A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5673/

Б.Занданхүү: Монгол улс зөвхөн зөгийн балаар 1.2 их наяд төгрөг олох боломжтой

Б.Занданхүү: Монгол улс зөвхөн зөгийн балаар 1.2 их наяд төгрөг олох боломжтой

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5673/
  • Бэлчээрийн нөөц бололцоогоор тооцож үзвэл Монгол Улс хоёр сая орчим бүл зөгийн аж ахуйг тогтмол эрхлэх боломжтой. Гэвч үүний нэг хувийг л ашиглаж байна
  • Ногоон хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулна гэдгээ батлахын тулд парламентын ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд зөгийн бүл байрлуулдаг улс олон бий. Манай улс ч Төрийн ордныхоо ард цэцэрлэгтэй. Энд хоёр бүл зөгий тавьчихвал зөв үлгэр дуурайл болох байх
  • Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар хоёр жилийн өмнө гүзээлзгэний тариалалтад зөгийг туршиж үзсэн. Тэгэхэд хүлэмжийн гүзээлзгэний ургацыг 2.7 дахин буюу 270 хувиар нэмэгдүүлсэн. Мөн өнгөрсөн жил рапс, гурвалжин будаанд зөгийн тоос хүртээлт ашиглахад ургацын хэмжээ 2­-4 дахин нэмэгдсэн
  • Дэлхий дээрх зөгийн тоо толгойн 10 хувь нь сүүлийн хэдхэн жилд хорогдсон. Харин манай улсын хувьд зөгийн тоо тасралтгүй өссөөр 18 мянган бүл зөгийтэй болсон

“Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ын тэргүүн Б.Занданхүүг сониныхоо зочноор урьж, сонирхолтой яриа өрнүүллээ. Цэцгээс цэцэг дамжин дүнгэнэн нисэлдэх энэ бяцхан шавжны ашиг тус, үр өгөөж бидний боддогоос хэмжээлшгүй их гэдгийг түүнтэй ярилцахдаа ухаарсан юм.

-Зөгий тоос хүртээх замаар цэцэгсийг ургуулахаас гадна балаа өгдөг ашиг шимтэй амьтан. Үүнээс өөр ямар ашиг тустай вэ?­

-Дэлхий дээр шавжны хоёр том аж ахуй байна. Нэг нь хүр хорхойн, нөгөөх нь зөгийн. Торгоны аж ахуй Хятад, Италид хөгжсөн бол зөгийнх дэлхий даяар хөгжиж байгаа. Ер нь хүн төрөлхтний хүнсний асуудал зөгийн аж ахуй дээр тогтдог. Хүн төрөлхтөн 115 төрлийн таримал ургамал тариалж, хүнсэндээ хэрэглэдэг. Эдгээр таримлын 70 гаруй хувь нь тоос хүртээх замаар ургадаг. Одоо дэлхий дээр 100 сая бүл зөгий байна. Нийт зөгийний 90 хувь нь тоос хүртээх, үлдсэн 10 хувь нь бал хураах болон бусад Сүүнцэр нь эх зөгийг тэжээдэг бодис юм. Жирийн нэг ажилчин зөгий болох авгалдайг сүүнцрээр тэжээвэл эх зөгий болдог. Жирийн зөгий 6­-8 сар амьдардаг бол сүүнцэр идсэн эх зөгий 6­-8 жил амьдрах жишээтэй. Зөгийн жилий гэдэг нь үүр саваа чигждэг замаск шиг бодис. Энэ бодис монголчуудад нийтлэг байдаг ходоодны шарх, хавдар, улайлт, булчирхайн үрэвс­лүүдийг эдгээдэг. Монголчууд ходоодны шархаа эдгээх, хеликобактериа уст­гах гэж зөгийн бал­тай хавсран хэрэглэж байна. Цэцгийн тоосонд гэхэд хүний биеийг бүтээдэг 20 аминхүчил бүгд байдаг. Дан уураг гэсэн үг. Мах орлуулагчаар хэрэг­лэж болно. Цагаан хоолтой хүмүүс цэцгийн тоос хэрэг­лэвэл уургаа нөхөж чадна гэсэн үг. Австрали зэрэг улсад цэцгийн тоосыг тоосны харшлын эсрэг үр дүнтэй хэмээн өргөнөөр хэрэглэх жишээний. Түүнчлэн зөгийн хорыг үе мөчний саажилттай болон харвасан хүмүүсийг эдгээхэд хэрэглэдэг. Манай Монголд зөгийн хороор эмчилдэг 4­-5 эмнэлэг бий. Тэр ч байтугай зөгийн хор ДОХ-ын вирусыг зориулалтаар ажилладаг. Зөгий цэцгэнд тоос хүртээснээр хүн төрөлхтний нийт хүнсний гуравны нэг буюу 34­-37 хувийг нэмэлтээр бий болгодог. Хэрэв тоос хүртээлт байхгүй бол дэлхийн нийт хүнсний гуравны нэг нь шууд алга болно гэсэн үг. Ургац багасахаар үндсэн өртөг нь нэмэгдэж, үр тарианаас бусад зүйлийн үнэ өсөж, хүнсний хомсдол нүүрлэснээр сүйрэлд хүрнэ. Зөгийн аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн нь мэдээж зөгийн бал. Үүнээс гадна арваад төрлийн бүтээгдэхүүн бий. Жишээ нь, зөгийн сүүнцэр залуужуулах, түрүү булчирхайн үрэвслийг эдгээхээс гадна хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Мөн эмэгтэйчүүд хөхөнд сүү оруулах, хөхөө томруулах гэж хэрэглэдэг. давамгайлж байна гэх судалгааг Перугийн эрдэмтэд хийсэн байна билээ. ДЭМБ-­аас энэ таамгийг үгүйсгээгүй, давхар судалгаа хийж байгаа. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал ДОХ-­ын вирусийг устгадаг байгалийн гаралтай цорын ганц арга болно. Зөгийн бал ургамлын гаралтай хамгийн ариун бүтээгдэхүүнд тооцогддог. Мууддаггүй бас бактери, вирусийг устгадаг гээд давуу тал их. Египетийн пирамид дотроос зөгийн бал олдсон түүх ч бий. Мумигийн насаар нь тооцвол гурван мянган жилийн настай. Ийм урт хугацаанд муудахгүй хадгалагдсан байна. Африкийн халуун оронд ангийн махаа зөгийн бал дотор хийж муутгалгүй хадгалдаг. Зөгийн балны бүтэц нь хүний цусны плазмын бүтэцтэй яг адилхан. Зөгийн балтай ус уувал цусанд шууд шингэнэ. Зөгийн баланд чихрийн агууламж маш бага буюу нэг хувьтай байдаг. Найрлага нь глюкоз, фруктозоос бүрдэхээс гадна янз бүрийн витамин агуулдаг. Гэхдээ 42 градусаас дээш халаавал бүтэц нь алдагдаж, энэ чанар нь байхгүй болдог.

