A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3908/

Б.Баттүшигийн iPhone XS утасны цоожийг нээж, хамсаатнуудыг нь тогтоохоор ажиллаж байна

Б.Баттүшигийн iPhone XS утасны цоожийг нээж, хамсаатнуудыг нь тогтоохоор ажиллаж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3908/
  • Тагнуулын ерөнхий газар хар тамхины сүлжээг илрүүлэх ажиллагаа байсан эсэхэд хариу өгөхөөс татгалзав
  • Тэрбээр мэдээлэгч байх магадлалтай ч үүргээ умартаж, хууль бус бүлэглэлтэй хамтарсан байж болзошгүй гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна

Тодорхой бус хугацаагаар хойшлоод байсан Истанбул дахь Монгол Улсын дэд консул Б.Баттүшигийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрлөө. Хаалттай шүүх хурлыг хүссэн Б.Баттүшигийн өмгөөлөгч шүүгчийг үйлчлүүлэгчийнх нь эсрэг хувийн үзэл бодолдоо тулгуурлан ажиллаж байна хэмээн буруутгасан юм. Гэвч шүүхээс хаалттай хурлыг зөвшөөрөөгүй бөгөөд “Хаалттай шүүх хурал хуульд заасны дагуу цөөн тохиолдолд л боломжтой” хэмээжээ. Түүний энэхүү хүсэлт нь Б.Баттүшиг Монголын хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтанд мэдүүлэг өгөхийг хүссэнтэй холбоотой талаар манай сонин мэдээлж байсан. Тэгвэл түүний өмгөөлөгч Клаус Бернсман “Б.Баттүшиг тагнуулын байгууллагатай холбоотой нууцаа илчилсэн тохиолдолд эх орноос нь илүү хүнд ял оноох болно” хэмээн хаалттай шүүх хүсэж буй шалтгаанаа тайлбарласан байна. Германы өдөр тутмын хэвлэл Sächsische.de-ийн мэдээлснээр хуулийн байгууллага түүний iPhone XS утасны түгжээг нээж чадсан бөгөөд тэндээс Б.Баттүшигийн холбоо тогтоож байсан бүлэглэл болон утсан дахь мэдээллүүдийг унших боломжтой болсон аж. Мөн түүний мэдүүлсэнчлэн тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан нууц ажилтан эсэх нь албан ёсоор баталгаажаагүй талаар дурдаад Б.Баттүшигийн тагнуул байх магадлалыг үгүйсгэхгүй боловч, тэрбээр үүргээ умартаж, хууль бус бүлэглэлтэй хамтарсан байх магадлалтай гэж бичжээ. Тэрбээр гурван сая евро буюу 9.1 тэрбум төгрөгийн 70 кг хар тамхийг Монголоос авч ирсан хэмээн мэдүүлсэн. Мөн энэхүү үйлдлээ нууц ажиллагааны хүрээнд хийсэн гэж өөрийгөө өмгөөлж буй. Тодруулбал, түүний өмгөөлөгч “Б.Баттүшиг монголчуудтай хамтарч ажилладаг Европ дахь хар тамхины сүлжээний талаар мэдээлэл авахын тулд хууль бус бүлэглэлтэй холбоо тогтоосон. Мөн хар тамхийг ямар тээврийн хэрэгслээр хил давуулах боломжтой вэ гэдгийг мэдэх зорилготой байсан” хэмээн өмгөөлсөн байна.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас тодруулахад “Тагнуул байлаа гэж бодоход үүнийг хэлэх нь байж боломгүй зүйл. Тиймээс манайх энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлэхгүй. Манай дээд шатны байгууллагаас ч мэдээлэл өгөх боломжгүй”. Энэ хэрэг тухайн улсын хуулиар шийдвэрлэгдэж байгаа. Хэрэгт холбогдогч манайхаас чөлөөлөгдсөн байхдаа Гадаад харилцааны яамнаас томилолт аваад явсан” гэж хариуллаа.
Б.Баттүшигийн утаснаас илрэх мэдээлэл Тагнуулын ерөнхий газрын үгүйсгэж чадахгүй, мөн нотолж чадахгүй байгаа мэдээллийг ил болгох болов уу гэж найдах л үлдээд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Бээжин-2022” ба Монголчуудын боломж

