A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5089/

Б. Магсаржав: "Насны намар" дууг олонд хүргэхийн тулд нулимстай явсан үе надад олон бий

Б. Магсаржав: "Насны намар" дууг олонд хүргэхийн тулд нулимстай явсан үе надад олон бий
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5089/
  • Дуучид хөгжмийн зохиолчдоо нэг удаа сая төгрөг өгөөд үүнээс 10 дахин их ашиг олж ч байх шиг
  • "Зүүдэн бороо" байна. Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайтай галт тэргэнд хамт явж байгаад бүтсэн дуу. Бас л 20-хон минутанд шүлгийг нь бичиж, аяыг нь зохиосон. Энэ дууг гаргах гэж бас бүтэн жил тойрсон. Радиод бичигдсэний дараа "Хүсэлтийн хариу" нэвтрүүлэгт 800 гаруй захиа ирсэн байдаг юм
  • Нот мэддэггүй хүн дууны хөгжим зохиож байна. Техник технологийн давуу талыг ашиглаад л дууны ая зохиодог. Өөрөөр хэлбэл, зарим хөгжмийн зохиолч автомат машин дээр ажиллаад байна гэсэн үг

Бидний дуулах, сонсох дуртай “Зүүдэн бороо”, “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Насны намар”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж” гээд олон сайхан дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг зочноор урилаа. Тэрбээр “Коронавирус биднийг хөдөлмөрлөхөд, нэгийг бодоход асар том нөлөө үзүүллээ. Хөл хорио тогтоосноос хойш онгод ороод, бараг 30-аад шинэ бүтээлтэй болчихоод сууж байна шүү” гэсээр уулзав. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та нэлээд удаан хугацаанд нам гүм байлаа. Хэвлэлд ч ярилцлага өгч харагдсангүй. Тэгэхээр уран бүтээл, ахуй амьдрал гээд сонин сайхан ихтэй байгаа болов уу. Ярилцлагаа сүүлийн үеийн сонин, шинэ уран бүтээлээс эхлэх үү?

­Баярлалаа. Уран бүтээл арвин байна аа. Одоо яруу найрагч Ж.Ганчимэгтэй хамтраад “Хаврын дуу” гэж сайхан бүтээл дээр ажиллаж байна. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар олны хүртээл болгохоор хоолойн бичлэгт орсон. Үүнээс гадна “Насны намар” дуугаа найман бүлэгтэй симфони болгож байна. Хамгийн хайртай бүтээл минь учраас их нандигнаж байгаа. Мөн жүжигчин, дуучин Л.Сөрөлт “Сэтгэл юм хойно” гээд дууг минь удахгүй сонсогчдын хүртээл болгоно. Хавар цаг ирсэн болоод тэр үү, хайрын сэдэвтэй дуу их зохиолоо. Улирал нь хайрыг бэлгэддэг учраас өөрийн эрхгүй л энэ төрлийн дуу руу ороод байна.

-Ярилцлага эхлэхээс өмнө “Богино хугацаанд олон бүтээл туурвилаа. Энэ хорио цээрийн дэглэм биднийг ухааруулж байна” гэж ярьсан даа. Ундраад л байна уу?­

Уран бүтээлч хүн ийм нөхцөлд өөрийгөө хурцалж, биеэ их шахдаг юм байна. Өмнө нь нэг л назгайрсан, задгай байлаа. Намайг өнөөдрийн хорио цээрийн дэглэм асар их хурцаллаа. “Би л дийлнэ, чадна” гэсэн дайчин чанар минь давамгайлж байдаг шүү. Сүүлийн гурван сарын хуга­цаанд 30­-аад шинэ бүтээл туурвилаа, бүгд дайчин. Миний өмнөх дуунуудыг та бүхэн мэднэ дээ, их уянгын халилтай, зөөлөн байж.

-Найман жилийн өмнө таны уран бүтээлийн тайлан тоглолт болж байлаа. Түүнээс хойш нэг сураг гараад л нам болсон. Юу болов?

­Бэлтгэл ажлаа хангаад, хөтөлбөрөө хүртэл гаргасан байлаа. Тавдугаар сард хийхээр төлөвлөсөн юм. Гэвч коронавирусийн халдвараас болоод бүх ажил зогссон. Тоглолтын нэр нь “Түмэндээ өргөх дуу”. Олон хүн хүлээж байх шиг байна. Надтай уулзсан хүн бүр тоглолтын талаар л ярьдаг болсон. Энэ талаар ярихаар л худлаа хэлсэн мэт эвгүй мэдрэмж төрөөд. Гэхдээ удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа орох байх. Тэр үед нь хуучны болон шинэ уран бүтээлүүдээ нийлүүлсэн янзын гоё тоглолт хийнэ дээ. Үзэгчид гэлтгүй би өөрөө хүртэл энэ тоглолтоо маш их хүлээсээр. Хүслээр болдог бол өнөөдөр, маргааш хийсэн ч бэлэн байна.

-Хүмүүс таныг дуугаар нь мэднэ. Харин бага насыг, бараг мэдэхгүй. Тиймээс бага насныхаа тухай, яаж яваад урлагийн хүн болсон талаараа ярьж өгөөч?­

Би Увс аймгийн Давст суманд төрсөн. Гэтэл Тэс сумын хоёр хүн намайг өргөж авчээ. Миний өргөмөл ээжийг Ширнэн гэдэг. Энэ хүн л миний авьяасыг тодруулсан даа. Радиогоор хөгжим явахад яг тэр хөгжмийнх нь хэмнэлээр би хөлөө хөдөлгөдөг байсан юм билээ. Хурдан бол хурдан, удаан бол удаан. Тухайн үед би нэг настай байж, улмаар дөрвөн настайдаа “Баян хуур”-­ын Найдан гэж хүнд шавь орсноор урлагийн хүн болох замнал минь эхэлсэн түүхтэй. Долдугаар ангиа төгсөөд шууд Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцахаар болсон. Оролцсон тэмцээнээсээ алтан медаль авдаг, онц сурлагатай, багш нарынхаа хүндлэлийг хүлээсэн, Увс аймагтаа л од сурагч байв. Бага нас минь товчхондоо ийм. Багшийн сургуульд ирээд удалгүй “Сүүн далай ээж”­ийн аяыг зохиосон. Тэгэхэд би 15 настай байсан юм. Ц.Гайтав гуайн шүлгэнд ая хийсэн. Түүн дээр очоод “Сүүн далай ээж”­ийгээ өгөөч гэхэд намайг бага гэж гололгүй өгсөн дөө. Үүнээс хойш 500 гаруй дуунд ая зохиосон байна, ах нь. 

-Энэ дууг анх олны хүртээл болгосон дуучин нь хэн бэ?­

Гавьяат жүжигчин Ц.Өлзий-­Орших гуай. Саяхан нэг телевизэд ярилцлагадаа өгөхдөө “Сүүн далай ээж”-­ийг гурван сая орчим удаа дуулсан байх” гэж ярина лээ. Тэгсэн атлаа радиод нэг ч удаа бичүүлж байгаагүй гэхээр сонин байгаа биз. Хөдөөгүүр л дуулаад яваад байсан юм билээ. Дараа нь Дарханы дуучин Б.Энхбат гавьяат олны хүртээл болгосон. Хамгийн сүүлд 2012 онд болсон миний тоглолтын үеэр 15 настай охин ““Сүүн далай ээж” дуугаа надад өгөөч. Би дуулах гэсэн юм” гээд хадаг бариад тайзан дээр гарсан ирсэн. Би дуугаа 15-­тайдаа зохиосон билэгшээлээ бодоод, баярлаад шууд өгсөн. Тэр нь залуу дуучин Б.Аззаяа шүү дээ. Б.Аззаяа охин дуулж эхэлснээр 31 жилийн дараа “Сүүн далай ээж” дахин хит боллоо. 

