цэнтэй байх ёстой. Дайны нөхцөл, онц байдал зарлахаас эхлээд харьд суух Элчин сайд томилох, төрд үнэлэгдэхүйц алдартнуудад гавъяа шагнал олгох гэх зэрэгт мутарладаг төрийн дээд баримт бичгийг “цол олголоо”, “хураалаа” гэх мэтээр үргэлжлүүлэн дугаарлаж үнэгүйдүүлмээргүй байна. 2003 оноос өмнө улсын наадмын цол, чимгийг тухайн спортын холбоод олгоод, журамлаад явж болоод л байсан. Төрийн тэргүүн хүндэтгэлийн индрээс тэрхүү цолыг зарлаж, шагналыг гардуулдаг байв.

Харин ирэх жилээс эхлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос допингийн шинжилгээний хариу ирсний дараа улсын цол, тэмдгийг гардуулж байх саналыг шадар сайд Ө.Энхтүвшин гаргаж, Ерөнхийлөгчид уламжилжээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ асуудал ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх хүртэл өндрөө авав. Нэгэнт ингэж дэгдсэн маргаан үндэсний баяр наадмаа шударгаар зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө гэж найдъя.

У.ХҮРЭЛСҮХ: ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХ ЦОЛОО ХУРААЛГАНА ГЭДГИЙГ ХАТУУ САНАЖ ЯВАХ ЁСТОЙ

Өмнө нь допинг хэрэглэсэн шалтгаанаар зарим бөхийн цолыг хурааж байсан тохиолдол бий. Тухайлбал, 2014 оны улсын наадмаар начин цол хүртсэн Архангай аймгийн Тариат сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Адъяабат болон Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Б.Суманчулуун нарын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг дараа жилийнх нь гуравдугаар сард гарч байв. Тухайн үед Шадар сайд байсан У.Хүрэлсүх “Спорт шударга байх ёстой. Тэр хоёр бөх тав давахад унасан арван бөх нь цаашид яаж барилдах байсан билээ. Унасан бөхчүүд цолоо ахиулж, магадгүй түрүүлэх ч байсан юм билүү. Ийм харамсалтай нөхцөл үүсэх учраас цаашдаа допинг хэрэглэсэн бөх цолоо хураалгах юм байна шүү гэдгийг хатуу санаж явах ёстой” гэж мэдэгдэж байв. Харин одоо Ерөнхий сайд маань нутгийн бөхдөө хатуурхаж, энэ үгээ давтан хэлэх болов уу. Допинг хэрэглэснээс үүдэж цол хураах, бай шагналыг хасах маргаан дахин давтагдаж буй нь хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг илтгэнэ. Хэрэв таван жилийн өмнө улсын цолыг хураах үед хуулийн зохицуулалтыг чамбайруулсан бол өнөөдрийн нөхцөл үүсэхгүй байх байлаа.

• “Унавал хамт уная” гэх уран сайхны киноны шилийн сайн эрийн үг өдгөө үндэсний бөхийн жудаг, баримтлах зарчимд шингэв гэлтэй уг мэдэгдэлд бөхчүүд эмзэглэсэн байх.

• 2003 оноос өмнө улсын наадмын цол, чимгийг тухайн спортын холбоод олгоод, журамлаад явж болоод л байсан.

• Допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь нотлогдчихоод байхад эвлүүлсэн мэдэгдэл хийж, бөхчүүдээ эвдрүүлсэн хүсэлт гаргаж суухын оронд гэмээ ухаарч, ард түмнээсээ уучлалт гуйх зориг энэ залууд төрөөсэй.