-Бид зөгийн балыг буцалсан ус, халуун байхуунд хийж уудаг нь буруу гэсэн үг үү?­

-Тийм ээ буруу. Бүлээн юм уу хүйтэн усанд найруулах ёстой. Халуун усанд хутгачихаар бүтэц нь алдагдаад зөвхөн глюкоз, фруктозын уусмал болчихож байгаа юм. Миний саяын ярьсан бол эрүүл мэнд талынх нь ач холбогдол. Үүнээс гадна байгаль орчинд эерэг нөлөөтэй. Зөгийн бал хураах тусам ургамлын хэмжээ нэмэгддэг. Монгол оронд 60 овгийн 197 төрлийн 574 зүйлийн балт тоост ургамал ургаж байна. Үүний 23 зүйл нь мод, 75 зүйл нь сөөг, үлдсэн нь өвслөг ургамал. Энэ үзүүлэлтээр Монгол Улс балт тоост ургамал ихтэй улсын тоонд ордог. Эдгээр ургамлын ихэнх нь эмийн ургамал. Мөн Улаан номд орсон ховор, нэн ховор ургамал их бий. Бэлчээр, хадлан сайжруулах, талхлагдсан газрын нөхөн сэргээлтэд зөгийг ашиглах үр дүнтэй. Үүний тулд их зардал мөнгө гаргах шаардлагагүй. Байгалийг өөрөөр нь сэргээж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Одоо ногоон байгаа газрууд битүү цэцэг болно гэсэн үг шүү дээ. Монгол орныг өнгө өнгийн цэцэг алагласан нутагтай болгох гол арга нь зөгийн аж ахуй. Одоо Монгол Улс нийт газар нутгийнхаа дөрөвний нэгийг тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид 2040 он хүртэл газар нутгийнхаа гуравны нэгийг хамруулах төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, 500 мянган км кв талбай огт ашиглагдахгүй байна гэсэн үг. Газар тариалан, хадлан, уул уурхайн чиглэлээр ашиглаж болохгүй энэ том талбайд зөгийн аж ахуй эрхэлж, байгаль орчныг сэргээх боломжтой. Зөгийн тоос хүртээлт таримал ургамлын ургацыг маш сайн нэмэгдүүлдэг. Манайд гурвалжин будаа, рапсын тариалан ашигтай байгаагийн цаад шалтгаан нь ерөөсөө л зөгий. Жимсний аж ахуйн тухайд чацарганаас бусад нь бараг бүх жимс тоос хүртээлтээр ургацаа нэмэгдүүлэх ёстой. Монголд анх 1959 онд жимсний тариалалтыг дагаад зөгийн аж ахуй үүссэн юм. Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар хоёр жилийн өмнө гүзээлзгэний тариалалтад зөгийг туршиж үзсэн. Тэгэхэд хүлэмжийн гүзээлзгэний ургацыг 2.7 дахин буюу 270 хувиар нэмэгдүүлсэн. Бүрэн тоос хүртсэн жимс зөв хэлбэртэй, амттай байдаг. Хятад жимс харахад том, гоё хэрнээ амтгүй байдаг нь тоос хүртээлт хэрэглээгүйтэй холбоотой. Өнгөрсөн жил рапс, гурвалжин будаанд зөгийн тоос хүртээлт ашиглахад ургацын хэмжээ 2-­4 дахин нэмэгдсэн. Зөгийн тоос хүртээлт өндөр зардалгүй хэрнээ аж ахуйн нэгжүүдэд ийм ашигтай байх нь. Сүүлийн үед малын тэжээл тарьж буй иргэд зөгийн аж ахуй давхар эрхэлдэг болсон. Ингэснээр тэжээлийн ургацыг нэмэгдүүлэхээс гадна балыг нь хурааж авах боломжтой. Нэг га­гаас 300­-400 кг бал гарна. 10 га-­д таривал гурван тонн орчим бал авна. Гурван тонн балыг зах зээлийн ханшаар тооцож үзвэл 60 сая төгрөг болж байгаа юм. Малын тэжээлээсээ өндөр ашиг олчихож байна гэсэн үг. Улаанбаатар хотын ногоон бүсийг мал бүхий иргэдээс чөлөөллөө шүү дээ. Харин одоо ногоон бүсийн талхлагдсан газрыг сэргээхийн тулд бид нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зөгийн аж ахуй эрхлэх ажлыг эхлүүлээд байна.

