A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/944/

Аялал жуулчлалын шинэ чиглэл говиос эхэлнэ

​Нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь геопаркийн зорилго​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/944/

Байгалийн өвөрмөц тогтцоороо жилд 6.5 сая жуулчин татдаг АНУ-ын Гранд Канионтой Өмнөговийн хэрмэн цав, Шар цав, Бүгээн цав зэрэг үзэсгэлэнт газруудыг зүйрлэх нь бий. Монголын говь нутаг тогтцоосоо гадна археологи, палеонтологи, түүхийн үнэт өв агуулдгаараа онцлог. Шар цав гэхэд өдгөөгөөс 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн 18 мянга гаруй чулуужсан мөртэй. Эндээс хэмжээгээрээ дэлхийд гуравт орох үлэг гүрвэлийн мөр ч олдсон юм. 1.1 метр орчим урттай уг мөр нь 30-40 тонн жинтэй, 20-30 метр өндөр өвсөн тэжээлт зауроподын бүлгийн үлэг гүрвэлийнх гэдгийг судлаачид тогтоогоод буй. Амьтны мөрөөс яснаас нь шинжлээд мэдэх боломжгүй зан араншин, хөдөлгөөн зэрэг нарийн мэдээллийг нь тогтоож болдог учраас палеонтологийн салбарт тун үнэ цэнэтэйд тооцогддог. Гэтэл шар цавд үлэг гүрвэлийн мөр олноороо олдсон цагаас хойш зарим хүн шуналын сэдлээр мөрийг тойруулан ухаж авах явдал олон гарах болжээ.

Тиймээс ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэд аймгийн захиргаатай хамтран хашаа барьж, хамгаалалтад авсан. Мөн геопарк байгуулж уг түүх, байгалийн өвийг хамгаалахаар ажиллаж байна. Геопарк бол 2000-аад оны эхээр бий болсон аялал жуулчлалын шинэ чиглэл. Манайд дөнгөж л эхлэлээ тавьж буй нь энэ. Одоогоор ЮНЕСКО 38 орны 140 газрыг энэ ангилалд бүртгээд байгаа. Бүсээр нь авч үзвэл Европт 73, Ази Номхон далайн бүсэд 58, Латин Америкт дөрөв, Хойд Америкт гурав, Африк тивд хоёр геопарк бий. Геопарк нь геологийн зүй тогтол, палеонтологийн олдворт түшиглэдэг цэцэрлэгт хүрээлэн юм. Тэгвэл геопарк манайд яагаад хэрэгтэй вэ. Манай улсад ирж буй жуулчдын 80 орчим хувь нь жуулчны компаниудын маршрутаар аялдаг. Гэтэл энэ чиглэлүүд нь 30 гаруй жилийн өмнө буюу социализмын үеэс хойш бараг шинэчлэгдээгүй.

• Манай орны зүүн бүсийг түүх, баруун бүсийг адал явдалт говийн бүсийг геопаркийн чиглэлээр хөгжүүлэхэд тохиромжтой.

• Геопарк нь геологийн зүй тогтол, палеонтологийн олдворт түшиглэдэг цэцэрлэгт хүрээлэн юм.

• “Аватар” киноны зургийг авсан БНХАУ-ын Жанжиажэ геопаркад жилд 100-120 сая жуулчин ирдэг.

Шинэ газарт жуулчдаа аваачъя гэхэд дэд бүтэц муутай гэх зэрэг түмэн зовлон энэ салбарт бий. Мөн компаниуд л үйлчлүүлэгч авчрахгүй бол тухайн нутагт аялал жуулчлал хөгждөггүй. Аяллын маршрутад багтсан байлаа ч орон нутгийн иргэдэд өгөөж багатай. Харин геопарк байгуулснаар манай аялал жуулчлалын салбар дахь дээрх түмэн бэрхшээл нимгэрэх боломжтой. Геопаркийг хөгжүүлэх нь нэгд, байгалийн үзэсгэлэнт газар, түүхийн үнэт олдворыг хамгаалахад тустай. Хашаа татаж, хариуцах эзэнтэй болно. ЮНЕСКО-д бүртгэлтэй болох учраас жуулчдын анхаарлыг багагүй татна. Геопаркийн хамгийн гол зорилго нь аялал жуулчлалаар дамжуулж нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал. Малчид геопарк дотор жуулчдад цагаан идээгээ борлуулах, бэлэг дурсгалын зүйлс худалдаалахаас гадна бэсрэг наадам хийх зэргээр аялал жуулчлалын улиралд давхар орлого олох боломжтой. Тухайлбал, “Аватар” киноны зургийг авсан БНХАУ-ын Жанжиажэ хүрээлэнг нэрлэж болно. Уг паркад жилд 100- 120 сая жуулчин ирдэг бөгөөд нутгийн иргэдийн амьжиргаа үүний ачаар эрс дээшилжээ. Японы геопаркийн сүлжээний ерөнхийлөгч Махито Ватанабэ “Геопарк байгуулна гэдэг тухайн орон газрыг хамгаалалтад аваад, хязгаар тогтоож буй хэрэг биш. Харин иргэдэд орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ амьдралын хэв маягаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгохыг зорьдог.

Геопаркийн санхүүжилтийг орон нутгийн захиргаа гаргахыг зөвлөдөг

Тухайлбал, уул уурхайн бүс нутагт геопарк байгуулбал заавал уурхайг хаахыг шаарддаггүй. Тухайн байгалын үзэсгэлэнт газар, өвд сөрөг нөлөөгүй л бол хүлээн зөвшөөрдөг” гэв. Тэгвэл манайд геопарк байгуулах хэр их нөөц боломж байна вэ. Мэргэжилтнүүд эхний ээлжинд геопарк байгуулах хамгийн тохиромжтой газар бол говийн бүс гэдгийг хэлж байна. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Манай орны зүүн бүсийг түүх, баруун бүсийг адал явдалт аяллын чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Харин говийн бүсэд геопарк илүү тохиромжтой” гэв. Монгол орон үлэг гүрвэлийн олдворын тоогоороо АНУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт ордог. Ийм олдвор бүхий газар гэхэд Монголд 60 гаруй бий. Эдгээрээс 13 нь ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд багтсан. Тиймээс говийн бүсэд дор хаяж 13 геопарк байгуулах боломжтой.


