A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1608/

Боловсролын системдээ юуг анхаарахыг хиймэл оюун хэлээд өгч байна

Бодлогоо өндөр бүтээмжтэй хэрэгжүүлэхэд компаниуд анхаарч эхэлсэн нь зөв хандлага

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1608/


Хүн төрөлхтний хөгжил хиймэл оюун ухааны тусламжтайгаар улам хурдасч байна. Харин Монголд энэ боломжийг ашиглах эрэлт хэрэгцээ, одоогийн чадавх ямар байгаа талаар МИУС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор Ү.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр хиймэл оюун, статистик тооцооллыг бодлогын судалгаанд ашиглах нь чухлыг онцоллоо.
-Олон ажлын байранд хиймэл оюун ухаан хүнийг орлож байна. Хиймэл оюун ухааны хүнээс илүү гүйцэтгэдэг чадвар нь юу вэ?

-Хиймэл оюун бол өргөн ойлголт. Гэхдээ хүний тархийг орлох хэмжээнд хүрэх болоогүй. Хүрч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Одоогоор хиймэл оюун маш тодорхой зүйлүүдийг л хамгийн сайн гүйцэтгэж байна. Тухайлбал, хүмүүс өөрийн таньдаг, дотно хүнээ хаанаас нь ч хараад таньдаг атлаа бусад хүнийг иргэний үнэмлэхийн зургаар нь шууд таньж чаддаггүй. Харин хиймэл оюун үүнийг маш сайн хийдэг. Мөн эрүүл мэндийн салбарт ч хиймэл оюуны чадварыг маш нарийн үйлчилгээнд ашиглаж байна. Тухайлбал, чихрийн шижингийн хавсарга өвчин болох хараагүй болох эрсдэлийг эрт оношилж байна. ингэснээр уг өвчнийг бүрэн гүйцэд эдгээхгүй ч явцыг нь удаашруулж болдог. Хиймэл оюун тухайн өвчтөний нүдний зургийг хараад мэргэжлийн эмчээс дутахааргүй, зарим тохиолдолд өндөр түвшинд оношилж байна. Хуулийн салбарт ч ялгаагүй, гэрээний аль заалтуудыг нягталж, өөрчлөх шаардлагатайг шалгахад хуульч бүтэн хоёр цаг суух шаардлагагүй. Хиймэл оюун 10 секундэд л илрүүлдэг. Харин хиймэл оюуны илрүүлсэн мэдээллийн тусламжтай хуульч гэрээгээ сайжруулахад л хангалттай. Тиймээс хүнийг орлохоос илүүтэй хөдөлмөрийг нь хөнгөвчилж, цаг хугацааг нь хэмнэхэд хиймэл оюун тусалж байна. Харин автоматжуулалт яалт ч үгүй хүнийг орлож байна. Автомашины дугаар танихын тулд заавал нэг хүн өдөржин сууж, ажил олгогч түүнийг цалинжуулах шаардлагагүй.
-Та тархи судлалын олон улсын хуралд оролцохдоо яг энэ чиглэлээр илтгэл тавьж байсан. Монголд хиймэл оюуны хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Энэ чиглэлээр гадаадад ажиллаж байгаа хэд хэдэн мэргэжилтэн бий. Миний мэдэхээр герман, Японоос гадна АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, Массачуссетсийн технологийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан залуучууд байна. Миний мэдэхгүй өөр хүмүүс байгаа байх. Хиймэл оюуны салбарт хамгийн урд нь алхаж, судалгаа хийе гэвэл АНУ, Японд л суралцаж, ажилласан нь үр дүнтэй л дээ. Харин хэрэглээг нь хаана ч хөгжүүлж болно.
-Хамгийн их хөрөнгө татаж, моданд орж байгаа энэ чиглэлээр манай улс мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үү?

-“Шинэ Монгол” коллежид хиймэл оюуны хичээл орж байна. “Сант” сургууль зуны сургалтдаа энэ чиглэлээр элсэлт авч эхэлсэн. 2-3 жилийн дараа анхны мэргэжилтнүүд төгсөнө. Харин манай хүрээлэн 2016 оноос багш, статистикийн ажилчдад зориулан статистик тоо баримтыг хэрхэн ашиглах талаар сургалт явуулсан. Статистик мэдээллийн хэрэглээ бага зэрэг ахихад л хиймэл оюуны нэг салбар болдог. Ийм төрлийн сургалтын хэрэгцээ их, хүмүүсийн хандлага ч төлөвшиж байгаа нь анзаарагдсан. Мөн өнгөрсөн зун дэлхийд статистикийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд бэлтгэдэг английн Батын их сургуулийн эрдэмтнийг урьж, зуны сургалт явуулахад хүүхэд залуучууд маш их хамрагдсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд эхнээсээ хиймэл оюуныг хэрэглээд эхэлсэн.
-Тухайлбал?

-Өнгөрсөн сард болсон “Шинжлэх ухаан, технологи, инновац”-ын үзэсгэлэнд манай төгсөгчид хиймэл оюуны тусламжтай шагайг таних дэмо буюу үзүүлэн хийсэн. Нэг л сарын сургалтад хамрагдангуутаа ингэж хэрэглээд эхэлнэ гэдэг ахиц. Мөн төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг хэв маягаар өгүүлбэр зохиодог дэмо хийсэн байсан. Үүнтэй яг адилаар Монгол улсын хуулиудыг уншуулаад мөн өгүүлбэр зохиож байна.
-Цаашдаа үүнийг юунд ашиглаж болох вэ?

-Хамгийн энгийнээр бодоход л Японы мэдээлэл зүйн хүрээлэнд хөгжүүлж байгаа тода робот болох боломжтой. Тода бол түүхийн асуултад эсээгээр хариулж, дундаж хүүхдээс өндөр оноо авах чадвартай робот. тода бол хэдэн онд, юу болсон бэ гэсэн цээжлэх асуултад хариулдаггүй. Харин түүхэн үйл явдлын ач холбогдол, нөлөө юу вэ гэсэн асуултад богино хэмжээний эсээ бичиж хариулдаг. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа боловсролын системийн юуг илүү анхаарах вэ гэдгийг хэлээд өгч байна. Өнөө цагт тоо баримт цээжлэх ямар ч шаардлагагүй болсон нь харагдаж байна. Интернэтээс хайгаад л мэдэх боломжтой мэдээллийг цээжлээд яах юм бэ. Оронд нь гүнзгий ойлгох, ойлгосноо илэрхийлэх чадвар чухал болж байна гэсэн үг.
-Тэгэхээр хиймэл оюуны хийж чаддаггүй зүйл нь ойлгох болж таарч байна уу?

