A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3940/

Бидний биеийн онцлог хэн нэгний нэр хүнд олох хэрэгсэл биш шүү дээ

Бидний биеийн онцлог хэн нэгний нэр хүнд олох хэрэгсэл биш шүү дээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3940/
  • Мундаг тамирчин болохгүй ч гэлээ жюү жицүгээр паралимпын Монголын анхны медалийг хүртэх юмсан
  • Хүний жамаар хүү нь том болж байна. Хүүгээ уучлаарай гэж хэлье. Над шиг хорин жил эцэг эхээрээ тэжээлгэж байгаа хүн байдаггүй байх. Сайн явж, ачийг нь хариулна аа
  • Хатуухан хэлэхэд хараагүй хүүхдийг өсгөхдөө эцэг эхчүүд юу ч хийсэн урдуур нь орж, хайрлаад байгаа мэт боловч ирээдүйг нь алж байдаг” гэж ярихыг нь сонссон
  • Ээж маань Солонгос явчихсан хамаатны эгч дүүг харж, намайг буудлаас тосдог байлаа. Ингэхээр шалгалтандаа бэлдэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Сургууль дээр удаан байхын тулд “Багш намайг хүргэж өгнө” гэж худлаа яриад ганцаараа явж эхэлсэн
  • МУИС-д социализмын үед Математикийн багш н.Шагдарсүрэн гэж хараагүй багш байсан юм билээ. Тэр хүний хэмжээнд хүрэхгүй юм аа гэхэд ядаж тэнхимдээ багшилж, доктор болохыг хүсдэг. Бас жюү жицүгээр хичээллэж байгаа. Мундаг тамирчин болохгүй ч тэмцээнээс медаль хүртэж, алдрын тавцанд эх орныхоо нэрийг дуудуулах юм сан

Энэ хорвоог харж чадахгүй ч гэлээ сэтгэлдээ бүх л ертөнцийг багтааж яваа, хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуу Б.Гомбодоржтой ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн гуравдугаар курсийн оюутан. Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэж, жюү жицүгээр пара олимпын Монголын анхны медалийг хүртэх зорилготой тэрбээр ирээдүйд тэнхимдээ багшлахыг хүсдэг. 

-Ярилцлагаа хүсэл мөрөөдөл, зорилгынх нь талаар эхэлье. Та түүхийн чиглэлээр суралцдаг. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Тухайн үед Солонгосын түүхэн кинонууд маш их гардаг байлаа. 2005 оны зун Дэ Жангум гарсан. Солонгосын түүх ийм юм бол манай улсын түүх ямар байгаа бол гэж бодоод, сонирхох болсон. Ингээд Монголын нууц товчоо зохиолыг ээж, аав, хамаатан садан гээд гэртээ байгаа хүн бүрийг гуйж, уншуулж эхэлсэн. Сүүлдээ аав, ээж хоёр маань залхаад “Одоо өөр зохиол уншуул. Бүтэн жил уншлаа” гээд л. Ер нь Монголын нууц товчоо миний хамгийн дуртай зохиол. 

-Тухайн үед долоохон настай байжээ. Ер нь багадаа ямар хүүхэд байв. Яагаад харааны бэрхшээлтэй болсон юм бол?

-Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Ээж маань намайг гэдсэнд байхад мориноос унасан юм билээ. Тэрнээс болоод харааны бэрхшээлтэй болсон. Нэг ой хүрээд, хөлд орж эхэлмэгц мэдэгдсэн гэж ярьдаг. Багадаа ном уншуулах дуртай хүүхэд байлаа. Үлгэрийн ном их уншуулна. Жаахан байхдаа аав, ээж хоёрыгоо их зовоосон байх гэж боддог. 

-Сургууль завсардаж байсан юм билээ. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн шүү дээ. Арван жилийн сурагч байхдаа олон бэрхшээлтэй нүүр тулж байж мэргэжлээ сонгосон байх?

-Дөрөвдүгээр ангид ороод сургууль завсардаж эхэлсэн. Явах, явахгүйтэй л байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалт ч өгөхгүй гэж боддог байсан. Гэтэл эргэн тойрны хүмүүс маань “Чи өгөөд үз” гэж хэлж, намайг зоригжуулсан. Би ч тэр үед “Хүн чадаад байхад би яагаад чаддаггүй юм” гэж бодсон л доо. Eр нь лам болох гэж байсан. МУИС-д түүхийн багш хийдэг хамаатны маань эгч нэг зун эмээгийнд байх үеэр ирээд намайг “Шашны сургуульд оруулж өгье” гэж хэлсэн юм. Ингээд лам болохоор шийдээд очиж уулзтал над шиг хүнийг “авахгүй” гэж хэлсэн. Лам болж чадахгүйгээс хойш мөрөөдлөө биелүүлж, түүхч болъё гэж бодоод нөгөө эгчтэйгээ уулзлаа. Гэтэл намайг МУИС-д орохдоо туслуулах нь гэж ойлгоод аав, ээжид маань “Манай сургуулийн багш нар янз бүрийн ааштай. Би хүн гуйж оруулж чадахгүй. Орууллаа гэхэд дүн гуйж сургах хэцүү” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод би сургуульдаа заавал өөрийнхөө хүчээр орох ёстой гэж зорьсон. Эгчдээ гомдсон ч гэлээ одоо баярлаж явдаг. Хэрвээ тэр үед намайг өмнөх шигээ “би оруулаад өгье” гэж хэлсэн бол би шалгалтандаа муу бэлдэж, аливааг амарчлах гэж хичээх байсан болов уу.

-Шалгалтандаа яаж бэлдсэн бэ? 

-Төрийн шагналт Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд цахим түүх” бүтээлийг сонсож бэлдсэн. 

-Оюутны бужигнасан амьдрал ямар санагдсан бэ. Хичээлээ хэрхэн хийж байна?

-Би нэг зүйлд их баярладаг. Намайг жоохон байхад гадуур явахаар хүмүүс янз бүрээр хэлж, шоолдог байлаа. Харин одоо эсрэгээрээ маш их хүн тусалдаг. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд хүртэл хөтлөөд, хүргээд өгөх жишээний. Оюутан болоод ч тэр. Сургуулийн маань хүүхдүүд байнга тусалдаг. Хичээлээ бол технологийн дэвшил ашиглаад хийчихдэг. Компьютерын программ ашиглаад фейсбүүк орж, даалгавраа хийж, мэдээлэл авч байна. Нэгдүгээр курст байхад бол хэцүү байсан. Хүмүүсээр уншуулна, багшийн яриаг дуу хураагуурт бичиж авна гээд л. Ний нуугүй хэлэхэд хичээлээ хүнээр хийлгэх үе ч байсан.

-Найзууд нь хийж өгсөн гэсэн үг үү. Нөгөө талаар танд хортой байсан байх? 

-Тийм ээ. Найзууд маань даалгавар хийж өгөх үе байсан. Нэг найз маань хоёр ч удаа миний даалгаварыг хийж өгсөн юм. Тэгээд “Би ер нь чамд туслаад байна уу, хорлоод байна уу” гэж асуусан. Тэр үед би бодсон л доо. Компьютер ашиглаж суръя, өөрийгөө хөгжүүлье гэж. Арван жилдээ сургууль завсардсан болохоор миний зарим талын мэдлэг тааруу, компьютер хэрэглэж ч мэддэггүй байсан. 

-Их сургуульд ороход багш нарын хандлага ямар байсан бэ? 

