A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1789/

БОЙКОТОО ЗОГСООЖ АЖЛАА ХИЙЦГЭЭ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1789/


Бодит байдлын түүхийг эргэн санацгаая. Хэн ч мартаагүй, бэх нь ч хатаагүй байна.

Төрийн албан тушаалыг ханш тогтоон худалдах, намаа санхүүжүүлэх аймшигт хэргийн зохиолч, төслийн удирдагчаар Монгол Улсын парламентын дарга өөрөө тодорсон. Ямар зорилгоор бичлэг үйлдсэн юм бэ? “Намын санхүүжилтийг би босгосон, төрийг 30-40 жил гартаа атгах мастер төлөвлөгөөний эцэг нь би юм шүү” гэдгийг л хожмын өдөр байн байн баримтаар сануулж байх утгаар хийсэн нь үнэн биз дээ? Духан дээрээ төрийн тамгатай хаан болохыг зорьсон нь худлаа юу? УИХ-ын дарга М.Энхболд өөрөө, тийм юм болоогүй, энэ бол эвлүүлэг гэж гүрийж хэсэг хугацаа авснаа, үнэнд гүйцэгдэж хэргээ хүлээсэн. Эрүүл саруул улстөрчидтэй улс оронд ийм зүйл тохиолдсон бол хэрхэх байсныг бүгд мэднэ. Өвчтэй төртэй монголд, дэлхийд байхгүй юм дандаа л гарч байдаг болохоор нөгөө гайхал М.Энхболд нь сандарсан. Сандрангуутаа “Тийм схем байсан, гэхдээ хэрэгжээгүй” гэж гүрийсэн. Асар басар нохойнууд нь халаасанд нь оршдог хууль цаазын байгууллагатайгаа нийлээд хамгаалсан.

Өөрсдийгөө хамгаалах гэж өөрсдөдөө зориулан гаргасан хуулийн заалтыг бамбай болгон барьж зогсоцгоосон. Тусгаар тогтносон улсын төр, хууль тогтоох дээд байгууллага арай ч ийм байж болохгүй хэмээн санаа нь зовсон хэдэн залуу гишүүн, нам харгалзахгүй эрслэн тэмцэхээр боссон. М.Энхболд зүгээр суусангүй, Засгийн газрыг огцруулах өргөдлийг өөрөө санаачилж, өөрөө гарын үсгээ зурж, баруун гараараа зүүн гартаа өргөн барьж, улс төрийн хуйвалдаан (intrico) зохион байгуулж хуралд асуудлыг өөрөө оруулж ирсэн. Гэвч УИХ-ын олонх санал нэгдэн Засгийн газрыг огцруулсангүй. МАН хуралдаж гишүүдийн 95 хувь нь М.Энхболдод итгэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэв. УИХ-ын гишүдийн 55 хувь нь түүнд итгэхгүй байгаагаа илэрхийлж, гарын үсгээр мэдэгдлээ баталгаажууллаа. Ард түмэн, сонгогчдын 90 гаруй хувь нь М.Энхболдыг огцрохыг шаардаж дургүйцлээ илэрхийллээ гэсэн судалгааны үр дүн яван явсаар сүрт жагсаал болон хувирав. Энэ нь дэлхий нийтийн анхааралд орж "Улаанбаатар халуун цэг" хэмээн нэрлэгдэв. Шинэ жилийн мэндчилгээг нь сошиалчид хүлээж авсангүй бойкотлож  элдвийн хараал зүхлээр дүүрсэн комментоор хариу барив.

Энэ нь олон улсын конвенциор бол 48 цагийн дотор огцрох үндэслэл, нийгэм зүйн хэлээр вотум юм. Тэглээ ч М.Энхболд огцорохгүй гэдгээ дахин мэдэгдэж, харин ч өөрийг нь шүүмжилсэн найз нөхдөө халаасныхаа шүүхэд өгөв. М.Энхболд эйфорийн байдлаасаа гарч чадахгүй байсаар. Ухаандаа М.Энхболд хүн хутгалаад хөнөөчихсөн байсан ч огцруулж болохгүй хуультай орон юм байна. Үйл явдлын өрнөлт гэвэл нэг иймэрхүү.

М.Энхболд яагаад огцрохгүй, суудалтайгаа зууралдаад байна? Энэ зөвхөн сандал суудлын хэмжээний асуудал уу? асуулт энгийн ч хариултыг эрээд эхлэхээр олон түмний бодож буйгаас ч илүү ноцтой байж болох үндэслэлүүд гарч ирж байна. Зарим нь ч түрүүчээсээ ил болоод эхлэх шиг боллоо. Ер нь яагаад гэдэг асуултад  хариулах албатай юмуу? Юуны өмнө, М.Энхболд нэг талаас олон том хэргийн хаалт болохоос аргагүй болчихоод, нөгөө талаас урьдчилж авсан их хэмжээний мөнгөнд дөнгөлөгдчихөөд яаж ч чадахгүй байгаагаа бараг л өөрөө хэлчихлээ. “Албан тушаал эрх мэдэлд шунаад байгаа юм байхгүй, гэхдээ одоохондоо болохгүй байна” гэдгээ тэр хэлсэн.

“УИХ-ын гишүүдийн кноп л гэхэд нэг тэрбумд хүрч л байсан, би суудлаа тийм хямд өгөхгүй ээ” гээд байх шиг л санагдав. Гэхдээ ер нь тэр яагаад суудлаасаа буухгүй байгаа нь тийм онц чухал юмуу? тэртэй тэргүй буусных нь дараа ил болоод л ирнэ. Бүдүүн хадуун, муугаар бол бүдүүлэгдүү тэрбээр заримдаа үнэнээ пүл пал хийтэл хэлчихдэг хүн л дээ. Найз нөхдийн мафи маягийн сүлжээ үүсэн уулзацгаадаг болоод 10 жил болж байгааг хэлсэн, өөрөө толгойлогчийн нэг гэдэг утгыг ч хэлж л байсан. 60 тэрбумын хэрэг үнэн гэдгийг ч бас мэдэгдсэн. Одоо дөнгөнд байгаа тухайгаа бас л хэлчихлээ. Албан тушаалаа өгч болохгүй байгаагийн бас нэг гол шалтгаан бий, тэр нь цаг хожих, магадгүй байдал эргэхийг  хүлээзнэх башир арга юм. Урд хөрштэй ч юмуу өөр сувгуутай мэдээлэл солилцсон, тэндээс ирэх хариуг хүлээзнэж байгааг ч үгүйсгэхгүй. Энэ бүхнийг ард түмэн мэдрээд ам дамжуулан ярьцгааж байна. Т.Бадамжунай ор сураггүй алга болсон гэдгийг түүний найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэллээ. Сонин юм их болж байна.

Эцэст нь ерөнхийлөгчийн зүгээс М.Энхболдод зориулсан хууль санаачлахаар тохиролцсон юм биз дээ! үнэтэй юмаа, аргагүй. Тусгаар тогтнолоор, хил хязгаараар, Эрдэнэтээр л битгий үнэлчихсэн байгаасай билээ л гэж залбирахаас.  УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Үндэслэлгүй хуулийн төслийг авч хэлэлцэхгүй” гэж гүрийлээ. Ерөнхийлөгч үндэслэлгүй л юм хийгээд мунгинаад яваа юм байна л даа.

Өөр бас нэг хардлага байгааг энд хавчууллаа, энэ нь олонхын бүлэгт туршуул шургуулсан, дотроос нь хагалан бутаргах үүрэг хүлээсэн тухайд юм. Хямралын ард нь М.Энхболд огцорлоо, М.Энхболдын дараа яах вэ гэдэг дээр санаа зовнин нэгдсэн олигарх бүлэглэлийн явуулга байгаа болж таарах гээд байна. Үүнтэй уялдуулаад бойкотчид өөрсдийгөө толинд хараад үз, анхаарал хандуулах үндэслэл байна гэсэн хэдэн асуудал байгааг хэлье!

1. АРДЧИЛАЛ гэгчийн үндсэн утга нь олинхиороо асуудлыг шийдэх, цөөнхийн саналыг хүндэтгэх явдал. НҮБ-ын үндсэн дүрмээр заачихсан үндэслэл нь энэ. НҮБ-ын дүрмийг угтаа бол энэ хэд зөрчиж байна гэсэн үг. Олонхиороо зохион байгуулалтад ороод спикерээ сонгоод улс орны тулгамдсан асуудлууд түүний дотор цөөнхийн саналыг олинхиороо хэлэлцээд төрөө гацаанаас гаргаад ард түмний цэгтээ тулсан бухимдлыг саармагжуулаад урагш алхам алхмаар ахиж яагаад болохгүй байна? дахин хуулийн хүрээнд л биз дээ. Тэгвэл НҮБ-ын дүрмээс  дээгүүр тавигддаг үндэсний хууль гэж байдаг юм уу?

2. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа залуу гишүүдийг яагаад үйлдлээрээ дэмжихгүй байна? Яагаад зэрэгцээд тэмцэхгүй байна? Саармагжуулах, бас цаг хожих бодлого яваад байгаа юм биш үү? Tөрийн хаалганы гадаа гарч зогсчихоод дотор байгаа гишүүддээ бичиг бичээд суух нь инээдтэй биш үү? уих бол институт, хаалганы гадаа байна уу, танхим дотор сууж байна уу ялгаагүй түшээд. Тэгвэл өөрөө өөртөө мэдэгдэл бичээд өөрөө өргөн барьдаг М.Энхболдоос ялгаатай нь юу байна. Бойкот бол сул зогсолт, танхимд орж суугаад өөр өөрийн шаардлагыг бичиж эсэргүүцлийн бяцхан панел хийн өмнөө тавиад шаардаад байвал үйлдэл болно, ялгаатай. Ингэж чадахгүй байгаагийн ард юу байна?

3. Бойкот хийж байгаа гишүүдэд төрөө цэвэрлэе гэсэн чин сэтгэл байгаа юмуу? Юугаар батлах юм? Ер нь ингэхэд бойкот гэж юу байдгийг мэдэж байгаа юмуу?

БОЙКОТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бойкот (boycott) утгаараа бол тэмцлийн арга биш, актион юм билээ. Цаг зуурын ажиллагаа гэсэн үг. Ялангуяа улс төрд орж ирэхдээ тулган шаардах агуулгыг илэрхийлдэг. Ардчилсан замаар явж байгаа улс орнууд хэрэглэдэггүй. Анх 1880 онд Английн газар эзэмшигч Чарльз Бойкотт Ирландын газар түрээслэгчдэд тулган шаардах бичиг хүргүүлэн газар эзэмшлийн ажиллагааг түр зогсоож байсан. Түүнээс л энэ үг үүссэн гэсэн үг. Тэр цагаас хойш дэлхийд үй олон бойкотууд гарч байсан түүхтэй. Гэхдээ парламентын олонх нь цөөнхийхөө эсрэг бойкот хийсэн тийм инээдтэй бойкот бол гарч байсангүй. Монгол Улс дэлхийн чихийг дэлдийлгэсэн олон зүйлийн анхдагч болдог болохоор дасал болчихож. Учир агуулгыг нь мэддэг хүмүүс л өмнөөс нь нүүрээ хийх газаргүй болтлоо ичдэг бололтой.

Ер нь АРДЧИЛАЛ гэж түрээ барьдаг улстөрчид ( үнэндээ жинхэнэ улстөрч манайд байхгүй), ардчиллын зарчмаар явах нь тун цөөн. Нэг жиргээчийн онож хэлснээр бол “зарчмаар биш даргын системээр л бүх юм явж байна”. Ард түмэн бараг бүхэлдээ, намын нөхдийх нь 95% нь, парламентын гишүүдийн олонх нь УИХ-ын даргад итгэл үзүүлэхгүй, огцрох ёстой гэж албан шаардлага тавиад шаардаад байхад “огцрохгүй ээ” гэж гүрийнэ. Учир нь тэр цөөнх дотор "дарга" байгаа. Парламентад суудалтай бас нэг намын бүлгээс хоёр гишүүн нь гарчээ. Хуулиараа  бол бүлэг бүрэлдэхүүнгүй болсон тухай УИX-ын даргад мэдэгдсэнээр бүлэг тарах хуулийн заалттай байтал бүлэг байгаа гэж гүрийцгээнэ. Учир нь бүлгийн "дарга" тэгж бодож байгаа учраас бүлэг тарахгүй. Бүлэг гээд байгаа юмных нь гишүүдийн тав нь буюу олонх нь УИХ-ын дарга огцрох ёстой гээд гарын үсгээ зурсан байтал, цөөнх дөрвийн шийдвэр хүчинтэй гэнэ. Учир нь тэр дөрөв дотор нь "дарга" байгаа болохоор тэр.

ТӨРИЙН ХЯМРАЛ "ТӨРЧДӨД" Л АШИГТАЙ

"Улс төрийн шийдвэр гаргалаа" гэнээ, юу яриад байгаа юм бол энэ АН? төрд суудалтай намууд бодлогын шийдвэр гаргаж болох, харин Засгийн газарт боловсон хүчин санал болгосон нам заримдаа улс төрийн шийдвэр гаргахад оролцох эрхтэй байдаг. Улс төрийн шийдвэр гэдэг нь төрийн шийдвэрийг хэлдэг. "Улс төрийн" гэдэг ухагдахууныг яаж ойлгоод байна аа? Политика буюу бодлого гэсэн утгатай орос үгийг л улс төр гэж ойлгоод эргүүтээд яваа хүмүүс юмаа даа! ийм сувсан мэдлэгтэй юмнууд л төрийн ордонд чихэж суугаагаас болж үндсэндээ төр хямарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн л "АН МАН бол төрийн хос багана мөн" гэсэн тодорхойлолт өгөхөөр саарал ордонд ямар хүмүүс суусаар ирсэн нь ойлгомжтой. Төрийн тогтолцооны суурь багана нь ард түмний удирдлага, үйл ажиллагааных нь үндэсийн үндэс нь фундаментал ухаан байдаг гээд дэлхийд нэртэй нийгэм зүйчид худлаа хэлчихсэн болж таарч байна уу?

УИX-ыг тараана гэнээ, ээлжит бус сонгууль хэнд ашигтай вэ? ганцхан жилийн дараа сонгууль болох гэж байхад сонгуулийн хуулиа ч гаргалгүй шууд дахин сонгуульд ордог ард түмэн гэж байх уу? УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар УИХ тардаг хуультайг мэдэхгүй улстөрч гэж байхгүй биз дээ? УИХ-ын 51 гишүүн уухай хадаагаа л гарын үсэг зурчихна гэдэгт солиотой хүн л итгэдэг байх.

УИХ-ыг тараах санал нь цаг хожих гэсэн улстөрчдөд л ашигтай санал. Одоо мөрдөгдөж байгаа хулиар бол уих тарлаа ч дараагийн сонгууль болтол парламент үйл ажиллгаагаа хэвийн явуулах ёстой гээд заачихсан байгаа. М.Энхболд огцрохгүй гэсэн үг. Мөнгөний завхарсан бодлого хэвээр, баялгийн тэгш бус хуваарилалт жинхэнэ утгаараа цагаандаа гарна, гаарна гэсэн үг. Том гарын хулгайчууд арга учраа олох маневрын цагтай болно. Зарим нь Т.Бадамжунай шиг ор сураггүй aлга болно. Ард түмний байдал сайжрахгүй. Ингэхэд, төр хямрахад ард түмэн ямар буруутай юм бэ? Буруугүй юм бол дахин сонгууль хий гэж ард түмэнд яагаад тулгаад байгаа юм бэ? гэсэн асуултыг дахин тавъя!

ҮНДЭСНИЙ ТӨРТЭЙ БАЙХЫН УЧИР ХОЛБОГДОЛ

Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн талаар судлаачид янз янзаар л ярьцгааж байна. Түүн дээр нэмээд хоёр үндэслэл хэлье! Энэ санааг одоохондоо хэн ч хэлж  чадаагүй байна. 

