A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/984/

БЗД-т засаглалын эрх шилжих үү, үлдэх үү

БЗД-т засаглалын эрх шилжих үү, үлдэх үү
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/984/


2016 оны намар болсон орон нутгийн сонгуулиар нийслэлд ардчилсан нам ялалт байгуулсан ганц дүүрэг нь Баянзүрх. Тиймээс өнөөдөр тус нам уг дүүрэгт засаглаж, удирдлагыг барьж буй. Сонгуулийн үр дүнгээр АН 22, МАН 19 тойрогт ялалт байгуулсан. Мөн сонгуулийн дараа зургаан ч тойрогт маргаан гарч АН, МАН-ын аль алиных нь зүгээс шүүхэд хандаад байсан юм. Дээрх маргаантай тойргуудын дөрвийнх нь маргааныг шүүх сонгуулийн болон бусад хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж, сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид төлөөлөгчийн суудалдаа үлдсэн. Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн 10 болон 19 дүгээр тойрогт болсон сонгуулийн маргаан удтал үргэлжилж, гурван ч шатны шүүхээс дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаад байгаа. Тэгвэл энэ хоёр тойрог дээр ирэх аравдугаар сарын 27-нд дахин сонгууль явуулах товыг зарлаад байна. Суудлын харьцаа тун ойрхон үед энэхүү дахин сонгууль Баянзүрх дүүргийн удирдлагын эрх шилжих эсэхийг шийднэ гэдгээрээ ихээхэн чухал. АН ялалт байгуулвал эрх баригчийн байр сууриа илүү баталгаажуулна. Харин МАН-ын хувьд засаглалын эрх шилжүүлж авах боломжийг олгоно. Тиймдээ АН, МАН-ын зөвхөн Баянзүрх дүүрэг дэх намын байгууллагууд төдийгүй төв намаас нь ч ихээхэн анхаарал тавих нь тодорхой юм. Сануулахад одоо дүүргийн ИТХ дахь “Хүчний харьцаа” АН 20, МАН 19 болоод буй. Мөн дахин сонгуулийн үр дүнд бас нэг сонирхолтой нөхцөл байдал үүсэх магадлал бий. Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн 10, 19-р тойргийн аль нэгд нь дээрх хоёр намаас өөр нам эсвэл бие даан нэр дэвшигч ялалт байгуулбал хоёр намын төлөөлөгчдийн тоо тэнцэж дүүргийн удирдлагыг эвсэл байгуулан томилох нөхцөл бий болно.

Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн аль дүүрэгт, хэдэн тойрогт нөхөн болон дахин сонгууль болох вэ?

-Багахангай дүүрэгт нэг төлөөлөгчийн орон гарсан үндэслэлээр нөхөн сонгууль, Баянзүрх дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Ирэх аравдугаар сарын 7-нд Багахангай дүүрэгт нэг тойрог дээр нөхөн сонгууль явуулна. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг явуулах хугацааг тодорхой заасан байгаа. Түүний дагуу нөхөн сонгуулийн товыг тогтоосон. Харин сонгуулийн хуульд дахин сонгуулийг явуулах хугацааг тодорхой заагаагүй. Дахин сонгуулийн тухайн дүүргийн сонгуулийн хороо зарлана. Тэр агуулгаараа Баянзүрх дүүргийн хоёр тойрогт явагдах дахин сонгуулийг аравдугаар сарын 27-нд явуулах тов гарсан.

-Эдгээр сонгуулийн зардал хаанаас гарах вэ?

-Тухайн дүүргийн төсвөөс зардлыг гаргана. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн төсвөөс сонгуулийн зардал, хөрөнгийг гаргадаг.

-Нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороог яаж байгуулах вэ?

-Багахангай, БЗД-ийн сонгуулийн хороо зохион байгуулна. Өөрөөр хэлбэл 2016 оны дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулсан тэр хорооны бүрэлдэхүүн одоо болох нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулна гэсэн үг. Дүүргийн сонгуулийн хорооны гишүүд орон тооны бус байдаг. Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн сонгуулийн хороо томилдог. Дээрх хоёр дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт оруулахаар болсон тул нийслэлийн сонгуулийн хороо гишүүдийг томилох шаардлагатай байгаа.