-Сүүлийн үед зөгийн тоо толгой маш их цөөрч байна гэж ярьдаг. Дэлхийн нийт зөгийн талаас илүү нь хэдхэн жилийн дотор устсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү. Цөөрөөд байгаа нь ямар шалтгаантай юм бол?

-Хорогдоод байгаа нь үнэн. Гэхдээ арай ч тал хувь нь биш, ойролцоогоор 10 хувь нь устаж үгүй болоод буй. Үүний гол шалтгаан нь газар тариаланд химийн бодис хэрэглэх болсноос үүдэлтэй. Шавж устгахын тулд янз бүрийн хор цацаад байгаа нь зөгийн тоо толгой цөөрөх үндэс болсон. Хорт бодисоос болж зөгий үхэхээс гадна хүнсэнд тэнцэхгүй, пестицидийн найрлагатай бал гарах болсон.

-Манай улс хэчнээн зөгийтэй вэ. Тоо толгой нь нэмэгдэж байна уу?­

-Монгол орны хувьд зөгийн тоо тасралтгүй өсөж байна. Социализмын үед 4768 бүл зөгийтэй болсон нь дээд амжилтад тооцогддог байлаа. Харин үүнээс хойш багассаар байгаад 2006 оны тооллогоор 600 гаруйхан бүл зөгийтэй болсон. Харин Дэлхийн зөн байгууллагын хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлснээр тоо нь эргээд нэмэгдсэн. Одоо улсын хэмжээнд 18 мянга гаруй бүл зөгий байна. Хувийн аж ахуйд тулгуурлан зөгий үржүүлэх хөтөлбөр анх найман аймагт хэрэгжиж эхэлсэн бол одоо бүх аймагт бий боллоо. 

-Нэг бүлд хэчнээн зөгий байдаг юм бэ?

Бүлийг хүч гэдэг хэмжиг­дэхүүнээр хэмждэг. Хамгийн хүч багатай бүл гэхэд таван мянга хүртэл зөгийтэй. Хамгийн хүчтэй бүл 100 мянга хүрэх нь ч бий. Дунджаар 20­-50 мянга гэж тооцож болно. Нэг бүл нэг эх буюу нэг хатан зөгий, 1­-2 мянган эр зөгийтэй. Үлдсэн нь ажилчин зөгий.

-Монгол орны аль хэсэг хамгийн их зөгийтэй вэ. Цаг уур, газар орны байдлаас шалтгаалаад тоо толгой нь өөр байдаг уу?

-Сэлэнгэ аймагт бараг найман мянган бүл буюу нийт зөгийн 40 орчим хувь нь бий. Энэ 40 хувийн тал нь Шаамар суманд байгаа. Бид говийн аймгуудад туршилтаар зөгий тавьсан. Өмнөговийн Гурвансайханд цөөн бүл зөгий байгаа. Тэндээс бал цуглуулж болно гэдэг нь нотлогдсон. Бид эх орныхоо өнцөг булан бүрд зөгийн аж ахуй нэвтрүүлэхээр ажилласаар байна. Хамгийн эхэнд Хэнтийн нуруунд нэвтрүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хэнтийн нуруу хамаардаг гурван аймгийн бүх сум зөгийн аж ахуйтай болсон. Дараагийн ээлжид Хангайн нуруунд нэвтрүүлж эхлээд байна.

-Зөгийн бүл бий болгосноор тухайн газар нутгийн ургамлын гарц тэдэн хувиар нэмэгдсэн гэх судалгаа бий юу?­

-Яг ийм мониторинг дутагдаад байна. Ер нь зөгийн бэлчээрийн судалгааг хийх ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихэвчлэн аж ахуйн нэгжүүдийн захиалгаар судалгаа хийсэн. Энэ судалгааг давтан хийж байж мониторингийн хяналт гарах ёстой. Нүдэн баримжаагаар харахад бол ургамлын гарц эрс нэмэгдсэн нь анзаарагддаг.

