A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3026/

Булшнаас олдсон өрөм, шар тосыг удахгүй музейн үзмэр болгоно

Олон зуун жилийн өмнөх булшнаас өрөм гарч ирнэ гэдэг боломжгүй мэт санагдаж байлаа

Булшнаас олдсон өрөм, шар тосыг удахгүй музейн үзмэр болгоно
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3026/


Долоо, найман зууны тэртээх булшнаас өрөм, шар тостой ваар олдсон нь Монголын археологийн үнэт олдворт тооцогдож буй. Органик хэлбэрээ олон зууны турш хадгалсан өрөм олсондоо археологичид итгэж ядан байснаа өгүүлж байв. Тэрхүү экспедицийн ахлагч, Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайханыг сониныхоо зочноор урьж ярилцлаа. Түүхийн ховор олдворууд тонуулчдын гарт өртөж, сүйдэж байгааг тэрбээр харамсан өгүүлж байв.

-Монголын археологичид сүүлийн үед олз арвин байна. Дархадын хотгорт хийсэн малтлагаар XIII зууны үеэс хадгалагдан үлдсэн өрөм, шар тос илрүүлсэн нь олны анхаарлыг хамгийн их татлаа. Ер нь яагаад Дархадын хотгорт малтлага хийхээр болсон юм бэ?

-Бид Дархадын хотгорт 2003 оноос хойш тасралтгүй археологийн судалгаа хийж ирсэн. Судалгааны үр дүнд буган хөшөө, хүрлийн үеийн булш хиргисүүр, тахилын байгууламж зэрэг нэлээд түрүү үеийн соёлуудыг илрүүлж, судалж шинжлэх боломж бүрдсэн. Ялангуяа чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийн сууринтай Соёо толгой гэдэг газар олон жил судалгаа хийлээ. Гэхдээ бид саяхныг хүртэл өнөөдрийн яриад байгаа хориг уулын дурсгалт газрыг олж мэдээгүй байсан юм. 2016 онд Монгол, Америкийн хамтарсан “Умард Монгол” төслийн хүрээнд буган хөшөөг судалж яваад Улаан-уул сумын иргэн Баттөр эгчтэй уулзаж ярилцлаа. Тэр хүн бидэнд “Та нар шинжлэх ухааны байгууллагаас явж байгаа албан ёсны хүмүүс юм байна. Манай хаваржааны арын хориг ууланд баахан булш хиргисүүр тоноод хаячихсан байгаа. Та нар харж хамгаалан анхаараач” гэсэн санал тавьсан. Бид тэр хүний зааж өгсөн газраар явахад Монголын эзэнт гүрний үед холбогдох хэдэн арван булшийг толгой дараалан сүйтгэж хаясан байхтай таарсан юм. Дээл хувцасны тасархай, ширэн эдлэл, арьсан эдлэл, хүний яс гээд бүхий л юмыг цацаад хаячихсан байна лээ. Нөхцөл байдлыг газар дээр нь ирж үзчихээд хэдий хугархай хэмхэрхий ч гэсэн үлдэж хоцорсон эд зүйлийг аварч хамгаалах нь чухал учир сүүлийн хоёр жил албан ёсны зөвшөөрлийн дагуу 70 гаруй булшин дээр ажиллалаа. Ноднин хүн хүч, санхүүгийн бололцоо тааруухан байсан учир харьцангуй цөөн буюу 25 булшийг хамгаалж чадсан. Гэхдээ цаана нь үлдсэн булшнуудыг тонуулчид дахиад сүйтгэчих вий гэсэн болгоомжлол байсан учраас тухайн үед хэвлэл мэдээллийнхэнд энэ талаар дуулгаагүй юм. Харин энэ жил экспедицийг бараг бүхлээр нь хориг ууланд ажиллуулсан. Нийт 40 гаруй хоног ажиллахдаа 40 орчим дурсгалыг авран хамгааллаа. Энэ үеэр Монголын эзэнт гүрэн, ялангуяа Юань гүрний үед хамрагдах асар олон эд зүйл олдсон. Манай экспедицид Монгол, Америкийн маш олон мэргэжлийн хүн багтаж, сэтгэл зүрхээ зориулан ажилласан. Судалгаагаа эхлээд арав орчим хоногийн дараа бид анхны өрөмтэй ваарыг олсон. Нэг булшны зүүн хананд үлдсэн байсан юм. Азаар тонуулчдын гарт өртөлгүй үлдсэн байна лээ. Ваараа гаргаад кэмп дээрээ авчирч, шороог нь малтаад үзтэл өрөм шаргалтаад гараад ирсэн. Үнэнийг хэлэхэд долоо, найман зуун жилийн өмнөх булшнаас өрөм гарч ирнэ гэдэг боломжгүй зүйл мэт санагдаж байлаа. Ийм чухал зүйл олсондоо сандарч, Улаанбаатар руу мэдээ хүргүүлж, яаж хайлуулчилгүй авчрах вэ гэдгийг бодож эхэлсэн. Ингээд механик аргаар буюу ваараа гаднаас нь мөсөөр хөргөж аль болох хурдан музейд авчрахаар шийдсэн юм. Дараа нь буцаж очоод малтлагаа үргэлжлүүлж байгаад дахин хоёр ваар дүүрэн өрөм, нэг жижиг ваартай шор тос олсон доо.

-Энэ олон жил өрөм, шар тос хадгалагдаж үлдэнэ гэхээр санаанд багтахгүй юм. Үүний учир шалтгааныг олсон уу?

-Ер нь мөстлөгтэй, цэвдэгтэй газраас эртний хүмүүсийн хэрэглэж байсан бяслаг, зөгийн бал зэрэг хүнсний зүйл олдох тохиолдол бий. Харин монгол арга технологиор боловсруулсан өрөм, шар тосыг археологийн судалгааны үр дүнд олсон түүх байдаггүй. Яагаад өдий болтол хадгалагдаж үлдэв гэхээр байгаль, газар орны онцлогоос шалтгаалсан байна. Дархадын хотгор маань үндсэндэ маш том мөнх цэвдэг бүхий газар. Мөнх цэвдэгтэй газарт байсан учраас энэ олон жилийн турш шинээрээ мэт хадгалагдан үлджээ. Хэдийгээр эдгээр булш шуналтай тонуулчдын гарт сүйдсэн ч гэсэн азаар тун чухал олдвор нь бүрэн бүтэн үлдсэн байв. Шавар вааранд хийсэн байсан болохоор металл илрүүлэгч олж чадаагүй хэрэг. Гэхдээ бид олж чадалгүй цаг хугацаа алдсан бол түүхийн ховор олдвор устаж үгүй болох байлаа. Учир нь булшийг ухаж, мөнх цэвдэгийг нь нээгээд хаячихсан болохоор бороо ус нэвчих зэрэг эрсдэл их л дээ. Би хэвлэлийн бага хурал хийх үедээ төр засгийн удирдлагуудад нэг санал тавьсан. Дархадын хотгорын бүс нутаг бол Монголын түүх, соёлын маш чухал хэсэг юм. Бусад газарт түүх соёлын ховор дурсгал байдаг ч чийглэг дулаан уур амьсгалтай учир иймэрхүү органик зүйл хадгалагдаж үлдэхгүй. Харин Дархадын хотгорт энэ мэт ховор нандин дурсгал их. Тиймээс өргөн хэмжээний хайгуул хийж, хамгаалалтад авах шаардлагатай байна гэсэн байр сууриа илэрхийлсэн. Үнэндээ бид асар том эзэнт гүрэн байгуулсан мөртлөө өвөг дээдсийнхээ өв соёлоос энэ гээд харуулчих баялаг материал байдаггүй. Манай музейд гэхэд л ихэнх үзвэр нь энд тэндэхийн музейгээс хуулбарлаж авсан зүйл байдаг. Тиймээс эзэнт гүрний түүхэн үеийг археологийн олдвороор баяжуулах, цаашлаад Чингис хааны музей байгуулахад шаардлагатай цуглуулгыг бүрдүүлэхэд энэ бүс нутаг маш чухал үүрэгтэй. Тиймээс цэвдэгтэй бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, үр дүнтэй судалгаа хийе гэсэн санал гаргаад байгаа.

• Бид нутгийн хүний  зааж өгсөн газраар явахад Монголын эзэнт гүрний үед холбогдох хэдэн арван булшийг толгой дараалан сүйтгэж хаясан байхтай таарсан.

• Монгол арга технологиор боловсруулсан өрөм, шар тосыг археологийн судалгааны үр дүнд олсон түүх байдаггүй.

• Археологичид дандаа алт олдог юм байна, булш болгоноос алт гарч байна гэх ойлголт түгээмэл бий. Тиймээс эртний ховор дурсгалууд тонуулчдын гарт өртсөөр байна.

-Өрөм, шар тосноос өөр ямар чухал олдвор илэрсэн бэ?

-Бид торгон эдлэлийн маш олон тасархай олсон. Хоригийн дурсгалаас дэлхийн аль ч музейд байхгүй тийм олон торгоны цуглуулга олсон. Перс, Хятад, Дундад Ази гаралтай, алтан утас, луутай, хас хээтэй торгоны хэсгүүд энд бий. XIII-XIV зууны үеийн торгоны иж бүрэн цуглуулга гэж болно. Монголын ихэс дээдсүүд ямар тансаг, ямар ховор чамин торго эдэлж, хэрэглэж байсныг эндээс харж болно. Мөн нэлээд олон алтан эдлэл олдсон. Онцолж дурдах хоёр олдвор бий. Нэг нь завилж суусан бурхны дүрстэй алтан чимэглэл. Энэ магадгүй Монголын нутгаас олдож буй хамгийн эртний буддын шашны олдвор байх. Энэ бол 5х5 см хэмжээтэй жижиг олдвор. Нөгөөх нь алтан нар, сарны дүрс. Энэ бол монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлалыг тодруулахад маш чухал ач холбогдолтой олдвор. Яагаад гэвэл, хүннүгийн язгууртнуудын булшны авсан дээр алт, мөнгө, хүрэл нар сарыг хадаж тавьсан байдаг. Энэ нь хүннү болон монголчуудын язгуур шүтлэгийн холбоосыг харуулж байгаа юм. Одоо болтол Монголын төрийн сүлдэн дээр байгаа алтан нар, сарны хэдэн мянган жилийн уламжлалыг дунд нь холбож өгч байгаагаараа энэ олдвор чухал ач холбогдолтой.

-Таныг алтан эдлэл оллоо гэж ярихаар нөгөө тонуулчид нь дахин ухаад эхлэх вий гэж айх юм. Ер нь улсын хэмжээнд тоногдсон булш хиргисүүрийн нарийн тоо статистик байдаг уу. Мөн эртний ховор олдворуудыг яаж хамгаалах ёстой вэ?

-Монгол Улсын соёлын өвийн тооллого улс орон даяар явагдсан. Эндээс нэгдсэн тоо гарсан байх. гэхдээ энэ судалгаа улс орны хэмжээнд тоногдсон дурсгалуудын тоог бүрэн илэрхийж чадахгүй. Яагаад гэвэл зөвхөн соёлын өвийн дурсгалд багтсан газруудыг л энэ судалгаанд оруулсан. Гэтэл бидний малтсан хориг уулын дурсгал гэхэд соёлын өвийн жагсаалтад багтдаггүй. Ингээд бодохоор соёлын өвд багтаагүй дурсгал хэдэн мянгаараа тоногдсон байж таарна. Тиймээс маш яаралтай бүртгэн судлах тал дээр төр засгийн зүгээс анхаарах шаардлагатай байна. Хэрэв соёлын өв маань жил бүр устаж үгүй болсоор байвал хожим харамсаад ч барахгүй нөхцөл байдал үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Ер нь археологичид дандаа алт олдог юм байна, булш болгоноос алт гарч байна гэх ойлголт түгээмэл бий. Тиймээс эртний ховор дурсгалууд тонуулчдын гарт өртсөөр байна. Үүнээс сэргийлэхийн тулд булш болгоны хажууд нэг хүн зогсооно гэж байхгүй. Харин хадгалж, хамгаалахын тулд ард түмнээ гэгээрүүлж, түүхийн дурсгалын ач холбогдлыг ойлгуулах нь чухал. Хадны сүг зураг дээр яагаад нэрээ сийлж болохгүй вэ, эртний хөшөөг яагаад хуга цохиод хаячихаж болохгүй вэ, булш бунхныг яагаад ухаж болохгүй гэдгийг ойлгуулсан цагт л булшны хажууд манаач зогсоох шаардлагагүй болно. Зарим суманд археологи, түүх соёлын өндөр мэдлэгтэй багш нар байдаг. Тийм багштай газар тонуул, сүйтгэл маш бага байдаг. Нэг, хоёр багшийн нөлөө ямар их болох нь эндээс харагдах байх. Тэр багш хүүхдүүдэд эртний ховор дурсгалын үнэ цэнийг ойлгуулж, энэ нь томчуудад нь хүртэл нөлөөлснөөр оюун санааны хамгаалалт бий болж байна.

-Саяхан оросуудтай хамтарсан баг XIV зууны үед хамаарах монгол дайчин эмэгтэйн булш олсон. Энэ олдворын талаар тодруулж өгөөч?

-Хөвсгөлөөс түүхэнд тэмдэглэгдэхүйц өндөр том биетэй эмэгтэй дайчны булш олдсон гэсэн мэдээлэл гарсан. Судлаачидтай нь уулзаагүй учраас үүнээс илүү нарийн мэдээлэл өгч чадахгүй.

-Цаашид томоохон экспедиц гаргаж, судалж шинжлэх шаардлагатай ямар газрууд байна вэ? 

-Ер нь Монголын археологийн судалгаанд хүннү гүрний үеийн олдвор их бий. харин үүнээс хойших буюу Сяньби, Жужаны үе гэхээр археологийн баримтын хувьд хоосон зай үүсчихээд байгаа. Сяньби, Жужан, Нируны түүх яагаад археологийн баримтгүй байна вэ. Тэд Монголын нутагт байгаагүй юм уу гэдэг асуудал яригдана. Одоо манай музейд ороход хүннүгээс түрэг рүү үсрээд орчихдог үзмэртэй байгаа шүү дээ. Энэ цаг хугацааг нөхөх үзмэрүүд хэрэгтэй байгаа юм. Энэ ч үүднээс манай үндэсний музей орхон аймгийн жаргалант сумын айргийн гозгор гэдэг газар Сяньбийн бүлэг дурсгалыг судалж байгаа. Мөн Ховд аймгийн Мянгат сумаас Нируны үед хамрагдах агуйн хадны оршуулга олж байсан. Энэ мэтээр түүхийн цагаан хуудсуудыг археологийн баримтаар баяжуулах нь маш чухал.

-Археологийн томоохон хэмжээний малтлага хийх зардлаа хаанаас олж байна вэ. Улсын зүгээс хэр тусалж дэмждэг юм бол?

-Сүүлийн 30-аад жилийн археологийн судалгааны бараг 80-90 хувь нь гадаадын төсөлхөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Ганц нэгхэн төсөл хөтөлбөрийг дотоодын эх үүсвэрээс буюу байгууллагынхаа эрдэм шинжилгээний зардал, төрөөс Шинжлэх ухааны хүрээлэнд өгсөн багахан төсвөөр шийдэж байгаа. Харин олон улсын түвшинд томоохон судалгааны ажлыг гаднын байгууллагын тусламжаар л хийж байна.

Археологийн судалгааны 80-90 хувь нь гадаадын төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа


Гэхдээ сүүлийн үед төр засгийн зүгээс түүх, соёлоо судалъя, монгол өв соёлоороо бахархдаг болъё гэж ярьдаг боллоо. Яриад эхэлнэ гэдэг маш чухал. Ерөнхийлөгч Х.Баттулга гэхэд томоохон экспедицийг ивээн тэтгэж байлаа. Эндээс илрүүлсэн чухал эд зүйлс Монголбанкны эрдэнэсийн санд хадгалагдаж байна. Ер нь хөрөнгө мөнгөтэй том компаниуд олон улсын жишгийг дагаад, нийгмийн хариуцлагын хүрээнд түүхийн судалгааны ажилд хөрөнгө оруулбал нийгэмд зөв үлгэр дуурайл болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл сонирхож асууя. Сая олдсон өрөм, шар тосыг хэзээ музейн үзмэр болгож, үзэгчдийн хүртээл болгох вэ?

-Энэ бол бүрэн боломжтой. Угаас дэлхий дахинд иймэрхүү органик зүйлийг үзүүлдэг музей олон бий. Ерөнхийдөө хөргүүртэй хорго байхад л болно. Гэхдээ үүнээс өмнө хийх ажил бий. Эдгээр олдворууд мөстлөг дунд байсан болохоор ваар нь тэлж, хагарч цуурсан. Үүнийг сэргээн засварлаж, бүтэн болгоно. Мөн доторх зүйлийг үзэгчдэд яаж харуулбал зүгээр вэ гэдгийг ярилцаж тохирно. Энэ олдворыг үзэж сонирхох хүсэлтэй хүн олон байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болгоно оо. Гэхдээ олон түмэнд үзүүлэх хүртэл судалгаа, сэргээн засварын ажлууд байгааг хүмүүс ойлгох биз ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цөмөөхэй” баллет тоглоно

 0 сэтгэгдэл

Жил бүрийн шинэ жилийн баяраар П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу уг балетыг энэ жил зургаа дахь жилдээ Монголын үзэгчдэд хүрэхээр болжээ. Монголын балетчдын амилуулсан “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг энэ сарын 20-28-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа тоглох бөгөөд тасалбарын үнэ 20-140 мянган төгрөг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Хосбаяр "Үр" кино үйлийн үрийг өгүүлнэ

 0 сэтгэгдэл
  • "Үр" кино хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлнэ
  • Энэ дүр хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ

Hайруулагч Чений анхны бие даасан уран бүтээл болох “Үр” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Аймшгийн, драмын төрлийн тус киног Dream энтертайнмент хийсэн бөгөөд кино зохиолыг бодит амьдралаас сэдэв лэн бүтээжээ. “ҮР” киноны гол дүрийн жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа

-Энэ дүр таны тоглож байсан бусад дүрээс ямар онцлогтой вэ. Кинонд тоглох саналыг хэрхэн авав? 

-”Үр” кинонд би эсрэг дүр бүтээсэн. Өмнө нь ийм төрлийн кинонд тоглож, сөрөг дүр дээр ажиллаж байгаагүй болохоор найруулагч дүрийн санал тавихад их сонирхолтой санагдаж, хүлээж авсан. Мөн энэ дүр надаас тэс өөр зан, суртахуунтай хүнийг илэрхийлдэг. Муу санаатай, бусдыг өөлж, бохир мөнгөний төлөө хөөцөлдсөн залуугийн дүрийг гаргах амаргүй байлаа. Эсрэг дүрийг муухай харж, хараалын үгтэй текст хэлээд болчихдоггүй болохыг ойлгосон. 

-Таны тоглосон дүр үзэгчдэд юу ойлгуулж, өгүүлэхийг зорьсон бэ? 

-Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ хэмээх монгол ардын зүйр үг бий. Анх зохиолоо уншихад л миний дүр энэ утга санааг илэрхийлж байсан. Хүн хөдөлмөр, хичээл зүтгэл, ур чадвар, ухаанаараа амжилтад хүрдэг бөгөөд амжилт мөнгө дагуулдаг шүү дээ. Харин энэ дүр бол хууль бус арга, залиар мөнгө олж, хүн чанар, ёс зүйг үл эрхэмлэх залууг илэрхийлдэг. Мэдээж буруу үйлийн үр эцэстээ өөрт нь ирж, таагүй үр дүнд хүрнэ. Тиймээс киноны дүрээрээ дамжуулан буруу хийсэн үйлдэл бүхэн үр дүнтэй, муу үйлийн үрийг өөртөө бүү хураа гэх санааг илэрхийлэхийг хичээсэн. Ариун, цагаан хөдөлмөрөөр амьдралаа босгох нь хүний эрхэм чанар юм. 

