A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2506/

Бизнесийнхнийг оролдож байхаар сүрьеэтэйгээ тэмцвэл яасан юм бэ

Ядуурлын түвшинг илтгэдэг энэ өвчний тархалт хяналтаас гарсанд хэн хариуцлага хүлээх вэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2506/


Шоронгийн “шошго”-той байсан сүрьеэ сургуулийн хүүхдүүдийг дарлаж, шатахуун махны өсөлт жирийн иргэдийг дөнгөлж байгаа энэ үед Засгийн газар юу хийж байна вэ?

Авлигын хэрэгт шилээ даран холбогдсон сайдууд нь бүлх залгисан мэт дуугүй, улстөрчид нь сонгуульд бэлдээд завгүй. Бизнесийнхний амжилт дээр өндийсөн эдийн засгийн жаахан өсөлтийг хувийн олз болгохын төлөөх өрсөлдөөн дунд төрийн ажил хаягдаж, түмний амьдрал чирэгдэж байна. Улстөрчдийн ёс жудаг гэгч юм газарт хэвтэж, иргэд олон нийт хоосон популизмд нүдүүлж, хүүхдүүд сүрьеэ  тусч, хөгшчүүд гудамжинд гарах нь холгүй байгаа өнөө үед Монголын нийгмийг хувийн хэвшлийнхэн л нуруундаа үүрч явна. Гэвч цагаа олоогүй улс төрийн тоглолт хувийн хэвшлийнхний гар хөлийг хүлэх янзтай, цаад утгаараа хөрөнгө оруулагчдыг үргээх төлөвтэй болчихлоо.

“Бизнесийн жаахан амжилт бүхнийг заавал хүчний байгууллагаар дайруулж өнгөрөөх хандлага эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Ямар нэг аргаар төрд орсон л бол улс төрийн хүчээр бусдын бизнес рүү дайрах, булаах, дарамтлах байдлаар эдийн засгийн жам ёсны хөгжлийг эвдэж байна” гэж МҮХАҮТ-ын дарга асан Б.Лхагважав шинэ эдийн засгийн форумын үеэр хувийн хэвшлийнхнээ төлөөлөн хэлж байсан.

Яг түүний хэлсэн шиг үйл явдал өнөөдөр ч өрнөсөөр байна.

Өчигдөр үдээс хойш Сүхбаатар дүүргийн шүүх прокуророос Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг нэг сар хорьж, шалгах хүсэлт ирүүлснийг гэнэт хэлэлцэв. Монголын санхүүгийн салбарын ачааны талыг нуруундаа үүрдэг, шилдэг татвар төлөгчдийн эхний аравт эрэмбэлэгддэг тус банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн байгууллагын хийгээгүй ажлыг амжуулсаар ирсэн. Түүнчлэн ОХУ-ын хамтарсан үйлдвэрийг зуун хувь Монголд оруулж ирснээс хойш улсад нэг их наяд орчим төгрөгийн татвар төвлөрүүлээд буй.

Бизнесийнхнийг онилсон ээлжит халдлага чинь цагаа олсонгүй, нийгмээ мэдэрсэнгүй

Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжиж, худалдан авалтын журмыг өөрчилснөөр орон нутгийн болон дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээс ханган нийлүүлэлтийн 40 орчим хувийг бүрдүүлээд байсан юм. Өндөр үнээр бараа үйлчилгээ шахдаг явдлыг хумьж, жилд 15-20 тэрбум төгрөгийг хэмнэж байв. Харин эдгээр шийдвэрүүд төрийн нэрийг бизнес болгон ашигладаг цагаан захтнуудад таалагдсангүй бололтой. Шүүхээр буруугүй нь тогтоогдсон хэргээр дахин шүүхэд дуудагдталаа бизнесийнхэн хавчигдаж байна.

• Шүүхээр буруугүй нь тогтоогдсон хэргээр дахин шүүхэд дуудагдталаа бизнесийнхэн хавчигдаж байна. 

• Сайдын туслах байсан эмэгтэй бүхэл бүтэн салбарын яамны эм хангамжийн албыг авлигын суваг болгон ашиглаж байгаад газар дээрээ баригдахыг хараад сууж байна. 

• Хотын төвд, таван өрөө байрыг 45 сая төгрөгөөр авах, эцгийн нөлөөгөөр Элчин сайдаар шагнуулах их хувь заяа эрхэм сайдын хүү, дүүгээс өөр хүнд тохиохгүй нь харамсалтай.

Гэвч бизнесийнхнийг онилсон ээлжит халдлага чинь цагаа ч олсонгүй, нийгмээ ч мэдэрсэнгүй. Одоо “шударга ёсны төлөө” гэсэн наад жүжгээ дуусгаад (1.8 жил жүжиглэлээ) иргэдийнхээ амьдрал руу нэг өнгийгөөд хар. Юуны түрүүнд ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг нэг анхаарч үзээч.

Нийгмийн ядуурлын түвшинг илтгэдэг сүрьеэ өвчний тархалт ингэж хяналтаас гарсан нь нийгэмд айдас хүйдэс дагуулж байна. Өөр сонголт байхгүй учраас л эцэг эхчүүд хүүхдүүдээ нэг ангид 50-60-аар нь суулгаж байна. Ийм байдал олон жил үргэлжилж, байх ёстой үзэгдэл мэт дасан зохицоод байсны гор одоо гарч байна.

