A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4122/

Бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг

Бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг
 1 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4122/
  • Бид өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учир нэг гэр бүл шиг л дотно
  • Орчин нөхцөл сайтай тул бид ажлаас хойш суудаггүй. Цаг, нар бүр ч хамаагүй. Манайхан ажилтай, захиалгатай л бол сайхан гэдэг хүмүүс 
  • Xэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн, судалгаанд үндэс, бараа бүтээгдэхүүнээ урлаж байна

Өрхийн бизнес эрхлэх сонирхолтой эмзэг бүлгийн ээжүүдэд ажлын байр бий болгож буй “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцахаар тус төвийг зорилоо. Өрх толгойлсон, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй зэрэг хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал эмэгтэйчүүдийг монгол гутал урлах, эсгий, ноосоор бүтээгдэхүүн гаргах зэрэг ур чадварт үнэ төлбөргүй сургаж, ажлын байр олгодог энэхүү төвд нийт 60 гаруй эмэгтэй үйлдвэрлэл эрхэлдэг. Тэднийг үйл ажиллагааг СХД-ийн Засаг даргын тамгын газраас дэмжиж, 145 метр квадрат талбай бүхий гурван өрөө байраар хангажээ.

Ажлын байраа хувийн сууц шиг тохижуулжээ

Биднийг зорьсон газраа хүрч, үүдээр нь ормогц нас, насны эмэгтэйчүүд тус, тусын үйлийг хийгээд, тун завгүй байлаа. Түүнчлэн, ажлын байрныхаа хана, шалыг өнгө, өнгийн эсгий, ноосон хивсээр чимсэн байх бөгөөд сувд, шүр бүхий чамин зүүсгэл энд тэндгүй өлгөсөн харагдана. Мэнд мэдээд, цааш алхтал ижил өнгийн цамцаар гоёж, эсгий шаахай өмссөн эмэгтэйчүүд “улавч өмсөөрэй” гэв. Ингэхдээ “бид энд гэртээ байгаа юм шиг л тухалдаг учир гаднын гутал, хувцастай байдаггүй юм. Мөн ихэнх нь хүүхэдтэйгээ ирдэг учир ариун цэвэр маш чухал” хэмээн тайлбарлав. Үнэхээр ч тэд ажлын байраа оффис гэхээс илүү гэр орон шигээ тохижуулжээ. Тун тохилог бөгөөд цэвэрхэн энэ байшинд ажилчид өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд усанд орох, угаалга хийх зэрэг ахуйн ариун цэврийг ч мөн сахидаг аж. Энэ талаар “Монгол угалз” урлаачдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Жавзан “Манай ажилчид ажилдаа их дуртай. Дуртай зүйлээ хийж байгаа тул өглөө ирээд, шөнө л харьдаг. Зарим үед эндээ хонох нь ч бий. Мөн ихэнх нь үр хүүхэд, ач зээ нараа аваад ирдэг учир хүүхдийн өрөө гаргаж, тохижуулсан юм. Дэвсгэр, хөнжил, тоглоом, наадгай, сандлын бүтээлэг, ханын чимэглэл зэрэг бүх л зүйлийг бид өөрсдөө урлаж, эсгэсэн. Мөн ажилчдад болон хүүхдүүдэд өдөрт гурван удаа хоол хийж өгдөг юм. Үүнээс гадна, угаалгын машин, улавч, шаахай, алчуур саван зэрэг ахуйн хэрэглээний бүх л зүйл манай төвд бий. Тиймээс бид эндээ усанд ороод, угаалгаа хийчихдэг. Эгч нь 70 насны босго давсан хүн. Өдий хүртэл ажиллаж, амьдрахдаа ийм ажлын байр, хамт олон үзээгүй. Орчин нөхцөл сайтай тул бид ажлаас хойш суудаггүй. Цаг, нар бүр ч хамаагүй. Хэт оройтчихвол зарим нь эндээ хононо, заримыг нь захирал хүргээд өгчихдөг. Манайхан ажилтай, захиалгатай л бол сайхан гэдэг хүмүүс. Мөн өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учир бид нэг гэр бүл шиг л дотно болчихсон. Хүүхдүүд минь хүртэл бие, биетэйгээ нөхөрлөж, гар урлалтай ойр өсөж байна” хэмээн ажлын байраа танилцууллаа. Гар урлал хийж буй ажилчид бүтээсэн бүтээл, гаргасан урла­лаараа цалинждаг аж. Тухайлбал, гутлын хээ гаргах, хэв дарах, эсгий өнгө, хэлбэрт оруулах зэрэг үйл бүхэн тодорхой тарифтай. Түүнчлэн хэн юу хийхээ ажилчид өөрсдөө сонгож, санал гаргадаг бөгөөд тогтсон ажлын цаггүй учир аль завтай үедээ ирээд ажиллах боломжтой аж. Харин захиалсан бүтээгдэхүүнийг цагт нь өгснөөр тэдний ажлын бүтээмж хэмжигддэг байна. СХД-­ийн 20 дугаар хорооны иргэн Н.Нямсүрэн “Манай гэр эндээс хоёр гудамжны зайд байдаг. Би өглөө зээ охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа ирдэг юм. Одоо сургууль амарчихсан тул охиноо авч ирээд ажиллаж байна. Заавал өглөө 9:00 гэж ирээд орой тарах ёстой гэсэн дүрэм, журамгүй учир их амар. Зарим захиалга цагтаа багтахгүй болчихвол гэрлүүгээ авч яваад хийх нь ч бий” гэлээ. 

1000 гаруй хүнд өөрийн ур чадварыг өвлүүлэн, эзэмшүүлсэн 

60 орчим хүнийг ажлын бай­раар хангаж, олон мянган ээжийг урлах, эсгэх эрдэмд сургаж буй тус төвийн захирал М.Сувд-Эрдэнэ гар урлалын чиглэлээр мэргэшээд 20 ор­чим жил болж байгаа аж. Түүнчлэн энэ хугацаанд 1000 гаруй хүнд өөрийн ур чадварыг өвлүүлэн, эзэмшүүлсэн төдийгүй “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд ч ажил, орлогын шинэ боломж нээж өгдөг байна. Түүний нө­хөр Я.Баттулга шинэ зүйл сурахаар ирсэн бүсгүйчүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн урлахыг заадаг бөгөөд загвар зохион бүтээдэг байна. Автын инженер мэргэжилтэй тэрбээр урлах эсгэх чиглэлээр ажиллаад 10 орчим жил болж байгаа аж. Я.Баттулга “Эхнэрийгээ шөнө, үдэшгүй арьс, эсгий бариад суухад нь дургүйцдэг л байлаа. Гэтэл нэг мэдэхэд өөрөө өглөө, үдшийг ялгалгүй эсгий нухаж, элдэв дүрс зурж суудаг болсон. Бидний ур ухаан, сэтгэл зүрхээ шингээж хийсэн бүтээлийг хүмүүс хэрэглэж, сэтгэлийн таашаал авна гэдэг хамгийн сайхан. Мөн олон шавьтай болсон. Сургалтад суугаад гарсан шавь нар маань гутал урлаж, эсгийгээр бүтээл хийгээд борлуулсан мөнгөөрөө машинаа томруулсан, малаа өсгөсөн гэх нь л хамгийн сайхан санагддаг. Бусдын амьд­ралын сайн, сайханд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг юм” хэмээв.

Бүтээгдэхүүнээ олон улсын болон орон нутгийн зах зээлд нийлүүлж эхэлжээ 

“Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төв хэрэглэгчдийн захиалгаар бүтээгдэхүүн урлаад зогсохгүй гадаадын болон орон нутгийн зах зээлд хөл тавиад эхэлжээ. Энэ талаар “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төвийн захирал М.Сувд­-Эрдэнэ “Бид зөвхөн нийслэлийн хэрэглэгчдэд бүтээг­дэхүүнээ хүргээд зогсохгүй олон улсын болон орон нутгийн зах зээлд хөл тавиад эхэлсэн. Ингэхдээ хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн, судал­гаанд үндэслэн, бараа бүтээгдэхүүнээ урлаж байна. Жишээ нь Өвөрмонгол хүмүүс ширмэл ширдэг, эсгий гутал хэрэглэх сонирхолтой байдаг бол япончууд өнгө, загварт нь илүү ач холбогдол өгдөг. Харин БНХАУ-­ын иргэд дулаан, тохитойд нь татагддаг. Цаашдаа бид хүрээгээ улам тэлж, илүү олон улсад хүрэхээр ажиллаж байна. Мөн сургалтад хамрагдах сонир­холтой хүний тоо ч өссөөр байна. Бид өмнө нь Баянхошууны эцэст сургалтаа зохион байгуулж, үйлд­вэрлэлээ эрхэлдэг байсан юм. Харин иргэдээ ажилтай, орлоготой байл­гах үүднээс дүүргийн Засаг даргын тамгын газраас биднийг энэ байраар хангасан. Тохилог сууцтай, хүмүүст ойр болчихоор худалдан авалт ч, сургалтад сууж, ажиллах сонирхолтой хүмүүс ч нэмэгдэж байна” хэмээлээ. “Ховор угалз” төв нь нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг гэрээс гарах боломжгүй эмэгтэйчүүдийг гэртээ ажиллаж, орлого олох боломжоор хангадаг байна. Ингэхдээ, ширдэг ширэх, гутлын хээ гаргах зэрэг гар аргаар үйлдвэрлэх боломжтой зүйлийг гэрт нь хүргэж өгдөг байна.