-Зөгий АНУ-ын ДНБ-ийг 15 хувиар өсгөдөг гэх баримт уншсан юм байна. Монгол орны тухайд зөгийн аж ахуй эдийн засагт ямар хэмжээний дэмжлэг үзүүлдэг судалгаа байдаг уу?

-Одоо байгаа зөгийн тоо урьд өмнө байгаагүй амжилт хэдий ч нөөц бололцоотой нь харьцуулбал өчүүхэн бага. Улсын хэмжээнд мянга гаруй зөгийчинтэй. Анх 40-­өөс эхэлж байсантай харьцуулахад дэвшил. Эдгээр зөгийчин жилд 240­-300 тонн бал хураан авч байна. Энэ нь зах зээлийн үнэлгээгээр зургаан тэрбум орчим төгрөг болно. Бусад бүтээгдэхүүн нь хэрэглээнд арай өргөн нэвтрээгүй байна. Уг нь бэлчээрийн нөөц бололцоогоор тооцож үзвэл Монгол Улс хоёр сая орчим бүл зөгийн аж ахуй тогтмол эрхлэх боломжтой. Одоо 20­-иод мянган бүл зөгийтэй гэж тооцвол ердөө нэг хувийг нь л өсгөж буй. Энэ бүх нөөц бололцоог ашиглавал уул уурхайтай харьцуулахын аргагүй жинхэнэ шавхагдашгүй баялаг болох юм. Нийт боломжит бэлчээр 34.2 сая га талбай хүрнэ. Гэтэл бид дөнгөж 85.9 мянган га­-г л зөгийн бэлчээрт ашиглаж байна. Маш бага талбайд зөгийн аж ахуй эрхэлж байгаа болохоор цөлжилт, газрын доройтол нэмэгдсээр байгаа юм. Хэрэв бид 20 мянган зөгийчинтэй бол хоёр сая бүлийг өсгөж, үржүүлэх боломжтой. Энэ тохиолдолд зөвхөн зөгийн балны борлуулалтаас 1.2 их наяд төгрөг олж болох тооцоо бий. Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ, нэмэгдүүлж буй ургацын хэмжээг тооцвол энэ үзүүлэлт хэд дахин нугарах нь ойлгомжтой. Хамгийн гол нь энэ орлого тухайн өрхийн санхүүд шууд орох юм. Улсын хэмжээнд байгаа нэг том үйлдвэр төсөвт их хэмжээний орлого оруулдаг ч энэ нь ард иргэдийн амьдралд төдийлэн нөлөөлдөггүй шүү дээ. Харин 20 мянган зөгийчний ахуй амьдрал дээшилбэл тухайн өрхийн амьдралд шууд нөлөөлнө. Өдгөө дэлхийд 143 улс жилд 2.3 сая тонн зөгийн бал үйлдвэрлэж байна. Үүнээс эхний 10 улс 1.6 сая тонн буюу 70 орчим хувийг үйлдвэрлэдэг. Бид одоохондоо 143 орноос 116 дугаар байрт явж байна. Уг нь Монгол Улс нөөц бололцоогоороо эхний 10-­т явах боломжтой. Зөгийн балыг 1000 тонноос дээш хэмжээгээр худалдаж авдаг 164 орон байна. Эхний 15 орон нь 87.2 хувийг худалдаж авдаг. Эдгээр орон бүгд манай улстай худалдааны гэрээтэй. Зөгийн бал экспортолдог 54 улс бий. Эхний 17 нь нийт экспортын 87.6 хувийг эзэлдэг. Хятад, Аргентин, Энэтхэг, Мексик, Испани, Украин улс экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Хятадаас бусад нь Монголоос зайтай, газар зүйн хувьд өрсөлдөгч болж чадахгүй. Ингээд харахаар Монгол Улс зөгийн балны экспортыг маш ашигтай байрлалд байна. Энэ боломжоо л ашигламаар байгаа юм.

-Зөгийн тоо толгойг нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал нь юу вэ?

-Бид сургалт мэдээллийг ХНХЯ-­тай хамтран боломжийн хэмжээнд хийсээр байна. Одоо гол нь малчид, тариаланчдыг давхар зөгийн аж ахуй эрхэлдэг болгомоор байна. Нэг бүл зөгий ойролцоогоор нэг бодын үнэтэй. Гэхдээ үхрийн аж ахуйтай харьцуулахад дөрөв дахин ашигтай, гаргасан зардлаа жилдээ нөхөх боломжтой. 20 бүл зөгий үржүүлье гэвэл 14­-15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хүмүүсийн сонирхол их байгаа ч энэ хэмжээний санхүүжилт гаргах боломжтой нь цөөн л дөө. 

-Зөгийчдөд зориулсан бага хүүтэй зээл хэрэгтэй юм байна даа...?

­"Хаан" банктай яриад ийм төрлийн зээл гаргахаар хөөцөлдөж л байна. Гэхдээ зөгийчний тоо нь цөөхөн байна гэдэг. Нөгөөтэйгүүр, байгаль орчны судалгаа дутагдалтай болохоор ач холбогдлыг нь бүрэн дүүрэн баталж чадахгүй байна. Судалгаа хийе гэхээр хөрөнгө мөнгө хүндрэлтэй байдаг. Ийм төрлийн судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй, төрийн бодлого, төлөвлөлтөд огт тус гаа­гүй болохоор төсөв мөнгө хуваа­рилуулахад хүндрэлтэй байна л даа. Бидний тооцоогоор эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрөөс таван тэрбум төгрөгийг зөгийн аж ахуйд зарцуулбал нэлээд эрчтэй босоод ирнэ. Энэ мөнгөөр тоо толгойг нь өсгөхөөс гадна судалгаа шинжилгээний ажлаа явуулчихна. Гэхдээ ийм хэмжээний санхүүжилт авахын тулд эрх зүйн орчин, бодлого нь байх ёстой. Тиймээс хууль эрх зүйн орчноо сайжруулах, төрийн бодлогод тусгуулах тал дээр бид сүүлийн гурав, дөрвөн жил ажиллалаа. Ажил бага ч гэсэн урагшилж л байна. Засаг солигдлоо ч хөтөлбөр маань үргэлжилнэ гэж найдаж байна. Ер нь дэлхийн ихэнх улс орон зөгийн аж ахуйг бодлогоор дэмждэг. Тэр ч байтугай ногоон хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулна гэдгээ батлахын тулд парламентын ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд зөгийн бүл байрлуулдаг улс олон бий. Манай улс ч Төрийн ордныхоо ард цэцэрлэгтэй. Эндээ хоёр бүл зөгий тавибал зөв үлгэр дуурайл болох байх.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02 /Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03 /Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Наранжаргал: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж явна

  • Аав, ээжийнхээ, ард түмнийхээ, хайртай ханийнхаа бахархал дунд амьдармаар байна
  • Олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс харамсахгүйн тулд эргэн ирсэн
  • Юуны тулд махбодио, амьдралынхаа хагасыг золиослосон билээ. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ

Монголын жүдо бөхийн спортын эмэгтэйчүүдийн хүнд жинд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд тахалж яваа цөөн тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал билээ. 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэний дараа дэвжээгээ түр хугацаанд орхисон тэрбээр өнгөрсөн улсын аваргаар дахин жүдодоо хөл тавьсан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Наранжаргал мастерын илэн далангүй яриаг сонирхоно уу.

-Та бол жүдод шинэ хүн биш. Хэсэг хугацааны завсарлагааны дараа их спортдоо эргэн ирлээ. Хэр хүнд байв?

-Яг үнэнийг хэлэхэд маш хэцүү байлаа. Шантарсан, ядарсан, яах гэж буцаад хүрээд ирэв дээ гэж бодох үе хүртэл байсан. Тэгээд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа л бага зэрэг урам орсон. Надад боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Улсын аваргад барилдаж байхдаа өөрийгөө тэгтлээ суларчихаагүй, муудчихаагүй юм байна гэж бодсон. Ер нь хүүхдээ төрүүлээд амарч байх хугацаанд олон хүн намайг дахин барилдахыг зөвлөсөн, ятгасан. Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагчид болон “Женко” клубын багш нар маань маш их дэм болсон. Улсын аваргад түрүүлбэл үндэсний шигшээ багт авна гэж хэлсэн юм. Би ч боломжийг алдахгүйн тулд өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд улсын аваргад түрүүлж, нэг их удалгүй шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багтаа орж цалин мөнгөтэй золгоно гэдэг амьдралд том нэмэр шүү дээ. “Женко” клуб маань намайг жирэмсэн байхад ч цалинг минь тогтмол өгч байлаа. Магадгүй тухайн үед намайг жүдодоо эргэн ирнэ гэж бодсон учраас цалинг минь таслахгүй өгч байсан болов уу. Тэднийхээ дэмээр би өнөөдөр дахин барилдаж байна. Хэрвээ ийм боломж олгоогүй бол би өдийд жүдог орхисон ч байж мэднэ.

-Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд огт бэлтгэл хийгээгүй хүн төсөөрсөн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Бэлтгэлдээ орсноос хойш ердөө гурав хоногийн дараа самбо бөхийн улсын аваргад түрүүлсэн юм. Тэгээд түүнээс долоо хоногийн дараа жүдогийн улсын аварга болсон. Бүр шилдэг тамирчнаар тодорч билээ. Ер нь нэлээд төсөөрсөн байсан. Хөлөө ч хаана гишгэж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ 15 жил хичээллэсэн хүн туршлагаараа дотоодын том тэмцээндээ түрүүлж чадсан. Биеийн хүчнээс гадна сэтгэл зүй их нөлөөлсөн шүү. “Хэдийгээр төрсний дараа барилдаж байгаа ч би бусдыгаа бодвол олон жилийн туршлагатай шүү гэж бодсон. Цаашлаад самбоор түрүүлж чадсан юм чинь жүдогоор яагаад чадахгүй гэж” гэсэн сэтгэл зүйн асар том бэлтгэлтэй байсан учраас би дотоодын хоёр том тэмцээнд түвэггүй түрүүлсэн болов уу. Энэ жилийн улсын аваргад түрүүлээд сэтгэл маш ихээр хөдөлж, өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Өмнө нь өчнөөн л түрүүлсэн. Гэхдээ энэ жилийнх шиг тэгж их сэтгэл хөдөлж байгаагүй. Түрүүлээд зогсохгүй шилдэг жүдочоор зарлахад өөрийн эрхгүй огшсон шүү.

