A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3/

БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай байгууламжийн бүтээн байгуулалт 2018 онд эхэлнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3/

"Нэг бүс нэг зам" санаачлагын хүрээнд Монгол улсад "GBC-Монгол өндөр технологийн парк байгуулах төсөл"-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Шангри-Лад болж байна.

Ойролцоогоор 300 сая ам. долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийн бүтээн байгуулалт ирэх оноос эхлэх бөгөөд олон мянган хүнийг ажлын байраар хангах аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсрол орлогын тэгш бус байдалд нөлөөлдөг

Судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлага бага, орлоготой айлынхаас дээгүүр байв

 0 сэтгэгдэл


АНУ-д бага орлоготой айлын хүүхдийн сурлагын амжилт чинээлэг өрхийн хүүхдийнхээс 3-4 жилээр хоцордог гэсэн дүгнэлт 40 гаруй жилийн хийгдэж байсан. Тэгвэл одоо ч хэвээр байгааг шинэ судалгаа харуулав. 50 жилийн турш дунд ба ахлах сургуулийн 2.7 сая сурагчдийн дунд стандарт тест явуулсан баримтад шинжилгээ хийн ийм дүгнэлтэд хүрчээ. Уг ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зохих үр дүнд хүрээгүйг National Bureau of Economic Research байгууллагын сайтад даваа гарагт мэдээлэв.

Ахлах ангидаа сурлага муутай байсан сурагчид насанд хүрсэн хойноо бага орлоготой байх магадлал өндөр гэж тайлангийн нэг зохиогч Стэнфордын их сургуулийн профессор Эрик Ханушек ярьсан байна. Тэрбээр “Дараагийн үе нь энэ үетэйгээ бараг адил байна. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд өөрсдөө ядуу болно” хэмээв. Гэхдээ энэ байдал бүр гүнзгийрч байна уу гэдэг асуулт маргаантай байгаа.

Ноён Ханушекийн судалгааны багийнхан 1971-2015 оны хооронд улс даяар сурагчдаас авсан тоо бодлого, унших дадал болон шинжлэх ухааны янз бүрийн тестүүдийн дүнд шинжилгээ хийжээ. Орлогыг тодорхойлохын тулд тестэд бүртгэгдсэн эцэг, эхийн боловсрол, амьдралын хэв маягийн мэдээллийг судалсан байна. Жишээ нь 1950-иад онд аяга угаагч машин баян айлын хэрэглээ байсан. Сүүлийн үед хүүхдүүд тусдаа угаалгын өрөө, компьютертой байх нь чинээлэг байдлыг илэрхийлэх болсон.

17 настай сурагчдын дунд хийсэн судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлагын амжилт бага, орлоготой айлынхаас хамаагүй дээгүүр байв.

Орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирсэн

Эндээс судлаачид ядуу айлын хүүхэд баян айлын хүүхдээс гурваас дөрвөн жилээр хоцордог гэсэн дүгнэлт хийсэн аж. Судалгааны хугацаанд буюу сүүлийн 50 шахам жил энэхүү ялгаа бараг өөрчлөгдөөгүй байна. Харин 13-15 насныхны хувьд уг үзүүлэлт бага зэрэг сайжирсан буюу ялгаа багассан харагдана. Энэ нь сурлагын ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зарим талаар үр дүнд хүрсэн гэсэн үг. Өмнө нь 2011 онд явуулсан өөр нэг судалгаа ядуу гэр бүлийн хүүхдүүд баян айлын хүүхдээс сурлагаар 3-6 жил хоцордог гэсэн дүгнэлт хийж байв. Гэхдээ Стэнфордын нийгэм судлаач Шон Рэрдоны удирдсан уг судалгаа дээрх ялгаа жилээс жилд нэмэгдсээр байгаа гэж үзжээ. Тэд 1960-2007 онд 12 хичээлээр явуулсан тестийг судалж үзээд баян ба ядуу сурагчдын сурлагын ялгаа 1970-аад оноос 2000-аад оны эхэн хүртэл 40 хувь нэмэгдсэн гэж тооцсон юм.