Э.Оюунболд аваргын хувьд одоо цол, бай шагналаа хураалгах, барилдах эрхээ хоёр жил хүртэлх хугацаагаар хасуулах зэргээр хариуцлага хүлээгээд мартагдана гэвэл эндүүрэл. Түүний хэрэглэсэн бодис булчингийн масс нэмэгдүүлэх, ядарч цуцдаггүй болгох үйлчилгээтэй. Хамгийн хоржоонтой нь шээс хөөх буюу далдлагч бодисын бүлэгт багтдаг бэлдмэл мөн хэрэглэж, допинг хэрэглэснээ нуун дарагдуулахыг санаархсан байгаа юм. Бөхчүүд гэмтэл бэртэл их авдаг, эрүүл мэндийн шалтгаанаар эм тариа хэрэглэх үе таардаг. Допинг илэрсний дараа “бэртэлд ууж байсан эм нь ийм найрлагатайг мэдээгүй” гэх тайлбар өгдөг. Тэгвэл Олимпын хорооны дүрэмд эмчилгээтэй бол эмч нарын тодорхойлолтоор хэрэглэж буй эм бэлдмэлийн жагсаалт, хэрэглэх үндэслэлээ сайтар бэлдэж нэг сарын өмнө хороонд танилцуулснаар допингийн шинжилгээ өгөх үүргээс эмнэлгийн магадлагаагаар чөлөөлөгдөж болдог. Харин Э.Оюунболд ийм магадлагаа хүсэх мэдэгдэл зургадугаар сард өгөөгүйг Олимпын хорооны эмч Д.Энхсанаа хэлсэн. Допинг хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тамирчин байтугай жирийн иргэн ч мэднэ. Гормоны өөрчлөлт удмын санд нөлөөлж, үргүйдэл үүсэх аюултайг мэргэжлийнхэн сануулдаг. Гэтэл залуу аварга Э.Оюунболд хориотой бодис хэрэглэн бяр чадал, эрч хүчээ нэмэн байж улсын наадамд түрүүлэх сонголтыг хийлээ гэж үү. Ирээдүйгээ эрсдэлд оруулан байж өнөөдрийн түрүү авах богино ухаан үндэсний бөхийн түүхэнд дахин бүү үзэгдэг.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж итгэмжлэгдсэн 32 лабораторийн нэг БНСУ-д байрлах төвөөс ирүүлсэн шинжилгээнд Э.Оюунболд допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь нотлогдчихоод байхад эвлүүлсэн мэдэгдэл хийж, бөхчүүдээ эвдрүүлсэн хүсэлт гаргаж суухын оронд гэмээ ухаарч, ард түмнээсээ уучлалт гуйх зориг энэ залууд төрөөсэй. Хэрэв Э.Оюунболд зүлэг ногоон дэвжээнээ хүч бяраа үзэлцсэн бөхчүүдээ хүндэтгэж, үндэсний их баяр наадмаараа цэнгэн баярласан үзэгч түмнээсээ өршөөл эрэх ухамсартай бол ядаж нэг удаа уучлалт гуйж, ямар ч шийтгэл оноосон хүлээн зөвшөөрөх болно гээд мэдэгдчихвэл олон нийт арай өөр өнцгөөр харах байх. Улмаар илүү эрч хүчтэйгээр эргэн ирж, жинхэнэ бяр чадлаараа улсын наадмын түрүү авбал түүний гэмийг ойлгож, уучлах ууч сэтгэл монголчуудад бий. Харин хөдөлшгүй баримтын өмнө улайм цайм мэлзэж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэж сүржигнээд байвал олны дургүйцлийг улам өдөөхөөс цаашгүй гэдгийг санаарай даа, Э.Оюунболд минь.

Э.ОЮУНБОЛДООС ИЛЭРСЭН БОДИСУУДЫН ҮЙЛЧЛЭХ НӨЛӨӨ
S1.1A БҮЛГИЙН СТАНАЗОЛ:

Булчингийн массыг томруулах үйлчилгээтэй. Дасгалын үр дүнд булчин ширхэгээрээ томордог бол станазол хэрэглэснээр шууд хийлсэн мэт томорч, хэрэглэхээ болихоор эргээд шалчийж жижгэрдэг.

S4 БҮЛГИЙН МЕЛДОНИУМ:

Зүрхний шигдээс, цусан хангамжийн өөрчлөлтийн үед анагаах ухаанд хэрэглэдэг энэхүү бодисыг тамирчид ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, ядрахгүй байх зорилгоор хэрэглэдэг байсныг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориотой жагсаалтад оруулжээ.

S5 БҮЛГИЙН ГИДРОХЛОРТИАЗИД, ХЛОРИАЗИД:

Шээс хөөх буюу далдлагч бодисын бүлэгт багтдаг. Олон улсад хэрэглэсэн эм тариагаа далдлах зорилгоор ашигласан гэж үздэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Бээжин-2022” ба Монголчуудын боломж

 0 сэтгэгдэл
  • Бид өвлийн спорт хөгжсөн орнуудыг ашиглаж материаллаг баазаа сайжруулах боломжтой
  • Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголчуудад ийм том боломж дахиж олдохгүй


