A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/913/

Байт харвааны "360" талбай ашиглалтад орлоо

​Байт харвааны олон улсын ямар ч тэмцээнийг зохион байгуулах боломжтой болов​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/913/


Олон улсын стандартад нийцсэн “Дайчин чанартэсвэрийн талбар” уриатай байт харвааны “360” талбайн нээлт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд лхагва гарагт боллоо. 90 хүртэлх метр зайд харвах боломжтой энэхүү талбайг 58 хоногт багтаан бүтээн босгожээ. Байнгын бэлтгэл сургуулилалт хийх боломжтой тус талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар “360” төслийн хүрээнд барьсан. Талбайн нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Монгол улсад орчин үеийн байт харвааны спорт үүсэж хөгжсөн 58 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байгааг Ерөнхийлөгч онцолсон юм. Байт харвааны спортыг хөгжүүлснээр Монголын анхны дэлхийн аварга, Паралимпын аварга энэ спортоос төрж байсан. Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан “Байт харвааны спорт дэлхийн олон газар өөр өөрийн өвөрмөц төрхөөр хөгжиж, батлан хамгаалах, цэрэг дайн, байлдан дагуулалтын халуун гэрч болж байсан түүхтэй.

Монгол улсын хувьд эдүгээ уламжлалт үндэсний сурын харваа болон орчин үеийн спортын төрлөөс олон арван алдартан төрөн гарсаар байна. 58 жил хүлээсэн талбайг хоёр сарын дотор спортод элэгтэй тамирчид, тэдний гэр бүлийнхэн, уг спортыг сонирхогч, дэмжигчдийн хандив, халуун сэтгэл, гар бие оролцоогоор бүтээн байгууллаа” гэв. “360” төслийг П.Цагаан санаачилсан бол Монголын байт харвааны удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ. Анхны талбай ийнхүү ашиглалтад орсноор Монгол улс байт харвааны олон улсын ямар ч тэмцээнийг зохион байгуулах боломжтой болж байна. Байт харваа нь Монголчуудын хувьд олон улс дэлхийн чанартай тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж болох спортын топ төрлийн нэг. “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Ганзориг “Энэ жил манай байт харваачдын хувьд маш сайхан жил болж байна. Байт харвааны “360” талбай нь бидний хүсэн хүлээсэн талбай болж буйд бид маш их баяртай байгаа.

Энэ талбайдаа бэлтгэл, сургалтаа хийж, бүгд амжилт гаргана гэж бодож байна” гэлээ. Тус спорт хорооны тамирчин Г.Шандан “Миний хувьд энэ спортоор хичээллээд удаагүй байгаа бэлтгэл хийх талбайгүй байсан. Одоо энэ асуудал шийдэгдэж байгаад маш их баяртай байна. Энэ талбай байгуулагдсанаар манай тамирчдын амжилт өснө гэдэгт итгэлтэй байна” хэмээн нээлтийн үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм. Яагаад байт харвааны талбайг 360 гэж нэрлэх болсныг тайлбарлая. Байт харвааны 36 сумаар 10 оноо авахад нийлбэр оноо 360 буюу рекорд оноо болдог аж. Энэ үүднээс 360 гэж нэрлэжээ. Мөн энэ талбай “Дайчин чанар тэсвэрийн талбар” гэсэн уриатай. “Дайчин чанар” гэдэг нь гадагшаа чиглэсэн буюу урам зоригтой, идэвх санаачилгатай, хөдөлмөрч байх гэсэн утгатай. Харин “Тэсвэрийн талбар” гэдэг нь дотогшоо чиглэсэн буюу сэтгэл зүйн хувьд хүчтэй, тууштай байх гэсэн утгыг илэрхийлжээ. Ирээдүйд тив дэлхийн олимпод эх орныхоо нэрийг мандуулах 360 оноог манай тамирчид аваасай хэмээн бэлгэджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Азийн олимп”-д хамгийн том багаа илгээнэ

 0 сэтгэгдэл


Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам энэ сарын 18-наас есдүгээр сарын 2-нд Индонезийн Жакарта, Палембанг хотод зохиогдох гэж байна. “Азийн олимп” гэгддэг энэхүү том наадамд шар тивийн 45 улсын 10 мянга орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн нь бүх цаг үеийн дээд амжилтаар бүртгэгджээ. 1951 оноос эхтэй азийн наадам өнөө жил анх удаа хоёр хотод зэрэг зохиогдох гэж байгаа юм. Уг нь наадам зохион байгуулах өрсөлдөөнд Вьетнамын ханой хот ялалт байгуулсан. Гэтэл зохион байгуулах тов нэг жилээр өөрчлөгдсөн нь Вьетнамчуудын дургүйг хүргэж, энэхүү эрхээсээ татгалзсан юм. Ингээд сандралд орсон Азийн олимпийн зөвлөл 2014 оны хурлаараа Индонезийг оронд нь сонгожээ. Уг нь 18 дахь удаагийн наадам хуваарь ёсоор 2019 онд зохиогдох байв. Гэтэл тэр жилд нь Индонезид ерөнхийлөгчийн сонгууль болохоор байсан тул нэг жилээр урагшуулахаас аргагүйд хүрчээ. Хэдийгээр хугацаа давчуу байсан ч Индонези улс тал бэлтгэл ажлыг тун чамбай хангалаа. 2011 онд Зүүн өмнөд Азийн наадмыг зохион байгуулахдаа босгосон объектууд нь ачааны голыг нугалж байна. Тэмцээн болон бэлтгэлд зориулсан нийт 80 цогцолборыг тэд ашиглаж байгаа аж.


Улс орны удирдлагууд энэ том арга хэмжээг нүүр улайхааргүй зохион байгуулахын тулд гурван тэрбум гаруй ам.доллар гаргасан нь Азийн наадмын түүхэнд рекорд амжилт болжээ. Өмнө нь “Бусан 2002” наадам 2.9 тэрбум, “Доха 2006” наадам 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй зохиогдож байв. Бараг зуны олимпийн наадамд оролцох хэмжээний тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс ирж байгаа болохоор зардал өндөр гарахаас ч аргагүй. Монголын багийн тухайд спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаныхан гээд нийт 397 хүний нүсэр бүрэлдэхүүнтэй Индонезийг зорихоор болсон нь наадмын түүхэн дэх дээд амжилт боллоо. Тамирчдыг үдэн гаргах, төрийн далбаа гардуулан өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Спортын төв ордонд болсон юм. Монгол улсын Засгийн газраас баг тамирчдын бэлтгэл сургуулилт, шигшээ багийн тамирчдын замын зардалд 578 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн болохыг БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр энэ үеэр дуулгав. Манайхан дөрвөн жилийн өмнөх Инчоны Азийн наадмаас таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль авч, үнэмлэхүй амжилт тогтоосон.


Тэгвэл одоогийн багт энэ амжилтыг давтах, ахиулах хүндхэн даалгавар ногдож байна. Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй үүнээс өндөр амжилт үзүүлэх зорилготой хэмээн ярилаа. Тэрбээр “Монгол улсын Засгийн газар, МҮОХ-той хамтраад баг тамирчдынхаа бэлтгэлд түлхүү анхаарсан. Тухайлбал, тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас хэрэглэл, бэлтгэлд шаардлагатай уураг витаминаар хангалаа. Өмнөх наадамд монголын баг өндөр амжилт үзүүлсэн. Харин энэ удаа түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манайхан энэ удаа нийт 28 медаль авна гэж тооцсон. Алтан медалийн тухайд өмнөх наадмынхаас бууруулахгүй байх зорилготой” гэсэн юм. Харин Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Монголын багийн бэлтгэл сайн хангагдсан. Энэ жил түүхэнд байгаагүй олон тамирчин орж байгаа. Тэр хэрээр амжилт урьд өмнөхөөс дээшилнэ гэж найдаж байна. Бүх тамирчид маань дөрвөн жилийн өмнө Инчонд үзүүлсэн амжилтаа давтах, ахиулахын төлөө зүтгэх болно.

Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг орно. Үүнээс гадна 3х3 төрлийн баг маань сайн өрсөлдөх байх. Угаасаа Азийн аваргад түрүүлсэн баг шүү дээ” гэв. Манайхан ТОП гэгддэг жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын төрөлдөө ихээхэн найдвар тавьж буй нь тодорхой. Өмнөх наадмаас гурван алт шүүрсэн жүдочдын хувьд энэ удаад дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумъяа, дэлхийн медальт Д.Амартүвшин, Б.Мөнгөнчимэг болон олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй шилдгүүдээ Индонез руу илгээнэ. Чөлөөтийнхөн ч бас Э.Бэхбаяр, О.Насанбурмаа, П.Орхон, Э.Сумъяа, Г.Мандахнаран тэргүүтэй дэлхийнмедальтнуудаа сойжээ. Боксын шигшээгийн тухайд олимп, дэлхийн медальт Д.Отгондалай бэртлийн улмаас тэмцээнийг өнжиж байна. Гэхдээ бусад нь ямар ч медаль авахад гайхах явдалгүй. ТОП дөрвөн төрлөөс гадна 3х3 сагсан бөмбөгийн шигшээ маань энэ тэмцээнд “ногт ганзагалаж” очно. Тивдээ түрүүлж, дэлхийн аваргын шилдэг наймд шалгарсан баг зөвхөн алтан медаль авахыг зорих нь тодорхой биз ээ. Манай сагсчид тэмцээний “В” хэсэгт БНСУ, Тайвань, Кыргызстан, Бангладешийн багтай өрсөлдөх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

УЕФА Paris Saint-Germain клубийг дахин шалгаж эхэллээ

 0 сэтгэгдэл


Европын хөл бөмбөгийн холбоо буюу УЕФА Францын Paris Saint-Germain клубийн 200 сая еврогийн өртөгтэй хандивын гэрээг дахин шалгаж эхэлснээр Катарын эзэмшилтэй клубийг Европын тэмцээнээс хасаж магадгүй. Тус холбоо өнгөрсөн онд албан ёсоор мөрдөн байцаалт эхлүүлж, Францын клуб Санхүүгийн шударга тоглолтын журмыг зөрчсөн эсэхийг шалгасан юм. Saint-Germain 222 сая еврогоор Бразилийн довтлогч Неймарыг Испанийн Barcelona, 200 саяар Килиан Мбаппег дотоодын лигийн AS Monaco клубээс худалдан авсны дараа УЕФА хэт зардал гаргасан эсэхийг шалгаж эхэлжээ. Мягмар гарагт УЕФА мөрдөн байцаалтыг зогсоох шийдвэрээ эргэн харахаа мэдэгдэв. Холбооны удирдах зөвлөлд ойр хоёр эх сурвалжийн ярьснаар Saint-Germain-ы голдуу Катарын компаниудтай байгуулсан хандивын гэрээний үнэлгээнд алдаа гарсан байж магадгүй гэнэ. Тэдний үзэж буйгаар Францын клубийг Европын аваргуудын лигээс хасах магадлал маш өдөр байгаа аж. Гэхлээ ийм арга хэмжээг 2019 оноос өмнө авах боломжгүй бөгөөд PSG энэ улиралд тоглолтоо үргэлжүүлнэ. Санхүүгийн шударга тоглолтын журмын дагуу УЕФА PSG-ыг 2012 онд худалдан авсан шейх хамад аль танигийн үүсгэн байгуулсан Катарын спортын хөрөнгө оруулалт хэмээх улсын сантай байгуулсан гэрээг нягтлах аж.