-Энэ хүүхэд яаж сурах юм бэ гэж ганц нэг багш асууж байсан. Тэгээд л удахгүй хүлээн зөвшөөрчихсөн. Оюутан болсноосоо хойш хоёр удаа л гомдож үзсэн. Энэ зун манай ангийнхан 14 хоног хээрийн дадлагад явсан юм. Тэнхимийн маань зарим багш “Та нар хүүхдүүдийг ялгаварлаж болохгүй” гэж хэлсэн ч тэнхимийн эрхлэгч, дадлага хариуцсан музейн захирал хоёр эсэргүүцээд намайг авч яваагүй. Би биеэ даагаад ихэнх зүйлсийг хийж чаддаг. Ангийнхан маань ч тусалдаг. Хамгийн гол нь энэ санаагаараа дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юуг ч хийж чадна. Биднийг ялгаварлан гадуурхахгүй байхад л хангалттай гэдгийг хэлэх гэсэн юм. Би гомдол гаргаж, хөөцөлдсөн боловч явж чадаагүй. 100 хувь биеэ даах чадвартай гэсэн эмчийн гарын үсгээс эхлээд олон зүйл шаардсан. Миний биеэ дааж хэрхэн амьдардгийг эмч мэдэхгүй шүү дээ. Тэр музейн захиралтай нь намар утсаар яриад дадлагаа яаж дүйцүүлэх талаар тодруултал “Чи ер нь солиотой юм уу” гэх зэргээр уурлаж байсан.

-Өөрийгөө дайчлах ёстой юм байна, би сурч боловсрох хэрэгтэй гэх эрмэлзэл хэзээнээс бий болов? 

-Арван жилийн ангид маань надтай адилхан хараагүй хэрнээ биеэ даасан, маш мундаг хүү сурдаг байсан. 11 дүгээр ангидаа “Намайг тусгаарлахгүй өсгөж, биеэ даасан хүн болгож хүмүүжүүлсэн ээждээ баярлалаа. Хатуухан хэлэхэд хараагүй хүүхдийг өсгөхдөө эцэг эхчүүд юу ч хийсэн урдуур нь орж, хайрлаад байгаа мэт боловч ирээдүйг нь алж байдаг” гэж ярихыг нь сонссон. Нэвтрүүлэгт орсон юм билээ. Тэр үед “Би цаашдаа яах ёстой вэ” гэж шаналах болсон. Аав, ээж маань ойлгохгүй ч гэсэн заавал сурах ёстой гэж шийдээд хулгайгаар сурч эхэлсэн. Ер нь надтай ухаантай хүмүүс таарч дээ л гэж боддог. Би өөрөө тун сониуч байсан маань ч хэрэг болсон байх. Ном сонин уншиж, янз бүрийн нэвтрүүлгийг шимтэж сонсдог байсан. 

-Хулгайгаар гэдгийг тодруулахгүй юу? 

-Шалгалтад бэлдэж байхад сургуулийн автобус өглөө долоон цагт явж, өдөр 14 цагт хүргэж ирдэг байсан. Ээж маань Солонгос явчихсан, хамаатны эгч дүүг харж, намайг буудлаас тосдог байлаа. Ингэхээр шалгалтандаа бэлдэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Сургууль дээр удаан байхын тулд “Багш намайг хүргэж өгнө” гэж худлаа яриад ганцаараа явж эхэлсэн. Одоо бодоход их зоригтой байжээ. ЭЕШ-д бэлдэхийн тулд л ганцаараа явж сурсан даа.

-Түрүүн ээжийгээ их зовоосон байх гэж хэллээ. Магадгүй хүн бүр л ээжийгээ зовоодог байх. Ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Ээж маань маш хөдөлмөрч хүн. Энэ чанараар нь бахархаж явдаг. Хүн бүр эцэг, эхийгээ гомдоодог байж магадгүй. Гэхдээ би илүү их зовоосон юм болов уу. Намайг хоёр, гурав хоног өвдөж байж төрүүлсэн гэдэг. Дараа нь хүн болгох гэж их зовсон. Би ээжийгээ нэг их гомдоосон удаа бий. Хамаатны маань эгч намайг нялх байхад минь өргөж авъя гэсэн юм билээ. Хэдэн жилийн дараа ч бас дахиж гуйхад нь намайг өгөөгүй. Би түүнийг нь мэдчихээд долоодугаар ангид байхдаа “Та хоёр намайг өргүүлчихгүй яасан юм” гэж хэлээд ээжийгээ уйлуулж байлаа. Над шиг эцэг, эхийгээ голдог хүн байдаг ч юм уу. Ээж, аав хоёр маань намайг хүмүүсээс тусгаарладаг, ичиж зовдог байсан болохоор гомдоод л тэгж хэлсэн байх. Гэхдээ одоо бол гомддоггүй ээ. Өсгөж, төрүүлсэн ачийнх нь хажууд юу ч биш шүү дээ. Одоо ч гэсэн би тэднийгээ зовоож л байна. 

