A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2790/

Бодлогогүй боловсролын завхрал

Боловсролын салбар үе үеийн сайдуудын тоглоомын талбар байх ёсгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2790/


Танил маань “Надад үр хүүхдэдээ өвлүүлээд байх үнэтэй эд хэрэглэл алга. Тэгэхээр боловсролд нь л илүү анхааръя. Багаас нь сайн багшийн ангид оруулж, толгойд нь жаахан мэдлэг хийгээд өгчихвөл алсдаа сурсан зүйлээрээ хоолоо олж иднэ биз” гэж ярилаа. Түүн шиг эцэг, эх олон. Гэхдээ манай боловсролын чанар эцэг, эхчүүдийн хүсэж буй шиг сайн байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь суурь боловсролыг нь чанартайхан тавьчихвал хүүхэд аяндаа сурдаг гэж насаараа багшилсан эмэгтэй ярьж суухыг сонсож билээ. Гэтэл сүүлийн үед туршиж буй олон сургалтын хөтөлбөрт эцэг, эхчүүд толгой нь эргэчихээд байгаа. Олон хөтөлбөр туршсанаас болоод боловсролын чанар илт дордсон талаар хэн хүнгүй ярих боллоо. Боловсролын салбарыг толгойлсон сайд бүр дур зоргоороо загнаж, янз бүрийн хөтөлбөр гаргаж туршсаар байтал хэн ч биш хярамцаг болж гүйцлээ.

Ё.Отгонбаяр сайд байхдаа санаачилж хэрэгжүүлэхээр зорьсон “Кембрижийн хөтөлбөр” хөрсөндөө огт буугаагүй. Багш нар хүртэл энэ хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй гэж шүүмжилдэг.

Зарим нэг багшийн хэлж буй нь Барууны боловсролын систем Монголд тийм ч сайн тохирохгүй. Манай монгол хүүхдүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй. Барууны боловсролын хэв маяг бол нэлээд задгай, нээлттэй, хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн байдаг. Тэгэхээр “Кембриж” бол төдийлэн нийцэхгүй хөтөлбөр шиг санагддаг хэмээсэн юм.

БАГА АНГИЙНХНЫ ЦҮНХТЭЙ АЧАА ХӨНГӨРӨХ ҮҮ

Одоо явж буй “Цөм” хөтөлбөр хэдийгээр агуулга сайтай болсон ч сурах бичгийн алдаа мадаг нь тамтаггүй гээд өөлөх зүйл гарч ирсээр. Түүхийн хичээлийн агуулга ч бүр түүхийрч гүйцэж. Элсэлтийн шалгалтад түүхийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн нь бүдэрсэн тухай хэн хүнгүй ярьж байна.

“Цөм” хөтөлбөр хэрэгжүүлснээр бага ангийнхан цүнхээ даахаа байсан. Багаас нь даахааргүй хүнд ачаа үүрүүлж, мэдлэгээр бөмбөгдсөөр байтал мэдрэлийн ядаргаанд орж дууслаа. Хичээл дээрээ баахан юм судлахын хажуугаар элдэв төрлийн дугуйлан, сонгон гээд насандаа ахадсан ачаа үүрээд зарим хүүхэд залхдаг бололтой юм билээ. Нэг ёсондоо энэ хөтөлбөр бол  Японы боловсролын системээс хуулбарласан хэлбэр. Багш нар “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа ямар сурах бичиг хэрэглэхээ мэдэхгүй хэсэгтээ л мунгинасан. Хөтөлбөртөө тохирсон агуулгатай сурах бичгээ боловсруулж, хэвлэж амжаагүй болохоор бид хүүхдүүдийнхээ өмнө юугаа барих вэ гээд зогсож байсан багштай ч таарч л байлаа. Анхнаасаа нарийн системтэй бодлого төлөвлөлтгүй, ямар эрдэм чадалтай, хүмүүжилтэй хүмүүс бэлтгэх вэ гэдэг зорилт, зорилгоо салбарын яам нь тодорхойлдоггүйн гайгаар хүүхдүүд хэлмэгдэж байна.

Ер нь манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох юм алга. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. Эцэг, эх бидний ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ байдлыг одоогийн сайд Ё.Баатарбилэг засаж залруулахаа амлаад байгаа.

• Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. 

• Боловсролын чанарын үнэлгээгээр Өмнөд Солонгос эхний байрт араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. 

• Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо.

“Цөм” хөтөлбөрийг цөмлөнө гэж сайд болмогцоо ам алдсан нь олны анхаарлыг татсан. Энэ амлалт хэрэгжиж, багачуудын ачаа бага зэрэг хөнгөрвөл ядаж нурууны өвчин тусахгүй байх. Нэг жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ үед олон ажил хийж, алдаа дутагдлыг нь засаж залруулна гэдэг амаргүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж бүр дордуулчихаж мэдэх юм. Багш нартай уулзахаар Финландын боловсрол чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Энэ улсын боловсролыг нутагшуулж болох эсэх талаар судалж байгааг хэлж байсан. Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм.

200 ОРНООС 81 ДҮГЭЭРТ БИЧИГДСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАР

Элсэлтийн шалгалтад хамгийн бага оноо авсан нөхдүүдийг багшийн сургуульд оруулчихдаг байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, арай дөнгүүр хүмүүсийг элсүүлэхээр болсон нь саяхны шийдвэр. Тэгэхээр өнөө бага оноотой багшийн сургуульд элсэж байсан нөхдүүд одоо бидний хүүхдэд хичээл зааж байгаа гэсэн үг. Багшийн эрдэм шавиас гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Багш нь мундаг байж л хүүхэд нь мэдлэг чадвартай иргэн болох ёстой. Гэтэл зарим багшийн мэдлэг, заах арга барил дулимагхан байдаг нь нууц биш.

Өнгөрсөн сард улс даяар элсэлтийн шалгалт болж, эцсийн дүн гарлаа. Энэ эцсийн дүнгээс сургалтын чанар, чансаа ямар байгаа нь харагддаг. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Сурлагын чанар өнгөрсөн жилийн жишиг л байлаа” гэж бөөрөнхийлөв. Тэгэхээр яг тодорхой үнэлэлт өгч чадахгүй байна. Дэлхий нийтэд манай боловсролын чанарын үнэлгээ ямар түвшинд байдаг талаар интернэт ухаж сонирхлоо. Олон улсын боловсролын мэдээллийн сангийн судалгаагаар 200 орноос 81 дүгээрт бичигджээ. Эхний байрт Өмнөд Солонгос, араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. Монголчуудын хуучин нийгмийн үед мөрдөж байсан хойд хөршийн боловсролын систем тэгэхээр муугүй байсан нь энэхүү жагсаалтаас харагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, агуулгаа өөрчилсөн ч нэг дор ааг амьсгаагүй зүтгээгүйг орос сургуульд нэлээд хэдэн жил багшилсан эмэгтэй ярьж байв. Хойд хөрш 11 жилийн боловсролын систем рүү алгуур шилжсэн хэдий ч тухайн хүүхдэд хүнд ачаа үүрүүлдэггүй аж. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг бөгөөд чөлөөтэй, нээлттэй болгоход их анхаардаг юм байна. Анги бүрийн хүүхдийн тоог тогтоосон стандартаар нь мөрддөг агаад хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Орос школыг манай боловсрол яаж гүйцэх юм бэ хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн. Манайх шиг нэг ангид 50 хүүхэд чихэж суулгачихаад багш нь самбарын өмнө бархираад байж байдаггүй л юм байна.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БА БҮХЭЛ МАХ

Манай боловсролын салбарт долоо хэмжиж нэг огтолсон 20, 30 жилийн системтэй бодлого хэрэгтэй байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж 2014-2024 он хүртэл хэрэгжүүлэх ёстой баримт бичиг бий. Энэ баримт бичигт багш ямар байх вэ, сургалтын агуулга нь ямар байх, анги дүүргэлт, хүүхдийн суурь хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх талаар ерөнхийд нь ганц өгүүлбэрээр тусгачихсан болохоос стандарт, нарийн шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой оруулж өгсөнгүй. Тухайлбал, тус баримт бичгийн 1.2-т Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн байгаа юм.

Ийм хүмүүжилтэй, ийм бие хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн нарийн тодорхой заалт байхгүй. Нэг ёсондоо бүхэл мах шиг л юм болж дээ. Эмх цэгцтэй, алсын хараатай хүнийг хүн болгож төлөвшүүлэх бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Бас багш бэлтгэхдээ тодорхой бодлого барих хэрэгтэй болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чоно борооноор буюу аваргуудыг эзгүйчилсэн Митакэүми

Монголын цолтой бөхчүүд бүгд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй

 0 сэтгэгдэл


Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё том цолтнуудад халгаатай болж өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал эхний өдөр унахдаа чигчий хурууны бэртлээ сэдрээн тэмцээнийг дундаас нь орхисон. Харин өөр нэг монгол аварга Какүрюү М.Ананд эхний дөрвөн өдөр дараалан давж, башёг урамтай эхлүүлсэн ч үүнээс хойш гурав унаад мөн л тэмцээнээс гарлаа. Тэрбээр зүүн өвдгөө гэмтээжээ. Хоёр озэкигийн нэг Гоэйдо арайхийн тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол нөгөө арслан Точиношин найман даваа авч чадаагүй тул ирэх башёд цолоо алдахаар болж байна.

Ийнхүү аварга, арслангууд бүтэлгүйтэх завшааныг ашиглан Сэкивакэ Митакэүми дээд зиндаанд түрүүлэв. 15 өдрийн барилдааны дараа тэрбээр Сэкивакэ Такэкайшогийн хамт 12-3 амжилттай гарч ирсэн. Ингээд тэдний хооронд нэмэлт барилдаан болоход Митакэүми хав барьцнаас түрж гаргаад тун хялбархан давав. Энэ нь түүний дээд зиндааны хоёр дахь түрүү болж байна. Өмнө нь 2018 оны долдугаар сарын башёд 13-2 амжилтаар түрүүлж байв. Тэрбээр ирэх башёд 12 давбал озэки цол хүртэх боломжтой. Такэкайшогийн хувьд түрүүлж чадаагүй ч озэки цолоо эргүүлэн авсан болохоор сэтгэл хангалуун суугаа биз ээ.

• Аса аваргын дүү Хоошёорюү ирэх башёгоос жюүрёод дэвшин барилдана. 

• Цолтой бөх болсон талаарх сэтгэгдлийг нь түүнээс асуухад “Амжилтаараа ахыгаа гүйцэх зорилготой” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. 

• Аса аваргын гарч ирж байсан үетэй харьцуулахад Хоошёорюү жин бага, дайчин чанар дутагдаж байна хэмээн сүмогийн мэргэжилтнүүд бичиж буй.

Озэкигоос доош цолтой бөх сүүлийн 11 башёгийн зургаад нь түрүүлсэн нь 1993 оноос хойш анхны тохиолдол болжээ. Яах аргагүй аваргуудын бяр чадал буурч, шинэ үе солигдож буйг энэхүү явдал сануулж байна.

Түүнчлэн макүүчи, жюүрёо зиндаанд барилдсан Монголын 11 бөх бүгд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй нь 2000 оноос хойших анхны тохиолдол боллоо. Харин доод дөрвөн зиндаанд барилдсан Монголын 12 бөхийн 11 нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн юм.

Ийнхүү том цолтой монгол бөхчүүд санаснаас тааруухан амжилт үзүүлсэн ч ирээдүйд нутгийн аваргуудын халааг авах магадлалтай нэгэн бөх ирэх башёд жюүрёод дэвшиж, цолтны эгнээнд багтах нь тодорхой болов. Тэр бол их аварга Асашёорюү Д.Дагвардоржийн төрсөн ах  сугаррагчаагийн хүү хоошёорюү Бямбасүрэн юм. Аса аварга 10 башё барилдаад жюүрёод дэвшсэн бол хоошёорюү 11 башё зарцуулж энэ даваанд гарч иржээ. Жюүрёогоос 4-5 бөх доош уруудах магадлалтай байгаа тул тэрбээр оронд нь дэвших магадлал бараг 90 хувьтай юм. Цолтой бөх болсон талаарх сэтгэгдлийг нь түүнээс асуухад “Амжилтаараа ахыгаа гүйцэх зорилготой” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Тэрбээр тэмцээний дундуур гурав дараалан унасны дараа аварга ахаасаа нэлээд хатуухан шүүмжлэл сонссон. Аса аварга түүнийг унасны дараа twitter-тээ “барилдах юм бол алалцаад үзэлц. Үгүй юм бол хоол хийгээд суу” хэмээн загнажээ.