-Хоёр жил завсарлаад тэмцээнд ороход арай өөр бодол, сэтгэхүйтэй болсон байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэс өөр болдог юм билээ. Хэрвээ би улсын аваргад түрүүлж чадахгүй бол спортоо бүрмөсөн орхиж, залуу тамирчдадаа зайгаа тавьж гэсэн бодолтой байлаа. Гэтэл түрүүлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Дээрээс нь бүрмөсөн зодог тайлсныхаа дараа харамсахгүйн тулд эргэн ирсэн юм. Хүн харамсдаг юм билээ. Өдий олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс ямар ч байсан өөрийгөө дайчилж, боломжоо ашиглахыг хүссэн юм.

-Эргэн ирэхэд хамгийн хэцүү байсан хүчин зүйл юу вэ?

-Хүүхэд харах хүнгүй байх л хэцүү санагдсан. Харин одоо бол хоёр ээж минь хүүхэд харж, ар талыг найдвартай дааж яваа учраас санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийж байна. Ээж болсон найзуудынхаа зовлонг өөрөө ээж болсон хойноо л бүрэн ойлгож байна даа.

-Эргээд спортдоо орохдоо хэр их эсэргүүцэлтэй тулгарав?

-Эхэндээ ээж дургүйцсэн. Бас миний хань дуртай байгаагүй. Хүн хамгийн түрүүнд үр хүүхдээ л боддог юм билээ. Хүүхэд жаахан байхад орхиж тэмцээн орлоо, хүүхдээ өсгөж том болго. Чи ер нь залуу хүүхдүүдэд хожигдож онигоо болох хэрэг байгаа юм уу гэх мэтээр зөвшөөрөхгүй байсан. Харин би нөхөртэйгээ ганц л тохироо хийсэн. “Намайг самбо, жүдогийн улсын аваргад оруулчих. Түрүүлбэл миний бэлтгэл хийхийг, цаашид тэмцээнд оролцохыг битгий хоригло. Түрүүлж чадахгүй бол би сайн дураараа спортоо орхино” гэдэг дээр тохиролцсон. Ингээд би хоёуланд нь түрүүлж чадсан учраас одоо эсэргүүцэхээ больсон. Харин ч дэмжиж байна. Тэмцээн, уралдаанд явахад хоёр ээжээс гадна нөхөр маань хүүхдээ маш сайн хардаг. Гэхдээ хүний л ээж болсон хойно хаана ч явсан хүүхдээ санаж, санаа зовдог юм билээ.

-Их спортдоо эргэн ирснээс хойш анхны том тэмцээндээ оролцлоо. Тэр нь Парисын “Их дуулга” байсан. Энэ тэмцээний талаар дурсах уу?

-Сандарч үзээгүйгээрээ сандарсан, ядарсан, шантарсан. Тийм л тэмцээн болж өнгөрсөн дөө. Дэвжээн дээр гараад юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүүхдээ санахын хажуугаар ядарч, шантарч уйлж хүртэл үзлээ. Уйлж байхдаа “Би энд юу хийж яваа юм. Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Гэртээ хүүхдээ хараад, эрхлүүлээд хэвтэж байхгүй юунд дурлаж энэ хол замыг туулан ирэв” гээд л өөртэйгээ ярьж үзсэн. Тухайн үед хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа найз минь миний зүрхэнд итгэлийн галыг асааж өгсөн. Найзаасаа асар их урам зориг авсан шүү. Хэрвээ Д.Сумъяа маань байгаагүй бол тэр чигээрээ шантраад карьераа дуусгах ч байсан юм билүү, мэдэхгүй байна. Харин одоо бол бэлтгэлээ эрч хүч авч байна шүү дээ. Юун ядрах, шантрах. Улам л эрч хүчтэй болсноо мэдэрдэг. Тэмцээн хурдан болоосой л гэж бодох боллоо.

-Хоёр жилийн дараа дахин их спортдоо эргэн ирсэн Наранжаргал сандрахын зэрэгцээ баярласан болов уу. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?