Хоёр судалгаа сурлагын ялгааны өөрчлөлтийн талаар өөр дүгнэлт хийсэн нь өөр тестүүдийг авч үзсэн болон орлого тогтоох өөр арга хэрэглэсэнтэй холбоотой байх гэж аль ч судалгаанд оролцоогүй торонтогийн их сургуулийн боловсролын нийгэм судлаач Анна Шмиелевски ярьжээ. Ханушек, Рэрдон нар орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирснийг хүлээн зөвшөөрөв. Ноён Рэрдон “Энэ баримтыг хоосон онолоор баллах аргагүй” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цагаан гарьд” харих болоогүй

Ичиножёо дараагийн башёд шууд сэкивакэ болж магадгүй

 0 сэтгэгдэл


Хакүхо хэдийгээр мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг дараалан эвдсэн ч энэ башёд өөрийгөө дахин нэг удаа батлан харуулах зайлшгүй шаардлагатай байлаа. Сүүлийн долоон башёд янз бүрийн шалтгааны улмаас ганцхан удаа түрүүлсэн нь түүнийг харьж явна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байв. Өмнө нь бүгд түүний нэрийг сонсоод эмээдэг байсан бол сүүлийн үед залуус зориг орж, башёд түрүүлэх талаар том том юм ярьдаг болоод байгаа. Иймийн учир “Цагаан гарьд” хүч чадалтай хэвээр гэдгээ нотлон харуулж, харү башёд ээлжит түрүүгээ авах нь чухал байлаа.

Башёгийн өмнөх нөхцөл байдал ямархуу байсныг товчхон сонирхуулъя. Саяхан л аварга цолтой дөрвөн бөх барилдаж байсан бол Кисеносато, харүмафүжи нар зодог тайлснаар үлдсэн хоёр аварга болох Хакүхо, Какүрюүгийн нуруун дээр асар том ачаа ирсэн. Аваргууд муу байна, үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл хүчээ авсан энэ үед Хакүхо бүх хариуцлагыг үүрсэн нь мэдээж. Энэ үүргээ ч гялалзтал биелүүлж, эхний 13 өдрийн барилдаанаас 13 даваа авлаа. Маш тайван, өөртөө итгэлтэй, уян хатан барилдааныг нь сөрөн зогсох тэнхээтэй бөх энэ өдрүүдэд байсангүй. Япончуудын найдвар хүлээлгээд буй залуу од Такэкайшо аварга нэлээд шазруун үзсэн ч эцэст нь чангахан шидүүлээд хулхи нь буув. Их аваргын хувьд 37 дахь удаагаа эхний 10 өдөр дараалан давжээ. Үүнийхээ 27-д нь түрүүлж байсан гэж бодохоор дээд зиндааны 42 дахь түрүү ойрхон байна даа.

Аса аваргын дүү Хоошёорюү Бямбасүрэн анхаарлын төвд байна

Түүний араас нэхэж яваа бөх нь нутгийн дүү Ичиножёо А.Ичинноров. Дээд зиндааны хамгийн хүнд бөх тэрбээр (226 кг) анх эрчтэй гарч ирж байсантайгаа харьцуулбал эрс суларсан. Сүүлийн хэдэн башёд арайхийн 50 хувийн амжилтаа хийсэн бол арваннэг болон нэгдүгээр сарын тэмцээнд тавин хувийн босго ч давж чадалгүй чансаа буурсан юм. Тэгвэл энэ башёд өнгөтэй сайхан барилдаж, ганц унаатайгаар аваргыг нэхэж явна. Энэ башёд овоо хэд давчихвал долдугаар сард Озэки цолны төлөө дайралт хийх боломж байгаа. Дараагийн тэмцээнд Комүсүбиг алгасаад шууд Сэкивакэ болж ч мэднэ.

Өмнөх тэмцээнд Хакүхо сайн барилдсан ч гэмтэл авснаар дундаас нь орхиход хүрсэн. Харин түүний эзгүйд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндааны анхны түрүүгээ гардаад байв. Ингэснээр тэрбээр гуравдугаар сарын башёд 11 давахад Озэки цол хүртэх боломжтой болсон юм. Гэвч манай бөх том цол бодоод биеэ хэтэрхий барьсан уу, эхний 11 барилдааныхаа долоод нь унаж, мөрөөдлөө хойшлуулахаас аргагүйд хүрлээ.