 0 сэтгэгдэл
  • Бид өвлийн спорт хөгжсөн орнуудыг ашиглаж материаллаг баазаа сайжруулах боломжтой
  • Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголчуудад ийм том боломж дахиж олдохгүй


Швейцарийн Лозанн хотноо залуучуудын өвлийн III олимпид үргэлжилж байна. 15-17 настнууд оролцож буй тус олимп нэг зүйлээрээ өндөр ач холбогдолтой. Тодруулбал, ердөө хоёрхон жилийн дараа Хятадын Бээжин хотноо насанд хүрэгчдийн өвлийн олимп эхэлнэ. Тэгвэл Лозаннд өрсөлдөж буй залуучуудын 60-70 хувь нь Бээжинг зорих төлөвтэй бөгөөд одооноос бэлтгэлээ хангаж байгаа юм. Монголчууд энэ удаа биатлон, гүйлтийн цанаар тамирчдаа сойж буй. Дөрвөн жилийн өмнө тэшүүрээр олимпод оролцож байсан ч энэ удаа чадсангүй, дотооддоо өндөр чансаатай тамирчин ч бэлтгэж чадаагүй. Ер нь эндээс Монголын баг Бээжинд ямар бүрэлдэхүүн илгээх нь бараг тодорхой болж байгаа юм. Биатлоноор Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар Бээжинг зорих бэлтгэлээ хоёр жилийн өмнөөс итали мэргэжилтний удирдлага дор эхлүүлж, үүний эхлэл болгож “Лозанн-2020” хурд, цэц сорив. Э.Энхсайханы хувьд тэшилт сайтай ч буудлагын дасгалаа сайн хийх хэрэгтэй, дээр нь техникийн ур чадвараа сайжруулах шаардлагатай нь харагдсан. Тэр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрснөө Лозаннд ажиллаж буй сэтгүүлч Э.Маралд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Гэхдээ 90 гаруй тамирчнаас 12, 49 дүгээр байр  эзэлнэ гэдэг чамлахааргүй амжилт. Ч.Бямбасүрэнгийн хувьд тэшилт, техникийн ур чадвар дээрээ илүү сайн ажиллавал залуучуудын олимпод үзүүлсэн амжилтаа насанд хүрэгчдийнхээр ахиулах боломж байна. Цаначид уламжлал ёсоороо өвлийн олимпод оролцох нь тодорхой. Харин Бээжинг зорих тамирчны тоо анхаарал татаж байна. Өмнөх шиг ээ хоёр, гурван тамирчин илгээх үү, эсвэл илүү сайн бэлтгэл хийгээд бүтэн баг илгээх үү гэдэг нь холбооны зүтгэл, улсын санхүүжилтээс 100 хувь хамаарна. Тэгвэл тэшүүрчдэд нэг их найдлага тавиад хэрэггүй бололтой. Яг өнөөдрийн хувьд тэшүүрийн холбоо үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхой бус, бас олимпод хэчнээн тамирчин бэлтгэгдэж байгаа нь хаалттай шахам байна. Магадгүй “битүү морь” гэдэг шиг ганцхан жилийн дотор гэнэт цойлдоггүй юм бол тэшүүрчид хаяанд болох цагаан олимпыг өнжих нь. Хятад, Монголын хооронд цагийн зөрүүгүй тул амжилт үзүүлэх магадлал тун өндөр. Бүх тал дээр сайн бэлтгэж чадвал олимпод түүхэн амжилт үзүүлэхийг үгүйсгэхгүй. Манай урд хөршид болох цагаан олимпод европчууд ямар амжилт үзүүлэх бол гэж олон хүн анхаарлаа хандуулж байгаа биз. Магадгүй 2021 он дөнгөж гармагц хятадтай хамгийн ойр орших орнууд руу цаг агаарт дасан зохицох бэлтгэл хийхээр цуврах нь ойлгомжтой. Тэгвэл энэхүү том боломжийг монголчууд, Монголын спортын салбарын удирдлагууд овжиноор ашиглах ёстой юм. Цана, биатлон гэх мэт өвлийн спорт өндөр хөгжсөн зарим орноос ирсэн мэргэжилтнүүд монголд дээрх спортуудыг хөгжүүлэх материаллаг баазыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлнэ хэмээн ярьж байсан. Үүний нэг тод жишээ нь Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров гурван жилийн өмнө Монголд зочлохдоо манай улсад бэлтгэлийн төв барихад туслахаа амласан. Тэрбээр “Бээжин-2022” олимпын наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гаднын тамирчид урьдчилж бэлтгэл хийх, цаашлаад монголын биатлоны хөгжилд өндөр ач холбогдолтой. Одоогоор дэлхийн биатлоны холбоонд украйн, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгааг ашиглаад танай улс олон улсын жишигт нийцсэн бэлтгэлийн төвтэй болох давуу тал байна” хэмээн ярьж байлаа. Тэгвэл энэхүү аман яриаг ажил хэрэг болгох цаг үе нь 2021 он юм. Европын томчуудаар баазаа бариулж, хариуд нь бид бэлтгэл хийх боломжоор нь хангана. Ийм тохиролцоогоор өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх суурь баазаа бэхжүүлэх хэрэгтэй. Монголчуудад ийм том боломж дахиж олдохгүй. Олдлоо ч хамгийн багадаа 30 жилийн дараа олдох биз. Өвлийн олимпыг зохион байгуулагч хятадууд 2018 оноос үндсэн бэлтгэлдээ орсон бөгөөд цана, тэшүүр, биатлоны спортод гаднын шилдгүүдийг урьж ажиллуулж байна. Тэд мөнгөө гаргасан, материаллаг баазаа бэлтгэсэн, гадаадын мэргэжилтнүүдийг тодорхой нөхцлөөр хангасан. Харин одоо үр дүнгээ үзэхээр 2022 оныг хүлээх үлдлээ.Тэгвэл монголчууд аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээд үлдэх гэж байгаа юм биш биз.  









