A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1432/

Бодлын шуурган давалгаа

​Асуудлыг шийдэх Осборны арга бизнест үр дүнгээ өгч, шуугиан тарьсан​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1432/


Бодол бол хүний дотоод ертөнц, эргэн тойронд болж буй үйл явдлын өнгөрсөн, одоо ирээдүйн тухай эргэцүүлэл юм. Бодол дандаа дотоод сэтгэлд өрнөдөг. Харин цаасан дээр буугаад ч юмуу эсвэл яриа, хүүрнэл хэлбэрээр болон амнаас гарахдаа үзэл бодол болж хөгждөг. Үйлдэл болж гарч ирэхдээ сэдэл болно. Үзэл бодол нийгэмжиж, хэсэг бүлгийн хэмжээнд нэгдэхээрээ үзэл баримтлал болдог. Тэгэхээр аливаа концепц бол хувийн үзэл бодол дотроос урган гарах зүй тогтолтой болдог, оюуны өмч гэсэн үг. Аливаа концепц бол танин мэдэхүйн түвшинд батлагдсан үзэл бодол, эмпирик түвшний судалгаагаар баталгаажсан үзэл баримтлал юм. УИХ-ын чуулганд анхны хэлэлцүүлэгт оруулж байгаа хуулийн төслүүдийг үзэл баримтлал гэх болсон нь зөв. Гагцхүү тэр үзэл баримтлал нь эмпирик судлагаагаар баталгаажин хоёрдугаар хэлэлцүүлэгт концепц болон орж ирэх ёстой. Концепцгүй хууль УИХ-аас гарах ёсгүй юм. Эндээс аливаа хуулийн түүн дотроо үндсэн хуулийн концепц нь хувь хүмүүсийн бодлоос урган гарах учиртай нь ойлгомжтой байна. Монголчуудын бодол үнэхээр агуу. Үүний гол учир нь ганц оюун ухааны эргэцүүлэл байдагт бус дандаа гоц мэдрэмжид суурилан гарч ирдэгт байгаа юм. Оросын суут эрдэмтэн социологич Лев Гумилев, "Mонгол хүний мэдрэмж агуу, энэ нь үндэстний ялагдашгүй чанарын нэг батлагаа болж явдаг" гэж хэлсэн нь бий. Кембриджийн их сургуулийн профессор Барбара Аллманнтай уулзаж ярилцахдаа нэг сонин дүгнэлт олж сонсож билээ. "Би монгол хүүхдүүдэд хичээл зааж байсаан. Европ хүүхдүүд мэдээллийг шууд л тусгаж авдаг. Гэтэл монгол хүүхдүүд хүлээж авсан мэдээллээ шууд боловсруулалтанд оруулдаг нь харцнаас нь мэдрэгддэг, байгалиас заяагдсан л гоц авьяас байдаг байх" гэж хэлсэн юм. Монгол хүүхдүүдийн оюуны ой санамж асар өндөр бөгөөд эргэцүүлэл мэдрэмжтэйгээ сүлэлдэн маш хурдтай илэрч байх шиг байна. Дэлхийн ой тогтоолтын тэмцээний рекордыг шинэчилсэн Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар аливааг яаж ийм гарамгай тогтоодог чадварынхаа тухай тайлбарлан хэлэхдээ “Шууд махчилж цээжилдэггүй. Эхлээд дотроо ямар нэг том зургийн төсөөлөл босгож авдаг” гэсэн нь үүний батлагаа юм. Үндсэн хууль эсвэл Хөдөлмөрийн тунхаг хууль, Газрын харилцааны зэрэг томоохон хуулиудын үзэл баримтлалыг гаргахдаа ард иргэдийнхээ саруул ухаан, оюуны чадавхид итгэж, тэдний оюун ухааны бодол хэмээх баялгийг нээж, түүгээр нь боловсруулж тусгаж байхын ач холбогдол энд л байна. Ингээд бодохоор, ард түмний оюуны бүтээл гэгдэх үндсэн хуулийг тэдний санаа бодлын гадуур, үнэгэн шогшоогоор хэлэлцээд батлах гэсэн оролдлого бол арай л хэтэрсэн басамжлал гэж ойлгогдож байна. Жирийн иргэн байсан хүн уиХын гишүүн болж, тангараг өргөмөгц л ухаантан болж дахин төрдөг гэсэн хий хоосон итгэл үнэмшлээсээ ангижирцгаах хэрэгтэй. Ядаж л референдум явуулах ёстой л доо. Асуулт тов тодорхой.

1. Ерөнхийлөгчийн үүрэг, эрх давамгайлсан, Ерөнхийлөгчпарламентын тогтолцоотой БНУ.

2. Парламентын үүрэг, эрх давамгайлсан, Парламентерөнхийлөгчийн тогтолцоотой БНУ. Сонгосоноо дугуйл! Гүйцээ. Аливаа хувь хүний оюун ухааны бодол эргэцүүллийг ухаж төнхөж, гаргаж ирэн цуглуулаад, нийгэмд өөрчлөлт хийх нэг арга байдаг юм байна. Үүнийг БОДЛЫН ШУУРГАН ДАВЛАГАА гэх бөгөөд англиар “brainstorming”, оросоор “мозговой атак”, “Mетод мозгового штурма” гэх мэтээр хэлдэг юм билээ. Энэ аргыг анх нэрт социологич Алекс осборн 1930-аад оны үед нээжээ. Үндсэн агуулга нь нэн яаралтай өөрчлөхөөс аргагүйд болтлоо тулгамдсан асуудлаар хувь хүмүүсийн үзэл бодлыг цуглуулан тэндээс хувилбар сонгоод, эцсийн шийдвэр зориглон гаргахад оршиж байгаа юм.

БОДЛООР ДАВАЛГААЛАХАД БАРИМТЛАХ ОСБОРНЫ ЗАРЧИМ

Tулгамдсан асуудлыг шуурхай шийдэх, хуримтлагдахаас сэргийлэх осборны аргын бизнест өгсөн үр дүн нь шуугиан тарьж алдаршсан. Гэхдээ төрийн харилцаа, нийгэм зүйн салбарт нэлээд хожуу орж ирсэн байдаг юм. Баримтлах зарчмуудыг жагсаавал:

1. Асуудлын оновчтой шийдэл, гарцыг олохын тулд олон түмний бүтээлч идэвхийг өрнүүлж, аль болох олон үзэл бодлыг цуглуулах;

2. Дэвшүүлсэн үзэл бодол болгонд шинжилгээ хийх; үл бүтэх фантааз, бүр солиотой гэмээр бодлыг ч тооцож үзэх; сувд эрдэнэ шавар дотор ч хэвтэж байдгийг санах.

3. Аливаа шүүмжлэл нь бүтээлч санаачилгад харшилдаг болохоор бусдын бодлыг шүүмжлэх зам хаалттай байх зарчим;

4. Бүх бодол, төсөөлөл дотроос оновчтой, шинэ санаануудыг түүвэрлэж "бодлын товчоо" (white paper) гаргах; үзэл бодлын давалгаа үүсгэхдээ нэгэнт цугларсан бодлууд дээр нэмээд хэвлэл мэдээллээр ил болсон бодлуудыг нэмж цуглуулна. Гэхдээ эзэдтэй нь заавал холбоо барина гэж бодож байна. Улмаар цугласан бодол төсөөллүүдээс уншигч олондоо эхнээс нь танилцуулж, хүлээн авч сонирхон саналаа илэрхийлж, бас бодлын шуурган давалгаанд тодорхой бодол төсөөлөлтэй орж ирэхийг урьж байна. УИХ тарлаа, дараа нь мэдээж ээлжээ хүлээсэн эрхмүүд хоолондоо гүйгээд орохыг ард түмэн хүлээж авахгүй, зөвшөөрөхгүй нийгмийн сэтгэлгээ бий болно. Тэгэхээр шинээр тогтолцоо босох нь ойлгомжтой. Хувь хүмүүсийн ирүүлсэн салангид үзэл бодол, төсөөлийг өнөөдрөөс танилцуулж эхлэх болно. Хуучин тогтолцооноос шууд л шинэ тогтолцоонд шилжих боломжгүй, завсрын үе хэрэгтэй гэсэн үзэл бодол ч явж байгаа учраас бүхнийг нээлттэй мэдээлнэ. Энэ бүхэн шинэ үндсэн хуулийн концепц боловсруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Бодлоо илэрхийлсэн дарааллаар иргэн Д.Батнямын үзэл бодлыг толилуулж байна. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй, түүндээ үнэнч байдаг. Эл шалтгаанаар бусдын үзэл бодлыг шүүмжилсэн сэтгэгдлийг хүлээж авах хэрэггүй. Харин шинэ санаа дэвшүүлсэн хувилбарыг хэвлэн нийтэлж, тодруулах асуулт, тодорхой санаа саналыг хүлээн авч зохиогчид дамжуулах болно.