-Орчин цагийн хөгжмийн зохиолчдын дууг сонсохоор нэг ая дээр бөөндсөн мэт ижилхэн аялгуутай байх юм. Гэтэл таны зохиосон дуу, таны үеийнхний зохиосон дуу өөр сонсогддог. Үүнд ямар ялгаа байдаг юм бол?

­Чамайг ингэж асуугаасай гэж бодож байлаа. Шуудхан хэлэхэд шүлэгч нартай холбоотой юм. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ш.Дулмаа гээд л мундагуудын бичсэн дууны үгийн хайрцаг нь тэс өөр. Гэтэл одоо дуртай нэг нь шүлэг бичдэг болжээ. Хайрцаглаж болдоггүй, санаанд орсноо л дураараа бичээд байна. Дууны шүлэг гэдэг чинь хайрцаглагдаж байх ёстой юм. Одооны дуунууд эмх замбараагүй болж байгаагийн гол хүчин зүйл нь хайрцгаа барьж бичдэг яруу найрагч эрс цөөрснийх.

-Та нэг дуун дээр жишээ аваач?

­Тэгье л дээ. “Насны намар” дээр жишээ авъя. Энэ дууны шүлгийг армийн хошууч Д.Амга­лан гэж хүн зохиосон. Алдартай яруу найрагч биш. “Саа мөнгөн хэрлэн”, “Насны намар” хоёрыг л бичсэн.

Үсний минь сор мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм өөрийн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юмаа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа хө

Дуулахад маш эвтэйхэн байгаа биз. Ая нь ч амархан орж ирсэн. Ердөө 20 минутад зохиосон дуу. Харин олон түмэнд цацах гэж бараг нэг жил болсон. Соёлын яам, Монголын зохиолчдын хороо, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг байгууллагаас зөвшөөрөл авах гэж нэлээд хөөцөлдөж явсан. Эцэст нь зөвшөөрлөө аваад Н.Төмөрхуяг дуулж, 1989 оны “Морин хуур” наадмаас шагнал авч байлаа. Би чамд дахиад нэг зүйл хэлэх үү. Тэгээд асуусан асуултад тань гүйцэд хариу өгье.

-Тэг л дээ, юу юм?­

Нот мэддэггүй хүн дууны хөгжим зохиож байна, өнөөдөр. Орчин цагт техник технологийн давуу талыг ашиглаад л дууны ая зохиодог. Өөрөөр хэлбэл, зарим хөгжмийн зохиолч автомат машин дээр ажиллаад байна гэсэн үг. Түүнийг нь нот мэддэггүй дуучид авч дуулаад л... Энэ чинь эмгэнэл. Ийм байхад дууны ая хоорондоо адилхан байх нь аргагүй. Шүлэг бичдэг нь ч тэр, ая зохиодог нь ч тэр. Тархи нь задрахгүй байна. Нэг ёсондоо урлагийн салбарт эмгэнэл явагдаж байна. 1990 оноос өмнө Соёлын яам гэж байлаа. Энэ яамыг татан буулгаснаас хойш урлагийнхан гудамжинд гарсан. Бид яамтай байхад аавтай хүүхэд шиг байлаа. Харин одоо эцэггүй мэт болжээ. Яам байхад бүх урлагийн байгууллагынхан цуглаж алдаа, оноогоо ярилцана. Тиймээс дахин Соёлын яамыг байгуулах хэрэгтэй. “Насны намар”­-ын шүлгийг эхлээд Зохиолчдын хороогоор батлуулна. Батлахгүй гэвэл ая зохиож болохгүй. Харин батлаад, тамгаа дарвал ая хийх эрхээ авч байгаа нь тэр. Аяыг хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуай батална. Баталсан бол Монголын радиод бичүүлэх эрх нээгдэнэ гэсэн үг. “Насны намар” маань хэзээ олонд хүрэх бол гэж нулимстай явсан үе надад олон. Зовж байж бүтсэн дуу өнөөдөр хит дуу хэвээр байгаад өөрөөрөө бахархдаг юм. “Зүүдэн бороо” байна. Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайтай галт тэргэнд хамт явж байгаад бүтсэн дуу. Бас л 20­-хон минутад шүлгийг нь бичиж, аяыг нь зохиосон. Энэ дууг гаргах гэж мөн бүтэн жил тойрсон. Радиод бичигдсэний дараа “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэгт 800 гаруй захиа ирсэн байдаг юм, “Зүүдэн бороо”­г явуулж өгөөч гэсэн. Сайхан дуу, сайхан шүлэг, сайхан дуучин ингэж төрдөг байлаа. Гэтэл өнөөдөр бүх зүйл амархан болжээ, ямар ч хяналт байхгүй. Нэг студи дээр очоод дэвшилтэд техник ашиглаж, бичээд л болно.

-Зохиосон дуугаа олны хүртээл болгохын тулд арын хаалгадаж байгаагүй юу. Одоогийнхоор бол найраа?­

Тийм зүйл байхгүй. Мөнгө сарвайх л юм бол “Чиний мөнгөөр би дутахгүй” гээд хөөдөг байлаа. “Өөрийнхөө ирээдүйг балладаг яасан тэнэг, хамуурсан толгойтой нөхөр вэ. Гар чи” гээд загнана. Нэг удаа Ш.Дулмаа гуайтай хамт хөдөө тоглолтоор явж байтал

Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хээр талын хээнцэрхэн сарнай 

Хэний ч хүүгийн хайрыг булаасан

Хэнзхэн соёолох ганган сарнай гээд гоё шүлэг надад зориулж бичиж өгөхдөө “Чи авьяастай шүү. Үүнд чи л гоё ая хийж чадна” гэсэн юм. Би баярлахдаа халаасанд байсан 10 төгрөгөө өгтөл шууд баздаг юм байна. Тэгснээ “Би чиний 10 төгрөгөөр дутаагүй. Үүнийгээ өөртөө зориул, өөрөө юм авч ид” гээд миний халаас руу буцааж хийж байлаа. Гэтэл одоо бүхнийг мөн­гөөр хэмжиж, тэр хэрээр чанар нь муудсан. Арван цаастай бол соёлын тэргүүний ажилтнаа аваад зүүчихдэг цөвүүн цаг ирж. Гэтэл би 2000 онд соё­лын тэргүүний ажилтны тэмдэг, үнэмлэхээ авахдаа уйлж байлаа. Асар их үнээр ирсэн учраас хамгийн нэр хүндтэй, хамгийн том шагнал минь юм. Харин соёлын тэргүүнийхээ цайллагыг “Хөх нуруут”-­д хийж байхдаа тэмдэг, үнэмлэхээ хулгайд алдсан.

-Мөнгө гэснээс таны зохиосон дууг өнөөдөр олон дуучин дуулах болжээ. Тэд таниас зөвшөөрөл авдаг юмуу. Төлбөрийг нь төлдөг юмуу?­

Шударга л хэлье. Нэг саяыг өгөөд 10 саяыг олж байна, дуучид. Зарим нь бол бүр байхгүй, шууд л аваад дуулна. Тааралдахаараа “Та энэ дуугаар нэрд гарсан хүн. Тиймээс дууг тань би дахин сэргээж, олны хүртээл болгож байна. Ингэж хойч үедээ таниулах ёстой юм” гээд ам тагладаг. Нэг хэсэг нь бор дарс бариад ирнэ. Дуучид хөгжмийн зохиолчдоо нэг удаа сая төгрөг өгөөд үүнээс 10 дахин их ашиг олж ч байх шиг. Энэ бол зүгээр л жишээ шүү.

-Өнөөдөр хөгжмийн зохиолч, дуучид уран бүтээлээрээ хоолоо олж, сайхан амьдарч байна. Уран бүтээлчийн үнэлгээ ч өндөр болсон. Тэр хэрээр сайхан амьдарч чадаж байна. Харин таны амьдрал ямар байна вэ. Өөрийгөө хэр үнэлдэг вэ?