-Манай улсын уран бүтээлчид 1993 оноос аймшгийн кино хийж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш энэ төрлийн олон кино үзэгчдийн хүртээл болсон. “Үр” кино аймшгийн төрлийн бусад киноноос юугаараа онцлог вэ, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэсэн? 

-Ихэнх аймшгийн кино чөтгөр, шулмыг өгүүлж хүмүүсийг цочоож, айлгадаг. Манай кино сэтгэл зүйн драм төрлийн кино. Хүмүүсийн сэтгэл зүйд айдас, бодрол төрүүлэхээр хийгдсэн гэдгээрээ онцлог. Улмаар муу зүйл хийж, бусдын амьдралыг бусниулан, буруу аргаар амьдарвал үйлийн үр заавал ирдэг болохыг үзэгчдэд ойлгуулна. Хэдий энэ бие, энэ насаа зовлонгүй өнгөрөөсөн ч үйлийн үр үр удмыг нь дагаж байдаг гэх санааг өгүүлсэн. Кино зохиолыг найруулагчийн танилд тохиолдсон амьдралаас сэдэвлэж бичсэн тул бодит амьдралтай ойр, үзэгчдэд маш олон зүйлийг ойлгуулахаар өгүүлэмжтэй сайн уран бүтээл болсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэрчин хүүгийн хэв маяг дэлхийг байлдан дагуулсан

 0 сэтгэгдэл
  • Зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татав
  • Гэвч зэрлэг Өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж 1920-иод онд Зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, Вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх

Дэлбэгэр бүрх, давируултай гутал, жинс, бугуйл, кантри хөгжим, родео-морь булгиулах тэмцээн зэрэг нь ямар нэг байдлаар Америкийн үхэрчдийн бүтээсэн дэд соёл юм. Үхэр ба хүү буюу cow, boy гэх хоёр үгээс бүрдэх үхэрчин хүү буюу cowboy гэдэг үг XVIII зууны Англид анх үүссэн түүхтэй. Харин насанд хүрсэн үхэрчин хүнийг cowherd буюу үхэр маллагч гэдэг байж. Одоо бидний мэдэх ковбой хэмээх үхэр туугч залуусын сонгодог хэв маяг ердөө 30 жил, 1860-1890 оны орчимд оршин тогтсон байна. 1846-1848 оны дайны өмнөхөн Шинэ Мексик, Аризона, Невада, Калифорни, Юта, Техас зэрэг Мексикийн харьяанд байсан мужууд АНУ- ын бүрэлдэхүүнд оржээ. Чухамдаа Техасыг авсан нь АНУ, Мексикийн дайны галыг өдөөх цучил болсон юм. АНУ аж үйлдвэр, хүн ам байхгүй шахам асар уудам газрыг эрхэндээ авав. Шинэ муж улсууд руу шилжин суурьшигчид хошуурч, нутгийн иргэдийн соёлыг авсны дотор “вакеро” хэмээх тууварчдын ажлыг уламжлав. Энэ нэр  дундад зууны Испаниас үүсэлтэй агаад ган гачгийн улмаас мал сүрэгтээ өвс бэлчээр хайн нүүдэллэгчдийг хэлдэг байжээ. Морь сайн унадаг, сүргээ хамгаалан зэвсэг барихад бэлэн, задгай тэнгэр дор өдөр шөнөгүй малаа сахидаг адал явдал хайгч шинэ маягийн малчдын бүлэг бий болсон гэдэг. Америкийн шинэхэн мужуудад вакеро нь ковбой болон хувирчээ. Тэд зүүн эргийн нутаг руу худалдах сүргийг тууж, заримдаа мянган бээрийг туулан төмөр замын станцад хүргэх ажил эрхэлдэг байв. Хүнд хөдөлмөр, хатуу амьдралын ийм хэв маягийг Америкт “вестерн” хэмээн нэрлэсэн. Улмаар баруун нутгийн хүн ам олширч, төмөр зам тавигдсанаар сонгодог ковбойн амьдрал үгүй боллоо. Гэвч зэрлэг өрнөдийн романтик төрх Холливудын анхаарлыг татаж, 1920-иод онд зоригт ковбойчуудын зэрлэг индианчуудтай хийсэн тулааныг харуулсан кино ихэд түгж, вестерн гэдэг нэр авчээ. Ийм жанрын гол төлөөлөгч Клинт Иствудыг дэлхий даяар мэдэх байх. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн  хэрэг. Ийнхүү киноны ачаар ковбойн хэв маяг массын соёлд нэвтэрсэн хэрэг. XX зууны хоёрдугаар хагаст өөрийн хөгжим (кантри), спорт (морь, бух булгиулах родео, бугуйлдах тэмцээн), шашинтай (ковбойн сүм хүртэл байгуулагдсан) бас мэдээж хувцасны хэв загвартай бүхэл бүтэн дэд соёл болон дэлгэрэв. Ковбойн сонгодог гутлын хошуу хэт нарийсаж, бараг шовх гэмээр үзүүртэй болов. Бүсний толь морь унахад саад хийдэг боловч жинхэнэ техас эрийн бэлгэдэл нь суран бүсэн дээрх том дэгжин толь юм. Дэлбэгэр бүрхний бүх төрөл дотроос стетсон хэмээх өндөр оройтой нь моодонд орж, ковбойн гангарааны салшгүй хэсэг болжээ. Цаашлаад ковбойн стиль сонгодог хэв шинжээ алдаж чөлөөт урсгал руу хальснаас 1960-аад оны хиппи залуусын моод болсноор жинс, арьсан жилет, борог даавуу нөмрөг дэлгэрэв. 2010 оноос ковбой загвар дахин амьдарлаа. Дизайнер Ральф Лорен Вестерн цуглуулгаа бүтээсэн бол Calvin Klein брэнд жинс өмд, том тольтой бүс, дөрвөлжин хээтэй цамцыг загварууддаа оруулжээ. 2018 оны намар, өвлийн загваруудаас мөн ковбой хувцасны элементүүдийг ажиглаж болно. Эртнээс ковбой хувцас үйлдвэрлэж ирсэн Wrangler 2019 оны Icons буюу шүтээн нэртэй цуглуулгадаа 1946 онд гарсан анхны жинсний загвараар бүтээсэн өмд, хувцас танилцуулсан. Сүүлийн жилүүдэд вестерн стиль хувцаслалт төдийгүй Америкийн нийгмийн амьдралд ч нөлөөгөө тусгаж, ковбой малгай, өмд шинэ утга, бэлгэдэл агуулах боллоо. 2017 онд Лас Вегасын 91-р гудамжинд кантри хөгжмийн фестивальд оролцогсдыг бөөнөөр буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Нэг үзэгчийн талбайд орхисон ковбой гутал нийгмийн сүлжээгээр тарж, хэрэглэгчид янз бүрийн коммент бичиж байв. Аллагын олон хохирогч ийм гуталтай байсан агаад Бүгд найрамдах намыг дэмжигчид байсан гэсэн мэдээлэл түгсэн. Харин буудагч этгээд Ардчилсан намд бүртгэлтэй байжээ. Хүмүүсийн нэг хэсэг нь ковбойн загварыг жинхэнэ Америкийн бэлгэдэл гэж шүтдэг бол нөгөө зарим нь хуучирсан эршүүд үзлийн үлдвэр хэмээн хялайх нь бий. Эд бүгдээс харахад ковбойн хэв маяг Америкийн түүх хийгээд орчин цагийн дэд соёл, гоо зүйн бэлгэдэл гэдэг утгаа алдаагүй бололтой. 


A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Ананд дэлхийн шилдгээр нэрлэгдэв

 0 сэтгэгдэл

Өчигдөр 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Ананд багтсан юм. Олон улсын холбооны сайтад “Дэлхийн цомын тэмцээнээр төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч Монголын сор болсон энэ тамирчин биднийг гайхшруулж чадсан. U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр яг л араатан шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа Дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичжээ.