A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4341/

Аялал жуулчлалын салбарт АХБ дахин гар сунгана

Аялал жуулчлалын салбарт АХБ дахин гар сунгана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4341/
  • Төсвийн алдагдал буурч, ашигтай гарсан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүн гэв
  • Төслийн эхний шатны үр дүнд Хөвсгөл нуурыг хуванцар хаягдлаар бохирдож, бэлчээр нутаг талхлагдахаас сэргийлж чадсан явдал юм
  • Төсөв, мөнгөний бодлогод нааштай өөчлөлт гарсан. Гол нь эдгээр эерэг өөрчлөлтийг цаашид тогтвортой хадгалах нь чухал 

Азийн хөгжлийн банк хагас жил тутам олон нийтэд хүртээл болгодог “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа ирэх дөрөвдүгээр сард танилцуулахаар товлож байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгч, улс орнуудад тулгарч болзошгүй төсөв, мөнгөний бодлогын эрсдэл, ДНБ-ий өсөлтийн төлвийг үүгээр шинэчлэн зарладаг. Тус банк манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг хамгийн сүүлд буюу оны өмнө гаргасан ээлжит тайландаа 6.3 хувиар төсөөлж байв. Гэвч дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн уршгаар дээрх таамаглалд тодорхой хэмжээний зайлшгүй өөрчлөлт орохоор байгааг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгч өгүүлсэн юм. Тус банк эдийн засгийг төрөлжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх бөгөөд энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч болон газар тариалан, хот байгуулалт, бүс нутгийн хөгжилд түлхүү анхаарна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, нутгийн иргэдэд түшиглэн эко аялал жуулчлалыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээс гадна Төв, Сэлэнгэ болон баруун аймагт усалгаатай газар тариаланг дэмжиж ажиллахаар судалгаа, шинжилгээний ажлаа хэдийн эхлүүлсэн байна. Тэрчлэн хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэхэд цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний нэг нь нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл. Төслийн эхний шатны үр дүнд Хөвсгөл нуурыг хуванцар хаягдлаар бохирдож, бэлчээр нутаг талхлагдахаас сэргийлж чадсан явдал юм. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл үргэлжлэх бөгөөд Хэнтий аймагт мөн хэрэгжээд байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, 2017 онд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 120 гаруй мянган ажлын байрыг бий болгосон бол 2028 он гэхэд тус салбар улсын төсөвт 2.1 тэрбум ам.долларын орлого оруулан, 149 мянган ажлын байрыг бий болгох хүлээлттэй байгаа юм. ОУВС-тай Монголын Засгийн газар гурван жилийн өмнө байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ оны тавдугаар сар дуусгавар болох юм. Уг хөтөлбөрийн үр дүнг Монгол Улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран “Онцлох зүйл гэвэл төсвийн алдагдал буурч, төсөв ашигтай гарч эхэлсэн. Цаг тулсан өрийн эргэн төлөлтийг хийсэн. Төсөв, мөнгөний бодлогод нааштай өөрчлөлт гарсан. Гол нь эдгээр эерэг өөрчлөлтийг цаашид тогтвортой хадгалах нь чухал. Банкны активын чанарын үнэлгээнд эргэж харах зүйлүүд мөн бий. Төсвийн шинэчлэлээ зогсоолгүй үргэлжлүүлэх байх гэж харж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Steppe Gold хүдэр боловсруулах үйлдвэрлэлээ эхэллээ