Ах нь “Москва” хороололд амьдардаг. Дуучид хөгжмийн зохиолчоос авсан дуугаараа сайхан амьдарч тансаг машин унаж байна. Ганц жишээ хэлье. Хэн нэгэн дуучин миний зохиосон “Насны намар” дууг арга хэмжээн дээр дууллаа гэж бодъё. Ямар үнэ ханшаар дуулж байгаагаас шалтгаалаад надад хувь өгөх ёстой. Би өөр дээрээ жишээ авч байгаа болохоос бүх хөгжмийн зохиолч адилхан. Үүнийг хэлж байгаа нь би ч бүх хөгжмийн зохиолч надтай санал нийлэх болов уу. Шударга байх хэрэгтэй биз дээ. Дууны шүлэг бичсэн яруу найрагч бол бүр хоосон хоцордог. Яруу найрагчид ч гэсэн хувь хүртээх ёстой юм. Ингэж оюуны өмчийн шударга тогтолцоо бий болно. Караоке ч мөн адил. Караоке бидний дуугаар ашиг олдог хэрнээ бидэнд нэг ч төгрөг өгч үзээгүй. Энэ тухай хүмүүс ярьдаггүй юм. Тиймээс хөгжмийн зохиолчдын өмнөөс, тэднийг төлөөлөөд би хэлье. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрх ашгийг хамгаалж хөөцөлддөг хүн алга. Тийм учраас бид хохирч үлдэж байгаа юм. Гэтэл Хятадын хөгжмийн зохиолчид маш баян. Өвөр­монголын дуучин, хөгжмийн зохиолч Тэнгэрийг хар. Хувийн онгоцоор явж байна. Харин “Насны намар”-­ыг зохиосон Магсаржавт приус ч алга. Хятадын хөгжмийн зохиолчид надаас “Та Монголын хэд дэх баян нь вэ” гэж асуухад надад хариулт олддоггүй. Би бодож байгаад “Маш баян хүн. 21 аймагтай баян хүн шүү. Хаана ч очсон Монголын ард түмэн надад хамгийн сайхныг нь барьдаг юм” гэж хэлсэн. “Насны намар”-­ын Маагаа манайд ирлээ гээд л хамаг өнгөтэй өөдтэй, шимтэйг нь дэлгэдэг юм. Бурхнаас харамгүй заяасан авьяасынхаа ачаар ард түмэндээ хайрлагдаж, тэднийхээ хайранд бөмбөрч яваа хүнийг баян гэхгүй бол өөр хэнийг баян гэх билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Азийн зах зээлд хүч сорихыг хүсдэг

 0 сэтгэгдэл
  • Нэвтрүүлэгтэй зэрэгцээд шинэ дуу маань Солонгосын хөгжмийн сувгуудаар цацагдаж байгаа
  • Энэ төсөл 1970-1980-аад оны үед хит болж байсан дуунуудаа дэлхий дахинд алдаршуулах зорилготой юм билээ

Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д амьдардаг нэгэн монгол залуу тус улсын E channel-ийн Topgoal Rhapsody буюу “K-pop-ыг орчуулж болох уу” шоу нэвтрүүлгийг доргиож, тэмцээний ялагчаар шалгарсан билээ. Тэрбээр тус улсын алдарт дуучин Lim Jae Bum-ийн For you дууг солонгос болон монгол хэлээр дуулсан юм. Ингээд тус нэвтрүүлэгт амжилттай оролцсон, дуучин Н.Идэрмөнхтэй цөөн хором ярилцлаа.

-Уншигчдад маань өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Н.Идэрмөнх гэдэг. БНСУ-д ирээд 10 жил болж байна. Анх гэрээгээр ажиллах гэж ирсэн ч одоо Сэжүн их сургуульд бизнесийн удирдлага болон дуучин гэсэн давхар мэргэжлээр суралцдаг. Анх ирэхдээ дуучин болох зорилго өвөртөлж, зорилгодоо заавал хүрнэ гэж хатуу шийдсэн. 

-Энэ тэмцээнд хэрхэн орсноо сонирхуулаач?

-Энэ төрлийн тэмцээн, телевизийн шоунд оролцохыг маш их хүсдэг байлаа. Солонгос хүмүүст зориулсан дуу хөгжмийн уралдаанууд маш олон болдог ч гадаад хүмүүст зориулсан K-pop шоу болдоггүй байсан. Анх тэмцээний зохион байгуулагчдын зүгээс холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнэтэй холбогдож, дуулах авьяастай эсэхийг нь тодруулаад танилуудаа холбож өгөхийг хүссэн юм билээ. Ингээд найзынхаа санал болгосны дагуу өөрийгөө сорихоор шийдсэн.

-Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу. Түрүүлнэ гэж зорьж байв уу? 

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан. Өмнө нь ийм зүйлийг зурагтаар л үзэж, “Ямар гоё юм бэ” гээд гайхаж, биширдэг байлаа. Тэмцээндээ түрүүлж, мундаг уран бүтээлчдээс урмын үг сонсоод мөрөөдөл маань биелсэн мэт санагдсан. Энэ тэмцээнд орохдоо түрүүлнэ гэсэн зорилго тавиагүй л дээ. Зүгээр л уран бүтээлч болж, мэргэжлийг нь эзэмшиж буй хүний хувьд тайзан дээр гарч, сайхан бүтээл толилуулахыг зорьсон юм. Өөртөө итгэх итгэл, цаашдаа илүү хичээх урам зориг авлаа. Дуугаа яг тухайн үеийн мэдрэмжээрээ илэрхийлж, дуулсан. 

-Энэ тэмцээн хэдий хугацаанд, ямар зарчмаар үргэлжлэх вэ?

-Одоогийн байдлаар тэмцээний таван дугаар цацагдсан, дахиад таван дугаар гарна. Дугаар бүрийн ялагчид хоорондоо дахин өрсөлдөж, шилдгийг тодруулах байх. Нарийн зүйлсийг дэлгэрэнгүй мэдэхгүй байна. Энэ төсөл 1970-1980-аад оны үед хит болж байсан дуунуудаа дэлхий дахинд алдаршуулах зорилготой юм билээ. Нэвтрүүлгийн нийт төсөв мянган “ог” гэж сонссон. Нэг ог 100 сая төгрөгтэй тэнцдэг гэхээр өндөр ач холбогдол өгч, зохион байгуулж байгаа нь харагдаж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Нэвтрүүлэгтэй зэрэгцээд шинэ дуу маань Солонгосын хөгжмийн сувгуудаар цацагдаж эхэлсэн. Мөн клипний маань зохиол бэлэн болсон тул тун удахгүй цацна. Энэ улсад уран бүтээлийн эх сууриа тавьсан учраас цаашдаа Солонгосын төдийгүй Азийн зах зээлд хүч сорихыг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

The Voice шоу бол үндэсний урлагаа сурталчлах маш том боломж

 0 сэтгэгдэл
  • Энэ шоу Австрали төдийгүй дэлхий даяар цацагдах учир урилгыг нь дуртайяа хүлээн авсан
  • Монголчууд маань урмын үгээр угтаж авсан болохоор үнэхээр сайхан байсан. Бичлэг цацагдсаны дараа манайхан цахимд давалгаалж байгааг хараад нэг их том армид орчихсон мэт сэтгэгдэл төрсөн. Монгол улс гэж ямар улс вэ? ямар өв соёлтой вэ, бидний дуу хөгжим хэчнээн гайхалтай вэ гэдгийг харуулах нь хамгийн чухал
  • Mother and father дуу эх орон, ээж аавыг минь санагдуулж, төрсөн гэртээ очоод ирсэн юм шиг л мэдрэгддэг. Тайзан дээр байхдаа би шүүгчид эргэсэн эсэхийг ч анзаараагүй

Хэдхэн хоногийн өмнө Австрали улсын The Voice шоуны тайзнаа морин хуурын аялгуу эгшиглэж, ардын уянгат дуу, дахин    давтагдашгүй хөөмийн чимээ Монголын төдийгүй дэлхийн хүн зоныг уяраасан билээ. Энэ аялгууг сонсоод эх нутгаа санасан монголчууд нулимс мэлмэрүүлж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, огшиж байв. Харин энэхүү гайхамшигт   аялгууг эгшиглүүлсэн эрхэм авьяастан бол Австрали улсад ажиллаж, амьдардаг монгол залуу Ганбүргэдийн Бөхчулуун билээ.