-Тийм. Ойлгоно гэдэг нь юу вэ гэдгийг илэрхийлэх бүтэц онолын хувьд байдаггүй. Математикт  бичсэн зүйл, түүний утга нь тодорхой байдаг. Алдаатай л биш бол математикийн нэг өгүүлбэр,  бодлогыг үнэн, эсвэл худал гэдгийг нь хэлэх боломжтой. Хиймэл оюун одоогоор ойлгож байгаа мэт хариу бичээд байгаа ч түүний цаана өгүүлбэрийн бүтцийг нь ойлгодог, маш сайн хайлтын систем ажиллаж байгаа хэрэг. Түүнээс биш робот юу бичиж буйгаа ойлгож байгаа гэсэн үг биш. Робот үүнийг одоохондоо хийж чадахгүй.
-Монголд эмнэлэг, санхүүгийн салбарт хиймэл оюуны чиглэлээр ажиллах орон зай эрчимтэй тэлж байна. Математикийн сургууль төгссөн оюутнуудын хувьд яг энэ чиглэлээр ажиллах орон зай хаана байгаа вэ?

-Хэрэглээний математикаар төгсөгчдийн нэлээд хэсэг нь математикийн багш болж байгаа. Банк санхүүгийн салбарт нэлээд байна. Актуар тооцоолол сурсан бол даатгалд, мөн компаниудад оптимизаци буюу оновчлолыг хариуцсан мэргэжилтнүүд эрэлт хэрэгцээтэй байна. Өөрөөр хэлбэл, бодлого, төлөвлөгөөгөө хамгийн өндөр бүтээмжтэй хэрэгжүүлэхэд компаниуд анхаарч эхэлсэн нь маш зөв хандлага гэж би хардаг. Мөн компаниуд дата анализ төрлийн хэлтсүүдтэй болж байна. Тиймээс бидний хувьд илүү сайн боловсон хүчин бэлдэх шаардлага тулгарч байгаа. Бид энэ тал дээр английн Батын их сургуультай ойр хамтарч ажиллаж байна.
-Үүрэн холбооны оператор, банк, төрд иргэдийн маш их дата байгаа. Энэ бол хиймэл оюуныг ашиглах хамгийн том бааз. Үүнийг Монголд эргэлтэд оруулахад хэр зэрэг бэлэн байна вэ?

-Лояалти карттай худалдаа, үйлчилгээний төвүүд гэхэд маш их дата мэдээлэлтэй учир анализ хийгээд үйл ажиллагаагаа сайжруулах боломж өндөр байна. Мөн ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол бүтээмжээ сайжруулахад шаардлагатай бүхий л статистик мэдээлэл нь бэлэн бий. Ер нь жагсаагаад байвал бүхий л салбарт болно. Тухайн компани хэдэн төгрөг зарвал хамгийн ашигтай байхыг тооцох боломж бүрдсэн. Гэхдээ бодлогын судалгаатайгаа уялдуулж эхлээд удаагүй байгаа. Энэ чиглэлээр дагнан ажилладаг Үндэсний хөгжлийн газар цаашид бодлогын судалгаандаа илүү их математикчдыг оруулаад явах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Хөгжингүй орнуудад бодлого, шийдвэр нь тоо баримт дээр үндэслэж гардаг жишиг аль хэдийн тогтсон. Манайд бол статистик, дата анализ, хиймэл оюун гээд бүхий л чиглэлээр хүмүүсээ хөгжүүлэх шаардлагатай байна. Хэрэгцээ нь ч маш их, хүүхдүүдэд суралцах хүсэл сонирхол ч их болсныг би сайнаар харж байгаа. 
• Хиймэл оюуны салбарт хамгийн урд нь алхаж, судалгаа хийе гэвэл АНУ, Японд л суралцаж, ажилласан нь үр дүнтэй.

• Ойлгоно гэдэг нь юу вэ гэдгийг илэрхийлэх бүтэц онолын хувьд байхгүй учраас хиймэл оюун одоохондоо ойлгож чадахгүй. 

• Хиймэл оюуныг хөгжүүлэх боломж их байна, заавал 100 сая ам.долларын лаборатори байгуулах шаардлагагүй.
-Ойрын 5-10 жилд хамгийн эрэлттэй байх мэргэжил, ажлын байруудын жагсаалтад дата аналист яалт ч үгүй дээгүүрт ордог. Боловсролын салбарт зөвхөн дата аналист гэлтгүй хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр бий юу?

-МУИС-д сургалтын хөтөлбөр байхгүй ч энэ талын судалгаа хийж байгаа эрдэмтэд бий. Хэл ярианы хиймэл оюун, автомат-жуулалтын тал дээр судалгаа хийж эхэлсэн. Хиймэл оюуны судалгаанд математик, статистик, программчлалын суурь шаардагддаг. Энэ бүгдийг Монголд хөгжүүлэх боломж маш их байгаа, заавал 100 сая ам.долларын лаборатори байгуулах шаардлагагүй. Оронд нь гадаадад энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа боловсон хүчнийг олноор нь татаж, өөрсдөө ч гэсэн мэргэжилтнүүдээ илгээх хэрэгтэй гээд хийх ажил маш их байна. Монгол бол цөөн хүн амтай гэлтгүйгээр хиймэл оюуныг хөгжүүлэх маш их боломж бий. Дээрээс нь олон улсын датаг ч ашиглаж болно. Гол нь чадаж л байвал ажлаа хаанаас ч хийх боломж бүрдсэн. Япон, Европоос ийм ажлын захиалга аваад хийдэг мэргэжилтэн олон.
-Хэрэглэгчийн дата мэдээллийн эзэмшигч нь хэн байх вэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд зохицуулалт хийх гээд их үзэж байна л даа. Дататай идэвхтэй харьцдаг хүний хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Хувь хүний мэдээллийг хэрхэн хадгалах, хэрэглэх нь маш чухал сэдэв. Нийтэд ил тавьсан датаг хэн ч ашиглаж болно. Яг хувь хүний датаг цуглуулах, түүнийг хэн, хэрхэн хандаж ашиглах тал дээр манай “хур”, “дан” системүүд зөв чиглэлд явж байгаа. Төрийн үйлчилгээнд дата ашиглах дани улсын туршлага маш мундаг. Тухайлбал, иргэн гэрийн хаягаа сольсон бол тэр даруй хотын захиргааны цахим хуудаст хандаж мэдээллээ шинэчилдэг. Ингэснээр банк, оператор болон бусад газар бүртгүүлсэн хаяг нь автоматаар шинэчлэгддэг. Манайд бол хувь хүний мэдээллээ хангалттай сайн нэгтгэж чадаагүй. Нэг эмнэлэгт өгсөн шинжилгээгээ нөгөө  эмнэлэгт яг давтаад өгдөг. Уг нь нэгдсэн системтэй бол нөгөө эмнэлгийн бүртгэл дээр ч ямар  шинжилгээ өгсөн нь харагдана гэх мэтээр үйлчилгээг хялбарчлах боломж их л дээ.
-Нийгэмд хамаатай зүйл асууя. 100 айлын үйлдвэрүүд, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэвэл түгжрэл, бохирдол гээд олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзээд байгаа. Гэтэл эдгээр шийдвэр таны өмнө хэлсэнчлэн бодит тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлаж гарах ёстой. Танай хүрээлэн ийм чиглэлээр ер нь судалгаа хийдэг үү?