-Баярлалгүй яах вэ. Хамгийн гол нь надад итгэл өгч, том тэмцээнд авч явсан шигшээ багийн дасгалжуулагч нар их хүч өглөө. Намайг тэд заавал тэмцээнд явуулах албагүй. Хоёр жил завсарласан хүн форм муутай л байж таарна. Гэтэл тэр бүхнийг ажрахгүйгээр надад итгээд, намайг аваад явсан нь өөрөө маш том урам өгч байгаа хэрэг. Тиймээс үүнд их баярладаг. Ер нь надад итгэл хүлээлгэсэн олон хүн бий. Тэднийхээ итгэлийг л алдахгүй юмсан гэж хичээж явна. Итгэлийг нь алдахгүйн тулд өдөр бүр бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж байна.

-Тэгвэл та спортоос хөндийрч байхдаа өөрийнхөө орон зайг алдахаас айж байсан уу?

-Миний биеийг төмрөөр хийгээгүй учраас би нэг л өдөр спортоо орхих нь тодорхой. Тиймээс миний араас залгамжилж буй дүү нар хурдан гарч ирээсэй гэж боддог. Намайг завсарлаж байх хугацаанд орлох өөр тамирчин гарч ирээд, би түүнийг үнэхээр дийлэхгүй бол зайгаа тавиад л өгнө. Надад тийм сэтгэл зүй байна. Хүний орон зайг булаах хүсэл ч байхгүй. Харин тухайн тамирчнаа тултал нь дэмжинэ. Түүнээс биш би заавал байх ёстой гэж зүтгэхгүй. Чадахгүй байгаа учраас, надаас илүү тамирчин гарч ирсэн учраас зайгаа тавьж өгөх нь миний үүрэг юм. Ийм бодолтой явдаг тул орон зайгаа алдахаас айгаагүй. Тиймээс жингийнхээ дүү нарыг цаг хугацааг сайн ашиглаж, бэлтгэл тултал нь хийж дэлхийн дэвжээнд амжилт үзүүлээсэй гэж хүсдэг.

-Коронавирусийн хорио цээр зарим тамирчинд хүнд туссан байх. Гэтэл нэг хэсэгт нь маш том боломж олголоо гэж харж байна. Тэр тамирчдын тоонд та ч бас орно. Харин та надтай санал нийлэх үү?

-Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар багшдаа “Хүмүүс коронавирусийг үзэж ядаж байна. Харин надад боломж олгосон юм шиг санагдаад эергээр хүлээж авч байгаа” гэсэн чинь багш “Чамд зориулаад олимп нэг жилээр хойшиллоо” гэж хэлсэн юм. Тэр үг миний толгойд шууд орж ирсэн. Энэ цаг хугацаа, орон зайг ашиглаад бэлтгэлээ сайн хийхийг эрмэлзэж байна. Надад маш том боломж олгож байна гэж харж байгаа. Хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан бол би 2020 оны олимпод оролцож амжихгүй ч байж мэднэ. Ядаж л багийн барилдаанд оролцож, нэг ялалт авах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж явлаа. Багийн барилдаанд бүхнээ дайчилдаг нь миний унаган зан юм. Тэгвэл одоо хувийн амжилтаа ч, багтаа ч том хувь нэмэр оруулах боломж нээгдэж байна.

-Гурван Азийн наадмаас дараалан медаль авсан жүдоч Монголд танаас өөр байдаггүй юм билээ. Тэгэхээр олимп, дэлхийн аваргаас медаль аваад зодог тайлаасай гэж хүсдэг хүмүүсийн нэг нь би юм. Дээр дурдсан хоёр тэмцээн таны ойрын зорилго мөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн олимп, дэлхийн аварга гэлтгүй дахиад нэг удаа Азийн наадамд зодоглох юмсан гэж шунаж байна. Тэгэхээр боломж гарвал 2022 оны Азийн наадамд барилдах хүсэлтэй. Мэдээж нэн түрүүнд олимпын эрхийн оноогоо цуглуулах хэрэгтэй. Азийн аваргад түрүүлмээр байна. Дараа нь олимпоос медаль авах тухай ярих нь зөв болов уу. Ямар ч байсан дээр дурдсан тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүй зодог тайлбал зөвхөн би ч биш миний эргэн тойрныхон, намайг дэмждэг ард түмэн харамсах биз. Тиймээс харамсахгүйн тулд бүхнээ зориулна даа. Би нэг л зүйлээс айж байна. Тэр нь надад итгэж байгаа энэ олон хүний итгэлийг алдах вий, урмыг нь хугалах вий гэдгээс айж байна.

-Ер нь та богино хугацаанд хувийн амьдралдаа өөрчлөлт хийж чадсан байна шүү. 2018 оны Азийн наадмаас медаль авсны дараа гэхээр?