Үүнээс гадна хүннүгийн булш, хадны сүг зураг, үзэсгэлэнт байгаль гээд геопаркийн шаардлага хангах маш олон газар Монгол оронд бий. Гэхдээ геопарк байгуулахад дэд бүтэц, хөрөнгө оруулалт нэн чухал. ЮНЕСКО бүртгэлээ гээд санхүүжилт өгдөггүй. Харин арга зүйн зөвлөгөө өгч, бусад орны туршлагаас сурах боломж олгодог аж. Тиймд нутгийн иргэдийн орлогыг нэмэх зорилготой учраас орон нутгийн захиргаа нь хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж үздэг юм байна. Ингэснээр нутгийн иргэд амьдарч буй газрынхаа өгөөж, үр шимийг аль нэг компанид алдах биш, өөрсдөө хүртэх боломж нээгдэх аж. Нөгөө талаас аялал жуулчлалын салбарыг хэдхэн компанийн “зоргоор” биш улс нэгдсэн бодлогоор зангидаж, байгальд ч, иргэдэд ч ээлтэйгээр хөгжүүлэх боломж харагдаж байгааг БОАЖЯ-ны мэргэжилтэн С.Мөнх-оргил онцолсон юм.

ЗГМ:ТОДРУУЛГА

Төрийн ажлыг эрдэмтэд хийж байна

ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас зарим зүйлийг тодрууллаа. Тус хүрээлэн Шар цавыг Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм.

-Шар цавыг геопарк болгох ажил ямар шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн долдугаар сард дэлхийн геопаркийн сүлжээний төлөөлөгчид шар цавыг үзээд явсан. Одоогоор хариу нь ирээгүй байгаа. Бид анх 1995 онд энэ газрыг илрүүлж, өнөөдрийг хүртэл судалгааны ажил хийж байна. Энэ палеонтологийн үнэт өвийг хамгаалахын тулд төсөл бичиж, Өмнөговийн орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт авсан. Одоогоор үлэг гүрвэлийн мөрийг баллахгүйн тулд хөндий гүүр, шилэн зам байгуулаад байна.

-Геопарк байгуулах нь ямар давуу талтай вэ?

-Энэ бол олон улсад 3-4 жилийн өмнөөс дэлгэрч эхэлсэн аялал жуулчлалын шинэ чиглэл. Иргэд геологийн өвөрмөц тогтоц, байгалиа хамгаалахын сацуу тогтвортой хөгжлөөр амьжиргаагаа дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр. Олон улсад 3-4 жилийн өмнөөс дэлгэрч эхэлсэн, аялал жуулчлалын шинэ чиглэл. Тухайн газрыг иргэд шинжлэх ухааны үүднээс таньж мэдсэнээр нутаг орноо хайрлах, хамгаалах хандлага нь нэмэгддэг. Яаж ашиглаж хурдан мөнгө олох вэ л гэж бодож байгаагаас байгалаа хамгаалах, тогтвортой хөгжил бий болгох талаар юу ч хийлгүй өнөөг хүрлээ. Ийм байдал ард хоцрох ёстой. Тиймээс Засгийн газар зохион байгуулах ёстой ажлыг олдвороо хамгаалахын тулд эрдэмтэд хийгээд явж байна шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жюничиро Койзуми: Би этгээд биш онцгой хүн

 0 сэтгэгдэл

Японы хамгийн нэр хүндтэй Ерөнхий сайд асантай барьсан үдийн зоог. Токиод үдийн зоогийг эрт барьдаг заншилтай ч Жюничиро Койзуми гуай 11.30-д уулзахыг санал болгоход “асуудалд орлоо доо” гэж бодогдов. Тэрбээр Imperial зочид буудлын дээд давхарт тансаг зэрэглэлийн Aqua Lounge-д тусгай өрөө захиалсан байлаа. Амралтын өдрөөр энд ирсэн Япон хатагтай нар үүдний өрөөнд хөлхөлдөх агаад Ричард Гиртэй төстэй гэгддэг түүний төрх хэвээр байгаа нь надад анхааруулга мэт харагдав. Кофены ширээ тойруулан дөрвөн зөөлөн сандал тавьсан уужим өрөөнд намайг орууллаа. Би яг цагтаа ирсэн хэдий ч 2001-2006 онд Ерөнхий сайд байсан эрхэм хэдийн ирээд хүлээж байсанд эвгүйцэх сэтгэл төрсөн юм. Койзуми гуайн долгиолсон урт үс жаахан бууралтсан ч нүдэнд хоногшсон хэвээ алдсангүй. Тэрбээр хуурайдуухан мэндлээд “Зоог барих завсар ярилцана гэж надад хэлсэн. Гэхдээ би юм идэхгүй” гэв. Сайн эхлэл лав биш. Миний зүрх огшиж, хоёр сонголт үлдлээ. Ахмад улс төрийн зүтгэлтнийг хүчээр хооллох эсвэл дэлхийн хоолны төв Токио хотод “FT-тэй уусан ногоон цай” гэдэг нийтлэл бичих.

Тэрбээр над руу зэмлэнгүй хараад “Би 2009 онд парламентаас гарснаас хойш өдөртөө хоёр хооллож байгаа. Өглөө, оройд. Үдийн хоол хэрэггүй” хэмээн үргэлжлүүлэв. Миний Япон хэл ээдэрч, Койзуми гуай надаас зайгаа барих шиг болсон тул санаачилгыг алдах аюул тулгарав. Коктейлийн өрөө боловч хоолтой л байж таарна. Хөгжим жингэнэх зуур би Imperial-ын түшлэгтэй буйданд тухалж, одоо токиогоос арчигдаж буй 1970-аад оны өрнөдийн тохь тухыг мэдрэв. Японы дайны дараах зөвшилцлийн захиргаат төр улсыг буулгахад бусдаас ихийг хийсэн хүнд асуулт тавихад тохиромжтой суудал шиг санагдлаа. Ерөнхий сайдын хувьд Койзуми Иракт цэрэглэн орохыг дэмжсэний дээр цэргийн гэмт хэрэгтнүүдийг оршуулсан Ясукуни хэмээх сүмд жил бүр мөргөж байв. Тэрбээр хуучинсаг, үндсэрхэг үзлийг хөхиүлж байсан нь эдүгээ Японы улс төрийн хамгийн хүчтэй урсгал болоод буй. Шууданг хувьчилж, зохицуулалтыг багасгах түүний алхам Японы хүнд суртлыг нураасан. Тэрбээр эрх баригч либерал ардчилсан нам дахь уламжлалт ашиг сонирхлын бүлгүүдийг нухчин дарсан Ерөнхий сайдын албанд эрх мэдлийг төвлөрүүлэхэд тусалжээ.

Ноён Койзуми одоо засаг захиргааны шинэ сөргөлдөгч болжээ. Тэрбээр 2011 оны Фукушимагийн ослоос хойш цөмийн эрчим хүчийг эсэргүүцсэн Японы хөдөлгөөнийг тэргүүлж байна. Засгийн газар үлдсэн цөмийн хөдөлгүүрүүд аюулгүй, буцаан ажиллуулж болно хэмээн ухуулж байгаа бол ноён Койзуми үүнийг худал гэдгийг илчлэн улс орноор аялж буй. Хоолны цэс авчрахад дахиад л зүрх огшив. Хавчтай талх, үхрийн махтай гамбургер, ногооны хавчуургатай талх мэтсийг бичсэн харагдана. Койзуми гуай идэхийг хүсэж байж магадгүй авч урам зориг ажиглагдсангүй. 76 настай ч хөнгөн шингэн тэрбээр Японы урт наслалтыг батлах болов уу. “Миний жин бараг өөрчлөгдөөгүй. Энэ цамцыг би 15 жил өмсөж байгаа. 15 жилийн өмнө худалдаж авсан. Багадсан зүйл алга” хэмээв. Дөрвөлжин хээтэй цамцан дээр ягаан зангиа зүүж, цайвар саарал хослол өмсжээ. Токиогийн тогоочид чимээгүй хүлцэлт өчихийн ялдамд би холимог сэндвич идэхээр Койзуми гуайтай хамтарлаа. Миний эвгүйцсэнийг өлссөн мэтээр ойлгосон тэрбээр тахианы мах, ногоотой шөлийг мөн над руу дөхүүлэв. Цөмийн станцын эсрэг үнэнээсээ тэмцэхийн хамт Койзуми бол уран илтгэгч хүн.

Түүний эцэг болон өвөө нь улс төрд чанагдаж, өөрөө лан-ын гал тогоог дамжсан. Гэвч тэрбээр Японы хувьд шинэ маягийн улстөрч. Элвис Преслийг шүтэгч, хувийн үзэлтэй энэ хүн олон нийттэй холбоо тогтоож чаддаг ба цэмбийсэн костюм өмсөж, үсээ толийтол самнасан бусадтай адилгүй. Өөрийнхөө үеийн Жорж Буш, Тони Блэр нараас ялгаатай нь түүний нэр хүнд Иракаас болж унаагүй. Поп урлагт дуртайд нь гайхсан үе тэнгийнхэн нь түүнийг “weirdo” буюу гайхал хэмээн хочилдог. Гэхдээ тэрбээр үүнд баярладаг ч үгүй, гомддог ч үгүй бололтой. Койзуми гуай “улстөрчдийн нүдэнд би этгээд харагддаг байх. Гэхдээ энгийн хүмүүст бол улстөрчид гайхал амьтад биш гэж үү. Кино, кабуки театр, сонгодог хөгжим, Элвис Преслид дуртай болохоор гайхал болчих хэрэг үү. Би зүгээр л тэдгээрт дуртай” гэсэн юм. Тэрбээр henjin хэмээх Япон үгийг сайн орчуулж өгөхийг хүссэнд “этгээд хүн” гэдэг хариулт өгснийг дурсав. Үүнд сэтгэл ханасан тэрбээр “Би бол этгээд ч биш, хачирхалтай ч биш, онцгой хүн” хэмээн ярьдаг. Койзуми гуай тэтгэвэрт гарсандаа тааламжтай байж болох ч 37 настай хүү шинжиро нь эцгийнхээ үзэл бодлыг өвлөж, парламентад суугаа.

Эцгийнхээ улс төрийн ур чадварыг мөн залгамжилсан тул лан-ын дотор залуу Койзуми Ерөнхий сайд болох нь цаг хугацааны асуудал яригддаг аж. Жюничиро хүүгээрээ үнэхээр бахархдаг авч ирээдүйд нь оролцохыг үл хүснэ. тэрбээр “тэр насанд хүрсэн хүн. Би хажууд нь суучихаад зөвлөх шаардлагагүй. шинжиро ажилч хичээнгүй хүн тул олон зүйлийг сурсан нь үнэн. Тэр бүс нутгаар явж, фермерүүдтэй уулзахаас гадна гамшгийн бүсэд очиж танилцдаг. Энэ бол маш чухал” хэмээв. Шинжирогийн эцгээсээ авсан нэг сургамж нь хатуу чанд сахилга бат юм. Засгийн газрыг сандаргаж буй дуулианы талаар ноён Койзуми ярихаас татгалзсан ч Абэгийн хувьд энэ намар дахиад ланын тэргүүнээр сонгогдоход хүндрэлтэй гэлээ. Цөмийн эрчим хүч бол түүний ярих дуртай сэдэв. “Би Ерөнхий сайд байхдаа цөмийн хөдөлгүүр хэрэгтэй гэж боддог байсан. дараа нь долоон жилийн өмнө гуравдугаар сарын 11-нд Фукушимагийн реактор газар хөдлөлт, цунами, нурангид нэрвэгдсэн” гэв. Койзуми цөмийн эрчим хүчний талаар биечлэн судлаад хууртсанаа ойлгожээ. “Цөмийг дэмжигчид аюулгүй, хямд, хязгааргүй эрчим хүчээр хангана гэх мэтээр ярьдаг” хэмээн хэлэхдээ дуу нь чангарч байв.

Тэрбээр “Энэ бүхэн худал. Би Ерөнхий сайд байхдаа цөмийн эрчим хүчийг дэмжсэн. Миний буруу” гээд хуруугаараа ширээ тогшиход шилэн аяганууд чичирхийлнэ. Японы компаниуд Британид цөмийн реактор барих гэж байгааг сануулахад тэрбээр “Британи болих хэрэгтэй. Ийм өндөр үнэтэй мөртөө аюултай зүйл барьж яах нь вэ” гэсэн юм. Миний ард хаалганы бариул дуугарч, Койзуми гуай зөөгчид туслахаар өндөсхийв. Бидний сэндвич ирлээ. Амт гэж авах юмгүй. Токиод Парисаас илүү амтат боов, неаполиос илүү пицца болон хоолонд дурлагсдыг дуу алдуулам тус улсын олон гоё зүйл хийдэгсэн. Гэтэл сэндвич дээр ирэхээр нарийн амт, тансаг үнэр эрсдэлд ордог. Гадна тал нь зөөлөн мөртөө хуурай эдгээр хавчуургатай талх сүмийн цайллагын сүүлийн хоол байвал зохилтой. Цонхоор нар тусаж эхлэхэд Койзуми хүрмээ тайлав. Японоос гадна түүнийг Иракийн эсрэг эвслийг дэмжин Жорж Буштай мөр зэрэгцэн зогсож байснаар нь мэдэх байх. Энх тайванч үндсэн хуультай тул Япон улс байлдахгүй. Гэхдээ Койзуми иракийг эзэлсний дараах мухардалд АНУ-д туслахаар цэргийн хүчээ илгээж, хуулийн заалтын хязгаарыг тэлсэн.