ИРГЭН Д.БАТНЯМЫН БОДОЛ, ТӨСӨӨЛӨЛ

Төрийн дээд эрх мэдэл ард түмэнд байна. Төрийн эрх барих Засаглал хоёр танхимтай байна. 1. Дээд танхимын гишүүдийг баг хороо бүр шууд, илээр сонгоно. Улс төрийн нам, эвсэл нэр дэвшүүлэхийг хориглоно. Дээд танхимын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа зургаан жил байна. 2. Доод танхим нь одоогийн УИХ шиг байнгын ажиллагаатай байна. Доод танхим 51 гишүүнтэй байна, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа дөрвөн жил байна. Доод танхимын гишүүдийг улс төрийн намууд жагсаалтаар нэр дэвшүүлж, пропорциональ системээр сонгоно.

3. Доод танхимд олонхын суудал авсан нам, тэдгээрийн эвслүүд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх, төрийн өндөр албан тушаалд боловсон хүчнээ нэр дэвшүүлж дээд танхимд санал болгох эрх олж авна.

4. Төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигчийг дээд тамхим хэлэлцэж батална. Энэ нь албан хариуцлагаар эргүүлээд огцруулах эрхийг дээд танхим эдлэнэ гэсэн үг болно.

5. Төрийн өндөр албан тушаалын томилгоо дээд танхим дээр явагдаж байгаа болохоор намаас хараат бус ажиллах нөхцөл бүрдэнэ.

6. Доод танхимын бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь дээд танхимынхаас зөрүүтэй, бага байгаа нь улс орны хөгжлийн хэтийн бодлогыг дураар өөрчилдөг арга замыг хааж, төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж үлдэх нөхцөл бий болгоно.

7. Ерөнхийлөгчийн нэрийг доод танхимаас санал оруулж дээд танхим баталгаажуулна. Ерөнхийлөгч бэлгэдлийн чанартай субьект байна. Д.Батнямын бодол төсөөлийг ерөнхийд нь сийрүүлж товчоолон нийтлүүллээ. уншигчид та бүхэн, өөрсдийн төсөөллийг tserenkhuui@gmail.com хаягаар ирүүлэхийг уриалж байна. Жирийн иргэд, албан тушаалтан, эрдэмтэн мэргэд, судлаачид, эсвэл эгнээний ажилчид,малчин гэж ялгавар гаргахгүй, нэг л түвшинд авч үзнэ гэдгийг дашрамд батлан илэрхийлж байна. үндсэн хууль бол бүх ард түмний бүтээл!

ДҮГНЭЛТИЙН ОРЧИНД

Mанайд эдийн засгийн эрх мэдэл цөөнхийн гарт орж, дундад зуунд Италийн төрд ноёрхож байсан “Санхүүгийн дарангуйллын пирамид” маягийн тогтолцоо үүссэн нь бодитой. Энэ тогтолцоог халж, ард түмний Засаглал тогтоох түүхэн үйлийн хаяанд тулж ирцгээлээ. Алгуурлаж болохгүй авч асар нарийн механизмтай, ардаа гаднын хамгаалалттай, санхүүгийн хүчтэй эх үүсвэртэй аварга машинтай ард түмэн сөрөн зогсож буйгаа мэдэрцгээх нь чухал боллоо. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх (ЖДҮХ) болон бусад 20 гаруй сан бол тэр аварга сүлжээний хамгийн жижиг нь. Авлигын бүхэл бүтэн систем аварга том тээрэм шиг эргэлдэж, ард иргэдийг хивэглэн бутлаж байна.

1. Олигархууд, оффшоорчид хилийн чанадад, том корпорацуудтай сүлбэлдэж эх орны газар доорхи баялгийг цөлмөн зөөж, олсон ашгаа хилийн гадна нууж байна.

2. Дунд түвшний олигархууд гаднаас орж ирсэн төсөл болон дотоодын төсвийн эх үүсвэрээр зарлагдсан тендрийг эзэрхийлэн авч сан байгуулах замаар хөрөнгийг нь завшиж байна. Хот дахин төлөвлөлтийн сан гэхэд л хэдэн зуун тэрбумаар яригдах жишээтэй.