-Ганц нэг хувь судлаачид бий. Манай Математикийн хүрээлэн академик эрх чөлөө маш сайтай. Өөрөөр хэлбэл, ийм судалгаа хий гэхээс илүү өөрсдөө сэдвээ сонгоод хийдэг. Гэхдээ математикийг бодлогын судалгаатай хослуулах нь их чухал. Батын их сургуулийн Бодлогын судалгааны хүрээлэнд гэхэд ямар нэг бодлого хэрэгжүүлэхэд ямар зардал, үр дүн гарахыг тооцоолдог. Амьдралд ойрхон жишээ авъя. Англид хөхөөр хооллох нь чухал гэдгийг хүн бүр мэддэг. Үүнийг хүн бүрт хүргэхийн тулд эмнэлгийн хананд зурагт хуудас байрлуулсан байдаг. Гэхдээ маш их судалгаа хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Зурагт хуудсанд, хүүхдээ нэг, гурав, зургаан сар, хоёр ой хүртэл нь таны хүүхдийн ийм төрлийн өвчин тусах магадлал тэдэн хувиар буурч, таны хөхний хавдраар өвчлөх эрсдэл мөн ингэж багасдаг гэдгийг тайлбарласан байгаа юм. Энэ мэдээллийг авсан эмнэлгийн үйлчлүүлэгчид шийдвэр гаргаж, улмаар хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллох ёстойг мэддэг. Үүнээс гадна үнэхээр хананд зурагт хуудас байрлуулах шаардлагатай эсэхийг мөн зурагт хуудасны хэвлэлийн зардал, үр дүнг тооцож байж шийдсэн. Мөн хүүхдээ хөхөөр хооллосноор өвчлөл багасаж, иргэд нь эрүүл байх нь улсад хэрэгтэй. Харин эдийн засгийн утгаар нь харвал тэр хэрээр эрүүл мэндийн зардал буурч, хэмнэлт үүснэ. Эцсийн дүндээ энэ хэмнэлтийг үүсгэх нэг арга нь эмнэлгийн ханан дээр зурагт хуудас наах шийдвэр байж.
-Хиймэл оюуныг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ манайд их байгаа юм байна. Харин их сургуульд элсэгчдийн математикийн суурь түвшинд та хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ?

-Ер нь түвшин сул байна. Нөгөө талаар, сул байхаас аргагүй. Суурь боловсролоо гаргуунд нь гаргачихаад 20 жил болж байхад яаж сайн байх вэ. Олимпиадад идэвхтэй оролцдог сургуулиудын сурагчид арай гайгүй. Тиймээс үүнийг засахын тулд сууриас нь хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Энэ бол төрийн үндсэн гурван үүргийн нэг. Батлан хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжаас гадна хүмүүсээ бэлдэх нь төрийн гол ажил ч үүнд хангалттай мөнгө зарж чадахгүй л байна. Хэрэв одооноос анхаарч эхэлбэл нэг жилийн дараа үр дүн нь харагдахгүй ч 10 жилийн дараа гэхэд маш том нөлөө үзүүлнэ. Тэгж байж боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгтэй, чадалтай хүмүүс нь орж ирнэ, дэлхийн түвшинд ойртоно. Ядаж л багш цалингаараа санаа зовохгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлбэл ЕБС-д сайн нь багшилдаг болно. Улсын хөгжилд боловсролын зөв бодлого эерэг нөлөө үзүүлдэг нь Сингапур, Финландын жишээгээр батлагдсан.

Хиймэл оюуныг хөгжүүлэхэд мэргэжилтэн идэвхтэй солилцвол үр дүнтэй

-Саяхан БСШУС-ын сайд хувийн сургуулиудад математикийн олимпиад зохион байгуулахыг хориглолоо. Оролцогчдоос авдаг 5000 төгрөгийн хураамжийн орлого яаж зарцуулдаг нь тодорхойгүй, нэр хүнд хөөсөн хэдэн сургуулийн бизнес болсон гээд их шүүмжлэлд өртдөг. Энэ үнэхээр эрүүл биш үзэгдэл үү?
-Яг үнэндээ хүүхдэд математикийн суурь үнэхээр сайн тавигддаг байсан бол олимпиадад ингэж их хошуурахгүй байсан. Тухайлбал, Япон гэхэд математикийн олимпиадад огт анхаарал тавьдаггүй ч хангалттай сайн математикчидтай. Дани ч ялгаагүй. Олимпиадын багийг нь оюутнууд л ахлаад явдаг. Харин Монголд сургалт нь хангалтгүй учраас олимпиадаар явж байж л гайгүй суурьтай болдог. Олимпиадад ордог сурагчид, ордоггүй сурагчдын зааг ялгаа маш их болсон. Маш өндөр түвшний боловсон хүчин бэлтгэе гэвэл олимпиад мэдээж хэрэгтэй. Гэхдээ нийт түвшинг нь сайжруулахгүйгээр улсын хөгжлийн тухай ярина гэдэг боломжгүй шүү дээ.
-Тэгэхээр боловсролын салбарын доголдлыг дагаад гарч ирсэн үзэгдэл байх нь?

-Тийм. Гэхдээ сайн тал олон. Математикийн чадвар нь сайжрахаас гадна хүүхэд ялж, ялагдаж  сурна, зорилгынхоо төлөө тууштай сууж сурна. Олимпиадад бэлдэхэд маш их хөдөлмөрлөдөг.  Өнөөдөр Монголд байгаа хэлбэр нь туйлын зөв үү гэдэг дээр би эргэлздэг. Ялангуяа бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион явуулах нь утгагүй санагддаг. Бага ангид насны ялгаа маш их шүү дээ. Нөгөөтэйгүүр, таны хэлдгээр хураамжийн орлогоо юунд зарцуулж байгаа нь асуудал. Монголын олимпиадын хороо бол энэ олон сургуулийн олимпиадад огт оролцдоггүй. Олимпиадын зорилго бол математикийн авьяастай хүүхдүүдийг тодруулж, дэмжих явдал. Тиймээс ч манай зохион байгуулж байгаа олимпиад нээлттэй, ил тод, өндөр зохион байгуулалттай болдог. Ер нь математикаар явахаар зорьсон хүүхэд залуучууд олон улсын олимпиадад амжилттай оролцох нь сайн сургуульд орох дөт зам болж чаддаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сурах бичгээ хэвлэж чадахгүй байж сүржин бүтээн байгуулалт ярих нь ичмээр

 0 сэтгэгдэл

Бүхэл бүтэн туурга тусгаар улс айл байтлаа ерөнхий боловс­ролын сургуулийн сурах бичгээ өөрсдөө хэвлэж чадахгүй байна гэхээр хэлэх муу үг олдохгүй юм. Ийм байж том, том төсөл, хөтөлбөр бүтээн байгуулалт ярьж, энд тэндэхийн олон улсын арга хэмжээнд дарга цэрэггүй төсвийн мөнгө үрэн байж явах нь бүр нэг ой гутмаар. Сайд болсон дээрээ, дарга байгаа дээрээ, нам ялсан дээр нэг сайн яваад авъя, боломжийг ашиглая гэсэн байдалтай улсаа “шатаах” улстөрчид олширчээ. Авлигын гэмт хэрэг нь хуралд­ саар 11 их наяд төгрөг давчихсан, энэ нь улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх улсад сурах бичиг хэвлэх мөнгө байхгүй байна гэхээр итгэж чадахгүй юм. Хэзээ ийм байлаа гэж бодогдоно. Сурагчид өнөөдөр сурах бичиггүй хичээллэсээр нэгдүгээр улирлын ээлжийн ам ралттайгаа золгох гэж байна. Сурлагын чанар, гэрийн даалгавар энд ярих нь дэндүү эртдэх хэрэг.
Аав, ээжүүдийн толгойны өвчин сурах бичиг болж, хүүхдийнхээ хичээл номд хий дэмий санаа зовохоос хэтрэхгүй байна. Засаг төрийнх нь арчаагүй байдал ийм хойно гээд ер өнгөрч боломгүй. Монгол орны ирээдүй хойч хэдхэн сайд, дарга нарын хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас болж хохирч үлдэнэ гэхээр бухимдал төрнө. Эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өслөө хэмээн Ерөнхий сайд сайрхаж, төсвийн орлого төсөөлж байснаас ахиу байгааг Сангийн сайд мэдэгдэж байсан. Гэтэл улс орны тулгуур, хөгжлийн цөм болох боловсролын салбарт нүүрлэчихсэн энэ хүнд суртлаа эрхэм дарга нар олж харах нүдгүй байна гэж үү. Сурагчдынхаа сурах бичгийг хэвлэж чадахгүй улсад эдийн засаг өсөх, төсвийн орлого давах нь чухал үйл явдал мөн үү. Салбар хариуцсан сайд нь сонгогдсон тойргоо тордохоос цааш нэг л хэтрэхгүй. Хариуцсан салбар нь ундуй сундуй. Сурагчдад түрээсээр сурах бичиг олгох нь гал унтраах төдий арга заль мэх байх. Бүхнийг сугална, түрээсэлнэ. Яачихсан улс гэж ийм байдаг юм бэ. Хүүхдүүд яагаад томчуудын өмнөөс шийтгэл хүлээх ёстой гэж. Үе үеийн Засгийн газар боловсрол болон эрүүл мэндийн салбарт төсвөө харамгүй олгодог. Зөвхөн Монголд ийм биш. Дэлхий нийтээр дээрх хоёр чухал салбарт онцгой анхаарал хандуулж ирсэн. Тэгэхээс ч аргагүй. Гэтэл сурах бичиг хэвлэх мөнгөгүй гээд бусдаас гуйланчлах нь бид яах аргагүй улсаараа оюуны ядууралд орсны шинж тэмдэг биз. Дарга сайд нар өрөөгөө хэдэн зуун саяар тохижуулж, үнэтэй тавилга, өргөн буйдан аваад ханахгүй унах тэргээ хүртэл хамгийн сүүлийн үеийн загвараар шинэчлэх нь ядарсны зовлон биш задарсан төрийн үйлдэл. 180 мянган сурах бичгийн гурван багц тендер салбарын яам нь зарласан. Гэвч тендер шалгаруулалт удааширч, энэ сарын 11-­нд дөнгөж тендерийн гэрээ байгуулсан талаар манай сонин өмнө нь бичсэн. Яамны ажил мэлхийн хурдаар яваа бололтой. Өөрсдийн ажлын хариуц­ лагагүй байдлаа олон улсын байгууллагад хүртэл чихэж, булайгаа дэлгэх нь ичмээр. Учир явдлыг ухаж үзвэл, “Баяраа өөрөө л уначихсан юм биш үү”. Зунжин айраг, хуушуур, найр наадам эргүүлсэн манайхан “тоглоомын дүрэм”­ээ өөрсдөө зөрчсөн гэх. Тодруулбал, Монголын талын хариуцсан ажил хангалтгүй байсан тул тендер удааширсан яриа байна. Эргэн сануулахад, Азийн хөгжлийн банкны санхүүжүүлсэн нэг бус төсөл манайхнаас нь болж хойшилж, шүүхийн маргаан хүртэл үүсэж байв.

Эцэг эхчүүдийн нуруунд сурах бичгийг үүрүүлэхээр засаг шийджээ


Тодруулбал, Ховд­-Баян-­Өлгий чиглэлийн автозамын төслийн тендерт монголчууд өөрсдөө будилаан үүсгэж, уг замын ажил цаг алдаж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн нөлөө, бизнесийн ашиг сонирхол энд орж ирсэн нь АХБ уг тендерийг эргэж харахад хүргэж байсан удаатай. Шударга бус тендерийг тэд хүлээж авахгүй. Авлига энд үйлчлэхгүй. Ийм нөхцөл байдал 180 мянган сурах бичгийн гурван багц тендерийн аль нэгт илрээгүй байх гэж итгэнэ. Олон улсын байгууллагын тендерийг манай төсвийн тен­ дертэй харьцуулах боломжгүй. Төсвийн тендер шиг юм гэж ер нь хаана байх вэ. Эзэд нь эхнээсээ тодорчихсон байдаг гэх тендерийг олон улсын байгууллага хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Ийм зүйл болоогүй байх гэж найдна. Манай улс ядарч явах үедээ Азийн хөгжлийн банкны гишүүн орны нэг болж байсан. 1966 онд байгуулагдсан тус банк өдгөө 68 орныг өөрийн гишүүнчлэлийн эгнээнд багтаасан. 

Хоёр талын түншлэлийн стратегийн хүрээнд 2020 он хүртэл Монгол Улсад АХБ нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Энэ мөнгийг нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчин гэсэн үндсэн гурван чиглэлд голчлон зарцуулах юм билээ. 2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон сайд, дарга нар гоё, гоё зүйл ярьж, хайр зарлах нь холгүй индрээс салж ядан буцсан. Тэд угтаа сурах бичиггүй, сурах бичиг хэвлэх тендер нь удааширсан байхад эрдэм ном сайн сураарай гэж олны нялх үрсийг хэнэг ч үгүй басамжлаад өнгөрсөн билээ. Ёс суртахуун гэж байна уу. Энэ жил сурах бичиг хэвлэхэд улсаас нэг ч төгрөг төсөвлөөгүй гэж салбарын сайд нь долоон сарын өмнө ярьж байсан. Түүний үр дүн өнөөдөр гарч, уйлах, уурлахын завсарт аав, ээжүүд байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн нуруунд сурах бичгийг үүрүүлэхээр засаг эхнээсээ шийджээ. Хувийн хэвшлийнхний бүрдүүлсэн татварын орлого, уул уурхайн гол хэдэн таваарын үнийн тогтвортой байдлыг авч үзвэл Монгол Улсад 180 мянгаар зогсохгүй сурах бичиг хэвлэх дайны мөнгө төсөвт төвлөрсөн. Ядаж л бултаараа булагнасан ЖДҮ­ийн сангийн мөнгөнөөсөө яагаад сурах бичиг хэвлэж болоогүй гэж. Тэгвэл гоё харагдах байсан даа.


A

Жижиг

A

Дунд

A

Том

“Монгол тэмүүлэл”-ийг нүүлгэтэл хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй гэв

 0 сэтгэгдэл

Дөрвөн ээлжээр хичээллэж буй 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай эсэргүүцлээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулав. Учир нь тус сургуулийн байранд “Монгол тэмүүлэл” лаборатори сургууль мөн үйл ажиллагаа явуулдгаас ачаалал нь ихсэж, суралцагчид дөрвөн ээлжээр хичээллэх болсон байна.

1600 гаруй сурагчтай 133 дугаар сургууль БЗД-ийн 26 дугаар хороонд байдаг ганц төрийн өмчийн сургууль. Тус хороонд сургуулийн насны 5400 хүүхэд байдаг боловч үүний ердөө 1600 нь 133-т явдаг.

“Манай хороонд байгаа улсын 133 дугаар сургууль нь өөрийн гэсэн байргүй бөгөөд БСШУСЯ-ны харьяа “Монгол тэмүүлэл” сургуулийн дөрвөн давхар барилгын нэг болон хоёрдугаар давхарт 1600 хүүхэд арай ядан багтаж, дөрвөн ээлжээр хичээллэж байна. Уг нь энэ барилгын газрыг “Женерал Тек” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, манай хорооны хүүхдүүд сурах сургуульд үнэ төлбөргүй шилжүүлсэн. Улмаар 2014-2015 оны улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, тус сургуулийг барьсан боловч харамсалтай нь БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хууль бусаар “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлсэн байсан” хэмээн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр ярив.

Нийслэлийн 133 дугаар сур­гуулийн эцэг, эхчүүд өнгөрсөн хавраас эхлэн “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр тийш нь нүүлгэхийг хүссэн байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хүсэлтийг хүлээн авч, өнгөрсөн найм­дугаар сарын 30-нд тус сур­гуулийг нүүлгэх байрыг бэлтгэх хоёр Ажлын хэсэг гаргасан боловч уг тушаал гарснаас хойш 45 хоногийн хугацаа өнгө­рөхөд ямар ч ахиц дэвшил гараа­гүй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүйгээр эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээн мэдэгдэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Соёлын өвөө устгаж, газрыг нь авах санаархал биелэв

Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч бүх зүйлийг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн нурааж, сүйтгэх нь зохисгүй байлтай.

 0 сэтгэгдэл

Дэлхийн улс гүрнүүд хуучны дурсгалт барилгуудаа хамгаалан үлдээж, сэргээн засварлаж, жуулчдыг татах үзмэр болгодог. Харин Монгол Улс эсрэгээр нь нурааж, шинээр барих шийдвэр гаргадаг. Улаанбаатар хотын түүх соёлын нэг хэсэг болох барилгуудыг актлах тухай 2011 оны үеэс яригдаад удлаа. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсаар байна. Байгалийн түүхийн музейн барилгаас эхлээд үүдийг нь дангинатал цоожлоод нэлээд хугацаа өнгөрөв. 70-80 жилийн настай барилгуудын хувь заяа ерөнхийдөө актлагдах гэдэг ганцхан үгээр шийдэгдэв. Нурааж дахин барих барилгын жагсаалтад Төв номын сан, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр гэсэн биет соёлын өвүүд багтаж байна. Театр, сүм, музей бол дэлхий дахинд уран барилга гэсэн ангилалд хамаардаг. Гэтэл манай улс хосгүй үнэт өвд тооцогдох барилгуудаа газрын хөрснөөс арчиж хаяхаар зэхэж сууна. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байр агаад Хэлмэгдэгсдийн музейг гурав хоногийн дотор нураачихлаа. Нураах амархан бүтээн байгуулах хэцүү. Хоёр давхар модон барилгын суурин дээр 22 давхар шилэн барилга сүндэрлүүлэх болсноо олон нийтэд зарлаад байна. Музей, театрын зориулалтын барилгуудыг цаг тухайд нь сэргээн засварлаад явсан бол балгас болтлоо муудаж, нурж унатлаа салбайхгүй байсан биз. Хойд хөршийн Эрхүү хотынхон жуулчны гудамжныхаа хоёр давхар дүнзэн байшингуудыг өдгөө улам өнгөтэй болгож, зорьж очсон жуулчдад соёлоо хэрхэн хадгалж хамгаалдгаа гайхуулсаар. Эрминтажийнхаа музейг дайны үед цэргээр мануулж, хамгаалж байсан тухай түүх судлаачид хэлдэг юм билээ. Гэтэл манайд балгас болгочихоод нураахаас өөр зам үлдээгүй гээд олон тайлбар нурших юм.

Хэзээ нэгэн өдөр үр хойчдоо ийм загвартай музей, театрын барилга байсныг ийм болгосон гээд зураг харуулаад түүх хүүрнэх эмгэнэлтэй бид нүүр тулах нь.

Агуу театрыг нь нураахаар алтан үеийнхнийг

гомдох вий

Германы архитекторч Герхард Коселийн зураг төслөөр сүн­дэрлэсэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхийг сөхвөл, 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ. Ингээд 1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болжээ. Алтан үеийнхний ажиллаж, бүтээлээ туурвиж байсан театрын барилга шинэ цагийн шилэн барилгаар солигдож мэдэхээр болоод байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан уг барилга Улаанбаатар хотын давтагдашгүй ур загвартай үнэт эд, бас түүх өгүүлэх нандин газар. Манайхан л болохгүй бүтэхгүй гэдэг болохоос гаднын мэргэжилтнүүд асуудалгүй гэсэн байгаа юм. Тодруулбал, 2016 онд Энгельберт, Золнер нарын Австрийн мэргэжилтнүүд ирж Дуурийн театрын барилгын элэгдэл, эвдрэлийг нарийн багаж төхөөрөмжөөр шалгаад “Бүх зүйл хэвийн” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Архитекторууд ч театрын барилгыг хамгаалж үлдээх хэрэгтэй гэж үзэж байна. Гэтэл улс төрд шургалж, шуналдаа идэгдсэн бирдүүд нурааж газрыг нь авах гэж санаархах болов.

Хуулиараа ч гэсэн үнэт өвд тооцогдох учиртай. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.2-т “Соёлын биет өв” гэж түүхэн тодор­хой орон зай, цаг үеийг төлөөлөх, биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр дуурийн театр энэ өвд тооцогдох барилгын нэг төлөөлөл зүй ёсоор мөн билээ.

Хотын дурсгалт газрын эмгэнэлт хувь заяа

Улсын драмын эрдмийн театрын барилгыг ч мөн эмгэнэлт хувь заяа хүлээж байна. Хотын дурсгалт газрын тоонд зүй ёсоор бичигдэх эл театр 1956 онд Нийслэлийн хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барихаар хуримтлуулсан хөрөнгөөр барьж байжээ. Зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулж байжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон байна. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн хоёр танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Баганууд нь морин толгойтой учраас дэлхийд байхгүй ур хийц гэж үздэг байна. 2010 онд Ази, Номхон далайн Архитекторуудын холбоо (ARCASIA)-ноос ARCASIA HERITAGE хэмээх хоёр боть каталог хэвлэн гаргасан бөгөөд 50, түүнээс дээш настай архитектурын шилдэг өвүүдийг багтаасан байна. Уг каталогид манай улсын архитектурын есөн дурсгал буюу Эрдэнэ зуу хийд, Гэр хэлбэрт модон дуганууд, Амарбаясгалант хийд, Төвхөн хийд, Чойжин ламын сүм, Жанрайсиг сүм, Монгол гэр, Гадаад хэргийн яамны барилга, Драмын эрдмийн театрын барилга орсон талаар архитекторчид ярьсан юм.

УДЭТ-ын барилгыг нураах болсон шалтгаан мөн л газар хөдлөлтөд тэсвэргүй гэх тайлбар. Хэдийгээр Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч бүх зүйлийг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн нурааж, сүйтгэх нь зохисгүй байлтай. Олон улсын мэргэжилтнүүдийн өндөр технологийн багаж ашиглаж хийсэн үнэлгээтэй зөрчилдөж байгаа дүгнэлт үнэн байлаа ч барилгыг хүчитгэж, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж болмоор. Монгол Улсын ганц эмэгтэй архитекторч З.Оюунбилэгийн хэлснээр “Үл хөдлөх дурсгал болох барилга, архитектур, хөшөө, бунхан, археологийн дурсгалыг тухайн нутаг, эх газарт нь хүрээлэн байгаа орчных нь хамт хадгалан хамгаалж байж түүний түүхэн ач холбогдол, үнэ цэнэ оршдог” аж.

Энэ жил 380 нас хүрч байгаа Улаанбаатар хотод түүх, соёлын өвд тооцогдох барилга тийм ч олон биш. Гэтэл түүх, соёл уламжлалаа устгах гэж улайрах боллоо. Устгахаас илүү хадгалж, хамгаалж үлдээж чадвал хожим архитектурын музей байгуулж болохоор санагдана. Манай улсад тэгээд ч сэргээн засварладаг газар ч алга. 1973 онд түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар байгуулсан ч 1995 онд хувьчилж, арчилж тордох газаргүй болгожээ. Эрт үед сүм хийдүүд дуганч лам ажиллуулдаг байсан нь учиртай юм байна. Дуганч лам сүмийн дээврийн цасыг цэвэрлэх, шугам хоолойн бөглөрлийг шалгах, будаг нь халцарч өнгө нь гундвал сэргээн засуулах арга хэмжээ авхуулдаг хүн байж. Харин сүүлийн үед арчилж, тордохгүй хаяснаас болоод түүх, дурсгалын барилгууд хуучирч муудан, балгас болоход ойрхон байна.

Байгалийн түүхийн музейг хамгаалах боломжгүй болжээ

Улаанбаатар хотын төвд орших Байгалийн түүхийн музейн барилга анхнаасаа зориулалтын бус байр байсан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ. Тэрбээр “1952 онд ХАА тех­никумын сургуулийн зориу­лалтаар барьж байсан барилга. Үлэг гүрвэл байсан том заал бол биеийн тамирын заал байсан юм. Б.Ширэндэв гуай ШУА-ийн ерөнхийлөгч байхдаа байгалийн түүхийн зориулалтаар ашигламаар байна гэсэн хүсэлт гаргаж байсан. Ингээд Байгалийн түүхийн музей болсон юм. Энэ барилгыг газар хөдлөлтийн эсрэг бэхэлгээгүй барьсан учраас нурах аюултай барилгын жагсаалтад орсон. 2013 онд тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл барилгыг шаардлага хангахгүй гэж үзэж үйл ажиллагааг нь зогсоох тушаал гаргасан юм билээ. Намайг сал­барын сайдаар томилогдоход барих барилгынх нь зураг төсөл гарсан. Үйл ажиллагааг нь зогсоогоод зургаан жил болжээ. Үнэхээр хүнд нөхцөлтэй дахин ашиглах боломжгүй бол Чингис хааны музей байгуулж, хотоос гаргая гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

ШУТИС-ийн Барилга архи­тектурын сургуулийн шинжээч, профессор З.Биндэрьяа “Тоосгоны зуурмаг газар хөдлөлтийн нөх­цөлийг тэсвэрлэх чадвар нь 25 марк байх ёстой. Байгалийн түүхийн музейн барилгынх 10 марк байсан. Үнэлгээ хийснээс хойш чийгшлээс болоод улам муудсан байна. Чулуун суурьтай учраас ашиглалтын шаардлага хангахгүй. Модон хучилттай учраас өмхөрч унаж байгаа учраас газар хөдлөлт болбол тэсэхгүй гэж үзсэн” хэмээв.

Тиймээс Байгалийн түүхийн музейг дахин шинээр барихаас өөр аргагүйд хүрчээ.

Барилгыг хүчитгээд ч олигтой сайжрахгүй. Хөрөнгө, мөнгөний гарз болно гэсэн тайлбарыг шинжээч З.Биндэрьяа хэллээ. Гуравдугаар давхрын даацын хананууд нь цуурсан гээд аяндаа нурж эхлээд байна. Музейн барилгын хашааны гадна “Соёлын өвөө аваръя, түүхийн дурсгалт барилгаа нураахаас хамгаалья” гэсэн лоозон наасан харагдсан. Гэхдээ ингэж тэмцээд ч Байгалийн түүхийн музейн барилга даацаа даахаа байсан нь дотор орсон хүмүүсийн нүдэнд бэлхэн харагдаж байв. Нэгдүгээр давхрынх нь дээврийн моднууд цуурч, цаанаас нь нунтаг шавар бутарч унаж байна. Мөн хананых нь шавар гар хүрэх төдий үйрч байв.

Театр, музей

барих мөнгө сонгуулийн “салхинд” хийсчих вий

Хоёр музейн барилга ийн гэрэл зургийн хальсанд үлдлээ. Харин содон өвөрмөц архитектурын шийдэлтэй театрын барилгуудаа хамгаалж үлдэх хэрэгтэй. Хэдийгээр газар хөдлөлтөөс болгоомжлох нь зөв ч тэсвэргүй гэх шалтгаар соёлын дурсгалт барилгуудыг нураагаад байж боломгүй. Цаашид сэргээн засварлах мэргэжилтнүүдийг бэлтгэж, тусгай төвтэй байх шаардлага тулгарч байна. Түүнчлэн маш нарийн технологийн дагуу сэргээн засварладгийг мартаж болохгүйг ахмад архитекторчид зөвлөж байна билээ. Нөгөөтэйгүүр зарим нэг эрх мэдэл бүхий нөхдөд газар хөдлөлтөөр далимдуулж газрыг нь булаах гэсэн санаархал нуугдаж байж мэдэх юм. Ийм хардлагыг ч олон нийт тээж байна. Аотын хамгийн үнэ цэнэтэй барилгууд дахь Музей, театр, номын санг нурааж, дахин барих нэрийдлээр төсвөөс мөнгө замшигдуулахыг ч үгүйсгэхгүй. Шинээр музей, театр барихад чамгүй их мөнгө зарцуулах тооцоо гаргаж, төсөвлөөд байгаа. Тодруулбал, Байгалийн түүхийн музейг шинээр Их тэнгэрийн аманд барих бөгөөд төсөвт өртөг нь 94.4 тэрбум төгрөг. Үүнээс 2020 оны төсөв 31.9 тэрбум төгрөгийг нь тусгажээ. Мөн Яармагт Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барихаар төсөвт таван тэрбумыг тусгаад байна. Одоо байгаа Байгалийн түүхийн музейн суурин дээр 53 тэрбум төгрөгөөр Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргасан. Харин Улсын драмын эрдмийн театр болон Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын санг шинээр барихад тус бүр дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үндэсний урлагийн их театр барих хэрэгцээ шаардлага бас тулгараад байгаа гэнэ. Үүнийг барихад хамгийн их буюу 152.5 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд эхний ээлжинд 30 тэрбумыг 2020 оны төсвөөс зарцуулахаар тусгаад байна. Ийн театр, музей барихад чамгүй их мөнгө зарцуулахаар шийдээд байгаа. Гэвч 2020 онд улс төрийн сонгууль болно. Театр, музей барихаар тусгасан санхүүжилт нь сонгуулийн “салхинд” хийсчих вий дээ. Тэгвэл энэ улс өв соёл, түүх рүүгээ нулимсан зэрлэг улс болж дэлхийд бичигдэх биз.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын магадлан итгэмжлэлийг Ази-Номхон далайн орнуудад хүлээн зөвшөөрдөг боллоо

 0 сэтгэгдэл


Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-ийн үйл ажиллагааны талаар тус байгууллагын Ажлын албаны мэргэжилтэн Б.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-БМИҮЗ нь дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл хийдэг төв байгууллага юм. Боловсролын сургалтын байгууллага, суралцагч, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан, боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх нь бидний эрхэм зорилго. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиар их, дээд сургууль, коллеж таван жил тутамд заавал магадлан итгэмжлүүлэх ёстой. Энэ ажлыг манайх хийдэг. Өнөөдрийн байдлаар магадлан итгэмжлэл нь хүчинтэй их, дээд сургуулийн тоо 66, дээд боловсролын хөтөлбөр 144 байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын 16 байгууллага, 9 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байна. Магадлан итгэмжлэлээс гадна бид их, дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах, гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг бүртгэж, үйл ажиллагааг нь зохицуулах, олон нийтэд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг сурталчлан таниулах ажил хийдэг. Мөн дотоод болон олон улсын байгууллагуудтай хамтран шинжээчдээ бэлтгэж, чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулдаг. Хэдхэн хоногийн өмнө японы их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн холбооноос хоёр мэргэжилтэн урьж, 200 гаруй шинжээчээ сургалтад хамрууллаа.

-Танай байгууллага Монголын дээд боловсролын системд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Манай байгууллага 1998 оноос хойш БСШУСЯ болоод ТББ, их, дээд сургуулиудтай хамтран мэргэжлийн болон дээд боловсролын чанарын төлөө ажиллаж ирлээ. 1998 оноос байгууллагын, 2004 оноос хөтөлбөрийн, 2017 оноос шинээр нээх хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийг хийдэг болсон. Дээд боловсролтой холбоотой хууль, дүрэм журам боловсруулан батлуулахад манай байгууллагын үе үеийн удирдлага, мэргэжилтнүүд гар бие оролцож ирсэн.

-Боловсролын магадлан итгэмжлэл гэж яг ямар үйл ажиллагаа вэ?

-Магадлан итгэмжлэл бол хяналт шалгалт биш юм. Сургууль, хөтөлбөрийн өөрийн хөгжил, шинэчлэлийг дэмжих үйл ажиллагаа юм. Манайхаас батлан гаргасан магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур шаардлагад сургууль, хөтөлбөрийн зорилго, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, үр дүн нь нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийж, чанараа баталгаажуулах, цаашдын хөгжлийн зорилгоо шинэчлэн тодорхойлдог учраас магадлан итгэмжлэл нь сургууль, хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлд түлхэц өгдөг ач холбогдолтой. Сургалтын чанар болон зах зээл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнийг бэлтгэж байгаа эсэх нь шууд харагдахгүй ч алхам алхмаар сайжирч байгааг хэлэх нь зөв. Сүүлийн үед их, дээд сургуулийн удирдлага, багш нар үйл ажиллагаа бүртээ чанарын асуудлыг хөндөж, анхааран ажиллаж байгаа сайн туршлагууд байна. Гэхдээ төгс болсон гэж хэлэхгүй. Багшийн хөгжил, чанар, хөтөлбөрийн хэрэгжилт, суралцахуйн явц, үр дүн, сурах бичиг, техник технологи, орчин нөхцөл гээд анхаарах, чанаржуулах зүйл их байгаа.

-Монголын боловсролын үнэлэмжийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх зорилготой юм байна. Энэ талаар ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Бид APQR (Asia-Pacific Quality Register) буюу Ази-Номхон далайн орнуудын чанарын үнэлгээг хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу тус байгууллагын шинжээчдийн баг өнгөрсөн зургадугаар сард ирж ажилласан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, туршлагатай шинжээчид бидэнд үнэтэй санал, зөвлөмж өгсөн. Улмаар долдугаар сард БМИҮЗ тус бүс нутгийн олон улсын чанарын шалгуурыг хангасан байгууллага боллоо. APQR-ын чанарын гэрчилгээ авснаар манай байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулах, магадлан итгэмжлэлийг олон улсын түвшинд бие дааж болон хамтарсан хэлбэрээр хийх, шинжээчдийг гадаад, дотоодын их дээд сургуулиудад ажиллуулах, хамтарсан сургалт явуулах, мэргэжилтэн солилцох зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн сургууль, хөтөлбөрүүдийн манайхаар хийлгэсэн магадлан итгэмжлэл нь Ази-Номхон далайн орнуудын жишигт нийцэж байгаагийн тод баталгаа болж чадна. Үүнийгээ улам бүр баталгаажуулах үүднээс ойрын жилүүдэд магадлан итгэмжлэлийн байгууллагуудын олон улсын сүлжээ болох INQAAHE-ийн чанарын шаардлагыг хангах зорилт тавин ажиллаж байна.

-Ойрын үед дээд боловсролын салбарт гарч байгаа ахиц дэвшлээс сонирхуулна уу?

-Олон нийтийн зүгээс байнга шүүмжлэлд өртдөг ч дээд боловсролын салбарын үндсэн үзүүлэлтүүд тоо, чанарын хувьд ахицтай байгаа нь албан ёсны тоо баримтуудаас харагддаг. Юуны өмнө, МУИС-ийн номын сан, АШУҮИС-ийн түшиц эмнэлэг гээд сургуулийн барилга, байгууламж, сургалтын орчин сайжирч буй жишээ олон бий. Хувийн сургуулиуд ч хичээлийн шинэ байртай болж байна. Багшлах бүрэлдэхүүний хувьд ч сайжирч байна. Хамгийн гол онцлох зүйл бол сургуулиуд чанартаа анхаарч, чанарын алба байгуулж, мэргэжилтнүүдээ чадавхжуулахад санаачилгатай ажиллаж байна. Бас сургуулиуд суралцагч, төгсөгчдөөчадавхжуулахад ажил олгогчдыг татан оролцуулах, санал бодлыг нь сургалтын үйл ажиллагаандаа тусгахад идэвхтэй хамтран ажиллах болсон. Тухайлбал: АХБ-ны төслөөр төгсөгчдийн мөшгих судалгаа хийж, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг тогтоож, тэдгээрийг хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх зөвлөмж гаргасныг сургуулиуд амжилттай  хэрэгжүүлж байна.

-Төгсөх ангийн сурагчид мэргэжлээс гадна ямар их, дээд сургуулийг сонгох нь чухал байдаг. Тэдний сонголтыг зөв чиглүүлэх, туслах мэдээлэл хуваалцана уу?

-Бид энэ жил нийслэлийн болон орон нутгийн хэд хэдэн аймагт төгсөх ангийн сурагчдад мэдээлэл хүргэж, сургалт зохион байгуулсан. Мэргэжил, сургуулиа сонгох хариуцлагатай үед нь хүүхдүүдэд шаардлагатай мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдлаа. Юуны өмнө багш, эцэг эхчүүд хүүхдээ таних хэрэгтэй. хүүхэд юуг илүү сонирхож, ирээдүйд хэн болохыг хүсдэг талаар илэн далангуй ярилцсаны дараа суралцахаар хүсч буй хөтөлбөр, мэргэжлийнхээ талаар жижигхэн судалгаа хийвэл зүгээр юм. Сургуулийн багшийн мэдлэг чадвар, орчин нөхцөл, лаборатори, номын сан, технологи хэр байдаг, суралцагчдын болоод төгсөгчдийн сэтгэл ханамж, ажлын байрны хүртээмж зэргийг ойр орчныхоо хүмүүс, цахим хуудсаас нь судлах хэрэгтэй. Тухайн суралцахаар хүсч буй сургууль, хөтөлбөр нь магадлан итгэмжлэлд орсон уу гэдгийг манай байгууллагын www.accmon.mn сайтаас харах боломжтой. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурсанаар төрөөс олгодог бүх төрлийн хөнгөлөлт тусламжид хамрагдах, бакалаврын сургалтаа дүүргэсний дараа гадаадад боловсролын зэргээ дээшлүүлэх, бусад улсад боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх зэрэг боломжууд нээгддэг.