A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1284/

“БАГА ТЭНГЭР ЦОГЦОЛБОР” ТӨВИЙН ДУЛААН, ЦАХИЛГААН БОЛОН УСАН ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХОЛБОГДЛОО

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1284/


“БАГА ТЭНГЭР ЦОГЦОЛБОР” ТӨВИЙН ДУЛААН, ЦАХИЛГААН БОЛОН УСАН ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХОЛБОГДЛОО

Парис, Москва, Лондон зэрэг их гүрний нийслэл хотынхоо өнгө төрх, улсынхаа хөгжлийн тусгал болсон дагуул хотхонтой байдаг. Хот доторх хот болох зорилготой бүтээн байгуулалтын ажил талын Монголд хэдийнээ сууриа тавьсан билээ. Тодруулбал, Богд хан уулын өвөрт байрлах “Бага тэнгэрийн ам”-нд шинэ цагийн Улаанбаатарын өнгө төрхийг илтгэсэн “Бага тэнгэр” цогцолбор хотхон хэдийнээ сүндэрлэжээ. Өглөө бүр байгалийн сайхныг мэдрүүлэх хотхон бол “Бага тэнгэр”. Энэ цагт бизнесийн ашиг хайж барилга байшин бүрийг хэдхэн алхмын зайтай эгнүүлэн барих болсон. Харин төвийн дулаан болон цэвэр усанд холбогдсон “Бага тэнгэр” цогцолбор таныг жинхэнэ байгаль дунд тухлан амьдрах боломжийг өгнө. Сүхбаатарын талбайгаас ердөө 4-5 км зайтай “Бага тэнгэр” цогцолбор Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын урдаа барих бүтээн байгуулалт болж чаджээ.



ТӨВИЙН ДУЛААН БОЛОН ЦЭВЭР БОХИР УСАНД ХОЛБОГДСОН НЬ “БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОРЫН ДАВУУ ТАЛ

Бид цогцолборыг төвийн системтэй холбож чадлаа. Төвөөс 21 километр шугам сүлжээ татаж, төвийн цэвэр бохир ус дамжуулах шугаманд бүрэн холбогдсон давуу талтайгаас гадна төвийн эрчим хүчинд холбогдсон цахилгааны хоёр эх үүсвэртэй цорын ганц хотхон бол “Бага тэнгэр” хотхон мөн. 2018 оноос эхлэн төвлөрсөн дулаан, ус хангамжид холбогдон хотын төвөөс 6км-т, утаанаас хол, үзэсгэлэнт байгалд жилийн 4 улиралд тав тухтай амьдрах бүхий л нөхцлийг бүрдүүлж чадлаа. “Бага тэнгэр” цогцолборт амьдрах нийслэлчүүдийнхээ тав тухыг хангахын тулд инженерийн шугам сүлжээний талаар дараах шийдлүүдийг бүтээн байгууллаа.
1. Төвийн дулаан хангамжаас орчин үеийн иж бүрэн, автомат тоноглол бүхий дулааны нэгдсэн ЦТП болон дээд бүсийн хэрэглэгчдийг хангах 2ш өргөлтийн насос бүхий ЦТП-нүүдийг барьж байгуулсан.
2. Цогцолборын доторх барилга бүрийг хангахын тулд ф300-ф32мм-н хэмжээтэй 28,5км төв болон салбар шугам, ф400-ф25мм-н хэмжээ бүхий цэвэр усны 19,8км түгээлтийн ба эргэлтийн шугамууд, ариутгах татуургын ф300-ф100 мм-н 9км шугамын угсралтыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулжээ.



ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛ ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭХ БАЯЛАГ МӨН

-Бага тэнгэр цогцолбортой хаяа нийлэн Их тэнгэрийн аманд Монгол төрийн гурван өндөрлөг амьдардаг. Магадгүй энэ утгаараа танай хотхоныг амбицтай, нэр төрөө хүндэтгэдэг эрхмүүд сонгодог байх?

-Монголын томоохон бизнес эрхлэгчид, гэр бүлдээ хайртай хэн бүхэн манай хотхоныг сонгодог. Богд ууланд Их, Бага, Дунд тэнгэр байрладаг гэж үздэг. Их тэнгэрийн аманд Монголын төрийн өндөрлөгүүд тухалдаг бол бизнесийн өндөрлөгүүд Бага тэнгэрийн амыг сонгон амьдарч байна. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц болох Туул голын ай сав газрыг Дунд тэнгэр хэмээдэг. Мөн манай хотхоны орон сууц бол үр хүүхдэдээ өвлүүлж буй хамгийн том үнэтэй хөрөнгө оруулалт бас үнэт өв гэдгээрээ ялгарна.

-Үл хөдлөх хөрөнгө өвлүүлэх гэдэг их чухал. Монголчуудын хувьд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, өвлүүлэх ач холбогдлыг хэдийнээ ухамсарладаг байдаг

-Тиймээ, би тантай санал нэг байна. Амьдралын үнэ цэнийг ухаарсан хүн үнэтэй машин, үнэтэй цаг, элдэв брендийн хувцас гэхээсээ илүү амьдрах орчин, өөрийнхөө үргэлжлэл болсон гэр бүл, үр хүүхэддээ хөрөнгө оруулалт хийхийг зорьдог болсон цаг үе ирсэн байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол өнөөдөр элээж дуусах хувцас биш энэ бол ирээдүйн үе дамжсан баялаг мөн. Тиймээс үл хөдлөх хөрөнгө авахдаа насны хөрөнгөө, үр хүүхдийнхээ амьдралын баталгааг бэлдэж байгаагаа ухамсарлах шаардлагатай.


ИРЭЭДҮЙН АЗИЙН ДАВОСЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАХЫГ ЗОРЬСОН

-Барууны нийслэлүүд улсынхаа өнгийг тодорхойлсон хот дотроо хоттой байдаг. Би нийслэлийн иргэн атлаа “Бага тэнгэр”–ийн аманд ийм сайхан ажил өрнөж, ирээдүйн Давос болох бүтээн байгуулалт сүндэрлэж байгааг мэдээгүй л явжээ?

-Дэлхийн томоохон орон, нийслэл өнгө төрхөө илэрхийлэх хотхонтой байдаг нь олон сая хүний анхаарлыг татаж, хүн бүрийн очих хүсэмжит газар болсоор байна. Бага тэнгэр төсөл, бүтээн байгуулсан ажил мөн тийм газар цогцлоох зорилгыг анхнаасаа агуулсан. Улаанбаатар хотын ойролцоо “Бага тэнгэр” шиг байгалийн унаган төрхөө хадгалсан ам байхгүй. Богд уулын Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн Олон улсын аялал жуулчлал, зочид буудлын төслийг 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн цогцолбор байгуулах ажил үргэлжилсээр байна. Энэхүү цогцолборын ажилд олон улсад алдартай дизайнер, зураг төслийн фирм, зөвлөх инжинерүүд ажилласан нь төслийг илүү амжилттай болгосон.

-Улаанбаатарын ойр орчим олон хотхон хаус хороолол баригдсаар байна. Тухайлбал Нүхт, Зайсангийн аманд байгаа барилгууд. Хүн нэг насны хийгээд үр хүүхэддээ өвлүүлэх үл хөдлөх хөрөнгө авах бас нэгэн шалтгаан бол чанар. Танай хотхонд хөл тавихад чанар “үнэртэж”, “мэдрэгдэж” байна?

-Нүхт, Зайсангийн аман дахь орон сууцууд цэвэр ус, бохирын систем, төвийн дулаан, авто замын сүлжээ гэсэн орон сууцны дэд бүтцийн үндсэн үзүүлэлтийг хангаагүйг бүгд мэднэ. Түүнчлэн сууршлын эдгээр бүсэд гэр хороолол төвлөрсөн учраас хөрсний бохирдол өндөр хувьтай гардаг. Бид өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар түлхүү ярьдаг ч хөрсний бохирдлыг орхигдуулж байгаа нь харамсалтай. Гэтэл хөрсний бохирдол, байгаль орчин хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй бөгөөд ундны усыг бохирдуулдаг. Зайсан, Нүхтийн амны хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. Ялангуяа бохирын системээ шийдвэрлээгүй учраас тэр орчимд хүн амьдрахын аргагүй үнэр шингэсэн, халдварт шар өвчин гарах өндөр магадлалтай хэсэг хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулсан газар юм. Мөн Зайсанд хүүхдийн хорих анги байсан учраас орчны сөрөг энергитэй бүс гэж хэлж болно. Учир нь эрх чөлөөгөө хасуулсан хүн аз жаргал, баяр баясалгүй болдог бөгөөд түүнийг дагасан харамслын энергийг ямар ч хүчтэй аура засаж чаддаггүй. Хэдийгээр хорих ангийг нүүлгэн шилжүүлсэн ч бараан сүүдэр, сөрөг энерги нь арилаагүй орчинд гэр бүл, үр хүүхэдтэй амьдрах сайхан гэж үү. Монголчууд орон гэрээ барихдаа бууриа шинжиж, өрх гэрээ барьдаг заншилтай. Улаанбаатар хотод Гандан, Их тэнгэр, Бага тэнгэр гэсэн аравнайлсан гурван газар бий. Сайн энергийн ундаргатай нутаг гэж эрт эдүгээгийн мэргэд Бага тэнгэрийн аманд бясалгадаг байжээ. Тиймээс зөв энергийн урсгалтай, эрүүл хөрстэй, байгалийн унаган төрхөө алдаагүй, хүний хөл тахлаагүй, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн, мөн Монгол Улсдаа аравнайлсан гуравхан газрын нэг гэдгээрээ манай хотхон асар их давуу талтай.

Бид цогцолборыг төвийн системтэй холбож чадлаа. Төвөөс 21 километр шугам сүлжээ татаж, төвийн цэвэр бохир ус дамжуулах шугаманд бүрэн холбогдсон давуу талтайгаас гадна төвийн эрчим хүчинд холбогдсон цахилгааны хоёр эх үүсвэртэй цорын ганц хотхон бол “Бага тэнгэр” хотхон мөн. Гэхдээ бид эх орныхоо нэрийг дэлхийд гаргах, ирээдүйн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулахын тулд бүтээн байгуулалтын ажлаа компанийхаа хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ бол хувийн хөрөнгөөр Улаанбаатар хотод бүтээн байгуулсан дэд бүтцийн хамгийн том, анхны төсөл гэдгийг онцлон дурдах хэрэгтэй. Мөн Төвийн болон Зүүн бүсийн гэсэн цахилгааны хоёр эх үүсвэртэй.

ХАРИЛЦАГЧИДДАА 300-1200 МКВ ХАУСЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Бид 300-1200 метр квадрат талбайтай хаусыг харилцагчиддаа санал болгодог. Айл бүрт 2-8 автомашины зогсоолтой граж төлөвлөсөн. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн зөв төлөвлөлттэй хоёр хотхон бий. Төвийн системд холбогдсон байна гэдэг урсгал зардал хэмнэдгээрээ давуу талтай. Мөн Богд Хан уулын уснаас өглөө бүр хүртэнэ гэдэг бол өөрөө их аз. Богд Хан уулын ус рашааныг оюун ухааны хүчийг агуулдаг гэж үздэг бөгөөд төрийн өндөрлөгүүд энэхүү уулын уснаас ундаалж ирсэн түүх бий. Иймээс энэ их түүхтэй ариун дагшин газар усны хүч, уулын энерги, байгалийн хүчийг мэдрэн амьдарна гэдэг их ховор завшаан төдийгүй их боломж гэж харж байгаа.

“БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОРЫН 85 ХУВЬ НЬ БАЙГАЛЬ 15 ХУВЬ НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

-Сүүлийн үед алга дарам газар олдвол ямар ч амарч зугаалах зай талбай, хүүхдийн тоглоомын талбай гаргалгүй барилгуудыг шахаад барьчихдаг болсон. Нийслэлийн эргэн тойронд гаднаа зогсоолгүй барилгууд олон байна. Танайх энэ асуудлыг их анхаарсан нь илт байна?

-Зөв олж харжээ. Цогцолборын нийт газрын 15 хувийг барилгажуулж, 85 хувийг нь байгалийн унаган төрхийг нь хадгалж үлдээсэн. Хүн аз жаргалтай амьдарна гэдэг хэрэм мэт хүйтэн хашааны цаана, юу дуртайгаа хийхийг хэлдэггүй. Харин байгаль дэлхийгээ харж баясан, аз жаргалаа бусадтай хуваалцан, тав тухтай аюулгүй орчин бүрдүүлэхийг аз жаргал гэдэг. Бид тийм л орчинг бүрдүүлж чадсан.Тухайлбал Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зургаас гадна монгол бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал бий. Бид үүнийг огт хөндөлгүй соёлын өвөө дээдлэн бүтээн байгуулалтын ажлаа хийлээ.


Богд уул маань өөрөө байгалийн цогцолбор газраас гадна эмийн ургамал маш элбэг ургадаг уул юм. Бамбай, тарваган шийр, нохойн хошуу, хунчир, ганга, зээргэнэ, зодог, алирс, лантаз, алтангануур, тавилгана, тарна, үхрийн хэл, далантүрүү, царван, гоньд, жамъянмядаг, монгол туйплин, зэрэг эмийн төрөл бүрийн ургамал бий. Бага тэнгэрийн аманд горхи урсаж, есөн зүйлийн амьтад идээшэн нутаглаж, буга урамдаж буйг олон хүн харсан байх.
Дархан цаазтай сайхан уулынхаа амыг зөв зүйтэй ашиглаж бүтээн байгнуулалт хийж байгаагаараа бахархдаг. Харин Зайсан, Нүхтийн амыг төлөвлөлтгүйгээр ашигласнаар өнөөдөр ямар дүр төрхтэй болсныг бид харж байна. Бид тэр дүр төрх, төлөвлөлтгүй ажлын алдааг давтахгүйг хичээсэн.

-Салбар бүрт дэлхийн дэвшилтэт технологи ноёлж байна. Барилгын салбарт ч мөн адил. Хямд өртөгтэй шинэ технологи барилгын салбарт тэр дундаа үл хөдлөх хөрөнгө барих ажилд зөв сонголт байж чадах уу?

-Тансаг зэрэглэлийн хотхон чанарыг эрхэмлэх ёстой. Улсынхаа улирлын онцлогт шилэгдсэн технологийг барилгад ашиглах нь зүйн хэрэг. Хямд үнэ бүхий технологи манай улсад нэвтэрсэн. Тухайлбал Канад, дүнзээр барьж буй барилга, технологи нь тухайн бүс нутагтаа тохиромжтой ч Монголын нөхцөлд бүрэн шаардлага хангахгүй. Тиймээс бид манай улсад шилэгдсэн, барилгын уламжлалт арга болох карказ, цутгалтын систем ашигласан. Манай хаусууд Испани, Итали, Франц, Англи, Португалийн шилдэг загварыг хуулбарласан бөгөөд эдгээр загварууд хамгийн сүүлийн үеийн шийдэлтэйгээрээ дэлхийд гайхагдсан загварууд юм. Мөн тухайн байшин барих хөрс ямар байгааг нэг бүрчлэн өрөмдлөг хийж судалсан учир хөрсөндөө тохирсон хаусууд барьсан нь энэ.

- Танай хотхоны барилгын инженер, архитектурууд Франц хүмүүс гэж дуулсан?

-Төслийн ерөнхий санаагаа Өмнөд Солонгосын компанитай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Азийн орон ч монголчуудын сэтгэлгээ дорнын ард түмнээс илүүтэй Европ хэв шинжийг илүү таашаадаг онцлогтой. Франц бол Европын уран барилгын нэгэн төв учраас хүнээ дээдэлсэн шийдэл, төлөвлөгөө боловсруулдгаараа онцлогтой. Тиймээс Францын мэргэжилтнүүдээр ерөнхий төлөвлөлтөө гаргуулсан. Хувийн орон сууц гял цал байх ёстой гэсэн монголчуудын нийтлэг ойлголтыг францын мэргэжилтнүүдийн шийдэл бүрэн өөрчлөх болно.

-Хотхонтой танилцаад асуух зүйл их гарсан. Хотхон доторх зам нар зөв тойрсон байгаа ч арай нарийн биш үү?

-Хотхоны автозамын сүлжээг Европын тансаг зэрэглэлийн хорооллын стандартын дагуу нэг чигийн хөдөлгөөнтэй тавьсан. Европын орнуудад хотхон доторх зам ийм л байдаг. Яагаад өргөн биш гэж хүмүүс асуух байх. Хүний аюулгүй байдал, аваар осол гаргахгүй байлгах үүднээс Европ стандартыг ийнхүү хангасан. Бага тэнгэр бол байгаль доторх хот. Хот доторх байгаль гэж хэлж болно. Машинаа унаад өглөө ажилдаа гарахдаа ч бас байгалийн сайхныг мэдэрдэг гэж манай оршин суугчид талархдаг юм. “Бага тэнгэр” хотхоны зохион байгуулалт, чанар, стандарт, аюулгүй байдал гээд бүхий л асуудал энд бүрэн шийдэгдсэн. Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн амтай зэргэлдээ оршдог нь манай байршлын болон аюулгүй байдлын нэг давуу тал. Уулын оройгоор хөдөлгөөн мэдрэгч систем суурилуулж, хотхоны дотоод орчинг камераар бүрэн тоноглосон. Мөн галын, усны, хулгайн гээд бүхий л мэдрэгчийг байршуулснаас гадна хотхоны оршин суугч хамгаалалтын албанд хандсан тохиолдолд 1-хэн минутад хүрч ирэх бололцоог хангаж, тооцсон болно. Хотхоныг бүрэн камержуулснаас, 24 цагийн эргүүл хамгаалалттай, харуулын пост ажиллаж байна.

“СТРЕСС БҮҮ ХУДАЛДАН АВ, ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛД МӨНГӨӨ ЗАРЦУУЛ”

-Шинэ байр авсан нэг бүсгүй “Би стресс худалдаад авчихлаа” гэж ярьж байсан. Нээрээ л амрах, өглөө алхах, хүүхэд тоглох талбайгүй ажлаа тараад хэдэн цаг түгжирч явна гэдэг маш их стресс дагуулна шүү?

-Улаанбаатарчууд дэд бүтцээ шийдвэрлээгүй газраас “стресс” худалдан авдаг одоо ч авсаар л байна. Барилгын дэд бүтцийн системээ шийдэж чадаагүй газар барилга барина гэдэг байж боломжгүй зүйл. Ашгийг эхэнд тавилгүй хүнээ бодсон бүтээн байгуулалт хийх нь бидний зорилго. Бид хотхоны оршин суугчдын ая тухыг хангаж клуб хаус, долоон төрлийн спортын талбай, хүүхдийн тоглоомын найман талбайг хийж гүйцэтгэсэн. Дэлхийн стандартыг хангасан газрын теннисний талбайд Азийн өсвөр үеийн аварга шагаруулах тэмцээн хоёр жил боллоо. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Бид өсвөр насны оршин суугчиддаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж дэлхийн стандартад нийцсэн хангасан хөлбөмбөг, талбайн теннис, сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Эзэгтэй нартаа зориулж гоо сайхны салон, дэлхийд 18 байдаг IMAX Home театр, СПА, саун, массажны газар бүхий клуб хаус бий. Мөн дугуйн болон уулын зам, ойн цоорхойд барбекью хийх зориулалтын талбай, ойн зам, хүйтэн горхи, өглөө бүр ууланд алхах гээд ая тухтай, аз жаргалтай амьдрах бүхий л орчныг цогцлоож чадсан. Хүн нэг минутад 80 амьсгалдаг. Тэгэхээр өдөрт хэдэн удаа амьсгалдаг вэ, цэвэр агаар гэдэг ямар чухал вэ асар чухал. Тэгэхээр ойн хүчилтөрөгчөөр өдөр бүр амьсгалж, өдөр тутмын амьдрал нь байгальд өнгөрөх хамгийн сайхан амьдрах орчин Сүхбаатарын талбайгаас 6-хан км-ийн зайд оршиж байна гэвэл та итгэх үү. Үнэхээр л хот доторх байгальд суурилсан, эрүүл цэнгэг агаартай “Бага тэнгэр” хотхон бол өөртөө хайртай, гэр бүл үр хүүхэддээ хайртай хэн бүхний хүссэн орчин мөн.

ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД “ИХ ТЭНГЭРИЙН АМАНД” , БИЗНЕСИЙН ӨНДӨРЛӨГҮҮД “БАГА ТЭНГЭРИЙН АМАНД”

-Төрийн өндөрлөгүүд амьдардаг “Их тэнгэрийн ам”-ыг хамгийн цэвэр агаартай гэдэг. Өвлийн улиралд ч Улаанбаатарын утаанаас ангид байдаг. Салхины хагалбартай учир. Бизнесийн өндөрлөгүүд амьдрах болсон “Бага тэнгэр” цогцолборыг ч мөн адил салхины хагалбартай гэдэг?

- Богд Хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул гол Улаанбаатар хотоос ирэх утааг хаах хөшиг болдог. Түүнчлэн утаа нэвтэрдэггүй байгалийн нэгэн тогтоц нь Их, Бага тэнгэрийн амны дунд орших салхины хагалбар юм. Монгол орон баруун хойноосоо салхилдаг ч салхины хагалбарт цохиулсан салхи өмнөөсөө хойшоо зүглэж, чиглэлээ өөрчилдөг байна. Манай улсад Богд уулнаас гадна Бурхан халдун уулыг салхины хагалбартай гэдгийг хүн бүр мэдэх байх. Эдгээр салхины хагалбартай бүст агаарын бохирдол гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн цэнгэг агаартай байдгаараа онцлог. Тиймээс ч эртнээс эхлэн төрийн гурван өндөрлөгөө энэ хэсэгт сууришуулсан нь учиртай.

“Бага тэнгэр” цогцолборын талаар мэдээлэл авах утас: 99112047

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Батнасан: Төгсөөгөө үнэхээр том тулаанч болсныг харлаа

Улсынхаа ачийг хариулж амжаагүй тамирчдыг мэргэжилд орохыг зөвшөөрөхгүй

 0 сэтгэгдэл


Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай уулзаж ярилцлаа. Тэрбээр ярилцлагадаа саяхан болоод өнгөрсөн Н.Төгсцогтын тулаан, түүний цаашдын ирээдүй, Токиогийн олимпод оролцох Монголын боксчдын зорилгын талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн юм.

-Н.Төгсцогтын тулааныг Монголоос нэлээд олон хүн очиж үзсэний нэг нь та. Тулааны өдөр ордонд хэчнээн монгол байв, уур амьсгал ямархуу байсан бол?

-Монголчууд зохион байгуулалт сайтай байна лээ. Ганхуяг гэж залуу зохион байгуулалтыг удирдаж, монголчуудыгаа нэг дор суулгасан. Хүмүүсийн яриагаар бол Монголын 400-гаад хүн тоглолтыг газар дээрээс нь үзсэн. Хэдийгээр бид нэгдсэн зохион байгуулалттайгаар тоглолт үзсэн ч анхаармаар юм бас харагдаж байна лээ. Төгсөөгийн дараа Польшийн тамирчин тоглоход польшууд бүгд улсынхаа далбааг барьж, далбааныхаа өнгөтэй футболкоор жигдэрсэн байсан. Польшийн хөгжөөн дэмжигчид тэр олон хүн дундаас ялгарч чадсан. Бид ч бас тэднээс үлгэр дуурайл авмаар санагдсан.

-Тулааныг ордон дотор үзээд суухад ямар мэдрэмж төрж байв?

-Өөрөө рингэнд гарчихсан юм шиг бие арзайгаад, хүйтэн хөлс чихраад эвгүй л юм билээ. Би тамирчин байх үедээ олон чухал тулаанд оролцож байсан. Тэр ч утгаараа төгсөөд ямар их дарамт ирж байгааг мэдэрсэн. Мэдээж өрсөлдөгчөөсөө айна гэж байхгүй. Гэхдээ ялагдлын айдас гэж юм бий. Энэ нь тамирчин хүнд нэг талаар дарамт болдог. Манайхан бөөндөө цуглачихаад, Төгсцогт баталгаатай ялна гэж хүлээж байдаг. Гэтэл өрсөлдөгч нь амар амьтан биш шүү дээ. Өмнө нь дэлхийн аварга болоод үзчихсэн, туршлагатай, солгой өрөлттэй, ер нь төгсөөд эвгүй өрсөлдөгч байхгүй юу. Тиймээс жаахан санаа зовж байлаа. 12 раунд тоглоход сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг маш чухал. Манай хүн өмнө нь дээд тал нь 10 раунд л тоглож үзсэн. Тэгээд ихэнхийг нь хугацаанаас өмнө дутуу гаргасан. Тэр ч утгаараа төгсцогтод томхон сорилт болсон л доо. Гэхдээ манай хүн хэнэггүй талдаа болохоор харьцангуй бага стрессдсэн байх. Би тоглолтын өмнө бол төгсөөтэй уулзаагүй. Угаас их дарамттай байхад нь очиж нэрмээс болоод яахав гэж бодсон юм. Харин Э.Бадар-Ууган 10-аад минут уулзсан. Хоол орохгүй, нойр хүрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой л доо. Гэсэн ч манай хүн бүгдийг даваад гарлаа. Бүтэн 12 раунд тулалдах чадвартай юм байна гэдгээ харуулсан нь их чухал. Үеийн дундуур дасгалжуулагч нар нь “Чи үе бүрт ялж байгаа учраас 12 раунд тоглоод үз. Энэ ачааллыг чиний бие яаж хүлээж авахыг үзмээр байна” гэсэн юм билээ. Нэг ёсондоо хугацаанаасаа өмнө дутуу гаргах гэж хичээх хэрэггүй гэсэн үг. Тиймээс манай хүн боломж байсан ч улайрч дайралгүй тогтож тоглосон байх.

-Энэ удаа Н.Төгсцогт өөрийнхөө тоглолтыг 100 хувь гаргаж чадаагүй юм шиг санагдсан. Та ямар бодолтой байна вэ?

-Жаахан зууранги байна лээ. Жингээ илүү их тавиад, биеэ сайн халаах хэрэгтэй байсан болов уу гэж бодсон. Хоол идэж чадахгүй, нойр хүрэхгүй бол тоглолтоо бүрэн гаргахад хэцүү л дээ. Гэхдээ энэ бол дамжлага байхгүй юу. Ийм юм үзэж, туулж байж л амжилт гаргана. Дандаа супер тулаан хийж, нам цохиж унагаад байх боломжгүй. Нэг ёсондоо дэлхийн хэмжээний аварга болж, өөрийгөө батлан харуулахын тулд суралцах ёстой юмандаа суралцаад л явж байна.

-Тулааны дараа өөртэй нь уулзав уу. Юу ярьж байх юм?

-Шөнө нь хальт уулзаад салсан. Том хамгаалалтад орсон, том тамирчин болжээ гэдэг нь харагдсан. Промоутерийн баг нь хүмүүстэй дураар нь уулзуулдаггүй юм байна. Миний хувьд учиргүй захиж хэлээд байх юм юу байхав. “Үзье гэсэн юмаа үзлээ” гэж байна лээ.

-Дараагийн өрсөлдөгч нь албан ёсоор тодорчихлоо. WBA холбооны аварга гэри расселтай хийх тулаан нь ямархуу болно гэж бодож байна вэ?

-Өмнөхөөс чангарна уу гэхээс сулрахгүй нь ойлгомжтой. Мэргэжлийн бокст ганц л ялагдсан нөхөр байна лээ. Төгсөөгийн хувьд туршлага дутна гэж юу байхав. 10 жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авч байсан гэхээр яаж ч бодсон туршлага дутахгүй. Ер нь төгсөө аль ч талаараа илүүрхэх боломжтой. Хамгийн гол нь яг тэр өдөр өөрийгөө тулаанд бэлэн байлгах нь чухал. Биеэ бэлдэх, жингээ зөв тавих, сайн амрах, тактикаа зөв боловсруулах гээд жижиг юм шиг хэрнээ тулаанд нөлөөлөх олон хүчин зүйл бий.

-Та цагтаа мэргэжлийн бокст хүч үзэж явсан хүн. Ер нь Монголын боксын холбоо өөрийн тамирчнаа мэргэжилд оруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бидний хувьд ид тоглож байгаа тамирчдаа мэргэжлийн бокст өгье гэж боддоггүй. Н.Төгсцогтын тухайд Монгол Улсын төлөө хийх ёстой юмаа хийж, олимп, дэлхийгээс мөнгөн медаль авсан хүн шүү дээ. Нэг байтугай нэлээд хэдэн хүний гаргаж чадахааргүй амжилтыг ганцаараа гаргачихаад хувийн карьераа хөөгөөд явсан болохоор ямар ч асуудалгүй. Харин улсын хөрөнгөөр тэмцээн уралдаанд орж, цалин авч, зардлаа даалгуулсан хэрнээ улсынхаа төлөө хийх юмаа хийж амжаагүй бол бид мэргэжлийн бокс руу явуулахгүй. Жишээ нь, Э.Цэндбаатарыг Монгол Улс 10 шахам жил тэжээчихлээ. Энэ тамирчин одоо л улсынхаа нэрийг гаргаж эхэлж байна. Өнгөрсөн жил азийн наадамд түрүүллээ. Одоо Э.Цэндбаатар олимп, дэлхийгээс медаль авч, улсынхаа ачийг хариулах ёстой. Тэгээд дараа нь явж болно. Энэ нөхцөлд бол бид тусална. Би энэ талаар Цэндбаатартай өөртэй нь ч ярьсан. “Юу юугүй яараад мэргэжилд гарч, Н.Төгсцогт шиг болох юмсан гэж боддог байж магадгүй. Гэхдээ энэ хүн улсынхаа төлөө хийдгээ хийчихээд явсан юм. Тиймээс чи 2020 он хүртэл олимп, дэлхийгээс медаль авах ёстой. Үүний дараа мэргэжил рүү гарахад асуудалгүй” гэсэн. Бусад тамирчдын хувьд ч адилхан. Бид тухайн тамирчныг бэлдэхийн тулд ямар их хүч, хөрөнгө зарцуулж байгаа билээ. Нэг тамирчин гадаад руу тэмцээнд явахад 5-6 сая төгрөг зарцуулна. Тэгээд жилдээ хэд хэдэн тэмцээнд орно гэж тооцвол багагүй зардал гарч байгаа. Тиймээс тамирчид энэ бүгдийг бодолцох л ёстой.

Бокс олимпын хөтөлбөрт үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй

-Улсаас боксчдыг хэр дэмжиж байна вэ. Хуваарилж байгаа мөнгө нь хүрэлцэж байна уу?

-Боксын спортыг улс даяар хөгжүүлэх тухай яривал улсаас өгч байгаа мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй. Улс бол зөвхөн шигшээ багийг дэмжиж байгаа. Одоо боксын шигшээд таван дасгалжуулагч, 23 тамирчин байна. Энэ 28 хүнд бол улсаас өгч байгаа мөнгө хангалттай. Өмнө нь ямар байлаа. Шигшээ баг ч гэж байсангүй. Улсаас нэг ч төгрөг өгдөггүй үе саяхныг хүртэл байсан шүү дээ. Харин одоо улс чадлаараа харж үзэж байна. Бэлтгэл, тэмцээний мөнгө өгч, цалинжуулж байна. Амжилт гаргаад ирвэл шагнаж байна. Тиймээс амжилт гаргах эсэх нь тамирчдаас өөрсдөөс нь л шалтгаална.

-Боксын спорт олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдах вий гэсэн аюул бий. Ер нь нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Бокс олимпоос хасагдана гэж байхгүй ээ. Сүүлд AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг гэмт хэрэгтэн, ийм хүнтэй ОУОХ хамтрахгүй гэсэн үүднээс AIBA-д дарамт үзүүлээд байгаа. Гэхдээ нэг хүнээс болоод тэр олон тамирчны эрх ашгийг хохирооно гэж байхгүй. Бокс бол анхны олимпоос эхлээд хөтөлбөрт нь багтсан төрөл. AIBA-гийн ерөнхийлөгч ОУОХ-той учраа хэрхэн ололцох нь тусдаа асуудал. Харин бокс бол олимпод байдгаараа байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Монголын боксчид сүүлийн гурван олимп дараалан медаль авсан. Токиод ч гэсэн амжилтаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа нь тодорхой. Айсуй олимпод хэдэн тамирчинтай орж, хэдэн медаль авахаар зорьж, төлөвлөж байна вэ?

-Бид одоохондоо жингийн асуудалд илүү анхаарч байна. Сая AIBA-гийн хурлаар эрэгтэй найм, эмэгтэй таван жинтэй болгочихлоо. Энэ өөрчлөлт манайд ашиггүй. Шинэ жингийн ангиллаар 60 кг байхгүй болж байна. Уг нь 60 кг гэдэг Монголын ганц супер жин шүү дээ. Манай боксчид үеийн үед энэ жинд медаль авсаар ирсэн. Одоо л гэхэд бид Э.Цэндбаатарыг энэ жинд бэлдэж байна. Жингийн өөрчлөлтийг ганц манайх ч биш, олон улс эсэргүүцэж байгаа. Шинэ жин батлагдсанаас хойш зохиогдсон бүх тэмцээн хуучин жингээрээ яваад байна. Энэ нь улс орнууд жингийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Ирэх дөрөвдүгээр сарын 16-27 нд тайландад азийн аварга болно. Эндээс ДАШТ-ий эрх өгнө. Харин дэлхийн аваргаас олимпын эрх өгнө. Гэтэл азийн аварга хуучин жингээрээ болохоор тогтсон байна. Ер нь энэ азийн аваргаас эхлээд бүх зүйл холбоотой болно. Хэрэв 60 кг-д ДАШТ-ий эрх авч, дэлхийн аваргаас олимпын эрхээ авчихвал яах вэ. Олимпод оруулахгүй гэж болохгүй шүү дээ. Тиймээс олимп хуучин жингээрээ явагдах байх гэсэн хүлээлт бий. Ерөнхийдөө бид эрэгтэй 4-6 тамирчинтай олимпод орж, 1-2 медаль авахыг зорьж байгаа. Энэ дундаа алтан медаль авах  нь бидний гол зорилго. Эмэгтэй тамирчдын тухайд олимпод орж байгаагүй. Одоо бол манай эмэгтэй боксын шинэ үе гараад ирлээ. Энэ хэддээ маш их итгэл хүлээлгэж байгаа. Ямар ч байсан олимпын эрх авах, цаашлаад олимпоос анхны медалиа авах том зорилго тавьчихаад үзээд байна. Олимпын наадмын боксын тэмцээн сүмогийн “Рёогокү Кокүгикан” ордонд зохиогдох юм билээ. Энэ бол монгол хүнд ээлтэй, монголчуудын энерги шингэсэн газар шүү дээ. Бид Бээжингийн олимпод гэртээ байгаа мэт байсан бол токиод ч гэсэн ялгаагүй.

-Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяатууд бэлтгэлээ хийж байгаа юу. Цаашид тэмцээнд орох уу?

-Бэлтгэлээ хийлгүй яахав. Нас бол зөвхөн тоо гэдгийг тэд харуулж байгаа. 30 хүрсэн хойноо өндөр амжилт гаргаж болдгийг энэ боксчид харуулсан. Д.Отгондалай хэсэг хугацаанд завсарлага авсан. Ер нь жаахан амарч байгаад эргээд ирэхэд сэргэлт болно шүү дээ. Одоо бэлтгэлээ хийж байгаа. У.Мөнх-Эрдэнэ гэхэд 37 нас хүрчихлээ. Тэгсэн хэрнээ улсын аваргын финалд шалгарч, залуучуудыг хашраагаад явж л байна. Ер нь Мөнх-Эрдэнэ бэлтгэл хийхгүй байна гэж үгүй дээ. Боксоо орхисны дараа ч гэсэн бэлтгэлээ хийсээр байх болно гэдгийг би маш сайн мэдэж байна.

-Дараагийн Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, У.Мөнх-эрдэнэ хэр бэлтгэгдэж байна вэ. Ер нь улсын хэмжээнд хэчнээн хүн боксоор идэвхтэй хичээллэж байгаа бол?

-Одоо Улаанбаатар хотод хувь, хувьсгалын нийлсэн 30 гаруй клуб ажиллаж байна. Энэ дотор хүүхдүүдтэй идэвхтэй ажилладаг клуб байна, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь ч бий. Сүүлийн үед хүмүүс турах зорилгоор аэро боксоор их хичээллэдэг болсон байна. Гоё бие хаатай болоход боксын бэлтгэл хамгийн сайн байдаг. Орон нутагт бол бараг говьалтайгаас бусад бүх аймагт боксын секц дугуйлан хичээллэж байна. Тиймээс бүсчилсэн тэмцээн хийх талаар хүртэл ярьж байна. Одоо өсвөр, залуучуудын улсын аваргад дандаа хөдөөний багууд түрүүлдэг боллоо. Мэдээж энэ дунд дараагийн залгамж халаа бэлтгэгдсээр байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Канадын гаргасан алдааг Монгол давтаж завхарч явна

Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна

 0 сэтгэгдэл


Аливаа ажлын үр дүнг тоогоор хэмжиж, өсөлт, бууралтаар өөрчлөлтийг хянадаг. Үүгээр л өнөөдрөө бид хэмжиж, маргаашийг төлөвлөдөг билээ. Тэгвэл 2018 оны эдийн засгийн өсөлтийг үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулах гэж байна. Эдийн засаг 2017, 2016 онтой харьцуулахад хавь илүү өсөлттэй гарсан гэж өмнө нь зарим албаны байгууллага урьдчилан албан бусаар мэдэгдэж, үүнийг бүгд л өөрийн хийсэн ажил мэтээр бусдад тайлагнаж, тайлбарлах гэж оролдож байлаа.

Судалгааны байгууллагын таамгаар бол манай улсын эдийн засаг зургаа орчим хувийн өсөлттэй гарахаар байгаа нь угтаа баялаг бүтээж, ажлын байр бий болгосон, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хөрөнгө оруулалт татсан хувийн хэвшлийн хүчин чармайлт. тэдний гялтайх  амжилтыг харин төр булаах гэж ичгүүр сонжуургүй авирлаж, амжилттай яваа бизнесийг өөрийн болгох гэж улайрч байна. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд улам гаарч, улаан цагаандаа нэгэнт гарсан билээ. Яг ийм жишгээр бид ахиад жаахан цаашаа явбал дөнгөн данган урагшилж буй хөгжлөө зогсоогоод ханахгүй ухарч мэдэх нь. төртэй өрсөлдөх бизнесүүд амь тавих аюул ч ойрхон байна.

Монголд өрнөж буй хувийн өмч тойрсон халдлага, төр бизнес эрхлэх гэсэн хандлага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээж байна. Төрийн нэрээр хувийн хэвшил рүү халдаж, хайрах нь зөвхөн Монголд бус бидэнтэй ойролцоо эдийн засагтай орнуудад ч ажиглагдах болсон. Зарим нь үүнийгээ хэтрүүлж, улсаараа дампуурч байна.  Тухайлбал, Венесуэл, Латин Америкийн орнууд хувийн хэвшлээ тонон дээрэмдэж, шоронд суулгаснаар инфляц нь хоёр сая давж, ажилгүйчүүдийн эгнээ хэдэн мянгаараа нэмэгдэх боллоо. Тэгвэл бүхнийг төрд авна, хураана гэсэн энэхүү бодлогогүй популизм одоогоос 40 гаруй жилийн өмнө Канадад багагүй гай тарьжээ. Үүний буруу байсныг улсаараа ойлгох хүртлээ энэ улс эдийн засгийн маш олон боломжоо үгүйсгэж, хүнд байдалд орж байсныг тус орноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дэвид уиллиам спрул хэлж байна.

Канадад өрнөсөн бизнест төрийн оролцоо гүнзгийрэх үзэгдэл хөгжлийг нь сааруулаад зогсохгүй улсынхаа эрх ашигт нийцээгүй гэдгийг Элчин сайд ярьсан юм. Тэдний хувьд энэ нь ухралт болсон төдийгүй үүнийг Монгол Улс битгий давтаасай гэж тэрбээр нэмж хүслээ. Хувийн өмчийг хүндэтгэх үзэл дор улс орны эдийн засаг өргөжин тэлж, өсөлт, өөрчлөлт илүү бодитой нүдэнд харагдаж, гарт баригддаг. Тэгвэл Канадын сайн бус 40 жилийн өмнөх муу жишгээр өнөөдөр хөгжиж буй Монгол Улс замнах гээд байгаа нь хөндлөнгийн хүний нүдэнд ийнхүү буужээ.

16 компани дангаараа Монголын ДНБий 40 хувийг хангаж байна

Элчин сайд Дэвид Уиллиам Спрул “Төр өмчийн эзэн болж, аж ахуйн үйл ажиллагаа явуулснаар улсын өрсөлдөх чадварт хүртэл нөлөөлдөг. Тухайлбал, төрийн өмчит компанийн үр ашиг буурна, ашиг сонирхлын зөрчил үүснэ, бизнесийн орчин муудна. Татварын орлого багасна. Ил тод байдал хумигдана. Орлогын ялгаа үүснэ. Компанийн сайн засаглалын талаар энд яриад ч нэмэргүй” хэмээн санаагаа дэлгэрүүлсэн юм. Олон улсын байгууллагын гаргасан  судалгаагаар, авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар ухрав. Энэ нь авлига нэмэгдсэн гэсэн үг юм.

Төр өмчөө цөөлөх, ялангуяа хувийн хэвшилтэй өрсөлдөх компани, аж ахуйн нэгжтэй байх нь зохимжгүй гэдгийг олон орны судлаач, шинжээч үргэлж хэлдэг. ОХУ болон БНХАУ төрийн өмчөөс татгалзаж, оролцоогоо ч хумих болсон. Харин манай улс төрийн өмчөө нэмэгдүүлж, жишээ нь нүүрсний бизнест түүчээлж явна. Төрийн оролцоо бизнест нэмэгдсэнээр баялгийн хуваарилалт шударга бус болж, авлига, хүнд суртал цэцэглэдэг байна. Эдгээр бэрхшээлийг Канад туулаад гарсан ч өнөөдрөөс илүү байх боломж, бололцоогоо тэд алдсан аж. Богино хугацаанд алдаагаа ухаарч, засаглалаа сайжруулахад анхаарсан тус орны хувьд өнөөдөр хөрөнгө оруулагчдын хувьд ашиг, орлогын үүд нээсэн төв цэг нь болж чадсан билээ.

Бүхнийг төрд хураана, төрийн өмч болгоно, төр өмчөө мэднэ гэсэн популизм манай улсад өнөөдөр газар авснаар энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээж, 20 гаруй жилийн турш бий болгосон ололтоо өнөөдөр үгүйсгэхэд хүргээд буй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цаг мөчөөс хойш хувийн өмчийг хүндлэх, төр бизнесийн салбар дахь оролцоогоо аль болох багасгах нь оновчтой гэсэн зарчим, үзэл бодлогын түвшинд ноёлж ирсэн нь бий. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэг зүгт хандах маягтай.  Туйлшрал хэтийдэх боллоо. Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна. Босгосон бизнес, бий болгосон өмчөө төрд алдаж мэдэх нь гэсэн болгоомжлол тэдний дунд хэдийн үүсжээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих хэрэгтэй. Эдийн засгийн 50 хувь бүрддэг 93 төрийн өмчит компанийн менежментийг сайжруулж, засаглалын хувьд тогтвортой болгож, улс төрийн хамаарлыг нь багасгая. Засгийн газрын оролцоог ч энд хэлж байна” гэв. Үндэсний компаниудыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том төрийн бус байгууллага жил болгон Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг зарладаг. Энэхүү 100 компанийн 16 нь дангаараа Монголын ДНБ-ий 40 хувийг хангаж байна. Эдийн засаг, бизнест төрийн оролцоо ямар түвшинд нөлөөтэй байгааг эндээс харж болох юм. Төр бүхнийг өөртөө гэсэн зарчмаар хувийн хэвшлийн эсрэг буюу татвар төлөгчдийн өмнөөс хариуцлагагүй шийдвэр гаргаж ирсний балгаар Украин, Зимбабве, Венесуэл одоо модоо барих нь холгүй байна. Энэ орнууд эргэн сэргэхэд хамгийн багадаа 20 ба түүнээс дээш жил шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа хүртэл гарчээ. Энэ онд манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөл төсөвт шигтгэж өгсөн. Харамсалтай нь, төрийн нэр дор хувь, хувьсгалын өмчийн шилжилт хөдөлгөөн хөрөнгө оруулагчдад жинхнээсээ айдас хүйдэс төрүүлж байна. Канадын туулсан гашуун үнэнийг Элчин сайд нь өчөөд, Монгол дөчөөд жилийнх өмнөх тэдний буруу бодлогын араас явааг ахин дахин сануулсныг эргэж тунгаах цаг иржээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Менингококкийн халдварын эсрэг вакцин хийж байна

 0 сэтгэгдэл


ХӨСҮТ-д даваагаас баасан гарагуудад 8.30-14.30 хүртэл менингитийн вакцин хийж байна. Сайн дурын дархлаажуулалтыг тус эмнэлгийн 114 тоот өрөөнд хийх ба 13500 төгрөгийн үнэтэй. Зургаан сараас доош насны хүүхдэд хийх хориотой юм байна. 

Жил бүрийн хавар менингит өвчний тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. 
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Налайхын зам ашиглалтад ортол нэлээд тэвчээр хэрэгтэй болно доо

Зүүн тийш явахын тулд Төв аймгаар дайрвал гурав дахин урт зам туулна

 0 сэтгэгдэл


Жаран жилийн тэртээ тавигдсанаасаа хойш олигтой арчилгаа авч үзээгүй Налайхын зам энэ жил төрөл арилжсан мэт шинэчлэгдэнэ. Хятадын Экспорт, импортын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн багцад уг замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалт багтсан юм. Улмаар Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км автозамыг энэ онд багтаан дуусгахыг Засгийн газар үүрэгдсэн. Нэгэнт дээд газраас чиглэл өгсөн учраас холбогдох байгууллагууд яаж ийгээд амжуулах байх. Ерөнхийдөө 4-11 дүгээр сард замын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр Монгол Улсын нийслэлээс зүүн болон зүүн өмнө зүг рүү явах гол замын нэвтрүүлэх чадвар сайжирч, энэ замд олон цагаар түгжирдэг, байнга шахам осол гардаг байдал алга болно гээд давуу тал их.

БАЯНЗҮРХИЙН ТОВЧООГООР ӨДӨРТ 6-10 МЯНГАН МАШИН НЭВТЭРДЭГ

Гэхдээ сайхан замтай болж, жаргалдаа умбахаас өмнө туулах зовлон гэж бас бий. Өөрөөр хэлбэл, зам баригдах долоон сарын хугацаанд түүгээр нэвтэрдэг их урсгалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал өдгөө шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зам ашиглалтад орох хүртэл хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Харин Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэх юм. Энэ үед л асуудал ундарч эхэлнэ дээ.

Чухам энэ замаар зүүн гурван аймаг болон Дорноговь, Гомьсүмбэр гэсэн өмнө зүгийн аймгуудтай холбогддог. Мөн Налайх, Багануур, Багахангай дүүрэг орох хүмүүс энэ хэсгээр дайрч гарахаас аргагүй. Үүнээс гадна Тэрэлж, Цонжин Болдог гээд аялал жуулчлалын гол бүс  нутаг руу хүрэхийн тулд мөн л Налайхын замаар дамжих болно.

Баянзүрхийн товчоо угаас хамгийн их ачаалалтай дамжин өнгөрүүлэх төв. Энэ хэсгээр өдөрт 6-10 мянган машин тогтмол нэвтэрдэг гэсэн статистик бий. Харин цагаан сар, наадам зэрэг томоохон баярын өдрүүдэд дээрх тоо 70 мянгад хүрч байв. Тэгвэл одоо энэ их урсгал Төв аймгийн зам руу шилжинэ гээд төсөөл дөө.

Хотын зүүн хэсэгт амьдардаг хүмүүс Тэрэлж орохдоо шууд Налайхын замаар явдаг байсан бол зам хаагдсаны дараачаас эхлээд баруун тийш Нисэх хүрч, тэндээсээ Төв аймаг ороод улмаар цааш давхисаар Налайх хүрнэ гэсэн үг. Энэ хэрээр хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэх нь хэнд ч ойлгомжтой.

Уг нь албаны хүмүүс уг замыг он дамнуулан барихаар төлөвлөж байсан юм билээ. Эхний жилд нь хоёр урсгалаа тавьж, нөгөө хэсгээр нь зорчих хөдөлгөөнөө явуулна гэж тооцож. Гэтэл энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн тул бүгдийг нь нэг дор хаахаар шийджээ. Ингэснээр зорчих хөдөлгөөнийг Төв аймгийн нутгаар явуулахаас аргагүйд хүрсэн байна.

Бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө

Туслах зам тавих зэргээр асуудлыг иргэдэд чирэгдэл багатай шийдэх боломж байсан эсэхийг Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба гээд холбогдох байгууллагууд энэ асуудлыг нухацтай ярилцсан. Үнэнийг хэлэхэд Төв аймгийн нутгаар иргэдийг явуулахаас өөр гарцгүй болчихоод байна. Хэрэв хажуугаар нь зам тавибал байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их. Мөн замын хоёр талын хэсэг тэр чигээрээ барилга байгууламж, ажил үйлчилгээ шигүү болчихсон учраас чөлөөлөх боломжгүй байна. Хэрэв чөлөөтэй байсан бол тавьж байгаа замынхаа хажуугаар шороон зам гаргаж болно. Гэвч энэ нөхцөлд ямар ч арга алга. Бид барих замынхаа хэсгийг л арай гэж чөлөөллөө шүү дээ” гэсэн юм. 

Хотын захиргаанаас зам баригдах газрыг бүрэн чөлөөлөөд буй. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, үүний нөхөн төлбөрт нэг тэрбум гаруй төгрөг өгсөн юм.

Харин Төв аймгийн зам энэ ачааллыг даах эсэх, тухайн хэсэгт түгжрэл их үүсэхээр байвал яаж зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад “Хөдөлгөөн зохион байгуулалтыг ингэж хийнэ гэсэн албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд судалж байгаа” гэсэн юм.

“Бид аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэхийг хичээж байна. Гэхдээ юуны өмнө аюулгүй байдлаа бодох ёстой. Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Хасбаатар ярилаа.

• Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км замыг 4-11 дүгээр сард барьж дуусгахаар төлөвлөж байна.

• “Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” гэв.

• Налайхын замыг хааснаар хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэнэ.

ТЭРЭЛЖИЙГ ЗОРИХ ЖУУЛЧНЫ ХӨЛ ТАТРАХ УУ


Албаны хүмүүсийн тайлбар ийм байна. Тэгэхээр бид зам хаасан долоон сарын хугацаанд хүссэн ч, эс хүссэн ч Төв аймгийн нутгаар тойрч давхисаар зүүн тийш зүглэх нь. Гэхдээ манайхан хууль дүрэм биелүүлэхдээ тун хойрго улс. Яаж ийгээд л шинэ зам гаргаж мэднэ. Тэгээд нөгөөхөөр нь өдөрт хэдэн мянгаар тоологдох машин цуваад байвал Богд уул, Туул голын нэгээхэн хэсэг яаж талхлагдаж, ямар их шороо тоос босохыг төсөөл дөө. Тиймээс замын цагдаа болоод бусад холбогдох албаныхан хяналт шалгалтаа маш сайн тавих шаардлага давын өмнө тулгарна. Эс бөгөөс Лүнгийн зам нэг хэсэг яаж талхлагдсан, яг тийм хувь тавилан хүлээх болно.

Нөгөөтэйгүүр замын бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Бяцхан тооцоолол хийгээд үзье л дээ. Хотын төвөөс Налайх хүрэхэд 30 хүрэхгүй км явна. Харин Төв аймгаар дайрч, Богд уулыг ороовол 100 орчим км болж байна. Нэг ёсондоо туулах зам гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр бензин тос, цаг хугацаа урсаж өгнө. Тиймээс хүмүүс Тэрэлж явж амрахын тулд Төв аймгаар дайрч өөртөө түвэг удахыг хүсэхгүй л болов уу.

Тэрэлжид 20 жилийн өмнө 30 гаруйхан жуулчны бааз байсан гэдэг. Харин одоо бол энэ тоо 10  дахин нэмэгдэж, 360 хүрчээ. Мөн Цонжин Болдогийг тойроод олон жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буй. Чингис хааны хөшөөт цогцолбороор гэхэд өдөрт 300-400, баяр наадмын үеэр 3000 хүртэл хүн үйлчлүүлдэг.

Гэвч туулах зам уртсаж, бөглөрөл түгжрэл нэмэгдэх хэрээр иргэд тойрч очихоос төвөгшөөн өөр тийш хүлгийн жолоо залах магадлал өндөр. Тиймээс зүүн зүгт байрлах жуулчны баазууд ирэх зундаа ашиг орлого багасна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.

Үүнийг бичихдээ ойрын хэдэн жил хийгдээгүй том бүтээн байгуулалтыг харлуулах гэсэнгүй ээ. Дөрвөн эгнээ бүхий орчин үеийн стандартад нийцсэн энэ зам баригдахыг хүн бүр хүсэн хүлээж байгаа. Зам ашиглалтад орсноор хамгийн их ачаалалтай хэсгийн зорчих урсгал сайжирч, иргэдийг бухимдуулдаг байдал арилна. Мөн осол аваар ч тодорхой хэмжээгээр буурах нь баараггүй. Гэхдээ зам ашиглалтад орох хүртэлх хэдэн сарын хугацаанд амаргүй нөхцөл байдал хүлээж буйг сануулах гэсэн юм. Ялангуяа зүүн зүг рүү их зорчдог хүмүүст багагүй хүндрэл гарна. Тиймээс хаа хаанаа тэсэх л хэрэгтэй болох нь дээ!