 0 сэтгэгдэл

Steppe Gold компани “Алтан цагаан овоо” ордын хүдэр боловсруулах үйлдвэрлэлээ эхэллээ. Тус компани тонн тутамдаа хоёр грамм алтны агуулгатай 533 мянган тонн хүдрийн чулуулгийг олборлож, овоолгон уусгах технологиор боловсруулж эхэлжээ. Алтны гарцын хувь нь 70 хувьтай байх тооцоотой. Одоогоор Steppe Gold компани ялган боловсруулах боломжтой 24 мянган унц алт бүрдээд байгаа юм. Нэг унц алтны ханш 1600 ам.доллар байна гэж тооцвол энэ нь 38 сая ам.долларын мөнгөн дүнтэй дүйцэж байна. Steppe Gold компани 2020 онд нийт 60 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. “Алтан цагаан овоо” ордоос бүрдүүлсэн эерэг бэлэн мөнгөний урсгалаа цаашид ил уурхайгаа өргөжүүлэх судалгаа болон боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхэд зориулахаар төлөвлөснөө тус компани мэдэгдлээ. “Бид Монголын санхүүгийн байгууллагууд болон хувь нийлүүлэгчдээсээ сайн дэмжлэг авч, хайгуул, хөгжүүлэлтээс олборлолт, үйлдвэрлэлийн шат руу шилжиж байгаадаа баяртай байна” гэж Steppe Gold-ийн гүйцэтгэх захирал Т.Батаа мэдэгджээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай “тоглох” вэ

 0 сэтгэгдэл
  • Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай “тоглох” вэ
  • Хувьцаа худалдан авснаар тухайн компанийн эзэмшигч болж, жил бүр ногдол ашиг авах, хувьцаагаа өссөн үед нь арилжиж, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой

Сүүлийн жилүүдэд компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгох нь эрс нэмэгдсэн. Хувьцаа арилжиж, тэрбумтан болсон хүмүүс ч цөөнгүй. Гэвч бодит байдал дээр иргэдийн дийлэнх нь хөрөнгийн зах зээлийн мэдлэггүйн улмаас санхүүгийн хохирол амсах нь түгээмэл байдаг. Тиймээс уншигчдадаа зориулж хувьцаа худалдан авахдаа анхаарах зүйлсийг бэлтгэлээ. 

Хувьцаа ба бондын ялгаа

Хөрөнгийн зах зээлд бонд болон хувьцаа гэсэн санхүүгийн үндсэн хоёр хэрэгслийг арилжаалдаг. Хувьцаа урт хугацаанд үр өгөөжөө өгдөг бол бонд тодорхой хугацаанд тогтмол хүүгийн орлого өгдөг. Та хувьцаа худалдан авснаар тухайн компанийн эзэмшигч болж, жил бүр ногдол ашиг авах, хувьцаагаа өссөн үед нь арилжиж, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой. Хувьцааг дотор нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж ангилдаг. Энгийн хувьцаа эзэмшигч ханшийн зөрүүнээс ашиг олдог. Харин тухайн компани ногдол ашиг хуваарилах бодлого баримталж байгаа бол энгийн хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөж тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Давуу эрхтэй хувьцаа өрийн хэрэгсэлтэй адил тогтмол орлоготой байх ба энгийн хувьцаанаас ялгаатай нь компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Харин бонд худалдан авах нь тухайн компанид та зээлдүүлэгч болж буй хэрэг бөгөөд хүүгийн орлогоор ашиг олдог.

Сонголт

Бирж дээр хувьцаанууд харилцан адилгүй үнээр зарагддаг бөгөөд тухайн үнийн дүн нь зах зээлийн бодит үнэлгээ мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, томоохон компанийн нэг ширхэг хувьцаа 200 мянган төгрөг байхад өөр компанийн хувьцаа 500 төгрөг байх жишээтэй. Хувьцааг зах зээлийн үнээс бага эсвэл ихээр үнэлэх нь түгээмэл бөгөөд үүнийг санхүүгийн суурь шинжилгээгээр тодорхойлдог.

Хэрхэн худалдан авах вэ

Хувьцаа эзэмшихийн тулд та Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниудаас сонголт хийж, дансаа нээлгэнэ. Ингэснээр өмч хөрөнгийн захиран зарцуулах эрх нээгдэж, арилжаа хийх боломжтой болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Билгүүн: Урт хугацаандаа зэсийн үнэ буурч магадгүй

 0 сэтгэгдэл
  • Манай бондын өгөөж харьцангуй өндөр тогтоно. Гэхдээ бид олон улсын хөрөнгийн зах зээлд бонд нэмж гаргах байдлаар санхүүжилт татах нөхцөл бүрдэх магадлал бий
  • Хятад хэр хэмжээний мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлэхээс хамаараад манай эрдсийн ирээдүй тодорхойлогдоно 

“Эдийн засаг хүндэрч, зайнаас ажиллах шаардлага тулгарч, үйлчилгээний газрууд зогсонги байдалд орсон энэ үед компани, ААН-үүдийг НДШ-ээс гурван сар ч болтугай чөлөөлж өгвөл том дэмжлэг болно” гэж MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн ярилаа. 