Хонины ноосоор амны хаалт үйлдвэрлэж байна

 “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төв амны хаалт үйлдвэрлэхээр туршиж байна. Ингэхдээ эсгий, ноос ашиглаж байгаа аж. Тэд амны хаалтын дотор байрлах шүүлтүүрийг цэнхэр спиртээр ариутган, эсгий­рүүлсэн хонины ноосоор хийжээ. Харин гадна талыг нь давуугаар оёсон бөгөөд урд нь зориулалтын шүүлтүүр байршуулжээ. Энэ нь агаар гадагш нэвтрүүлдэггүй бөгөөд гаднах бохирдлыг шүүж, үлддэг онцлогтой аж. Энэ талаар М.Сувд-­Эрдэнэ “Японд автома­шины агаар шүүгчийг хонины ноосоор хийдэг. Тиймээс амны хаалтын шүүлтүүрийг ч мөн энэ аргаар хийж болох юм гэж бодогдсон. Хонины ноосны бүтэц шигүү хэдий ч агаар нэвтрүүлэх чадвар сайтай. Мөн гадны үйлдвэрлэж буй амны хаалт агаар нэвтрүүлэх чадвар муу тул дотор тал нь чийгтэх, шил цантах зэрэг хүндрэл үүсдэг. Харин ноосон шүүлтүүртэй маск гадагш агаар нэвтрүүлэх чадвар сайтай тул шил цантахгүй. Бид туршиж үзсэн” хэмээлээ. Тэд энэхүү санаагаа төрийн байгууллагуудад уламжлан, үйлдвэрлэх эрх авахаар ажиллаж буй гэнэ. Харин одоогоор зах зээлд гаргаж эхлээгүй тул борлуулах үнэ тодорхойгүй байв. Ажил хийхийг хүссэн хэн хүн бүрд тус төвийн үүд хаалга нээлт­тэй. Түүнчлэн эдгээр хүмүүс олон эмэгтэйд амьдралыг харах өнцөг, хандах хандлагыг өөрчилж, өөртөө итгэх итгэл, өөдрөг алхах даль жигүүр бэлэглэжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

БНСУ-тай хийх бүх нислэгийг зогсоолоо

 0 сэтгэгдэл

Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд шийдвэрлэсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийж байна. Хуралдаанаар БНСУ-ын Бусан, Инчеон хотууд руу хийх бүх нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр маргааш буюу хоёрдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ. Дамжин өнгөрч байгаа буюу транзит зорчигчдын хувьд зөвхөн Инчеоны нисэх буудлаас авах зохицуулалтыг хийжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийтдээ 18 нислэг байна. Бусанаас 4 удаагийн нислэг байгаа бөгөөд 367 зорчигч тийзээ захиалжээ. Нийтдээ 3668 хүн тийзээ авсан бол 2504 хүн явах захиалга өгсөн. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Мөн бид авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр зорчих бололцоо, боломжийг хангаж өгөх чиглэлийг өгч байгаа. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Мөн авиа компаниудад тархалтыг газар авахуулахгүйн тулд агаарын хөлөгт халуунтай хүмүүсийг суулгахгүй байх, шалгалтыг нарийн явуулах, халдварын бүсээс ирсэн хүн суулгахгүй байхыг онцгой анхаарах чиглэл өгсөн байгаа” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Иран, БНСУ, Итали болон бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар ноцтой болж байгаатай холбогдуулан энэ тархалт дэлхийн цар тахлын түвшинд хүрэх вий гэдэг болгоомжлол байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад Замын-Үүдэд 104, Дорнодод 5, ХӨСҮТ-д 9, нийт 134 тохиолдлыг тусгаарлаад байна. Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам бол хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Тиймээс УОК-оос дээрх шийдвэрийг гаргасан. БНСУ-ын ерөнхийлөгч шинэ коронавирусийн халдварын үед бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчлэх тухай сайхан мэдээг дуулгасан. Гэхдээ ГХЯ, ЭМЯ Монгол улсынхаа иргэдэд онцгойлон анхаарал хандуулах чиглэлд  хамтран ажиллаж байгаа. Шинэ коронавирусийн халдвар 29 улсад илэрч, 79 мянган хүн халдвар аваад байна” гэлээ. ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар “Солонгосын талтай байнгын харилцан холбоотой ажиллаж байгаа. Манай улсын иргэд коронавирустэй холбоотой асуудлаар эмнэлэгт үзүүлэх тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоо шаардахгүй гэсэн мэдээллийг өгсөн. Бид үл ойлголцол үүсгэхгүй байх тал дээр ажиллаж байна. Дэгүд байсан, зорчсон, ирж байгаа иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байх шийдвэрийг гаргасан” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сар шинийн өдрүүдэд гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН ХҮСЛЭЭ

 0 сэтгэгдэл

  • БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн. Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна. Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж: www.gogo.mn

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл бүрэн зогсооно

 0 сэтгэгдэл

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-наас 27-ныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа. Коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан бөгөөд бусад асуудлаар хуралдаан үргэлжилж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

 0 сэтгэгдэл

Охидууд эцэг, эхдээ аз жаргал дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдрал бэлэглэдэг гэдэг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74 долоо хоногоор уртасдаг аж. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор Ягеллонский их сургуулийн судлаачдын хийсэн судалгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч М.Буянхишиг танилцуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй аавуудыг хоёр бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн аж. Судалгаагаар охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг болох нь тогтоогджээ. Охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэдтэй болох нь эцэг, эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг “бэлгэлдэг” аж.