3. ЖДҮХ болон бусад 20 гаруй сан нь том завшигчдын тогоонууд дундаас хамгийн жижиг нь юм. 10 гаруй сангаас зувчуулсан мөнгөн хөрөнгө л гэхэд даруй 600 мянган өрхийн, жирийн иргэдийн гарааны бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэрт хангалттай хүрэлцээтэй байж гэсэн тооцоог эдийн засагчид баримтанд тулгуурлан гаргалаа. Аливаа эдийн засгийн төвлөрөл нь төр байдаг болохоор санхүүгийн дээрх их хэмжээний эх үүсвэрийг ард иргэд гартаа оруулах арга механизм нь төрийн бусармаг тогтолцоог сууриар нь шинэчлэх явдал юм. Өөр сонголт байхгүй, байж болохгүй!

A

Жижиг

A

Дунд

A

Том

ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО.

 0 сэтгэгдэл


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Азийн хөгжлийн банкны институт, Японы шударга худалдааны хороотой хамтран 2019 оны 7 дугаар сарын 09-өөс 10-ны өдрүүдэд Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын 15 дугаар дээд хэмжээний уулзалт /ЕАТОР/-ыг Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам, Агентлагийн удирдлагууд болон БНХАУ, БНСУ, Малайз, Индонез, Тайланд, Вьетнам, Япон, Сингапур, Филиппин, Индонез, Австрали, Мянмар, Лаос, Канбожи Улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.

“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болно.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус хөнгөлөлттэй үнээр сувилалд эмчлүүлэх эрхтэй

Сувилуулах шаардлагатай гэсэн эмчийн бичиг хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” юм

 0 сэтгэгдэл


Урин дулаан зун цаг ирэхтэй зэрэгцэн амралт, сувиллын газрыг зорих урсгал нэмэгддэг. Гэхдээ сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаа ашиглан нас харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр рашаан сувилалд явах эрхтэй гэдгийг та мэдэх үү.

Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой болохыг албаны хүмүүс хэлж байна. “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг тусламж, үйлчилгээг өөрийн эрэлт хэрэгцээнд тохируулан авах боломжтой. Тиймээс рашаан сувиллын тусламж үйлчилгээг авах эрх нь бүрэн нээлттэй. Зөвхөн ахмад настнууд амарна гэсэн журам байхгүй учраас нас харгалзахгүй гэсэн үг. Тухайн даатгуулагч даатгалын гэрээтэй эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангаар дамжуулан үйлчилгээ авах боломж нь нээлттэй” хэмээн ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн ярилаа.

Сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж буй хүмүүс нэн түрүүнд аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эмчээр “сувилуулах шаардлагатай” гэсэн илгээх бичиг авах ёстой. “Эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд л хэвтэн эмчлүүлнэ” гэдгийг ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн онцлон сануулж байлаа. Учир нь рашаан сувилалд сувилуулах боломжгүй эсрэг заалт гэж байдаг аж. Тодруулбал, хэт өндөр даралттай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай юм уу, хавдартай хүмүүс сувилалд явж болохгүй. Иймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлээд “Рашаан сувилалд явж болно” гэсэн тодорхойлолт авах нь хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” болох юм. 

ЭМД-ЫН САНГААС 110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ

Нэг сувиллын ор хоногийн төлбөр 40 мянган төгрөг байлаа гэж бодоход, долоо хоног сувилуулахад 280 мянган төгрөг төлөх шаардлагатай болно.

Өнгөрсөн онд сувилалд эмчлүүлсэн хүмүүст 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Үүнээс 110 мянган төгрөгийг нь хасуулаад үлдсэн мөнгөө өөрөө төлөх зарчмаар энэхүү хөнгөлөлт хэрэгждэг. Тиймээс сувиллуудын ор хоногийн төлбөрөөс хамааран даатгуулагчийн төлөх мөнгө харилцан адилгүй байх юм.

Өнгөрсөн онд 91,400 хүн рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ЭМД-ын сангаас 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөнгөлөлт эдэлсэн хүмүүсийн нас, хүйсийн талаарх дэлгэрэнгүй тайланг нарийвчлан гаргадаггүй болохыг албаны хүмүүс хэлж байсан юм. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа сар бүр төлснөөр ЭМД-ын сангаас 16 төрлийн үйлчилгээ авах эрх үүснэ. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Энэхүү үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрөл байдаг аж. Тодруулбал, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авах боломжтой. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж сэргээн засах сувилалд хэвтэх, рашаан эмчилгээ хийлгэх, эсвэл шавар эмчилгээнд явах эсэхээ сонгон үйлчлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 50 гаруй рашаан сувиллын газар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний 29 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр газрын нэр, хаяг болон холбоо барих утасны дугаарыг ЭМДЕГ-ын цахим сайтаас (www.emd.gov.mn) авах боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүй боловсролын завхрал

Боловсролын салбар үе үеийн сайдуудын тоглоомын талбар байх ёсгүй

 0 сэтгэгдэл


Танил маань “Надад үр хүүхдэдээ өвлүүлээд байх үнэтэй эд хэрэглэл алга. Тэгэхээр боловсролд нь л илүү анхааръя. Багаас нь сайн багшийн ангид оруулж, толгойд нь жаахан мэдлэг хийгээд өгчихвөл алсдаа сурсан зүйлээрээ хоолоо олж иднэ биз” гэж ярилаа. Түүн шиг эцэг, эх олон. Гэхдээ манай боловсролын чанар эцэг, эхчүүдийн хүсэж буй шиг сайн байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь суурь боловсролыг нь чанартайхан тавьчихвал хүүхэд аяндаа сурдаг гэж насаараа багшилсан эмэгтэй ярьж суухыг сонсож билээ. Гэтэл сүүлийн үед туршиж буй олон сургалтын хөтөлбөрт эцэг, эхчүүд толгой нь эргэчихээд байгаа. Олон хөтөлбөр туршсанаас болоод боловсролын чанар илт дордсон талаар хэн хүнгүй ярих боллоо. Боловсролын салбарыг толгойлсон сайд бүр дур зоргоороо загнаж, янз бүрийн хөтөлбөр гаргаж туршсаар байтал хэн ч биш хярамцаг болж гүйцлээ.

Ё.Отгонбаяр сайд байхдаа санаачилж хэрэгжүүлэхээр зорьсон “Кембрижийн хөтөлбөр” хөрсөндөө огт буугаагүй. Багш нар хүртэл энэ хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй гэж шүүмжилдэг.

Зарим нэг багшийн хэлж буй нь Барууны боловсролын систем Монголд тийм ч сайн тохирохгүй. Манай монгол хүүхдүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй. Барууны боловсролын хэв маяг бол нэлээд задгай, нээлттэй, хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн байдаг. Тэгэхээр “Кембриж” бол төдийлэн нийцэхгүй хөтөлбөр шиг санагддаг хэмээсэн юм.

БАГА АНГИЙНХНЫ ЦҮНХТЭЙ АЧАА ХӨНГӨРӨХ ҮҮ

Одоо явж буй “Цөм” хөтөлбөр хэдийгээр агуулга сайтай болсон ч сурах бичгийн алдаа мадаг нь тамтаггүй гээд өөлөх зүйл гарч ирсээр. Түүхийн хичээлийн агуулга ч бүр түүхийрч гүйцэж. Элсэлтийн шалгалтад түүхийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн нь бүдэрсэн тухай хэн хүнгүй ярьж байна.

“Цөм” хөтөлбөр хэрэгжүүлснээр бага ангийнхан цүнхээ даахаа байсан. Багаас нь даахааргүй хүнд ачаа үүрүүлж, мэдлэгээр бөмбөгдсөөр байтал мэдрэлийн ядаргаанд орж дууслаа. Хичээл дээрээ баахан юм судлахын хажуугаар элдэв төрлийн дугуйлан, сонгон гээд насандаа ахадсан ачаа үүрээд зарим хүүхэд залхдаг бололтой юм билээ. Нэг ёсондоо энэ хөтөлбөр бол  Японы боловсролын системээс хуулбарласан хэлбэр. Багш нар “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа ямар сурах бичиг хэрэглэхээ мэдэхгүй хэсэгтээ л мунгинасан. Хөтөлбөртөө тохирсон агуулгатай сурах бичгээ боловсруулж, хэвлэж амжаагүй болохоор бид хүүхдүүдийнхээ өмнө юугаа барих вэ гээд зогсож байсан багштай ч таарч л байлаа. Анхнаасаа нарийн системтэй бодлого төлөвлөлтгүй, ямар эрдэм чадалтай, хүмүүжилтэй хүмүүс бэлтгэх вэ гэдэг зорилт, зорилгоо салбарын яам нь тодорхойлдоггүйн гайгаар хүүхдүүд хэлмэгдэж байна.