Тэнд үүссэн холион бантан Буш, Блэр нарыг унагасан шиг түүнд нөлөөлөөгүйг зарим талаар дайныг хэрхэн тайлбарласнаас шалтгаалсан гэдэг. ардчиллыг цэргийн хүчээр түгээх нь хэзээ ч Японы зорилго байгаагүй агаад түүний хэлдэг үг нь АНУ, Япон хоёр бол холбоотон гэдэг тайлбар байв. Тэрбээр “Манай холбоотон хүнд байдалд орсон. Тэд ямар ч байсан урагшлах ёстой байв. Бид холбоотноо дэмжихгүй гэдэг бол байж болшгүй зүйл. тэгээд нөхцөл байдал буруутсаны дараа холбоотноо орхино гэдэг Японы хувьд боломжгүй. Би одоо ч зөв гэж боддог” хэмээн өгүүлсэн юм. Түүний хэлснээр АНУ, Японы эвсэл тус улсын хувьд амин чухал бөгөөд энэ нь түүний Ясукуни сүмд очихоо зогсоох нэг шалтгаан байж магадгүй. Койзуми АНУ-ын Ерөнхийлөгч Буштай уулзах үедээ “Хэрэв та намайг Ясукунид битгий оч гэж хэллээ гэхэд би очих л болно” хэмээн тандаж асуусан аж. Харин ноён Буш инээгээд “Би хэзээ ч тэгж хэлэхгүй” гэсэн гэдэг. Одоогийн Ерөнхий сайд Абэ 2013 оноос хойш сүмд очоогүй. Түүний хуучинсаг үзлийн талаар хөндөхөд тэр жаахан ундууцах шиг болов. “Би барууны үзэлтэн үү. Абэ сан ч бас баруунтан биш”.

Тэрбээр Японыг энх тайванч үндсэн хууль нь тодорхойлдог агаад олон улсын тавцанд онцгой тоглогч болгодог хэмээв. “Бид гадаадад зөвхөн хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлдэг. Цэргийнх биш. гадаадад цэргээ байрлуулах нь одоо ч буруу зүйл үү” гэлээ. Ноён Койзуми Хятадтай харилцаагаа сайжруулахыг дэмждэг ч АНУ-ыг нэгдүгээрт тавьдаг. “Зарим хүн биднийг АНУ-аас жаахан хөндийрч, Хятадтай ойртохыг зөвлөдөг. Гэвч АНУ-тай харилцаа сайн байхын хэрээр Хятадтай харилцаа сайжирна гэдгийг ойлгох нь маш чухал” хэмээн тайлбарлав. Хачиртай талхны хагас нь тавган дээр үлдлээ. Бидний хэн нь ч дуусгахыг хүссэнгүй. Би ноён Койзумигээс одоо цагаа хэрхэн өнгөрөөж байгаа талаар асуулаа. Цөмийн эсрэг тэмцлээс гадна тэр унтаж, уншиж, кино үзэж, хөгжим сонсож байгаа гэнэ. Зөвлөх ном байна уу гэхэд наоки хиакутагийн A Man Called Pirate (дээрэмчин нэртэй хүн) роман, өнгөрсөн оны диснейгийн мюзикл гоо бүсгүй ба араатныг санал болгов. Энэ Койзумид л тохирох сонголт. Олон улстөрч ийм асуултын хариуд гоц ухаанаа гайхуулахыг оролдоно. Гэхдээ Койзуми л лав биш. Эцэст нь бид хоёр FT-тай барьсан үдийн зоогийг хэн төлөх дээр тэмцэлдэв. Тэрбээр зөвшөөрөхийн өмнө гайхсан зөөгчид миний зочин төлбөрийг хийнэ гэсэн юм. Тэгээд хэт идэвхтэй шүтэн бишрэгч байх вий гэсэн шиг дээд давхрын хүлээлгийн танхимыг гүйлгэн харснаа олны дунд уусан одлоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Lhamour долоон улсад бүтээгдэхүүнээ экспортолно

 0 сэтгэгдэл


“Одоогоос дөрвөн жилийн өмнө гэртээ анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байлаа. Эхнээсээ л Монголоор овоглосон олон улсын брэнд бий болгохыг зорьсон. Гэхдээ бүтээгдэхүүнээ ийм хурдан экспортод гаргана гэж огт бодоогүй” хэмээн Д.Хулан ярилаа. Д.Хулан бол гоо сайхны Lhamour брэндийг үүсгэн байгуулагч, өдгөө компанийнхаа ерөнхий захирал, ерөнхий технологичийг хийдэг бүсгүй. Монголын хэрэглэгчдэд хэдийнэ танил болж, дотоодын зах зээлд байр сууриа олсон тус брэнд өнгөрсөн жил олон улсын тавцанд анхлан гарсан. Одоогоор Хонконг, Тайвань, АНУ, Канадад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бол удахгүй Тайланд, Австрали, Энэтхэг рүү экспортлох үүд хаалга нээгджээ. Хамгийн сүүлд Энэтхэгийн Treasurehunt компани Lhamourыг экспортлох хүсэлтээ тавьж, өдгөө яриа хэлэлцээр эцсийн шатандаа орсон байна. “2018 он бидний хувьд маш чухал жил байлаа. өнгөрсөн жил анхны экспортоо хийсэн бол энэ жил хэд хэдэн орныг нэмсэн.

Дөрвөн жилийн өмнө гэртээ эхлүүлсэн жижиг бизнес маань өргөжөөд, бүтээгдэхүүнээ экспортлох хэмжээнд хүрнэ гэдэг яах аргагүй онцгой амжилт. Сонирхолтой нь бүтээгдэхүүний маань хэрэглэгчид манай дистрибьютер болоод байгаа. Бүтээгдэхүүнийг өөрийн биеэр мэдэрч, бидний философийг ойлгодог болсон хүмүүс тухайн улс орондоо энэ философийг түгээж, гадаадын хэрэглэгч нарт эрүүл бүтээгдэхүүн хүргэе гэсэн үндсэн дээр дистрибьютер болж байна. Бид жилийн эцэст долоон орон руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа” хэмээн Д.Хулан нэмж хэлсэн юм.


-Бүтээгдэхүүнээ олон улсад гаргахад ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

-Бид Монголын гоо сайхны бүтээгдэхүүний экспортын 90 хувийг дангаараа хийж байгаа. Экспортоо бага багаар нэмэгдүүлсээр л байна. Мэдээж арьсанд шууд нөлөөлөх бүтээгдэхүүн учраас экспорт хийхийн тулд цөөнгүй бичиг баримт бүрдүүлж, олон шалгуурыг давах ёстой. Эхний экспортоо хийхийн тулд олон сарын хөдөлмөр орно. Өнгөрсөн жил бид анхны экспортоо хийсэн бол энэ жил дистрибьютерийн уулзалтаа Улаанбаатарт анх удаа зохион байгууллаа. Энэ бол Монгол улсыг сурталчлах нэг боломж. Хамгийн сүүлд гэхэд Энэтхэг улсаас дистрибьютер компанийн төлөөлөл ирээд байна. Ирэх жил таван орноос дистрибьютер урьж ирүүлэхээр төлөвлөсөн. Бүтээгдэхүүнээ экспортод гаргахад хүндрэл бэрхшээл гарах нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь Монгол талаасаа байдаг. Жишээ нь, төлбөр тооцооны асуудал их хүнд. Мөн далайд гарцгүй орон учраас тээврийн зардал өндөр. Энэтхэг рүү гэхэд Монголын талаас хийсэн экспорт бараг байдаггүй. Бидний харьцаж байгаа тээвэр зуучийн компаниуд Энэтхэгт бараа нийлүүлэх ямар ч туршлагагүй. Өмнө нь Канад руу экспорт хийхэд бас л иймэрхүү бэрхшээлтэй тулгарч байсан. Туршлагагүйгээсээ болоод эвгүй байдалд ч орж байсан удаатай. Гэхдээ хэцүү ч гэсэн бид эхлэлийг нь тавих ёстой. Энэ нь дараа дараагийн хүмүүст тус болно.

-Танай бүтээгдэхүүн юугаараа онцлог болоод гаднынхны анхаарлыг татаад байна вэ?

-Дэлхий дахинд олон компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин бид бүтээгдэхүүнээ ямар байдлаар Монголын түүхий эдтэй хослуулж болох вэ, олон улсад жишиг болсон байгалийн гаралтай бүтээгдэхүүний трэндтэй ямар байдлаар нийцүүлэх вэ гэж их бодсон. Жишээ нь, хонины сүүлний тос, жамц давс зэрэг түүхий эдийг онцлог байдлаар оруулсан нь бидний давуу тал. Нөгөө талаар бүгдийг өөрсдөө үйлдвэрлэдгээрээ бусдаас ялгарна. Түүхий эд боловсруулахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх шат дамжлагыг өөрсдөө хийдэг. Анх ванны бөмбөг, саван, уруул өнгөлөгч гэсэн гурван бүтээгдэхүүнтэй байсан бол одоо 60 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Манай компани 30 гаруй ажилтантай, дийлэнх нь эмэгтэйчүүд. Бид эмэгтэйчүүдийг өөрийн гэсэн ажил, зорилго, мөрөөдөлтэй болгоход туслахыг хичээдэг. Тиймээс охидод чиглэсэн хөтөлбөрийг байнга зарладаг. Мөн эмэгтэйчүүдийн гарааны бизнесийг дэмжихэд их анхаардаг. Манай дистрибьютерууд ихэвчлэн гарааны бизнес хийж эхэлсэн эмэгтэйчүүд.

Гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гэж ойлгож болно

Манайх эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд гээд бүх хүнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг нь хамгийн гол онцлог. Өөрөөр хэлбэл, гоо сайхны гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Манай түүхий эдийн хослол маш сонирхолтой. Жишээ нь халгай, ганга, сарлагийн сүүг нэрлэж болно. Саванг цэвэр сарлагийн сүүгээр хийснээр арьсны архаг өвчтэй хүмүүс ч хэрэглэх боломжтой болсон. Одоо харшил гэдэг зүйл дэлхийн бүх л улс оронд эрс нэмэгдэж байна. Харшилтай хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүн тэр бүр хэрэглэж чаддаггүй. Харин бид харшилтай хүмүүст зориулаад өнгөгүй, үнэргүй бүтээгдэхүүн хийж байгаа. Арьсыг эрүүлжүүлж, дотроос нь эрүүл болгоно гэсэн үг.

-Бүтээгдэхүүнийхээ орцыг хэрхэн гаргаж авдаг нь сонирхол татаж байна?

-Би олон улсын органик гоо сайхны химийн найрлагын дипломтой. Англи улсад энэ чиглэлээр суралцаж төгссөн юм. Органик гоо сайхны бүтээгдэхүүнд химийн бодис ороогүй болохоор хэдэн юм хооронд нь нийлүүлээд болчихно, амархан ажил гэж хүмүүс боддог. Гэхдээ энэ бол олон улсын стандарттай бүхэл бүтэн шинжлэх ухаан. Монгол шиг ийм сайхан баялаг оронд асар их нөөц бий. Олон жилийн турш уламжлан хэрэглэж байсан зүйлийг л манай компани орчин үеийн хэрэглээ болгож өгч байгаа юм.

-Зах зээлд өрсөлдөхөд үнэ чухал нөлөө үзүүлнэ. Танай бүтээгдэхүүний үнийг сонирхож болох уу?

-Анх үйлдвэрлэлээ эхлэхэд хүмүүс “Жирийн нэг саван яагаад ийм үнэтэй байгаа юм” гэх мэтээр асуудаг байсан. Харин одоо бол манай байнгын хэрэглэгч нар “дэндүү хямдхан санагдаж байна. Ийм бүтээгдэхүүнийг гадаадаас хэзээ ч ийм үнээр олж чадахгүй” гэдэг. Олон улсад бол манай бүтээгдэхүүн яг боломжийн үнэтэй, айхтар өндөр биш, бас хямдхан биш. Гар аргаар үйлдвэрлэдэг гэдэг утгаараа бүтээгдэхүүн бүр өөр. Нэг төрлийг цөөн тоогоор хийдэг, массын үйлдвэрлэл биш болохоор жирийн бүтээгдэхүүнийг бодвол арай үнэтэй. Гэхдээ гар аргаар хийсэн гэдэг нь бидний бас нэг үнэ цэнэ. Гар аргаар үйлдвэрлэсэн үнэ цэнээ бид хэзээ ч алдахгүй гэж боддог. Манай бүтээгдэхүүн ерөнхийдөө 5-30 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа.

-Та яриандаа үнэ цэнэ гэж хэд хэд дурдлаа. Компанийн үнэ цэнийн талаар илүү тодруулж өгнө үү?

-Бидний хувьд үнэ цэнэ гэдэг зүйл анхнаасаа чухал байсан. Эрүүл бүтээгдэхүүн гэхээсээ илүү эрүүл нийгмийг бий болгохоор зорьж буй нь бидний хамгийн гол үнэ цэнэ. Lhamourын бүтээгдэхүүн бол бидний алсын зорилгод хүрэх хэрэгсэл юм. Бид бүтээгдэхүүнээрээ дамжуулаад өөрийгөө хайрлаж, эрүүл мэнддээ анхаарал тавиарай гэсэн мессежийг хүмүүст хүргэхийг зорьж байна. Бид одоогоор шангри-ла, их дэлгүүр, Зайсан хилл гэсэн гурван газар салбар дэлгүүрээ ажиллуулж байгаа. Борлуулалт жил ирэх тусам нэмэгдэж, байнгын худалдан авагчтай болсон. Хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ хэрэглэдэг юм. Нэг үеэ бодвол залуучууд манай бүтээгдэхүүнийг их сонгож байгаа. Бүтээгдэхүүний чанараас гадна цаад компани нь юунд тэмүүлж байна, нийгэмд ямар хэрэгтэй юм хийх гээд байгааг хүмүүс мэддэг болсон. Бид хүүхэд, залуучууд, ээжүүд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хөтөлбөр хийдэг. Манай бизнес өргөжин тэлэх тусам эдгээр хөтөлбөрөө улам эрчимжүүлнэ. Ерөнхийдөө манай бүтээгдэхүүний үнэ цэнийг харж гаднын компаниуд холбогддог болохоор аль ч улсад зарах боломжтой гэж бодож байгаа.

Д.Хулан гадаадад цөөнгүй жил суралцсан. Монгол гэхээр гаднынхан бараг мэддэггүй, Монголын брэнд гэж сонссон хүн байдаггүй нь харамсалтай санагддаг байж. Тиймээс Монголын нэрийг олон улсад гаргасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж, Lhamour брэндийг бий болгосон гэдгээ тэрбээр сонирхуулсан. Түүний хүсэл, зорилго эхнээсээ ийнхүү биелж, олон улсад танигдаад эхэлжээ.

Самридди Пандей: Lhamour Энэтхэгт амжилт олж чадна

Lhamour брэндийг эх орондоо нийлүүлэхээр яриа хэлэлцээ өрнүүлж буй Энэтхэгийн Treasurehunt компанийн захирал Самридди Пандей Монголд ирээд байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Яагаад Монголын бүтээгдэхүүнийг эх орондоо борлуулахаар шийдсэн юм бэ. Юу нь илүү таалагдав?

-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас Lhamour-ыг анх мэддэг болсон. Ах маань Сингапурт зочлоод буцахдаа Lhamour-ын бүтээгдэхүүнийг гэр бүлийнхэндээ бэлэг болгон авчирсан юм. Ахын эхнэр гарын тос, биеийн тосыг нь хэрэглэж үзэхэд маш их таалагдсан юм билээ. Ингээд гэрийнхэндээ хэлсэн. Үүнээс хойш Lhamourын бүтээгдэхүүнийг судалж, анх бий болсон түүхийг уншаад Энэтхэгийн хэрэглэгчдэд хүргэхийг хүссэн юм. Бид багаасаа байгальд ээлтэй байх, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн үнэ цэнийг мэдэрч өссөн хүмүүс. Lhamour-ын түүх болон үнэ цэнэ бидэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг Энэтхэгт түгээх бизнес эрхлэхээр шийдсэн юм.

-Компанийнхаа талаар сонирхуулаач?

-Манай гэр бүлийнхэн бүгд дор бүрнээ ажил хийдэг байлаа. Харин Lhamour-ын талаар мэдсэний дараа гэр бүлээрээ гарааны бизнес эхлүүлэхээр шийдэж энэ компаниа байгуулсан юм.

-Энэтхэг бол тэрбум гаруй хүн амтай асар том зах зээл. Lhamour брэнд танай зах зээлд хэр амжилт олох бол?

-Амжилт олох магадлал маш өндөр гэж бодож байгаа. Яагаад гэвэл зөвхөн Энэтхэг гэлтгүйдэлхий нийтээрээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг илүүд үзэж байна. Энэтхэгт маш олон байгалийн гаралтай бүтээгдэхүүн байдаг. Манай улсын олон бүсгүй өөрсдийн гарааны компаниа байгуулаад явж байна. Ерөнхийдөө байгалийн гаралтай бүтээгдэхүүний ач холбогдлыг сайн ойлгодог болсон. Гэхдээ байгальд ээлтэй, өөрийн гэсэн үнэ цэнэтэй компанийг сонгох хандлага давамгайлж байгаа. Тиймээс Lhamour зах зээлд байр сууриа олж чадна гэж бодож байна.

-Жирийн хэрэглэгчийн хувьд асуухад Lhamour-ын ямар бүтээгдэхүүн илүү таалагдав?

-Чацарганатай биеийн тосыг хамгийн их хэрэглэдэг. Энэтхэгийн цаг агаарт нийцдэг болохоор миний арьсыг их гоё болгосон.

-Энэтхэгчүүд монголчуудын талаар хэр ойлголттой байдаг вэ. Монголын компани гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байгааг ямраар харж байгаа бол?

-Би Lhamour-той холбогдож, дистрибьютер хийж эхэлснээс хойш долоон сар өнгөрч байна. Найз нөхөд маань миний хийж байгаа ажлыг их асуудаг. Гэхдээ тэдний ихэнх нь Монголыг сайн мэддэггүй. Харин мэддэг хүмүүс нь үзэсгэлэнтэй сайхан байгальтай гэж ам сайтай байдаг. Миний хувьд Монгол гэж онцгой улсыг мэддэг боллоо, өөрийн биеэр ирж үзлээ. Ингэснээр илүү их эрч хүч нэмэгдэж байна. Монголд ирээд маш их сэтгэл хөдөллөө. Энэ компанийн талаар, бүтээгдэхүүнтэй холбоотой бүх л зүйлийг мэдэх хүсэлтэй. Тэгээд Энэтхэг рүүгээ хурдхан буцаж, бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Усан бороо урагшгүй ноёдыг "уйлуулна"

​Зам нь эвдэрсний дараа ус зайлуулах хоолой барьдаг улс Монголоор дуусаг​

 0 сэтгэгдэл

Италийн Генуя хотод гүүр нурж, 20 гаруй хүн нас барсан харамсалтай явдал тохиолдлоо. Аадар бороо, хүчтэй салхины улмаас хөрсөнд нуралт үүссэн нь ослын үндсэн шалтгаан гэх урьдчилсан таамаг байна. Энэ зуур арлын Япон бас гамшигт өртөж, сүйдсэн газар нутагт Эзэн хаан нь өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцав. Өмнөд хөрш Хятад ч бас далайн хар шуурганд нэрвэгдэж, үйлээ үзэж сууна. Нийт 10 хотын 200 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Энэ мэтээр байгаль эх зөвхөн Монгол гэлтгүй бөмбөрцгийн бусад хэсэгт ч ааш аягаа үзүүлсээр. Гэхдээ энд нэг тайлбар хэлэх нь зүйтэй байх. Япон, Хятадыг сүйд хийгээд байгаа айхтар далайн хар салхины хажууд манайд ороод байгаа усархаг бороо бол хүүхдийн тоглоом шахуу юм шүү дээ. Бид л сүр бадруулаад “байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл” гэж тодорхойлоод байгаа болохоос улс орон бүрт л орж байдаг л бороо. Харин борооноос болж учирсан хохирлыг тооцвол өөр л дөө. “Манайд бороо орж үеэр бууснаас болоод төмөр зам эвдэрч, галт тэрэг замаасаа гарч уналаа” гээд өөр орныхонд яривал шоолох байх даа.

“Та нар чинь үерийн уснаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авдаггүй юм уу. Хуучирсан дэр моднуудаа сольдоггүй юм уу” гээд толгой сэгсрэх байлгүй. Нөгөө Итгэлт баяны хэлдэгчлэн “хүнд хэлэхэд ичмээр дамшиг” гэдэг шиг л юм болж байна даа. Бороо орж, үер буух бол хаа ч байдаг үзэгдэл. Гэхдээ борооноос болж төмөр зам уналаа гэж өөр улс оронд бол дуулддаггүй. Гамшиг дагуулсан өнөөх бороо дахиж орох магадлал өндөр болохоор үерийн хамгаалалт хийхээр ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь яагаад хийж байгаагүй юм бол. Говьд бороо орохгүй гэж тооцсон юм болов уу. Гэнэт ухаан орсон сайд дарга нар Дорноговьд бөөнөөрөө десант буулгаж, учирсан хохирлыг арилгаж байгаа нэрийдлээр өөрсдийгөө жаал сурталчлаад авав. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг өмнө нь яагаад аваагүй юм бэ гэдэг асуултыг хэн ч тавьсангүй. Манай ядмагхан төмөр зам 1800 гаруй километр урттай. Үүний 400 орчим километрийнх нь дэр мод муудсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Нэг ёсондоо айраг сумын нутагт болсон шиг осол хэзээ ч, хаана ч тохиолдож магадгүй гэсэн үг. Сохорсон биш завшив гэгчээр энэхүү ослын дараа хуучирч муудсан дэр моднуудаа эрхбиш солих байлгүй гэж найдъя.

400 орчим км төмөр замын дэр мод муудсаныг мэргэжлийн хүмүүс хэлж байна

Ниргэсэн хойно нь хашхирдаг иймэрхүү дүр зураг зөвхөн төмөр замд ч тохиолдоод байгаа юм биш. Шинээр баригдсан замууд усанд автаж эвдэрч сүйдсэний дараа манай дарга нар гэнэт сэхээ авч, ажилдаа ханцуй шамлан ордог дүр зургийг бид сүүлийн жилүүдэд хангалттай харлаа. Дарь-Эхийн зам гэж үйлтэй бүтээн байгуулалт байна. Жил бүр улсын төсвөөс мөнгө гарган засварладаг ч өнөөх нь ганц удаагийн борооноор өм цөм урсаад алга болно. Гамшиг нэгэнт нүүрлэсэн хойно зам засварынхан борооны ус зайлуулах хоолой суурилуулж эхлэв. Зүй нь иймэрхүү зам тавьсан нөхдийг тендерт дахин оруулах нь байтугай барьж шоронд хиймээр. Хэдэн аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холболоо гэх хөөрсөн сэтгэл намдаж амжаагүй байхад нөгөөдүүл нь ээлж дараалан өмөрч унасан зураг хаа сайгүй. Монгол улс соц нийгмийн үед оросуудын тусламжтайгаар овоо хэдэн бүтээн байгуулалт хийгээд амжсан. Одоо байгаа хэдэн том үйлдвэр, орон сууцны хорооллууд, авто замын сүлжээ, төмөр зам бол чухам оросуудын л ач.

Харин оросын нөлөөнөөс гарч, бие даан хөгжих гэж оролдсон хорин хэдэн жилдээ хийсэн, тэр гээд гайхуулчих бүтээн байгуулалт байна уу. Нэг үеэ бодвол замаа өөрсдөө тавиад л байгаа. Гэхдээ өнөөх нь Дарь-Эхийн зам шиг хэврэг. Зөвхөн энэ зуны борооноор төвийн зургаан дүүргийн 86 гудамж, замд 11605 ам метр эвдрэл гарсныг засварлаж байгаа гэнэ. Манайхан аливаа зүйлийг хийхдээ хүний нүд хуурч, халтуурдахыг урьтал болгодгийн ганц жишээ энэ. Үнэхээр Монголын нөхцөлд ямар ч зам тэсдэггүй юм болов уу гэхээр үгүй ээ. Япончуудын тавьсан Нарны зам өчнөөн олон жил болоход сайхан хэвээрээ л байна. Тэд Нарны гүүрийг бариад 100 жилийн баталгаа өгч гайхуулав. Бид хэзээ бүтээн байгуулалтыг ингэж нүүр бардам хийдэг болох бол. Үнэнийг хэлэхэд энэ бүхний бурууг ажил гардан гүйцэтгэж байгаа нөхдөд тохоод өнгөрөөмөөргүй байна. Буруутныг нэлээд дээрээс хайвал зохилтой. Бүр тодруулбал, яам, агентлаг бүрт шахаагаар очсон мэргэжлийн бус, “сайн дурын уран сайханчид” ажил ахидаггүйн нэг том шалтгаан.

