A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2780/

Африк шиг бүү хөгж-Түүхэн сургамж

Африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2780/


Бичих сэдэв мундсандаа, эсвэл мухардсандаа ийм өгүүлэл бичих гээгүй. Манайхны аяглаж байгааг ажваас ийм аймшгийн өмнө тулж ирэхгүй гэх баталгаа алга. Популизм 30 жил Монголоор тэнүүчлэн, хүн ардын сэтгэлийг эзэмдлээ. Соёлжиж гэгээрсэн нийгмээ гээсээр л, мухар сүсэг, харанхуй бүдүүлэг нь ердийн үзэгдэл болоод ч байх. Боловсрол мэдлэгтэй, төлөв томоотой, ариун шударга, нэр төртэй хүн цөөдөөд ч байх шиг. Ер нь намайг болон монголчуудыг хатгаад болдоггүй ээ. Энэ өнцгөөс бичлээ. Бас Африкийн нэгэн алдарт дарангуйлагчтай хоёронтоо уулзаж байсных энэ тивийг гайгүй судалсан гэдгээ нотлоод хамт авахуулсан зургаа залчихлаа. Энэ бол Зимбабве гэдэг улсыг амьдын там болгож хувиргасан үхэшгүй мөнхийн Роберт Мугабе гэгч.

Иргэншсэн ертөнцийн хувьд Африкийг сонирхох сонирхол дэс дараалан буурсаар өнөө үеийг хүргэсэн. Эхний үе буюу Родезын үе ч гэж нэрлэж болох XIX зууны 1880-аад оноос дэлхийн нэгдүгээр дайн хүртлэх хооронд Африкийн их баялаг европчуудын сайн сайхныг хангана гэх үзэл их дэлгэрсэн байв. Нэгдүгээр дайны дараа 1920-иод он гэхэд энэ үзэл алга болж, II дайнаас хойш 1960-аад оны дунд үе хүртэл буюу колонийн систем задран тусгаар тогтносон улсууд үүсч эхлэхэд ирээдүйн бие даасан хөгжилтэй шинэ тив, бүс нутаг үүслээ гэх үзэл, сонирхол нэн хүчтэй давамгайлжээ.

Тэр давалгааг тухайн цагийн БНМАУ хэрдээ туулалцсан түүхээс дурдъя. Манайхан санаж байж мэдэх нэгэн алдартай зурагт хуудас бий. Морьтой монгол малчин төрийн далбаагаа хийсгэн манарган давхиж явна. Тэрбээр феодалын нийгмийг бэлгэдсэн шар талбайгаас капитализмын тас хар хөндлөн зурвасыг алгасан харайж коммунизмын бэлэг тэмдэг болсон улаан талбай руу дүүлэн орж байна. Энэ зураг чухам 1960-аад оны африкт зориулсан бүтээл байлаа. 1960-аад он бол Ази–Африкийн орнууд nation-state болох их хөдөлгөөний үе. Европын колоничлогч гүрнүүд өөрийн колонитой байх нь ёс суртахууны төдийгүй эдийн засгийн хохиролтой болохыг ойлгон Ази, Африкийн орнуудад тусгаар тогтнол бэлэглэх кампанит уралдаан өрнүүлжээ. Гэнэтийн энэ бэлгэнд бялуурсан африк тив олон жил иргэний дайн, төрийн эргэлт, социализм коммунизмын элдэв туршилт, угсаатан хоорондын тулалдаанд идэгдэж, үүний үр дагавар болсон ядуурал өлсгөлөнд нэрвэгджээ.

Африкийн шинэ тусгаар орнуудаас Монгол шиг капитализмыг алгасах хүсэлтэй улс хэд хэд гараад иржээ. Сэку Туре Гвинейд социализм байгуулахаар шийдсэнээ дэлхийгээр нэг зарлав. Тусгаар тогтносон даруйдаа Монголд айлчлав. Африк социализмын энэ цуутай хувьсгалчтай туршлагаа хуваалцахаар Монгол шийдэв. Ингээд африкийн төвд оршдог таньж мэдэхгүй, онцын ач холбогдолгүй энэ оронд 1960 онд Монгол Улсын элчин сайдын яамыг нээв. Нэгэнт социализм байгуулахаар шийдсэн бол энэ үйлсэд нь туслахын тулд ЭСЯ ажиллана. Тэнд Монголын тусламжаар эмнэлэг барьж өгөхөөр болов. Эмнэлгийн мөнгө босгохын тулд баахан машин Москвагаас ачиж очсон боловч бүгдийг нь Гвинейн сайд нар худалдаад, мөнгийг нь өгөлгүй тэр чигт нь гулруулжээ. Хөрш Мали нь капитализмыг алгасаад социализмд орчих санаатай гэдгээ илтгэн 1964 онд Малийн Ерөнхийлөгч Модибо Kэйта Улаанбаатарт морилов. Мали орон социализм байгуулахаар шийдсэн тухай Ерөнхийлөгчийн өөрийнх нь амнаас сонсоход тэр үеийн манай дарга нарт нэн таатай байлаа. Ингээд мал аж ахуйн салбарт хамтран ажиллахын бэлэг тэмдэг болгон түүнд сарлагийн нэлээн хэдэн тугал бэлэглэжээ. Далайн түвшнээс таван мянган метр өндөрт амьдардаг хүйтэн бүсийн энэ амьтныг сүүлд нь Монголын тал бүх зардлыг нь даан эквадор дахь халуун африкт аваачиж өгсөн билээ. Ингээд Малийн нийслэл Бамакод Монголын элчин сайдын яамыг нээхээр шийдлээ. Бүр сүүлдээ АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг (төрийн тэргүүн) Малид айлчлуулах боллоо. Гээд аз дутахад ийм айлчлал хэрэгжсэнгүй. Удалгүй Модибо Кэйтаг Мали  улсыг заавал капитализм дундуур туучуулна гэсэн бодолтой өөр нэг түрүүч цэргийн эргэлтээр авч хаяад, Ерөнхийлөгчийнх нь суудлыг эзлэв. Элчин сайдын яам золоор нээгдээгүй байлаа. Харин Гвиней дэх ЭСЯ зовлон амсаж, ихэнхи дипломатчид нь халуун орны хумхаа өвчнөөр нас барцгаажээ.