Ер нь манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох юм алга. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. Эцэг, эх бидний ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ байдлыг одоогийн сайд Ё.Баатарбилэг засаж залруулахаа амлаад байгаа.

• Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. 

• Боловсролын чанарын үнэлгээгээр Өмнөд Солонгос эхний байрт араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. 

• Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо.

“Цөм” хөтөлбөрийг цөмлөнө гэж сайд болмогцоо ам алдсан нь олны анхаарлыг татсан. Энэ амлалт хэрэгжиж, багачуудын ачаа бага зэрэг хөнгөрвөл ядаж нурууны өвчин тусахгүй байх. Нэг жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ үед олон ажил хийж, алдаа дутагдлыг нь засаж залруулна гэдэг амаргүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж бүр дордуулчихаж мэдэх юм. Багш нартай уулзахаар Финландын боловсрол чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Энэ улсын боловсролыг нутагшуулж болох эсэх талаар судалж байгааг хэлж байсан. Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм.

200 ОРНООС 81 ДҮГЭЭРТ БИЧИГДСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАР

Элсэлтийн шалгалтад хамгийн бага оноо авсан нөхдүүдийг багшийн сургуульд оруулчихдаг байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, арай дөнгүүр хүмүүсийг элсүүлэхээр болсон нь саяхны шийдвэр. Тэгэхээр өнөө бага оноотой багшийн сургуульд элсэж байсан нөхдүүд одоо бидний хүүхдэд хичээл зааж байгаа гэсэн үг. Багшийн эрдэм шавиас гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Багш нь мундаг байж л хүүхэд нь мэдлэг чадвартай иргэн болох ёстой. Гэтэл зарим багшийн мэдлэг, заах арга барил дулимагхан байдаг нь нууц биш.

Өнгөрсөн сард улс даяар элсэлтийн шалгалт болж, эцсийн дүн гарлаа. Энэ эцсийн дүнгээс сургалтын чанар, чансаа ямар байгаа нь харагддаг. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Сурлагын чанар өнгөрсөн жилийн жишиг л байлаа” гэж бөөрөнхийлөв. Тэгэхээр яг тодорхой үнэлэлт өгч чадахгүй байна. Дэлхий нийтэд манай боловсролын чанарын үнэлгээ ямар түвшинд байдаг талаар интернэт ухаж сонирхлоо. Олон улсын боловсролын мэдээллийн сангийн судалгаагаар 200 орноос 81 дүгээрт бичигджээ. Эхний байрт Өмнөд Солонгос, араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. Монголчуудын хуучин нийгмийн үед мөрдөж байсан хойд хөршийн боловсролын систем тэгэхээр муугүй байсан нь энэхүү жагсаалтаас харагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, агуулгаа өөрчилсөн ч нэг дор ааг амьсгаагүй зүтгээгүйг орос сургуульд нэлээд хэдэн жил багшилсан эмэгтэй ярьж байв. Хойд хөрш 11 жилийн боловсролын систем рүү алгуур шилжсэн хэдий ч тухайн хүүхдэд хүнд ачаа үүрүүлдэггүй аж. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг бөгөөд чөлөөтэй, нээлттэй болгоход их анхаардаг юм байна. Анги бүрийн хүүхдийн тоог тогтоосон стандартаар нь мөрддөг агаад хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Орос школыг манай боловсрол яаж гүйцэх юм бэ хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн. Манайх шиг нэг ангид 50 хүүхэд чихэж суулгачихаад багш нь самбарын өмнө бархираад байж байдаггүй л юм байна.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БА БҮХЭЛ МАХ

Манай боловсролын салбарт долоо хэмжиж нэг огтолсон 20, 30 жилийн системтэй бодлого хэрэгтэй байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж 2014-2024 он хүртэл хэрэгжүүлэх ёстой баримт бичиг бий. Энэ баримт бичигт багш ямар байх вэ, сургалтын агуулга нь ямар байх, анги дүүргэлт, хүүхдийн суурь хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх талаар ерөнхийд нь ганц өгүүлбэрээр тусгачихсан болохоос стандарт, нарийн шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой оруулж өгсөнгүй. Тухайлбал, тус баримт бичгийн 1.2-т Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн байгаа юм.

Ийм хүмүүжилтэй, ийм бие хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн нарийн тодорхой заалт байхгүй. Нэг ёсондоо бүхэл мах шиг л юм болж дээ. Эмх цэгцтэй, алсын хараатай хүнийг хүн болгож төлөвшүүлэх бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Бас багш бэлтгэхдээ тодорхой бодлого барих хэрэгтэй болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна

 0 сэтгэгдэл


Universe Best songs 2010 тэмцээнээс од болон гялалзсан дуучин П.Баярцэнгэл яг одоо Holly dolly-г дуулсаар тайзан дээр гэрэлтэж байна. Хоолой нь сөөсөн байгаа нь “Яг түүн шиг” шоуны финалын бэлтгэлтэй холбоотой болов уу. Тэрбээр сайн жүжигчин, өвөрмөц дуучин гэдгийг бид андахгүй. Мөн Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны анхны шилдэг оролцогч билээ. Ингээд жүжигчин, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.

-“Яг түүн шиг” шоуны тайзнаа эргэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ шоуны хамгийн анхны дугаарт оролцож байсан бол одоо сүүлийнхэнд нь мөн оролцож байна. Эхлэл бас төгсгөлд нь байгаадаа таатай байна. Энэ бол нэг үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Тэгвэл хувирахад хамгийн хэцүү дүр аль нь байв?

-Ер нь бүх л дүр амаргүй байсан. Анхны шоунд сүүлийн шатны Бруно Марсын ялагч болдог үзүүлбэр маш хэцүү байсан. Харин энэ шоунд Лэди Гагаг дуурайх амаргүй байлаа. Бүжгийн бэлтгэлээс авахуулаад дуулалт гэх мэт зүйлс хүндрэлтэй байсан.

-Та Бруно Марсыг дуурайгаад ялагч болсон. Мөн энэ улиралд Лэди Гагагийн Аlways remember us this way дуугаар түрүүлсэн гэхээр хэцүү хүнд байх тусам танд ээлтэй байдаг юм биш үү?

-Бэлтгэл их хийж, маш их хичээсэн болохоор тэр юм болов уу (инээв).

-Энэ жилийн шоу анхныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоунд өмнө нь 10 дугаарыг давж ялагч болсон шилдгүүд оролцож байгаагаараа  онцлог. Туршлагатай хүмүүс байгаа болохоор илүү үзүүштэй, өрсөлдөөнтэй, чанартай сайхан болсон болов уу. Мөн Боловсрол телевиз шоунд анхаарлаа сайн хандуулсан байна лээ. Тайз засал, цаашлаад хамт ажиллаж буй багийн хувьд ч тэр бүх зүйл нь илүү шинэлэг болсон байна.

-Бруно Марсаар гайхшируулж байсан үе саяхан санагдаж байна. Финалын бэлтгэл хангагдсан уу. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Бэлтгэл дажгүй ээ. Финалын бэлтгэлээс болоод хоолой сөөчихөөд явж байна даа. Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна. Үзэгчдэдээ финал дээр гэнэтийн бэлэг барина аа.

-Шоугаа дуусгаад уран бүтээлдээ орох уу?

-Одоо ч гэсэн уран бүтээлдээ анхаарал хандуулж байна.

-Ёодлоо хэзээ ч орхихгүй гэж байсан. Ёодлоороо уран бүтээл хийж байгаа юу?

-Одоогоор барьж авсан уран бүтээл алга. Ерөнхийдөө ярьж тохирсон зүйлүүд бий. Хийж дуусгаад л мэдэгдэнэ дээ.

-Та ёодлыг цаашид хөгжүүлэхийн тулд багшлах бодол бий юу?

-Ёодлын фестивальд явахад 10 мянга орчим хүн оролцсон. Дийлэнх нь европчууд байна лээ. Ер нь Азид ёодлын хөгжил муу. Тэр дундаа Монголд энэ төрөл огт хөгжөөгүй. Тиймээс суръя гээд ирсэн хүнийг түлхэхгүй ээ. Гэхдээ онол талаас нь зааж чадахгүй байх. Учир нь би өөрөө youtube багштай, сонсголоороо сурсан хүн шүү дээ.

-Цөөнгүй кинонд тоглоод амжсаныг мэдэх юм. Уран сайхны кинонд хэчнээн дүр бүтээгээд байна вэ. Өөртэйгөө төстэй дүрд төглож байв уу?

-Яг тоолж байгаагүй юм байна. Анх 2011 онд “Аз жаргалын эрэлд” гэдэг кинонд тоглож байлаа. Надад ихэвчлэн хөгжилтэй талын дүр оногддог юм. Энэ нь амьдрал дээр зохиолынхоо баатартай төстэй шинж юм уу даа. Ерөнхийдөө найруулагч хүн зохиолоо уншчихаад баатартай нь тохирох хүнийг сонгодог учраас бүх дүрд төстэй тал бий.

-Та дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэж ярилцлагадаа өгүүлж байсан. Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж авсан уу?

-Одоогоор айхтар мэдэгдсэн юм алга. Гэхдээ дуу хуурт их дуртай. Саяхан манай хоёр морин хуур нэхсээр байгаад авахуулсан. Хоёулаа бие биедээ таарсан жижиг морин хууртай болсон. Хэрэв өөрсдөө сонирхоод байвал цаашдаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Та хүүхдүүддээ ёодол зааж өгөх гэж оролдож байв уу. Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Оролдож байгаагүй. Гэр бүлдээ бол цаг сайн зарцуулдаг. Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.

-Хэзээ ч санаанаас гардаггүй, сэтгэлд хоногшсон бага насны дурсамжаасаа хуваалцвал?

-Манай аав Пүрэвсүрэн гэж соёлын тэргүүний ажилтан, дуучин хүн байдаг юм. Сүхбаатарын соёлын ордон гэж байхад гавьяат Ш.Чимидцэеэ гуай аавтай хамт ажилладаг байлаа. Би таван настай байсан юм. Тэр үед манай жаазанд Ш.Чимэдцээеэ гуайн аавтай авахуулсан залуугийн зураг нь байдаг байв. Нэг өдөр би тэр зургийг ширтээд их уджээ. Аав анзаарчихаад “Миний хүү юу харсан юм” гэсэн чинь “Гүй ээ мөн сайхан хүүхэн юм аа” гэсэн гэдэг. Аав ээж хоёр одоо хүртэл үүнийг ярьж шоолдог юм.

• Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ. 

• Энэ удаагийн шоунд Лэди Гагаг дуурайх хамгийн хэцүү байлаа. 

• Нэгэн үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу. Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Та багадаа ямар хүүхэд байв. Ямар хичээлд дуртай байсан бэ?

-Мэдээ орсон цагаасаа л дуу хуур, урлаг, уран сайхан, хөгжимд өлгийдүүлсэн. Тиймдээ ч хичээл номонд нэг их дуртай биш. Зохиолын дуу сонсох дуртай. Тэр дундаа дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлангийн дууг их сонсдог хүүхэд байлаа. Урлагийг хайрладаг, хүндэлдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Та урлагт ийм их хайртай мөртлөө яагаад дуучин биш жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би хоёуланг нь хослуулж байна. Энэ л миний харсан ирээдүй юм даа. Дуучин хүмүүс ихэвчлэн дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ олон талын авьяастай байдаг. Тиймээс тал бүрийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна, жүжигчний мэргэжил эзэмших хэрэгтэй гэдэг үүднээс 2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд төгссөн. Үндсэн мэргэжлээсээ гадна дуулалтаа хөгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй.

-Хамгийн анхны бүтээлээ хийчихээд өөрөө үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Сайн санахгүй байна. Гэхдээ их л ичиж байсан болов уу. Яагаад гэвэл тэр үед мөнгө багатай болохоор энд тэндээс гуйж түүж байгаад чанар муутай бүтээл хийж билээ. Үүнээс илүү гоё хийсэн бол гэсэн бодол төрж байсан шүү.

-Танд үлгэр дуурайл авдаг урлагийн хүн бий юу?

-Дэлхийн болоод Монголын үе үеийн шилдэг дуучид, жүжигчдийг хүндлэлгүй яахав. Тэр дундаа Жеки Чаныг хамгийн ихээр хүндэлдэг. Тэр хүн бол агуу жүжигчин, мөн мундаг тамирчин. Зургаан хэлээр ярьдаг, муугүй мэдлэгтэй хүн. Хамгийн гол нь хөдөлмөрч, тэвчээртэй. Олон удаа ясаа хугалж байсан мөртлөө хэзээ ч шантарч кино урлагийг орхиогүй. Түүний авьяас, хөдөлмөр, тэвчээрийг хүндлэхгүй байхын аргагүй.