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Хүмүүс таныг “Домог” хамтлагийн гишүүн байсан гэдгээр нь илүү сайн мэддэг. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Бөхчулуун гэдэг. Хөгжим бүжгийн консерваторыг төгссөнөөсөө хойш үндэсний хөгжмөө 22 жил тоглож байна. Харин хөөмийлж эхлээд 15 жил өнгөрчээ.

-Яагаад The Voice шоуны тайзыг зорих болов?

-Үндэсний урлагаа хөгжүүлэх, түгээх, олон улсад сурталчлах нь уран бүтээлч хүн төдийгүй монгол хүн бүрийн эрхэм үүрэг. Би The Voice шоуны тайзыг үндэсний урлагаа сурталчлах маркетингийн маш том боломж гэж харсан. Австрали төдийгүй дэлхий даяар цацагдах учир урилга ирэхэд нь дуртайяа хүлээн авсан. Монгол Улс гэж ямар улс вэ, ямар өв соёлтой вэ, бидний дуу хөгжим хэчнээн гайхалтай вэ гэдгийг харуулахыг хүссэн. Зорилгоо ч бас тодорхой хэмжээнд биелүүлж чадсан болов уу. Би Австралид ирээд 11 жил болж байна. Ихэнх австраличууд “Монгол гэж ямар улс вэ, Хаана  байдаг вэ, Хятадын нэг хэсэг үү” гэх мэт асуулт асуудаг. Энэ хандлагыг ч бас өөрчлөхийг хүсдэг.

-Таны сонгосон шүүгч Гай Себастьян “Бид өөр хэний ч хийж чадахгүй зүйлийг хийдэг гайхалтай гишүүнтэй боллоо” гэж хэлсэн байсан. Яагаад тэр шүүгчийг сонгох болов?

-Миний дуртай дуучин л даа. Намуухан хэмнэлтэй, гоё дуунуудтай. The Voice-ийн урилга ирэхэд нь би ямар хүмүүс шүүх талаар нь ч тодруулж асуусан. Урилгыг нь хүлээн авахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл Тай Сибастян байсан гэж хэлж болно.

-Тайзан дээрх мэдрэмж, үзэгчдийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Үзэгчид маш сайхан хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй байсан. Хамгийн сонин нь тайзан дээр гарах үед надад ямар нэг мэдрэмж төрдөггүй. Бүр сандардаг ч үгүй. Би сандарч, догдлох юмсан гэж хүсдэг шүү. Заримдаа сандарсан үед хүнээс сэтгэл хөдлөл шингэсэн жинхэнэ амьд, мэдрэмжтэй уран бүтээл төрдөг шүү дээ. Албаар сандрах гэж оролддог ч нэг л болж өгдөггүй юм /инээв/. Олон жил ажиллаад ирэхээр дөжирчихдөг байж мэднэ.

-Эхний шатанд дуулсан дуугаа таныг өөрөө зохиосон гэж сонссон. Эх орноо санасан олон хүний зүрх сэтгэлийг дэвтээж байх шиг байна? 

-Миний ээж Хөвсгөлийн Хатгалын хүн. Ээжийгээ, Хөвсгөлийнхөө үзэсгэлэнт байгалийг сэтгэлдээ харж, тэр мэдрэмжээ илэрхийлсэн. Нам гүм байдал, байгалийн аниргүй чимээг сэтгэлдээ байнга хардаг. Энэ дууг дуулахаар эх орон, ээж аавыг минь санагдуулж, төрсөн гэртээ очоод ирсэн юм шиг л мэдрэгддэг. Ямар сайндаа дуулж байхдаа би шүүгчид эргэсэн эсэхийг ч анзаараагүй байсан.

-Эх орныхоо юуг хамгийн их санадаг вэ?

-Ээж, аавыгаа л хамгийн их санах юм даа. Би Монголдоо зун бүр очдог. Өнгөрсөн жил ч бас очсон. Харамсалтай энэ жил чадахгүй бололтой. Эх орондоо очихоор онгоцноос буугаад л шал өөр болчихдог. Нэг л сайхан тайван, хамаг бие сулраад л. 

-Таныг өөрийн гэсэн хамтлагтай гэж дуулсан. Мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Тийм ээ, мэргэжлээрээ ажиллаж байна. Би хоёр хамтлагтай. Нэг хамтлагтаа “Ая” гэж нэр өгсөн. Манай хамтлаг саяхан Монголын хамгийн ховор амьтдын нэг мазаалайд зориулсан шинэ ая зохиосон байгаа. Энэ амьтны тухай олон хүн мэдвэл, мөхлөөс аврах боломжтой. Харин нөгөө хамтлагийн маань нэр Equus. Энэ нь латинаар морь гэсэн утгатай. Мөн Австралийн сургуулиудад хөгжмийн хичээл зааж, бага, дунд сургуулиудаар тоглолт хийдэг. Энэ улсад маш олон үндэстэн, ястан байдаг учир бүх орны хөгжимчдийн уран бүтээлийг толилуулж, хүүхдүүдийнхээ хөгжмийн боловсролд анхаарахаас гадна хөгжмөөр дамжуулан улс үндэстнүүдийн талаарх мэдлэгийн хүрээг нь тэлдэг. Хааяа хоббигоороо уран зураг болон интерьер дизайны чиглэлээр ажиллаж байна.

-Танай хамтлагууд бүтээлээ ямар жанраар туурвидаг вэ?

-Монгол ардын дуу болон уртын дууг орчин үеийн хэмнэлд оруулж тоглодог. Ерөнхийдөө этно гэж хэлж болно.

-Гишүүд нь монгол хүмүүс үү? 

-Бүх гишүүд маань Австрали.

-Хамтлаг гэснээс та “Домог” хамтлагаас яагаад гарсан юм бэ?

-2009 онд Австрали руу ирээд, “Домог” хамтлагийнхаа уран бүтээлд оролцох боломжгүй болсон. Бид хөгжим бүжгийн нэг ангийн хүүхдүүд шүү дээ. Байнга холбоотой байдаг. Улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон болохоор тоглолтууд нь цуцлагдаж, манай хэд амралтын байдалтай байгаа.

-Австралид халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Уран бүтээлд нь нөлөөлж байна уу?

-Хөл хорио урлагийн салбарынханд хамгийн их нөлөөлж байна. Бүх тоглолтууд цуцлагдсан. Хэзээ хэвийн болох талаар мэдээлэлгүй байна. 

-Та хөгжмийн ертөнцтэй хэрхэн холбогдож байв. Удамд нь урлагийн хүмүүс бий юу?

-Өвөө маань хөгжмөө өөрөө урладаг, гарын дүйтэй дархан хүн байсан юм гэнэ лээ. Бас сайхан дуулдаг, хөгжим тоглодог тийм буурай байж. Би өвөөгөө харж байгаагүй ээ. Аав маань өвөөгөөс гарын урыг нь өвлөсөн барилгын инженер мэргэжилтэй, дархан хүн. Харин авга ах маань хөгжим тоглох авьяасыг нь өвлөсөн, МУГЖ н.Идэрбат гэж хүн бий. Энэ авьяас нь надад удамшсан болов уу даа.

-Таныг тайзан дээр байхад эхнэр тань нулимс дуслуулж байсан. Цахим орчинд олон монголчууд талархлаа илэрхийлсэн байсан. Танд ямар сэтгэгдэл төрж байна?

-Монголчууд маань урмын үгээр угтаж авсан болохоор үнэхээр сайхан байсан. Бичлэг цацагдсаны дараа манайхан цахимд давалгаалж байгааг хараад нэг их том армид орчихсон мэт сэтгэгдэл төрсөн. Баярлаад л /инээв/.

-Та TEDxSydney-н тайзан дээр морин хуураа эгшиглүүлж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-TEDxSydney-д 2016 онд оролцож, 4500 гаруй хүний өмнө хуур татсан. Морин хуураа тоглохоос гадна тэдгээр үзэгчийг удирдаж, хоор дуулсан учраас үнэхээр үгээр хэлэмгүй, бахархалтай мөч, гайхалтай тайз байсан.


-Гаднын иргэд манай үндэсний хөгжим, хөөмий, ардын урлагийн соёлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш их хүндэтгэн хүлээж авдаг. Би хөгжмөөр дамжуулж эх орноо сурталчлах нь хамгийн зөв гэж боддог. Чаддаг юмаа хийгээд, эх орондоо хувь нэмэр оруулах нь монгол хүн бүрийн үүрэг.

-Монголын үндэсний хөгжим сүүлийн жилүүдэд эрчээ авч дэлхийн зах зээлд хүч түрж байна. Энэ амжилтыг та хэрхэн харж байна?

-Маш ухаантай алхам хийх ёстой. Ямар хүмүүстэй хамтран ажиллах, хамтрах гэж буй байгууллагын чадвар, нэр хүнд, гарын үсэг зурах гэж буй гэрээний нөхцөл гээд олон зүйлийг анхаарах шаардлагатай. Тайзан дээр нэгэнт л гарсан бол ур чадвартай нь хүссэн хүсээгүй цаашаа явна. Менежерүүд чамайг авьяастай, амжилтад хүрэх ирээдүйтэй бол шүүрнэ гэсэн зарчимтай.

-Таны уран бүтээлийн онгод юу вэ?

-Тухайн үеийн мэдрэмж, уран сэтгэмжээс шалтгаална. Тархин дотроо зураг зурахтай адил юм уу. Тэр зургийг яаж хөгжмийн хэлээр илэрхийлж, хүмүүст ойлгуулах вэ гэдэгт төвлөрдөг учраас өөрийнхөө гүнээс, дотроосоо тоглох хэрэгтэй. 

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-The Voice шоунд орсноор миний нэг зорилго биелсэн гэж хэлж болно. Монгол дуу гэж юу вэ, морин хуур гэж юу вэ, хөдөө гэж юу вэ гэдгийг олон хүн мэддэг боллоо. The Hu хамтлаг эх орноо сурталчлах үүргийг хамгийн сайн биелүүлж байна. Намайг оюутан байхад жаахан хүүхдүүд Хөгжим бүжгийн коллежид орж ирж байлаа. Дэлхийд нэрээ мандуулж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Мөн Домог, Хөсөгтөн гээд үндэсний өв соёлоо тээж, хөгжүүлж яваа бүх уран бүтээлчдээрээ маш их бахархдаг шүү. Би ч гэсэн хичээнээ гэж хэлмээр байна. Бүх монголчууддаа баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Алтан тайзнаас сонссон алга ташилт надад залуу нас, эрч хүч бэлэглэдэг

 0 сэтгэгдэл
  • Хүмүүс намайг ил далд муулж, “Энэ бол эрлийз” гэсэн үзэл бодол нь үргэлж мэдрэгддэг байсан ч авьяаст арын хаалга байхгүй учир би бардам амьдарч ирсэн
  • Багш маань "Чи хувь Мөнхшүр биш. Чамайг урьж зална, ширээнд суухыг хүснэ. Чи хэзээ ч олны дунд ил байж болохгүй. Олны дунд орж, архи дарснаас амсах ёсгүй" гэж хатуу сургасан. Тиймээс би муу зуршлаас хол байж, нуугдмал, эрхэмсэг байхыг хичээдэг
  • Дүрдээ орохын тулд үхэж, амьдарч, хүнд хүртээхийн тулд бүх л зүрх сэтгэлээрээ дуулж байж тэр дүр, тэр уран бүтээл амьдарна. Тэрч ч бүү хэл, хоол унд, нойр, сарын тэмдэг ирэх үеэ хүртэл тохируулах ёстой. Дуурийн дуучдыг ном удаан уншихыг ч хориглодог. Хараагаараа уншсан ч гэсэн хоолойны нарийн хоёр хөвч цуцчихдаг юм

Хүний хувь тавилан гэж сонин шүү. Ганцхан хормын дотор өөрөөр эргэж, гуталчин болох байсан хувь заяа гургалдайн эгшгийг уянгалуулагч болон хувирна. Яг л энэ хувь тавилангийн тухай, яруу тансаг урлагийн нэгэн шүр сувдын тухай өгүүлэх гэж байна. Энэ хүн бол мөнхийн залуу хэмээн гайхагддаг, давтагдашгүй “Кармен хатагтай” МУАЖ, Чинзаяатын Мөнхшүр билээ.

-Хүүхэд насны тань талаар ярилцлагаа эхэлье. Ээж хүн бидэнд ганцхан заяадаг. Харин та хоёр ээжийн хайранд бөмбөрсөн азтай охин байсан гэдэг? 

-Тийм ээ, би хоёр ижийтэй. Нэг нь намайг өсгөсөн, нэг нь төрүүлсэн. Миний ижий намайг эгчээсээ өргөж авсан юм. Хань бүлгүй ганц бие бүсгүй байсан. Би чинь эхээс наймуулаа шүү дээ. Өргөсөн ижий минь намайг ах дүүгээсээ холдчихно гээд хаяанд нь өсгөсөн гэдэг.

-Урлагийн авьяас тань удамшсан уу. Хөгжим бүжгийн сургуульд жаахан байхдаа шалгалт өгч, олон хүүхдээс тэнцсэн билүү?

-Би учраа мэдэхгүй зургаахан настай жаахан охин байхдаа Хөгжим бүжгийн сургуульд орсон. Тэр олон хүүхэд шалгалт өгөхөд надтай нийлээд хоёрхон хүүхэд тэнцэж байлаа. Аав минь хэдийгээр дуу чин биш ч гэсэн дуулж, хуурдах дуртай тийм л хүн байсан. Энэ ч надад нөлөөлсөн. Удамд маань урлагийн хүмүүс бий, бий. Миний ах УДБЭТ-ын зураач хүн байсан. Дүүгийн маань охин төгөлдөр хуурч, хүү минь хамтлагтаа дуулна гээд манайхан удам угсаагаараа ур лагийн салбартай холбогдсон улс.

-Та олноо “Баатар Ван” гэж хүндлэгдсэн СГЗ Л.Эрдэнэ-булган, “Нийслэлийн хүү”-гийн УГЗ Ж.Бүрэнбэх гээд олон сайхан уран бүтээлчтэй нэгэн үеийн найзууд. Хамт суралцаж байсан байх аа? 

-Ж.Бүрэнбэх, Л.Эрдэнэбулган бид хэд хуучнаар ЗХУ-ын Ленинградын консерваторид хамт суралцаж байлаа. Тэр сайхан гүрний, маш том сургуульд үнэгүй суралцаж, боловсрол эзэмшсэн маань ховорхон хувь заяа. Би чинь Хөнгөн үйлдвэрийн коллеж төгссөн гутлын үйлдвэрийн ажилчин байсан хүн. Тухайн үед сурна гэдэг өндөр хариуцлага байлаа. Тийм болохоор өнөө хэдтэйгээ хааяа нэг уулзаж, учирна. Найз нөхөд гэж нэг их гүйж чадалгүй л төгссөн санагддаг. Хүүгээ тэнд байхдаа төрүүлсэн болохоор зай зав ч олддоггүй байж дээ.

-Оюутан байхдаа хүүхдээ өсгөх хэцүү байв уу? 

-Хүн гэдэг амьтан амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдох тусам хатуужиж, сөрж гардаг юм билээ. Хүүг минь хөгжим л өсгөсөн дөө. Хөгжмийн урлаг хүнд сэтгэлийн таашаал өгөхөөс гадна тайвшруулах ид шидтэй. Хүүгээ байрандаа ганцааранг нь үлдээнэ. Памперс байхгүй болохоор даавуун живх хийгээд, хөгжим асааж орхиод хичээлдээ явдаг байлаа. Дараа нь хичээлийнхээ хажуугаар цэцэрлэгт ажиллаж, хүүгээ цэцэрлэгт оруулсан. 

-Тэр үед жинхэнэ авьяасыг эрж хайж олдог байжээ. Гутлын үйлдвэрт ажилчин байсан хүн ЗХУ руу сургуульд явсан түүхээсээ хуваалцахгүй юу? 

-Анх техник мэргэжлийн сургууль төгсөөд эсгий гутлын үйлдвэрт хуваарилагдлаа. Тэр үеэр Багшийн дээд сургуулийн хөгжмийн анги бас Цэргийн ансамбльд шалгалт өгөөд хоёуланд нь тэнцчихсэн. Цэргийн ансамбльд хөтлөгчөөр тэнцдэг юм. Яах аа мэдэхгүй байж байгаад Соёлын сургуульдаа орно гэж шийдээд, сургуулиасаа аж ахуй явах чиглэл авлаа. Өглөө эрт багшийн сургуулийн урд унаагаа хүлээж байтал Цэргийн ансамб-лийн хурандаа Д.Дугарсүрэнтэй таарчихсан юм. Машинтай явж байснаа огцом зогсоод “Чи манайд шалгалт өгсөн хүүхэд мөн үү. Энд юу хийж байгаа юм” гэж асуув. Би ч “Хөдөө явах гэж байна” гээд үнэнээ хэлтэл “Чи цэргийн байгууллагаар тоглодог яасан задарсан хүүхэд вэ. Шалгалт өгч тэнцчихээд хөдөө явна гээд зогсож байдаг” гэж баахан загнаад, өнөө ногоон “69”-дөө суулгаж аваад шууд ансамбль руу давхичихсан. Ингээд ансамбльд бүжигчнээр долоон жил ажиллалаа. Дараа нь МУАЖ Г.Хайдав баг-шийнхаа мэргэжлийн дуулаачийн ангид орлоо. Жил гаруй суралцсан байх. Тухайн үед Цэдэнбал Филатова жилийн эцсийн шалгалт, академик шалгалтууд дээр их ирнэ. Намайг тэр агуу хүн л сургуульд явуулж өгсөн юм. Би явуулж өгсөн ч гэж ярих ёстой. Филатова гуай намайг шалгалтын үеэр харчихаад Соёлын яамны ажилтан Н.Дамдин гуайд “Энэ хүүхэд гадагшаа явж сурах хүн байна” гэж хэлсэн гэдэг. Ингээд намайг “Багшийн дээд сургууль гадаад явах хүүхдүүдийн шалгалт болж байгаа. Тийшээ оч” гэдэг юм байна. Би ч гадагшаа явахгүй гэж зүтгээд “Улаанбаатар” зочид буудлын урд байдаг бутан дунд ороод нуугдчихлаа. Гэтэл Дамдин гуай намайг олж “Чи яасан тэнэг хүүхэд вэ. Гадагшаа сургуульд явуулах гэж байхад ийм боломжоос зугтааж байдаг” гээд зад загнаж, шалгалтад чирч оруулсан түүхтэй. 

-Яагаад зугтаадаг билээ?

-Яагаад ч юм, гадагшаа явна гэхээр айчихсан хэрэг. Би чинь ижийнхээ гангар шаазан шиг ганц охин нь байсан. Тийм болохоор ижийгээсээ, ах дүүгээсээ холдоно, гэрээ санана гэж бодоод зугтааж байлаа. (инээв) 

-Та ансамбльд хөтлөгчөөр орсон хэрнээ бүжигчнээр ажиллаж ээ. Яагаад бүжигчин болсон юм бэ?

-Хөтлөгчөөр ороод удаагүй залуу хүүхэд байсан болохоор хоолойны дасгал хийгээд сууж байдаг байлаа. Нэг өдөр цонхоор юм хараад зогсож байтал нэг их гоё бүсгүй хүрч ирээд “Чи бүжигчин үү” гэж байна. “Үгүй ээ, би бүжигчин биш. Дууны ангид бэлдэж байгаа” гэж хариултал “Чи бүжигчин болох хүн байна. Нааш ир” гэж дуудаад намайг шалгаж үзсэн юм. Тэр гоё бүсгүй бол МУАЖ Г.Долгорсүрэн гуай байлаа. Ингээд хөтлөгч биш бүжигчин болчихсон. 

-Таны анхны хань Х.Сэргэлэн гуайн талаар асуухгүй өнгөрвөл уншигчид маань зэмлэх байх. Та нөхрийнхөө юунд нь татагдаж байв?

-Би Х.Сэргэлэнгийнхээ авьяасанд л татагдсан болов уу. Дурламаар сайхан хөгжим зохиодог, гайхалтай авьяаслаг, хүн байсан. Бас уян зөөлөн, сайхан сэтгэлд нь дурласан байх. Амьдрал ээдрээтэй шүү дээ. Арав гаруй жил ханилаад бид хоёр тийшээ болсон.

-Таныхаар хайр гэж юу вэ?

-Хайр гэдэг бол хүндлэл юм даа. Одоо ч нэгнийгээ мэдэхгүй шахуу байж “Хайр аа, хайр аа” гэх болж. Хайр гэдэг их сайхан үг л дээ, нэг тийм нандин үг. Эцсийн эцэст бие биенийгээ хүндэлж хайрлаж, нэг нэгэндээ уусаж дассан сэтгэл дээр л хайр тогтдог. Хайрын эрхэм сайхныг цаг хугацаа л мэдрүүлдэг байх. 

-Тэгвэл ийм сайхан хайр яагаад замхарч, үгүй болдог юм бол? 

-Хүн дурламтгай амьтан. Дурлалцаж, дурласнаас болоод амьдралын тэвчээр алдрах үе байна. Гэхдээ өөр хүнд дурлачхаад хань ижлээсээ сална гэдэг хайр биш. Бас учрал бүхэн өөр өөр. Хүн сэтгэлд таарахгүй ханьтай учирсан бол заавал тэсэж, тэвчээд байх хэрэггүй. Үргэлж архи уудаг хүнийг тэвчиж амьдарна гэдэг хэцүү. Ганц олдох амьдралдаа тэр хүнийг ч гэсэн чөлөөлье, өөрөө ч энэ бүхнээс холдъё гэж боддог юм билээ. Аргагүйн эрхэнд л амьдралын сайхан хайр өөрчлөгдөж, салж сарнидаг болов уу. 

-Салсныхаа дараа ч та хоёр найз нөхдийн сайхан харилцаатай байсан гэдэг? 

-Урлагийн хүн болохоор тэр юм болов уу. Би хүнд нэг их муу санаж, муухай юм бодож, аашлаад байдаггүй. Бид хоёр ёстой л анд нөхөд шиг уулзаж, уран бүтээлээ ярилцдаг байсан. “Би ийм дуу бичлээ” гээд хүрээд ирнэ. “Ямархуу болж” гээд санаа оноог минь асууна. “Алив Шүрээ чи дуу л даа” гээд л. Мөнгө төгрөг зээлэх үе ч байсан. Надаас хойш гэр бүл зохиосон шүү дээ. 

-Х.Сэргэлэн гуай сураггүй алга болоод олон жил боллоо. Одоо сураг ажиг гарах юм уу. Г.Хайдав гуайн сүүлчийн хүсэл нь хүүтэйгээ л уулзах байсан гэдэг? 

-Сэргэлэн маань хааяа сархад хүртэнэ. Урнаатай байх үедээ нэг хэсэг тун гайгүй байлаа. Удалгүй сархад хүртэх нь нэмэгдээд болж өгөхгүй байсан байх. Хэцүү шүү дээ. Нэг өдөр манайд ирлээ. Би “Чи хаагуур яваад байна даа, Сэргэлэн минь. Хань ижлээ зовоож болохгүй. Урнаа та хоёр сайхан амьдарч байгаа шүү” гэж хэлсэн юм. Хориод хоногийн дараа багш над руу залгаад “Өнөөх чинь чамтай уулзав уу, яав. Ойрд ер харагдахаа байлаа” гэж хэлсэн. Би сүүлд уулзсан тухайгаа яриад л өнгөрсөн. Түүнээс хойш сураггүй болж, өнөөг хүртэл уулзаж чадаагүй явна. Сэргэлэнг алга болсны дараа бид бишгүй л эрж хайсан. Одоо ч сураг ажиг тавьдаг л юм. Тэр үед дам сураг гаргахад “Улан-Үдэд эхнэртэй болоод сайхан амьдарч байна” гэсэн мэдээ сонслоо. Г.Хайдав багш бид хоёр ч баярлаад л “Амьд л байвал аштай юу” гээд хэсэг зуур тайвширч байсан. Түүнээс хойш дахиж сураг гараагүй. Мэргэн түргэн хүнээс асуухаар “Эсэн мэнд байна” л гэж хэлдэг. Багш маань хүүтэйгээ уулзахыг мөн ч их мөрөөдөж хүссэн дээ. Хүүгээ алдсан хүн аргагүй шүү дээ. Ах дүү нар ч бас өнөөг хүртэл хүлээж л байгаа. 

-Та хүлээдэг үү?

-Би амьд байгаасай л гэж хүсдэг. 

-МУАЖ Г.Хайдав гуай та хоёр багш, шавь. Бас аав, охин ч байсан. Танд юу гэж сургадаг байв?

-Хүн уулзах ёстой хүнтэйгээ л уулздаг байх. Г.Хайдав багш минь миний ижийгийн дүү Н.Буянт гэж хүнтэй найзууд байсан юм билээ. Дараа нь миний багш болж, бас аав минь болсон. Надад дуулах ур зүйг заасан анхны хүн. Надад нэг ч удаа хатуу үг хэлж байгаагүй. Ямар сайндаа л би Х.Сэргэлэнгээс салахдаа багшаас “Бид хоёр салах гэж байна, би яах вэ” гэж асуухад “Миний хүү сал. Чи аль юм болгон сархад үнэртэж, ингэж амьдрах вэ. Би чамайг сал л гэж хэлнэ” гэж байсан. Тийм аав байх уу. Намайг л хайрлаж, хайран хүүхэд гэсэн дээ тэр шүү дээ. Аав ч тэгж хэлсэн болохоор би шийдвэрээ зоригтой гаргасан байх. Биднийг салсны дараа ч бас яг л аав, охин хэвээрээ мэт намайг хайрлаж, зааж зөвлөж байсан. 

-МУГЖ З.Жарантав гуайг үндэс угсаанаас нь болж хавчиж, гадуурхаж байсан гэдэг. Танд тийм хавчилга, дарамт шахалт ирж байв уу?

-Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Хэрэв сонгож төрдөг байсан бол хүн бүр дарга цэргийн хүүхэд болохыг хүсэх байсан биз. Бусад хүмүүсийг мэдэхгүй ч би тийм сайхан хүний үр хүүхэд болж төрсөндөө баярлаж, ааваараа бахархаж явдаг. Аав маань мебелийн үйлдвэрт удирдах ажил хийдэг “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-той сайхан эр явсан. Тэр үеийн шагналын үнэ цэн ч өнөөгийнхөөс ч өөр байлаа. Гэхдээ миний ах, дүү нар маш их хэлмэгдэж байсан. Байлдааны онгоцны нисгэгч ахыг маань эрлийз гэж гадуурхаад ажиллахыг зөвшөөрдөггүй байлаа. Дүү нар маань онц сурдаг байсан ч оноог нь дарж, хуваарь өгөөгүй удаа ч бий. Харин урлагт арын хаалга байхгүй. Бүх зүйл нь ил шүү дээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг надад ямар ч саад бэрхшээл байгаагүй. Яах вэ, хүмүүс намайг ил далд муулж, “Энэ бол эрлийз” гэсэн үзэл бодол нь үргэлж мэдрэгддэг байсан.

-Огт гомдож байгаагүй гэж үү?

-Энэ асуудлаас болоод олон хүн хэлмэгдэж, гомдож явсан байх. Гэлээ гэхдээ би яалтай билээ. Надад ямар ч буруу байхгүй шүү дээ. Энэ бол миний амьдралын хувь тавилан л байсан. Би өөрийгөө хохирсон гэж хэлэхгүй. Бас гомдож ч байгаагүй. Ингэх тусам нь ирлэгдэж, өөрөөрөө байхыг хүсдэг.

-Урлаг хүнийг уян зөөлөн болгодог юм уу гэтэл улам хатуу, дайчин болгодог юм шигээ. Таныг хараад ийм бодол төрлөө. Өтөл насанд ханийн хайр үгүйлэгддэг гэдэг. Та хааяа ганцаарддаг уу?

-Хүмүүс намайг ганцаарддаг гэж ярьдаг юм билээ. Би огт ганцаарддаггүй. Энэ бүхний суурийг миний ижий тавьж өгсөн. Ижий маань асар хөрөнгөтэй, хөдөлмөрч хүн байсан. Намайг өргөж авчихаад “Энэ хүүхдийг ах, дүү нараас нь холдуулчих юм бол ирээдүйд ганцаардахын зовлон үзнэ” гэж мэдээд ах, дүү нарын минь хаяанд, аав, ээж хоёрын минь дэргэд өсгөсөн. Энэ насандаа би хоёр ч амьдрал үзсэн. Гэхдээ үр хүүхэд, ач зээ, өнөр өтгөн ах дүүс маань намайг ганцаардуулаагүй. Би энэ амьдралын сайн сайхан, муу муухай гээд үзэх ёстой бүх юмаа үзсэн. Үзэж ч яваа. Үр хүүхэд, ах дүүгээс гадна бурхан багш надад үзэгч түмний минь халуун алга ташилтыг бэлэглэсэн. Би маш их азтай. СУИС-д харьяалагдаж, олон шавьтай боллоо. Тийм болохоор би өчүүхэн ч ганцаардал мэдэрдэггүй. Хүмүүс ганцаардахаас их айдаг юм билээ. Гэхдээ эцэг, эхээсээ хагацах шиг хүнд хэцүү зүйл байхгүй. Хамгийн их сэтгэлийн гуниг харууслыг энэ хагацал л авчирдаг.

-Та ард түмэндээ “мөнхийн залуу Ч.Мөнхшүр” гэж хүндлэгддэг. Залуу сайхан байгаагийн нууцыг тань асуухгүй өнгөрч болохгүй байх? 