Швейцарийн Лозанн хотноо залуучуудын өвлийн III олимпид үргэлжилж байна. 15-17 настнууд оролцож буй тус олимп нэг зүйлээрээ өндөр ач холбогдолтой. Тодруулбал, ердөө хоёрхон жилийн дараа Хятадын Бээжин хотноо насанд хүрэгчдийн өвлийн олимп эхэлнэ. Тэгвэл Лозаннд өрсөлдөж буй залуучуудын 60-70 хувь нь Бээжинг зорих төлөвтэй бөгөөд одооноос бэлтгэлээ хангаж байгаа юм. Монголчууд энэ удаа биатлон, гүйлтийн цанаар тамирчдаа сойж буй. Дөрвөн жилийн өмнө тэшүүрээр олимпод оролцож байсан ч энэ удаа чадсангүй, дотооддоо өндөр чансаатай тамирчин ч бэлтгэж чадаагүй. Ер нь эндээс Монголын баг Бээжинд ямар бүрэлдэхүүн илгээх нь бараг тодорхой болж байгаа юм. Биатлоноор Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар Бээжинг зорих бэлтгэлээ хоёр жилийн өмнөөс итали мэргэжилтний удирдлага дор эхлүүлж, үүний эхлэл болгож “Лозанн-2020” хурд, цэц сорив. Э.Энхсайханы хувьд тэшилт сайтай ч буудлагын дасгалаа сайн хийх хэрэгтэй, дээр нь техникийн ур чадвараа сайжруулах шаардлагатай нь харагдсан. Тэр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрснөө Лозаннд ажиллаж буй сэтгүүлч Э.Маралд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Гэхдээ 90 гаруй тамирчнаас 12, 49 дүгээр байр  эзэлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Ч.Бямбасүрэнгийн хувьд тэшилт, техникийн ур чадвар дээрээ илүү сайн ажиллавал залуучуудын олимпод үзүүлсэн амжилтаа насанд хүрэгчдийнхээр ахиулах боломж байна. Цаначид уламжлал ёсоороо өвлийн олимпод оролцох нь тодорхой. Харин Бээжинг зорих тамирчны тоо анхаарал татаж байна. Өмнөх шиг ээ хоёр, гурван тамирчин илгээх үү, эсвэл илүү сайн бэлтгэл хийгээд бүтэн баг илгээх үү гэдэг нь холбооны зүтгэл, улсын санхүүжилтээс 100 хувь хамаарна. Тэгвэл тэшүүрчдэд нэг их найдлага тавиад хэрэггүй бололтой. Яг өнөөдрийн хувьд тэшүүрийн холбоо үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхой бус, бас олимпод хэчнээн тамирчин бэлтгэгдэж байгаа нь хаалттай шахам байна. Магадгүй “битүү морь” гэдэг шиг ганцхан жилийн дотор гэнэт цойлдоггүй юм бол тэшүүрчид хаяанд болох цагаан олимпыг өнжих нь. Хятад, Монголын хооронд цагийн зөрүүгүй тул амжилт үзүүлэх магадлал тун өндөр. Бүх тал дээр сайн бэлтгэж чадвал олимпод түүхэн амжилт үзүүлэхийг үгүйсгэхгүй. Манай урд хөршид болох цагаан олимпод европчууд ямар амжилт үзүүлэх бол гэж олон хүн анхаарлаа хандуулж байгаа биз. Магадгүй 2021 он дөнгөж гармагц хятадтай хамгийн ойр орших орнууд руу цаг агаарт дасан зохицох бэлтгэл хийхээр цуврах нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү том боломжийг монголчууд, Монголын спортын салбарын удирдлагууд овжиноор ашиглах ёстой юм. Цана, биатлон гэх мэт өвлийн спорт өндөр хөгжсөн зарим орноос ирсэн мэргэжилтнүүд монголд дээрх спортуудыг хөгжүүлэх материаллаг баазыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ хэмээн ярьж байсан. Үүний нэг тод жишээ нь Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров гурван жилийн өмнө Монголд зочлохдоо манай улсад бэлтгэлийн төв барихад туслахаа амласан. Тэрбээр “Бээжин-2022” олимпын наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гаднын тамирчид урьдчилж бэлтгэл хийх, цаашлаад монголын биатлоны хөгжилд өндөр ач холбогдолтой. Одоогоор дэлхийн биатлоны холбоонд украйн, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгааг ашиглаад танай улс олон улсын жишигт нийцсэн бэлтгэлийн төвтэй болох давуу тал байна” хэмээн ярьж байлаа. Тэгвэл энэхүү аман яриаг ажил хэрэг болгох цаг үе нь 2021 он юм. Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголчуудад ийм том боломж дахиж олдохгүй. Олдлоо ч хамгийн багадаа 30 жилийн дараа олдох биз. Өвлийн олимпыг зохион байгуулагч хятадууд 2018 оноос үндсэн бэлтгэлдээ орсон бөгөөд цана, тэшүүр, биатлоны спортод гаднын шилдгүүдийг урьж ажиллуулж байна. Тэд мөнгөө гаргасан, материаллаг баазаа бэлтгэсэн, гадаадын мэргэжилтнүүдийг тодорхой нөхцлөөр хангасан. Харин одоо үр дүнгээ үзэхээр 2022 оныг хүлээх үлдлээ.Тэгвэл монголчууд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээд үлдэх гэж байгаа юм биш биз.  









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Ливерпүүл”-ийг зогсоох баг Английн лигт алга

 0 сэтгэгдэл

Дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй дөрвөн лигийн тоглолт, түүний үр дүнг хөлбөмбөгт хорхойсдог хүн бүр хүлээж байдаг нь гарцаагүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тоглолтууд ч олны анхаарлыг ихээр татлаа. Германы Бундеслиг энэ сарын 18-ныг хүртэл завсарласан бол Испанийн Ла лиг супер цомтой холбоотойгоор мөн л энэ сарын 18-ныг хүртэл завсарлажээ. Испанийн Супер цомд “Реал Мадрид”-ын залуус “Атлетико”-г хожиж цомын аварга болов. Ингээд Англи, Италийн лигийн тойм мэдээллийг хүргэе. 