-Азийн наадмын дараа дэлхийн аваргад оролцсон. Тухайн жилийн дэлхийн аваргаас медаль авах юмсан гэх том зорилготой байлаа. Тэр хэрээр биеэ барьж, сандарсан. Ингээд тэмцээнээ дуусгасны дараа өдий олон жил барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүйдээ сэтгэлээр унаж, гутарсан. Тэгээд ер нь л спортоо орхиж, өөрийнхөө боловсролд анхаарч, хөгжүүлье гэж бодсон. Том тэмцээнүүд дууссан учраас хэсэг хугацаанд тархи толгой, биеэ амраахаар шийдсэн. Тэр амралтын үеэр л хүүхэд минь бэлэг болж ирсэн байсан, маш их баярлаж хүлээн авсан. Жирэмсэн болсон хойноо дахиж барилдахгүйгээр шийдсэн ч үүнээс өөр чадах зүйл байгаа билүү гэж бодсон. Монголд үнэндээ барилдахаас өөрөөр ажил хийж амьдарч чадахгүй юм билээ. Тиймээс амжилтад хүрээд, сайхан амьдрахыг хүсч байна. Юуны төлөө махбодио, амьдралынхаа хагасыг зориулсан билээ. Эх орныхоо төлөө, сайхан амьдрахын төлөө л золиос гаргаж байна. Амжилтаа үзүүлж чадвал эх орон, аав, ээж, ард түмэн, хань ижил гээд бүгдээрээ л бахархана. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ. 

-Ингэхэд жүдоч болоход таны бөхийн удам нөлөөлөв үү. Эсвэл та өөрөө тэгтлээ дурлаа юу?

-Би “Молиго бүргэд”-ийн хэмээх 1932 оны наадмын түрүү бөх, улсын арслан П.Бат-Очирын удам юм билээ. Аав минь тэр хүний зээ хүү. “Молиго бүргэд” гэх хүн 43 насандаа улсын наадамд түрүүлсэн. Тэгвэл энэ удмын бөх улсын начин А.Алтанхуяг ч мөн 40-өөд насандаа улсын цол авсан шүү дээ. Тэр утгаараа манай удмынхан нас тогтсон хойноо амжилт гаргадаг юм байна гэх бодол төрсөн. Харин миний амжилт гаргах нас одоо л болж байх шиг. Ийм бодол өөрийн эрхгүй төрж, өөрийгөө тайтгаруулж явдаг. 2004 оноос жүдод хөл тавьсан. Тухайн үед спортын төв ордны хоёр давхарт нэг заалны хаалга онгойлгоход Ш.Цэвэлмаа багш угтсан. Аав минь миний ихэр Нарантогтох бид хоёрыг дагуулж очиж, багшид шавь оруулж байлаа. Энэ цагаас хойш л хоёргүй сэтгэлээр жүдод зүтгэсний ачаар чамлахааргүй амжилт гаргалаа. Одоо олимп, дэлхийн аваргаас л медаль авах үлдсэн дээ. Миний ихэр Нарантогтохын хувьд байлдааны самбоор багагүй амжилт үзүүлсэн.

-Эмэгтэй хүүхдийг барилдана, бокс тоглоно гэхээр эцэг, эхчүүд дургүйцдэг. Таны аав, ээж бас тэдний нэг байсан уу?

-Анхнаас нь л дэмжиж ирсэн. Ямар сайндаа л аав минь намайг анх барилдаж эхлэхэд өглөө бүр гүйлгэж, хичээлд явахаас өмнө өглөө бүр гар дээр суниалт 50, гэдэс таталт 50, нуруу таталт 50-ыг хийлгэдэг байлаа. Аав минь 10 гаруй жил энэ дасгалаа хийлгэсэн дээ. Бас уул өөд гүйлгэнэ. Ер нь багш шиг л бэлтгэл хийлгэнэ. Монголд болсон бүхий л тэмцээнд дагаж явна. Аав, ээжийнхээ дэмжлэгийн хүчинд л би өдий зэрэгтэй яваа юм. Манай жүдочдын олонх нь миний аавыг мэднэ. 

-Тэмцээн болохгүй ч бэлтгэлээ тогтмол хийж байгаа байх. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зарцуулж байна вэ?

-3-4 цагийг хүчний бэлтгэлдээ зарцуулж байна. Жүдогоор барилдахын тулд хүчний бэлтгэл маш чухал. Тиймээс Golds клубт Б.Мөнхбаяр багшийнхаа удирдлага дор хүчний бэлтгээл базааж байна. Багшийнхаа ачаар хүч маань ахиж, бэлтгэл ч их таарч байгаа учраас баярлалаа гэж хэлье. Харин шигшээ багийнхантайгаа нэгдэж чадаагүй л байна. Тэд хөдөө цугларалтад гарсан байгаа. Би удахгүй араас очно. Ар гэртээ санаа зовохгүйгээр бэлтгэл хийх нь чухал. Тиймээс хүүхэд харах хүнтэй болсны дараа шигшээ багийнхаа жүдочидтой нэгдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Хүссэн зорилгодоо хүрч олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсье?

-Баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжсэн гэр бүлийнхэн, Монголын жүдо бөхийн холбоо, “Женко” клуб, шигшээ багийнхан, Golds клубын хамт олон, дасгалжуулагч Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа, хүчний багш Б.Мөнхбаяр, шигшээгийн дасгалжуулагч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний надад итгэсэн тэр их итгэлийг амжилтаар хариулж, дааж явахын төлөө хичээх болно.