Гэхдээ Аса аваргын гарч ирж байсан үетэй харьцуулахад хоошёорюү жин бага, дайчин чанар дутагдаж байна хэмээн сүмогийн мэргэжилтнүүд бичиж буй. Одоо 107 кг жинтэй тэрбээр ирэх башёд томчуудтай барилдахын тулд жин нэмж, бяр суух зайлшгүй шаардлагатай. үгүй бол жюүрёо зиндааг давах гэж багагүй хугацаа зарцуулж магадгүй.

Санданмэ зиндаанд барилдсан саданохикари Д.Наранцогт 7-0 амжилтаар түрүүлсэн. Өнгөрсөн жил гэмтлийн улмаас хоёр башё өнжиж, жонидан хүртэл унасан тэрбээр сүмо дахь анхны түрүүгээ авсан нь энэ. Түүнчлэн цагтаа озэки цол хүртэж явсан ч мөн л гэмтлийн улмаас жонидан руу унасан тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бага багаар дээш мацсаар байна. Тэрбээр энэ тэмцээнд зургаа ялж, нэг унаснаар ирэх башёд маэгаширагийн дээд хэсэгт эрэмбэлэгдэхээр боллоо. Дахин нэг удаа сайн барилдчихвал цолтой бөхчүүдийн эгнээнд эргэн орж ирнэ гэсэн үг.

МОНГОЛ БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ

МАКҮҮКИ

Ёкозүна Какүрюү М.Ананд 4-4-6
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-2-12
М-2 Ичиножёо А.Ичинноров 1-4-9
М-4 тамаваши б.Мөнх-Оргил 7-8
М-12 Дайшёхо Ч.Шижирбаяр 5-9
М-15 Азүмарюү с.тодбилиг 6-9

ЖЮҮРЁО

Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан 7-8
Б-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 7-8
З-6 Миторюү Б.Төрболд 6-9
З-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-8
З-12 Сэйро А.Өнөболд 2-6

МАКҮШИТА

Б-1 Араваши Э.Дөлгөөн 2-5
З-5 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3
З-14 Сакигакэ Я.Баттүшиг 5-2
З-19 Кёкүсоотэн Э.Энхманлай 5-2
З-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-1
Б-34 Гоочёозан Д.Ууганбаатар 5-2
Б-36 Кагамио Б.Нанжид 4-3
Б-43 Роога А.Амарсанаа 5-2

САНДАНМЭ

З-17 Ёошёояма Б.Анхбаяр 4-3
Б-46 Саданохикари Д.Наранцогт 7-0 түрүү
З-60 Дайтэнма Н.Чинзориг 4-3

ЖОНОКҮЧИ

Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 6-1

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Кумар: Би Энэтхэгээ санадаггүй, хоёр дахь эх орон, гэр бүл минь энд бий

Монгол хүн удирдлагын түвшинд ажиллаад, хар ажилчдаа гадаадаас авах цаг ойрхон байна

 0 сэтгэгдэл


“Намастэ” рестораны ерөнхий тогооч, “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгээр олноо танил болсон С.Кумарыг энэ дугаарын зочноор урилаа. Энэтхэгт их сургуулиа дүүргээд энд ажлын гараагаа эхэлж, монгол бүсгүйтэй гэрлэсэн тэрбээр манай улсыг хоёр дахь эх орноо гэж үздэг. Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн үйл ажиллагаа болоод хувийн амьдралынхаа сонирхолтой түүхийг хуваалцсаныг хүргэе.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монголд хэзээ, ямар зорилгоор ирсэн бэ?

-Намайг С.Кумар гэдэг. Энэтхэг улсын иргэн. 2002 оноос Монгол Улсад ажиллаж, амьдарч байна. Хоол үйлдвэрлэлийн болон зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр төгссөн. Сургуулиа төгсөнгүүт 21-хэн настайдаа Монголд энэтхэг хоолны “Хазара” ресторанд ажиллахаар урилгаар ирж байлаа.

-Та Энэтхэг, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн юм билээ. Энэ байгууллагын үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?

-2016 онд Монгол, Энэтхэгийн бизнесийн зөвлөлийг байгуулсан ч өнгөрсөн жилээс л үйл ажиллагааг нь идэвхжүүлж ирлээ. Хоёр орны дипломат харилцаа 1955 оноос эхтэй. Харамсалтай нь худалдаа, эдийн засгийн хувьд энэ урт хугацаатай харьцуулахад чамлалттай. Засгийн газар хоорондын хэлцлийг эс тооцвол худалдааны эргэлт жилдээ 20 сая ам.доллараар л хэмжигддэг. Бид бизнесийн зөвлөлөө байгуулах үед энэ тоо 11 сая ам.доллараар түгжигддэг байлаа. Үнэндээ Монгол, Энэтхэгийн хооронд дандаа ганзагын наймааны хэмжээнд л худалдаа өрнөж ирсэн шүү дээ. Бид хоёр орны бизнес эрхлэгчдийг нүүр тулж уулзуулах, зах зээлийн судалгаа хийж, хууль эрх зүйн мэдээлэл солилцох гэх мэт арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Гэхдээ эрчимтэй ажиллаж эхлээгүй байна. Ирэх аравдугаар сард ЭСЯ-тайгаа хамтраад Энэтхэг Монголын бизнес эрхлэгчдийн форум зохион байгуулах гээд хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Энэтхэг талын төлөөлөгч ноён Мукеш Сурана энэ ажлыг голлон хариуцаж байгаа юм.

-Боловсролын салбарт хамтрах боломж бий юу. Энэтхэгчүүд IT чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Монголчууд энэ чиглэлээр суралцах хандлага их байдаг бололтой?

-Засгийн газраас хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрт жилд зуу гаруй оюутан Монголоос очиж суралцдаг. Харин энд энэтхэг боловсрол олгодог болчихвол илүү үр дүн гарах магадлалтай. ШУТИС-ийн харъяа Мэдээлэл холбооны технологийн сургуульд Энэтхэгийн Засгийн газар, “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (миний сонссоноор 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт) ICT парк байгуулж байгаа. Аутсорсингийн төв байгуулж, программчиллын кодыг гадаадад экспортлох боломжтой болох юм. Энэ төслийн хүрээнд 1000 инженер IT чиглэлээр сургана гэсэн зорилготой. Энэ бол алсдаа Монголын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэх том төсөл юм.

АНХ УДАА ЦАС ҮЗЭХЭД СОНИН БАЙСАН. ЭНД ТЭНДГҮЙ ДАВС ЦАЦЧИХСАН ЮМ ШИГ...

-Ярианы сэдвийг гэр бүл, эрхэлдэг бизнесийн чиглэл рүү өөрчилье. Танд монголд ирээд тулгарсан анхны бэрхшээл нь цаг уурын өөрчлөлт байсан байх. 17 жилийн тэртээх дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

-Би зургадугаар сарын 1-­ний өдөр Монгол Улсад хөл тавьж байлаа. Хүүхдийн баяр гэж мэддэггүй тул “ямар олон хүүхэдтэй улс вэ” гэж гайхаж байснаа санадаг юм. Хэдийгээр зуны улирал ч надад маш хүйтэн, би тэр зун савхин куртикээс салаагүй. Улаанбаатарт бүгд богино өмд цамцтай, зарим эрчүүд гэдсээ гаргачихсан халууцаж, аахилж байхад би ганцаараа зузаан савхитай явдаг байлаа. Гайхамшиг үүгээр дуусаагүй ээ. Өвөл болоход би амьдралдаа анх удаа цас үзсэн. Бүх газар давс цацчихсан юм шиг үнэхээр гайхалтай санагдаж байлаа. Надад бэрхшээлээс илүү гайхамшиг л их тохиолдож байлаа. Өвөл нь зунаа, зун нь өвлөө санаж, хавар, намар нь хүртэл өөр өөрийн араншинтай гайхалтай орон. Эхний жилүүдэд хэлний асуудал тулгардаг байлаа. Гал тогоонд монголчуудтайгаа ойлголцох гэж дохиж зангасаар байгаад бараг хоол хийхээс илүүтэй гар цуцдаг байлаа. Гараа зөвхөн хоол хийхэд ашигладаг байхын тулд монгол хэлийг шахалтаар хурдан хугацаанд сурсан шүү.

-Монгол, энэтхэг хүний ялгааг та хэрхэн хардаг вэ?

-Монгол хүнд олон сайхан чанар бий. Энэтхэг хүн бол нэг хүнтэй муудалцвал үхэн үхтэлээ эргэж сайндахгүй. Кинон дээрээс харсан биз дээ, өвөөгийнхөө өшөөг авна ч гэх шиг явж байдаг. Гэтэл монгол хүн бол уурлаад, цагийн дараа л инээчихсэн харьцаж байдаг нь үнэхээр сайхан. Дээрээс нь маш тусархаг. Нээлттэй чанар нь их гоё. Миний хувьд сургууль төгсөөд эрхэлсэн анхны ажил, хилийн дээс алхсан анхны улс бол Монгол. Анх удаа гадаад явсан хүн гэр орон, аав ээжээ санана даа. Гэтэл би нэг ч удаа, хэнийг ч санаагүй. Яагаад гэвэл энэ орон, хамт олон, хүмүүс нь их сайхан хүлээж авсан учир надад уйтгарлаж, гуниглах шалтгаан өгөөгүй байх.

-Та монгол бүсгүйтэй гэрлэж, энд гал голомтоо бадраасан болохоор нутгаа санах нь бага байх. Монгол эмэгтэйн ямар чанарт татагдсан бэ?

-Хайр сэтгэл гэр бүлийн асуудалд тухайн хүн нь хэн бэ гэдэг нь чухал биш юм байна. Энэтхэгээр зүйрлэвэл аль кастынх байх, ямар давхаргын, ямар шашин шүтлэгтэй байх нь хамаагүй. Бид хоёр 2003 оны үед танилцаж, үерхсээр 2009 онд албан ёсоор гэр бүл болсон. Хоёулаа л хашир хандсан гэх үү дээ. Би хэдийгээр энэтхэг хүн ч миний хамгийн дургүй нэг зүйл байдаг. Энэтхэгийн нийгэмд хадам, бэр хоёрын харилцаа яг одоогийн солонгос кинонд гардаг шиг төвөгтэй. Эхнэрээ ч хайрламаар байдаг, ээжийгээ ч бодмоор байдаг. Энэтхэг эрэгтэй хүн энэ балансыг барих гэж амьдралын хамаг энергиэ зарцуулдаг юм. Үүнээс болоод маш олон гэр бүл салах тохиолдол гардаг. Монголд энэ огт байхгүй гэж хэлэхгүй ч миний танилцсан хүмүүс, манай амьдралд ийм зүйл огт байхгүй. Дургүй бол дургүйгээ хэлчихнэ, дуртай бол түүнийгээ хэлнэ. Энэ надад маш амар санагдсан. Хоёрдугаарт энэтхэгчүүдийн суурин соёл өөрийн гэсэн таатай амьдралын хэвшлээс гарах дургүй болгочихдог. Нэг хүн тогооч хийвэл насаараа л тогооч хийнэ. Нэг маягийн үс засуулах хэвтэй бол түүгээрээ л насыг бардаг. Монгол хүн бол тэс өөр. ямар ч нийгэмд дасан зохицох чадвартай. Жишээ нь энэтхэг хүн хаана ч очсон, энэтхэг хоолноос өөр хоол удаан идэж чаддаггүй. Монголд анх ирэхэд байсан тавь жараад хүн 17 жилийн дараа гэхэд дөнгөж хоёр дахин нэмэгдэж чадсан уу үгүйтэй л байна. Учир нь энэтхэг эхнэрүүд гэрийн ая тух, эд зүйлгүйгээр удаан байж чаддаггүй юм.

-Таныг хадмууд чинь хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Хувь тавиланд талархдаг юм. Бид үерхэж байхдаа гэр бүлийнхэнтэй нь анх танилцаж байлаа. “Харь элгийн хүн охиных нь толгойг эргүүлэх гэж байна гэж бодох вий, гэрлэх бодолтойгоо яаж ойлгуулна даа” гэх мэтээр их эмээж байлаа. Манай хүн таван хүүхэдтэй айлын ганц охин. Гэсэн ч ах дүү нараас ганц хатуу ширүүн үг ирж байгаагүй. Бидний хурим Чингис зочид буудалд болсон. Хадам аав маань монгол хэлний багш хүн байсан. Хуриман дээр надад зориулж “тэнгэрийн хүү” гэдэг шүлэг бичсэнээ уншиж өгсөн нь туйлын хүндэтгэл байлаа. Одоо ч би тэр шүлгийг нандигнан хадгалдаг.

-Монголчууд охидоо гадаад хүнтэй гэрлүүлэхдээ тийм ч таатай биш ханддаг. Таны хувьд энэ үзэл мэдрэгдээгүй бололтой?

-Монголчуудын энэ үзлийг ойлгодог ч хувь тавилан надад ийм амьдрал заяасан. Миний хувьд ч гэсэн өөр улсын иргэнтэй гэрлэх нь хүнд байсан. Энэтхэгчүүд гадны бүү хэл дотоодын хүнтэй хамаагүй суулгахгүй. Баян ядуу, өөр каст, өөр шашны хүмүүс хоорондоо сууж болдоггүй. Ээж аав маань анх миний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. “Та хоёрын нэг нь эх орноосоо хол амьдрах болно” гэж эсэргүүцдэг байв. Дээрээс нь би цагаан хоолтон. “Яаж гал зууханд хоёр төрлийн зоог барих вэ, идэш уушнаас эхлээд тохирох зүйл юу ч алга” гэж загнадаг байлаа. Бидний гэрлэлт аль аль талдаа амар байгаагүй. Одоо бол манай гэр бүл 2-3 удаа Энэтхэгт очсон, аав ээж маань надаас түрүүлж манай гурвыг л асуудаг болсон.

Монгол хүн уурласан ч цагийн дараа л инээчихсэн харьцдаг нь үнэхээр сайхан

-Цагаан хоолтон, махан хоолтон нэг гэрт амьдрахад зөрчил хэр илэрдэг вэ?

-Гайгүй ээ, би өөрөө тогооч болохоор энэ асуудал биш. Энэтхэгчүүдийн бараг 60 хувь нь цагаан хоолтон. Цаг уур, амьдрах орчин, эрхэлдэг тариалан, хөрөнгө чинээ, шүтдэг шашин гэх мэт олон хүчин зүйл биднийг цагаан хоолтон болгодог.

-Хүүхдүүддээ энэтхэг соёл, хүмүүжлийг яаж шингээхийг хүсдэг вэ. Монголд өссөн болохоор монгол хүн л “гарах” нь дээ?

-Би тухайн нэг орны хүмүүжил гэдэгт санал нийлэхгүй байна. Төгс хүмүүжил гэж аль ч үндэстэнд байхгүй. Би хүүхдүүдийнхээ дүнг хардаггүй, тэр надад сонин биш. Гол нь хүүхдүүд маань хүн бүртэй мэндэлдэг, хүний төлөө гэсэн хүндэтгэлтэй болох хэрэгтэй. “Энэ дэлхийд амжилтад хүрсэн сая сая хүн байна, одоо нэмж мундаг хүн хэрэггүй. Харин одоо сайхан сэтгэлтэй хүмүүс л дутаж байна” гэж Далай лам хэлсэн байдаг. Би ийм л хүн бий болгохыг хүсдэг. Энэтхэг, эсвэл монгол хүмүүжилтэй гэсэн тамга хүүхдэдээ дарахгүй. Хэн нэгнийг зовоохгүй байх, чадвал хүнд тусалж амьдрахыг л зааж өгнө.

-“Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэж монголчууд ярьдаг. Ирээдүйд танай гэр бүл Энэтхэгт амьдрах уу?

-Би Энэтхэгт амьдарна гэж бодохгүй байна. Монголд биш юм аа гэхэд аль нэг гуравдахь улсад амьдарч байх болов уу. Яагаад гэвэл би нутгаасаа гараад хориод жил өнгөрлөө, цаг агаарын хувьд хүнд тусдаг болсон байна. Түүнчлэн 1.3 тэрбум хүнтэй хамт амьдрах уу, гурван сая хүнтэй амьдрах уу гэдэг сонголтын хариу нь тодорхой шүү дээ. Надад энд гадаадад байгаа юм шиг санагддаггүй. Хоёр дахь эх орноо гэж үздэг.

МОНГОЛД АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОГГҮЙ НЬ ГОЛ БЭРХШЭЭЛ БОЛЖ БАЙНА

-“Намастэ” рестораныг хэдэн онд байгуулсан бэ. Гадаад хүн бизнес эрхлэх хэр хүндрэлтэй байна?

-2010 оноос эхэлж байлаа. Анхны салбараа “Цэцэг” зочид буудалд байгуулсан. Одоо гурван салбар бий. Гэхдээ анхны салбарыг франчайз хэлбэрээр өөр компанид шилжүүлсэн. Миний уригдаж ажилласан “Хазара” рестораны эзэн гадаадад амьдардаг, жилд 2-3 удаа л ирдэг байв. Бүхий л үйл ажиллагааг бид хариуцдаг байсан нь өөрийн ресторанаа нээхэд давуу тал болсон байх. Эхнэр Ч.Оюунбилэг маань мөн зочлох үйлчилгээний бакалавр, магистрын зэрэгтэй, компанийн ерөнхий захирал. Хүний нөөц, татвар, тайлангаа хариуцаж, харин би хоол, үйлчилгээгээ л “мэддэг”. Монголд гадаад иргэд бизнес эрхлэхэд хүндрэлтэй биш.

-Үнэхээр ямар ч хүндрэлгүй гэж үү. Татвар, хураамж, төрийн байгууллагуудын хяналт шалгалт гээд дарамт байхгүй юу?

-Төрийн байгууллагын зүгээс ямар ч дарамт байхгүй. Харин хүний нөөц, ажиллах хүчгүй болсон нь бидний гол бэрхшээл болж байна. Саяхан бид гол үйлчлүүлэгчдээ түшиглээд Зайсанд салбараа нээх гэсэн боловч хүний нөөцийн асуудлаас болоод чадаагүй. Бэлтгэгдсэн боловсон хүчин, сайн менежментээр л салбар нээхгүй бол зүгээр нэг аз туршиж эхлүүлэх хэрэггүй. Монголд визний систем, хууль маш сайн. Гадаад иргэн ажиллахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хураамж төлдөг. Сард 640 мянган төгрөг нэг гадаад ажилтнаас төсөвт оруулдаг гэсэн үг. Жилийн визтэй орж ирсэн нэг ажилтан 7.6 сая төгрөг, цаашлаад нийт гадаад ажилтны татвар тэрбумаар яригддаг байх. Энэ мөнгийг монгол залуусыг чадваржуулах, дээд боловсролтой, мэргэжлийн хүний нөөц бэлдэхдээ ашигладаг байгаасай гэж хүсдэг. Монгол хүн зөвхөн удирдлагын түвшинд ажилладаг болох цаг ойрхон. Би Дубай, Саудын Араб, Бруней улсын системийг ярьж байна. Энэтхэг, Хятадад хүн  болгоныг дарга болгох боломж байхгүй, харин Монголд гуравхан сая хүнд бол ийм боломж бий. Ойрын 10-20 жилд хар ажилтнаа гаднаас авдаг, удирдлага нь монгол хүн байх цаг ирнэ.

-Гадаадад ажиллаж амьдардаг энэтхэг хэр олон бэ. тэдний онцлог юу байдаг вэ?

-“Та бүхэн гадаадад ажиллаж амьдарч байгаа бол тухайн улсын эрх ашгийг нэгдүгээрт тавиарай. Яагаад гэвэл та тэр улсаас олж байгаа мөнгөөрөө гал голомтоо барьж байгаа шүү” гэж манай Ерөнхийлөгч байсан Абдул Калам гэж мундаг хүн хэлсэн байдаг юм. Дэлхийн улсуудын гадаад ажиллах хүчний хамгийн их буюу зургаан хувийг (17.5 сая) энэтхэгчүүд эзэлдэг. Гэхдээ тэд тухайн улсын хууль дүрмийг нарийн чанд мөрддөг, хүндэтгэж үздэг учраас элдэв хэрэг зөрчил, хэл ам гаргадаггүй. Бид буруу зүйл хийсэн бол Элчин сайдын яамны зүгээс өмгөөлж хамгаалахгүй, хариуцлагаа хүлээ л гэж шаардана. Нэг жишээ хэлэхэд Энэтхэгийн хамгийн том төсөл Австралид 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч одоо байгаль орчны асуудлаарх иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад гацсан байдалтай байна. Энэтхэгийн ЭСЯ, төрийн зүгээс лоббидож, төслөө урагшлуулах талаар хуруугаа ч хөдөлгөхгүй. Яагаад гэвэл бизнесийн зарчим, анхны гэрээ хэлцэл ямар байсан, түүгээрээ л яв гэсэн шаардлага тавьдаг. Төр бизнест огт оролцдоггүй. Энэтхэг хүн ч тухайн улсад хууль бус аргаар амьдардаггүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томуугийн идэвхжил есдүгээр сараас эхэлдэг

Ханиадны оргил үе арваннэгдүгээр сараас хоёр сар хүртэл байдаг

 0 сэтгэгдэл


Удахгүй эмнэлгүүдэд ханиалгасан, халуурсан, уйлсан хүүхдийн дуу тасрахаа байдаг ханиадны улирал эхэлнэ. Жил бүрийн өвөл дүүргийн эмнэлгүүд ачааллаа даахаа больж, арга ядахдаа хонгилын шалан дээр хүүхдүүдээ хэвтүүлдэг эмгэнэлт дүр зураг уламжлал болсон мэт. Тэгвэл энэ өдрүүдэд хүүхдээ өвчлүүлэхгүйн тулд дархлаагаа хэрхэн дэмжиж, ханиаданд “дарлуулахгүй” байх талаар АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн багш, дэд профессор Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.


-Энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл томуугийн вирусийн дэгдэлт идэвхжих хандлагатай байдаг. Улирал солигдох мөчид эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Эцэг, эхчүүд гадаа дулаахан байна гээд хүүхдээ нимгэн хувцаслах, эсвэл хэт зузаан хувцаслаад халууцуулаад байдаг. Улирлын чанартай томуу, томуу төст өвчний үед хүүхдээ зөв  хувцаслах ёстой. Мөн сайн хооллож, шингэн зүйл их уулгах хэрэгтэй. Өмнө нь суулгалт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа сайн угаах хэрэгтэй гэдэг байсан бол одоо амьсгалын замын халдвар бохир гараар дамждаг болсон. Тийм учраас эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ гарыг тогтмол савандаж угаалгахыг зөвлөөд байгаа юм. Хамгийн чухал нь томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ дархлаажуулалтад сайн хамруулах хэрэгтэй. Улаанбаатар хотод уушгины хатгалгааны эсрэг дархлаажуулалт явагддаг. Пневмококкийн эсрэг вакцинд хүүхдээ хамруулсан тохиолдолд уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлээс сэргийлнэ гэсэн үг. Үүнээс гадна хүүхдээ эрүүл чийрэг өсгөсөн байвал хүйтний улирлыг ажрахгүй даван туулна. Гэтэл тураалтай, хоол тэжээлийн доройтолтой хоёр хүртэлх насны хүүхдүүд бусдаас илүү өвчлөх магадлалтай байдаг. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол сайн байх ёстой.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болж нэг ангид 60 орчим хүүхэд хичээллэдэг. Олон хүүхэд нэг дор бөөгнөрөх тусам ханиад тархах магадлалтай. Тэгэхээр олон нийтийн газар байхдаа ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ханиад хүрсэн хүүхэд сургууль болон цэцэрлэгтээ явах гээд ирвэл авахгүй байх хэрэгтэй. Тэр хүүхдийг эдгэтэл нь гэр оронд нь байлгаж байгаад авчрах ёстой. Үүнд цэцэрлэг, сургуулийн эмч нар хяналт тавих ёстой. Мөн эцэг эхчүүд, багш нар цаашлаад эрүүл мэндийн ажилтнууд хүүхдийг уг өвчнөөс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж ёстой. Хамгийн наад зах нь гар угаах орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотын ихэнх сургуулийн бие засах газрын угаалтуур нь гараа угаах боломжгүй байдаг. Мөн өглөөний цай, өдрийн хоол хөтөлбөрийг харахад аяга, таваг, халбагаа хэрэглэсний дараа угаах нөхцөл бүрдээгүйгээс болж уутлаад аваад явдаг. Зарим хүүхэд дараа өдөр нь угаагаагүй аягатайгаа ирж хоол идэх тохиолдол ч байна. Тэгэхээр эрүүл ахуйн орчныг стандартын дагуу бий болгох хэрэгтэй.

• Эцэг, эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдол бүрт эмчид хандах ёстой. 

• Намраас эхэлж томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. 

• Уушгины хатгалгаа ихэсвэл хүүхдийн эндэгдэл нэмэгддэг.

-Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд яах ёстой вэ. Эмч нар шууд антибиотик бичиж өгдөг. Энэ нь зөв үү?

-Эцэг, эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдолд дур мэдэн эмчилж болохгүй. Ихэнх тохиолдолд эмчид хандахаас залхуурдаг ч юм уу, цаг зав муу болоод ч тэр үү эмийн санд очоод ханиаданд ямар эм хэрэгтэй вэ гэж асуугаад л авчихдаг. Гэтэл тухайн хүүхдийн өвчин нь янз бүр байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хэдийд эмчид хандах, ямар тохиолдолд антибиотик хэрэглэх вэ гэдгийг мэддэг байх нь чухал. Өвдсөн тохиолдол бүрт эмчид хандах ёстой. Тухайн  хүүхдийг яаралтай эмнэлэгт хүргэх аюултай шинжүүд гэж байдаг. Тухайлбал, хүүхэд уух, идэх бүртээ бөөлжих, таталт өгөх, амьсгалын тоо нэмэгдэх, унтамхай болох, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед заавал эмчид хандах хэрэгтэй.

-Жил бүр ямар нэгэн вирус мутацид орж, өөр вирус шинээр гарч ирдэг. Энэ жил вирусийн дэгдэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай улсад томуу, томуу төст өвчний үндэсний төв гэж байдаг. Тус төв Монгол орны өнцөг булан бүрээс вирусийн халдварын дээж авдаг. Энэ нь тогтсон зүй тогтолтой. Томуу, томуу төст өвчин (ТТӨ) гол төлөв жилийн эцсийн 35-40 дэх долоо хоног буюу есдүгээр сарын эхэн үеэс ихсэж эхэлдэг. Харин оны эцэс болон дараа жилийн эхний долоо хоногт буюу 50-10 дахь долоо хоногт дээд цэгтээ хүрнэ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сар хүртэл ханиад хамгийн оргил цэгтээ хүрдэг гэсэн үг. Үүнээс цааш 10-30 дахь долоо хоногт буюу хоёрдугаар сараас долдугаар сарын хооронд ТТӨ буурдаг. Томуу, томуу төст өвчний дэгдэлт хамрын ханиадаар эхэлдэг. Томуугийн А, В хүрээний вирус жил бүр өөрчлөгддөг хэдий ч энэ нь зүй тогтол ёсоороо байдаг л вирус. Тэгэхээр томуу өөрөө маш хүнд явцтай, ерөнхий хордлого ихтэй, хүүхдийг хүнд байдалд оруулдаг учраас намраас эхэлж урьдчилан сэргийлж, авах ёстой арга хэмжээнүүдээ эрт авах хэрэгтэй. Уушгины хатгалгаагаар өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо эрс ихэсвэл үүнийг дагаад хүүхдийн эндэгдэл нэмэгддэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригчдын эдийн засгийн амлалт эсрэгээрээ хэрэгжжээ

Их санасан газар есөн шөнө хоосон хонов

 0 сэтгэгдэл


Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо хямралаас гаргахаа амласнаар одоогийн эрх баригч нам 2016 оны сонгуульд онцгой ялалт байгуулж байлаа. Үүнийг иргэдийн их итгэл найдвар гэж болно. Тэгвэл граммын эдийн засгийг халж, өрхийн амьжиргааг сайжруулахаа мэдэгдсэн улс төрийн ууган хүчин төдийгөөс өдий хүртэл юу хийв ээ. Өмсөх, зүүхээ худалдан авч хүчрэхгүй ард иргэд өнөөдөр ургамлын тос, талхны булан, цайны сүү, хэрчим мах, хүнсний ногоогоо граммаар авч байна. Төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25, мах, махан бүтээгдэхүүний үнэ 32 хувиар тус тус нэмэгджээ. Өнгөрсөн жилүүдэд ямар өөрчлөлт энэ улс орны эдийн засагт гарч, тэр нь иргэдийн амьдралд үнэхээр тус нэмэр болж чадав уу. Эдгээрийг дүгнэх, цэгнэх цаг одоо нэгэнт болжээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй гэж МАН том амласан. Өр зээл нэмэхгүй гэж хүртэл андгай тангараг өргөх нь холгүй байлаа.

Харин бодит байдал дээр 2016 оноос татварын орчин хамгийн их хувьсан өөрчлөгджээ. Тодруулбал, суудлын автомашины татвар болон хадгаламжийн хүүгийн татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тус тус нэмжээ. Өрхийн амьдралд хамгийн их нөлөөлдөг татварын хувь хэмжээг хөндсөнөөр ийнхүү нийгэм, эдийн засагт өдгөө хүндхэн сорилт дагуулж байна. Өр зээлийн хэмжээ ч өнгөрсөн хугацаанд агшиж сүйд болсонгүй. ОУВС-гийн мэдээлснээр, манай улсын өр олон улсын дунджаас тав дахин өндөр байна.

Төв банкны тооцооллоор, гадаад өр 2019 оны эхний хагасын байдлаар 29.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээсэн, айлгасан шийдвэр төр засаг маань эгэлгүй эх орончийн дүрээр давшингуй гаргах болсноор валют манай улсыг чиглэхээ азналаа. Үүний нөлөөгөөр хөдлөх учиртай байсан мега төслүүд нь гацаж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсаар. Хөрөнгө оруулалт гэгч улам ховордлоо. Байхгүй нь бус байгаа нь тэвчиж үлдэхэд хэцүү болов. Валютын ханш өсөх хэрээр манай ам.доллараар илэрхийлэх гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Томоохон өрийн бонд гаргаагүй ч гаднын орнуудад хийж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айлчлал өр дагуулсан хөнгөлөлттэй нөхцөлтэй гэх зээл, тусламжаар нөхцөл байдлыг улам дордуулах аж. Сангийн яамны мэдээлснээр, өнөөдөр гадаад өр дотор төсөл, хөтөлбөрийн зээл томоохон жин эзэлж байна.

Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн ч эрийн сайндаа үүнийг төр засаг бий болгочихсонгүй. Зэсийн баяжмал болон нүүрсний экспортын зах зээл аз болж биднийг ивээлээ. ОУВС-гийн гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дээрх өсөлтийн суурь тулгуур боллоо. Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагууд ч манай удирдагчдад итгэхээс илүү дээрх хөтөлбөрт чухамдаа найдаж, санхүүжилт олгож, төсөл хөтөлбөрөө зогсоосонгүй. Дэлхийн банкны судалгаагаар, манай улсын бизнес эрхлэлтийн орчин улам муудсаар.

• Граммын эдийн засгийг халж, өрхийн амьжиргааг сайжруулахаа мэдэгдсэн улс төрийн ууган хүчин төдийгөөс өдий хүртэл юу хийв ээ.

• Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээсэн, айлгасан шийдвэр төр засаг маань эгэлгүй эх орончийн дүрээр давшингуй гаргах болсноор валют манай улсыг чиглэхээ азналаа.

• Сонсоход таатай эдгээр амлалт цөм сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг.

Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгахаа мөн л МАН хэлж, улмаар ажилтай, орлоготой байх боломжийг иргэддээ бүрдүүлэхээ зарласан. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчийн үлгэр болов. Тусгай зөвшөөрлийн тоог гэхэд л гурав дахин цөөрүүлж, төрийн оролцоог хумихаа МАН илэрхийлсэн. Харамсалтай нь хэлсэн, ярьсан болгоныхоо эсрэг эрх баригч нам ажиллажээ. Ганцхан жишээ дурдахад, уул уурхайн салбар дахь хоморголон цуцлах ажиллагаанаас үүнийг дөмөгхөн харж болох юм. Төр засаг кино шиг онц сонирхолтой дүр бүтээж, шийдэх бус асуудал тарьдаг болсон нь хачирхалтай.

Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж байлаа. Сонсоход таатай эдгээр амлалт цөм сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг. Харин үүнээс өнөөдөр хэд нь биеллээ олсныг хэлэх хүн алга. Эерэг гэхээс илүү сөрөг нь дийлж байгаа биз. Өрхийн сарын дундаж орлого хоёр дахин нэмэгдэх бус гарах зарлага харин эсрэгээрээ хоёр дахин нэмэгджээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт чухамдаа иргэдийг туйлдуулж гүйцлээ. Ийм байхад юун эдийн засгийн өсөлт ярих. Дарга, сайд нарын амнаас ирээдүй цаг дээр ярьсан баахан хийнэ, бүтээнэ гэсэн утга учиргүй амлалт цувна. Тэд өнөөдрийг болтол яг юу хийв гэдгийг бодох цаг. Хувийн хэвшил л хамаг өнгөтэй, өөдтэй болгоны үүдийг нээжээ. Харин сайд, дарга нар энэ болгоны өмнө ёс мэт очиж тууз хайчлах төдий. Хэнд ч энэ бүхэн чамлалттай санагдана.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, инфляц энэ оны наймдугаар сард 8.9 хувьд хүрч, үүний гуравны нэгийг махны үнийн өсөлт бүрдүүлэв. 66.4 сая толгой малтай монголчууд  махны үнэд дарлуулж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь төрийн бодлого алдагдаж, улмаар төмс, хүнсний ногоог дэлхийн хамгийн өндөр орлоготой иргэдийн жишгээр худалдан авахад хүрч байна. Өрхийн хэрэглээний суурь зардал болох цахилгааны үнэ нэмэгдсэнээр жинхэнэ үнийн өсөлтийн гамшиг гэгч нүүрлэлээ. Худалдаа, үйлчилгээ, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л төрлийн байгууллага үнээ нэмснээр монголчууд эх орноосоо дүрвэн дайжихад хүрэв. Ийм нөхцөлд яаж амьдрах юм бэ гэсэн аргаа барсан хүн олон байна.

Орлогын албан татварыг олдог мөнгөнөөс хамаарсан шатлалтай болгоно гэсэн. Гэвч цагаа тулахад эрх баригч нам “мурьжээ”. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин өнгөрсөн хугацаанд бас л бүрдсэнгүй. Иргэдээ агаар болон хөрсний бохирдлоос хамгаалах, нийслэлийн тулгамдсан асуудлыг нэг мөр шийдэх ипотекийн хөтөлбөрийн санхүүжилт дээрдсэнгүй, харин ч дордлоо. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт дорвитой нэмэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, энэхүү нийгмийн захиалга болсон орон сууцны хөтөлбөр эзэнгүйдлээ.

Экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрсний үнэ өссөн ч энэ салбар өнөөдөр хүртэл түүхий эдээ тээвэрлэх төмөр замгүй сууна. Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгож, үр ашгийг нь хүртээмжтэй болгохоо учирласан ч эрх баригчид амлалтаасаа буцав. Ардчилсан намын эдийн засагт авчирсан алдааг МАН засаж чадсангүй. Харин ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж байна. Уралдан өссөн инфляц, валютын ханш, махны үнэ, цахилгааны төлбөр өнөөдрийн эрх баригч нам хэрхэн ажилласны тод илэрхийлэл. Ажилгүйдэл, ядуурлын түвшин аль аль нь өндөр хэвээр. Ардчилсан нам засаг тэргүүлж байхаас дээрдсэн юм алга аа. Уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ хамгийн өндөр өсөлттэй жилүүдэд МАН засаглаж байна. Гэвч тэднийг өөрсдийнх нь амлалтаар хэмжиж үзвэл өнөөдөр юу ч эдийн засагт өөрчлөгдсөнгүй, харин ч граммын эдийн засаг улам хавтгайрч, Монголын нийгмийг бүрхэн авлаа.