Серхио агуэро 12 тоглолтод Хет Трик толилуулсан анхны тоглогч боллоо 

Английн Премьер лигийн 22 дугаар тойрогт хэд хэдэн шинэ амжилт бүртгэгдлээ. Тоймловол, лигийг итгэл төгс тэргүүлж буй “Ливерпүүл”-ийн залуус энэ удаа “Тоттенхэм”-ийн талбайд зочлохдоо 1:0-ээр буулган авлаа. Ингэснээр тэд тэргүүлэгчийн байр сууриа бат бөх хадгалж үлдсэнээс гадна 21 тойрогт 20 дахь ялалтаа байгуулсан цор ганц баг болж байна. Тэд лигийн шинэ улирал эхэлснээс хойш нэг ч ялагдаагүй нь Европын топ дөрвөн лигийн багуудаас анхдагч боллоо. “Улаанууд” 21 тойргийн дараа 20 ялалт, нэг тэнцээтэй явна. Бусад багаас нэг тоглолт дутуу. Тэд өр сөлдөгчийнхөө хаалгыг 50 гоолоор мялааж, ердөө 14 гоол алджээ. 21 тойргоос авбал зохих 63 онооноос 61-ийг нь авсан гэж бодохоор энэ улиралд тэднийг зогсоох баг Английн лигт алга. “Ливерпүүл”-ийн дараалсан хожлын цуврал хаана хүрээд зогсохыг хэн ч таашгүй. Тэгвэл 22 дугаар тойргийн хүрээнд “Манчестер Сити”-гийн залуус “Астон Вилла”-г талбайд нь 6:1-ээр буулган авлаа. Уг тоглолтод хеттрик толиуулсан Серхио Агуэро Премьер лигийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоов. Тодруулбал, тэрбээр 12 тоглолтод хеттрик хийсэн анхны тоглогч болсон бөгөөд энэхүү дээд амжилтыг 1999 онд Алан Ширер 11 хеттрик хийснээрээ эзэмшиж байсан бол ийнхүү 21 жилийн дараа шинэчилж байгаа юм. Топ багуудын нэг “Арсенал” энэ удаа “Кристал Палас”-ын талбайд зочилсон ч ялалт байгуулж чадалгүй ганцхан оноотой гэртээ харив. Тэгвэл “Челси” хожсоноор дөрөвдүгээр байраа хадгалсан бол “Манчестер Юнайтед” лигийн хомоол хамагчдыг буулган авснаар тавдугаар байр руу дэвшлээ. Премьер лигийн хүснэгтийг “Ливерпүүл”, “Манчестер Сити”, “Лестер”, “Чел си” гэсэн дарааллаар тэргүүлж байна. 

"Юнестус"тэргүүлж эхлэв 

Италийн Сери А-гийн 19 дүгээр тойргийн хүрээнд Мөнхийн хотын “Рома” талбайдаа “Ювентус”-ыг хүлээн авсан ч дийлсэнгүй. Лигийг тэргүүлэгч “Юве”-чууд эхний 10 минутад л асуудлыг шийдэв. Тэд хоёр гоол оруулсны дараа хамгаалалтад шилжсэн. Ингээд 68 дахь минутад гоол алдсан ч дахин алдаа гаргаагүй бөгөөд эцсийн шүгэл дуугарахад 2:1-ээр хожсон “Ювентус”-ын залуус тэргүүн байрт заларч, “Рома” тавдугаар байр руу ухарчээ. Харин “Интер” талбайдаа “Аталанта”-тай тэнцсэнээр тэргүүллээ алдав. “Лацио” хүснэгтийн гуравдугаарт яваа бол “Интер”-тэй оноо хуваасан “Аталанта” топ дөрөв рүү орж ирлээ. Өнгөрсөн улирлыг бодвол энэ жил лиг өрсөлдөөн ихтэй байна. Тэгвэл “Милан”, “Наполи” хүснэгтийн дөнгөж 10, 11 дүгээр байрт жагсчээ. 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Бөхчүүдийн барилдааны идэвхийг нэмэгдүүлэх журам хэрэгжиж эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Барилдаандаа идэвхгүй оролцдог бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралдан “Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэх журам” гаргасан бөгөөд уг журмыг 2020 оны нэгдүгээр сараас дахин мөрдөхөөр боллоо. Журамд заасан болзлыг хангаагүй бөхийг улсын наадам, Цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ сарын 12-нд болох Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанаас эхлэн хэрэгжинэ гэсэн үг. Тэргүүлэгчдийн шийдвэрээр 27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80, 28-33 насныхан 70, 34-37 насныхан 50 хувьд нь заавал барилдах бөгөөд МҮБХ-ноос тогтоосон хувьд хүрэхгүй бол цагаан сар, наадмын барилдаанд оролцуулахгүй аж. Үүнээс гадна 38-аас дээш настай бөхчүүд өөрийн дураар МҮБХ-ноос зохион байгуулсан барилдаанд зодоглох боломжтой юм байна. 

Үндсэн хуулийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв шилжүүлжээ
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд тэрбээр дөрвөн удаа түрүүлж, хоёр үзүүрлэсэн байна. Харин өнгөрсөн жил “Буянт-Ухаа” спортын ордонд уг барилдаан болоход улсын харцага О.Хангай түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэж байлаа. 1992 оны өвлийн өдрүүдэд Монгол түмэн ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Монголчууд түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсны сүүлийнх нь энэ юм. Товлосон хугацаанаас нэлээд удаан хуралдаж энэхүү Үндсэн хуулийг баталсан бөгөөд дараа нь хүчит бөхийн барилдаан зохион байгуулахад улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, АИХ-ын депутат, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байв. 