Уг нь манайд ажлаа мэддэг мундаг мэргэжилтнүүд салбар бүрт бий. Гэвч тэд намын шахаасаар заларсан нөхдөд дарамтлуулаад ажлаас гарах нь гарч, тус тусын мөрөө хөөж одсон гэдэг. Ингээд салбараа мэдэхгүй нөхөд хурган дарга болоод суучихаар ажил яаж ч урагшлах билээ. Жинхэнэ мэргэжлийн хүн сайдаар нь томилогдлоо гээд ам сайтай байсан ЗТХЯ-нд удаа дараа хариуцлагагүйн зуд нүүрлэж байхад бусад яам, агентлагууд ямар байгаа нь ойлгомжтой. Нэгэн танил маань яаманд мэргэжилтнээр орсныхоо дараахан ажлыг ёстой л гялалзуулаад байж. Гэтэл дарга нь “Төрийн ажлыг тайван хий, чи жаахан тогтож үз. Биднийг хөлдөө чирэх нь үү” гэсэн “нөхөрсөг” зөвлөгөө өгчээ. Одоо мань хүн хуучраад, нөгөө хэдийнхээ хэмнэлээр ажилладаг болсон гээд инээж байв. Иймэрхүү жишээ хаа сайгүй бий. Төрийн ажил ийнхүү мэргэжлийн бус хүнээр удирдуулж, яст мэлхийн хурдаар урагшилдаг болохоор жирийн нэг бороо мэтэд дээрэлхүүлээд байгаа хэрэг. Ямар сайндаа л бороо орж зам нь эвдэрсний дараа ус зайлуулах хоолой барих тухай ярьж байхав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхий ундааны соруулаас татгалзаж байна

АНУ, Европын том компаниуд уг хөдөлгөөнд нэгджээ

 0 сэтгэгдэл

Ундааны хуванцар соруулаас татгалзаж, оронд нь хулс ашиглах экологийн шинэ трэнд тархаж эхэллээ. McDonalds, Starbucks зэрэг Америк, Европын компаниуд болон засаг захиргааны нэгжүүд уг хөдөлгөөнд нэгджээ. Гэвч соруулын аюул юу вэ? Хуванцар материал байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулж, зэрлэг амьтдыг хөнөөж байгаа нь үнэн. Гэхдээ үүнд соруулын хувь хэмжээ маш бага юм. Коста Рикагийн эрэг хавьд яст мэлхийн хамарт зоогдсон хуванцар соруулыг сугалан авч байгааг харуулсан дүрс бичлэг сүлжээнд тавигдсан явдал дээрх хөдөлгөөний эхлэлийг тавьсан байна. Эхлээд биологичид мэлхийн хамарт паразит хорхой орж, тархинд нь бэхлэгдсэн байна гэж боджээ. Гэтэл тайраад үзтэл коктейлийн соруул байсанд тэд ихэд гайхав. Соруул амьсгалын замыг хааж, амьсгалыг хүндрүүлж байсан гэнэ. Эрдэмтэд 10 минут оролдож байж соруулыг сугалж аваад цэвэрлэгээ хийж, амьтныг буцаан тавьж буй бичлэг олны анхаарлыг татсан юм. Хуванцар соруул хэмжээгээрээ далайн хаягдалд их зай эзэлдэггүй ба зарим тооцоогоор тавны нэг орчим байдаг. Гэтэл соруулын хэмжээ, хэлбэр нь далайн амьтан ба шувуудад нэлээд аюул учруулдаг байна. тухайлбал, шувуудын 71 хувь, яст мэлхийн 30 орчим хувь нь ходоодондоо хаягдал хуванцар агуулж, тал орчим нь үүний улмаас үхдэг байна. One Less Straw олон нийтийн байгууллагын мэдээгээр хуванцар хаягдал залгисны улмаас жил бүр 100 мянган далайн амьтан, нэг сая шувуу амиа алддаг аж. Ганц өдөр АНу-д хаягддаг хуванцар соруулын нийт урт дэлхийн бүслүүрээс 2.5 дахин урт. Европын холбооны орнуудад жилдээ 36 тэрбум ширхэг хуванцар соруул ашигладаг.

Гэхдээ байгаль хамгаалагчид зөвхөн соруулд анхаарах бус, хуванцар хог хаягдлын асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэхийг уриалж байна. дэлхийн далай тэнгист хаягдаж, гадаргуу дээр нь хөвөх хогны хэмжээ тасралтгүй нэмэгдсээр буй. үүний 80 орчим хувийг хуванцар хаягдал эзлэх ба хуванцар сав, загасны тор, тоглоомын хаягдлаас бүтсэн таван тэнгис үүсээд байгааг байгаль хамгаалагчид анхааруулав. NatGeo сэтгүүлд хуванцар хаягдал амьд байгалийг хэрхэн сүйтгэж байгааг харуулсан мэдээ, статитистик, зураг, өгүүлэл олноор нийтэлдэг. Энд бичсэнээр далайд хаягдсан хуванцар хогны 80 хувь нь хуурай газраас ирдэг ба үлдсэн хэсэг нь хөлөг онгоцноос хаях буюу усан дээрх үйл ажиллагаанаас үүсдэг аж. Хуванцрын жижиг хэсэг нэг туйлаас нөгөө туйл хүртэл тархаж, туйлын мөсөн дотроос илэрчээ. ийм төрлийн бохирдол дэлхий нийтэд жилдээ есөн тэрбум ам.долларын хохирол учруулдаг байна. 2014 онд дэлхийн хэмжээнд 311 сая тонн пластмасс үйлдвэрлэсэн бол 2050 онд 1100 сая тоннд хүрнэ. үүнээс үлэмж хэсэг нь хог болж хаягдана гэдгийг тооцож үзвэл байгаль орчинд ямар хөнөөл учирч болохыг эрдэмтэд сануулжээ.