Спонсорын гэрээний хажуугаар клубийн эзэдтэй холбоотой санхүүгийн нэгжүүдээс мөнгө орж ирсэн байж болох юм. Nielsen ба Octagon хэмээх хоёр бие даасан байгууллага спонсорын өртгийг зах зээлийн үнэтэй жишиж дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Octagon урьд нь спонсорын гэрээ хэт үнэлэгдсэн гэж мэдээлж байсан юм. Гэвч УЕФА-гийн мөрдөн байцаагчид 2015-2017 онд PSG-ын Санхүүгийн журмыг зөрчөөгүй бөгөөд клубийн алдагдал 30 сая еврогоос даваагүй гэж дүгнэсэн. Өнгөрсөн сард гарсан уг дүгнэлт маргаан үүсгэж, мөрдөн байцаах багийн долоон гишүүний дөрөв нь хэргийг хаах шийдвэрийг дэмжжээ. Харин мөрдөн байцаагчдыг хянадаг УЕФА-гийн эрх зүйн хэлтэс дүгнэлтийг эргэж харахаар болсныг тус холбоо мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагчид PSG-ын 2018 оны санхүүгийн жилийн талаар дүгнэлт гаргаагүй бөгөөд энэ хугацаанд Неймар, Мбаппе нарын худалдан авалт багтаж байна. Холбоонд ойр эх сурвалжийн хэлснээр тус клуб Санхүүгийн шударга тоглолтын журамд нийцэхийн тулд 2018 онд 60 сая еврогоор тоглогчдоосоо худалдах ёстой гэсэн сануулга авсан аж. PSG “Журамд нийцэхийн тулд сүүлийн өдрүүдэд чухал шилжүүлэг хийгдсэн” гэж мэдэгдэв. Гэвч УЕФА Францын клубийн эсрэг мөрдөн байцаалтаа сэргээсэн нь спонсорын гэрээний өртөг журамд нийцэх эсэх тухай шийдвэр хараахан гараагүй гэсэн үг юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Герман орон “гашуудаж” байна

​Германы хэвлэлүүд шигшээ багаа хайр найргүй шүүмжилж байна​

 0 сэтгэгдэл


Сүүлчийн шүглийн дуу тасхийхэд Йоахим Лёв хоёр гараа ташаандаа авч, мэлрэн зогсохоос өөрийг хийж чадсангүй. Саяхан болж өнгөрсөн үйл явдалд итгэж ядан байгаа нь түүний царайнаас илт харагдана. Германы хамгийн алдартай сонин Die Zeit 2014 оны зургадугаар сард германы шигшээ баг Бразилыг 7:1-ээр хожсоны дараа тэргүүн нүүрэндээ “хэлэх үг алга” хэмээн томоор бичиж байжээ. Тэгвэл БНСУ-д гутамшигтайгаар ялагдсаны дараа ч мөн “хэлэх үг алга” хэмээн гарчигласан байв. Гарчиг адил ч нийтлэлийн агуулга өөр гэдэг нь мэдээж. 2006 оноос хойш 12 жилийн турш бундестимийг дасгалжуулж буй Лёв ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтуудад баг нь тааруухан байсанд (сүүлийн зургаан тоглолтдоо ганц хожсон) санаа зовох шаардлагагүй хэмээн фанатуудаа тайвшруулж байв. “Бүх зүйл хэвийн, тэмцээн эхлэхэд бид формондоо орчихно” гэх мэт үгс түүний амнаас унаастай.

Гэвч тийм биш гэдэг нь энэ удаагийн ДАШТ-ээр тод харагдлаа. Мексикт 1:0-ээр хожигдсоныг хөлөө олж амжаагүй, тэмцээний формондоо гүйцэт ороогүй байснаар нь уучилж болно. Харин Шведийг эцсийн мөчид 2:1-ээр хожсоны дараа “одоо л бүх зүйл номондоо орох нь” гэж олонх нь бодсон байх. Хувь заяа нь бусдын гарт байсан бол одоо өөрсдөөс нь шалтгаалах болно гэдэг мэдээж сайн хэрэг. Ингэснээр аваргууд сүүлийн тойрогт хэсгийн хамгийн сул өрсөлдөгч гэж болох солонгосыг хожиход л нокаут шатанд үлдэхээр байв. Гэвч хангүг залуусын хурд, дайчин чанарыг давж чадалгүй 2:0-ээр дийлдэж, шившигтэйгээр нутаг буцахаар болж байна. Үнэнийг хэлэхэд энэ удаагийн Германы шигшээд юу л байна, одууд л байв. Тиймдээ ч Английн Премьер лигийн өнгөрсөн улирлын шилдэг залуу тамирчнаар тодорсон Л.Сане, өмнөх ДАШТ-ий финалд ялалтын гоол хийсэн М.Гётце зэрэг сайн залуус бүрэлдэхүүний гадна үлдсэн. Гэвч Лёвын шийдвэр буруу байсан нь хэсгийн гурван тоглолтын дараа улам тод болов. Дасгалжуулагч Лёв тоглолтын дараа “шокноос гарахын тулд надад нэлээд хэдэн цаг шаардагдах бололтой.