-Та дуулах дуртай юм билээ. Ээждээ зориулаад нэг сайхан дуу аялаач? 

-“Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулъя. Энэ дууны түүх нь их сайхан санагддаг. Ш.Чимэдцэеэ гуай ээжийнхээ ачийг хариулахын тулд шүүдрийн дусал цуглуулсан гэдэг. Даанч тэр усаар цай чанаж болоогүй юм билээ. “Үр минь сайн сайхан явж байвал, түүнээс илүү ач гэж юу байх билээ” гэж хэлэхийг нь сонсоод ээждээ зориулж, энэ дууг бүтээсэн гэдэг. Ээж нь тун их баярласан юм гэнэ лээ. Өөрийнхөө хэмжээнд аялъя.

Тээж төрүүлсэн ачийг нь ээ

Тэтгэж хариулах завгүй яв аа

Тэнэгхэн хүү намайгаа

Тэнгэр ээж минь өршөө өршөө

Дуулимд ганцхан ээжий минь 

Дуучин хүүгээ өршөө... /хоолой нь зангирав/ За, хоолой зангираад явахгүй нь дээ. Хүний жамаар хүү нь том болж байна. Хүүгээ уучлаарай гэж хэлье. Над шиг хорин жил эцэг эхээрээ тэжээлгэж байгаа хүн байдаггүй байх. Хэрэггүй ингэж хэллээ дээ гэж харамсах үе олон байсан. Сайн явж, ачийг нь хариулна аа.

-Гэхдээ ээж, аавыгаа баярлуулсан үе ч бий байх? 

-Өнгөрсөн жил Зориг сангийн тэтгэлэг хүртсэн. Аав маань Солонгосоос залгаад “Миний хүү, овоо доо” гэж хэлсэн. Харин ээж маань хамаатнууддаа хэлж гүйгээд л. Тэднийгээ тэгэхэд л нэг баярлуулсан байх. 

-Б.Гомбодоржийн хэтийн зорилго юу вэ? 

-МУИС-д социализмын үед Математикийн багш н.Шагдарсүрэн гэж хараагүй багш байсан юм билээ. Тэр хүний хэмжээнд хүрэхгүй юм аа гэхэд ядаж тэнхимдээ багшилж, доктор болохыг хүсдэг. Бас жюү жицүгээр хичээллэж байгаа. Мундаг тамирчин болохгүй ч тэмцээнээс медаль хүртэж, алдрын тавцанд эх орныхоо нэрийг дуудуулах юм сан. Ном бичихийг хүсдэг байлаа. Захаасаа биелж, самбо бөхийн дасгалжуулагч Г.Пүрэв-Очир өөрийнхөө номд миний жижиг бичвэрээс оруулахаар болсон. 

-Яагаад жюү жицүгээр хичээллэх болов?

-Би бөх үзэх дуртай. Бөхчүүдийг бүгдийг нь цол, нутаг ус, харъяа лагддаг компанитай нь хэлж чадна./инээв/ Бөх сонирхдог болохоор Г.Пүрэв-Очир багштай хааяа утсаар ярина. Тэгээд энэ спортын тухай асуутал “Чи хичээллэх боломжтой шүү дээ” гэж хэлсэн. Хичээллээд хоёр сар болж байна. Жюү жицүгээр паралимпын Монголын анхны медалийг хүртэх юмсан гэж мөрөөддөг. Бэлтгэлээ таслахгүйг хичээж байна. Аав, ээж маань хүртэл хааяа төвөгшөөдөг хэрнээ л намайг дэмжиж, хүргэж өгдөг. 

-Илтгэх урлаг, мэтгэлцээнийг сонирхдог гэсэн. Одоо хичээллэж байгаа юу? 

-Сургуулийнхаа мэтгэлцээний клубт явдаг. Гэхдээ сүүлийн үед очоогүй. Мэтгэлцэх чадвараа санасандаа хүртэл сайжруулаагүй ч ярих чадвар маань сайжирсан. Маш сайхан хүрээлэл, найз нөхөдтэй болсон. Нийгэмшээгүй хүн амжилтад хүрч чадахгүй шүү дээ.

-Таныг шүлэг, зохиол оролддог гэж мэднэ. Хайрын тухай бичих дуртай гэсэн. Шүлгээсээ сонирхуулахгүй юу? 

-Миний бичнэ ч гэж юу байх вэ. Хоёр, гурван мөрт шүлгүүд бий. 

Жижигхэн ч гэсэн горхи урсах газраа чимэгтэй 

Жирийн ч гэсэн наддаа дурласан чи минь үзэсгэлэнтэй 

Энэ хорвоог харахгүй ч гэлээ

Эгэлхэн зүрх минь сэтгэлийг чинь тольдсон шүү... 

-Сайхан шүлэг байна. Ер нь хайрын тухай юу гэж боддог вэ?

-Хүн төрөлхтөн хайрын тухай төгс төгөлдөр тодорхойлолт гаргаж чадаагүй гэдэг. Бүгд л өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Миний хувьд Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Хайр гэдэг хариу нэхэхгүй өглөг” гэх үгтэй санал нийлдэг.

-Хайр гэснээс чи дурлаж үзсэн үү?

-Дурлаж үзсэн. Дурлахаар шүлэг бичмээр санагддаг юм билээ. Бас хэзээ ч чадахгүй дээ гэж бодсон зүйлээ хийх гэж хичээж, илүү их тэмүүлэлтэй болдог. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар асуудал тулгамдаж байна? 

-Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглаж, нэр хүндтэй болох гэсэн хүмүүс байдаг болж. Надад энэ хандлага таалагддаггүй. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутны клуб гэж бий. Тэргүүн нь яг л тийм хандлагатай. Бидний биеийн онцлог хэн нэгний нэр хүнд олох хэрэгсэл биш шүү дээ. Хэлэлцүүлэг хийдэг хэрнээ хэзээ ч тэр асуудлыг шийдэхийн төлөө явж байгаагүй. Энэ хандлагыг л өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд амьдралын зарчмыг тань асууя?

-Чингис хаан “Хүний жаргал хэтэрвэл зовлон болдог” гэж хэлсэн байдаг. Тийм болохоор хүн бүр өөрт байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Би хүнд төвөг удахгүй амьдрахыг хүсдэг. Бас хэнийг ч ялгалгүй өөрийнхөө чадах зүйлээр туслахыг хичээдэг. Худлаа ярьж, хулгай хийсэн биш, ичиж зовох шаардлагагүй, өөртөө хайртай байгаарай гэж хэлье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ

 0 сэтгэгдэл
  • Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай
  • Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг

Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя. 

Хямдхан цаг таны имижийг гутаадаг 

Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой. 

Цагныхаа хэмжээг тохируул

Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй. 

Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг 

Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. 

Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай

Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг. 

Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой 

Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна. 

Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй 

Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог. 

Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл 

Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Жеймс Бондыг дуурайх хэрэггүй

Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш

 0 сэтгэгдэл
  • Бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй

Заримдаа сэтгэл хямарсан, гунигтай үед хэн нэгэнтэй асуудлаа хуваалцахаас илүү ганцаараа байж, өөрийгөө ойлгох нь зохимжтой байдаг. Хүнгүй орчинд цурхиртлаа уйлж, сэтгэлээ онгойтол хашхирмаар санагдах үе ч цөөнгүй гардаг. Гэвч ажлын хамт олон, найз нөхдийнхөө дэргэд дээрх үйлдлийг гаргах нь зохимжгүй тул сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадалгүй хоцрох нь олонтаа. Тиймээс хамгийн эрх чөлөөтэй байж, аз жаргалаар “цэнэглэгдэх” учиртай орчин бол өөрийн гэр юм. Гэвч ихэнх хүн гэртээ ч хувийн орон зайгаар дутагдаж байдаг аж. Магадгүй танд ч гэсэн хэсэг хугацаанд ганцаараа байх хүсэл төрдөг байх. Гэр ахуйн эдлэлийн IKEA брэнд 35 орны 33 мянга гаруй хүн хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85 хувь нь гэртээ өөрийн гэсэн хувийн орон зайтай байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд дөрөвний нэг нь тус эрхээ эдэлж чаддаггүйгээ илэрхийлжээ. Судалгаанд дурдагдсанаар хүмүүс бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй аж. Түүнчлэн гэртээ өөрийн гэсэн орон зай бий болгосноор ажлын бүтээмж нэмэгддэг байна. 

Өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал 

IKEA брэндийн судлаачид хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш болохыг онцолсон байна. Харин тухайн хүний мэдэрч буй тав тух, сэтгэл ханамж хамгийн гол хэмжүүр болдог аж. Тухайлбал, шүршүүрт орох, буйдан дээр суугаад кино үзэх, гэрийнхээ аль нэг хэсэгт бичгийн ширээ байршуулж, түүнийгээ өөрийн хүслээр тохижуулах мөн ханын тавиурынхаа аль нэг тасалгааг өөрийн хоббигоор чимэх зэрэг нь тухайн хүнд таашаал өгдөг байна. Хамгийн гол нь хүн өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал хэмээн судлаачид онцолжээ. 

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай хэрэгтэй

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай үгүйлэгддэг. Тиймээс бие, биеэ харилцан хүндэтгэж өөрөө, өөртэйгөө өнгөрүүлэх цаг хугацаанд нь бүү оролцоорой. Мөн хүүхдийнхээ хувийн орон зайд халдаж, өөрийнхөөрөө байлгах гэж оролдох нь зохисгүй бөгөөд ирээдүйд бусдын амьдралыг үл хүндэтгэгч болгон төлөвшүүлдэг аж. Мөн тэднийг бусадтай харьцуулах нь ч орон зайд нь халдаж буй хэрэг юм. 

Айлд урилгагүй зочлох нь зохисгүй үйлдэл 

Айлд урилгагүй, урьдчилж хэлэхгүй зочлох нь зохисгүй бөгөөд очиж буй айлынхаа тав тухыг алдагдуулдаг. Энэ нь орон зайд нь халдаж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс айлд очихдоо зайлшгүй хэлж хэвшээрэй. Мөн “хэрэв манайд ирэх бол зайлшгүй мэдэгдээрэй” гэж ойр, дотнын хүмүүстээ дуулгаарай. 

Нэгнийхээ гар утсыг шалгах нь хувийн орон зайг нь үгүйсгэж буй хэрэг 

Хосууд бие биеийнхээ гар утас, цахим хуудсыг үргэлж шалгаж, хаашаа яваад, хэзээ ирэхийг нь хүртэл шалгаадаг. Энэ нь тухайн хүний хувийн орон зайд халдаж буй хэрэг бөгөөд хэсэг хугацааны дараа дээрх үйлдэл нь дарамт мэт санагдаж, харилцаанд нь сэв суудаг байна. Тиймээс хайртай хүндээ итгэж, ярилцаж, ойлголцох хамгийн чухал юм. 

Өөртөө цаг гарга

Хэрэв та хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаггүй бол тогтсон цаг, тодорхой орчин бий болго. Өглөө эрт эсвэл үдэш оройн аль нь ч байсан болно. Харин яг тэр цагаа өөртэйгөө өнгөрөөж хэвшээрэй. Юун түрүүнд өөрийн сонирхлыг олж илрүүлээрэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валентины баярыг хэрхэн тэмдэглэх вэ

 0 сэтгэгдэл

Өнөөдөр бол Гэгээн Валентины өдөр. Вирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон учраас хосууд энэ өдрийг гэртээ тэмдэглэх шаардлагатай болсон. Валентины баярыг гэрээс гарахгүйгээр хэрхэн романтик тэмдэглэж болох тухай сонирхолтой зөвлөгөө хүргэж байна. Ганц бие хүмүүсийг ч мартаагүй шүү.

Гэртээ романтик оройн зоог барих нь санхүүд хэмнэлттэй 

Энэ өдөр ресторануудын ширээ захиалга дүүрч, хосын өрөөний үнэ тэнгэрт хаддаг. Гэхдээ гэртээ сайхан ширээ засаж, хайртынхаа дуртай хоолыг өөрийн гараар хийж өгөх нь санхүүд хэмнэлттэйгээс гадна хосын харилцаанд эергээр нөлөөлөх болно. Дуртай хоолыг нь бэлтгэхээс гадна ширээгээ гоёмсог бүтээлгээр бүтээгээрэй. Эцэст нь чихэрлэг улаан дарс сонгож, лаа асаахаа мартуузай. 

Хайрыг харж чадахгүй ч киноноос мэдэрч болно

Бүх цаг үеийн хамгийн сонгодог сонголтод кино үзэх хувилбар заавал багтдаг. Энэ өдөр гэртээ гэрлэн чимэглэл асааж, дуртай амттанаа бэлтгээд хайрттайгаа хамт романтик кино үзээрэй. "Би түүнийгээ үргэлж санадаг. Хайр яг л салхи шиг, би харж чадахгүй ч мэдэрч чадна" гэж Walk to remember кинонд өгүүлдэг. 

Халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлаарай

Хамтдаа сарнайн дэлбээгээр дүүргэсэн халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлах нь баярын уур амьсгалыг мэдрүүлэх болно. Мөн лаа асааж илүү романтик орчин бүрдүүлээрэй.

Мөрөөдлийн жагсаалтаа шинэчил

Хосуудын харилцаанд ярилцах хамгийн чухал гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Хайрттайгаа хамт хийж үзэх шинэ содон зүйлс, романтик аяллын төлөвлөгөөгөө боловсруулахад энэ өдөр хамгийн тохиромжтой. Баярт зарцуулах байсан төсвөө аяллын хуримтлалдаа нэмэрлэ. Үүний дараа бол зож байсан үеийнхээ захидал, цахим зурвасуудаа уншиж дурсамжаа сэргээгээрэй.

Ганц бие ч гэсэн гандан буурахгүй

Ганц бие байгаадаа гансарч, уйтгарлаж сууна уу. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй ээ. Таныг илүү олон учрал, гайхалтай дурлал хүлээж байгаа шүү.

Хэрхэн ганц бие байх вэ

Гал цогтой ганц бие уншигчдадаа How to be single киног санал болгоё. Таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Найзуудын үдэшлэг хийцгээе

Энэ өдрийг зөвхөн хостойгоо өнгөрүүлэх ёстой гэж үү. Удаан уулзаагүй найзуудтайгаа хамт бяцхан үдэшлэг хийвэл ямар вэ. Хамтдаа сонирхолтой тоглоом тоглож, амттай хоол идэж хөгжилдөх хэрэгтэй. Хоорондоо бэлэг солилцсон ч болно. Финландад хоёрдугаар сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгон тэмдэглэдэг аж.

Өөртөө бэлэг худалдан ав

Та өөрийгөө санхүүгийн ямар их хэмнэлттэй амьдардаг гэдгээ мэдэх үү. Хэрвээ хостой байсан бол хэн нэгэнд зориулах байсан тэр мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй. Массажинд орж, шинэ загварын хувцас, сонирхолтой ном гээд хүссэнээ худалдан ав. Сургалтад бүртгүүлсэн ч болох юм. 

Хүссэн зүйлээ хий 

Эцэст нь хэлэхэд энэ нийтлэлийг заавал хийх ёстой зүйлийн жагсаалт болгож битгий уншаарай. Таныг өөрөөс чинь илүү мэдэх нэгэн гэж үгүй. Тиймээс танд аз жаргал, сэтгэл ханамж бэлэглэдэг юу ч хийсэн болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хайртай нэгэндээ дуртай цэцгийг нь бэлэглээрэй

 0 сэтгэгдэл

Төрсөн өдөр, төгсөлтийн баяр зэрэг тэмдэглэлт үйл явдлын үеэр хүмүүс бие биедээ цэцэг бэлэглэдэг. Шинэхэн үрээ өлгийдсөн ээж, шагнал гардсан эрхмүүдийг цэцгийн баглаагаар угтах нь ч бий. Ийнхүү цэцэг бэлэглэх нь соёл болтлоо хөгжсөн бөгөөд цэцгийг зөвхөн ургамал бус сэтгэлийн илэрхийлж гэж хардаг болжээ. Цэцэг бэлэглэх соёл нь эртний Грекээс үүдэлтэй бөгөөд олон нийт XIX зууны дунд үеэс үүнийг ёс заншил, соёл гэж хүлээж авсан байна. Тухайн үед нийгэм төдийлэн нээлттэй биш, олон хүний хажууд хайраа илчлэх нь ичгүүртэй хэрэг гэж үздэг байсан тул дурлалт хосууд цэцэг бэлэглэж хайраа илчилдэг байв. Сарнай, лиш, яргуй гээд цэцэг бүхэн өөрийн гэсэн утга, илэрхийлэмжтэй байдаг учир өөрийн сэтгэлийг цэцгээр дамжуулан илэрхийлэх боломжтой аж. Хэрэв та гэгээн хайрын баярын өдөр хайртай хүндээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа бол цэцгээр сэтгэлийн чавхдасыг нь хөндөх боломжтой. Түүнчлэн утга учир, хэлэмжийг нь судалж, тухайн хүнд тохирсон цэцэг бэлэглээрэй.

Сараана буюу Лили цэцэг

Лили цэцгийг цэвэр ариун, ихэмсэг байдлын бэлэг тэмдэг хэмээдэг. Энэ нь сараантан овгийн цэцэг бөгөөд цэвэр ариун байдлыг бэлгэддэг учир гэр бүлийн баяр, шинэ хүн мэндлэхэд болон гэрийн эзэгтэйд бэлэглэвэл тохиромжтой аж. Түүнчлэн анхилам үнэртэй учир сэтгэл санааны өөдрөг болгох шидтэй аж.

Лисантус цэцэг

Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээдэг лисантусыг гэрлэж амжаагүй бүсгүйг ханьтай болгодог хэмээн бэлгэддэг бөгөөд энэ цэцэг ургаж буй айлд үл ойлголцол, маргаан бага гардаг гэх нь бий. Тиймээс ганц бие бүсгүйд болон хуримд бэлэглэхэд тохиромжтой

Удвал цэцэг

Тус цэцгийг хар цагаан хэл ам, муу энергиэс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй хүн олон байдаг. Тэгвэл энэ цэцэг нь хөлсөрхөг хүүхдэд нэн тустай юм.

Цэцгийг шинээр нь хэрхэн удаан хадгалах вэ

Дотнын хүнээсээ дуртай цэцгээ бэлгэнд авах сайхан ч гандаж буй цэцгээ хараад сэтгэл гундах нь бий. Тэгвэл цэцгийг хэрхэн удаан хадгалах зөвлөгөөг хүргэж байна.

1. Цэцгээ аваад аль болох хурдан усанд хий.

2. Ваарандаа бага зэргийн бүлээн ус хийгээрэй. Хүйтэн, крантны ус цэцгийг хурдан үхүүлдэг

3. Белизна буюу хувцас цайруулагчийг литр усанд амны халбаганы дөрөвний нэг хэмжээтэй байхаар тооцож хийгээрэй. Энэ нь шавжнаас сэргийлж, бактери устгадаг учир цэцэг удаан амьд байх нөхцөл бүрдүүлнэ.

4. Цэцгийн усыг өдөрт нэг удаа солиорой.

5. Цэцгийг анх вааранд хийхдээ хурц хутга, эсвэл хайчаар ташуу зүсвэл илүү удаан амьдарна.

6. Хэт олон цэцэг нэг вааранд байвал хурдан үхнэ. Тиймээс нэг вааранд 10-аас дээш цэцэг хийх хэрэггүй.

7. Усан дотор нь нэг ширхэг аспирин хийвэл удаан амьдрахад нь тусална.

8. Нарны шууд тусгалаас хол байлгаж, ваараа цэвэрхэн байлгаарай.