Нэг ангид 60-аас дээш хүүхэд хичээллэж, нэг сургуулиас 600 орчим хүүхэд сүрьеэгийн халдвартай гарч байхад Эрүүл мэндийн сайд, БСШУС-ын сайд нарт хэн, ямар хариуцлага тооцов. Харин ч сайдынх нь туслах байсан эмэгтэй бүхэл бүтэн салбарын яамны эм хангамжийн албыг авлигын суваг болгон ашиглаж байгаад газар дээрээ баригдахыг хараад сууж байна.

Шударгын туйл гэгддэг сайд Ц.Нямдоржийг хар. Халуунд халж, хүйтэнд хөрж, гэмт хэрэгтнүүдтэй зууралдаж, хэцүү нэртэд ажиллаж байгаа хэдэн мянган шийдвэр гүйцэтгэгчдийнхээ өмнүүр төрсөн дүүгээ дайруулан, тус газрын харьяа байрыг зах зээлийн ханшаас доогуур гэхэд ч багадмаар үнээр авч өгөөд сууж байх нь зүгээр үү. Түүгээр ч зогсохгүй төрсөн хүүгээ Элчин сайдаар томилуулахын төлөө гараа өргөж, ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг зөвшөөрөөд сууж болох уу.

Хотын төвд, таван өрөө байрыг 45 сая төгрөгөөр авах, улсын мөнгөөр сураад зогсохгүй эцгийн нөлөөгөөр Элчин сайдаар шагнуулах их хувь заяа эрхэм сайдын хүү, дүүгээс өөр хүнд тохиохгүй байгаа нь харамсалтай.

Тиймээс улс төрийн их эрх мэдлээ хувийн хэвшлийнхнийг дарамтлах буулга болгохын оронд танхимын сайд нарынхаа ажилд анхаарлаа хандуулна уу. Сонгуулийн жил ч ойртлоо. Иргэд таны сүртэй мэдэгдэл, ёсолгоог чинь харж саналаа өгөхгүй. Харин энэ хийрхсэн улс төрийн чинь нөлөөгөөр уру удсан амьдра лынхаа түвшин, булаалгасан боломжуудынхаа харамслаар саналаа өгнө гэдгийг сануулъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чимх давс чимээгүй тахал

Баруун аймгийнхны улаан хоолойн хавдар давсны хэт хэрэглээнээс үүдэлтэй

 0 сэтгэгдэл


Монголчуудын хоолонд хамгийн их хэрэглэдэг орц бол давс. Хоол хүнсний амт нэмэгдүүлэх бусад бүх амтлагчаас давсыг хавьгүй их хэрэглэдэг нь олон улсын байгууллагаас анхааруулга авахад хүргэсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголыг давсны хэрэглээгээ бууруулахыг байнга л зөвлөдөг. Дэлхийн олон орноос Монгол давсны хэрэглээ өндөртэй улсын тоонд бичигддэг учраас тэр. Энэхүү давсны хэт их хэрэглээ нь халдварт бус өвчний өвчлөлийг даамжруулах нэг шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Хүн эсийн гаднах шингэндээ натрийн болон хлорын ионы амин чухал шаардлагатай концентрацыг барьж байхын тулд тэдгээрийг тодорхой хэмжээгээр хоолны давс хэлбэрээр авдаг. Гэхдээ маш бага буюу хоногт таван грамм давс ( NaCl) хэрэглэх ёстой.

Олон улсын стандартад заасан хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдгийг эмч нар сануулдаг.

Давсны хэрэглээг бууруулах асуудал бүхэл бүтэн улсын бодлого болчихоод байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг 2015-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж, баталсан. Гэвч монголчуудын хэнэггүй, дүлий араншин энэ стратегийг үл тоож байна. Үл тоох ч гэж дээ, энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй сууна. Давсны хэрэглээ бууруулах стратеги батлаад найман жилийг үдэж. Гэтэл иргэд халбага, халбагаар нь давс идсэн хэвээрээ. Хөдөөгийнхөн давсны хэрэглээг бууруулах бодлого өрнөж буйг сонсоогүй гэж байгаа. Ер нь манай улсын бодлого, зөвхөн цаасан дээр л хэрэгждэг болж. Салбарын яам ч иргэдэд эрүүл мэндийн талаар өрнүүлж буй бодлого чиглэлийг сурталчлах, ухуулах ажлыг хийдэггүй бололтой.

Найман жилийн өмнө цаасан дээр бичээд мартчихсан баримт бичгийг уулын мухарт хонио хариулж яваа дамдин гуай яаж мэдэх билээ дээ. Тиймээс л суртал ухуулга гэдэг зүйл энэ цаг үед дутагдаж байна.

БАРУУН АЙМГИЙНХАН СТАНДАРТААС ГУРАВ ДАХИН ИХ ДАВС ХЭРЭГЛЭДЭГ

Монголчууд байнга л чихэнд нь шивнэж байхгүй бол хэзээ ч хэрэгжүүлдэггүй хэнэггүй, дүлий араншинтай хүмүүс. Тиймээс байнга анхааруулж, сануулж байж аливаа ажил үр дүнд хүрдэг. Өнөөдрийн давсны хэрэглээ өчүүхэн асуудал мэт санагдавч хожим хүний эрүүл мэндэд учруулах хоруу чанар нь асар их. Насаараа шорвог давстай хоол идвэл 10, 20 жилийн дараа цусны даралт ихсэх, ходоодны хорт хавдраар өвчлөх, судас хатуурах гээд олон өвчний үүр болно. Үүнийг эмч нар ч хэлдэг. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа улаан хоолой, ходоодны хавдар элбэг тохиолддог болсон. Улаан хоолой, ходоодны хавдар үүсгэдэг нэг хүчин зүйл нь давс гэж хавдрын эмч хэллээ. Улаан хоолойн хавдраар голдуу баруун аймгийнхан өвчилдөг. Баруун аймгийнхан хоногт авах давсны хэрэглээг гурав дахин хэтрүүлдэг. Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийнхан хоногт 15.4 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргажээ. Эдгээр аймгийн дараа Сэлэнгэ, Төв, Дундговь, Дархануулынхан заасан хэмжээнээс нэг дахин илүү буюу 9.9 грамм давс хэрэглэдэг аж.

Түүнчлэн Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймгийнхан хоногт 9.4 грамм давс хэрэглэж байна. Ингэж халбага, халбагаар нь давс идэж байхад монголчууд эрүүл байх үндэс алга. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг тогтоосон. Цусны даралт ихсэх эмгэгтэй хүн зүрх судасны өвчтэй болдог. Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны тэргүүнд цусны даралт ихдэх өвчин буюу харвалт бичигддэг. Араас нь зүрх судасны өвчин бичигдэж байна. Мөн яс сийрэгжих өвчин ч давстай холбоотой. Давс хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэдэг. Өтөл насанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай. Энэ бүхнээс харахад давс бол эрүүл мэндийг сүйтгэгч чимээгүй дайсан юм. Иймд хоногт хэрэглэх давсны хэмжээг 2.5 грамм хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг дөрөв дахин бууруулна.

ДАВСНЫ ЭРЭЛТ БА ЗАХ ЗЭЭЛ

ДЭМБ-ын өмнө Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн. Гэхдээ энэ амлалт биелэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс даршилсан, нөөшилсөн хүнс их хэрэглэдэг. Эдгээр хүнсэнд далд давсны агууламж маш өндөр байдаг. Хэрэглээгээ дагаад давсны эрэлт, нийлүүлэлт бас байна. Манай улс өнгөрсөн жилийн байдлаар 14 орноос давс импортолсон тухай мэдээлэл Гаалийн ерөнхий газрын тайланд бичигджээ. АНУ, БНСУ, БНХАУ, Беларусь, ОХУ, Казахстан, ХБНГУ, Пакистан, Тайланд, Хорват, Франц, Энэтхэг, Япон, Их Британи зэрэг улсаас иоджуулсан давс 7.9 тонн, бусад төрлийн давс 35 тонныг импортолсон байна. Зөвхөн гадаадаас импортлоод зогсохгүй дотооддоо үйлдвэрлэж, савлаж байгаа. Монгол орон хоолны давс, жамц давсны баялаг ордтой. Дорнод аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уул, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд гол зэрэг давсны ордоос үйлдвэр, цехүүд хэрэгцээгээ хангадаг. Гэвч урт нэртэй хууль гарснаар нууруудаас давс олборлох боломжгүй болж, импортын хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн байна. Монголын давс, мөсөн шүүний жилийн нийт хэрэглээ 20 мянган тонн байдаг бөгөөд эдгээрийн худалдан авалтад 16 тэрбум төгрөг зарцуулагддаг гэсэн судалгаа Геологийн холбооноос гаргажээ. Үндэсний үйлдвэрлэгчид жилд гурван мянган тонн давс зах зээлд нийлүүлдэг аж. Гадаадаас давс импортлоод байхааргүй хэмжээний нөөц дотоодод байна. Монгол орны зургаан давсны орд дотоодын хэрэглээг 3500 жил хангах хэмжээний нөөцтэй байтал иоджуулсан давс хэмээх хорыг Хятадаас оруулж ирж буйд хүмүүс дургүйцэж байгаа юм.

• Давсны хэрэглээг бууруулах асуудал бүхэл бүтэн улсын бодлого болчихоод байна. 

• Үндэсний үйлдвэрлэгчид жилд гурван мянган тонн давс зах зээлд нийлүүлдэг аж.

• Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн.

БАГААС НЬ ЗӨВ ХООЛЛОХ ДАДАЛД СУРГАЯ

Урьдчилан сэргийлэх үзлэг хийхээ больсноос болж өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байлаа гэж шүүмжилдэг ч, тийм биш. Үнэн чанартаа зөв хооллолтын соёл дутагдаж байна. Нэг настай хүүхэд нэг грамм л давс хэрэглэх ёстой. Хүүхдэдээ давс бага хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүдэд зөвлөх хэрэгтэй байх. Манайхны хэнэггүй зан үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сүйтгэж байна. Хүн амын судалгаагаар 40-50 жилийн дараа дундаж наслалт 80-ыг шүргэх тул хүүхдээ бор хоолонд орохоос нь эхлээд зуун жил амьдрана гэж бие, эрхтнийг нь хайрлахыг эмч нар зөвлөдөг. Хүүхдүүдэд эрүүл хооллолт, давсны зохистой хэрэглээг хэвшүүлснээр нас ахихад нь олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Чимээгүй дайсан болсон цагаан хорыг зохистой хэмжээгээр хэрэглэж, ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлцгээе.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Баярмаа: Сэтгэл гутрал нь тусламж шаарддаг бодит өвчин

 0 сэтгэгдэл
Сэтгэцийн эмгэгтэй гэхээр галзуу гэж ойлгодог хоцрогдсон үзлээс татгалзах цаг болсон

Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ үзүүлэлт манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо юм. Амиа хорлолтыг сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг бөгөөд зарим судлаач нэг төрлийн “өвчин” ч гэж үздэг. Тиймээс энэ төрлийн “өвчин”- өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах талаар сэтгэл зүйч Э.Баярмаатай ярилцлаа. “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Одоо цагт амьдрах урлаг”, “Ухаалаг сонголт” зэрэг сэтгэл зүйн тухай олон ном бүтээл туурвисан тэрбээр сэтгэл гутралыг гүнзгийрүүлэн судалж буй юм. 

Удаан хугацаанд аз жаргалгүй байвал серотонин дутагдаж сэтгэл гутралд өртдөг

-Монгол Улсад амиа хорлолтын түвшин өндөр байна гэж ДЭМБ-ын хийсэн судалгаагаар тогтоосон байна. Амиа хорлолтын шалтгаан нь юу вэ?

-Манай улсад жилд дунджаар 500 орчим хүн сэтгэл гутралаас болж амиа хорлодог. Тэсвэр тэвчээргүй, сэтгэлийн хатгүйгээс амиа хорлолоо гэж олонх хүн буруутгадаг. Гэвч сэтгэл гутрал аажимдаа архагшиж хүндэрснээр ямар ч тэвчээртэй хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг бөгөөд нэг төрлийн аюултай эмгэг. Тиймээс энэ эмгэгийг эрт илрүүлж эмлэх нь чухал. Ард иргэдийн дунд сэтгэл гутралын хам шинж түгээмэл ажиглагдаж байна. Манайхаас үйлчилгээ авч байгаа 10 хүн тутмын дөрөв нь сэтгэл гутралд өртсөн байдаг. Мөн сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Хувь хүнд тохиох олон саад бэрхшээл, уй гунигаас гадна нийгмийн байдал ч нөлөөлж байгаа юм. 

Харин хүйсийн хувьд  монголд жилд дунджаар 400 гаруй эрэгтэй, 100 орчим эмэгтэй сэтгэл гутралаас болж амиа хорлож байна.

-Прокурорын газраас хийсэн "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа"-нд  амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн. Яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлож байна?

-Яагаад эрчүүд илүү их амиа хорлодог болохыг судалсан судалгаа одоогоор алга байна. Гэхдээ эрчүүд сэтгэл гутралыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, гадны тусламж авахдаа тааруу, сэтгэцийн  эмчилгээнд тууштай анхааралтай хандах нь бага зэрэг шалтгаанаар сэтгэл гутрал нь хүндэрдэг гэсэн таамаглал байдаг. Амиа хорлолтоос сэргийлэхийн тулд сэтгэл гутралын талаар мэдээлэл сайн хүргэх хэрэгтэй. Учир нь өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгийг мэдэхгүй, яагаад байгаагаа ойлгохгүйгээр, энэ байдлаас гарах арга зам байгаа гэдгийг ч мэдэхгүйгээр амиа хорлох тохиолдол олон байгаа.Тиймээс  сэтгүүлчид болон сэтгэл судлаачдын хамтдаа хийж чадах зүйл бол сэтгэл гутралын шалтгаан, үр дагавар, шинж тэмдэг, эдгэрэх арга замын талаар мэдээлэл хүргэх юм.

Маш хөнгөн зэргийн сэтгэл гутралын үед урам зориг сэргээх аргуудаар өөрөө өөртөө үйлчилж болно. Гэвч сэтгэл гутрал ихэвчлэн амархан хүндэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн хүний туслалцаа заавал хэрэг болдог.  Сэтгэл гутрал нь гүн ангалын ёроолд унасан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гүн ангалын ёроолд унасан хүн гадны тусламжгүйгээр ангалаас гарахад хэцүү. Хэрэв ангал гүн биш бол өөрөө хичээгээд гарч болно. Сэтгэл гутрал гэдэг ангалтай л ижил.

-Бид ханиад хүрч бие тавгүйрхэхэд эдгээхийн тулд бодитой эмчилгээ хийдэг. Харин сэтгэлээр унах, сэтгэл гутрах үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Сэтгэл гутрал бол эмгэг. Тиймээс сэтгэл гутралыг жирийн нэгэн сэтгэлээр унах үйл явцтай андуурч болохгүй. Таныг сэтгэлээр унагаасан үйл явдал өнгөрөхөд уй гуниг аажимдаа мартагдаж үгүй болдог. Харин сэтгэл гутрал бол гутраасан хүчин зүйл нь өнгөрч мартагдсан ч мэдрэмж хадгалагдаж хэвээр үлддэг. Мөн сэтгэл гутралд физиологийн хүчин зүйл нөлөөлдөг ч гэж үздэг. 

Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Удаан хугацаанд аз жаргалгүй байх нь серотонины дутагдалд ороход нөлөөлж улмаар сэтгэл гутрал болдог тохиолдол олон.Тиймээс сэтгэл гутралыг тархин дахь химийн бодисын өөрчлөлт гэж ойлгож болно. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд физиологийн шалтгаан байдаг учир үүнийг эмчлэх ёстой эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Ханиад хүрсэн хүнд “Сэтгэлийн тэнхээгээрээ эдгэр” гэж зөвлөдөггүй шүү дээ. Сэтгэл гутрал ч үүнтэй адил. Сэтгэлийн тэнхээгүй хүн сэтгэл гутралд өртдөг гэсэн буруу ойлголт нийгэмд их байна. Сэтгэл гутрал нь ханиадтай адил гадны тусламж шаарддаг бие махбодын бодитой өвчин юм. Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

-Сэтгэлд гутралд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Сэтгэл гутраад байна уу, сэтгэлээр унаад байна уу гэдгээ ялгахгүй олон хүн байдаг. Тиймээс сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг товч дурдъя. Сэтгэл гутралын үед сэтгэл санаа, бие махбод, үйл хөдлөл гэсэн гурван түвшинд өөрчлөлт гардаг. Нэн түрүүнд сэтгэл санааны хувьд юунд ч идэвх сонирхолгүй болдог. Бүх зүйлийг сөрөг талаас нь харах хандлага ажиглагдана. Итгэл найдваргүй болно. Сэтгэл түгшиж санаа зовно. Аливаад өөрийгөө буруутгана, гэмшинэ. Сэтгэл хоосорч, утгагүй санагдана. Дараа нь бид махбод эрч хүчгүй, энергигүй болно. Анхаарал төвлөрөх чадвар суларч ой тогтоолт муудаж мартамхай болно. Нойрны хэмнэл алдагдаж их юм уу бага унтана. Хоолны дуршил нэг бол ихсэж нэг бол багасна. Хэвийн хэмжээнээс илүү ядрана. Гэтэл ийм нөхцөлд хүмүүс сэтгэл гутрал гэдгийг мэдэлгүй ходоодны эмч, дотрын эмч, мэдрэлийн эмчид хандаж шинжилгээ өгдөг. Ингээд сэтгэл гутралаа оношилж чадалгүй улам хүндрүүлж сүүлийн шатанд хүрдэг. Энэ шатанд хувь хүний үйл хөдлөлд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд, Нийгмийн харилцаанаас хөндийрч цагийг ганцаараа өнгөрөөх нь ихсэнэ. Орондоо удаан хэвтдэг болно. Амархан уйлдаг болно. Зарим тохиолдолд амиа хорлох бодол төрнө. Эдгээр гурван бүлэг шинж тэмдгийн дийлэнх нь танд илэрч байгаа бол та цусны шинжилгээ өгөх биш сэтгэцийн эмчид хандах ёстой.

-Хүн биеэ гэмтээсэн бол ичилгүй эмнэлэгт очдог. Харин сэтгэцийн эмчид очно гэхээр олонх хүнд галзуугийн эмнэлэг санаанд нь буудаг байх…?

-Сэтгэцийн эмгэг гэхээр л галзуу хүн гэж ойлгодог хоцрогдсон үзлээс бид татгалзах цаг нэгэнт болсон. Та шалтгаангүйгээр байнга ямар нэгэн юманд санаа зовоод байвал энэ бол сэтгэцийн эмгэг. Ямар сайхан амьдралтай, ямар өндөр боловсролтой байхаас үл хамааран аливаад идэвхгүй, сонирхолгүй болсон бол энэ ч бас сэтгэцийн эмгэг. Бидний хэвийн гэж ойлгодог зарим сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүд сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр л хүндрүүлж ойлгож болохгүй. Сэтгэцийн асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь илрүүлж эмчлэх хэрэгтэй. 

-Сэтгэл гутрал яагаад үүсдэг вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Сэтгэл гутрал хоёр шалтгааны улмаас үүсдэг. Нэгт, Сэтгэл зүйн шалтгаан. Энэ нь гэнэтийн цочрол юм уу удаан хугацааны шаналалаас болдог. Дотны хүнээ алдах, гэмт хэргийн золиос болох, салж сарних гэх мэт янз бүрийн цочролын дараа сэтгэл гутралд өртөж болдог. Эсвэл удаан хугацаанд гунигтай шаналгаатай нөхцөлд байснаар сэтгэл гутрал үүснэ. Нөгөө талаар бүх итгэл найдвар унтарч арга тасрах үед ч сэтгэл гутрал үүсдэг. Хоёрт, Биемахбодын шалтгаан. Тухайлбал янз бүрийн шалтгаанаар тархин дахь химийн урвал өөрчлөгдсөнөөс сэтгэл гутрал бий болдог.

Сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд нэгэн хэвийн гунигтай нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хүнд хэцүү асуудал тохиолдсон бол гутрахаас сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сурах нь зүйтэй. Аль болох таатай нөхцөл байдал үүсгэж, таатай хүнтэй уулзаж байгаарай. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, уучилж мартаж, өнөөдөртөө амьдарч сурах нь чухал.

-Та өөрөө сэтгэл гутралын бүх үе шатыг туулж, эмчилгээ хийлгэсэн гэж байсан. Эдгэрсэн түүхээсээ хуваалцаж болох уу?

-Тийм ээ. Төрсөн ах маань нас барж, би өөрөө хүнд өвчний улмаас хоёр жил хэвтэрт байсан. Урт удаан шаналал намайг сэтгэл гутрал рүү хөтөлсөн. Удаан хугацааны серотонин дутагдал нь тархинд зуршил болж үлдсэн гэсэн үг. Ахыг нас барсныг хүлээн зөвшөөрч, хүнд өвчин маань эдгэрсэн боловч сэтгэл гутрал хэвээр үлдсэн. Би бүх төрлийн бясалгалд хамрагдаж, сургалтанд сууж, сэтгэл засалчид хандаж үзсэн. Энерги засал хийлгэж, төрөл бүрийн шашны арга хэмжээ ч авч үзсэн. Гэвч сайжралыг олоогүй бөгөөд гутрал улам даамжирч байсан юм билээ. Эхэндээ сэтгэл гутралд өртсөн гэдгээ мэдээгүй. Төрөл бүрийн ядаргааны эсрэг эмчилгээ хийлгэж байсан ч үр дүн өгөөгүй.  Харин эмийн эмчилгээ хийлгээд нэг их удалгүй хэвийн амьдралдаа орсон. Тухайн үед сэтгэл гутралын талаар монгол хэл дээр дорвитой мэдээлэл байхгүй байсан учраас англи, солонгос хэлээр уншиж судалж учрыг нь олж байлаа. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан. Бие, сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр давж үзнэ гэдэг сэтгэл судлаач хүнд хамгийн үнэтэй туршлага шүү дээ. Ядаж л сэтгэл гутралын үед ямар ч зөвлөгөө нэмэргүй, наад тал нь сэтгэл засал хийх шаардлагатай гэдгийг өөрийн биеэр мэдэрч үзнэ гэдэг том давуу тал. Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэж боддог.

-Сэтгэл гутралыг хүндрүүлэлгүй эрт танин мэдсэн нөхцөлд өөрөө эмчлэх боломжтой юу?

-Сэтгэл гутралыг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж үзэж болно. Хөнгөн сэтгэл гутралыг хүн өөрийн сэтгэлийн тэнхээгээр ялж болох юм. Хүндэвтэр сэтгэл гутралыг сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчийн тусламжтайгаар ялан дийлж болно. Харин хүнд сэтгэл гутралыг сэтгэцийн эмчийн тусламжтайгаар эдгээнэ. Мэдээж сэтгэцийн эмч нар эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээнээс айгаад байх хэрэг үгүй. Тархинд дутаад байгаа серотонин буюу аз жаргалын гормоныг тэнцвэржүүлж л өгдөг юм. Эмийн хамааралтай болно гэж айгаад байна гэж хэлдэг хүмүүс бий. Тиймээс сэтгэл зүйн эмчилгээнд эм хэрэглэхээс айх хэрэггүй. Эмийн эмчилгээний зорилго нь тархины эсийн серотонин ялгаруулах төрөлхийн чадварыг л сэргээхэд оршдог.

-Сэтгэцийн эмчид хандах ёстой гэж байгаа ч хүмүүс хаана хандахаа тэр бүр мэддэггүй. Ямар шат дараалалтайгаар хэнд хандаж болох вэ?

-Хэрэв та сэтгэл гутралаа хөнгөн буюу хүндэвтэр зэрэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчид хандаж болно. Харин хүнд сэтгэл гутралтай бол сэтгэцийн эмчид хандана. Нэн түрүүнд дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандах ёстой. Дүүргийн сэтгэцийн эмч хаана суудгийг мэдэхгүй бол өрхийн  эмчээсээ асууж болно. Сэтгэл гутралын зэргээс хамаараад дүүргийн сэтгэцийн эмч өөрөө эмчилнэ эсвэл СЭМҮТ буюу сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлнэ. Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя. Сэтгэл гутрал бол бодитой өвчин. Таньд сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа бол харъяа дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандаарай. Хүмүүс сэтгэцийн эмчээс зугтааж явсаар цаг алддаг. Өөрсдөө стгэл гутралтай маш олон янзаар тэмцдэг. Бясалгал хийж,  сургалтанд явж, сэтгэл зүйчтэй уулзаж байгаа харагддаг. Та аль болох эмийн бус аргаар тэмцээд үр дүнд хүрээгүй бол сэтгэцийн эмчид хандах цаг болжээ гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгүүлч Б.Бадамцэцэг

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гар утасны дэлгэц удаан ширтэх нь гавалд "эвэр" ургуулдаг

