A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3324/

Бизнесийнхэн улстөрчдөөс татгалзаж, сорилтын үеийг давах бодит шийдлийг хэлэлцлээ

Бизнесийнхэн улстөрчдөөс татгалзаж, сорилтын үеийг давах бодит шийдлийг хэлэлцлээ

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3324/
  • Хувийн хэвшлийн­хэн Монголын бизнесийн орчинд “дунд” дүн тавилаа
  • Сонгуулийн жилийн төсөв, мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэх үеэр Монголын эдийн засгийн чуулган анх удаа улс төрийн оролцоогүй болов
  • Хувийн хэвшлийнхэн бизнесийн “алтан үе” дуусаж байгааг сануулж, улмаар цаашид олон улсын санхүүгийн дүрэм, стандартаар улсаараа явах цаг болсныг онцоллоо

Хувийн хэвшлийн манлайллыг онцолсон Монголын эдийн засгийн чуулган “Үндэсний эрх ашиг” сэдвийн хүрээнд лхагва гарагт болов. Өмнөх жилүүдэд төрийн ордны их танхимд хоёр өдрийн турш болж байсан чуулга уулзалт энэ удаа эгэл даруу төлөвт шилжиж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зөвхөн нэг өдөр зохион байгуулагдлаа. Хуучин дэг уламжлалаа эвдэн албархуу байдлаас татгалзаж, бизнес эрхлэгчид өөрсдөө чуулга уулзалтын чухал зочид нь байв. Улстөрчдийн цугларалт бус олон мянган ажлын байр бий болгож, улсад татвар төлж, төсвийн орлого бүрдүүлж буй хувийн хэвшлийнхэн өөрсдөө асуудлаа ярьж, шийдэл, боломж эрэлхийлсэн нь чуулга уулзалтын ач холбогдлыг улам өргөв. тэрчлэн алдагдаад байсан нэр хүндээ хүртэл эргэн олж авлаа. Сонгуулийн өмнөх эдийн засгийн чуулган эрх баригч намын сурталчилгааны индэр болж, ирсэн зочдын цаг хугацааг барж байсан нь цөөнгүй. Тэгвэл энэ жилийн чуулга уулзалт үүнээс зайлсхийж, зөвхөн бодит нөхцөл байдлаа ярилцахыг илүүд үзжээ. Тиймээс уих­ын гишүүд, сайд нараас хэнийг нь ч энэхүү арга хэмжээнд уриагүй юм байна. Бизнесийн орчинд тулгарч буй нийтлэг эрх ашгаа хамгаалахаар эвлэлдсэн хувийн хэвшлийн холбоо, танхим, төрийн бус байгууллагууд хоорондоо нэгдэж, тал талд асуудал хөндөх бус хамтарч нийлээд төрд дуу хоолойгоо нэг амаар цаашид хүргэж байхаар чуулга уулзалтын үеэр тохиров. Үүнийгээ алба­жуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа. 2020 оны улсын төсөв, мөнгө­ний бодлого хэлэлцэж байгаа үеэр эдийн засгийн чуулган болсон нь анхны тохиолдол. Ирэх жилийн төсвийн орлого 11 их наяд төгрөг бөгөөд үүний дийлэнх хэсгийг хувийн хэвшлийнхэн төвлөрүү­лэхээр байгаа.  Төсөвт татварын нийт орлогыг 10.6 их наяд төгрөг байхаар тооцсон билээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, улсын хэмжээнд 180 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас дөнгөж 50 орчим хувь нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын бизнесийн орчин дорвитой сайжрахгүй байгааг дэлхийн банкны “бизнес эрхлэхүй” судалгааны үр дүн бидэнд харуулсан. Уг судалгаагаар, Монгол улс 190 орноос 81 дүгээрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн оноос долоон байраар ухарсан билээ. Чуулганы үндсэн хоёр илтгэлийн нэгийг хэлэлцүүлсэн олон улсын санхүүгийн корпорацийн “хөрөнгө оруулалтын бодлого” төслийн удирдагч д.жигжидмаа дээрх судалгааг танилцуулж, 2016 оноос хойш бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Монгол улс шинэчлэл хийгээгүй болохыг цохон дурдсан юм. Монголын бизнесийн орчин хамгийн их савлагаатай, тогтворгүй гэсэн ангилалд орж байна. Энэ жил гэхэд төр засгаас хийсэн шинэчлэл, сайжруулалт байхгүйг Д.Жигжидмаа хэллээ. Өрсөлдөх чадвараа аваад үзэхэд мөн л таагүй дүр зураг гарч байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн илтгэлд дурдсанаар, Монгол улс өрсөлдөх чадвараараа дэлхийд сүүлээсээ хоёрт бичигджээ. Өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр хэмждэг. Манай улс 2015 онд 63 орноос 57 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан ч сүүлийн таван жилд оноо алдсаар иргэний дайны нөхцөл байдалд хүртлээ уруудсан Венесуэл улсын өмнө оржээ. 

         Улсын төсөв хэлэлцэж байгаа үеэр эдийн засгийн чуулган болсон нь анхны тохиолдол


Сайн зүйл гэвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний компаниуд өргөжин тэлж, салбарт болгонд түүчээ нь болж явна. Зарим нь дотоодын болон гаднын хөрөнгийн зах зээлд гарч, өрх гэрийн өмчлөлөөс халин олон нийтийн өмчлөлтэй болж, компанийн засаглал тэр хэрээр сайжирч чаджээ. 1990 оны зах зээлийн шилжилттэй нас чацуу компаниуд өнөөдөр шинэ залуу захирлуудын удирдлагад шилжиж, өв залгамжлал, хувь эзэмшилд нь хүртэл ихээхэн өөрчлөлт гарч байна. Үүнтэй уялдан Монгол улс Компанийн тухай хуулиа эргэн харах, илүү төгөлдөржүүлэх шаардлага урган гарч ирлээ. хариуцлагатай Монгол, Саарал Монгол, бүтээлч Монгол, Залуу Монгол гэсэн салбар хуралдаанаас бүрдсэн 2019 оны эдийн засгийн чуулган олон улсын стандартыг ном журмынх нь дагуу мөрдөх, дэлхий нийтийн тоглоомын дүрмээр бизнесээ залах, өөрсдийн хандлагаа өөрчлөх, хүчтэй хувийн хэвшил байхын тулд амбицаа дарж, хоорондоо нягтрах цаг болсныг мөн онцлов. Чуулганд оролцсон зочдоос өнөөгийн бизнесийн орчинд ямар дүн өгөх вэ гэхэд олонх нь дунд гэсэн хариулт өгсөн юм.

Хувийн хэвшлүүд хүчтэй байх цаг нь болсон

О.Амартүвшин /Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлэгч/

-Монголын хувийн хэвшил улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа атлаа яагаад ийм хүчгүй, сул дорой, нэр хүндгүй байна вэ. Энэ талаар бид өмнө нь нэг бус удаа ярьж ирсэн. Гэхдээ тодорхой үр дүн, шийдэл гаргаж чадаагүй. Ийм байгаа нь улстөрчдөд олз завшаан болж, бид эсрэгээрээ хохироод үлддэг болсон. Үүнийг өөрчлөх, засах, залруулах цаг хэдийн ирсэн. Хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийг төр хойш тавих, айлгах, сүрдүүлэх нь улам нэмэгдлээ. Нөгөө талд бид өөрөө өөрсдийнхөө төлөө явахгүй, нийлж нэгдэж бас чадахгүй байна. тиймээс зөв бүтэц, зохион байгуулалт руу орох хэрэгтэй байна. Асуудалтайгаа тэмцэж байж л асуудлаа бид шийдүүлнэ. Хувийн хэвшил хүчтэй байх цаг нь болсон.

Улс төрийн тогтворгүй байдал биенест эрсдэл дагуулж байна 

Б. Лакшми /Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал/

-Манай улсын өрсөлдөх чадварын эрэмбэ буурсаар ирсэн. Үүнд улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй эрсдэл сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаа өөрчилж, сайжруулахын тулд “Өрсөлдөх чадварын алтан дүрэм” буюу хууль эрх зүйн орчныг тогтвортой болгох, төсөв, өрийн удирдлагын сахилга батаа дээшлүүлэх, салбарын болон газар зүйн онцлогуудаа харгалзан үзсэний үндсэн дээр эдийн засгаа төрөлжүүлэх зэрэг шаардлага яах аргагүй урган гарч байна. улс орнуудын өрсөлдөх чадвар судлал нь аливаа орны компаниуд нь илүү өндөр ашиг орлоготой, ард түмэн нь илүү чинээлэг, хангалуун амьдралтай байх орчныг бүрдүүлж, хөгжүүлэх талаар бодит байдал, бодлого хоёрыг харьцуулан судалдаг.

Төр богино хугацаанд шинэ хууль, шинэ татвар гаргаж байна 

Б.Солонго /AVINEX PARTNERS-ийн үүсгэн байгуулагч гишүүн, захирал /

Манай эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын нийтлэг зарчмыг харвал гологдоод байхгүй. Гол нь хэрэгжилт хангалтгүй. Төрөөс богино хугацаанд шинэ хууль, шинэ татвар гаргаж ирдэг. Энэ нь бизнест, хувийн хэвшилд гэнэтийн зардал, төлөвлөгөөнд байгаагүй ажил уддаг. Бэрхлэгчид хуульд өөрсдийн саналаа тусгуулахад идэвх, санаачилгатай оролцвол эрх ашгаа хамгаалж үлдэх боломжтой. Бидний санал ороогүй байна гэж өнгөрсөн хойно нь ярихаас илүү үр дүн гартал нь анхаарч чадвал ойлгомжгүй байдлыг тодорхой болгоно. Уул уурхайн салбар, тэр дотроо эрдэс түүхий эдийн үнэ дагаж төрийн бодлого, татварын орчин өөрчлөгдөж байна. Бид уул уурхайн хэт хамаарлаа бууруулах, өөр салбараа дэмжих, хөгжүүлэх тал дээр ахиц гаргах нь чухал. 

Төрийн хэвшлийн түншлэл зөвхөн концессоор хэмжигдэж болохгүй 

Д.Жигжидмаа /Олон улсын санхүүгийн корпарацийн "Хөрөнгө оруулалтын бодлого" төслийн удирдагч/

-Дэлхийн банк, олон улсын санхүүгийн корпораци эдийн засгийн чуулганыг дэмжиж, тодорхой санхүүжилт гаргаж ирсэн. Өнөөдөр бид хурлын үр дүнгээ хэмжих, ямар өөрчлөлт гарсныг дэнслэх, төр хувийн хэвшлийн түншлэл сайжирсан эсэхэд дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн ойлголцох оргил цэг нь эдийн засгийн чуулган гэж боддог. Бизнесийн байгууллагууд өөрт тулгарч байгаа асуудлаа маш тодорхой тавьж, үүгээрээ төртэй зөвшилцөх, тогтвортой, тогт мол үйл ажиллагаатай байвал үр дүн гарна. Төрийн ой санамж маш богинохон байна. Тиймээс хувийн хэвшлийн өөрс­дийнх нь зүтгэл, санаачилга, уйгагүй оролдлого маш чухал. Төр, хувийн хэвшлийн түншлэл зөвхөн зам барих буюу кон­цессоор хэмжигдэж болохгүй. 

Хамт нэг завин дээр сууж байгаагаа ойлгох хэрэгтэй 

Б.Бямбасайхан /Монголын бизнес зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга / 

Өнөөдөр бид ярьж байгаа асуудлаа таван жилийн дараа дахиад ярьдаггүй байхын төлөө ажиллах, ярьсан зүйлээ ажил хэрэг болгох учиртай. Зах зээ­лийн шилжилт дуусаж, бизне­сийн хувьд дахиад шинэ үе эхэллээ. Монгол олон улсын зах зээлийн нэг хэсэг болсон төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн нэг гишүүн нь болсон байна. Өмнө нь бид өөрсдийгөө хөгжиж байгаа, шилжиж байгаа хэмээн шалтаг гарган өрөвдөж ирсэн. тэгвэл нөхцөл байдал өөрчлөгдөж байна. олон улсын дүрмээр тоглох, санхүүгийн дүрмээр явах, стандартаа чанд бие­лүүлэх хэрэгтэй боллоо. Хувийн хэвшлийнхэн бас хариуцлагаа ухамсарлахаас гадна хамт нэг завин дээр сууж байгаагаа ойлгох хэрэгтэй байна. Бизнесийн 30 жилийн “алтан үе” дууслаа. Бид хоцроод байна.























A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike-ийн орлого 38 хувиар буурав

Nike компанийн орлого санхүүгийн жилийн IV улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнгээр буюу 38 хувиар буурч, 6.31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагласнаас огцом унасан үзүүлэлт бөгөөд борлуулалтын уналтад цар тахал нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн цахим худалдааны орлого нь 75 хувиар нэмэгдсэн ба онлайн худалдааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. Nike одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй нийт дэлгүүрийнхээ 90 хувийг нээгээд байгаа юм. Тиймээс энэ улиралд борлуулалт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/