-Хүний амьдралд жаргал зовлонгийн аль нь ч тохиож болно. Гэхдээ энэ бүхэнд нугарахгүй, өөдрөг байх хэрэгтэй. Бас би урлагийн хүн. Миний агуу багш, ЗХУ-ын Ардын жүжигчин Валентина Владимировна Максимова надад “Ч.Мөнхшүр ээ, чи бол урлагийн хүн. Чи хувь Мөнхшүр биш. Чамайг урьж зална, ширээнд суухыг хүснэ. Чи хэзээ ч олны дунд ил байж болохгүй. Олны дунд орж, архи дарснаас нь амсах ёсгүй” гэж хатуу сургасан. Тиймээс би муу зуршлаас хол байж, нуугдмал байхыг хичээдэг. Нандин, эрхэмсэг байж гэмээнэ үнэ хүндтэй оршино. 

-Та Кармен хатагтайн дүрээр алдаршсан. Дуурийн урлагт олон жил зүтгэж, тайзан дээр амьдрахдаа хамгийн хайрлаж, бүтээсэн дүр тань юу вэ? 

-Сургуулиа төгсөж ирээд “Чоно ба долоон ишиг” дуурийн эх ямаагийн дүрд дуулж, Орост хамт суралцаж байсан нөхөдтэйгөө анхны бүтээлээ амилуулсан. Анхны дүр байсан болохоор ч тэр юм уу, сандарч, чамгүй хичээж, чармайж байж бүтээсэн.

-Би таныг Кармен гэх болов уу гэж бодож байлаа? 

-Намайг гудамжинд явж байхад хүмүүс “Өө, Кармен явж байна” гэж хэлэхэд нь би баярладаг байсан. Дуурийн хувьд би “Кармен”-аар танигдсан. Харин дуугаар бол “Тагтаа” дуугаараа танигдсан байх. 

-Театр үзэгчгүй болсон хүнд цаг үед цөөхөн хүн тэнд үлдсэн гэдэг. Тэр хүнд цаг үеийг хэрхэн давж байв?

-Тэр үед ёстой урлагтаа хамгийн их хайртай хүмүүс л үлдсэн дээ. Амьдрал ахуй хөөж, олон уран бүтээлч маань театраас гарсан. МУГЖ Ц.Ерөө, Г.Батцэрэн бид хэд нэгэн үе театрын нэг жилийн төлөвлөгөөг биелүүлсэн байх шүү. Хэнтий аймаг болон зүүн аймгуудаар гурвуулхнаа нэг “69”-тэй явж билээ. 

-Орон нутгийнхан урлаг соёлынхноо маш их хүндэтгэн хүлээж авдаг байж дээ?

-Тийм шүү. Шөнийн нэг, хоёр цагт ч тоглоно. Хоолой унтчихсан үед тракторын гэрэлд ч дуулж явлаа. Цас бороотой гэхгүй хөдөө хээр ч дуулна. Бүр айл болгонд очиж, дуулсан үе бий. Залуу байсан болохоор хэдэн шөнийн нойрыг даадаг байж. 

-Нэгэн үе таныг театраасаа хөөгдлөө гэж шуугьж байсан. Энэ байшинд биш урлагтаа хорогдсон, ахмад уран бүтээлчид зайгаа тавьж өгөх цаг ирсэн гээд янз бүрээр бичсэн шүү дээ. Тухайн үед яг юу болсон юм бэ? 

-Манай үеийн хэсэг хүмүүсийг олон жил ажилласан гээд тэтгэвэрт гаргасан. Тэр үед надаас юу ч асуугаагүй. Шууд л тушаал нь гарчихсан. Би “Нэгэнт л биднийг ингэж үзэж байгаа бол явъя” гэж шийдээд чимээгүй л гарч байсан. Сонин хэвлэлээр ч шуугьж байсан байх. Урлаг бол хүнд сайн сайхныг түгээх ёстой гэсэн үүднээс л ийм шийдвэр гаргасан байх. Д.Ганхуяг, А.Долгор, Б.Цэцгээ гээд нэгэн үеийн уран бүтээлчид маань хамтдаа зодог тайлсан. 

-Хүмүүс МУАЖ А.Долгор гуай та хоёрыг их өрсөлдүүлдэг?

-Бид нэг их өрсөлдөж, тэмцэлдсэн зүйл байхгүй. Хүмүүс ингэж ярьдаг л юм. А.Долгор надаас дүү шүү дээ. Сүүлд орж ирсэн. Бид хоёулаа метц сопрано буюу эмэгтэй хүний боргил хоолойтой. А.Долгорын нөхөр хөгжмийн зохиолч байсан, миний нөхөр ч бас зохиолч. Хоолой нь ижил учир нэг дүрд хуваарилагдана. Тийм болохоор л хүмүүс харьцуулж ярьдаг байх. Надад өрсөлдөж уралдсан зүйл байхгүй. А.Долгор ч бас тэгж боддог болов уу. 

-Гэнэн ч гэмээр нэг асуулт асууя. Урлагийн хүн авьяастай байхаас гадна хүн байх ёстой гэдэг. Авьяастай л байвал болохгүй гэж үү. Яагаад хүн байх ёстой гэж сургадаг юм бол? 

-Дуурийн дуучин хүн цогц авьяастай байхаас гадна өндөр мэдрэмжтэй байх ёстой. Амьсгаа авах, жижигхэн зогсолтыг яаж авах вэ гэдгээс эхлээд олон зүйл бий. Дүрдээ орохын тулд үхэж, амьдарч, дүрийнхээ бүх сэтгэл хөдлөлийг мэдрэх ёстой. Хүнд хүртээж дуулахын тулд бүх л зүрх сэтгэлээрээ дуулж байж тэр дүр, тэр уран бүтээл амьдарна. Тэр ч бүү хэл, хоол унд, нойр, сарын тэмдэг ирэх үеэ хүртэл тохируулах ёстой. Дуурийн дуучдыг ном удаан уншихыг ч хориглодог. Хараагаараа уншсан ч гэсэн хоолойны нарийн хоёр хөвч цуцчихдаг юм. Бас би хэзээ ч тамхи татаж, пиво ууж байгаагүй. Хоолойгоо хайрлахын тулд шүү дээ. Наргиан цэнгээнээс ч хол байж ирсэн. Хүмүүс “Та олон удаа тайзан дээр гарсан юм чинь танд айдас байхгүй болсон байх” гэж ярьдаг. Гэтэл уран бүтээлч хүний сэтгэлийн гүнд ийм мэдрэмж, айдас, догдлол заавал байдаг. Зүрх булиглаад л. Тайзан дээр нэг хөлөө тавьсан л бол энэ айдас үгүй болно. Гэхдээ энэ бүхний эцэст алтан тайзан дээрээ амьдарчихаад алга ташилтаар мялаалгасны дараа авах тэр мэдрэмж хамгийн эрхэм аз жаргал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголд хамгийн томд тооцогдох стрийт арт бүтээл урлажээ

 0 сэтгэгдэл

Завханы төв Улиастай суманд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр зуржээ. Тус бүтээлийг Б.Явуухулангийн нэрэмжит гудамжны орон сууцны хана дээр зурсан байна. Байрны нэг ханыг бүхэлд нь дүүргэсэн энэхүү нүсэр бүтээлийг Mongo Hustle багийн граффитч Jaggie, Begie, Dasher, Dj AnuDol болон Завхан аймгаас төрөн гарсан реппер Desant, Wolfizm нар хамтран зуржээ. Энэхүү бүтээлийг “Арт нүүдэл” төсөл санаачилсан байна. “Энэ бүтээл Монголд хамгийн том хэмжээтэй стрийт арт болох байх. Бид уг бүтээлээрээ дамжуулан монголчуудад дэлхийн дэвжээ хэрэгтэй гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн” хэмээн төслийн уран бүтээлчид ярив. Төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өмнө нь Говь-Алтай аймагт ХХ зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн хөргийг зурж байв.