A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3260/

Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг шүүхээс түдгэлзүүлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3260/
  • Гомдол гаргагч тал “музейгээр бизнес хийж, мөнгө угаах зорилго өвөртөлж байна” гэв
  • Музейн захирал урсгал зардлын төсвөөр жил бүр 200-400 сая төгрөг авдаг байсан
  • Байгалийн түүхийн музейн барилгыг энэ сарын 31-ний дотор буулгахаар үүрэгдсэн байжээ.

Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолын эсрэг шүүх хурал өчигдөр болов. Улмаар музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэхээр бол­жээ. Мөн музейг нураах шийд­вэрийг хөндлөнгийн шинжээчээр шалгуулахаар болсон байна. Энэ талаар хуульч Б.Мэргэн “Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн соёлын өв болох байгалийн түүхийн музейг нураах 280, 281 дүгээр тогтоол гарсан. Улмаар боловсрол соёл, Шинжлэх ухаан спортын яаманд байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, шинээр босгох тендер зарлахыг үүрэгдсэн. Тус тендерт “Аяа” ХХК шалгаран, байшинг энэ сарын 31-­ний дотор буулгахаар болсон юм. Хэрэв барилгыг үгүй хийчих юм бол бидний соёлын өвийг хамгаалах ажил үр дүнгүй болж, шүүхдэх шаардлагагүй болно. Тиймээс анхан шатны шүүхээс өмнө тус барилгыг нураахыг эсэргүүцэн нэхэмжлэл хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр шүүх хурал болж, нураах тендерийг түдгэлзүүллээ. Манай хуулийн ферм “Эрх зүйн соёл” төрийн бус байгууллагынхаа хүрээнд нийтийн эрх ашгийг хөндсөн уг асуудал дээр ажиллаж байна. Шүүх хуралд хариуцагч талаас БСШУСЯ болон Засгийн газар, байгалийн түүхийн музейн удирдлага оролцлоо. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам болон төрийн бус байгууллагууд ирсэн. Би уг асуудлыг музейгээр бизнес хийж, мөнгө угаах зорилго өвөртөлж байна гэж харж байна” хэмээв. Байгалийн түүхийн музейг нураах шийдвэрийг “Улаанбаатар иргэдийн форум”­-ын залуус эсэргүүцэж буй. Улмаар тэд нэгдэж, байгалийн музейг аврах хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Уг хөдөлгөөний тэргүүлэгч Ц.уянга “Байгалийн түүхийн музейг нураах тендерийг өнгөрсөн сарын 25-­нд зарлаж, энэ сарын 31­-ний дотор барилгыг нураах шийдвэр гарсан. Бид эл ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргасан. Улмаар өчигдөр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй. Байгалийн түүхийн музейг нураах нь соёлын өвийг үгүй хийж буй хэрэг юм. Тус музей нь сүүлийн зургаан жилийн турш мэргэжлийн хяналтын дүгнэлтийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Гэвч 17 жилийн турш музейн захирлын алба хашиж буй Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Харамсалтай нь үүнийг шалгасан байгууллага ч алга. Тэр их мөнгийг юунд ашигласан нь ч эргэлзээтэй байна. Бид уг асуудал дээр мэргэжлийн архитекторчдоос зөвлөгөө авч ажиллаж байна. Түүхэн барилгыг хадгалан, сэргээн засварлах нь хамгийн зөв шийдэл байдаг. Дэлхийн олон оронд ийм жишээ бий. Харин аргагүй байдалд орох буюу дайн болох, гал түймэр, байгалийн гамшиг зэргийн улмаас барилга ул мөргүй устаж үгүй болсон тохиолдолд шинээр босгодог. Ингэхдээ хуучин хэв маягийг нь хадгалан, түүхэн ач холбогдлыг нь тодотгодог. Байгалийн түүхийн музейг нураахгүй байх боломж, шийдэл олон байна” гэж ярилаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“The Hu” хамтлагт “Чингис хаан” одон гардуулахын тулд журмаа өөрчилжээ

“Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын хэсэгт “The Hu” хамтлагийн дуу орохоор сонгогджээ

 0 сэтгэгдэл

Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг nгардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэчилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ.

Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө дээд шатанд хүрч, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон эгзэгтэй үед монгол хамтлаг хөгжмийн ертөнцийг доргион гарч ирсэн нь “The Hu” хамтлаг байв. Тэд хөөмий, хархираа морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дууга-ралтыг орчин үеийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг бий болгосон билээ. Тэгвэл Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа 11 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагт “Чингис хаан” одон гардуулахаар болсныг ЕТГ-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлав. Эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон. Хүннү рок урсгалаар тамгалсан “The Hu” хамтлагийнханд уг шагналыг энэ сарын 27-нд гардуулах юм. Дээрх одонг гардуулах журамд хамтлагт олгоно гэсэн заалт байдаггүй. Харин энэ жил уг журмыг шинэ чилснээр “The Hu” хамтлагт олгох боломж нээгджээ. Ингэхдээ цор ганц одонг жаазалж гардуулах бол 11 гишүүний энгэрт тэмдэг зүүж өгөх гэнэ. Энэхүү баярт мэдээтэй зэрэгцэн “The Hu” хамтлагийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл цацагдав. “Оддын дайн” уран зөгнөлт киноны видео тоглоомын цоо шинэ хувилбар болох “Star Wars Jedi: Fallen Order”-той Монголын “The Hu” хамтлаг холбоотой боллоо. Тэдний “Хар аянга” дуу тоглоомын хэсэгт сонгогдсон ба энэ талаар www.reddit.com сайтад “Мон голын “The Hu” хамт лагийн дууг шинэ хувилбараас хоёр ч удаа сонсож болно. “Оддын дайн”-ы хувьд хамгийн тохиромжтой ая байсан. Морин хуур эгшиглэх төдийд “The Hu” хамтлаг тоглож буйг хүмүүс ойлгоно. Магадгүй хожмын нэг өдөр тэд өөрсдөө “Оддын дайн” видео тоглоомын дүрээр гарч ирэх ч юм билүү” хэмээн бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Батболд: “Фауст” жүжгийг эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй

Цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.

 0 сэтгэгдэл


ГЁТЕ ЭНЭ ЗОХИОЛОО 60 ЖИЛИЙН ТУРШ БИЧСЭН. ЭНДЭЭС “ФАУСТ” ЖҮЖГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ ХАРАГДАХ БАЙХ.

Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” эмгэнэлт жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид дахин тоглолоо. Энэ талаар тус театрын найруулагч М.Бат-болдтой ярилцлаа.

-2018 онд “Фауст” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид үзэгчдэд толилуулж байсан. Тухайн үед үзэгчид хэрхэн үнэлж байсан бэ?


-2018 тавьсан “Фауст” жүжиг бол миний Москвад Театр урлагийн академийн төгсөлтийн ажлын сэдэв байсан. Тухайн үед жүжгийн бичлэгээ аваад Москва руу буцах шаардлагатай байсан юм. Тиймээс ашиг олох, олон хүнд хүргэх гэж хичээгээгүй. Гэсэн хэдий ч маш амжилттай болж, олон хүний талархлыг хүлээсэн.

-Энэ удаагийн жүжгийн тавилт 2018 оныхоос ямар ялгаатай вэ?


-“Фауст” бол эмгэнэлт жүжиг. Гэхдээ би эмгэнэлт байдлаар тавихыг хүсээгүй. Эмгэнэлт жүжиг үзэх гэж ирсэн үзэгч эсрэгээрээ бадрангуйг нь үзээд гараасай гэж хүссэн.

-Энэ жилийн тоглолтод өмнөх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Уран бүтээлчдийн багийг өөрчлөлгүй тоглуулсны учир юу вэ?


-Анх туршилт хэлбэрээр жүжгийг тавихад сэтгэл зүрхнээсээ оролцож, амжилттай болгосон уран бүтээлчдээ солихыг хүсээгүй. Энэ бол ёс суртахууны асуудал.

-“Фауст” жүжгийн зохиолыг унших, жүжгийг үзэхэд ч ойлгоход бэрх байдаг. Та үзэгчдэд ойлгомжтой байлгах тал дээр хэрхэн ажилласан бэ?


-Нэг мөр шүлэг, бурхны сургаал, нэг үлгэр ч өөрийн гэсэн санаатай байдаг. Мэдээж эх зохиол нь уншигчдад уйтгартай санагддаг. Гэхдээ зохиолч тухайн зохиолоор ямар санаа гаргах гэж зорьсон нь илүү чухал. Эртний зохиолыг орчин үеийн үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдэг шийдлийг найруулагч олох ёстой.

-Жүжгийн агуулгын талаар үзэгчдэдээ товчхон хүргэвэл?


-1800-аад оны зохиол. Агуулгын хувьд өнөөгийн нийгмийн амьдралыг зөгнөж бичсэн юм шиг санагддаг. Гёте энэ зохиолоо 60 жилийн турш бичсэн. Жирийн нэг зохиолыг 60 жил бичнэ гэж байхгүй. Эндээс “Фауст” жүжгийн сэтгэлгээний цар хүрээ харагдах байх.

-Жүжгийг эх хэлнээс нь монгол руу орчуулсныг найруулах, эх хэлнээс нь орос хэл рүү орчуулсныг найруулахын хооронд ялгаа байна биз?


-Энэ бол орчуулагчаасаа хамаарна. Орчуулагч уран яруу байдлыг нь барьж орчуулсан байна уу, гол утгад ач холбогдол өгсөн үү гэдгээс хамаарна. Тухайлбал, орос орчуулгад уран яруу талыг давамгайлж орчуулсан бол англи орчуулга логик талаас нь орчуулсан байдаг. Тиймээс найруулагч аль алийг нь судалж байж жүжгээ тавих нь зөв.

-Үзэгчид драмын урлагт хэр боловсорч байна вэ?


-Драмын жүжиг үзэх нь харьцангуй нэмэгдсэн. Жүжиг бол хүний мэдрэмжид чиглэсэн бүтээл. Тиймээс театр улам хөгжсөөр байх болно. Театр хамгийн ирээдүйтэй, тасралтгүй үргэлжлэх бизнес гэж бодож байна.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?


-Театр бол сэтгэлгээний хөгжлийг хүнд олгодог. Тиймээс цаашдын уран бүтээлүүдээ бас энэ чиглэл рүү ойртуулна гэж бодож байгаа. Уран бүтээлчид ингэж сэтгэж чадвал үзэгчдээсээ түрүүлж алхана. Ингэснээр үзэгчдийг хөгжүүлэх үүргээ биелүүлнэ. Миний хувьд цаашдаа Шекспирийн сонгодог болон модерн жүжиг найруулан тавих бодолтой байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аватар киноны хоёрдугаар анги 2021 онд нээлтээ хийнэ

 0 сэтгэгдэл


Аватарын ертөнцөд гурван шинэ кино эргэн ирэхээр болжээ. Хэдийгээр ямар нэг зураг эсвэл трейлер хараахан цацагдаагүй байгаа ч та бүхэнд дуулгах ерөнхий мэдээллүүд байна. 2009 онд Жеймс Камероны бүтээсэн Аватар уран сайхны кино 47 хоногт 2.78 тэрбум ам.долларын орлого олж байсан бөгөөд энэ амжилтаа 10 жилийн турш хадгалж чадсан билээ. Энэхүү киноны дараагийн анги 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийх аж. Найруулагч Жеймс Камерон одоо илүү амбицтайгаар Аватар киноны гурван ангийг хийхээр төлөвлөсөн гэнэ. “Дисней” компани Аватар киноны дараагийн ангиудын нээлтээ хийх өдрийг зарласан байна. Тодруулбал, Аватарын гуравдугаар анги 2023 оны аравхоёрдугаар сарын төлөвлөсөн гэнэ. “Дисней” компани Аватар киноны дараагийн ангиудын нээлтээ хийх өдрийг зарласан байна. Тодруулбал, Аватарын гуравдугаар анги 2023 оны аравхоёрдугаар сарын 22-нд, дөрөвдүгээр анги 2025 оны аравхоёрдугаар сарын 19-нд гарах бол тавдугаар анги нь 2027 оны аравхоёрдугаар сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Энхээ: 1985 оны ДАШТ-д гаргасан алдаагаа одоо бодохоор харамсдаг

 0 сэтгэгдэл

  • Тамирчин хүн эрүүл л байх ёстой. Эрүүл хүнээс ямар ч амжилт гарна
  • “Довны наадамд барилдсанаас дэлхийн наадамд барилд” гэсэн
  • Э.Бэхбаяр олимпийн эрхээ ч авна, олимпийн медалиа ч авах боломжтой


Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээтэй ярилцлаа. Түүнийг бөхийн болон спортын хүрээнийхэн бие сэтгэлийн асар их тэнхээтэй, хүч нь тэгширсэн хүн гэж хүндэлдэг. Спортын эрсдэлтэй талбараас халшраагүй Ховд нутгийн хүү өдгөө ч чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон арван шилдэг шавь бэлтгэсээр байгаа билээ. Түүний амжилт, хөдөлмөрийг дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль, дэлхийн цомын алт, “Найрамдал­-84” олон улсын хэмжээний мөнгө, 1988 оны Сөүлийн олимпийн шагналт VI байраар хязгаарлавал өрөөсгөл болно. “Ирээдүй” цогцолбортой амьдралаа холбоод 20­-иод жил болж буй түүний ойрын үеийн төлөвлөгөө, зорилгыг сонирхтол ердөө ганц л зүйл хэлэв. Тэр нь Э.Бэхбаярыг 2020 оны олимпийн наадамд оролцуулж, медаль авахуулах гэнэ. 24 хуудастай дэвтэр дээр нарийвчилсан төлөвлөгөө гаргасан тэрбээр ийн ярилаа. Дэлхийн дэвжээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн, “Ирээдүй” цогцолборын бөхийн дасгалжуулагч, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэх­баярын багш А.Энхээг зочноор урьж ярилцсанаа хүргэе. 


-Сайхан намаржиж байна уу, бие лагшин тунгалаг уу?

-Сайхаан, сайхан намаржиж байна уу. Бие дажгүй л байна. 

Хоёр сар орчмын өмнө чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод болж өндөрлөлөө. Манайхан тааруу оролцож, өнөөдрийг хүртэл шигшээгийнхэн шүүмжлэлийн бай болж байна. Ялангуяа эрэгтэй бөхчүүдийн амжилт буураад байх шиг. Та мэргэжлийн хүний хувьд ДАШТ-д оролцсон баг тамирчдын амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Газар нутаг, цаг агаарын хувьд ямар ч нөлөөгүй, таатай оронд болсон. Тэр утгаараа амжилт үзүүлэх магадлал байлаа. Ер нь эрэгтэй шигшээ багийнхаа гаргаж байгаа амжилтад сэтгэл дундуур яваагаа юунаас нуух вэ. Хүн бүр л хэлж, ярьж байна. Амжилт гаргах боломж байна уу гэвэл нөөц хангалттай бий. Дасгалжуулагчаар ажилладаг хүний хувьд шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зөв шүүмжлэх хэрэгтэй. Зарим нь хэтрүүлж, бас хэтэрхий доромж хэлбэртэй болгодог тал бий. Энэ жилийн хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпийн эрхтэй ирлээ. Нэг их чамлаад байх зүйл бас биш. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөх дээд түвшиндээ хүрчээ. Маш олон оронд өндрөө авсан байна. Манай бөх, спорт сонирхогчид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бүгд л амжилт гаргая, дэлхийн аваргаас медаль хүртэж эх орныхоо нэрийг гаргах юмсан гэж хүсч, тэмүүлж байгаа шүү дээ. Энгийн жишээ л хэлье. Хамгийн өрсөлдөөнтэй байдгаар нь 57 кг-ын жин дээр жишээ авч ярья. Энэ жинд хэн нь ч түрүүлэх магадлалтай 12 бөх байна. Япон, Энэтхэг, Монгол, Орос, Беларусь гээд л... ийм өрсөлдөөнтэй жинд тогтмол амжилт үзүүлнэ гэдэг хэцүү. Тодорхой амжилт гаргахад олон хүчин зүйл нөлөөлнө. Би олон жилийн турш нэг л зүйлийг бодож ирсэн. Энэ бол тамирчин хүн цоо эрүүл байх ёстой. Эрүүл тамирчин ачаалал дааж чадна, эцсийн үр дүнд нь амжилт үзүүлнэ. Гэтэл тамирчин эрсдэлд орвол бүхнийг дахиад эхнээс нь эхлэх хэрэгтэй болдог. Бэртэл, гэмтэлтэй тамирчин ачаалал авч чадахгүй, бэлтгэл хийх боломжгүй болно. Нэгэнт бэлтгэл хийгээгүй хүн дэлхийн дэвжээн дээр очоод бусдын гарын аясаар л хөдөлнө шүү дээ. Тийм хүнээс амжилт хараад ч хэрэггүй. Хоолой, бөөр өвдөх, ханиад томуу хүрэх гэх мэт наад захын эрсдэлээс үргэлж болгоомжлох хэрэгтэй. Адаглаад ханиад хүрэхэд халуурна, бие сульдана, дархлаа буурна, биеийн хүч тамир үгүй болно.  Ийм хүн ачаалал авч чадахгүй, амжилт ч үзүүлэх боломжгүй. Бэхээ дээр жишээ хэлье. 2018 оны Азийн наадамд бүх зүйл нь төгс байсан учраас алтан медаль авлаа. Үнэхээр бэлтгэл сайтай байсан хүн тухайн жилийнхээ ДАШТ-ий гол фаворитуудын нэг болно биз. Бидний зүгээс зөвхөн бэлтгэлийг нь тохируулах шаардлага байсан. Гэтэл гурав хоног шүд нь өвдөж байгаа юм. Нойр муутай шүд өвдөхөөр хүний бие гүн хямралд орно. Ингээд ирэхээр нөгөө сайхан форм алдагдаж эхэлсэн. Өвчин намдаах эм тариа хэрэглэх гэхээр болдоггүй. Допингийн асуудал ярина шүү дээ.  Тиймээс өвдсөн ч гүрийхээс өөр аргагүй байдал хүрнэ. Эрүүл болохын тулд нэг сар эмчилгээ хийлгэсэн. Ингэхээр нөгөө форм алдагдаад, жин их хассанаас болж бие организмд өөрчлөлт өгч, бэлтгэл байхгүй болсон. Ингээд л эхний тойрогтоо Ираны бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан даа. Харин энэ жил арай өөр зорилготой Нур-Султаныг зорьсон.  Олимпийн эрх олгох чухал тэмцээн учраас бэлтгэлээ тааруулах үүрэг хүлээж байгаа юм. Бэлтгэл дутуу хүн амжилт үзүүлэхгүй байх магадлал өндөр учраас би энэ удаагийн ДАШТ-ийг өнжих үү гэж зөвлөтөл “Би нэгэнт эрхээ авсан юм чинь өөрөө явна. яадаг ч байсан Нур-Султаныг зориод үзье” гэв. Ингээд ачааллаа өөрөө тохируулаад дайралтаа хийхээр шийдсэн. Харамсалтай нь, ДАШТ-ээс олимпийн эрх ч үгүй, медаль ч үгүй ирлээ. Миний хэлэх гээд байгаа зүйл ердөө л энэ.Тамирчин хүн хамгийн түрүүнд эрүүл байх ёстой юм. Эрүүл хүн ямар ч амжилт гаргаж болно. Харин бэртэл гэмтэлтэй хүнээс амжилт хараад хэрэггүй. Дархлаа суларна, эрч хүч буурна, ачаалал даах чадваргүй болно гээд тухайн тамирчны бүтэн жилийн хөдөлмөрийг хормын дотор үгүй хийнэ. Ийм л зүйлийг ойлгуулах гэж бэхээд тохиолдсон эрсдэлүүдийг ярилаа. Хэдийгээр олимпийн эрх, дэлхийн аваргын медаль аваагүй ч миний шавь сайн барилдсан. Бэхээгийн хэсэгт дэлхийн шилдгүүдийн найм нь багтсан байгаа юм чинь. Япон, Азербайжан, ОХУ, Беларусь, АНУ, Монгол, Иран, Энэтхэг, Кыргызстан гээд шилдгүүд нь нэг хэсэгт орлоо. Манай хүн Тажик, Узбекийн бөхийг ялаад Угоевт ялагдсан шүү дээ. 

-Э.Бэхбаяр гавьяат Угоевтой барилдахад уг нь ялах боломжтой харагдсан. Даанч жаахан хайнга барилдах шиг болсон. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тиймээс багш дасгалжуулагч нар аа, тамирчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байгаарай гэж хэлмээр байна. Ер нь бүх эрсдэлийг тооцоолох хэрэгтэй шүү. Одоо бэхээ дахиж халуурвал олимпийн эрхийн тухай ярих шаардлагагүй. Би үүнээс л айж байна. Хүйтний улирал эхэлж байгаа болохоор даарах вий, ханиад хүрэх вий гэж их санаа зовж явна даа. Өөр санаа зовох зүйл алга. Бэхээ ур чадвартай, туршлагатай, сэтгэл зүй өндөртэй бөх учраас өвдөхгүй, гэмтэхгүй л бол олимпийн эрхээ ч авна, олимпийн медалиа ч авах боломжтой. Би шавьдаа үнэхээр их итгэдэг. Сая өвдөөгүй, хямраагүй байсан бол олимпийн эрхээ хангалттай авах байлаа. 

-Бэхээгийн талаар нэлээд ярилаа. Нэгэнт ярьсан юм чинь Бэхээ та хоёрын ойрын зорилго, зорилт юу вэ?

-Нэгдүгээрт, эрүүл байх. Өмнөх хатиг нь эдгэртэл дахиад хатиг гарсан. Тиймээс үүнийгээ нэн түрүүнд эмчлэх хэрэгтэй. Дараа нь бэлтгэлдээ аажим аажмаар дасч байгаад улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлнэ. Бэлтгэлийн ачааллыг тааруулахгүй бол хэт ачаалал өгч болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тиймээс бага багаар дасгах хэрэгтэй. УАШТ-д түрүүлж чадахгүй бол олимпийн эрхийн тэмцээнд оролцож чадахгүй шүү дээ. Ирэх оны олимпийн эрхийн тэмцээн Хятадын Ши Ань гэдэг хотод болно. Зөвхөн финалд шалгарсан нь буюу алт, мөнгөн медальтан л олимпийн эрх авах юм.

-Та бэлтгэлийн тухай цухас дурдлаа. Ер нь таныг ид барилдаж байх үе, одоогийн тамирчдын бэлтгэлийн ялгаа, зөрүү хэр их байдаг юм бол?

идний үед Монголын чөлөөт бөх одоогийнх шиг ийм өндөр түвшинд хөгжөөгүй байлаа. Гэхдээ цөөхөн орны хооронд чанартай тэмцээн болдог учраас бэлтгэлийг ягштал хийнэ. Орчин цагт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилалт хийж байна. Харин миний үед шинжлэх ухаан энэ тэр тэгтлээ хөгжөөгүй байж. Ялгаа нь ердөө энэ.

-2020 оны олимпийн наадамд та хоёр оролцохын тулд яггүй хүнд даваа туулах нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Одоо олимпийн эрх олгох хоёр тэмцээн үлдсэн. Бэхээ бид хоёрын хувьд эхлээд УАШТ-д түрүүлэх зорилготой. Түрүүлж чадвал олимпийн эрхийн тэмцээнд оролцоно. Сайн барилдаад финалд шалгарвал эрхээ авах юм. Гэхдээ эрх авлаа гээд шууд олимпод оролцоно гэсэн үг биш. Сорилдоо түрүүлэх ёстой. Тэгж байж олимпод оролцоно шүү дээ. Бид хоёр 2020 оны олимп хүртэл төлөвлөгөө гаргасан. Тэр дагуу л явж байна даа. Төлөвлөгөө жил бүр өөр, гаргах аргачлал нь хүртэл нарийн шүү. 

-Э.Бэхбаяр гавьяатын хоол ундыг таны гэргий, олон улсын шүүгч Болормаа хийдэг сонссон. Энэ үнэн үү?

-Тийм шүү. 2014 оноос хойш хийж байгаа юм. Ямар мах хэрэглэх вэ, илчлэг нь ямар байх вэ гээд бүгдийг нь манай хүн тохируулна. Жин хасч байгаа үед маш хурдан хугацаанд шингэдэг хоолыг Болороо зөвхөн бэхбаярт зориулж хийдэг. Хамаагүй ам халаад яривал нууц задарна шүү. 

-ДАШТ-ээс авсан таны анхны медаль мөнгө. Тэр үед ялж яваад ялагдсан гэдэг. Медалийн тавцан дээр зогсч байхад яг юу бодогдсон бэ. Тухайн үед харамссан биз?

-Юун түрүүнд 1985 оны ДАШТ-ээс өөрийгөө медаль авна гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Яагаад гэвэл дэлхийн аваргаас өмнө болсон гол тэмцээнүүдэд би бүх өрсөлдөгчөө ялсан байлаа. Одоо л дэлхийн аваргаас медаль авах ёстой гэсэн сэтгэл зүйн асар өндөр бэлтгэлтэй очсон. Хүнд барилдаан хийсэн л дээ. Японы тамирчинд хожигдож яваад хожсон. Польшийн бөхтэй барилдахад накаутад хамгаалаагүй бол би хожигдох байлаа. Тэгэхэд миний мөр маш их янгинаж билээ. Алексеевтай зүгээр л сайхан барилдъя гэж дэвжээнд гарсан. Ингээд барилдаж байгаад цаг хартал 45 секунд дутуу, би ялж байлаа. Гэтэл шоконд ордог юм байна. Манай спортынхны хэлдгээр сааталд орсон. Өөрийгөө яллаа гэж хөөрөөд, цагаа хурдан дуусгахын тулд хамгаалалтын тактик шилжсэн. Тэр нь Оросын бөхөд ашигтайгаар эргэсэн. Ийм л барилдаан болж билээ. Манай Г.Мандахнаран гавьяат риогийн олимпоор яг миний алдааг давтсан байхгүй юу. Гэхдээ би мөнгөн медаль авсандаа огт харамсаагүй. Яагаад гэвэл дараагийн жилийнх нь ДАШТ-д алдаагаа засч аварга болно гэж бодсон юм. Харин хоёр дахь жилд нь мөнгөн медаль авах боломж байсан ч бас л алдаа гаргаад хүрэл дээр буусан. Долоон секундэд мөнгөн медалиа алдсан шүү. Ингээд хүрлийн төлөө японы бөхийг ялсан удаатай. Тамирчин хүнд боломж байгаа л бол түүнийгээ 100 хувь ашиглах хэрэгтэй. Боломжоо алдвал дараа нь харамсана. 

-Тэгвэл та одоо харамсдаг байх нь ээ?

-Худлаа яриад яах вэ. Үнэхээр харамсдаг. Бүх боломж байсан. Тухайн үед бол залуу насны ааг омгоор явсан учраас харамсаагүй байх. Одоогийн тамирчдаа над шиг тийм том боломжоо битгий алдаасай л гэж бодож, захидаг. Надаас хойш миний алдааг давтсан хамгийн том жишээ бол Г.Мандахнаран гавьяат юм. Хэрвээ тэгээд хамгаалж, тойрч зугатаагүй бол олон жил тасарсан олимпийн медалийг эх орондоо авчрах байлаа шүү дээ. О.Пүрэвбаатар гавьяат маань бас ДАШТ-д барилдахдаа алдаа гаргаж мөнгөн медаль дээр буусан юм шүү. Энэ бүгд манайхны сэтгэлзүйтэй л холбоотой. Ч.Нацагдорж багш, М.Хойлогдорж гуай, Ж.Даваажав, О.Пүрэвбаатар, би, Г.Мандахнаран гээд бүгд л сэтгэл зүйн бэлтгэл муу учраас боломжоо алджээ. Үүнийг л бид эмчлэх хэрэгтэй. Эмчлэхийн тулд олон арга нэвтрүүлмээр байна. Бэлтгэл сайн хийсэн тамирчин сэтгэл зүй өндөртэй байдаг. Бэлтгэлээ сайн хийсэн учраас тэр хүн өөртөө итгэлтэй болж байгаа юм шүү дээ.

-Их спортынхон одоо давхар үндэсний бөхөөр хичээллэх болжээ. Та бас ийм байсан уу. Ер нь үндэсний бөхөөр яагаад барилдаагүй юм бэ?

-Үндэсний бөхөөр барилдаж байсан, гэхдээ цөөхөн. Чөлөөт бөхдөө илүү анхаарал хандуулдаг байлаа. Ч.Дамдиншарав багшид нэг айхтар загнуулсан нь санаанаас огт гардаггүй. “Багш аа, би нэг сумын наадамд барилдмаар байна” гээд зөвшөөрөл өгөхийг хүссэн. Гэтэл өөдөөс “Довны наадамд барилдсанаас дэлхийн наадамд барилд” гэж хэлээд намайг хэлэх үггүй болгосон шүү. “Чи дэлхийн томчуудтай барилдах хэрэгтэй. Амжилт үзүүлбэл чамайг дэлхий танина. Өөрийгөө гэмтээвэл яах вэ” гээд зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь багшаас нууцаар Өвөрхангай аймгийн  Хайрхандулаан сумын наадамд очиж барилдаад түрүүлсэн түүхтэй. Дараа нь 1984 онд халхын голын 35 жилийн барилдаанд түрүүлсэн. Хэрвээ би үндэсний бөхөөр барилдсан бол багадаа л аймгийн арслан цолонд хүрэх байлаа. Тухайн үед үндэсний бөхийнхөн хөнгөн жинтэй байсан шүү. Одоо л бөхчүүд жингээ нэмдэг болсных биш. 

-2020 оны Токиогийн олимпийн эрх хэдийг авах бол. Эмэгтэй бөх бол багадаа л дөрвөн эрх байх болов уу. Харин эрэгтэй нь их чамлалттай харагдаад байгаа. Таны бодлоор?

-Шигшээ багийнхан 3-4 гэж байгаа юм билээ. Гурав бол чамлалттай шүү. Багадаа л дөрвөн эрх авмаар байна. Манайд нөөц боломж бий. 57, 65, 74, 86, 125 кг-д эрх авах боломжтой. Одоогоор 65 кг-д авсан. Нэмээд дор хаяж гурван эрх авахын төлөө зүтгэх хэрэгтэй. Нөөц нь байгаа учраас тэр шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд бол зургаан жинд бүгдэд нь ч авах боломж байна. 

-Шигшээ багийн дасгалжуу-лагч нар клубын багш нартай хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Гайгүй шүү. Улам л сайн ажиллах хэрэгтэй. Хэн нэгэн хувийн эрх ашгаас хандахгүйгээр уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажилламаар байна. Тэгж чадвал олимпийн эрх олноор нь авна. Цаашлаад амжилт ч өсөх магадлалтай. Тамирчдаа клубын үндсэн багш нь сайн мэднэ шүү дээ. Уялдаа холбоогоо нэмэгдүүлбэл бидэнд найдлага, боломж бий. Үүнийгээ л алдахгүй байх хэрэгтэй. 

-Т.Тулга 65 кг-ын жинд эрхээ авлаа. Гэтэл энэ жинд заавал сорил хийж байж олимпод явуулна гэж байгаа. Та энэ системтэй санал нийлэх үү?

-Би гайхдаг юм. Хүнийг тэгж олон зовоох хэрэггүй. Нэгэнт эрхээ өөрөө авсан юм чинь бэлтгэлээ сайн хийж байгаад олимпод өөрөө оролцог. Миний санал энэ. 

-57 кг-д Бэхбаяр асуудалгүй биз?

-Яалаа гэж. Олимпийн жилийн УАШТ маш өрсөлдөөнтэй болно. Түвшинтулга олимпод оролцохын тулд 57 кг-руу жин хасах магадлалтай. Ер нь дотоодын өрсөлдөөн ширүүн болох байх гэж харж, таамаглаж байна. Яагаад гэвэл олимпод хүн бүр оролцохыг мөрөөддөг шүү дээ.

-Гэргийтэйгээ “ирээдүй” цогцолборын бөхийн секцэд багшилдаг. Та хэрхэн холбогдож байв?

-1997 онд “Ирээдүй” цогцолборыг байгуулсан. 15 мянган сурагчтай энэ том сургуульд багшлах хувь тохиосондоо баярлаж, бахархаж явдаг. Миний хань 21 жил тасралтгүй ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэрт гарлаа. 

-Тамирчин, дасгалжуулагч хүний сайн сайхан яваа нь ар гэртэй холбоотой байдаг. Таны ханийг спорт сонирхогчид мэднэ. Хамгийн сайн зөвлөгч биз?

-Тэгэлгүй яах вэ. Сайн ханиас гадна хамгийн сайн зөвлөгч, туслагч. Миний төлөвлөгөөнөөс эхлээд бүх зүйлийг бичнэ. Ингэсээр байгаад мэдээлэлтэй, мэдлэгтэй болсон. Одоо бол бараг надаас илүү шүү дээ. Ховорхон заяах сайхан хүн.

-Сүүлийн асуулт. Бэхээг ээж нь танд авчирсан гэдэг. Анх тань дээр ирэхэд ийм мундаг тамирчин болно гэж та төсөөлж байв уу?

-Бэлтгэлээс нь шууд харагдана. Аливаад сурцтай, тууштай, эвсэлтэй, уян хатан, тэвчээртэй. Ийм л хүн. Төгс тамирчин хүнд байх бүх сайн тал миний шавьд бий. Тийм болохоор би Бэхээдээ итгэж байсан. Төрөлхийн авьяастай хүүхэд шүү. Ховорхон заяасан авьяастай. Яг одоо эрэгтэй чөлөөт бөхөд гаргасан амжилтаараа Мандахнаран, Бэхээ хоёр толгой цохиж байна. Энэ хоёрын амжилтыг ойрын 10 жилд эвдэх тамирчин гарахгүй болов уу. Ясны тамирчин хүн цаанаасаа л өөр байдаг юм.