-Зах зээлд арилжаа хийдэг хүмүүс үнээ алдахгүйн тулд хошуурч байна. Зарим нь зах зээлийг орхиж байна. Монгол Улсын хэмжээнд үнэт цаасны зах зээлийг харахад “Мазаалай”, “Хуралдай” бондын хүү хэзээ ч байгаагүйгээр өсжээ. Яагаад ийм зүйл болоод байна вэ? 

-Хөрөнгө оруулагчид гэлтгүй дэлхий дахинаараа сэтгэл зүйн шоконд ороод байна. Сэтгэл зүйн шок хүмүүсийг сонин үйлдэл хийхэд хүргэдэг юм байна. Жишээлбэл, баруунд ариун цэврийн цаас хомсдлоо. Хэрвээ ариун цэврийн цаасыг америкчууд Хятадаас импортолж хэрэглэдэг байсан бол хомсдоно гэж бодож нөөцлөх нь зөв. Дундаж америк иргэн жилд 100 ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг гэж байгаа. Гэтэл тэр 100 ширхэг ариун цэврийн цаасных нь ердөө 10 хувийг л импортолдог. Хөрөнгө оруулагчдад ч гэсэн сэтгэл зүйн шок үүсээд байна. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг энгийн хүмүүс гаргаж байгаа. Харин хөрөнгө оруулагчид эрсдэлээс айж байна. Аль болохоор эрсдэлгүй байх, өсөх хөрөнгө рүү өнөөдөр шуурч эхэллээ. Зах зээлд зарим хөрөнгийн үнэ савлагаатай байгаа. Үүнийг эдийн засгийн суурь ухагдахууны талаас нь тайлбарлах боломжгүй болсон. 

-Монголын Засгийн газар ойрын хугацаанд бондоо эргүүлж төлөх ёстой. Үүнтэй холбоотойгоор дахиад бонд гаргах болов уу гэсэн хүлээлт байгаа байх. Гэтэл санхүүгийн зардал өслөө. Ингэснээр шинэ жишиг тогтох болов уу, эсвэл өмнөх түвшин рүүгээ буух уу? 

-Аливаа нэг тусгаар улсын бонд хоёр оронтой тооны өгөөжтэй байх тохиолдол урьд нь гарч байгаагүй. Магадгүй дампуурлын ирмэгт ирсэн улс орнуудад л харагддаг байсан үйл явдал байх. Манай бондын өгөөж харьцангуй өндөр тогтоно. Гэхдээ бид олон улсын хөрөнгийн зах зээлд бонд нэмж гаргах байдлаар санхүүжилт татах нөхцөл бүрдэх магадлал бий. Хөгжилтэй орнуудын төв банк дандаа мөнгө хэвлэж, дотоодын эдийн засгаа сэргээж байгаа. Манай улс бондын өгөөжийг илүү өндөр болгохын тулд хөгжсөн орнуудынхтай холих арга хэрэглэх нь зөв. 

-Уул уурхай Монголын эдийн засгийн гол салбар. Тэгэхээр богино хугацаанд нүүрсний орлогоо нөхөж чадах болов уу? 