Сүүлийн үед Такэкайшо хэмээх залуу хүчтэн япончуудын магнайг тэнийлгэж байгаа. Дээд зиндааны хамгийн залуу бөх тэрбээр арваннэгдүгээр сард 13-2 амжилтаар түрүүлж, нэгдүгээр сарын башёд 11 даваад байв. Улмаар энэ сард одоогоор найман даваа авч, арслан цолны босгонд тун ойрхон тулж ирээд байна. Ялангуяа Какүрюү аваргыг давсан барилдаан түүний боломжийг эрс нэмэгдүүлжээ. Нуруу намтай ч гэсэн их дайчин, зоригтой барилддаг, мэдрэмжтэй залуу байна лээ. Озэки болсон байхад цолондоо эзэн болоод барилдаж чадна гэж бодогдсон.

Монголчууд сүүлийн үед итгэл найдвар тавин харуулддаг өөр нэг бөхтэй болчихоод байгаа. Энэ бол их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү Хоошёорюү С.Бямбасүрэн. Аса аваргын том ах Сугаррагчаагийн хүү тэрбээр аваргын гаргасан жимээр урагшилсаар Макүшитагийн долоо дээр ирээд буй. Эндээс тавин хувийн амжилтаа үзүүлчихвэл дараагийн башёд цолтой бөхийн эгнээнд багтах боломж бий. Удахгүй 20 хүрэх залуу хүчтэн эхний дөрвөн өдөр гурав унаад байсан ч дараалан хоёр давж, 3-3 амжилттай болоод авав. Үлдсэн барилдаандаа давах нь нэн чухал байна. Энэ удаа чансаагаа ахиулчихвал долдугаар сарын тэмцээний үеэр Жюүрёод хүч үзэж байх болов уу. Ер нь бага зэрэг жин нэмчихвэл их аваргуудын үлдээсэн орон зайг нөхөж, олон жил сайн барилдах боломжтой хэмээн сүмогийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Удахгүй цойлоод гараад ирэх биз ээ.

Энэ башёд монголын 19 бөх хүч үзэж буйгаас одоогоор ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд байна. Тэднээс гадна зургаан бөх улаан шугам давах боломжтой байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглээний зээлийн тааз ам.долларыг хазаарлалаа

Цалин, тэтгэврийн зээл энэ оны нэгдүгээр сард 4.3 дахин буурчээ

 0 сэтгэгдэл


“Ногоон”-ы ханш номхорч буйг та анзаарав уу. Өнгөрсөн жилийн турш төгрөгийг илт илүүрхэж, тувт дарамталсан ам.долларын ханш энэ онд тун томоотой байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн хэрэглээний зээлд тааз тогтоосон нь импортын хурдыг сааруулж, ам.долларын ханшийг хазаарлахад түлхэц өгчээ.

Тэгвэл иргэдийн хэрэглээний зээл яагаад импортын хэмжээ, ам.долларын ханшид ийн хүчтэй нөлөөлөөд байна вэ. Иргэд ахуйн аливаа хэрэгцээ болон тэмдэглэлт үйл явдалд зориулан хэрэглээний зээл авч, цахилгаан бараа, суудлын автомашин, гар утас, тавилга хэрэгсэл тэргүүтнийг түлхүү авдгийг төв банкны судалгаанд дурджээ. Гэтэл иргэдийн зээлээрээ худалдан авдаг автомашин, гар утас, зурагт зэргийг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас эдгээр бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас импортлохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Ингэснээр зээлээр авсан автомашины тоо нэмэгдэхийн хэрээр монголоос гарах валютын урсгал улам ширүүсэж, гадаад валютын багахан нөөцөө бид өмд гутал, машин тэрэг болгоод, импортын цоргоор урсгачихдаг. Валютын гадагшлах урсгал эрчимжихийн хэрээр дотоодод ам.доллар ховордож, зах зээлийн хуулиар ханш нь өсөж, хаданд гарна. Ингээд л ногоон тэмдэгтийн дийлдэшгүй ноёрхол монголын эдийн засгийг бүхэлд нь нөмрөх нь тэр.

Эгэл жирийн монгол өрхийн хэрэглээнээс эхлээд худалдааны тэнцэл, валютын ханш зэрэг эдийн засгийн олон хүчин зүйлийг донсолгодог хэрэглээний зээлийг хазаарлахын тулд төв банк энэ онд хязгаар тавьсан юм. Ингэснээр зөвхөн валютын гадаад, дотоод урсгалыг тэнцвэржүүлээд зогсохгүй айл өрхүүдийг өрийн дарамтаас хамгаалж, хэрэглээний зээлд олгодог байсан санхүүжилтийг бизнес рүү чиглүүлэх давхар зорилгыг ч тээж байв. Энэ хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны таазыг 70 хувиар тогтоож, дээд хугацааг нь 30 сараар хязгаарласан юм.

Ингэж валютын урсгалын нэг цоргонд хаалт тавьснаар хоёр сарын хугацаанд хэд хэдэн өөрчлөлт зах зээлд гарчээ. Тухайлбал, хэрэглээний зээл буурснаар нийт зээл олголт нэгдүгээр сард 48 хувиар багассан байна. Ялангуяа, 2018 оны нэгдүгээр сард огцом өсөж, 795 тэрбум төгрөг хүрч байсан цалин, тэтгэврийн зээл энэ оны нэгдүгээр сард 4.3 дахин буурчээ. Ингэснээр нийт 183 тэрбум төгрөгийн цалин, тэтгэврийн зээл олгосныг монголын банкны холбоо мэдээлэв.

• Хэрэглээний зээлд тааз тогтоосон нь импортын хурдыг сааруулж, ам.долларын ханшийг тогтворжуулжээ.

• Төв банкны Мөнгөний бодлогын хороо ирэх сарын 1-нээс тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар тогтоох шийдвэрийг өчигдөр гаргалаа.

• Төлбөрийн тэнцлийн ашиг улам дээшилж, 2019 оны нэгдүгээр сард 128.1 сая ам.долларт хүрчээ.

Хэрэглээ хэмээх хөмсөг дор багтдаг зээлүүд ийн буурснаар импорт саарсныг гаалийн мэдээлэл баталж байна. Хилийн чанадаас татдаг бидний худалдан авалт өмнөх оны хоёрдугаар сард 2017 оны мөн үеэс 50 орчим хувиар өсөж байжээ. Харин энэ оны хоёрдугаар сард өсөлтийн хурд нь гурав дахин саарч, 15 хувьд хүрсэн байна.

Импорт буурч, хилийн чанад руу урсах валютын хэмжээ саарахаар дотоодын санхүүгийн зах зээл дэх ам.долларын ханш тогтворжих нь тодорхой. Энэ оны босгон дээр огцом донсолж, мэдэгдэхүйц өсөж байсан ам.долларын ханш 2019 оны нэгдүгээр сарын 10-наас хойш уруудаж, хорь хоногийн хугацаанд 40 орчим төгрөгөөр суларсан байх юм. Харин сүүлийн сар хагасын хугацаанд төгрөг, ам.долларын хослол харьцангуй тогтвортой байна.

Хэрэглээний зээлд тавьсан тааз эдийн засгийн шүтэн барилдлага ёсоор импортын хэмжээ, валютын ханшийг хөндөж, тоон дүнгүүдийг өөрчилж эхэллээ. Ингэснээр монгол руу орох болон гарах санхүүгийн урсгалыг заадаг төлбөрийн тэнцлийн ашиг улам дээшилж,  2019 оны нэгдүгээр сард 128.1 сая ам.долларт хүрчээ.

Валют бол санхүүгийн орох, гарах цоргоор урсаж байдаг “ус”. Энэ “ус”-ны олдцыг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, гадаадаас хөрөнгө оруулалт татах гэж байдаг чадлаараа хичээдэг. Гэхдээ орох урсгалтай зэрэгцээд гадагшлах цоргоо нээчихвэл ёроолгүй хувинд ус хийсэнтэй адил, бүгдийг нь асгаж орхино. Иймд бид гадаадаас орлого олж ирэх гэж хичээхээс гадна олсон хэдийгээ импорт, өрийн төлбөрт буцаагаад урсгаж, “цус алдчихгүй”-н тулд дотооддоо ч санхүүгийн менежментээ сайн хийх нь чухал юм. Тиймээс төв банкны мөнгөний бодлогын хороо ирэх сарын 1-нээс тэтгэврээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар тогтоох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Энэ хэрээр хэрэглээний зээл дагасан валютын урсгал саарахаар байна.

Гэхдээ ирэх саруудад ч орлого олох гэж хичээхээс гадна олсон хэдийгээ тогтоон барихын тулд цагаа олсон оновчтой арга хэрэгслүүдийг зөвхөн төв банк төдийгүй санхүүгийн зохицуулах бусад байгууллагууд ч хийх шаардлага тулгарч байна. Валютын урсгалын уг менежментийг хэрхэн хийхээс монголын мянга мянган өрхийн амьдрал, зуу зуун бизнесийн хувь заяа шалтгаалах нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

“Тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй

 0 сэтгэгдэл


Нэг төрийн албан хаагч 17 хүнд үйлчилж буй үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гурван сая хоёр зуун мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд 192 мянган төрийн албан хаагчийг “тэжээж” байгаа гэсэн үг. Манай орны урд БНХАУ 1.3 тэрбум хүнд 70 сая төрийн албан хаагч үйлчилж буйгаараа бичигджээ. Харин тус жагсаалтад ОХУ 142, АНУ 147, Франц 191 хүнд нэг төрийн албан хаагч ногдсон үзүүлэлтээр гайхагдсан байна. Өөрөөр хэлбэл, францчууд нэг төрийн албан хаагчдаа 191 хүнд үйлчилснийх нь төлөө цалин олгож байна. Манайхтай ижил хүн амтай литва улс гэхэд ердөө 20 мянган төрийн албан хаагчтай ажиллаж, амьдарч болоод л байгаа юм. Гэхдээ манай улсын хувьд тэдгээр орноос ядуу зүдүүгээр ялгарах, хот хөдөөгөөр хуваагдах онцлог бий. Түүндээ тааруулан төрийн байгууллагын орон тоог баталж, төсөв хөрөнгөө уядаг жишигтэй. Харин үүнийг нийслэлийн удирдлагууд юман чинээ тоохгүй байгаа баримтууд аудитын шалгалтаар илэрлээ.

Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд нийслэлийн төрийн албан хаагчийн орон тоог хэтрүүлсэн эсэхэд шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн байна. Нийслэл дэх төрийн аудитын газраас Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гүйцэтгэлийн тайланд энэ тухай  дэлгэрэнгүй танилцуулжээ.

Нийслэлд төсвийн 90, орон нутгийн өмчит 12 үйлдвэрийн газарт, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот 62 үйлдвэрийн газарт, хоёр хувьцаат компанид нийт 34.1 мянган иргэн төрийн алба хашиж байна. Төсвөөс цалинждаг нийслэлийн бүх орон тоог Засгийн газрын тогтоол, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар баталдаг. Гэтэл 2017 онд нийслэлийн харьяа 14 байгууллага дээрээс баталсан албан хаагчийн орон тоог 73-аар хэтрүүлж, төсвийн мөнгөнөөс зүй бусаар хороожээ. Тухайлбал, “Нийслэлийн орон сууцны корпорац” ОНӨААТҮГ 11, нийслэлийн авто замын хөгжлийн газар 13, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар 23 албан хаагчаар хэтрүүлсэн байна. Дээрх 14 байгууллага баталсан орон тоог хэтрүүлснээс 631 сая төгрөгийг цалинд зарцуулсан гэж аудитын байгууллага тогтоожээ.

Мөн Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай чанартай болгох зорилгоор 2016 онд нэгэн тогтоол баталж дагаж мөрдөхийг хуулиар заажээ. Тус тогтоолд Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол нэг дэд буюу орлогч даргатай байх, 100-гаас цөөн ажилтантай бол орлогч даргагүй байхаар тусгажээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2016 онд А/635 дугаар захирамж гаргахдаа дээрх чиглэлийг баримтлаагүй аж. Үүний улмаас 17 байгууллага хурган даргыг илүү зардлаар тэжээж байна. Заримд нь бүр хоёр дэд дарга илүү гарсан байх жишээний. Нийслэлийн тээврийн газар 90, нийслэлийн өмчийн харилцааны газар 65 албан хаагчийн орон тоотой байхад хоёр ч дэд даргатай ажиллаж байгааг ойлгоход бэрх. 2017 онд нийслэлийн харьяаны 100-аас цөөн орон тоотой 13 газрын дэд буюу орлогч даргын цалинд 171.1 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл байх ёсгүй албан тушаалд өгөх ёсгүй мөнгө зарцуулжээ. Өнгөрсөн жил ч энэ хэмжээний мөнгө төсвөөс гарсан нь тодорхой. Мөн нэг дэд даргатай байх ёстой нийслэлийн авто замын хөгжлийн газар, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн газрын алба, өнөр бүл хүүхдийн төв зэрэг байгууллагууд илүүдсэн дэд дарга нартаа 35.8 сая төгрөгийн цалин өгчээ.

Дээрээс тархсан төрийн эсрэг “вирус” доош халдварлан дүүргийн удирдлагууд ч дэд дарга нэмдэг аргад мэргэшжээ. БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол батлан гурван дэд даргатай байхыг хүссэн бол БЗД-ийн итх хоёр дэд дарга ажиллуулахгүй бол төрийн ажлыг барахгүй гэж үзжээ. Үүнээс гадна Багануур, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг нэг, бусад нь хоёр ч хурган даргыг илүү тэжээж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т дүүргийн Засаг даргыг ганцхан орлогчтой байхаар заажээ. Гэтэл бүх дүүргийн засаг дарга нар орлогчоо нэмж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсээр. Хууль зөрчиж томилсон хурган дарга нарын цалинд жил бүр 155.6 сая төгрөг зарцуулж буйг ч тогтоогоод байна. Үүнийг олон жилээр үржүүлбэл тэрбум төгрөг давсан үргүй зардал гарна гэсэн үг.

Эл гүйцэтгэлийн тайланд дурдсан дээрх зөрчлийн талаар аудитын байгууллага нийслэл, дүүргийн удирдлагад үүрэг даалгавар өгч, ирэх сарын 10-н гэхэд гаргасан зөрчлөө арилган эргэж мэдээлэхийг сануулсан байна. Үр ашиггүй зардлуудыг танах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх, зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг НИТХ-ын даргад анхааруулаад байгаа. Мөн УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч болон бусад шаардлагагүй орон тоог хасаж, төсвийн зардлыг хэмнэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Дүүргийн Засаг дарга нарыг ч орлогчийнхоо асуудлыг шийдвэрлэх саналаа ирүүлэхийг сануулжээ. Харамсалтай нь дүүргийн удирдлагууд гүйцэтгэлийн тайлантай танилцсан гэдгээ бичгээр илэрхийлсэн боловч засаг даргын орлогчийн орон тоог цөөрүүлэх санал өгөөгүй л байна.

Шаардлагагүй орон тоог нэмж үүсгэн 32 хурган дарга залжээ

Зөвхөн Налайх дүүргийн Засаг дарга л гурав байсан орлогчоо хоёр болгон бууруулсан тухайгаа илтгэжээ. Энэ нь төрийн мөнгийг зүй бусаар зарцуулсан “хэрэг”- тээ гэмших нь бүү хэл, төрийн хяналтын байгууллагыг үл тоосон үйлдэл гэдэг нь илэрхий. Хэтрүүлж хэлбэл хууль зөрчөөд зогсохгүй, улсын мөнгөнөөс бүлэглэн “хумсалсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Ер нь “тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй гэдгийг засаг ноёдод сануулах юун.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.2- т “иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу дүүргийн засаг “ноёд”-ыг хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, огцруулах үндэслэл ч бий.