A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Цэрэнчимэд: Ээж болоод дэвжээндээ эргэж ирсэн тамирчдаараа үнэхээр их бахархсан

 0 сэтгэгдэл
  • Өнөр олуулаа болох мөрөөдөлтэй 
  • Чимэдээ бид хоёр ч 62 кг-д барилдах дээр санал нэг байсан. Саяхан хөх хотод Ц.Цогтбаяр багш дээрээ бэлтгэл хийгээд ирэхдээ л энэ жинд барилдах шийдвэрээ гаргасан. Олон талаас нь ярилцсаны дүнд гаргасан шийдвэр байлаа
  • Нэг хүний цалингаар л амьдралаа болгож байгаа учраас заримдаа бухимдах үе гарна. Гэвч энэ бүхнийг тайвнаар, ухаалаг хандахыг эрмэлздэг. Хоёулаа дуртай зүйлийнхээ төлөө яваа учраас ойлголцоод, нэгнээ дэмжээд явж байна


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон түүний багш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нартай ярилцлаа.  


-“Алдар” спорт хорооны тамирчид энэ жил онцгой байлаа. Өмнөх амжилтаа эвдэн багийн дүнгээр тэргүүлсэнд баяр хүргэе. 2020 оны улсын аваргын гол онцлог юу байв. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

Ц.Х: Манай тамирчид хоёр жилийн өмнөөс нэлээд эрчимтэй ээж болсон. Гэтэл энэ жил ээж болсон тамирчид маань бүгдээрээ тэмцээндээ орлоо. Тухайлбал, С.Цэрэнчимэд гавьяат алт, Г.Отгонжаргал, Мөнхнар, Б.Одончимэг нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Товчхондоо бүгд формдоо ороод эхэлсэн гэдэг утгаараа би олимпийн жилд үнэхээр баяртай байна. Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн хурлаас УАШТ-­ээс алт, мөнгөн медаль авсан тамирчид ямар ч сорилтгүйгээр олимпийн эрхийн тэмцээнд явах шийдвэр гарсан. Энэ нь манайханд маш том боломж олдлоо гэсэн үг. Зөвхөн “Алдар” спорт хорооноос 60 орчим тамирчин УАШТ­д оролцсон. Гэхдээ бүгд “Алдар”­аас бус “Эрч” спорт хороо, ҮБТДС, БТДС­-ийн нэрийн өмнөөс тэмцээнд зодоглолоо.

-С.Цэрэнчимэд гавьяатад баяр хүргэе. УАШТ-дээ түрүүлж, олимпийн эрхийн тэмцээнд оролцохоор боллоо. Бэлтгэлийнхээ талаар ярих уу? 

С.Ц: Баярлалаа. Тэмцээний үндсэн бэлтгэлээ “Алдар” спорт хороон дээрээ хийсэн. Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багшийнхаа удирдлагад бэлтгэлээ таарууллаа. Ер нь бол бэлтгэл сайн байсан.

-УАШТ-ий өмнө бөх сонирхогчид С.Цэрэнчимэдийг 57 кг-д барилдах болов уу гэж таамаглаж байтал шууд 62 кг-д өрсөлдлөө. Жиндээ ч хурдан дасах шиг болсон. Яагаад ийм шийдвэр гаргав. Энэ талаар тайлбар өгч болох уу?

Ц.Х: Би үргэлж тамир­чидтайгаар ярилцдаг, санаа бодлыг нь сонсдог. Бүгд өөрийнхөө саналаар жингээ сонгосон, би нэг ч тамирчныг хүчилж шахаагүй. Чимидээ бид хоёр ч 62 кг-­д барилдах дээр санал нэг байсан. Саяхан Хөх хотод Ц.Цогтбаяр багш дээрээ бэлтгэл хийгээд ирэхдээ л энэ жинд барилдах шийдвэрээ гаргасан. Олон талаас нь ярилцсаны дүнд гаргасан шийдвэр байлаа. Энэ нь ч алдсангүй.

С.Ц: Ер нь бол их жин хасах хэцүү. Маш их ядардаг, сульдана, сэргэлт авах гэж уддаг. Ялангуяа төрөөд дахин дэвжээнд гарч байгаа үед бол бүр хүнд. Тиймээс багш нартайгаа ярилцаж байгаад 62 кг­д барилдахаар болсон.

-Таны хувьд нэг жил гаруйн хугацаанд дэвжээнд гараагүй. Ийм хугацааны дараа барилдах ямар байсан бэ?

С.Ц: Би 2018 оны хоёрдугаар сараас бэлтгэлд орсон. Бага багаар бэлтгэлээ хийж, дасгасаар яваад тухайн оныхоо тавдугаар сард Армийн ДАШТ­-д оролцсон. Ингээд бодохоор нэг жил гурван сарын хугацаанд бэлтгэл огт хийгээгүй юм байна. Тамирчин хүн учраас булчингийн чангарал ихтэй гээд өдрийн ихэнх цагийг хэвтэж өнгөрүүлдэг. Тэр утгаараа жин ч нэлээд нэмэгдсэн. Төрснийхөө дараа дахин барилдах сонирхолтой байсан учраас гэр бүлтэйгээ, хоёр багштайгаа зөвлөлдөж байгаад дэвжээндээ эргэж ирсэн. Хамт олон маань ч маш сайхнаар хүлээж авсан учраас барилдах хүсэл тэмүүлэл минь улам их оргилж байлаа.

-Төрснийхөө дараа анхны тэмцээндээ оролцоход хэр байв?

-С.Ц: Бие хүндрээд хэцүү байсан шүү. Хийдэг мэх, техник маань хэвийн, хурд бага зэрэг удаашралтай байсныг эс тооцвол гайгүй. Гэхдээ гол нь тэмцээнд орж байгаа сэтгэлзүй маш тайван байлаа. Барилдах хүсэл тэмүүлэл ихтэй, эрч хүч дүүрэн, шинэ хүн болсон мэт мэдрэмж төрсөн.

-2020 он бол онцлог жил. Олимп болно гэдэг утгаараа тамирчдын өрсөлдөөн ч ширүүн байлаа. УАШТ-ий зохион байгуулалт ч өмнөх жилүүдийнхээс илүү сайн, залуучуудын чадвар ч ахисан харагдлаа. Та юу гэж дүгнэв?

-Ц.Х: Тэмцээний зохион байгуулалт үнэхээр сайн байсантай санал нэг байна. Хэсгийн барилдаанаас эхлээд финал хүртэл телевизээр орон даяар шууд дамжууллаа. Спортын төв ордонд ирж тэмцээн үзэх боломжгүй хүмүүс зурагтаар, лайваар шууд үзсэн. Ер нь зохион байгуулалт өндөр байсныг онцолж, Монголын чөлөөт бөхийн холбоонд баярлалаа гэж хэлэх нь зөв. Тамирчдын чадвар ч өссөн байгааг та зөв олж харжээ. Ялангуяа Баянхонгорын дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг би онцолж магтмаар санагдлаа. Тамирчдынх нь мэх техник зөв байна, барилдах хүсэл эрмэлзэл, сэтгэл дүүрэн байна, эерэг сэтгэл үнэртэж байсан шүү. 

­С.Ц: Тэмцээн сайхан болсон гэдэг багштай санал нэг байна. 62 кг­д долоон тамирчин барилдсан. Хэн нэгнийг сайн гэж онцлохгүйгээр бүгдийг нь өөрийн өрсөлдөгчөөр нь хардаг. Тэр утгаараа бүх тамирчинтай хянуур барилдахыг эрмэлздэг. Түүнээс биш шинэ залуу тамирчин нь муу, дэлхийн медальтан нь сайн гэсэн ойлголт байхгүй. Бүгд л хүчтэй өрсөлдөгч, тиймээс бүхнээ зориулж, анхаарлаа төвлөрүүлж, багш нартайгаа зөвлөлдөж барилддаг. УАШТ-­д ч мөн адил. Үүнээс гадна төрсний дараа дахин дэвжээндээ гарч барилдаж байгаа тамирчин олон байлаа. Төрсний дараа дахин бэлтгэл хийж, барилдаж болдог юм байна гэсэн ойлголтыг ээж болсон тамирчид төрүүлсэн байх. Зүгээр ч барилдаагүй, ихэнх нь медальд хүрлээ. Үүнийг хараад ээж тамирчдаараа маш их бахархсан. Өөрөө зовлон, жаргалыг нь сайн мэдэх хүний хувьд үнэхээр гоё санагдсан.

-Манай тамирчдын сэтгэлзүй муу байдаг нь хэд хэдэн тэмцээнээс харагдсан. Тэгвэл “Алдар”-ынхны сэтгэлзүй энэ жил өөр болжээ гэж анзаарлаа?

-Ц.Х: Сэтгэлзүйч Ганзул, эмч Саранцацралт нар манай тамирчидтай ажилладаг. Тэд тамирчдад маань үнэхээр их дэм болж байна. Дээрээс нь “Батсол” компанийн захирал Батсайхан манайханд тусаллаа. Батсүмбэр дэх бааздаа байрлуулж, дөрөв хоног сэргэлтийн бэлтгэл хийлгэсэн. Үнэхээр сайхан сэргэсэн, тамирчдын маань сэтгэл санаа ч өндөр байсан. Тамирчид, дасгалжуулагчаас гадна “Алдар”-­ын арын албанд зүтгэж байгаа бүх хүний хөдөлмөрөөр тамирчид маань итгэл төгс амжилт үзүүллээ.

-Энэ жилийн хамгийн том даваа бол олимп. Гэхдээ наана нь эрх авах, дотоодын эрхийн болзлоо хангах гээд хэд хэдэн даваа байна. Үүнд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Ц.Х: Улсын аваргаас алт, мөнгөн медаль авсан тамирчид эрхийн хоёр тэмцээнд явна. Энэ нь бидэнд ашигтайгаар эргэлээ. Ийм боломжийг л тултал ашиглахын төлөө ажиллана даа. Бид одоо олимпийн эрх, олимп, олимпоос медаль авах гэсэн зорилгын төлөө урагшаа харж алхана. С.Цэрэнчимэд гавьяат гэхэд Хятадын Шиань хот руу эрхийн тэмцээнд явах гэж байгаа. Эндээс бараг эрхээ авах болов уу. Мөн 62 кг­-д бяртай байгаа учраас. Г.Мандахнарангийн хувьд олимпод явах эрхээ бараг авлаа гэж ойлгож байна. О.Үйтүмэн, Б.Одончимэг, С.Цэрэнчимэд гээд хэд хэдэн боломж бий.

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэх шаардлага гарсан учраас үүнээс хойш С.Цэрэнчимэд гавьяаттай ярилцлагаа үргэлжлүүлэв.

-Жирэмсэний амралтаа аваад шар дэвжээгээ орхих тэр үе ямар байсан бэ. Яг тухайн үед өөрийгөө дэвжээндээ эргэж ирнэ гэж бодож байв уу?

-Хүний сайн хань, хүүхдийнхээ халамжит ээж болно гэдэг угаасаа эмэгтэй хүний жам. Тэр ёсоор л би ээж болсон, сайн хань байхын төлөө хичээж яваа. Хүүхэд төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний амьдралын нэг хэсэг учраас дэвжээгээ түр орхиход тийм хүнд байгаагүй. Хэдий хугацааны дараа гэдгийг мэдэхгүй ч эргээд барилдаж эхэлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Гол нь цаг хугацаанаас л хамаарах байлаа. Гэхдээ харьцангуй эрт буюу хүүгээ гурван сартай байхаас нь бэлтгэлдээ орсон. Энэ бол намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, сайн хань, сайхан хамт олон, багш нарын ач юм. Үр хүүхдээ сайн сайхан өсгөж, сайн хүн болгох нь ээж хүний үүрэг юм байна гэдгийг нэг жил гурван сарын хугацаанд ойлгосон.

-Танай гэр бүлийнхэн чөлөөт бөхийн спортод хайртай, дуртай гэдгийг хүмүүс мэддэг болсон. Энэ жилийн улсын аварга ч онцгой байлаа. Нөхөр тань улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, та өөрөө аварга боллоо. Тэмцээн дууссаны дараа гоё мэдрэмж төрсөн биз? 

-Манай нөхөр “Арслан” клубт бэлтгэлээ хийдэг байсан. Гэр бүл болсноос хойш амьдралын шалтгаанаар хоёулаа “Алдар” дээр бэлтгэл хийх болсон юм. Хоёр өөр тийшээ бэлтгэлд явах хэцүү байсан учраас ярилцаж байгаад “Алдар”-­ыг сонгосон. Бидний бэлтгэл хийдэг заал ч үр өгөөжтэй, сайхан энергитэй учраас нөхөрт маань өгөөжөө хайрласан юм болов уу. Дээрээс нь 65 кг­ын жинд Г.Мандахнаран, Н.Лхамгармаа, Б.Батмагнай, Б.Хаш­-Эрдэнэ гэх мэт өндөр зэрэглэлийн тамирчин ихтэй, манай “Алдар”. Энэ жингийн гол өрсөлдөгч нар манай харьяалалтай байдаг. Сайн хүмүүстэй сайн бэлтгэл хийсний үр дүн ч гарч байна. Ер нь ах нартай маань бэлтгэл сургуулилт хийснээс хойш ахиц, дэвшил гараад, үр дүн нь улсын аваргын мөнгөн медаль байлаа. Үүнд маш их баяртай байгаа.

-Танай хүн Б.Батмагнай, Г.Мандахнаран гээд сайчуултай барилдсан. Тэр үед юу бодож байв?

-Батмагнай ахын хувьд олон жил ул сын аваргад тогт­вортой амжилт үзүүлж яваа сайн тамирчин. Мэдээж нөхрөө дэмжсэн. Үзэхэд хэцүү байсан шүү. Харин Мандах ахын хувьд бүх талаараа манай хүнээс илүү гэдгээ мэдрүүлсэн, ханьд маань том туршлага болсон нь дамжиггүй. Гэхдээ финалын барилдааныг би очиж үзээгүй. Нөхөр маань ч өөрөө барилдах байж миний барилдахыг үзэж, стресстээд хэрэггүй гэж зөвлөсөн. Тэр ёсоор нь финалын барилдааныг үзээгүй. Улмаар нөхөртөө медалиа авсан хойно нь баяр хүргэсэн. Нөхрөө дотроо дэмжиж байсан ч Мандахнаран ах ялах нь тодорхой гэдгийг мэдэж байлаа. Бас нэг зүй лийг онцолмоор санагдлаа. Энэ жилийн улсын авар гаас 59 кг­-ын жинд манай бэр хүрэл медаль ав­сан. Ингээд гэр бүлээрээ алт, мөнгө, хүрэл ме­даль авснаараа бахархсан. Бэр маань “Алдартан” клубт дасгалжуу­лагчаар ажил­лахын зэрэгцээ барилддаг. Ер нь л гэр бүлээрээ чө­лөөт бөхийн спор­тод дуртай.

-Хоёулаа тамирчин байхын нэг зовлон нь ар тал, үр хүүхэд орхигдох гээд байдаг тал бий. Энэ үед хамгийн том туслагч тань хэн бэ?­

-Мэдээж ээж. Ар гэртээ санаа зовох зүйлгүй тамирчинд амжилт гаргах боломж хамгийн өндөр байдаг. Ээж маань ч анхнаасаа намайг дэмжиж, бүх зүйлд минь тусалсаар өдийг хүрсэн. Ганц бие байхдаа ч, гэр бүлтэй болсон хойно ч миний ар талын асаалттай танк нь ээж шүү дээ. Хүүг минь халамжлаад, асарч сувилаад явж байгаа ээждээ маш их баярладаг. Миний хамгийн том туслагч. Ээж байхгүй бол буцаад бэлтгэл хийх ямар ч боломжгүй болж байгаа юм. Хүүг маань миний ээж харж, халамжилж байгаа гэж бодохоор юунд ч санаа зовохгүй цаанаа л нэг тайван байдаг юм.  

-Ээж болсноосоо хойш бэлтгэлийн ачаалал аваад, тэмцээнд оролцоход шантарсан уу. Эмэгтэй тамирчид ээж төрснийхөө дараа эргээд дэвжээндээ гарна гэдэг бас л том эр зориг юм шиг санагддаг. Та санал бодлоо хуваалцаач?

-Хүүгээ гурван сартай байхаас нь бэлтгэлдээ орсон болохоор эхэндээ хэцүү байсан. Бэлтгэл дээр хөхний сүү гоожно, тэмцээнд явахдаа хүртэл хөхөө саагаад л явдаг байлаа. Гэхдээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө явж байгаа гэж бодохоор шантрах зүйл бага гарна. Хүнд хэцүү үедээ зорилго, хүсэл мөрөөдлөө бодохоор сэргэдэг.

-Ганц бие байсан Цэрэнчимэд, хүүгийн ээж, сайн гэргий болсон Цэрэнчимэд хоёрын хооронд хэр том ялгаа байна вэ. Мөн сэтгэлзүйн өөрчлөлт хэр гарав?

-Оюун санааны хувьд ачаалал нэмэгдэнэ, цаг зав хомс болж байгаа юм. Өмнө нь ганц бие байхдаа найз нөхөдтэйгээ уулзах, тэдэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг байлаа. Харин одоо бол хүүхэд рүүгээ, гэр рүүгээ яардаг болсон. Гадуур хөөцөлдсөн ажил төрөл бүтэлгүйтэх, хүмүүстэй муудалцах зэрэг стресс, бухимдлаа гэрийнхээ гадаа орхиод гэртээ амар амгалан, тайван, жаргалтай байхыг хүсдэг. Тэр утгаараа гэртээ хэвийн бус уур амьсгал оруулахыг хүсдэггүй. Ер нь уучламтгай болсон байна. Манай гэрийнхэн бусдад аль болох хүндэтгэлтэй хандаж, чадахын хэрээр туслахыг хичээдэг. Энэ зан нь надад үлдэж, ээж болсноос хойш илүү мэдрэгдэх болжээ. 

-Зан ааш хэр өөрчлөгдсөн бэ?

-Нөхөр илүү их зүйл ярих байх. Гэхдээ өөрийгөө ажиглахаар уужуу, аливаад хүлээцтэй, хүнлэг болсон мэт санагддаг. Гэр бүлтэй болсноос хойш санхүүгийн асуудал их тулгардаг. Нөхөр маань цалингүй, хувиараа бэлтгэл хийдэг. Тиймээс нэг хүний цалингаар л амьдралаа болгож байгаа учраас заримдаа бухимдах үе гарна. Гэвч энэ бүхнийг тайвнаар, ухаалаг хандахыг эрмэлздэг. Хоёулаа дуртай зүйлийнхээ төлөө яваа учраас ойлголцоод, нэгнээ дэмжээд явж байна. Спортоо болиод ажил хийе гэж манай нөхөр ярьж байсан ч дуртай спортынхоо эцсийн үр дүнг үзэж, оргилд нь хүрмээр санагдсан учраас өнөөдрийг хүртэл бэлтгэлээ хийж байна. Ажлыг хэзээ ч хийж болно. Харин спорт бол залуу насных учраас түүндээ эхлээд анхаарал хандуулъя гэж ярилцдаг юм. Ярилцсан зүйл байгаа учраас эцсийн үр дүнгээ үзэхийн төлөө явна, үнэхээр болохгүй бол спортоо орхино доо.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Дараагийн тэмцээнүүдэд улам их амжилт хүсье?­

-Маш их баярлалаа. Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг гэр бүл, хань, “Алдар” спорт хорооныхон, “Эм Ти Эс” группийн захирал Б.Бат-­Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийнхан, ХААИС-­ийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.