-Богино хугацаанд нөхөх хэцүү. Нэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарыг дуустал хаачихлаа шүү дээ. Хоёр сарын экспортын орлогыг гүйцэж нөхнө гэдэг маш хэцүү асуудал. Гэхдээ урд хөршийн зах зээлд нүүрсний эрэлт байгаа болохоор экспорт гайгүй байх нь. Гэтэл 2020 оны дунд хугацааг харахаар зэсийн ханш унаад эхэллээ. Мөн кокосжих нүүрсний ханш унах вий гэсэн айдас байна. Дэлхийн эдийн засаг хоорондоо уялдаатай. БНХАУ-ын гаргаж буй бүтээгдэхүүнүүдийг Европын холбоо, Хойд Америкийн улсууд гээд хөгжингүй зах зээлтэй хэрэглэгчид авч байна. Гэвч хэрэглэгч улсуудад вирусийн тархалт нэмэгдэж, магадгүй 2-3 сараар сул зогсох нөхцөл байдал үүслээ. Энэ нь Хятадын компаниудад сөргөөр нөлөөлнө. Тиймээс урт хугацаандаа манай экспортын бүтээгдэхүүний үнэлгээ буурах магадлалтай. 

-Цаг үе хүндрэлтэй байгаа нөхцөлд нэг цонхны бодлого хэрэгтэй юу? 

-Мэдээж хэрэгтэй. Дотоодоосоо гарч байгаа хэмжээгээ ихэсгэхийн тулд нэг цонхны бодлого барих нь зөв. Энэ ч харагдаж байна. Хямралын үед нэг цул болж ажиллаж чадаж байгаа. Төр засаг нь үнэн зөв мэдээллийг цаг тухайд өгч байна. Иргэд төртэй хамтарч ажиллаж чадаж байгаа нь эндээс харагдлаа. Эрүүл мэндийн салбарт учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр амжилттай давж байгаа туршлагыг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх боломжтой юм байна гэж харлаа. 

-Аж үйлдвэрийн салбар руу барууны гэлтгүй дэлхийн чадварлаг институттэй орнууд төсвийн болон хавсарсан бодлого хэрэгжүүлж байна. Мөнгөний бодлогоо зөөллөх, хэцүү байгаа салбараа зээлийн баталгаагаар дэмжиж байна. Харин манай төсвийн бодлого хэр оновчтой байна вэ? 

-Хэсэг эдийн засагч төсвийн зардлыг танах хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь төсвийн зардлыг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Миний хувьд богино хугацаанд төсвийг тэлэх шаардлагатай. Ингэхдээ урт хугацаанд өгөөжөө өгөх төслүүдэд хөрөнгө оруулах замаар тэлэх хэрэгтэй. Манай улсад нэг дутагдалтай зүйл бий. 2012 онд эдийн засгийн байдал хүндэрч эхлэх үед төсвийн бодлогоороо эдийн засгаа сэргээх гэж оролдсон. Ингэхдээ улс төрийн зорилт тавьж, импортыг орлох, эдийн засгийг төрөлжүүлэх салбар руу хөрөнгө оруулахаар “Чингис” бондоос санхүүжүүлсэн. Энэ буруу шийдвэр том өр авчирсан. Эдийн засагт ээлтэй зүйл болоогүй. 

-Төсвийг тэлэх бодлогыг аль салбар руу онилбол илүү үр дүнтэй вэ? 

-Мэдээж уул уурхай. Уул уурхай манай улсын тэргүүлэх салбар бөгөөд олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болгож буй шүү дээ. Тэгэхээр уул уурхайн салбарынхаа олборлогч компаниудыг дэмжихийн зэрэгцээ ханган нийлүүлэгчдийг нь мөн харж үзэх хэрэгтэй. Ингэснээр тэр ажлын байрыг хамгаалж үлдэнэ. 

-Уул уурхайн салбарын ажил лах хүчин одоогоор 50 мянга гаруй байна. Энэ нь бусад салбарынхаас бага тоо. Тэгэхээр бусад салбартаа нөлөөлж чадах болов уу? 

-Нөлөөлнө. Уул уурхайн салбар зогслоо гэхэд банк санхүүгийн салбар зогсох эрсдэлтэй. Бусад үйлчилгээний салбарт ч сөргөөр нөлөөлнө. Орлогын эх үүсвэр хаана байна гэдгийг онилох нь чухал. Хямралын үед манай бодлого баригчид прагматик байдлаар нөхцөл байдалд хандах хэрэгтэй. 

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эрдэс баялгийн салбараас улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн дүнг харахад 2019 оны мөн үеийнхээс 10.6 хувиар буурсан байна. Төсвийн орлогын алдагдлыг нөхөх боломж бий юу? 

-Тийм боломж байхгүй. Мега төслүүдийг хийгээд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл боломжоор хангаж өгвөл давуу тал үүсэж магадгүй. Хөрөнгө оруулалтын чиглэлийн хэлцлүүд боломж авчирна. 

-Өвчнөөс үүдсэн эдийн засгийн хямрал үүслээ. Манай Засгийн газар юу хийвэл оновчтой бол? 

-Хөрвөх чадварын хямрал нүүрлээд байна. Манай улсын аж ахуйн нэгжүүдэд, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд ч тулгарч байгаа. Энэ эрсдэлээс гарахын тулд төв банк валют хэвлэж, зах зээлд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний үнэлгээ унана гэдэг хамгийн том эрсдэл. 

-Эрсдэлийг давах, бизнесийг дэмжихэд хэрэгжүүлж буй арга хэмжээнээс иргэд рүү юү, бизнесийнхэн рүү чиглэсэн нь оновчтой байна уу? 

-Манай бодлого баригчид, ялангуяа мөнгөний бодлого хэрэгжүүлэгчдээс иргэд рүүгээ ч, аж ахуйн нэгж рүүгээ ч чиглэсэн хөтөлбөрүүдийг ярьж байгаа. Гэхдээ асар ойлгомжгүй, иргэд, ААН яаж хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй байна. 

-Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт татах боломж хэр харагдаж байна? 

-Хөрөнгийн зах зээл дээр бүх хувьцаа хэрхэн унаж байгааг бид харлаа. Дийлэнх хөрөнгө оруулагч тухайн салбар ямар байгаагаас нь хамаарч хамтарч ажилладаг. 2009-2012 он хүртэл Монгол руу хөрөнгө оруулбал өсдөг гэсэн ойлголттой байлаа. Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй ингэж ажилладаг л даа. Шинжээчийн нүдээр харахад аль ч IPO, шинээр үнэт цаас гаргах асуудал өнөөгийн зах зээлд хүндрэлтэй. 

-Оюутолгой нэмэлт хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэж мэдэгдсэн. Гүний уурхай, Тавантолгойн цахилгаан станцад нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Нийлээд 4.5 тэрбум орчим төгрөг нэмж татах шаардлагатай гэхээр нь Rio Tinto-гийн хувьцааны ханшийг харлаа. Гэтэл ханш нь унаад 36 орчим ам.доллар болсон байна. Өнгөрсөн жилийнх нь ногдол ашигтай харьцуулаад үзэхээр өгөөж нь 10 хувь л байсан. Ингэж хоёр оронтой тоо руу орсон нөхцөлд ямар ч том компани хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулна гэдэг асар хүндрэлтэй. Нөгөө талаасаа манай улсад тулгарах бэрхшээлийг харж үзээд донор байгууллагууд санхүүжилтийг эрчимжүүлэх бодлого барьж болох юм. 

-Хятадаас хамаарал багатай өөр зах зээл рүү хуваарилах боломжтой юу? 

-Томоохон хөрөнгө оруулагчид Хятадтай ойрхон болохоор л Монгол руу хөрөнгө оруулдаг. Хүнд үйлдвэрлэлд ашигладаг эрдсийн бүтээгдэхүүнүүдийг БНХАУ руу зардаг. Дэлхийн хамгийн том хэрэглэгч урд хөрш хэвээрээ л байна. Цар тахлын хямралаас үүдээд шинэ хандлага гарч ирж болох юм. Урд хөрш өвчний тархалтыг харьцангуй хохирол багатай давж байна. Мөн Азийн улсууд нэг цул болж чаддагийг харууллаа. Энэ бол хямрал дууссаны дараа давуу тал болно. Хятад хэр хэмжээний мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлэхээс хамаараад манай эрдсийн ирээдүй тодорхойлогдоно. Хятад эдийн засгаа аврахын тулд шийдэмгий алхам хийдгийг хөрөнгө оруулагчид мэдэх учраас Монголд илүү найдлага тавьж магадгүй гэсэн хүлээлт байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ажлын байрыг хадгалж үлдэхийг улс орнууд урьтал болгож байна

 0 сэтгэгдэл
  • Нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг хойшлуулж, хувийн хэвшлийн алдагдлыг бага байлгах бүхий л арга замыг эрэлхийлэх болов

Коронавирусийн цар тахлын үед дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаарх хоёр дахь цувралаа бид энэ удаа хүргэж байна. Уналт гүнзгийрэх нь улам тодорхой болж, зах зээлийн итгэл суларч эхэллээ. Бизнесүүд хаагдсанаар ажилгүйдэл тэлж, энэ нь бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болж байна. Ажлын байрыг хамгаалах арга хэмжээ цаг алдалгүй авахаа улс орны эрх баригчид мэдэгдэж, дэлхийн санхүүгийн ертөнцөд юу болж байгааг дор бүрнээ ажигласаар. Их гүрнүүд мөнгөний зөөлөн бодлого руу хэлбийж, төсвийн зардлаа эргэн харж байна. Нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг хойшлуулж, хувийн хэвшлийн алдагдлыг аль болох бага байлгах бүхий л арга замыг эрэлхийлэх болов. Тэдний нэг нь Франц улс. Тус улс эдийн засаг, өрхүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум еврогийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Иргэдийн амьжиргаа дордож эхэлсэн тул өрхүүдийг газ, цахилгаан, халаалт, түрээсийн төлбөрөөс чөлөөлж, 335 тэрбум ам.долларын банкны зээлд Засгийн газар нь баталгаа олгохоо мэдэгдлээ. Европын орнууд хувийн хэвшлийн компанийн зээлд баталгаа гаргаж, эдийн засгийн уналтыг саармагжуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Испанийн Засгийн газар 100 тэрбум ам.долларын компанийн зээлд баталгаа өгч, 17 тэрбум еврогийн шууд дэмжлэг хувийн хэвшилдээ үзүүлэхээ илэрхийлсэн. COVID-19 вирусээс хамгийн их хохирол амсаж буй Итали улс 28 тэрбум ам.долларын төлөвлөгөө гаргаж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох баталгааны санд мөнгө нэмж оруулахаар боллоо. Түүнчлэн Англи улс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй хүмүүст зориулсан Засгийн газрын тэтгэмжийн хүртээмжээ өргөжүүлж, корпорацын бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүллээ. Азийн эдийн засагт нөлөө бүхий оролцоотой БНХАУ, БНСУ, Япон хямралтай хэрхэн тэмцэж байгааг бид эхний цувралдаа онцолсон. Эдгээр орон эдийн засгийн хямралаас өөрсдийгөө аврах ажиллагааг хамгийн ажил хэрэгчээр шийдвэрлэж буй. Morgan Stanley банкны таамгаар АНУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 30 хувь унаж, ажилгүйдлийн түвшин 12.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс Холбооны нөөцийн сан 500 тэрбум ам.долларын үнэт цаас, 200 тэрбум ам.долларын орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас худалдан авсан. Мөн бизнес, ажил эрхлэлтийг хамгаалах үүднээс нэмж хоёр их наяд ам.долларын санхүүгийн дэмжлэг АНУ-ын Сенат олгохоор зарлалаа. Хойд хөрш болох ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин эдийн засгийн хямралаас хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжихээ мэдэгдлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулгыг хойшлуулж байгаагаа хойд хөршийн тэргүүн үүгээр мэдэгдсэн. Бизнесийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг зургаан сараар хойшлуулахаар болсон. Мөн хөрөнгийн гадагшлах урсгалыг хязгаарлахын тулд Оросоос гарч буй бүх хүү, ногдол ашгийн төлбөрийг одоогийн хоёр хувиас дээш 15 хувь болгох санал гаргав. Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ойртуулахын тулд сард 152 ам.доллар болгон нэмэгдүүлэх санал мөн дэвшүүлээд байна. Хөл хорио тогтоосон хугацаанд иргэдийнхээ цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалахыг онцлон тэмдэглэсэн юм.