Энэхүү хожигдолд Месут Өзилийг буруутгаж байгаа нь шударга бус

Тоглогчид маань ч мөн ийм байдалтай байна. Одоо хэлээд ч байх юм алга” гэсэн бол Английн шигшээгийн хамгаалагч асан Р.Фердинанд “Германы фанатууд галзуурах гэж байгаа байх даа. Тэдний хамгийн шилдэг залуу хөлбөмбөгчийг ДАШТ-д авч очихын оронд наран шарлагын газар руу явуулчихсан” хэмээн ярьжээ. Германы хэвлэлүүд ч шигшээ багаа хайр найргүй шүүмжилж байна. Тухайлбал, Die Zeit сонин “Германчууд 16-гийн талбайд маш их тоглосон ч оруулж чадсангүй. Идэвх чармайлт, шинэлэг санаа, ухаан дутсан мөчүүд их байлаа. Сон Хён “Миний сүүлд хоосон хаалганд хийсэн гоол энэхүү амжилтгүй дэлхийн аваргын бэлгэ тэмдэг болон үлдлээ” хэмээн бичжээ. Германы хамгийн алдартай сонин Bild шигшээгийн хожигдлыг хар дарсан зүүдтэй зүйрлүүлсэн бол Frankfurter Allgemeine сонин “Германы хөлбөмбөгийн мөхөл” хэмээн сүржин гарчигласан байна. Харин Английн The Sun сонин “английн шигшээ яаж ч тоглосон хамаагүй. Герман мултарсан болохоор Англи хүн бүр баяртай байж болно” хэмээн бах тав нь ханасан янзтай бичив. Энэхүү хожигдолд Месут өзилийг буруутгаж байгаа нь шударга бус. Тэрбээр энэ тоглолтод долоон удаа гоолын боломж үүсгэсэн ч довтлогч нар нь ашиглаж чадсангүй.

Түүн шиг ДАШТ-ий нэг тоглолтод долоон боломж үүсгэсэн тоглогч урьд өмнө байгаагүй гэхээр өзилийн хичээл зүтгэл ямар их байсан нь ойлгогдох байх. Түүнчлэн Т.Мюллерийг сэлгээнд үлдээсэн дасгалжуулагчийн шийдвэр шүүмжлэл дагуулав. Сонирхуулахад, Т.Мюллер ДАШТ-ий гараанд гарсан 15 тоглолтын 12-т нь немцүүд хожиж, хоёр удаа тэнцэж, ганцхан удаа (2010 онд Испанид) хожигдож байжээ. Түүнчлэн Германы шигшээ түүхэндээ анх удаа хэсгээсээ гарч чадсангүй. 1938 онд эхний шатнаас хасагдсан нь үнэн ч тухайн үед багууд хэсэгт хуваагддаггүй байсан юм. Ямартай ч немцүүд санаснаас эрт тэмцээнээ өндөрллөө. Одоо энэ баг цаашид яах бол. Хэвлэлүүдийн сүр болгон бичсэн шиг мөхөл, сүйрэл ирлээ гэж дүгнэх нь ч хаашаа юм. Дасгалжуулагч Й.Лёв ч гэсэн “Германы хөлбөмбөгт хар үе ирлээ гэж би хэлэхгүй” гэсэн байна лээ. Энэ багт авьяаслаг, сайн тамирчин хангалттай бий. Олон жилийн турш уламжлагдаж ирсэн сайн систем, зөв бодлого хэвээрээ байгаа. Тиймээс айхтар том шинэчлэл хийх гэж зүтгэлгүй, хожигдлын бүх бурууг дасгалжуулагчид тохож орхиод ажлаас нь халж мэднэ. Уг нь Германы хөлбөмбөгийн холбоо түүнтэй байгуулсан гэрээгээ 2022 он хүртэл сунгасан. Гэхдээ энэхүү бүтэлгүйтлийн дараа хөгжөөн дэмжигчдийн зүгээс ирэх дарамт шахалт дэндүү их байгаа болохоор гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж магадгүй гэсэн таамаг гараад эхэлжээ.