A

Жижиг

A

Дунд

A

Том

Гуч гараад анхны хүүхдээ гаргах нь карьерт эерэг нөлөөтэй

 0 сэтгэгдэл

Ээж болсноор эмэгтэй хүний амьдралд олон өөрчлөлт гардаг. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа болон хүүхдээ өсгөх 1-2 жил ажил, карьераа хойш тавих шаардлагатай нүүр тулдаг. Тиймээс Европын орны эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг аж. Учир нь ажил, мөнгө, карьераа цэгцэлж, аялал, зугаалгад цаг зарцуулан, өөрийгөө бүрэн таньсан үедээ ээж болох хэрэгтэй гэж үздэг байна. Харин манай улсад байдал эсэргээрээ. 25 нас хүрмэгц аав, ээж, ах дүүс нь “Нөхөр хүүхэдтэй болохгүй бол нас чинь явлаа, ач, зээгээ хармаар байна” гэх зэргээр хүүхэд “нэхэж эхэлдэг”. Тэгвэл ээж болоход хамгийн тохиромжтой насыг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, Техасын их сургуулийн доктор Жон Мироуски дээрх сэдвээр судалгаа хийж, эмэгтэй хүн 34 настайдаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг онцолсон байна. Учир нь жирэмслэлт ба төрөлтийн үед эмэгтэй хүний бие их хэмжээний даавар ялгаруулдаг. Уг даавар нь 34-35 насны эмэгтэйчүүдийг залуужуулах эерэг нөлөөтэй бол 20 гаруй насны бүсгүйчүүдийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай гэнэ. Түүнчлэн нас тогтсон бүсгүйчүүдийн ихэнх нь төлөвлөж жирэмсэлдэг тул хүүхдээ эрүүл тээж төрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулдаг байна. Мөн ажил, амьдрал, санхүүгийн байдал нь тогтвортой болсон байдаг тул хожуу төрөлт карьерт нь сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг судалгааны багийн ахлагч онцолжээ. Жон Мироускигийн гаргасан энэхүү онолтой сэтгэл зүйчид ч мөн санал нэг байна. Учир нь 30 гарсан эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд тогтвортой болсон байдаг тул гэр бүлийн бат бөх байдал бий болгоод зогсохгүй, хүүхдээ эрүүл тээж, төрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулдаг байна. Өөр нэг судалгаа дурдвал, ээжийнхээ 30-39 насанд төрсөн хүүхэд илүү ухаантай, хүмүүжил, төлөвшил сайтай, эрүүл байдаг аж. Уг судалгааг Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хийсэн төдийгүй 20 болон 40-өөд насанд төрсөн хүүхдээс 30 гаруй насанд төрсөн хүүхэд бие сэтгэхүйн чадвар сайтай байдгийг тодорхойлсон байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд зөвхөн ээж чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Аав ч мөн үр хүүхдээ зөв хүн болгоход чухал байр суурь эзэлдэг. Тиймээс хариуцлагатай аав байхад хамгийн тохиромжтой үе бол 30 нас аж. Гуч гарсан эр хүн хариуцлага үүрэх бүрэн чадвартай болсон байдаг төдийгүй, үр хүүхдэдээ сайн аав, гэр бүлдээ халамжит хань байж чаддаг байна. Олон улсын болон манай орны гэр бүл судлаачид гэр бүл салалтын үндсэн шалтгааныг эрт төрөлт, төлөвлөгөөгүй гэр бүл зохиохтой холбож тайлбарладаг. Тиймээс өөрийгөө бэлтгэж, бүрэн боловсруулсан цагтаа үр хүүхэдтэй болох нь өөрийнхөө болон үрийнхээ ирээдүйг гэрэлтүүлэхэд чухал нөлөөтэй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

 0 сэтгэгдэл
  • Амттаны бизнесээс гэрэл зураг руу “урвасан” нь 
  • Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан 


Хүүхэд ахуй насны гэгээн дурсамжуудыг сэдрээсэн нэгэн эрхэм хүнтэй уулзаж, ярилцлаа. Тэр бол Монголын төрийн хүндэт шагнал “Алтан гадас” одонт, япон гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо юм. Монголд элэгтэй эгэл энэ хүн “1983 оны Улаанбаатар” гэрэл зургийн номоо хэвлүүлсэн бөгөөд нийслэлийн хуучны төрхийг гэрэл зургийн хальснаа мөнхөлж үлдээсэн нэгэн. “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист, ардчилсан засаглалтай 36 жилийн түүхийг 223 зурагт багтаан илэрхийлжээ. Хамаг бүхэн бороо мэт арилавч харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдгийг 74 настай Сүгияама Тэрүзо гуай бидэнд мэдрүүлэв. Тэрбээр гурван жилийн өмнө буюу 2017 онд социалист нийгмийн Улаанбаатарыг харуулсан үзэсгэлэн гээрээ монголчуудын нүдийг хужирлаж байлаа. Харин тэрхүү зургуудаа өнөөдөр альбом болгон эмхэтгэжээ. Сүгияама өөрийгөө эрч хүчтэй байгаа дээр Монголын соёл урлаг, Улаанбаатарын түүхийг өгүүлсэн зурагнуудаа монголчуудад толилуулахыг хүссэн гэнэ. Тэрбээр ямар нэгэн бүтээлийг өөрийн гараар туурвих хувь заяандаа багаасаа л итгэдэг байв. Гэр бүлийнхэн нь Токиод амттаны бизнес эрхэлдэг байсан учир Сүгияама аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, бялуу, нарийн боовны тогооч болох дөхжээ. Өөрөө ч түүндээ итгэлтэй байсан гэнэ. Гэвч 1970-аад онд Японд гэрэл зураг хүчээ авах үед түүний сонирхол амттаны салбар руу дахин чиглэсэнгүй. Тэрбээр Токиогийн гэрэл зургийн коллежийг төгсөж, мэргэжлийн гэрэл зурагчин болсон байна. Сүгияама “Сэтгэлийг хөдөлгөж чадах гэрэл зургийг л би сайн зураг гэж хэлнэ. Гэрэл зураг бүтээх нь хөгжим бичих, уран зураг зурахтай агаар нэг. Эдгээр урлагийн техник нь өөр боловч эцсийн зорилго нь адилхан” гэлээ. Сүгияама дэлхийн олон оронд очиж зураг авсан нэгэн. Гэхдээ Улаанбаатарыг сонгож гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, цомог бүтээсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Тэр утгаараа түүнээс яагаад заавал Улаанбаатарыг сонгов гэдгийг хамгийн түрүүнд асуухыг хүсэж явлаа. Уулзсан даруйдаа түүнээс хүссэнээ асуухад Сүгияама ийн хариулав. “Японы сонинд гарах мэдээний зураг авах гэж анх монголд хөл тавьсан юм. Япончууд хөх толботой байдаг. Монголчууд ч адилхан хөх толботой. Үүнд ямар нэгэн үүсэл, гарлын хэлхээ холбоо байгаа юм биш биз гэдэг нь миний сонирхлыг ихээр татсан учраас би ирсэн юм” гэв. Сүгияама Монголд тэртээ 1983 онд анх хөл тавьсан бөгөөд ингэхдээ Бээжингээс Улаанбаатар хүртэл олон улсын галт тэргээр иржээ. Ийн цааш ярихдаа “Монголд ирлээ. Удаан яваад л, яваад л байсан. гэтэл нэг л хэвийн байгаль, өргөн уудам нутаг. Өнөөдрийнх шиг ийм өндөр барилга, байшин бараг байхгүй. Маш гоё амар амгалан, хүний сэтгэлийг өөрийн эрхгүй тайтгаруулах тал нутаг харагдсан. галт тэрэгний цонхоор харахад шүү дээ. Ингээд Улаанбаатарт ирлээ, өмнөө маш цэвэрхэн хот угтсан. Би өөрийн эрхгүй “Ямар гоё цэвэрхэн хот вэ” гэж дуу алдсан шүү. Энэ удаагийн номондоо 1983-2019 оны Улаанбаатар хотын маш олон зураг оруулсан ба шинэ зураг төдийлэн оруулсангүй. Монгол, япон хүмүүс харагдах байдал, элгэмсэг зан төрхөөрөө төстэй бөгөөд монголын буддын шашны соёл миний сонирхолыг их татсан” хэмээн анхны сэтгэгдлээ харамгүй хуваалцлаа.

-Та 1983 оноос хойш Улаанбаатарт зураг авчээ. Чухам юу таны анхаарлыг их татсан учраас ийм удаан хугацаанд зураг авав?

-Хүнийг татах увидас байх шиг байна. Нэг, хоёр зураг аваад эхлэхээр улам л татагдаад байсан. Дахин дахин зураг авмаар. Яг юунд татагдсанаа тодорхойлж хэлж мэдэхгүй юм. Тэр үед БНМАУ социалист засаглалтай, нийслэл Улаанбаатар хот миний урьд өмнө үзэж байгаагүй нам гүм бөгөөд өвөрмөц өнгө төрхтэй угтсан. Гэрэл зураг авахад хараа хяналт ихтэй, ялангуяа түүхэн соёлын өвүүдийн зураг авах зөвшөөрөл хаалттай байв. Ер нь Монголд зураг авах нь бодож байснаас ч илүү хэцүү санагдсан. Гэрэл зургийн олон төрлөөр ажилладаг болохоор надад захиалгат их ажил ирдэг. Нэг жишээ хэлье. 1984-1987 онд ЮНЕСКО-гийн ивээл дор Ц.Чүлтэмийн эмхэтгэлээр гарсан “Монголын урлаг” дөрвөн боть номын гэрэл зургийг авсан юм. Монголчууд социализмын үед шашин шүтлэггүй байсан ч шашны урлагийн бүтээлүүдээ хадгалж үлдсэн байлаа. Би Занабазарын бүтээсэн бурхадыг хараад үнэн сэтгэлээсээ шүүрс алдаж билээ. Монголын шашны урлаг дэлхийн соёл урлагийн охиудтай эн зэрэгцэх юм байна гэж бодсон. Тэгээд ч Н.Цүлтэм гуайн номын зураг авсан тул хотоор явж зураг дарахад асуудал гараагүй юм.

-1983, 1984 оны үеийг хальснаа буулгаж байхад хамгийн их анхаарал татсан обьект юу байв?

-Сталины хөшөө. Мөн саяхан нураасан төв музейн барилга шууд нүдэнд туссан. Тэр музейг нураасан нь даанч харамсмаар.Ийн дуран авайдаа буулгасан түүний зургийг хараад өөрийн эрхгүй миний бага нас бодогдлоо. 10 гаруйхан настай байх үеийн ногоон байгууламж, сийрэг зам, Дэнжийн мянгын хар зах, Хүнсний 50 дугаар дэлгүүр, тухайн үеийн Монголын хамгийн их бараатай дэлгүүр болох “Далай ээж” худалдааны төв, Зайсан толгой гээд бүгдийг тэр түүх болгон үлдээж чадсан байх юм. Хүүхэд насандаа эргээд очсон мэт нандин сэтгэгдэл төрж буйгаа хэлэхэд “Тийм сэтгэгдэл төрүүлж чадсан бол сайн хэрэг. Гэрэл зургийн гол мөн чанар энэ шүү дээ” гэж хэлээд инээмсэглэв.

-Монголд ирэхэд сэтгэлд тань хамгийн дотно байдаг зүйл юу вэ?

-Эргэлзэх зүйлгүй хонины мах ны хурц үнэр. Цаанаа л нэг дотно шүү.

-Тэгвэл зураг авахаар монголд ажиллах үед үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-“Монголын дүрслэх урлаг”, “Монголын сүм, хийд, архитектур”, “Монголын түүх болон дүрслэх урлагийн коллекц” зэрэг каталогийн гэрэл зургийг авч, Япон улсад Монголын соёлыг өвийг сурталчлан бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Монгол орныг гадаадад сурталчилсан ажлыг маань танай төр засгаас үнэлж, 2001 онд “Алтан гадас” одонгоор шагнаж байсан нь хамгийн сайхан мөч юм даа.

-Та гэрэл зургийн сургуульд суралцсан талаараа дээр цухас дурдсан. Танай ангийнхан ч эхнээсээ шантраад сургуулиа орхисон юм билээ. Тэгвэл таны сургуулиа орхиогүй шалтгааныг сонсож болох уу?

-Багшийн хэлсэн үг хүчтэй тус сан байх. Багш маань “Өдөр тутмын амьдралыг гэрэл зургийн хальснаа маш сонирхолтойгоор буулгах нь чухал” гэсэн юм. Эхэндээ би энэ үгний учрыг ойлгоогүй л дээ. Сурах тусам улам хэцүү санагдаад, ангийн найзууд ч эхнээсээ залхаад гарсан. Харин би орхихыг хүсээгүй. Суралцахын хажуугаар гэрэл зургаараа ажил хийж эхэлсэн нь надад том нөлөө үзүүлсэн. Ингэж явсаар би өөрийнхөө чиглэлийг олсон учраас гэрэл зургийг орхихгүй гэж шийдсэн юм. Нэг ёсондоо суралцаж байхдаа өөрийгөө нээсэн, тэр нь миний сонголт, шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн дээ.

-Гэр бүлийнхэн тань амттаны бизнестэй, түүнийгээ танд даатгах гээд байдаг. Гэтэл та өөр сонирхолтой болсон. Энэ үед гэр бүлийн зөрчил үүссэн үү. таны сонголтод яаж хандсан бэ?

-Би айлын хоёр дахь хүүхэд. Тиймээс бие даагаад явахад асуудалгүй. Хэн ч, юу ч хэлээгүй. Тэр нь миний сонирхлыг хүндэтгэж байгаа хэрэг.

-Дэлхийн олон оронд очиж зураг авсан байх. Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн газар, орны тухай яриач?

-Америк тивд зураг авах их сонирхолтой байсан, ялангуяа Мексик. Яагаад гэвэл тус улсын байгаль дахь соёлын өвүүд нь анхаарал татахуйц байдаг юм.Түүнтэй ярилцахад гэрэл зурагчин хүн зөвхөн гэрэл сүүдрийг тохируулж, камертайгаа харилцах нь хангалттай биш юм байна гэж бодогдсон. Гэгээрэл, хайр, нигүүлслийн төлөөлөл болсон бурхадын гэрэл зургийг ямар өнцгөөс харж авсан тухайгаа “Би бурхан бүрийн мөн чанарыг дотроо төсөөлж, үүнийгээ гэрэл зургаар дамжуулан гаргахыг зорьсон. Үзэж буй хүн гэрэл зургийг биш тэрхүү бурхныг харж байгаа мэт бодит мэдрэмж аваасай гэж хүссэн. Ариун дээд бурхны зургийг авахын тулд сэтгэл хир буртаггүй байх учиртай. Үгүй бол тэр зураг санасан хэмжээнд хүрэхгүй. Дадлага туршлагадаа тулгуурлаад би цаг зав, сэтгэлээ зориулж эдгээр зургийг авч байлаа” гэж хэлээд цөөн тооны бурхны зураг үзүүлэв. Шашны урлагийн бодит дүрийг өөрийн нүдээр гэрчилж, хальсандаа буулгасан хүний хувьд Сүгияама бухимдлаа ч илэрхийлж байлаа. Тэрбээр “Энэ гайхалтай соёлын өвийг хойч үедээ өмчлүүлэхийг хичээх хэрэгтэй. Соёлын өвөө хэр зэрэг сайн хадгалж, дээдэлж байгаагаас тухайн улс орны иргэдийн соёлын түвшин харагддаг” гэж нэмж хэлсэн юм. Ер нь Сүгияама тэр үед хүмүүсийн үгэнд орж, дуулгавартай байсан бол Улаанбаатар хотынхоо түүхэн баримтат гэрэл зургуудыг олж үзэх завшаан өнөөдөр бидэнд тохиохгүй байж. Түүний дуранд гайхалтай агшнууд өртсөнийг дээр дурдсан билээ. Харин Монголд үе үе ирдэг зурагчин маань эдгээр зургийг яагаад одоо л нийтэд толилуулж байна вэ. Энэ талаар асуухад тэрбээр “Соёл урлагийн болон Улаанбаатар хотын түүхэн зургууд монголчуудад хүрч амжилгүй надтай хамт үгүй болох магадлалтай. Цаашид одоогийнх шиг ээ эрч хүч, энергитэй байгаа ч уу, үгүй ч үү. Монгол Улс үндсэн хуулиараа 1992 онд ардчиллыг тогтоосон. Би гэрэл зургуудаараа социализмаас ардчилал руу орсон 25 жилийн хугацаанд эрх чөлөөг эдэлсэн иргэдийн ахуй амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар зорьсон” гэв. Тэгвэл та өнөөдрийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн гаргах уу гэвэл “Энэ миний зорилго биш. Ийм боломжийг залууст үлдээсэн нь дээр болов уу. Залуу гэрэл зурагчид үргэлжлүүлээд хийх биз. Тэдэнд даатгая. Харин надад бол орчин цагийн Улаанбаатарын тухай үзэсгэлэн, ном гаргах бодол огт алга” хэмээн хариуллаа. 

-Ингэхэд сайн гэрэл зурагчин болохын тулд яах ёстой вэ. Залуу мэргэжил нэгтнүүддээ болон гэрэл зураг авахыг сонирхож байгаа залууст хандаж зөвлөгөө өгнө үү?

-Зөвхөн сайн аппарат, дурантай байснаар сайн зураг авахгүй. Сайн зураг авахын тулд толгой, зүрх хоёр цуг ажиллаж байх ёстой юм. Хийж буй зүйлдээ сэтгэлээ зориул, бясалга, анхаарлаа сайн төвлөрүүлж эргэцүүлэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ сайн зураг гарна.

-Монголын социалист нийгмийн үеийн ховор агшныг та дуран авайдаа буулгасан. харин 1980-1990 оны Японыг сэдэвчлэн зураг авч байсан уу?

-Үгүй. Японд бол зөвхөн түүхэн бүтээлүүдийн зургийг л авч байсан. Харин Улаанбаатарын социалистоос ардчилсан нийгэмд шилжсэн үе нь өөрөө сонирхолтой, хүмүүсийнх нь аж амьдрал өвөрмөц учраас сонгосон хэрэг.

-Сүүлийн үед гэрэл зурагчид аливаа нэг төрөл, чиглэлээр дагнадаг болсон.  Та аль чиглэлийн зураг авдаг хүн бэ?

-Түүх дурсгал, байгалийн чиглэлээр зураг авдаг, үүндээ ч илүү сонирхолтой. Мэдээж заримдаа захиалгаар хөрөг авах тохиолдол гарна. Ер нь ямар ч чиглэлээр зураг авахдаа өгүүлэмжээ тод гаргах хэрэгтэй. Жишээ нь, хөрөг зургаар тухайн хүний ямар амьдрал туулж ирснийг шууд харуулж болдог. Тухайн зургийг хараад л туулсан замыг нь уншихуйцаар гаргах ёстой юм.

-Гэрэл зурагчдын нэг мөрөөдөл нь хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын торгон агшныг дуран авайдаа буулгах байдаг байх. Та энэ олон жил зураг авахдаа олимпод зураг авах хувь тохиолтой учирч байв уу?

-Спортын гэрэл зурагчны чиглэлээр хүмүүс мэргэшээд олон жил болжээ. Тэдний мөрөөдөл нь олимп. Харин надад бол тийм биш. Миний сонирхдог чиглэл ч биш. Тухайн тамирчны гаргаж байгаа хүч, хөлс, агшин бүрийг алдалгүй авахын тулд спортын гэрэл зурагчдын техник хэрэгсэл, ур чадвар өөр түвшинд хөгжсөн байдаг. Бүгд төрөлжсөн учраас олимпын наадамд зураг авах талаар бодож байсангүй. Би өнөөдрийг хүртэл спортын чиглэлээр маш цөөхөн зураг дарсан. Захиалгаар ахлах сургуулиудын бэйсболын тэмцээний зурагчнаар ажиллаж байлаа. 

















A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын” группийн аминчхан яриа

 0 сэтгэгдэл

Олон нийтийн сүлжээнд нэгдэн нийлсэн сонирхлын бүлгүүдээс нийгэмд тустай элдэв санаачилга гарч, бодит амьдралд биеллээ олсон нь цөөнгүй. Тухайлбал, шинэ оны босгон дээр тархины саажилттай н.Билэгсайхан хүүг орон сууцтай болгосон сайн санаат залуусын нэгдэл, зургаан хүүхдийн хамт өрх толгойлж үлдсэн Г.Эрдэнэчимэг бүсгүйг гэр оронтой болгосон “Маргааш үргэлжлэх зүрх” зэрэг сайн үйлсийн аяныг дурдаад дуусахгүй. Тэгвэл сошиал орчинд чамгүй идэвхтэйд тооцогддог 84 мянган гишүүн бүхий “Аавуудын групп”-ээс нэгэн сонирхолтой санаачилга гаргасан нь олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, группийн гишүүн бүр сар тутам мянган төгрөг хандивлах замаар тухайн сард 84 сая төгрөг цуглуулах аж. Цугласан 84 сая төгрөгөө өрх толгойлсон хийгээд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй аавууддаа хандивлах байдлаар орон сууцтай болох боломж олгох гэнэ. Энэ хүрээнд группийн гишүүдийн зүгээс олон арван санал санаачилга гарч байгаа бөгөөд эхний ээлжинд нийт гишүүдийн дунд нарийвчилсан судалгаа явуулж, ахуй амьдралыг нь тандах аж. Улмаар сонгогдсон аавуудын дунд сугалаа явуулж, олон аавын сайхан сэтгэлээр орон сууцтай болох азтанаа тодруулах гэнэ. Группийн зарим гишүүд заавал нэг хүнийг байртай болгох бус хэд хэдэн хүнд орон сууцны урьдчилгаа байдлаар олгох боломжтой гэж үзэж байхад “Заавал мянган төгрөг гэлгүй сар бүр 10 мянган төгрөг ч хандивласан болно” хэмээх нэг нь ч байна. Тэр ч бүү хэл барилгын компаниудтай хамтран ажиллах байдлаар эл санаачлагаа өргөжүүлэх, уламжлал болгон явуулах, сар бүр нэг айлыг орон сууцжуулах боломжтой хэмээж байна. Аавуудын санаачилга бодит амьдралд биеллээ олох үгүй нь тодорхойгүй ч сайхан сэтгэл, сайн менежментээр амжилтад хүрэх боломжтой.