A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1629/

Брокли шүүс ууж, бассейнд сэлэх нь утааны хордлогыг намжаана

Брокли шүүс ууж, бассейнд сэлэх нь утааны хордлогыг намжаана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1629/
000


АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар брокли буюу цэцэгт байцааны шүүс уух нь уушги дахь утааны хордлогыг саармагжуулахад хамгийн их нөлөөтэйг тогтоожээ. Монголчуудын хувьд байгалийн гаралтай жимс жимсгэнэ, сүү цагаан идээгээ тогтмол хэрэглэж биед хуримтлагдсан хордлогоо гадагшлуулах боломжтой. Түүнчлэн усан спортоор хичээллэх нь хүчилтөрөгч авах хамгийн зохистой арга гэжээ. 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс агаарын бохидлын үед хэрэглэх маскны судалгаа гаргажээ. Төрөл чанараасаа хамаарч 1600-79000 төгрөгийн үнэтэй маскны талаар авах мэдээллийг зургаар хүргэлээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрсний дараах сэтгэл гутралыг анхаарах төрийн бодлого алга

 0 сэтгэгдэл
  • Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэл зүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна
  • Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ
  • Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдаг

30 гаруй настай эмэгтэй гурван сартай бяцхан үрийнхээ хамт цонхоор үсэрч, амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочирдууллаа. Хоёр халуун амь хорвоог зуурдаар орхисон харамсалтай хэргийн буруутныг нийгэм нийтээрээ шүүж, “хүүхдийнх эцэг хүчирхийлэгч байсан, бүсгүйн дүү нар ийм хэрэг хийхэд хүргэсэн, амиа хорлосон эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” зэрэг элдэв мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байна.

Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлтийн талаар хэн ч дуугарсангүй. Нялх биетэй ээжийн сэтгэл зүйн хямрал, нярай үрийн дасан зохицох процесст анхаардаггүй гажуу тогтолцооны талаар хаана ч хөндсөнгүй. Бурхан болсон ээжийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүйг анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг үүнээс гадна олон жишээ батална. “Бяцхан үрээ төрүүлсэн ч баяр, жаргалыг мэдрэхгүй байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч үзэн ядаж, амьдралаас залхах боллоо” гэж анхны хүүхдээ төрүүлсэн ахимаг насны эмэгтэй цөхөрч сууна. Тэрбээр “зарим үед өөрийгөө ч, үрээ ч үгүй хиймээр санагдаж, нүгэлт бодолдоо шаналж байна” гэсээр нулимс нэрнэ. Энэ эмэгтэйтэй уулзаж, ярилцаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байтал өөр нэгэн эмэгтэй үрээ тэвэрч, цонхоор үсэрсэн харамсалтай хэрэг гарсан нь сэтгэл гутралын эмгэг олон ээжид тохиолдож байгааг гэрчилж байна.

Сэтгэл гутралд орсон ээжид өөрийгөө, үрээ гэмтээх бодол төрдөг

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог бөгөөд амаржсанаас хойших эхний хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Харин уг хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг. Ингэснээр амьдралын баяр баясгалангүй болж, гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хүүхдээ халамжлахаа больж, өөрийгөө болон үрээ гэмтээх зэрэг элдэв муу бодол төрж, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх хүсэлд автдаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн ч эмчлэхгүй орхивол төрсний дараах сэтгэл зүйн солио тусаж, хий юм үзэж, дэмийрч эхэлдэг аж. Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн “Сэтгэл хямрал хэвийн үзэгдэл ч сэтгэл гутрал бол эмгэг. Эмчлэхгүй бол маш аюултай. Хэрэв төрсний дараа нойргүйдэх, уур бухимдалтай болох, хүүхдээ болон өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдэг илрээд 14-өөс дээш хоносон бол яаралтай мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гурван эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй

Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ ээжүүд сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө шалтгааныг төдийлөн мэддэггүй учир хэн нэгэнтэй ярилцах, эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол ховор аж. Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэлзүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Санхүүгийн байдал сэтгэл гутралд нөлөөлдөг

Гэр бүлийн нөхцөл байдал, хосуудын харилцаа, тухайн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог зэрэг олон шалтгааны улмаас сэтгэл гутрал үүсдэг. Үүнээс гадна, мөнгө санхүүгийн байдал чухал нөлөөтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдгийг ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсад хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Энэ талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхай “Бид 2018 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм. Түүнээс харахад, бага болон дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал элбэг тохиолдож байсан. Мөн төлөвлөгөөгүй жирэмслэлт, ажилгүйдэл, төрөлтийн болон жирэмсэн үеийн хүндрэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Тиймээс төрөөс эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатай” гэлээ. Үүнээс гадна, барууны оронд төрсний дараах сэтгэл гутрал дээр эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажилладаг нь элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдог байна. 

Сэтгэл гутралыг эмчлэх төрийн бодлого дутагдаж байна

Төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, тусламж, үйлчилгээ манай улсад байдаггүй. Төрөх эмнэлэгт болон, өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэлзүйчийн орон тоо хангалтгүй байдаг төдийгүй эмч, сувилагчийн аль нь ч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх боломж, мэдлэг, сэтгэл алга. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг сэтгэлзүйч ажилладаг ч эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд голчлон анхаардаг байна. Харин Европын оронд жирэмсний хяналтад орсон цагаас нь эхлээд сэтгэл зүйд нь анхаарч, хямралтай байгаа эсэхийг тогтоох асуумж бөглүүлдэг байна. Мөн төрсний дараа эмчийн үзлэг, хяналтад орох бүрд нь судалгаа хийж, биеийн байдлыг нь, сэтгэл зүйтэй нь хамт хянадаг аж. Хэрэв ямар нэг асуудал үүссэн тохиолдолд 10-12 ээжийг хамарсан бүлэг байгуулж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг аж. Япон улсад сүүлийн жилүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” төвд тусламж авахаар хандсан эмэгтэйчүүдийн тоо 15 хувиар өссөн тул тус улсын Засгийн газар төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн хүчирхийллийн хамаарлыг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авсан байна. Гэтэл манай улсад эх, хүүхэд амиа алдаж байсан ч төр дүлий, дүмбэ оргисоор л байна.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй СЭМҮТ-д хандахаас өөр гарц алга

Сэтгэл зүйн тусламж хүссэн эмэгтэйд СЭМҮТ-д хандах эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хоёр л сонголт бий. Хүүхдийнхээ хагас сар хэрэглэх памперсны мөнгөөр сэтгэлзүйчээс нэг цагийн зөвлөгөө авах хүн ховор. Мөн сэтгэл гутралд орсон эмэгтэй хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг биеийн зовуурьтай байдаг тул сэтгэлзүйч үүнийг эмчлэхэд бэрх. Харин СЭМҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх боломжтой ч сэтгэл гутралд орсон эмэгтэй сэтгэцэд өөрчлөлт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тус эмнэлэгт хандах нь ховор. Энэ талаар төрсний дараах сэтгэл гутралд өртөж, СЭМҮТ-д эмчлүүлсэн эмэгтэй (нэрээ нууцлахыг хүсэв) “Төрснөөс хойш нэг жилийн турш хагас галзуу хүн шиг байсан. “Орой ямар хоол хийж вэ” гэж асуухад хүртэл уурлаж, хадмууд хүүг маань үнсэж, тэврэхэд хүртэл ундууцдаг байлаа. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Нөхөр маань шархадны эмнэлэгт хэвтүүлэх тухай хэлэхэд жинхэнээсээ галзуурах шахсан. “Намайг галзуу гэж бодоо юу” гээд бөөн сүр болж билээ. Олон нийтийн дунд галзуугийн эмнэлэг гэсэн ойлголттой байдаг болохоор эмэгтэйчүүд тийшээ зүглэхийг хүсдэггүй” гэсэн юм. Ийнхүү эх, хүүхдийг хоёр яс салгачихвал л үүргээ гүйцэтгэлээ гэж буй эрүүл мэндийн бодлого хэдэн ээж, хэдэн хүүхдийн амийг авч одох бол. Энэ асуудал дээр анхаараагүйн улмаас эмэгтэйчүүд насан туршдаа сэтгэлзүйн эмгэг тээж, гэр бүл салж, хүүхэд өнчирч байна.

Т.Мандхай: Сэтгэл гутралын талаарх ойлголт хомс байгаа учир эрт илрүүлж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй орнууд төрсөн эмэгтэйн сэтгэл зүйг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авдаг талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэй цөөхөн байдаг юм байна. Бодлогын түвшинд арга хэмжээ авдагтай холбоотой болов уу?

-Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл гутрал илрүүлэх асуумж бөглүүлдэг. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс хяналтын эмч нар ингэж ажиллах шаардлагатай байна. Мөн төрсний дараа өрхийн эмч нар гэрээр нь очиж нярайн үзлэг хийхдээ ээжүүдийн сэтгэл зүйг хянадаг байх хэрэгтэй. Эрт илрүүлэг хамгийн чухал байна. Жирэмсний хяналтын ягаан дэвтэр дээр ч төрсний дараах сэтгэл зүйн хямралын талаар ямар нэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай байна. Манай улсад сэтгэл гутралын талаарх ойлголт хомс. Үүний улмаас илрүүлж чадахгүй, хүндрүүлээд байна.

-Ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл зүйн асуумж бөглүүлдэг гэлээ. Сэтгэл гутралд орсон тохиолдол ямар арга хэмжээ авдаг бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг өөртөө туслах бүлэг гэж байдаг. Ижил шинж тэмдэгтэй, эмэгтэйчүүд бие, биетэйгээ нэгдэж, бүлэг үүсгэдэг юм. Гэхдээ мэдээж, мэргэжлийн эмч чиглүүлнэ. Ганцаараа сэтгэл гутралд автсан бус гэдгээ мэдэх маш чухал. Мөн хоорондоо нөхцөл байдлаа ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулдаг. Нөхөрт нь ч мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө. Гэтэл манай улсад сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг СЭМҮТ рүү л илгээдэг. Энэ нь тухайн эмэгтэйд тааламжтай санагдахгүй. Уг нь өрхийн болон төрөх эмнэлэг дээр сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Бид эмч, сувилагч нарыг сургалтад хамруулдаг ч тэд ажлын ачаалал ихтэй учир ээжүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломж хомс. Мөн өрхийн эмч нар ажлын байраа хурдан сольдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхэд хүмүүжүүлэх япон арга

 0 сэтгэгдэл

Япончуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил бусад улсынхаас онцлогтой. Тэд зөв амьдрах дадал хэвшлийг багаас нь олгодог бөгөөд япон хүүхдүүд тогтсон цагт хоолоо идэх, хүний юманд дураараа хүрэхгүй байх, бусдад төвөг болохоос зайлсхийх зэрэг дадалд нялхаасаа суралцдаг. Мөн эмэгтэй хүн хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ажилд орох, эмээ өвөөгөөр нь харуулахыг япончууд хэзээ ч сайшаадаггүй. Иймээс япон ээж, хүүхдийн амьдралын хэв маяг, хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан тун сонирхолтой. Түүнчлэн Япон улсын хөгжлийн суурь бол хүүхдийн хүмүүжил гэж үздэг. Тийм учраас манай улсад ч гэсэн Японы арга барилаар хүүхэд сургадаг сургууль, цэцэрлэг цөөнгүй болсон. 

Эх үрийн нандин холбоо буюу Аmea

Япон ээж, хүүхдийн холбоо маш хүчтэй байдаг. Ээжүүд хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байдаг бөгөөд амьдралын анхны багш нь юм. Энэхүү эх үрийн нандин холбоог тэд amea гэж нэрлэдэг ба энэ нь хүүхэд эхийнхээ хайранд өсөж томроод, аав, ээжийгээ нас ахих үед нь асрах ухагдахуун юм. Япон ээж хүүхдээ зандарч бус үлгэрлэж, зөвлөж өсгөдөг нандин ухаантай. Америк болон япон судлаачид хүүхэдтэй эвтэй байж, загнаж, зандрах бус зааж, зөвлөх нь өсөлтийн үед гарч болох зан харилцааны бэрхшээлүүдийг даван туулахад нь тусалдаг гэж үздэг. Япон, Европын ээжүүдийг оролцуулан нэгэн сонирхолтой туршилт явуулсан байна. Тэдэнд пирамид барих даалгавар өгтөл японы ээжүүд пирамидыг өөрсдөө барьж, дараа нь хүүхдүүдээ давтан хийхийг хүссэн бол европ ээжүүд пирамидыг хэрхэн бүтээх талаар тайлбарлаж, хүүхдүүдээ оролдохыг хүсжээ. Ингэхэд япон хүүхдүүд ээжээсээ харсан арга барилаараа пирамидыг илүү хурдан, гүйцэтгэл сайтай барьж чадсан байна. 

Хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө хүссэн зүйлээ хийж болно

Япон эцэг, эхчүүд хүүхдээ таван нас хүрэхээс нь өмнө хүссэн зүйлээ хийхийг нь зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд аав, ээж нь эцэс төгсгөлгүй хайр халамжаа хүүхдүүддээ мэдрүүлдэг гэсэн үг. Харин зургаан нас хүрээд хатуу дэглэм, дүрэм журам мөрдөх шаардлага тавьж, ямар нөхцөлд юу хийх ёстойг нь нарийн зааж сургадаг. Харин 16 наснаас хойш хүүхдүүдтэйгээ том хүн шиг харилцаж, найз шиг зөвлөхийг эрмэлздэг байна. Таван нас хүртэл нь хаан шиг, 5-15 настайд нь боол шиг, үүнээс хойш өөрсөд шигээ харилцах хэрэгтэй гэх бичигдээгүй дүрмийн дагуу бяцхануудаа өсгөж, хүмүүжүүлдэг байна. 

Хүүхдийг бие, биетэй нь харьцуулдаггүй

Япон улсын иргэд сургуулийн өмнөх боловсролыг маш чухалчилдаг. Хүүхдүүд цэцэрлэгт мэндлэх, хүндлэх, талархах зэрэг дадалд суралцдаг. Мөн тус улсад хэн ч, хэзээ ч хүүхдүүдийг бие, биетэй нь харьцуулдаггүй. Багш сайн хүүхдийг магтаж, мууг нь гоочлохыг хориглодог. Мөн нэг настайгаас шүдээ угаах, хувцсаа эвхэх, угаах хувцсаа ялгах, цүнхээ өөрөө барих, ээж аавдаа аль болох тэврүүлэхгүй байх гэх мэт олон дадлыг үлгэрлэж сургадаг. 

Тэгш эрх 

Японд хүүхэд бүхэн тэгш эрхтэй байдаг. Сурлага, чадвар, угсаа гарал, аав ээжийн хөрөнгө зэргийг хэн ч, хаана ч чухалчилдаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамт суралцуулж нийгэмшүүлдэг онцлогтой. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ноолууран хувцас руу сүрчиг цацаж болохгүй

 0 сэтгэгдэл
  • Шинээр авсан ноолууран хувцсаа угаасныхаа дараа өмсөөрэй. Ингэснээр гадарга дээрх богино ширхэгтүүдийг салгаж ноолуурыг бөөгнөрөхөөс сэргийлнэ

Ноолууран хувцсаар зөвхөн хүйтний улиралд гангардаг цаг ард хоцорчээ. Учир нь урин цагт ч өмсөхөд тохиромжтой хөнгөн нимгэн хувцсыг ноолуураар хийдэг болсон. Тиймээс өмсөж, бохирдуулсан хувцсаа гэрийн нөхцөлд хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Ноолууран хувцас арчилгаа их шаарддаг ч эдэлгээ удаантай. Зөв арчилсан ноолуур угаах бүрт улам зөөлөн болдог.

Сүлжмэл болон нэхмэл ноолууран хувцсыг өөр, өөр аргаар цэвэрлэдэг

Сүлжмэл ноолуур

Арилгахад хэцүү толбо үүсээгүй бол сүлжмэл ноолууран хувцсыг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Харин угаах үедээ химийн гаралтай угаалгын нунтаг ашиглалгүй ноос, ноолуур угаах зориулалттай нунтаг ашиглах нь зохимжтой. Мөн шинээр авсан ноолууран хувцсаа угаасныхаа дараа өмсөөрэй. Ингэснээр гадарга дээрх богино ширхэгтүүдийг салгаж ноолуурыг бөөгнөрөхөөс сэргийлдэг. Ноолууран хувцас амархан сунадаг гэх ойлголт түгээмэл бий. Гэхдээ энэ нь буруу угааж, хатааснаас үүлдэлтэй бөгөөд нойтон ноолуурын бүтээгдэхүүнийг аль нэг хэсгээс нь унжуулан барьж, сэгсэрч, хүчтэй мушгиж болохгүй. Харин хатаагуурт өлгөхөөсөө өмнө бөөгнүүлж, эсвэл эвхэж хэвшээрэй. Халуун ус ноолуурыг агшаадаг учир үргэлж хүйтэн усаар угаах хэрэгтэй. Мөн үрж мушгиж болохгүй учир савтай усанд дэвтээх нь зохимжтой. Нойтон ноолуур амархан сунадаг учир мушгиж болохгүй. Харин дэлгэж тавьсан алчуур дээр өнхрүүлж, усыг нь шавхаж аваарай. Хувцсаа хатаахад учир бий. Бусад бүтээгдэхүүний адилаар унжуулж тохох нь эрсдэлтэй. Тиймээс хөндлөнгөөр нь дэлгэж тавиад хатаах хэрэгтэй.

Нэхмэл ноолуур

Нэхмэл ноолуурыг хими цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй. Учир нь нэхмэл ноолуур нь гэрийн нөхцөлд угаахад хэцүү бөгөөд гэмтэх аюултай байдаг. Ноолууран хувцасны тэмдэглэгээ дээр зөвхөн гараар эсвэл зөвхөн хими цэвэрлэгээнийх гэсэн заавар байдаг. Тухайн зааврын дагуу арчилвал эдэлгээг нь уртасгана. Гэхдээ ноолууран эдлэлийг жилд хоёроос дээш удаа хими цэвэрлэгээнд өгөх нь зохимжгүй. Учир нь тусай химийн бодисууд ноолууран утасны бүтцийг их гэмтээдэг. 

Гараар угаах зааварчилгаа

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэж эсвэл гараар угааж болно. Гараар угаадаг зориулалтын бодис эсвэл шампунь хэлбэрээ алдах, бөөгнөрч муудахаас сэргийлнэ. Угаалгын нунтаг ноолууран хувцсыг түлж, агшааж сунгах аюултай тул хэрэглэхээс татгалзаарай. Ноолууран бүтээгдэхүүнийг индүүдэхдээ аль болох бага температураар, дотор талаас нь индүүдэх хэрэгтэй.

Толбо арилгах

Хэрэв та ноолууран хувцсаа толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг зөвлөж байна. 

Хадгалах

Та ноолууран хувцас хэрэглэлээ цэвэрлээд нямбай хадгалах хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэй гэх мэт шавж байгалийн ширхэгт рүү татагддаг. Хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх ба гялгар уутанд хийх хэрэггүй. Мөн өлгүүрт өлгөж, унжуулж болохгүй. 

Хэрэглээ

Ноолууран хувцас руу сүрчиг цацаж болохгүй. Сүрчиг хувцсыг толботуулж цагаан эрвээхэйг өөртөө татдаг. Мөн хурц үзүүртэй гоёл чимэглэлийн зүүлт хүргэх хэрэггүй. Энэ нь ноолууран эдлэлийг бөөсрүүлж, гэмтээх аюултай. Ноолууран хувцас дээр жижиг бөөгнөрсөн ширхэгтүүд үүсдэг. Энэ нь ноолуурын ширхэгүүд гадуур хувцас, цүнхтэй шүргэлцсэнээс үүсдэг ба хэрэв бөөгнөрсөн бол тухайн хэсгийг гараараа эсвэл зориулалтын цахилгаан хэрэгсэл, татуурга ашиглан цэвэрлэж болно. Хэрэв материал цэвэрлэгч татуурга ашиглах гэж байгаа бол, ноолуурныхаа хажуугаар даавуун материал цэвэрлэж болохгүй.

Худалдан авахдаа анхаарах зүйлс

Гарынхаа алгаар бүтээгдэхүүний гадаргыг үрэхэд жижиг ширхэгүүд бөөгнөрч байгаа эсэхийг хараарай. Хэрэв чанар муутай бол бөөгнөрч, бөөсөрнө. Мөн бүтээгдэхүүнийг сунгахад анхны хэлбэртээ орж буй эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв анхны хэлбэртээ эргэж орохгүй сунасан хэвээр байвал муу чанарын ноолуур байна гэсэн үг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус тэмээгээр аялж соёлоо сурталчилна

 0 сэтгэгдэл
  • Өмнөговиос Өвөрхангай хүртэл 30 гаруй залуус тэмээгээр аялахаар төлөвлөж байна

(Дэлхий дахиныг хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж)

Тэмээгээр аялагч Н.Байгалмаа Иран улсаас ирээд удаагүй байгаа бөгөөд нутагтаа тэмээн аялал зохион байгуулахаар зэхэж байна. Н.Байгалмаа монгол хэл, соёл, үндэсний уламжлалаа сурталчлахаар зүтгэж яваа бүсгүй билээ. Тэрбээр “Монгол давалгаа” төсөл санаачилж, Өмнөговиос Өвөрхангай хүртэл тэмээн аялалд оролцох залуусыг бүртгэж буй аж. Тэрбээр энэхүү аялалдаа 30 гаруй залуусыг оролцуулах ба цахим хуудсандаа “Тэмээн жингийн аянд нэгдэж буй залуус маань Монголын нүүдэлчин соёл, өв уламжлал, биет болон биет бус өв соёлыг танин мэдэхүйг зон олондоо сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой. Эртний уламжлалт зан заншил бөө мөргөл, болон өвлөгдөж үлдэх язгуур урлаг, дуу хуур, бие биелгээ, хэл хуур, товшуур морин хуур хөгжим, архираа хөөмий эсгэрээ магтаал, уртын дуу, нүүдэлчин аж амьдрал Монгол хоол зоог, мөн Монгол уран зураг, баримал хийц дархан хүний гар хийц, эртний монгол үндэсний хувцас, үндэсний үйдвэрлэлийн брэнд зэрэг нь өв соёл учраас залуус сурталчлах нь зөв юм. Нүүдэлчин соёлыг сурталчлах монгол аялалд "Тэмээн жингийн цуваа" давалгааг эхлүүлэх гэж байна хэмээн бичжээ. Дэлхий дахины хамарсан халдварт өвчнөөс шалтгаалан олон улсын тэмээн аялалаа түр завсарласан бөгөөд өвчин намжсаны дараа тэрбээр Лондон хүртэл явах төлөвлөгөөтэй байгаа аж.