1. Үндсэн хууль чадлаа барчихаад цааш явах аргагүй болчихоод байгаа юм биш л дээ. Үндсэн хуулинд суурь алдаа байгаад л хамаг учир байна. Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй хэн ч үүнийг олоод харчихна. Монгол Улсын баримталсаар ирсэн цаашид ч баримтлах эрх зүйн орчин нь роман-германы эрх зүй. Гэтэл энэ эрх зүйд байхгүй, төрийн өндөрлөгүүдэд эрх мэдэл тэгшитгэн хуваарилах, биесээ  тойруулан хянах монгол үндэсний үйлдвэрлэлийн концепцыг үндсэн хуулинд шигтгэсэн. Энэ бол суурь алдаа. Үүний уршгаар эрх мэдлээ булаацалдсан өндөрлөгүүд төрийг хямруулж байна. Улстөрчид, зарим арай гайгүй хэсэг нь тогтолцоог сууриар нь өөрчлөх шаардлагыг тавьж эхэлсэн нь сайн хэрэг. Холимог тогтолцоотой байх, харин германы сонгодог хэлбэрийг жишиг болгохоо зогсоож Францын үндэсний үзэлд тулгуурласан, Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог чиг баримжаа болгон үндсэн хуулиа өөрчлөөд цааш хөгжих нь залшгүй нөхцөл болоод тавигдчих шиг боллоо. Парламент хоёр танхимтай болж, ард түмний төрөө шууд удирдах эрхийг нь хангаж өгөх ёстой. Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарын яриад байгаа парламентын засаглалтай улс гээд байгаа нь худлаа үг, мэдлэггүй хүмүүсийн яриа. Сонгодог парламентын засаглал гагцхүү хаантай оронд л байдаг юм. Манайд хаан байхгүй л дээ. М.Энхболдын ачийг ч билүү хаан болгох гэнэ гэсэн цуу яриа яваад байсан, эсвэл үнэн юмуу? Монгол Улс одоо ч холимог засаглалтай байгаа.

2. Төрийн өндөрлөгүүдээ зөв тогтоох ёстой. Ерөнхийлөгч, парламент, шүүх засаглал нь төрийн өндөрлөг болохоос Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд гурвыг хэлдэг юм биш. Ер нь монголын улстөрчид, гул баригчид ард түмний тархинд суулгасан үндэсний үйлдвэрлэлийн болхи онолуудаасаа салах цаг болсон. Үндсэн хуулийн цэц нь манаач биш. Манаачид хээл хахууль өгчихөөд л үндсэн хуулийн заалтуудыг дураараа хулгайлж, өөрсдийн ашиг сонирхолд зохицуулан ашиглаад байна. Үүнд цэг тавих цаг болсон. Цэцийг, үндсэн хуулийн шүүх болгон өргөжүүлж трибунал хэлбэрийн зохион байгуулалтад оруулах нь зөв юм шиг байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АН ЖДҮХС-гийн асуудлыг дахин оруулж ирнэ гэв

ЖДҮХС-г шалгахгүй гэсэн ч АН-ын гишүүд дахин оруулж ирэхээ мэдэгдэв

 0 сэтгэгдэл


Хоёр сар орчим гацсан УИХ-ын хэлэлцэх асуудал овоорчээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар олны анхаарлыг татаж буй УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бий болгох хуулийн төслийг хэлэлцсэн.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс тус төслийн “зэс нь цухуйж” эхлэв. Өөрөөр хэлбэл, уг хуулийг баталсан ч, үндсэн хуулийн цэц дээр очих магадлал бий аж. Энэ талаар Л.Энх-амгалан гишүүн “Энэ хуулийг батлаад ҮХЦ дээр очих магадлал өндөр. Тийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Өргөн барьсан Ерөнхийлөгч буруудах уу, баталсан УИХ хариуцлага хүлээх үү, дэмжсэн Засгийн газар асуудалд орох уу. Гишүүд дэмжээд хуулийг баталж, УИХ-ын даргыг огцрууллаа гэхэд дараа нь буруу хуулиар огцруулсан гэдэг асуудал үүснэ” гэсэн юм. Харин гишүүд түүний сануулгыг үл ойшоолоо. УИХ-ын хаврын чуулганы үеэр мөн ийм явдал болж байв. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр Д.Лүндээжанцан гишүүн үндсэн хуулийн зөрчилтэй тогтоол батлах гээд байна шүү хэмээн сануулсаар байтал гишүүд “нүдээ аньж” яаран сандран баталсан нь Цэц дээр унасан. Энэ удаад ч хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Лүндээжанцан гишүүн “Хууль чинь буруудаад Цэцээр хэлэлцэх бол би лав очихгүй шүү” гэж ундууцаж байсан юм. Ийн гишүүд үндсэн хуулийн зөрчил байгааг сануулж байна. Уг нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийн үзэл баримтлалд тус хуулийг үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцсэн гэж танилцуулсан юм.

Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Ж.Мөнхбат гишүүний гаргасан санал дээр гишүүдийн байр суурь зөрөлдсөн. Тэрбээр уг төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын даргыг нийт гишүүдийн гуравны хоёроор огцруулдаг байх саналыг оруулсан боловч байнгын хороо дэмжээгүй юм. Анхны хэлэлцүүлгээр ч дэмжсэнгүй. Харин төслийн хоёрдугаар зүйлийг хасах С.Бямбацогт гишүүний саналыг 76.0 хувь нь дэмжсэн юм. Тэр нь “хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн заалт юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дэгийн дагуу ирэх долоо хоногт байнгын хороо хэлэлцэж, чуулганаар батлах төлөвтэй байна.

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн зөв бурууг дэнслэх түр хороо байгуулах тогтоол байлаа. Гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар тус тогтоолын төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард өргөн бариад байсан юм. Үүнтэй холбогдуулж зарим гишүүд “60 тэрбумтай холбоотой хэргийг шалгах түр хороо байгуулах гээд өчнөөн сар болж байхад хоёрхон сарын өмнөх тогтоол дараалал дайраад орж байгаа нь УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг дураараа баталдгийг харуулж байна” гэж барьцсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хороо гэж миний тэргүүлдэг хороогоор сангийнх нь асуудлыг ярьж яагаад болохгүй байгаа юм бол. ЖДҮХС-гийн зээл олгох эрхийг өөрчлөх хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Хэн ч санал өгөөгүй” гэсэн юм. Төсөл санаачлагч Н.Номтойбаяр “Ийм хороо байдгийг өнөөдөр л мэдэж байна” гэсэн нь Ж.Ганбаатар, өмнө нь тус дэд хорооны дарга байсан Х.Болорчулуун нарын дунд дэд хороо ажлаа хийдэг эсэх тухай гурвалжин хэрүүл үүсгэв.

Эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх ЖДҮХС-гийн хэргийг парламент шалгах шаардлагагүй гэж үзэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингэснээр тогтоолын төсөл хууль санаачилсан зургаан гишүүн рүү буцлаа. Үүний дараа З.Нарантуяа гишүүн сөрөг хүчний зүгээс  түр хороо байгуулах тогтоолын төслийг дахин санаачлахаа мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар сонголоо

Санал өгсөн 43 төлөөлөгчийн 24 нь С.Мөнхчулуунд саналаа өгчээ

 0 сэтгэгдэл


МАН-ын удирдах зөвлөл, НИТХ дахь тус намын бүлгээс дэмжсэний дагуу С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүллээ. Түүний танилцуулгыг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва төлөөлөгчдөд танилцуулсан юм. Харин тус бүлгийн дарга асан С.Мөнхчулуун өөрийгөө заалнаас нэр дэвшүүлэв.

МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдан НИТХ-ын дарга С.Амарсайханыг Засаг даргад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Харин С.Мөнхчулууны хувьд удирдах зөвлөлийн шийдвэр гарсан тэр өдрөөс хойш өөрийгөө нэр дэвшүүлэхээр шийдсэнээ энэ үеэр мэдэгдэв. Ийнхүү намын удирдах зөвлөл, НИТХ дахь бүлгээс дэмжсэн С.Амарсайханаас гадна дахин нэг нэр дэвшигч тодорсон тул уих дахь МАН-ын бүлэг завсарлага авч, дотооддоо уг асуудлаа ярилцахаар болсон юм.

Гэвч тус бүлгийн авсан 30 минутын завсарлага цайны цагаар үргэлжилж, тэр нь дахин хоёр цагаар сунжирснаар үдээс хойш 15.00 цагийн үед Засаг даргыг сонгох нууц санал хураалт эхлэв.

Нийт 43 төлөөлөгч нууцаар санал өгсөн бөгөөд эхний удаад хоёр нэр дэвшигч тус бүр 21 хүний санал авчээ. Харин нэг төлөөлөгчийн санал хүчингүй гарснаар хоёр дахь санал хураалт зохион байгуулав. Эх сурвалжийн хэлснээр буруу тэмдэглэж, хүчингүй болсон санал С.Амарсайханы нэрийг сонгосон байжээ.

Гэхдээ санал хураалтын явцад төлөөлөгчид нууцаар өгсөн саналынхаа зургийг нь авсан тохиолдол гарчээ. Энэ нь хэнд санал өгч буйгаа санаатайгаар бусдад үзүүлэх, хараат бусаар нууц хураалтад оролцох боломжийг хязгаарлаж байна гэж тооллогын комисс үзсэн юм. Тиймээс энэ мэт үйлдлийг төлөөлөгчид гаргавал, өгсөн саналыг нь хүчингүйд тооцох журам боловсруулж, НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан нь багагүй маргаан дэгдээв. Зарим төлөөлөгч “хүний эрхэд халдаж байна” гэж тооллогын комиссыг буруутгасан ч дээрх журмаар хоёр дахь санал хураалтыг явуулахаар олонх нь дэмжлээ.

Харин хоёр дахь шатны санал хураалтаар саналаа өгсөн 43 төлөөлөгчөөс 24 нь С.Мөнхчулууны төлөө саналаа өглөө. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь МАН-ын удирдах зөвлөл болон НИТХ дахь МАН-ын бүлгийн байр суурийн эсрэг санал өгсөн гэсэн үг юм.

Төлөөлөгчдийн олонх нь МАН-ын бүлгийн эсрэг санал өгөв

Санал хураалт дууссаны дараа С.Мөнхчулуун “Би хамгийн түрүүнд МАН-аас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Аз жаргалтай хот”-ыг 100 хувь биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Мөн агаарын бохирдол, түгжрэл, нийтийн тээврийн асуудлыг шийдэхийн төлөө төлөөлөгчидтэй хамтран ажиллана” гэв.

Түүний нэрийг Ерөнхий сайдад уламжлах бөгөөд хэрэв батламжилбал бүрэн эрхээ шууд хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ерөнхий сайд төрийн албаны удирдах ажилтнуудыг өөрсдөө соёл, ёс зүйгээрээ манлайлахыг үүрэг болголоо

 0 сэтгэгдэл



Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгой анхаарууллаа. Цаашид Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, үр дүнтэй дуусгахыг үүрэгдэв. Нэн ялангуяа Засгийн газрын нэрийн хуудас болох газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарахыг даалгалаа. 

Төрийн байгууллагууд төсвийн сахилга бат, хариуцлагыг чанд сахиж, онц шаардлагагүй үед гадаад, дотоод явах,  төрийн автомашиныг хувьдаа ашиглах, шаардлагагүй худалдан авалт хийх зэрэг тэвчиж болох бүх зардлыг хэмнэх ёстойг дурдсан. 

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулан, залуу боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэхийг төрийн байгууллага бүрт анхааруулсан юм. 

Төрийн албаны бүхий л алдаа завхралыг засахыг үүрэгдэхдээ бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх, эрхшээлдээ оруулдаг байдлыг таслан зогсоож, бусад албан хаагчийн ажилд нөлөөлж саад болох,хууль бус үйлдэл хийх үүрэг, даалгавар өгөх зэрэг ёс бус үйлдэл гаргахгүй, мөн ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бүдүүлэг зан авир гаргасан бол хариуцлага тооцохыг онцгойлон дурджээ. 

Төрийн албаны удирдах ажилтнууд байгууллага, нутаг дэвсгэртээ хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, ёс зүйгээрээ байгууллага, албан хаагчдаа манлайлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Дээрх үүрэг, чиглэлийг биелүүлж, мөрдвөл төрийн албан хаагч бүр сахилга, хариуцлагатай ажиллаж, ёс зүйтэй, шударга, ил тод, тогтвортой, хариуцлагатай төрийн алба бэхжинэ. Мөн бүх шатанд ажлын үр дүн дээшилж, эдийн засгийн тогтвортой өсөлт эрчимжин, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломж нэмэгдэнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

НҮБ-ын төлөөлөгчийн Монголд ажиллах томилолтын хугацаа дуусчээ

 0 сэтгэгдэл


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ албандаа зургаан жил ажилласан юм. 

Наоми Китахара нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, хувиараа бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр бодит  дэмжлэг  үзүүлж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.

Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзлаа.

С.Чинзориг сайд түүнд Монгол Улсын нийгмийн хамгааллын салбарт ялангуяа хүн амын цөм болсон залуучуудын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж Засгийн газрын шагнал  “Нийгмийн, хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулав.