A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1144/

Багшийн цалинг нэмчих мөнгө үргүй зардал дунд чинь байна

Эдийн засагт төрийн зохицуулалт хийхийг “зүүнтнүүд” сайн чаддагсан

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1144/


МҮЭ, Засгийн газар хооронд бүтэн жил үргэлжилсэн хэлэлцээр амжилтгүй болж, цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нар хугацаагүй ажил хаясан хэвээрээ байна. Багш нар ажлын байрнаасаа асуудал тавихад авч хэлэлцэхгүй байгаа тул төв талбай дээр ирээд “хөөе, бид ажил хаясан байгаа шүү” гэдгээ төр засгийнханд харуулж, хашгираад ч тусыг эс олов. Баргийн юмнаас цочроо авахаа байжээ, эрх баригчид. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газарт цалин нэмэх ямар ч боломж байхгүй” гэж эрс хатуу мэдэгдсэн бол салбарын яам дорвитой шийдвэр хэлсэнгүй. Харин ч ажил хаялт зарласан багш нарыг дарж авахаар тэдний эсрэг хүүхдүүдийн эцэг эхчүүдийг хүртэл турхирч сууна. Асуудлыг зөвшилцөл, хэлцлээр шийдэхийн оронд сүрдүүлж, номхруулах гэж оролдож байгаа нь нийгэмд таагүй уур амьсгал төрүүлснийг тус салбарынхан ойлгохгүй байх шиг. Харин Монгол улсын төсвийн бодлогыг баригч олон улсын валютын сан “Бид Монголын Засгийн газрыг цалин нэмэхийг нь хориглоогүй. Зардлаа нэмэхгүйгээр цалин нэмэх эрх танай Засгийн газарт бий” гэсэн хариулт өгч байна.

Тэгэхээр бусад шаардлагагүй зардлаа танаж, бага зэрэг зохицуулалт хийчихвэл багш нарын шаардаад буй 35 тэрбум төгрөгийг гаргаад ирэх боломж бий юм биш үү. Уг нь эдийн засагт төрийн зохицуулалт хийх нь “зүүнтнүүд”-ийн хамгийн сайн чадах ажил баймаар. Харин хаанаас тэр 35 тэрбум төгрөгийг олж болох вэ? ОУВС-гийн Монголд хэрэгжүүлж байгаа тав дахь хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Готтлиб хэлэхдээ “Нэгдүгээрт, цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр олохын тулд бусад үр ашиггүй зардлаа хасах ёстой. Хоёрдугаар асуудал нь Засгийн газрын өр төлбөр маш өндөр түвшинд очсон. Гэтэл төрийн албан хаагчдын, тэр дундаа багш, эмч нарын цалин, хөлс маш бага байна. Яагаад ийм байдал гарсан бэ гэхээр өнгөрсөн олон жилийн турш үе үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэрийн үр дагавар гэж харагдаж байна. Төсвийн үр ашиггүй зардлаа бууруулах арга замаа олох нь чухал” хэмээн байр сууриа хэлсэн. Гэтэл цалин нэмэх мөнгө олж чадахгүй байгаа эрх баригчид урсгал зардал, үр ашиггүй зарцуулалтаа хасаж яагаад болохгүй гэж?

Тээвэр шатахуунд 24.6 тэрбум... гээд тэвчиж болох зардал олон байна

Энэ оны нэгдсэн төсвийн эхний долоон сарын гүйцэтгэлээр урсгал зардалд дөрвөн их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг 200 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн. Урсгал зардал гэдэг бол эргээд эдийн засгийн өгөөж өгдөг хөрөнгө оруулалт биш. Харин төрийн албаныхны эд хогшил, тавилга, байр сав, гадаад дотоод томилолт, утас унааны мөнгө гээд тэвчиж болох үр ашиггүй зардлуудыг өнгөлсөн албан нэр нь тэр юм. Төрийн албаныхны тэвчиж болохуйц ямар зардал гаргаж буйг тодорхой болгох үүднээс зардлын зарим задаргааг энд дурдъя. Эхний долоон сарын байдлаар төсвөөс гадаад, дотоод томилолтод 13.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн эд хогшлын урсгал засварт 31.7 тэрбум, ном хэвлэлд 800 сая, бичиг хэрэгт 5.5 тэрбум, утас холбоо, интернетийн төлбөрт зургаан тэрбум төгрөг, тээвэр шатахуунд 24.6 тэрбум… гээд дурдаад байвал халж, эсвэл хасаж болох зардал олон байна. Гэхдээ оны эцэс гэхэд энэ мөнгөн дүн улам нэмэгдэнэ. Баталсан зардлаасаа давуулж зарлагадна гэж барьсан ч алдахгүй. Учир нь төсвийн жилийн төгсгөл рүү хамаг зардлаа гаргадаг нь төрийн албаныхны бичигдээгүй хууль юм. Тухайлбал, төрийн албаныхан 13 гаруй тэрбум төгрөгийн гадаад, дотоод томилолтод явж ямар ажил амжуулав.

Ойрд гадаадад өндөр дээд түвшинд манай төр засгийн тэргүүнүүдийн зүгээс хийсэн айлчлал бараг байгаагүй. Үнэндээ төрийн албан хаагчид томилолт нэрээр гадаадаар зугаалж, газар орон үзэж байгаад ирдэг нь нууц биш. Мөн 30 гаруй тэрбум төгрөгөөр эд хогшил буюу өмнө нь хэрэглэж болоод байсан ширээ сандал, компьютер зэргийг акталж, зурагт буйдангаа шинэчилж тухлах нь тэвчиж болохооргүй зардал юм гэж үү. Шатахууны зардлыг нь хар. Тогтоож өгсөн лимитээрээ салбарын нэг сайд өдрийн 30 км-ээр тооцож шатахууны зардал авдаг. Тэгэхдээ хамгийн том мотортой, шатахуун их зарцуулдаг машинаар тооцох нь мэдээж. Гэтэл хот дотор өдөрт 30 хүртэл километр хаагуур явах вэ? Манай дарга нарын ихэнх нь төрийн ордноос гурав хүрэхгүй километрийн цаана, ихэнх нь Зайсангийн энгэрт амьдардгийг бүгд л мэднэ. Гэсэн атлаа цалингаа нэмүүлээгүй нийт хугацааных нь инфляц нь 70 гаруй хувиар өсчихөөд байгаа багш нар бодит шаардлага тавихаар “Боломж байхгүй, жаахан тэвч” гэж хэлэх ширэн нүүртэй, шилэн зүрхтэй “томчуул”-тай улс юм. Өндөр цалин өндөр хариуцлагатай багшийг л төрүүлнэ. Түүнээс биш өөр салбарын ажилтны авдаг цалин, хийдэг ажилтай нь харьцуулан барьцах, бас доромжлох хэрэггүй. Хурган дарга нарын унадаг жийп машины тоо нэмэгдэх тусам Монголын боловсролын салбар улам доройтож байгаа. Олж ирсэн мөнгөөр өр дарж байна гэж өдөр бүр шахуу гоншигонож буй төр засгийн сайд, дарга нарт хандаж хэлэхэд эдийн засгийг доройтуулж, энэ байдалд хүргэсэн нь багш нарын буруу биш шүү!!!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Зангад: Хийх бүтээх урам өгсөнд баярлалаа

 0 сэтгэгдэл


Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын DJ, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгойгийнхны зэрэг дэв ахиж, урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад таваас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад хоёроос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад наймаас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад гурваас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сургуулиудад “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршихаар судалж байна

 0 сэтгэгдэл


Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэдэг ерөнхий боловсролын зарим сургуулийн сурагчдыг гэр сургуулийн хооронд аюулгүй, ая тухтай зорчих боломжийг судлах зорилгоор “Хүүхдийн автобус”-ны шинэ чиглэлийг турших санал боловсруулах талаар хөндлөө. Мөн ЕБС-уудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлэх зорилгоор барилгыг өргөтгөх буюу шинээр барих ажлыг эрчимжүүлэх талаар судлах юм байна. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхээр боллоо.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Чингис, Жамухын сүүлчийн уулзалтын зургийг 10 жилийн турш бодсон

“Би хөгжим ойлгодоггүй, сонсдоггүй” гэж байгаа зураачаас олигтой бүтээл гарахгүй

 0 сэтгэгдэл


Урчуудын эвлэлийн шагналт зураач Н.Орхоныг хөрөг зургийн ур чадвараараа Монголдоо шилдэг нь гэж үнэлэх хүн олон. Төрийн ордонд байрлах Ерөнхий сайдуудын хөргөөс авахуулаад олон алдартай хүний төрхийг тэрбээр амилуулсан. Түүнийг сониныхоо зочноор урьж ярилцсанаа хүргэе.


-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Нэлээд олон ажил зэрэг амжуулах гээд л явж байна. Гол нь монголчуудын амьдрал, үйл явдал, монгол эрэгтэй, эмэгтэйчүүдийн дүр он цагийн уртад хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулах үүднээс уран бүтээлээ хийдэг. Жишээ нь, “Цогт тайж” кинонд жинхэнэ монгол хүний дүр төрх түгээмэл гардаг даа. Харин одоо яг тийм царайтай хүн бараг алга. Цаг үе, амьдралын уртад хүний дүр төрх ингэж өөрчлөгддөг юм байна. Ах нь зургаа ярихгүй, өөр юм яриад явчихав уу?

-Зүгээр ээ, таны яриа харин ч сонирхолтой санагдлаа

-Зураг, урлаг, хөгжим гэдэг хоорондоо холбоотой, нэг цогц юм шүү дээ. 100 жилийн өмнөх Монголын язгууртнууд ямар царай төрхтэй, юу эдэлж хэрэглэдэг байсан юм. Энэ бүхнийг судалж харуулахын тулд түүхтэй холбогдохоос аргагүй. Гэтэл өнөөдөр бид түүхээ мартах хэмжээнд хүрчихэж. Миний түүхэн уран бүтээл хийдэг нэг шалтгаан нь энэ юм.

-Монгол хүний үндсэн дүр төрхийг илтгэсэн хүнтэй таарвал зурах юмсан гэсэн хүсэл шууд төрдөг үү? 

-Намайг бага залуу байхад тийм хүн харагддаг байсан юм.  Одоо бол байхгүй дээ. Хятад мотоцикль уначихаад адуугаа хурааж байгаа дүр зураг л харагдах болж. Монгол адууны соёлыг энэ хэдэн уяачид муухай болгоод хаячихсан. Өвөл зунгүй, жилийн дөрвөн улиралд морь уралдуулж, үндсэн язгуур утгыг нь алдагдуулж байна шүү дээ.  Уулын мухарт, гэрийнхээ хойморт дүнхийтэл сууж байгаа өвгөчүүд бараг байхгүй болсон. Тэр өвгөчүүдийг байх үед залуучууд нь дэг журамтай, үгийг нь сонсож, хүндэлдэг байж. Монголчууд яагаад устаж алга болоогүй юм бэ. Яагаад гэвэл нүүдлийн соёл иргэншил биднийг өдий хүртэл авч ирсэн юм. Гэвч энэ соёл маань алдагдахад хүрээд байгаа нь харамсалтай.


-Та яагаад хөрөг зургаар дагнахаар шийдсэн юм бэ?

-Ерөөсөө зураач хүн хөрөг л зурах ёстой байхгүй юу. Дэлхийн ямар ч урлаг дандаа хүний тухай байдаг биз дээ. Хэрэв зураач бүр хүн зурж чаддаг бол бүгдээрээ л зурна. Гэтэл хөрөг зурна гэдэг чинь сургуулиар олддог зүйл биш. Ийм авьяас цаанаасаа заяадаг юм. Жишээ нь, “Уяхан замбуу тивийн наран” гэдэг дуу Монголд төрж. Тэгвэл үүнийг жинхэнэ утгаар нь дуулж чаддаг хүнийг Монгол Улс төрүүлсэн л байхгүй юу. Н.Норовбанзад гэдэг энэ агуу дуучин гадаадад хөгжмийн сургууль төгсөөгүй. Гэтэл бид гадаадад сургууль дүүргэж, диплом авсан хүнийг л уран бүтээлч гэж үзээд байдаг. Энэ хүн цаанаасаа төрмөл авьяастай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхдөө яагаад хойрго байдаг юм бэ.  Үүнтэй адилхан зурах авьяас цаанаасаа заяадаг юм. Харин үүнийгээ хөгжүүлж чадсан уу гэвэл өөр асуудал. Миний хувьд авьяасаа хөгжүүлж яваа л зураач. Түүнээс туйлдаа хүрчихсэн мундаг хүн биш. угаасаа туйл гэж байхгүй, цаашаа улам явна. Хөрөг зураг бол урлагт байр сууриа тод томруун эзэлсэн нэг төрөл. Дэлхийн урлагт бол хөрөг зургийг дүрслэх урлагийн хамгийн хүнд төрөл гэж үздэг. Хөрөг зургаар нь зураач хүний чадварыг дэнсэлдэг байх нь. Хөрөг зургийг зурахдаа хүний сэтгэл рүү нь орно гэдэг их чухал. Тэгээд хөдөлгөөн, зан төрх, амьд чанарыг харуулна гэдэг амар зүйл биш. дэлхийн шилдэг зураачид бүгдээрээ л хүн зурдаг биз дээ.

-Хөрөг зурагт монгол маягийн школ гэж байдаг уу?

-Бид мэдээж гаднын соёлтой танилцана. үнэхээр сайн бүтээлийг хүндэтгэн хайрлаж, гоё сайхныг нь биширдэг. Тухайн бүтээлд надад байхгүй давуу тал шингэсэн байвал өөрийн зурагтаа тусгана. Гэхдээ шууд хуулах биш, өөрийн болгож, нутагшуулж авах ёстой. Монголд олон угсаатан бий. Угсаатан бүр өөрийн хөгжмийн хэмнэл, дүрслэх урлагийн соёлтой, бусдын юмыг дуурайдаггүй. Оюун санаа болон бусад талаараа хэний ч хараат байхыг хүсдэггүй тэр угсаатнуудын бие даасан чанарууд Монголын нэг бахархал юм. Энэ бүгд уран зурагт ч тусгалаа олсон байдаг. Бид Орос болон Европын орнуудад хөгжмийн боловсрол эзэмшиж, уран зургийн арга барилд суралцдаг. Гэхдээ хийсэн бүтээлүүдэд монгол ахуй нэвт шингэсэн байдаг. Жишээ нь, Л.Мөрдорж гуай Орост их сургууль төгссөн хүн. Гэхдээ тэр хүний хөгжим, аялгуу жинхэнэ монгол. Хүн төрөлхтний сонсоогүй хөгжмийг “Алтан өргөө” кинонд хийсэн байдаг. Хөгжим, зураг, бүжиг гээд урлагийн төрөл бүр хоорондоо хамаатай, цогц ойлголт учраас л би энэ бүгдийг яриад байгаа юм шүү. “Би хөгжим ойлгодоггүй, сонсдоггүй” гэж байгаа зураачаас олигтой бүтээл гарахгүй.

Толстой, Чайковский, Достоевский үгүй бол Орос орон юу ч биш болно

Улс гүрнийг бий болгодог зүйл бол улстөрчдөөс гадна соёл нь байгаа юм. Толстой, Чайковский, Достоевский үгүй бол орос орон юу юм бэ. Юу ч биш болох л байхгүй юу.

-Нас явах тусам хүний бодол санаа, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг. Энэ хэрээр таны уран бүтээлд өөрчлөлт ордог уу. Магадгүй 20 жилийн өмнөх зургийг одоогийнхтой харьцуулбал хэр их ялгаа харагдах бол?

-Би залуудаа одоогийнхоос өөр техникээр зурдаг байлаа. Анх 22 настайдаа “Ээж ээ, хар даа” гэдэг зургаараа Монголын дүрслэх урлагийн бүх зураачдын хэмжээнд гарч ирж чадсан. Энэ зургаараа нэлээд шуугиан тарьж, олон улсын наадмаас ч шагнал авах шахсан удаатай. Энэ үеэс хойш ороо бусгаа явлаа. Гадаадад сургууль төгсөөгүй, дээд сургуулийн дипломгүй гэдгээрээ гадуурхагдах үе байсан. Тэр үетэй харьцуулахад танин мэдэхүйн цар хүрээ улам өссөн нь мэдээж. тэр хэрээр хийж буй уран бүтээлд өөрчлөлт гарна л даа.

-Таныг хамгийн их зовоосон уран бүтээл юу байв?

-Би “Ээж ээ, хар даа” зургийг гурван сар зурсан. дотор бодогдсон юм цаасан дээр бууж өгөхгүй зовоогоод байсан юм. Ер нь зовоосон зураг олон бий. Болохгүй бол цааш нь тавьчихаад өөр юм оролдоно. Тэгээд дараа нь дахиж оролдсоор байгаад заавал дуусгаж байж санаа амардаг. Жишээлбэл, Чингис хаан, Жамух хоёрын хамгийн сүүлчийн уулзалтын зургийг би 10 жилийн турш бодсон. Хар зураг нь бэлэн болчихсон. Одоо өнгөөр ялгах гэж байгаа. Жамух “Намайг цаазал” гээд бүсээ өгч байгаа юм. Чингис хааны дүр ямар байх нь сайн тодроогүй байна. Гэхдээ Жамухаас арай бүдэг харагдах ёстой. Иймэрхүү маягаар удаан бодож байж зурах тохиолдол цөөнгүй. Ер нь би яаравчлаад, хурдхан шиг дуусгасан болж чаддаггүй хүн. өөрийнхөө хувьд “боллоо” гэж үзсэн үедээ л зургаа дуусгана даа. Би нэг удаа яруу найрагч Б.Лхагвасүрэнг зурсан юм. Өөрт нь үзүүлсэн чинь “Гар нь сонин болчихож” гээд голох маягтай байна. Тэгэхээр нь өгөлгүй буцаагаад аваад явчихсан. Сүүлд нөгөө зургаа авмаар байна гэхээр нь “Би Лхагвасүрэнд шүлэг бичихийг заана гэдэг утгагүй. Үүнтэй адилхан Лхагвасүрэн надад зураг зурахыг заах ёсгүй” гээд хэлчихсэн.

-Таньд ойр дотны, гэр бүлийнхээ хүмүүсийг зуруулах захиалга хэр ирдэг вэ?

-Ирэлгүй яахав. Иймэрхүү захиалгаар л амьдарна шүү дээ.

-Энгийн нэг хөрөг зурахад үнэ өртөг ямар байдаг бол?

-Янз янз даа. Зарим хүн мөнгөндөө их харам байдаг бол зарим нь мөнгөний хэмжээг огт тоохгүй. Ер нь үнэ хөлсний яриа ханцуйн дотор л явагддаг юм.

-Гаднын баячууд сайн уран зурагт үнэ хайрлахгүй төлдөг. Харин Монголд урлагийн бүтээлийг ойлгож, үнэлж чаддаг хүн хэр олон бол?

-Урлагийн бүтээлийг ойлгож, үнэлнэ гэдэг хүмүүжил байхгүй юу. Бид сүүлийн 30 жил юм бүгдийг ашгийн нүдээр харж ирсэн. Яавал үүнийг хямдхан авах вэ гэсэн бодол давамгайлна. Нөгөөтэйгүүр сайн уран бүтээлчийг үнэлж, дүгнэж чадахгүй байна. Жишээ нь, Г.Ариунбаатар гэж дуучныг бид өөрсдөө тодруулсан юм уу. Гадаадын том тэмцээнээс шагнал авангуут нь “Энэ чинь манай хүн шүү дээ” гээд л хошуурсан биз дээ. Чингиз Айтматовыг Оросууд өөрсдөө тодруулсан юм уу. “Гульсары минь баяртай” гэдэг номыг Францын утга зохиол судлаач санамсаргүй байдлаар авч л дээ. Тэгээд буудалдаа очиж уншиж байгаад огло харайгаад босоод ирсэн гэдэг. Ингээд Айтматовын талаар Францын хэвлэлээр шуугиж эхэлсэн. Гэтэл Оросууд “Энэ чинь манай нутгийн хүн” гээд мань хүнийг мандуулчихсан. Бид ч иймэрхүү л байдалтай байна. Урлагийн авьяастнуудаа өөрсдөө тодорхойлж чаддаггүй. Харин “Цогт тайж” киног хийж байх үед урлагийг үнэлж чаддаг байж. Тухайн үед төрийн шагнал авсан хүн санаанд багтамгүй мөнгөн шагнал авч байсан гэдэг. Урлагийг ингэж үнэлдэг хүн өнөөдөр байхгүй.

-Та одоо ямар уран бүтээл туурвихыг хүсч байна вэ?

-Би хэнийг ч зурахыг хүсддэггүй. Харин хэнийг зурахыг дотроос хэлж өгдөг юм. Хүнд чинь зөн совин гэж байна шүү дээ. Явж байхад гэнэт нэг бодол орж ирнэ. Түүнийгээ л зурагт буулгадаг юм. Гэхдээ зурахыг хүсдэг дүр мэдээж бий. Монголын сайхан хатан, язгууртан эмэгтэйн төрх гаргахыг хүсдэг. Гэхдээ Чингис хааныг зуръя гэсэн бодол надад ерөөсөө орж ирдэггүй юм.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ аль зурганд нь сэтгэл хангалуун байна вэ?

-Ц.Элбэгдоржийн ээжийн хөрөг байна даа. Энэ зургаа овоо дориун болчихсон гэж тоогоод байгаа.

-Та ээж, аавыгаа зурж байв уу?

-Аавыгаа зурж байсан. Ээжийгээ зурах гээд дотроо бодоод л явна. Гэхдээ өөртэйгөө хамт байгаагаар зурах юм. “Ногоон торгон дээлээрээ хэчнээн жил гоёлоо доо” гэсэн дуу байдаг даа. Энэ бол монгол ахуй, монгол амьдрал. Ээжид маань үүн шиг үйтэн хуар дээл байсан юм. Ээж маань тэр дээлээ өмсчихсөн, дөрөв, таван настай намайг хөтөлчихсөн явж байгаа дүр зураг санаанд буугаад байгаа юм. Одоогоор эхэлж амжаагүй л байна. Уран бүтээлч бид чинь хүнээс захиалга авч амьдардаг хүмүүс. Захиалгын зурагныхаа хажуугаар уран бүтээлээ хийдэг учраас олон жил болчихоод байдаг юм.