 0 сэтгэгдэл

Санаанд багтамжгүй ч та бидний гавалд “бяцхан эвэр” ургаж байж болзошгүй. Scientific Reports сэтгүүлд Австралийн судлаачдын нийтэлсэн судалгаанаас үзвэл, бидний шилэн хүзүүнээс дээш, дагзны доод хэсэгт “экзостоз” буюу ясан ургацаг ургах нь ялангуяа залуусын дунд их байгаа юм. Орчин үед гар утасны дэлгэц ширтэн удаан тонгойх нь “эвэр” ургах нөхцөл бүрдүүлсэн хэмээн зарим шинжээч үздэг. Дагзны доохон товойдог энэхүү ургацгийг судлаачид “дөрөө яс”, “гар утасны яс”, “шувууны хошуу”, “толгойн эвэр” гэх мэтээр нэрлэдэг. Дагзныхаа доод хэсэгт хуруугаараа тэмтрээд үзвэл энэхүү “эвэр” уншигч танд хүртэл баригдаж болзошгүйг BBC анхааруулжээ. Ялангуяа халзан хүний толгойд уг ургацаг илт харагддаг. “Би 20 жил эмч хийж байгаа хүн. Сүүлийн арван жилд л дагзандаа ургацагтай өвчтөн олширсон” хэмээн Австралийн Саншяйн Коуст эмнэлгийн судлаач Дэвид Шахар тайлбарлав. Шахар анх 18-30 насны 218 хүний толгойн рентген зурагт судалгаа хийхэд 41 хувь нь 10- 30 миллиметрийн ургацагтай байжээ. Тэрбээр хожим судалгаагаа өргөтгөж бүх насны 1,200 хүнийг шалгаж үзэхэд 33 хувиас нь “эвэр” илэрсний дийлэнх нь залуус байлаа. “Эвэр” нь удамшлын шалтгаангүй, ердөө л жижиг дэлгэц ширтэж удаан хугацаагаар тонгойсны үр дүн гэсэн дүгнэлтийг Шахараас тусдаа явуулсан өөр судалгаагаар гаргасан юм. “Ийм ургацаг ургахад маш урт хугацаа шаарддаг. Тэгэхээр ургацагтай залуусын дагзны доод хэсэг хар багаасаа ачаалалтай байж ирсэн хэрэг” хэмээн Шахар тайлбарлав. Гар утасны дэлгэц рүү удаан тонгойх нь шилэн хүзүүнд 27 орчим килограмм буюу найман настай хүүхдийн жингээр дарсантай тэнцэх ачаалал үүсгэдгийг саяхан эрдэмтэд туршилтаар тодорхойлсон. Та бидний толгой хэвийн цэх нөхцөлд шилэн хүзүүндээ 4.5- 5.4 килограмм орчмоор дардаг байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Солонго: Архаг хуучтай хүмүүс зуны улиралд ч ханиаданд өртдөг

Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна

 0 сэтгэгдэл


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч О.Солонготой ярилцлаа.

-Амьсгалын замын өвчлөл зуны улиралд ч буурахгүй байна гэдэг. Энэ юунаас шалтгаалдаг вэ?

-Хүмүүс өвөл болохоор амьсгалын замын өвчлөл нэмэгдээд, зун болохоор багасдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Амьсгалын замын өвчлөл үүсгэдэг зарим вирус зуны улиралд идэвхтэй байдаг. Нүдний үрэвсэл үүсгэдэг аденовирус аль ч улиралд идэвхтэй байгаа. Уг вирусийн халдварыг хөрсний бохирдол улам идэвхжүүлдэг. Хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг ринавирусийн халдвар өвөл, зунгүй идэвхтэй байдаг.

-Ер нь томуугийн вирусийг яаж ялгаж, таньж эмчилдэг вэ?

-Ротовирусээр үүсгэгдсэн томуу байвал суулгалт илүү давамгайлдаг. Коронавирусийн халдвар байвал уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй. Эросвирусийн халварт нялхас илүү өртдөг. Томуу, томуу төст өвчнийг 200 гаруй вирус үүсгэдэг. Ринавирус хамар залгиурын үрэвсэл үүсгэнэ гэх зэргээр өвчлөл үүсгэх шинж тэмдэг нь өөр. Амьсгалын эрхтэн тогтолцоо, дархлаа сул хүүхдүүд томуу, томуу төст өвчинд илүү өртөмтгий байдаг. Бас 65-аас дээш насны ахмадууд вируст илүү өртөмтгий байна. Архаг хууч өвчтэй хүмүүс зуны улиралд ч ханиад, томуунд өртдөг. Уушгинд хийн солилцоо явагдаж байх ёстой. Гэтэл сурфактантын солилцоо явагдахаа болихоор хатгалгаа болдог. Манай тасаг дан ганц хатгалгаа бус уушгины гаж хөгжил, амьсгалын эрхтэн тогтолцоо гэмтсэн хүүхдүүдийг ч хүлээн авч эмчилдэг. Сүүлийн үед дутуу төрсөн хүүхдүүд уушгины үрэвслээр өвчлөх нь элбэг байна. холбогдох хуулиар бол эрүүл хүмүүс гэр бүл болох ёстой. Эцэг, эхийн эрүүл мэндийн асуудал хүүхдэд хамгийн их хамаатай. Эрүүл эцэг, эхээс төрсөн хүүхэд олон удаа ханиад хүрч, томуу тусаад байдаггүй. Сүүлийн жилүүдэд төрөх насны эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарахаа больжээ. Үүнээс болоод жирэмсэн байх хугацаандаа маш их тонус өгч байна. тонус их өгөөд байвал эрүүл хүүхэд төрөхөд хэцүү. Ийм хүүхэд өвчинд өртөмтгий байдаг.

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг нас биед хүрэхээр нь өөрт нь өгөх үүрэгтэй

Хүүхэд жилд зургаан удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор тав хүртэлх насны хүүхдийн дунд уушгины үрэвслийн тохиолдол жилд 156 сая байдаг гэж үздэг. Үүний 20 сая тохиолдол нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. Уг нь тухайн иргэн ханиад хүрсэн бол хамгийн түрүүнд амны хаалт зүүх ёстой. Манайхан тэгдэггүй. Амны хаалт хэрэглэхгүй явж байгаад бусдад тараадаг. Хүмүүс амны хаалт хэрэглэж сураагүй нь эрүүл мэндийн зөв дадал хэвшилд суралцаагүйнх. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байна.

-Нийгмийн эрүүл мэндийн боловсрол дутмаг гэж та хэллээ. Энэ үнэн. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшлүүлэх сургалтууд хамгийн чухал шаардлагатай байна. Сургуулийн хүүхдүүдэд өнгөрсөн жилээс эхлээд эрүүл мэндийн хичээл орж байгаа юм билээ. Энэ хамгийн зөв. Эрүүл мэндийн хичээлийг тодорхой зааг ялгаатай заах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний бодлоор нэгдүгээр ангийнхныг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах мэдлэгтэй болгомоор байгаа юм. Харин өсвөр үед нь арай өөр хичээл заах ёстой байх. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил, эрүүл мэндийн боловсрол хоёр ялгаатай. Эрүүл мэндийн зөв дадал хэвшил хамгийн түрүүнд гараа угаахаас эхлэнэ. Тэгээд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Сүүлийн үед нүүр номоор дамжуулаад бие биедээ эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болсон байна. Энэ бол хамгийн буруу дадал. Анагаах ухааны сургууль төгсөөд боловсорсон эмч болоход доод тал нь арван жил зарцуулдаг. Өрхийн эмч болоход дор хаяж зургаан жил сурч төгсөж байгаа. Тэгэхээр сайн дураараа бие биедээ зөвлөгөө өгч байгаа хүмүүсээс өрхийн эмчийн мэдлэг хамаагүй дээр байна биз дээ. Тухайн хүний биеийн онцлог нөгөөгийнхөөс өөр учраас нэг хүний эмчилгээ нөгөөд таарахгүй. Мөн ямар вирусээр үүсгэгдсэн ханиад томуу байна гэдгээс шалтгаалаад эмчилгээ нь өөр байдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Хүүхдийн эмчилгээ бол бүр нарийн. Биеийн жинд нь тааруулж эмчилгээ бичиж өгдөг шүү дээ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж бий. Энэ дэвтрийг эмч нар 18 нас хүртэл нь хадгалах ёстой гэдэг юм билээ?

-Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол 2013 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар гаргасан эрхзүйн баримт бичиг. Эх жирэмсэн болсноос хойш 12 дахь долоо хоногтойгоос эхлээд л энэ дэвтэртэй “найзлах” ёстой. Тухайн жирэмсэн эмэгтэйд толгой эргэх, дотор муухайрах гээд хэд хэдэн төрлийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай гэсэн сануулга уг дэвтрийн өмнөх сануулга дээр бий. Цаашлаад хүүхэд хаана, хэдэн килограмм жинтэй төрсөн тухай тэмдэглэл бичигдэнэ. Дээр нь төрөх үедээ 24 цагийн дотор вакцинд хамрагдсан, эсэхийг тэмдэглэсэн байдаг. 0-5 хүртэлх насны хүүхдийн өсөлтийн тухай мэдээлэл, эмчийн үзлэг, архаг хууч өвчин гээд бүх зүйл тэмдэглэгдэж байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг 25 нас хүртэл нь хадгалах ёстой. Ингээд нас биед хүрэхээр нь өөрт нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Тэд ээж, аав болоод багадаа ямар өвчнөөр өвдөж байсан, ямар вакцинжуулалтад хамрагдсан тухай мэдээллээ эндээс авна. Тодруулбал, хүүхдийг яаж өссөн бэ гэдгийг гэрчлэх хуулийн баримт бичиг юм. Тухайн эцэг, эхийн эрүүл мэндийн байдлыг нотлох баримт бичиг ч гэж хэлж болно. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд гээд байгаагийн учир энэ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтрийг үл ойшоодог.

-Хатгалгааны вакцин гэж бий. Энэ вакцины хамралт хэр байгаа вэ?

-Анх 2016 оны долдугаар сараас Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хүүхдүүдийг хатгалгааны вакцинд хамруулсан. Одоо хатгалгааны вакциныг товлолоор хийдэг болсон. Улаанбаатар хотыг бүхэлд нь хамруулаад, хөдөө орон нутагт хийж эхлэхээр төлөвлөөд байна. Хүмүүс вакцины талаар янз бүрээр ярьдаг. Вакцинд хамрагдах муу биш шүү дээ. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болжээ.

-Байнга хатгалгаа тусаад байвал сүрьеэгээр өвдөх эрсдэл бий юу?

-Бага насны хүүхдийн хувьд халдвар авч мэдэх эрсдэлтэй. Хүүхэд сүрьеэгийн халдварт өртдөг болохоос тээгч болж бусдад тараахгүй шүү дээ. Хүүхдийг товлолын вакцинд нь цаг тухайд нь хамруулж байвал сүрьеэгийн халдварт өртөхгүй.