-Баянзүрх дүүргийн дахин сонгууль ач холбогдлын хувьд дүүргийн удирдлагын төлөө өрсөлдөөн болохоор байгаа. Тэр үүднээсээ тухайн дүүргийн сонгуулийн хороонд орж ажиллах хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд ажиллах гишүүн аль нэг намын гишүүн бус төрийн албан хаагч, тэр дундаа захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна гэж заасны дагуу томилдог. Ингэхдээ дурын төрийн албан хаагчийг томилчихдоггүй. СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, СЕХ-ны нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонгож ажиллуулна. Сонгуулийг ямар нэгэн маргаан, будлиангүй зохион байгуулах үүднээс сонгуульд оролцогч субьектийн болзол шаардлагыг хангасан төлөөлөгчийг оролцуулж ажиллана.

-Баянзүрх дүүргийн дахин сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?

-Хуулийн дагуу дахин сонгууль болохоос 60 хоногийн өмнө намууд сонгуульд оролцох, эсэхээ илэрхийлж бүртгүүлнэ. Нэр дэвшүүлэх ажиллагаа сонгуулиас 45 хоногийн өмнө явагдах байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчим хүчний компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ

 0 сэтгэгдэл
  • 2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
  • Шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий

Сонгуулийн циклээр буюу дөрөв дөрвөн жилээр эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчид болон удирдах албаны хүмүүсийг сольсон нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ. Тиймээс цаашид энэ байдлыг гаргуулахгүйн тулд хүний нөөцийн дэд бүтцээ сайн хөгжүүлж, эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг баталсан гэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд хийсэн ажил, энэ жилийн төлөвлөгөөгөө танилцуулсны дараа зарим зүйлийг тодрууллаа.

-Та эрчим хүчний салбарын хүний нөөцөд бодлогын шинэчлэл хийх талаараа ярилаа. Одоо энэ салбарын хүний нөөцийн чадавх ямар байгаа вэ?

-Тооны хувьд хэтэрхий данхайсан байна. 100-200 хүн ажиллах станц дээр мянгаараа ажиллаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Гэхдээ өөрчлөхийн тулд станцыг автоматжуулж, өндөр технологи оруулж ирэх ёстой. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүн нь бэлэн байх ёстой. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах, сургахад энэ жил анхаарч ажиллана. Сургасан хүмүүс маань Монголдоо буцаж ирэхгүй байх үзэгдэл их байна. Тиймээс энэ хүмүүстээ салбартаа ажиллах боломжийг олгоё гэж байгаа юм. 

-Мэргэжлийн бус хүн эрчим хүчний салбарт хэр олон байгаа вэ?

-Удирдлагын түвшинд байсныг нь бид өөрчилсөн. Мэдээж инженерийн ажлын байран дээр эдийн засагч томилчихсон байгаагүй. Гэхдээ шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий. Тиймээс бид компаниуд дээр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ.

-Импортын эрчим хүчийг бууруулахын тулд ямар ажил хийх вэ?

-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээний 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ “Оюутолгой” дээр байна. Жил гаруйн өмнө яг энэ өрөөнд станц барих тухай гэрээг “Оюутолгой”-той байгуулсан. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод ажил хийхгүй байна.

-”Оюутолгой”-н цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсан юм биш үү?

-ТЭЗҮ батлаагүй. Зөвхөн саналууд ирсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр хангая гэдэг ч юм уу хүлээж авахааргүй саналууд хэлж байна.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлаа хэрхэн бууруулах вэ

-2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. Инфляцын өсөлттэй уялдуулан эрчим хүчний үнийг нэмж, техникийн шинэчлэлээ хийе гэхээр бүгд эсэргүүцнэ. Өнгөрсөн жил эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцтай холбоотой. 90 мегабайтын нар, салхины станцыг дэмжих тариф орсон учраас эрчим хүчний үнийг нэмсэн. Үүн дээр л асуудал үүссэн. Ам.долларын ханш 1240 байсан бол өнөөдөр 2700 төгрөг давчихаад байна. Тэр хэмжээгээр бид алдагдал хүлээж байгаа. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түлш авч байна. Гэхдээ тарифын үнээ өсгөөгүй учраас систем алдагдалтай ажиллаж байна.

-Хэрэглэгчид, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхүүд эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг хамгийн их мэдэрч байна?

-Энэ асуултыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавих ёстой. Үнэ тарифын асуудал бодлогод байхгүй. Мэдээж хамгийн үр ашигтай байх бүтцээр ажиллая гэж ярьж буй. Харин таны тавьж буй асуултыг 2002 оноос хойш хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийдээд явж байна. Тэнд гурван төлөөлөл байгаа. Хэрэглэгчийн эрх ашиг, компаниуд, Засгийн газрыг төлөөлсөн талууд ярьж байгаад тарифыг шийдэж байна. Бидний хувьд гомдолтой байдаг нь хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээр алдагдал хүлээж байгаа явдал. Нэг зүйлийг хэлэхэд айл өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч нийлүүлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүчний систем нурчих гээд байна. Тиймээс л хүний нөөцөө бууруулъя, ухаалаг болгоё, зардлаа таная гэж байна. Цалингийн зардлаа бууруулах чиглэл рүү явж буй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг 28 хоногоор сунгалаа

 0 сэтгэгдэл
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч ААН-ийн гаалийн татварын хоёр сараар хойшлуулах санал гаргав
  • Цагаан сараар орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг улсын онцгой комисс өнөөдөр шийднэ

Covid-19 вирусийн тархалт дахин нэг сар үргэлжлэх магадлалтай нөхцөлд уялдуулан Засгийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газраас гаргасан эл шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцуулахдаа “Нэгдүгээр сарын 30-нд Улсын онцгой комиссоос байгуулсан ажлын хэсгээс хийсэн судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээгээр зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байх дүгнэлт гарсан. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан халдварын нууц үеийг ажиглахын тулд 28 хоног зарцуулах шаардлагатай гэж үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоол баталлаа” гэв. Мөн тэрбээр “Спорт зааланд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн чиглэл өгсөн болохоос найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй” гэсэн юм. Засгийн газрын хурлаар хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан эдийн засаг, нийгэмд үүсэх хүндрэлийг шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар салбарын сайд нар дараах зүйлийг ярив.

Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас өөрт олгогдсон эрхийнхээ дагуу цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний болон үрийн улаан буудай зэрэг барааны гаалийн татварыг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн нүүрс, газрын тосны экспортыг саадгүй хийхийн тулд БНХАУ-ын талтай ойлголцох, экспортлох боломжийг хангах чиглэл өглөө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас төсөв тодотгох шаардлагагүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий гэж үзсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдсан байдалтай байгаа. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого дутна. 

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хурлаар цагаан сарын битүүн, шинийн нэгнээс гуравны хооронд орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг ярилцлаа. Зорчих хөдөлгөөний 90 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр явж байгаа учраас хязгаарлах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ маргааш (өнөөдөр) Улсын онцгой комисс хуралдаж баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин аймаг, нийслэл доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. 

Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд даваагаас бямба гарагт хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Булгантуяа: Жижиг бизнес эрхлэгчдэд учирсан бэрхшээлийг Засгийн газарт танилцуулна

 0 сэтгэгдэл
  • Засгийн газраас БНХАУ-д сэтгэлийн дэмжлэг үзүүлэх аян өрнүүлж, данс нээлээ

Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршид сэтгэлийн дэмжлэг” аяныг санаачилсан ажлын хэсэг байгуулж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд болох Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар хандивын данс нээж байгаа мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат “Манай урд хөршид шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 өвчний халдвар гарч эдийн засаг болон нийгмийн байдал нь хүндэрлээ. Хөрш орны хувьд Монголын ард түмэн хүмүүнлэгийн аянд нэгдэж, хүндрэлийг даван туулахад нь сэтгэлийн дэм өгөх зорилгоор данс нээж байгааг албан ёсоор зарлаж байна" гэсэн юм.

Мөн тэд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-БНХАУ-д байгаа монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Тэднийг авчрах ямар ажил хийж байна вэ?

Д.Цогтбаатар: -Одоогоор 336 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Тэднийг авахаар БНХАУ-ын талтай ярилцаж байгаа. Бид тус улсаас иргэдээ авчрахын тулд хугацаа зааж, боломж гаргасан боловч тодорхой тооны иргэд үлдчихлээ. Тус улсад карантин тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан. Ийм эхний ээлжинд монгол иргэдээ Эрээнд цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

Б.Батцэцэг: -Хэдийгээр хил хаасан ч гэсэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талтай ярилцаж, 106 иргэнийг хил нэвтрүүлсэн. Тэд Хятадын олон хотоос цугласан байсан. Гэтэл дахин Шанхайн тойргоос 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод тодорхой тооны иргэд хил нэвтрэх хүсэлт илэрхийлсэн. Тэднийг ойрын хугацаанд авахаар ярилцаж байна.

-Тэд зардлаа өөрсдөө хариуцах уу, төсвөөс гаргах уу?

Б.Батцэцэг: -Яамнаас визний хугацаа хэтэрсэн төлбөр, унааны болон Замын-Үүдэд тусгаарлах байрны зардлыг хариуцахаар зохицуулалт хийсэн. Харин 14 хоног тусгаарлах хугацааны хоол, хүнсний зардлаа иргэд гаргана. Гэвч энэ зардлыг өөрсдөө хариуц гэхээр төлбөрийн чадваргүй иргэд олон байна.

-Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ нь төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

Х.Булгантуяа: -Дэлхийн хамгийн том эдийн засагтай оронд өвчин гарсан нь бүс нутаг төдийгүй, Европ, Америк тивийн эдийн засагт ч амаргүй нөхцөл байдал үүсгэх төлөвтэй. Монгол Улсын энэ оны эхний саруудын төсвийн орлого өмнөх оныхоос харьцангуй багассан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрээгүй.

-Эдийн засагчид коронавирустэй холбогдуулан Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг гаргасан учир төсвийн тодотгол хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байна?

Х.Булгантуяа: -Төсвийн тухай хуулиар төсөвт тодотгол хийх нөхцөлийг тодорхойлсон заалт бий. Тэр хэмжээнд хүрээгүй. Ер нь эхний улиралд экспорт, бүтээн байгуулалтын ажлууд бага байдаг онцлогтой. Харин хорио цээр тогтоосон хугацааг сунгавал төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

-Нөхцөл байдлаас шалтгаалан ЖДҮ эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид эрсдэлд орж, эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж зохицуулах гэж байна?

Х.Булгантуяа: -Засгийн газрын хуралдаанд үүссэн нөхцөл байдлыг танилцуулна. Өгсөн чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Түүнээс биш иргэн ААН-тэй хийсэн гэрээг өөрчлөх, зээлийн хүүг бууруулах, чөлөөлөх тухай асуудал байхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цахим” цагаан сараар банкууд шимтгэл авахгүй

 0 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “цахим цагаан сар” хийх уриалга гаргахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар банкуудад сар шинийн өдрүүдэд хийх гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэлийг Монголбанк болон Банкуудын холбоонд өгөх тухайгаа дуулгалаа. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, монголчууд гэрээсээ гаралгүй ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болох жишиг тогтоохоор бэлдэж буй энэ үед төрийн байгууллагаас энэ мэт хөнгөлөлтөөр дэм болох нь сайшаалтай. Банкууд ч спикерийн саналыг нааштай шийдвэрлэж, өдөрт хэдэн зуун саяар эргэлддэг гүйлгээний шимтгэлээсээ татгалзаж чадна гэдэгт итгэж байна.