A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3431/

Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3431/

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН 2020 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮНДХЭН БУУЛАА. СОНГУУЛИЙН ДАРАА АМЬДРАЛ УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖИЛНЭ, УЛС ОРОНД ТУЛСАН ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХУГАЦАА ЗОЛГОНО. ХАРАМСАЛТАЙ, ТӨСВӨӨ БАЙДГААРАА ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨ БОДОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАЛТ ТӨЛБӨР АВАХ НЭРЭЭР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА БАЛЛАЖ МЭДЭХЭЭР БАЙНА.

Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. Ирэх жилийн төсөв тойрсон маргаан намжих шинжгүй байна. Түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар уул уурхайгаас хамаг орлогоо олно гэж тооцоолсон. Сонгуулийн жил учраас байгаа нөөц, боломжоо тэд тултал нь ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр алдагдал нь хоёр их наядаар хэтэрсэн 2020 оны төсөв, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газарт хүндхэн буулаа. Сонгуулийн дараа амьдрал урьдынхаараа үргэлжилнэ, улс орон тулсан өр төлбөрөө барагдуулах хугацаатай золгоно. Харамсалтай нь, төсвөө байдгаараа тэлсэн Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. 12.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн төсөв АМНАТ-ийн шийдвэрээс болоод 1.3 их наяд төгрөгөөр буурахаар болж байгаа. Баахан хөрөнгө оруулалт хийхээ зарлачихсан эрх баригчдад энэ хэмжээний орлого дутна гэдэг аюул. Төсвийн алдагдал ийм тохиолдолд одоо байгаагаас улам талийж өгнө гэсэн үг. Үүнийг бууруулъя гэвэл хөрөнгө оруулалтаа үр ашгаар нь эрэмбэлж, өөрсдийн үрэлгэн зардлыг хумих учиртай. Зөвхөн сонгуулийн жилийн төсвийг санхүүжүүлэхийн тулд дөнгөж хөл дээрээ тэнцэж буй боловсруулах үйлдвэрийнхээ өсөлт, хөгжлийг боомилж боломгүй. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. Тиймээс төсвийн орлого бодож холын зорилгоо умартана гэдэг төрийн зорих хэрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үгүй болж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухалдан байж илэрхийлсэн. Түүний эгдүүцэх нь аргагүй байх, төсөв нь орлогогүй болж байхад. Гэхдээ 1.3 их наяд төгрөгийн орлого олохын тулд хэдэн арван их наяд авчрах үндэсний аж үйлдвэрийн бодлогоосоо Монгол Улс ухарч болохгүй. Уул уурхайн салбарт ухаад зөөдөг нь бус угааж боловсруулдаг нь, нэмүү өртөг шингээдэг нь илүү хэрэгтэй байна. Улс орны амьдралд ч энэ хэрээр өөрчлөлт, дэвшил гардаг нь хууль. Уул уурхайн салбараас Засгийн газар 3.2 их наяд төгрөгийн орлого олох бөгөөд үүний гуравны нэгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байсан. Татвар бус төлбөрийн орлого. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайдтай эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан цагаас хойш төсвөөс илүү АМНАТ олон нийтийн анхаарлын төвд байна. “Хоёр удаа АМНАТ авч болохгүй” хэмээн УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхэм хэлсэн. Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй боловсруулах үйлдвэр бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө бүгд АМНАТ-ийг дахин төлөхөөр байв. Өөрөөр хэлбэл, АМНАТ давхардсан байлаа. Энэ нь УИХ-ын хариуцлагагүй байдлаас улбаатай болохыг судлаачид хэлж байгаа юм. Гол хэргийн эзэн нь хууль тогтоох УИХ гэсэн үг. Дээрх Цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуулийг батлахаас өмнө Монгол Улс жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр зэргээс дээрх татварыг авдаггүй байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээс нь авдаг болохоор өөрчилжээ. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр хоёр янз байгаа бөгөөд дэргэдээ боловсруулах үйлдвэртэй компаниудад АМНАТ давхардахгүй юм. Харин тусдаа байгуулсан үйлдвэрт давхардал үүсээд байгаа аж. Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх хуулийн өөрчлөлтийг УИХ даруй засахгүй бол байгаа үйлдвэрүүд нь хаалгаа барихад хүрэх нь. Иргэн С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл ч ихээхэн ул суурьтай байж, нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авахаас гадна НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татвар авч байгааг гаргаж тавьсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бус УИХ-ын баталсан хууль өөрөө асуудлын бай, маргааны шалтгаан болоод буй. Боловсруулах үйлдвэрээ дэмжиж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь манай улсын олон жилийн хүсэл мөрөөдөл. Үүнийг бодит ажил болгоход боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ихээхэн чирэгдэл удахаар байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад боловсруулах үйлдвэр ДНБ-ий 30-40 хувийг эзэлж байхад манай улсад энэ дүн 10 хувиас ч хэтрэхгүй. Үүнийг хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадвал ам.долларын ханш буурна, айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Эрх баригч намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч томоохон ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээ амласан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал энэ бүхний эсрэг байна. Засгийн газар ч уг асуудал дээр санал зөрөлдөж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрлэлээ авч үлдэхээр зүтгэж байгаа бол Сангийн сайд төсвийн орлого бодон гэдийж сууна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн түүхийн музейгээс багана нь л үлджээ

 0 сэтгэгдэл

Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дууссан гэсэн шалтгаанаар 2013 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр тухайн оны зургадугаар сард үйл ажиллагааг зогсоосон билээ. Түүнээс хойш тус барилгын үүдийг цоожилж, ямар ч засварын ажил хийгээгүй тул шүүхээс Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарч, өнгөрсөн долоо хоногт нурааж эхэлсэн. Байгалийн түүхийн музей Улаанбаатар хотын 50 орчим жилийн түүхийг, дахин давтагдашгүй ур хийцийг хадгалж байгаа газар юм. 17 жилийн турш музейн захирлын алба хашсан Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор суурин дээр нь 53 тэрбум төгрөгөөр “Чингис хаан”-ы музей байгуулах шийдэлд хүрсэн. 

Тогтоолын 2.3. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт "Чингис хаан" музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулна гэж заажээ. Уг музейг нураахыг олон хүмүүс эсэргүүцэн тэмцэл зарласан ч үр дүнд хүрсэнгүй ийнхүү музейг нурааж эхэллээ.  

Байгалийн түүхийн музей нь 1924 онд "Үндэсний Музей" хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

 0 сэтгэгдэл
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Угаар мэдрэгч нь утаа болон замхрав уу

 0 сэтгэгдэл
  • Угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн гэж нийслэл мэдэгдсэн бол “Манай захиалгыг үйлдвэрлэж ч эхлээгүй” гэж ОББХ-ны дарга нотлов 

Олон хүний амийг авч одсон угаарын хийнээс иргэдээ хамгаалахын тулд айл бүрт угаарын хий мэдрэгч үнэгүй суурилуулах шийдвэрийг Засгийн газраас аравдугаар сард гаргасан. Улмаар арваннэгдүгээр сард багтаан өрх бүрийг угаар мэдрэгчтэй болгох үүргийг хотын дарга С.Амарсайханд өгсөн билээ. Гэвч өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг биелээгүй, өрх айлуудад очих угаар мэдрэгчийн сураг ч алга. Сургийг нь гаргахаар ажил хариуцсан хүмүүстэй холбогдоход зөрүүтэй мэдээлэл өгсөн нь бүр ч сэжигтэй санагдаж орхив. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар угаар мэдрэгчийг Монголд авчирсан, удахгүй суурилуулна гэсэн бол Орчны бохирдлыг бууруулах хороо “Манай улсын захиалсан угаар мэдрэгчийг үйлдвэрлэж ч эхлээгүй байгаа” гэв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Ирэх даваа гарагаас гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос өнөөдөр авчирч байгаа” хэмээв. Харин суурилуулсан угаар мэдрэгчийг хэрхэн ашиглах талаар тодруулахад “Тухайн төхөөрөмжийг суурилуулах үедээ хэрхэн хэрэглэх зөвлөгөөг тодорхой зааж өгнө” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Манай улсын захиалсан 200 мянган угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын захиалга авсан тал үйлдвэрлэж эхлээгүй гэсэн мэдээлэл манайд ирсэн. Үйлдвэрлэх үйл явц эхлээгүй байхад ирэх долоо хоногт суурилуулна гэдэг юу л бол. Энэ ондоо амжих эсэх нь эргэлзээгүй. Санхүүжилтийг нь шийдэж өгчихөөд байхад нийслэл ажлаа хийхгүй байна” гэв. Ийнхүү албаны хүмүүсийн байр суурь хоорондоо зөрж, хэнийх нь үг үнэн болох нь тодорхойгүй үлдэв. Энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн иргэд угаартах байдал одоо ч тасрахгүй байгаа үед Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дунд шатандаа хэрхэн замхарч, завхарч байгааг дээрх байдал харуулж байна. Эндээс харахад угаар мэдрэгч нь өөрөө утаа болон замхарсан бололтой. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдүүд удаа дараа автомашин хулгайлж байжээ

 0 сэтгэгдэл
  • Тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр олдсон байна

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны 14:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайн зүүн талд насанд хүрээгүй таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон хэрэг гарлаа. Тодруулбал, Toyota Ist маркийн машиныг 11-15 насны таван эрэгтэй хүүхэд жолоодож байгаад цагдаад саатуулагдсан юм. Хүүхдүүдийн гурав нь Сонгинохайрхан дүүрэгт удаа дараа тээврийн хэрэгсэл хулгайлсан хэрэгт шалгагдаж байсан бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ түлхүүр тааруулахаас гадна асаалттай байгаа автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцдог байжээ. Мөн тэдний биеэс хэд хэдэн машины түлхүүр илэрсэн байна. 

Энэ хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа. 


-Хүүхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ. Эцэг эхтэй нь холбогдсон уу?

-Хуулиар зарим төрлийн гэмт хэрэгт 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага тооцдог. Одоо байцаалт явагдаж байна. Ямар зүйл ангиар шийтгэх нь удахгүй тодорхой болно. Эцэг эхэд нь мэдэгдсэн. 

-Тээврийн хэрэгслийг ямар зорилгоор хулгайлсан бэ? 

-Машин хулгайлж унаад, бензинийг нь дуусахаар орхиж явдаг байсан нь тогтоогдсон. PС тоглосныхоо дараа гулгахаар явж байсан гэж мэдүүлж байна.

-Хулгайлагдсан машинд ямар нэг гэмтэл, хохирол учирсан уу? 

-Ямар нэг барилга байгууламж, үл хөдлөх биетийг шүргэж машинд нь сэв суулгасан байсан. Хохирогчид машиныг нь хүлээл гэн өгсөн. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээр тэд тухайн тээврийн хэрэгслийг Баянбүрдээс хулгайлсан байна.