Үндэсний ардчилсан хувьсгалын дээд шат болсон хөгжлийн социалист чиг баримжааг барьж улс орноо хөгжүүлж буй орнуудыг (Алжир, Гвиней, Конго, Гвиней Биссау, Сомали, Бенин, Танзани, Этиоп, Мозамбик) цаашид дэмжих чиглэл удирдлага болгон, африкт социализмыг жинхэнэ зөв эхлэлээр байгуулах замд орж буй ангол улсыг дэмжиж луандад элчин сайдын яам нээх тушаал тогтоол 1977 онд манай дээд байгууллагаас гарч байжээ. Африк, Латин Америк, Азид буй Монголын элчин сайдын яамдын хамгийн гол ажлын нэг нь тэдгээр болон хөрш оронд нь буй коммунист болон тэр хэлбэрийн намынхантай уулзаж төлөөлөгчдийг нь таван жилд нэг удаа болдог МАХН-ын их хуралд урьж авчрах явдал байлаа.

1990 он хүртэл хөгжүүлж байсан манай гадаад харилцааны бодлогын зарим түүхээс дээр цухас дурдлаа. Африкт мөн их анхаарч байсан байгаа биз?

Гэтэл тэр Африк нь яасан гээч? Африкийн орнууд дахь социализмын бүтэлгүй туршилтууд, бусад увайгүй бүтэшгүй үйл явдлууд 1970-аад оны үед хэвийн үзэгдэл болов. Энэ тивийг дэлхий үл тоох хэмжээнд очжээ. Социализм байгуулж байгаа хэмээн сэтгэлээ бид эндээ хуурч байсан ганц 1980 оныг жишээлье. Википедиа дээр байж байгаа жагсаалт: Суданнэг намын сонгууль. Тунистөрийн эргэлт хийх оролдлого. Марокко-полисарын дайн. Алжир-Зөвлөлтийн тусламжаар хүнд үйлдвэржих төлөвлөгөө нурав. Этиоп-Зөвлөлтийн нисдэг тэргийг нутгийн амхаар биш үндэстнүүдийн эсрэг хэрэглэв. Кубын 20 мянган цэрэг этиопчуудтай хамтран эритрэй, Сомалид байлдаж байна, дүрвэгсэдийн тоо саяас хол давав. Сомали-дүрвэгсдийн тоо 1.5 сая хүрэв. Танзани-Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Нерьерэ ганцаараа өрсөлдөж ялав, өлсгөлөн. Занзибар-төрийн эргэлт. Уганд -орж ирж эзэлсэн Танзанийн армийн 20 мянга ба өөрийнх нь 6000 цэргийг тэжээхэд улсын төсвийн 37 хувийг зарцуулав. Нийслэл Кампалад нэг долоо хоногт улс төрийн 50 орчим аллага, өлсгөлөн. Гана-инфляц 114 хувьтай, их сургуулиудаа хаав. Нигериа-төрийн эргэлт хийх ээлжит оролдлого, 1000 хүн алагдав. Гамби-сөрөг хүчнийг хааж бүгдийг нь баривчлав. Либэриатөрийн эргэлт, иргэний дайн. Сенегал-25 жил дарангуйлсан Сэнгора унав. Мавритани-төрийн эргэлт. Мали-бослого, улсын эдийн засгийг бүрэн хямарсан гэж дүгнэв. Гвинэй–Биссауд гарсан төрийн эргэлтийг Малигаас санхүүжүүлэв. Зааны ясан эрэгнэг намын сонгууль. Бурундихристосын 52 миссионэрийг нутгаасаа хөөж гаргав.

“Тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй”

Мавритани-уржнан Оулд Салакийг түлхэж төрийн эрхийг авсан оулд даддыг ноднин Оулд Жолдук унагасан бол өөрийг нь энэ жил оулд хардалл зайлуулж Ерөнхийлөгч болов. Экваторын гвинэй-дарангуйлагч Мациасыг түлхэн унагав. Дээд вольттөрийн эргэлт. Нигер-ливийн санхүүжүүлсэн партизанууд бослого өдөөв. Камэрун-Чадаас ирсэн дүрвэгсдээс болж эдийн засаг хямрав. Чад-иргэний дайн, ливийн өдөөн хатгалга. Заир Ерөнхийлөгч Мобуту “амьд байгаа цагтаа өөр нам оршихыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэв. Гадаад худалдаанаас олсон мөнгөнийхөө 38 хувийг өрөнд эргүүлж өгч байна. Тав хүртлэх насны хүүхдийн 42 хувь нь өлсгөлөнгийн байдалд. Гвинэй Биссау-төрийн эргэлт. Сан Томэ-Анголын 1000, Кубын 100 цэрэг довтлов. Ангол-иргэний дайн. Замби-төрийн эргэлт хийх оролдлого. лесото-“лесотогийн чөлөөлөх арми” довтлов. Намиби -иргэний дайн. өмнөд африкпартизаны дайн!

Энэ бол капитализмыг алгасан социалист чиг баримжаагаар замнаж явсан тэрхүү африкт зөвхөн ганц онд тохиолдсон “хачин сонин” үйл явдлын жагсаалт ба энэ нь 1979, 1981 оныхоосоо ерөнхий дүнгээрээ юугаараа ч ялгагдахгүй. Түүнээс хойш 40 жил өнгөрөөд байгаа ч өнөөдөр тэгтлээ дээрдэж дээшилсэн юмгүй. Харин ч шашин–угсаатан хоорондын дайнд нэрвэгдэж, Судан, Мали улсууд дундуураа, Сомали нь хэд хэд хуваагдчихаад, ийм хуваагдал Нигериад нүүрлээд байна. Энэ асар том тивийн ихэнхи хэсэг нь улс төрийн мөнхийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлын намагт шигдсэн тул олон улсын интеграцаас тусдаа ертөнц болжээ. Өөрөөр хэлбэл мартагдсан ертөнц!

Африк эхнээсээ ардчиллыг сонгоогүй. Гэхдээ Азийн “бар” орнууд шиг дарангуйллын замаар улс терийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангаж чадсан нь нэгээхэн ч үгүй. Танзанийн Ерөнхийлөгч Нерьерэ өөрийн улсад нэг намын систем тогтоож буйгаа “гуйланчлал, өвчин зовлонтой хийж буй тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид гадны үзэл суртал манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй” гэсэн нь африкийн хэвшмэл хэллэг байсан билээ. Тэрбээр Индонезийн Сукарногоос сурсан ганц юм гэвэл дотоодын тогтворгүй байдлыг гаднаас дайсан эрж олох замаар шийдэх арга байв. Өмнөд Африк, Өмнөд Родез, португалын колони орнуудыг өөрийн дайсан гэж зарлаад тэмцэгчийн дүр эсгэн “Манай орон дайны байдалд орлоо гэж тунхаглаж байв. Нерьерэ танзанид 30 гаруй жил нийгмийн инженер зүйн хэдэн арван болхи туршилт хийж үзжээ. Ленинизм, Бандунгийн тунхаглал, гитлеризм, апартеид, расизм, аймаглан устгах бодлого зэргийн хольц холион бантан болсон онол, уриа, туршилт, хүчирхийлэл нь олон арван мянга түмэн хүний амиар хэмжигджээ. Колонийн систем задарсны дараа африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм. Гадны юм болгоноос сэжиглэж, хүмүүсийн хувцаслалт, алхаа гишгээнд хүртэл оржээ. Эдүгээ танзани хөгжлөөрөө тивдээ сүүл баригчдын нэг. Овойж оцойсон юмгүй, ДНБ-ээсээ хүн амдаа оноох үзүүлэлтээр дэлхийд 156-р яваа даржин орон.

Социализмын зам сонголоо хэмээн манийгаа хангалттай хуурсан Зимбабвейн түүхээс сөхье. Мөн л нуль драм. Ерөнхийлөгч Роберт Мугабетэй би хоёр ч удаа гар барилцаж зургаа татуулж байсных тэр дарагуйлагчийг гайгүй судалсан. 1980 оноос 2017 онд халаагүй засаглажээ. Тэрбээр ардчиллын зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчин дур зоргоороо авирлажээ. Тусгаар тогтнолынхоо төлөө хамтран тэмцэж явсан Жошуа Нкомог хөөж явуулаад Запу намыг нь Хойд Солонгосынхны бэлтгэсэн десантчаар цус урсан даруулаад өөрийн ЗАНУ намыг хуульчилж, өөрөө хязгааргүй дарангуйлагч нь болсон. Үндэсний эрх чөлөөний төлөө хамтран тэмцсэн ЗАНУ, ЗАПУ хоёр намын өвөр хоорондын зэвсэгт мөргөлдөөн 20 мянган хүний амь авч одов. 1982-1988 онд байлдаж туйлдаад 1989 оноос хамтарсан нэг нам болж төлөвшсөн. «Зимбабвейн африк үндэсний холбоо-эх оронч фронт» гэх лут нэртэй. Иргэний дайн, байгалийн гамшиг, өлсгөлөнгийн улмаас түм бумаараа хөрш орнууд руугаа дүрвэсэн, дүрвэсээр ч байна.

Нийт газрын 70 хувь цөөн тоот цагаан арьст фермерүүдийн мэдэлд байхад тэр улсад өлсгөлөн нүүрлэж байсангүй. Харин социалист туршилт болох газрын реформ хийхдээ цагаан арьстан фермерүүдийн газрыг хурааж, өмчид халдаж дарамталснаас тэдний 90 хувь нь Зимбабвээс дүрвэж, үлдэх нь гянданд хоригдсон буюу ядуурсан. Улс орны хүнсний үйлдвэрлэл нурсан ба үр дүнд нь ОУВС санхүүгийн дэмжлэгээ зогсоосон. Тус улсыг Их Британийн хамтын нөхөрлөлөөс хассан.

Европын холбоо хориг тавьсан, тус орон ядуурсан, гиперинфляцаар дэлхийн рекорд тогтоосон. Тэрбум тэрбумын дэвсгэрт хэвлэж гүйлгээнд гаргасан ба төдөн тэрбум зимбабве доллараар ганц талх гэх дээрээ тулсан. Хүн амын 80 хувь ажилгүй, юмны үнэ нь улсаа сүйртэл өссөн нэгэн улс Мугабейн өнгөн дээри Зимбабве болж хувирчээ.

Нийтэд ил болсон баримт. Тусгаар тогтнолоо олохын Өмнөх Зимбабве нь африк тивдээ үлэмж хөгжсөнд тооцогдож байсан бол одоо дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг. Улсын өр нь ДНБ-ийхээ 131 хувь, инфляц нь 231 сая хувь, ДНБ-ий уналт 17.76 хувь гээд 10 жилийн өмнөх үзүүлэлтээр дурайна. Ажиллаж байгаа хүн амын 10 хувь аж үйлдвэрт, тэр нь ДНБ-ийхээ 21 хувь болдог. Бүтээдэг нь нэхмэл, тамхи, хөдөө аж ахуйн боловсруулалт. Байгалийн баялаг арвинтай. Төмөр, алт, чулуун нүүрс, мөнгө, никель, алмаз. Алт, алмазны олборлолт явуулдаг ч эдийн засагтаа нэмэргүй. Хөдөө аж ахуйд хүн амын 66 хувь нь ажилладаг ба тэд нь ДНБ-ийхээ 16.7 хувийг гаргадаг. Тамхины тариалангийн экспортоор дэлхийд гуравт яваа. Хөвөн, цай, чихрийн нишэнгэ гэсгээд цаашаа тариалдаг нь байхгүй. Улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо нь дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй.

Энэ улс өрнөдийн түншүүддээ итгэхгүй, социализм нь нурсан, СССР байхгүй гэдгээр шалтаглан 2006 онд «Look East» буюу дорныг тольдох бодлого гэгчээ тунхаглаж, Хятад, Энэтхэг, Иран, Индонез, Хойд Солонгосыг баримжаалах болжээ. Гэм нь нийгмийн байгуулал нь урагш явсангүй.

Түүхнээ тодоор бичигдсэн бас нэг “туршлага” бол холер өвчний тархалт. Африктаа хошуучлав.  Өлсгөлөн, тураал цаана нь байж байгаа. Бүх бурууг Мугабед тохож түүнийг огцрохыг дэлхий даяараа шахаж шаардаж байсныг мань хүн 10-аад жил нүд анин өнгөрүүлсэн. Бүр гаднаас хөрш орнууд нь хамтран цэрэглэн халдаж, түүнийг засгийн эрхнээс унагах өдий өдий төлөвлөгөө дуулдаж байлаа. Гадаадаас элдэв санкц тавиулаад гадаадад айлчлах зорчих эрхгүй төрийн дээд түшмэд 200-д хүрч, тус улсын 40 компанийн активыг Европын холбооны орнуудад царцаагаад байлаа.

Сөрөг хүчний Морган Цвангираи тэр хоёр үхэх сэхэхээ үзэн тэмцэлдээд үр дүнгүй. Дэлхий нийт цэл залуу Цвангираиг дэмжээд байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд 90 насыг дөхсөн Мугабе яаж ийгээд ялаад байдаг. Бүр сүүлдээ Цвангираиг автомашины ослоор үхүүлэх гэж үймүүлээд эхнэрийг нь хорлож алав. Сөрөг хүчинтэйгээ ажиллаж байгаа арга нь тэр. 2013 онд үндсэн хуулийн референдум явуулж ардчилсан чиглэлтэй улс болсон гээд санкцаа цуцлуулжээ. Улс орон яг нурахын даваан дээр Зимбабвейн цэргийнхэн 2017.11.15-нд цэргийн  эргэлтэрхүү юм хийж, Роберта Мугабег баривчилж сайд нарыг нь хорижээ. Хорьж ятгасны дүнд мань хүн дөрвөн өдрийн дараа эрх баригч намын даргын тушаалаа өгч, импичмент зарлуулна гэсэн тулгалтын дор Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буув. Тэрбээр одоо 95 настай, амьд сэрүүн эмчлүүлж байгаа ба залгамжлагч, өөрийн намын Эммерсон Дамбудзо Мнангагва гэгчийг хууль бус Ерөнхийлөгч, төрийн эргэлтээр хууль бусаар надаас булаан авсан хэмээн ярьсаар сууна.

Инээдэм бус ханиадам болох түүхийн өчүүхэн хэсгээс дээр цухас өгүүллээ. Африкийн примитивизмийн сонгодог жишээ улсаар Зимбабвейг нэрлэж болно. Тэдний замаар орчихгүйн төлөө, эсвэл венесуэлийн нийгмийн эх захгүй халамжийн замаар орчихгүйн төлөө энэ нийтлэлийг дээдэст зориулан илгээлээ. Нийгмийн хэт их халамж явуулдагаараа Монгол Улс Азидаа зургадугаар байрт, Сингапур, Япон, Өмнөд Солонгостой л ана мана үзэлцээд байх нь тэр. Харин ДНБ, үндэсний орлого баялаг гэхлээр хойш суугаад азидаа бөгсний хэдэн байрын нэгэн дээр буух үйлтэй төрсөн улс уу, бид.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан бэхжүүллээ

Малын эрүүл мэндийг хамгаалах, гамшгаас сэргийлэх зэрэг баримт бичигт гарын үсэг зурав

 0 сэтгэгдэл


Делигийн нисэх буудлаас эхлээд хотынхоо зам дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зураг бүхий анонс хадаж, Энэтхэгт тавтай морилохыг урьсан нь арван жилийн дараа тус улсад хийж буй Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын ач холбогдлыг илтгэх мэт. Энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл болон урт хугацааны, найрсаг, нөхөрсөг харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд чиглэсэн юм.

Хоёр улс сонгосон нийгмийн тогтолцоогоороо төстэй. Ази тив дэх ардчиллын бэлгэ тэмдэг болдог Монгол, Энэтхэг улс энэ айлчлалаар эдийн засгийн харилцаандаа илүү ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд яваа бизнесийн 20 гаруй компани дунд АПУ, “Макс”, “Петровис”, “Тэсо” зэрэг Монголын томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан нь үүнийг илтгэнэ.

Эдийн засаг нь 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэх энэ улс Монголд 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь харьцангуй бага үзүүлэлт. Манайх ихэвчлэн самнасан ноолуур, хонины ноос экспортолж, харин цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм эмийн бүтээгдэхүүн, вакцин, ачааны тэрэг импортоор авч байна. Бид ердөө 990 мянган ам.долларын экспорт хийдэг атлаа 51.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгээс авч байна. Ийм жишээ захаас аваад мундахгүй ч үүнийг жагсааж гомдол нэхэх сонирхол хоёр орны аль алинд нь байсангүй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын хөтөлбөрийн нэг томоохон хэсэг нь Энэтхэг Монголын бизнес уулзалт юм. Тэрбээр уг уулзалтад оролцож буй Монгол Энэтхэгийн бизнес эрхлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ “...Цаашдаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх олон нөхцөл боломж энэ удаагийн айлчлалаар нээгдэж байна. Дэлхийн долоо дахь эдийн засаг болох Энэтхэг улстай Монгол Улс эдийн засгийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлнэ” хэмээн онцлов.
Жижиг, дунд үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн болон сэргээгдэх эрчим хүч, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнс, эмийн үйлдвэрт хамтран ажиллах боломж байгааг БНЭУ-ын Аж үйлдвэрийн холбооны төлөөлөл илэрхийллээ. Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй хамгийн том төсөл нь Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монголд айлчлахдаа олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй уг үйлдвэрт шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг энэ удаагийн айлчлалаар бас шийдвэрлэсэн. Тус улсын байгалийн хий болон нефтийн сайд Шри Дармендра Прадан Энэтхэг улсаас олгосон хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихвол Монголын шатахууны хэрэгцээний дөрөвний гурвыг тус  үйлдвэрээс хангах бололцоотой хэмээсэн юм. Мөн хоёр орон уул уурхайн салбарт хамтран ажиллавал илүү ирээдүй бий хэмээн тодотгов.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ НЭМЖ 236 САЯ АМ.ДОЛЛАР ОЛГОНО

Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн айлчлалд Энэтхэгийн тал өндөр ач холбогдол өгчээ. Түүнийг Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж авсан юм. Харин хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын Владивосток хотноо уулзсан Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалтаар хоёр орон хамтран хэрэгжүүлж буй төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн хэтийн төлөвлөгөөний талаар тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнтэй байв.

Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэлээ. Мөн Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж, боловсруулах үйлдвэрт нефть хүргэх асуудлыг хөндсөн юм. Гэхдээ дамжуулах хоолойноос илүүтэй төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судлахаар болов.

ЭМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, ИМПОРТЫГ ХАЛНА 

Монгол Энэтхэгийн бизнес уулзалтын голлох сэдэв эрүүл мэнд, боловсролын салбар байв.

Cadila бол Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компанийн нэг. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус компанийн дэлхийд тэргүүлдэг технологи, ноу хауг шингээсэн эмийн үйлдвэрийг Монголд байгуулах гэрээг хоёр тал байгууллаа. “Монгол эмимпекс” концерн, Cadila компанитай хамтран эмийн үйлдвэр байгуулснаар нийт эмийн импортын 80 хувийг гаднаас хангадаг Монголын эм хангамжийн салбарт том дэвшил болохыг тус компанийн гадаад харилцаа хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ тодотгосон.

Түүнчлэн Улаанбаатар хотын залуучуудыг технологийн чиглэлээр сургахаар Энэтхэгийн хамгийн том хувийн их сургууль болох LPU (Lovely Professional University)-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Эхний ээлжинд ЕБС-иудын мэдээлэл зүйн багшийг чадавхжуулахад энэ санамж бичиг чиглэнэ гэж НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат хэллээ. Мөн соёлын солилцоо, малын эрүүл мэндийг хамгаалах, гамшгаас сэргийлэх зэрэг таван баримт бичигт гарын үсэг зурав.

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэтхэгийн бизнес эрхлэгчид Монголд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зам гүүрийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Монголын экспортыг нэмэгдүүлэхэд бидэнд мэдлэг, технологи, гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг хамтарч бий болгосноор өндөр хөгжилтэй улсуудын сонирхолд нийцэхүйц бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой” хэмээсэн юм.

Бизнес уулзалтын төгсгөлд гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Энэтхэгийн бизнесмэнүүдэд Монгол Улсад бизнес эрхлэх боломжуудыг танилцууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ИРГЭДИЙН УРСГАЛ НЭМЭГДЖЭЭ

Энэтхэгт өдгөө 900 орчим монгол хүн оршин суугаагийн 90 орчим хувь нь лам, хувраг байна. Тэдний дунд харж хандах хүнгүй бага насны хүүхдүүд ч шавилан суралцахаар олноор ирдэг байна. Харин богино хугацаагаар зорчиж буй иргэдийн дийлэнх нь хэлний бэлтгэлд сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой байдгийг Энэтхэгт суугаа Элчин сайд Г.Ганболд хэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л 300 орчим монгол иргэн эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэж, бусад эрүүл мэндийн үйлчилгээг авчээ. Учир нь тус улсад эмнэлгийн үйлчилгээ сайн атлаа бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад хямд байдаг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

УИХ тарвал Г.Занданшатар хамгийн муу спикерээр тодорно

 0 сэтгэгдэл


Монголын Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 11 гишүүн УИХ-ыг удирджээ. Тэднээс хамгийн бага хугацаагаар ажилласан эрхэм бол өдгөөгийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн эх баригч Д.Лүндээжанцан юм. Тэрбээр Ц.Нямдоржийг “орондоо хууль зассан” үндэслэлээр огцорсны дараа жил гаруй хугацаанд ажилласан юм. Харин түүний шийрийг хатааж Г.Занданшатар парламентын түүхэнд бичигдэх магадлал өндөр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард томилогдсон түүний хувьд парламентын танхимын хойморт ердөө найман сар заларч байгаа. Хэрэв одоогийн УИХ Ард нийтийн санал асуулгаас өмнө тарвал тэрээр хамгийн азгүй спикерээр тодрохын зэрэгцээ хугацаанаас өмнө тарсан анхны парламентын муу спикер гэсэн толботой түүхэнд үлдэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Занаа: Баялгийн сан байгуулсан цагт иргэд хүн шиг амьдарч, Монгол маань улс шиг хөгжих боломж нээгдэнэ

Хүндээ хөрөнгө оруулалт хийдэг сантай байх ёстой

 0 сэтгэгдэл


Газрын доорх баялгаа зөв зохистой ашиглаж, үр шимийг нь иргэддээ хүртээсэн дэлхий нийтийн хамгийн оновчтой жишиг бол баялгийн сан байгуулах болохыг судлаачид төдийгүй улстөрчид хэлдэг. Манай улс эрдэс баялгийн салбартаа түшиглэн олсон орлогоо хуримтлуулж, баялгийн сан бий болгох асуудлыг 2006 оноос ярьж эхэлснээс хойш долоон Засгийн газрын нүүр үзэж байна. Монголд Баялгийн сан байгуулах цаг нь болсон эсэх талаар Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаатай ярилцлаа.

-Сүүлийн үед Баялгийн сан гэж их ярих боллоо. Баялагийнхаа үр шимийг Монгол Улс яавал зөв хүртэх боломжтой вэ?

-Хэн ч гэсэн түрийвчиндээ хэдэн төгрөгтэй, чадвал насан туршдаа хэрэглэх гайгүй сайн хадгаламжтай, бүр чадвал эцэг өвгөдөөс бидэнд өвлүүлж үлдээсэн энэ их баялгаасаа ашиг хүртдэг байхыг хүсэх нь мэдээж. Ашиг ч бай, хишиг ч бай хүртэж чадвал хүн бүрийн сэтгэл санаа тэнэгэр, монгол хүн болж төрснөөрөө бахархаж явдаг болох юм. Тэгэхээр баялгийн сан бидэнд зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Гурван сая гаруй монголчуудаас “Баялгийн сан хэрэггүй” гэж хэлэх хүн байхгүй, би итгэлтэй байна. Энэ сан зөвхөн бидэнд хэрэгтэй зүйл биш, хойч үеийнхэн маань хэдэн зуунаар хэрэглэж амьдрах боломжийг бий болгох чухал ач холбогдолтой.

-Хэрэгтэй гэж та хэллээ. Цаг нь болчихоод байхад байгуулахгүй байна гэсэн үг үү?

-Зөвхөн Монгол Улсад хэрэгтэй юм биш, бүх дэлхийн улс орнуудад хэрэгтэй, байх ёстой сан. Байгаль дэлхийн үр шим, өгөөжийг Монголын гэлтгүй дэлхийгээрээ эдэлж, хэрэглэж амьдрах учиртай. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч энэ тухай бүрэн тусгаж, тунхагласан байдаг. Байгаль дэлхийн баялаг, Монгол Улсын баялаг аль нь ч байсан тэнд амьдарч байгаа бүх нийтийн өмч. Хэн нэгэн өөр гаригаас авчирч дараа нь хэрэглэнэ гээд булаад яваагүй. Угаас заяасан эх нутгийн газар, хөрсөнд хэдэн сая жилээр байгаль эх өөрөө урлан бүтээж бий болгосон болохоор хүн бүрийн өмч гэж үздэг. Зүгээр нэг өгөөмөр сэтгэлийн асуудал биш. Тиймээс Монголын төр Баялгийн санг заавал байгуулж ард нийт, ирээдүйдээ зориулах учиртай гэж буйг дэмжиж байгаа, цаг нь ч болсон. Энэ бол шударга ёс, тэгш ёс, тэгш боломжийг бүх салбарт бий болгох, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулах тулгуур нөхцөлийг бүрдүүлж байгаа асуудал юм. Баялгийн сан байгуулсан цагт иргэн бүр хүн шиг амьдарч, Монгол маань улс шиг хөгжих бүрэн боломж нээгдэнэ. Гэхдээ Баялгийн сан дуусдаггүй, барагддаггүй, юунд ч, яаж ч, хэзээ ч хэрэглэж болно гэсэн ойлголтоор хандаж болохгүй. Баялгийн сан байгуулах нь зөв, харин сангийн хөрөнгийн зарцуулалтыг сайн тодорхойлох шаардлагатай. Бид эхлээд хүнээ баялаг гэж үздэг, хүн нь эргээд баялаг бүтээгч гэж үзэх ёстой. Ингэж хүндээ хөрөнгө оруулалт хийдэг сантай байх ёстой.

-Баялгийн сан байгуулснаар нийт иргэдэд, улс орны хөгжилд бодитой нөлөөлнө гэж бодож байна уу?

-Зөвхөн дундаж гэлтгүй бүх давхаргынханд хамаатай. Ийм сан бүх насны, бүх давхаргын амин чухал хэрэгцээ, улс орны хөгжлийг баталгаатай авч явж чадах асуудал бүрт хамаатай. Түүнээс биш нэг хүний ашиг сонирхолд нийцүүлэн тараадаг сан биш. Хэрэв тараагаад эхэлбэл сантай байсны хэрэггүй. Бид ирээдүй зуунд амьдрах чадвартай, мэдлэг, боловсролтой, эрүүл хүн шиг хүнийг бэлдэж, бий болгох чиглэлээр сангийн хөрөнгийг зарцуулах ёстой гэж бодож байна. Учир нь мэдлэгтэй, боловсролтой, оюун санаа, бие бялдар эрүүл чийрэг иргэнээ одооноос бэлдэхэд Баялгийн сан чухал үүрэг гүйцэтгээсэй. Монгол Улсыг улс шиг хөгжүүлье гэвэл ирээдүйн хүний чанарт анхаарах шаардлагатай. Хүн чанар гэдэгт эрүүл биетэй, зөв хандлагатай, зөв ёс суртахуунтай, аливаа асуудалд зарчимч хандаж, зохистой шийдвэр гаргаж чаддаг чадвартай байхаас эхлээд ардчилсан, шударга ёсны олон асуудал хөндөгддөг.

Норвегийн тэтгэврийн сан нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй

Манай нийгэмд хүний чанар сүүлийн 30 жилд танигдахааргүй өөрчлөгдөж байна. Монгол хүн өөрөө өөрийгөө хөнөөж, хар тамхинд донтож, бэлгийн замын өвчинд газар авч байгаа зэрэг олон сөрөг үзэгдэл бий болчихлоо. Тиймээс “Баялгийн сан”-гийн нэг чухал зорилт бол “хүн” гэдэг баялгийг шинээр сэргээн бүтээх асуудалд хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарах нь гарцаагүй болчихлоо.

-Баялгийн сан байгуулж, үр шимийг нь хүртсэн улс олон байдаг. Таны мэдэж байгаа ямар улс орон байна?

-Сан бүр өөрийн нэртэй, зорилготой, онцлогтой байдаг юм билээ. Норвег улсад гэхэд л Засгийн газрын дэргэдэх Тэтгэврийн сан нь бүрэн тусгаарлагдсан хоёр санд хуваагддаг ба Засгийн газраасаа хараат биш Баялгийн сантай юм билээ. Засгийн газрын дэргэдэх 1990 онд байгуулагдсан Тэтгэврийн сан нь Газрын тосны сан гэдгээрээ алдартай. Энэ сан нэг их наяд ам.доллар давсан хөрөнгөтэй, үүндээ дэлхийн хөрөнгийн зах зээлийн 1.5 хувьтай тэнцэх хөрөнгө болон хувьцаатай. 2018 оны байдлаар Норвегийн нэг иргэнд 195 мянган доллар ноогдож байсан ба улсынхаа эдийн засгаас 2.7 дахин их хөрөнгөтэй. Хөрөнгийн зах зээл дээр 77 орны бонд болон үнэт цаас эзэмшдэг, дэлхийн 8.985 компанийн хувьцааг эзэмшдэг, дэлхийн бүх хөрөнгийн 1.4 хэсгийг эзэмшдэг. Тухайлбал, Apple, Nestle, Google, Microsoft гэх мэт. Мөн АНУ, Англид хамгийн их хөрөнгө оруулалтаа хийсэн. Гэхдээ тамхи, цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулалт хийхгүй байх зарчимтай. Норвегийн Тэтгэврийн сан 1967 онд байгуулагдсан тул арай бага хөрөнгөтэй, үндэсний даатгалын сангийн хэлбэрээр ажилладаг бөгөөд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг ийм сангууд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

АН-ын зөвлөлөөс гарах шийдвэр энэ парламентын хувь заяаг шийднэ

 0 сэтгэгдэл


Энэ долоо хоногт хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хоёр ч удаа хойшлов. Ийн хойшлох болсон шалтгаан нь Ард нийтийн санал асуулгатай зэрэгцээд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг давхар явуулах хувилбарыг парламентын түвшинд ярилцаж эхэлсэнтэй холбоотой. Өнгөрсөн өдрүүдэд эрх баригч намын 46 гишүүн парламентаа тараах бичигт гарын үсэг зурсан нь тодорхой болов. Тэдгээр гишүүдийн зүгээс ч парламентаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн байр сууриа нээлттэй илэрхийлж эхэлсэн.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах хүсэлтэй МАН-ын бүлгийн 46 гишүүн, бүрэн эрхийн хугацаагаа дуусгах сонирхолтой 17 гишүүний нэрсийг харвал өнгөрсөн өвөл өрнөсөн тэмцэл сэдэрсэн нь анзаарагдаж байна. Гарын үсэг зурахгүй гэх байр суурийг илэрхийлсэн МАН-ын бүлгийн гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахад цөөнх болсон “нөхөд” байгаа нь тэмцэл дуусаагүйг харуулж байгаа юм. Тэд хариугаа авч “эрх баригчдынхаа” эсрэг зогсохоор шийдсэн нь ч тодорхой байна.

Тэдэнтэй өнгөрсөн өвлийн дуулианаар У.Хүрэлсүхийн талд санал өгснөөс намаасаа хасагдсан Л.Болд, Ж.Батзандан нар энэ удаад нэгдээд байгаа нь урвалт гэхээсээилүү өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьсны илрэл гэж ойлгогдож байна. Шинэ нам байгуулсан гишүүдийн хувьд УИХ-ыг тарааж, сонгууль явуулахад хэтэрхий тулгар байгааг ч бодолцсон байх талтай. Мөн Ц.Нямдорж сайдын хувьд яагаад М.Энхболдын талынхантай нэгдсэн нь одоохондоо тодорхойгүй. Магадгүй тэрбээр хашир нь хатгаад нөхцөл байдлыг өөрт ашигтай нүүдлийг “гэтэж” суугаа ч байж мэднэ.

Харин АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зураагүй шалтгаан нь намын байр суурийг хүлээж буй. Өчигдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд намынхаа удирдлагуудтай уулзсан гэх мэдээлэл дуулдаж байна. Тэдэнд парламентын хугацааг дуусгаж, эрх баригчдад бүрэн хариуцлага хүлээлгэх намын даалгавар оногдож буй бололтой. Дээрээс нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэйгөө цуг “хулхидуулснаа” тооцвол М.Энхболд нартай байр суурь нэгдэх цэг огтлолцож байна. Эсвэл тэд МАН-ын одоогийн удирдлагуудыгдэмжиж, өрсөлдөгчөө талцуулах бодлого ч дэвшүүлж мэдэх юм. Энэ тохиолдолд УИХ-ыг тараах нь бүр ч амархан шийдэгдэнэ. Алин боловч энэ парламентын хувь заяа АН-ын зөвлөлөөс шалтгаалах болов.

Харин энэ үйл явцыг дагаж МАН-ын бүлэг дахин хуваагдсан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулах хүсэл гэхээсээ илүү сонгуулийн тойргийн тохироо хийгээд эхэлсэнтэй холбоотой гэж эх сурвалж өгүүлж байна.

УИХ-ЫГ ТАРААХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД


1. Х.Нямбаатар
2. Л.Энхболд
3. М.Билэгт
4. Я.Содбаатар
5. Д.Тогтохсүрэн
6. С.Чинзориг
7. Ё.Баатарбилэг
8. Х.Баделхан
9. Д.Оюунхорол
10. О.Содбилэг
11. Т.Аюурсайхан
12. Б.Батзориг
13. Д.Сарангэрэл
14. Б.Жавхлан
15. Б.Дэлгэрсайхан
16. Д.Дамба-Очир
17. Ц.Цогзолмаа
18. Л.Элдэв-Очир
19. Ж.Ганбаатар
20. Н.Оюундарь
21. Л.Оюун-Эрдэнэ
22. Х.Болорчулуун
23. М.Оюунчимэг
24. Д.Ганболд
25. Г.Солтан
26. Д.Цогтбаатар
27. Ш.Раднаасэд
28. Б.Ундармаа
29. Б.Саранчимэг
30. Н.Учрал
31. А.Сүхбат
32. Ө.Энхтүвшин
33. Ч.Улаан
34. С.Батболд
35. О.Батнасан
36. Ц.Гарамжав
37. Ц.Даваасүрэн
38. Д.Лүндээжанцан
39. Л.Мөнхбаатар
40. Д.Сумъяабазар
41. Д.Тэгбишдагва
42. Ч.Хүрэлбаатар
43. Н.Энхболд
44. Б.Энх-Амгалан
45. Ж.Энхбаяр
46. Н.Цэрэнбат

УИХ-ЫН ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГИШҮҮД


1. М.Энхболд
2. Ж.Эрдэнэбат
3. С.Бямбацогт
4. Д.Хаянхярваа
5. Ж.Мөнхбат
6. Г.Тэмүүлэн
7. Н.Амарзаяа
8. Б.Бат-Эрдэнэ
9. Ж.Бат-Эрдэнэ
10. Л.Энх-Амгалан
11. Ц.Мөнх-Оргил
12. Г.Мөнхцэцэг
13. Б.Чойжилсүрэн
14. Н.Номтойбаяр
15. Б.Баттөмөр
16. Г.Занданшатар
17. Ц.Нямдорж
18. Л.Болд
19. Ж.Батзандан
20. С.Жавхлан
21. О.Баасанхүү
22. С.Эрдэнэ
23. Д.Эрдэнэбат
24. Я.Санжмятав
25. Б.Пүрэвдорж
26. З.Нарантуяа
27. Д.Мурат
28. Б.Наранхүү