A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5320/

Б.Хосбаяр: Спортын салбарт менежмент хийдэг, боддог хүн нь олон болмоор байна

Б.Хосбаяр: Спортын салбарт менежмент хийдэг, боддог хүн нь олон болмоор байна
 2 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5320/
  • Залуу хүн нэг ажилдаа удаан суух шаардлагагүй, үргэлж шинэчлэгдэж байх хэрэгтэй
  • Нэг төсөл дээр л гэхэд 10 гаруй орны 30 орчим шилдэг мэргэжилтнүүдтэй харьцаж, тэднээс туршлага судалж байна. Ингээд бодохоор зөвхөн цалин мөнгө гэхээсээ илүүтэй мэдлэг, чадвараа ахиулахад өөртөө том хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байна
  • Би маш том бүтцийн нэг жижиг хэсэг нь болж ажилласан. Одоо гэрээ маань дуусаж, Монгол руугаа буцах гээд хүлээж байна даа. Гэрээний хугацаанд 5-6 төсөл дээр ажиллажээ
  • Нийт 14 сэдэв жагсаасан. Хэлэлцүүлэгт маш чанартай хүмүүс оролцлоо. Ойлголтоо нэгтгэж, нэг чиг рүү харах зорилготой. Бүгд нэг зүг рүү хардаг болоход бага ч болтугай тус болох үүднээс хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хүмүүс ч идэвхтэй оролцсон

Монголын спортын зүтгэлтнүүдээс олон улс, тив, дэлхийн холбоо, үндэсний холбоодод ажилладаг, ажилласан мэргэжилтэн хуруу дарам цөөн. Шатрын их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллаж, монгол хүний чадварыг харуулсан. Тэгвэл монгол залуусын чадварыг таниулж яваа өөр нэг спортын зүтгэлтэн бол Б.Хосбаяр юм. Тэрбээр Саудын Арабын Үндэсний олимпын хороонд зөвлөхөөр ажилладаг бөгөөд энэ хугацаанд спорт, олимпизмыг хөгжүүлэх хэд хэдэн төсөл дээр ажиллажээ. Түүнтэй онлайнаар ярилцлаа. 

-Урилга хүлээн авсанд баярлалаа. Саудын Арабын олимпын хороотой хэрхэн холбогдов. Тус улсаас санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ? 

-Спортын менежментийн ажилд сүлжээ, холбоо их чухал. Яг энэ дагуу Саудын Арабын олимпын хорооны алба тушаалтантай танилцах хувь тохиож, хамтдаа нэг ажлын ард гарсан юм. Дараа нь “Саудын Араб маш олон төсөл хэрэгжүүлж байгаа. Чи бидэнтэй хамтарч ажиллаач” гэсэн санал тавьсан. Тухайн үед Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн байсан тул саналыг нь дуртай хүлээж авсан. Хамгийн гол нь Саудын Арабын олимпын хорооны зүгээс тавьсан нөхцөлүүд нь таалагдсан учраас зөвшөөрсөн. Ирж, очих нь нээлттэй, заавал гэр бүлээрээ нүүж очих шаардлагагүй, бусад нөхцөлүүд нь боломжийн. Энэ бүхнийг харгалзаж үзээд шийдвэрээ гаргасан. Мөн өөрийгөө сорих маш том боломж нээгдсэн. Токиогийн олимпын бэлтгэл дуустал шинэчлэх нэлээд их ажил байлаа. Гэхдээ би маш том бүтцийн нэг жижиг хэсэг нь болоод л ажилласан. Одоо гэрээ маань дуусч, Монгол руугаа буцах гээд хүлээж байна даа. Гэрээний хугацаанд 5-6 төсөл дээр ажиллажээ. 

-Гэрээнд хэдэн жил ажиллана гэж заасан юм бол. Ер нь Монголоос гадаадын спорт холбоо, олимпын хороонд ажиллаж байсан мэргэжилтэн хэр олон байдаг вэ? 

-Би дөрвөн жилийн гэрээтэй. Спортын систем өөрөө маш том шүү дээ. Дасгалжуулагч, шинжлэх ухаан, анагаах ухаан, захиргаа гээд олон салбар бий. Энэ бүх чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшсэн хүн олон байдаг. Харин ажилласан нь цөөн байх. Дасгалжуулагч бол хэд хэд байна. Миний хувьд жилийн 365 хоногийн 300-г нь Саудын Арабад өнгөрүүлсэн. Бусад цагт нь Монголдоо очиж, салбарынхаа ах, эгч, найз нартайгаа уулзаж, зөвлөлддөг байлаа. 

-Дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаасаа товч яриач. Үр дүн нь ямар гарсан бэ? 

-Гурван төслийг онцолмоор байна. Нэгдүгээрт, Саудын Арабын 2030 он хүртэлх зорилготой уялдуулж спорт холбоодын ерөнхий стратегийг нь шинэчлэх цогц хөтөлбөрийг олимпын хорооноос нь хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажилд гар бие оролцлоо. Хоёрдугаарт, Саудын Арабын спортын анхдугаар наадмын зохицуулагчаар ажилласан. Гуравдугаарт, тус улсын хамгийн том спортын нэг тэмээн уралдаанаар дамжуулж араб соёлыг дэлхийд түгээж болох юм байна гэсэн хөтөлбөр гаргаад, би тэр төслийг нь удирдаж ажилласан. Ямар ч улс өөрийн үндэсний спортыг илүү хөгжүүлж, түүгээр дамжуулан эх орноо сурталчлах зөөлөн хүчний бодлоготой байдаг шүү дээ. Япон жүдогоор, Солонгост таеквондогоор, АНУ-д сагсан бөмбөг, бэйсбол гэх мэт. Яг үүнтэй адил Саудын Арабад тэмээн уралдааны олон улсын холбоог байгуулж, 40 гаруй орныг эгнээндээ элсүүлсэн байна. Тэмээн уралдаан нь зөвхөн Арабын спорт бус дэлхийд хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хоёр удаагийн хурлыг гардан зохион байгууллаа. Товчхондоо бол тэмээн уралдааныг дэлхийд сурталчлах төслийг нь удирдаад явж байна. Харин наадмууд, бусад хурал гэх мэт гэрийн даалгавар их бий. 2018 оны Азийн наадам, Буэнос Айрес хотноо болсон залуучуудын спортын наадмын ажилд зохих хэмжээгээр оролцсон. Нэгэнт гэрээ байгуулаад ажиллаж байгаа учраас оролцоод явдаг гэсэн үг. 

-Саудын Арабын спортын хөгжил ямар түвшинд байна вэ. Монголчууд 5-6 төрлөөр дэлхийд топ өрсөлдөгчийн тоонд багтдаг. Тэгвэл таны ажиллаж байгаа улсад ямар төрлийн спорт илүү хөгжсөн байна вэ? 

-Товчхондоо Монгол, Саудын Арабын огтолцлол бага. Энд морин уралдаан, хөлбөмбөг, тэмээн уралдаан хамгийн их хөгжсөн. Дээрх гурван спортыг үздэг хүн маш их. Хөл бөмбөг нь хамгийн том спорт. Саудын Араб өөрөө том улс шүү дээ. Бүс нутгийнхаа бодлого тодорхойлогч. Их гүрэн гэж яригдаж байгаа учраас аливаад зангарагтай ханддаг. Манайхантай огтлолцож болох спортын төрлүүдээ одоо эхлүүлж байна. Дээр миний ярьсан төслүүдэд Монголд өндөр түвшинд хөгжсөн спортууд нь багтсан. 2030 оноос үр дүнгээ харах зорилготой. Олимпоос хөнгөн атлетик, морин спортоор медаль авсан байдаг. Маш том улс учраас спортын эвент зохион байгуулах тал дээр анхаарал их хандуулдаг. Дэлхийн спортын төв болно гэсэн амбийцтай. Нийт спортын төсвөөрөө Хятадын дараа хоёрдугаар эрэмбэлэгдэхүйц шүү. Итали, Испанийн супер цом, Парис Дакар, Формула-1 гэх мэт олон тэмцээн зохион байгуулж байна. Бүх төсөл, хөтөлбөрийнхөө үр дүнг үзэхийн тулд 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр нэр дэвшсэн. 

-Баян орны хувьд спортоо хөгжүүлэхийн тулд хөрөнгө их хаяна биз? 

-Тэр мэдээж. Гэхдээ санхүүг хэрхэн, яаж зарцуулж байна вэ гэдгээс шалтгаалж байна. Саудын Араб том улс учраас юун түрүүнд дэд бүтцээ бүрдүүлж байгаа. Хоёрдугаарт, хүний нөөц. Үүнд нэлээд ач холбогдол өгч ажиллаж байна лээ. Дотоодын ажиллах хүчээ бэлтгэхийн тулд гадаадын шилдэг мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Ингэхдээ зүгээр урихгүй, дотоодын мэргэжилтнээ дагалдуулж сургадаг. Одоо хэрэгжүүлж буй бүх арга хэмжээн дээр гадаад мэргэжилтэн ажиллаж байна. Хажууд нь дотоодын нэг ажилтан бүх зүйлээс суралцаж, бүртгээд, тэмдэглээд явж байх жишээний. Үүний үр дүнд 2-3 жилийн дараа өөрсдөө арга хэмжээгээ гардан зохион байгуулж, үүнээсээ орлого олох зорилготой юм билээ. Тэгэхээр мөнгийг зүгээр л цацах бус хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжүүлж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөөр хүний нөөц, дэд бүтэц, мэдлэгийн нөөцөө бэлдэж байна гэсэн үг. 

-Монголын спортын зүтгэлтэн том гүрэнд зөвлөхөөр ажиллаж байгаа нь бахархалтай санагдлаа. Анх очоод хоёр орныг харьцуулж үзэв үү. Ажиллах орчин, зохион байгуулалт гээд л...? 

-Байнга л харьцуулж, суралцаж байдаг гэж хэлж болно. Монгол, Саудын Арабыг хооронд нь харьцуулшгүй шүү дээ. Энд нүсэр бүтэц, том систем ажиллаж байна. Энгийнээр ойлгуулбал корпорацийн түвшинд ажилладаг гэсэн үг. Салбарын онцлог байгаа ч бизнесийн байгууллагатай яг адилхан.

-Нууц биш бол гэрээнд заасан цалин хэд орчим байв? 

-Мэдээж боломжийн. Заавал тоо хэлэх шаардлагагүй байх. Хамгийн гол нь би өөрөө хөгжих ёстой, шинэ зүйлд суралцаж, хүрээллээ тэлэх хэрэгтэй. Энэ бүхнийг бодолцож шийдвэрээ гаргасан. Энд ирснээрээ би бүх зүйлд суралцаж байна шүү дээ. Спортын арга хэмжээ зохион байгуулах, дэлхийн олон орны шилдэг экспертүүдтэй харьцаж, тэднээс их зүйл сурч байна. Бүртгэл яаж хөтлөх, протокол хэрхэн тэмдэглэх гэх мэт бүхнийг шинээр мэдсээр байгаа. Нэг төсөл дээр л гэхэд 10 гаруй орны 30 орчим шилдэг мэргэжилтнүүдтэй харьцаж, тэднээс туршлага судалж байна. Ингээд бодохоор зөвхөн цалин мөнгө гэхээсээ илүүтэй мэдлэг, чадвараа ахиулахад өөртөө том хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байна. Монголын хөгжил хаана явж байгааг байнга харьцуулах боломж гарсан шүү. 

(FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантиногийн хамт)

-Олон орны шилдэг экспертүүдтэй хамтарч ажилласан гэлээ. Магадгүй танд Монголын спортын хөгжлийг ахиулж ажиллаарай гээд эрхийг нь өгвөл хамгийн түрүүнд юу хиймээр санагдаж байна вэ? 

-Юун түрүүнд хүний нөөцөө л сайн бэлдэж, анхаарах хэрэгтэй юм болов уу. Бид олуулаа болох хэрэгтэй. Ялангуяа менежмент хийдэг, боддог хүн нь олон баймаар. Гэхдээ автоматаар олон болж болохгүй. Олуулаа 100 хувь нэг зүгт харж, эв нэгдэлтэй байх нь илүү чухал юм шиг санагдсан. Хоёрдугаарт, бид гэрийн даалгавраа сайн хиймээр байна. Том зорилго, стратеги ярихаасаа өмнө гэрийн даалгавар яаж хийхийг сурмаар юм шиг. Үүнийг хийж чадвал дараагийн ахисан түвшний зорилтоо ярина шүү дээ. Гэрийн даалгавар хийж чадахгүй бол дараагийн ажлаа яриад хэрэггүй. Ингэхийн тулд бүгд нэг чиг рүү харах ёстой, ойлголтоо нэгтгэх хэрэгтэй гэж бодож байна даа. 

-Таныг математикч мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад спортын салбартай холбогдов. Хэн нэгэн уруу татав уу? 

-Анх бусад хүүхдийн адил спортын тэмцээн урадаан үздэг байлаа, дуртай болсон, донтсон. “Таван цагариг” сонины дугаарыг алгасалгүй бүх нүүрийг нь уншина, цуглуулна, жижиг мэдээг ч алгасахгүй. Гадаадын сэтгүүл, зурагт хуудас их цуглуулна. Бүгдийг нь архивлаж, цэгцлэн хадгалдаг байсан. Спортын мэдээ, мэдээлэл цуглуулах нь миний хобби байсан гэх үү дээ. Улмаар 2003 онд ТВ9 телевизэд ажиллах боломж гарсан. Өөрийн мэдсэнээ, мэддэгээ бусадтай хуваалцахын тулд телевизэд орсон хэрэг. Энэ хугацаанд Европын аварга, олимпын наадам дээр ажилласан. Дараа нь 2005 онд ТВ9-д хамт ажиллаж байсан найзуудтайгаа нийлж “Спортын цонх” сэтгүүл, 2008 онд sportnews.mn сайт байгуулсан. Мундаг биш ч өөрийнхөө хэмжээнд NBA тайлбарлаж байлаа. Хэдийгээр математикч байсан ч өөрийн хоббигоо мэргэжил болгосон юм. Туялзуур сэлэм, МҮОХ-той холбогдож, судлаач, байгууллага тал руугаа явсан. Хоббигоо спортын менежмент чиглэл рүү улам гүнзгийрүүлж суралцсан. Швейцарт магистр хамгаалснаар хоббигоо жинхэнэ утгаар нь өөрийн мэргэжил болгосон. 

-Туялзуур сэлэмний спортыг Монголд мэддэг, сонирхдог хүн цөөн байлаа. Гэтэл таны санаачилгаар энэ спорт манай улсад хөгжих болсон. Өнөөдөр шинэ тутамд хамгийн хурдтай хөгжиж буй спортын төрлийн нэг болжээ. Туялзуур сэлмийг Монголд хөгжүүлэх санаа хэрхэн төрж байв? 

-Санамсаргүй болсон хэрэг. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан ах санал тавьсан юм. Улмаар Ж.Отгонцагаан, Ч.Отгонбаатар, Б.Нармандах ах нартай нийлж байгуулах боломж гарсан. Ингээд миний бие хөгжүүлэх бүх ажлыг хийсэн. Тамирчин, дасгалжуулагч бүрдүүлэх гээд л бүгдийг нь тэгээс эхэлж байлаа. Найман жил ажиллаад, хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд чамгүй олон зүйл хийсэн, хөгжлийг боломжийн түвшинд авчирсан гэж боддог. Ер нь спортын байгууллагын удирдлага дээд тал нь найман жил ажиллаад, дараагийн хүндээ шилжүүлбэл дээр юм болов уу гэсэн бодолтой явдаг. Хоёр шалтгааны улмаас ажлаа өгсөн. Эхнийх нь, байгууллагын хувьд үргэлж хүнээ сэлгэж, шинэчлэгдэж байх ёстой. Хоёрдугаарт, хувь хүний хувьд энэ ажилдаа хэт дасаад, өөрөө хөгжиж чадахгүй болох вий гэдгээс эмээсэн. Би залуу хүн учраас байнга хөгжих хэрэгтэй шүү дээ. Нэг газраа удах биш байнга өөрийгөө шинэчилж, шинийг туршиж явах ёстой гэж боддог. Залуу хүн нэг газраа удаан шигдэх шаардлагагүй. Боломж гарвал өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлд хүчээ сорьж байх хэрэгтэй. Унаж, боссон ч түүнээс эмээх хэрэггүй. 

-Таныг спортын хүрээнийхэн сайн менежер гэж үнэлдэг. Тэгвэл таны бодлоор сайн менежер гэж хэн бэ, ямар байх ёстой юм бол? 

-Спорт бүр өөр өөрийн ертөнцтэй олон төвөгтэй оролцогч талуудтай. Тамирчид, эмч, шинжлэх ухааны баг, дасгалжуулагч, эрдэмтэд, олон улсын харилцаа, санхүү, маркетинг гэх мэт олон оролцогч талыг холбож өгөх гол хүн нь менежер юм. Энэ холбоосыг маш сайн хийдэг, зохион байгуулдаг, мэдээллийг зөв уламжилж, мэдээллээр хангаж, зөв шийдвэр гаргахад тусалж чадаж байгаа хүнийг л сайн менежер гэх болов уу. Менежер бол шийдвэр гаргагч бус гүйцэтгэгч учраас дээр дурдсан хүчин зүйлүүдийг сайн хийдэг байх хэрэгтэй. 

-Коронавирусийн цар тахлын улмаас спорт тэр чигээрээ зогсонги байдалд орсон. Одооноос л тэмцээн уралдаан дахин сэргэж байх шиг. Тэгвэл та өнгөрсөн хугацаанд таван цуврал онлайн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүний гол зорилго юу байв, ямар үр дүн гарав? 

-Нийт 14 сэдэв жагсаасан. Хэлэлцүүлэгт маш чанартай хүмүүс оролцлоо. Ойлголтоо нэгтгэж, нэг чиг рүү харах зорилготой. Бүгд нэг зүг рүү хардаг болоход бага ч болтугай тус болох үүднээс хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хүмүүс ч идэвхтэй оролцсон. Сэдэв болгон дээр асуудлаа жагсааж байна. Асуудал хэзээд, ямар ч үед гарч ирэх нь тодорхой. Тиймээс алдаа, асуудал, бэрхшээлээ бүгд нэг зүгт харж чадвал үүнээс гарах гарц нь олдож л таарна. Тэр утгаараа зорилгоо нэгтгэж, нэг чигт хараасай гэж хүссэн юм. Түүнээс биш тулгамдсан асуудлыг шийдэх гээгүй. Түүнийг шийддэг нь ч би, бид биш. Мөн энийг би ганцаараа хийгээгүй, сайн дураараа тусалсан залуу байгаа. Гадаадад энэ чиглэлээр суралцаж байгаа, ажиллах сонирхолтой олон залуустай танилцаж, ярилцах боломж гарлаа. 

-Гэрээ дуусч байгаа гэж хэллээ. Цаашид юу хийх төлөвлөгөөтэй байна вэ? 

-Нэн тэргүүнд гэр бүлтэйгээ ойрхон байх нь чухал учраас Монголдоо ажиллана. Байнга шинийг эхлүүлэх дуртай, сонирхолтой учраас дахин нэг шинэ зүйлийг эрэлхийлнэ, хөгжүүлнэ. Залуу, зоригтой байгаа дээрээ эрсдэл үүрээд ч болтугай шинэ зүйлийг эхлүүлэх хэрэгтэй. Бид байнга зоригтой, залуу байхгүй. Тиймээс шинийн эрэлд гарна аа. 

-Олимп нэг жилээр хойшиллоо. Таны бодлоор энэ нь манай баг тамирчдад хэр ашигтай вэ? 

-Зарим тамирчинд боломж өгч байгаа бол нэг хэсгийг нь хохироож байна. Мэдээж спортын оролцогч тал бүрийг төлөөлж үг хэлж чадахгүй. Гэхдээ миний бодлоор бүх тамирчин, дасгажуулагч, эрдэмтэн судлаач, арын албаныханд боломж олгож байна. Хүмүүсийг тэр талаас нь илүү хараасай гэж хүсч байгаа. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгтэй зургадугаар сар

 0 сэтгэгдэл

Коронавирусийн улмаас хоёр сар гаруй завсарласан Европын топ лигүүд дахин үргэлжлэх болсон сайхан мэдээгээр зургадугаар сар эхэлж байна. Германы Бундеслиг эхлээд багууд 3-4 тоглолт хийсэн бол Итали, Испани, Английн лиг 14 хоногийн дараа эхлэх юм. Харин Европын хөлбөмбөгийн томоохон тэмцээн болох Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд ирэх наймдугаар сарын 6-8-ны хооронд үргэлжлэх төлөвтэй байна. Харин коронавирусийн халдварын цар тахал өндөр байгаа оросууд лигээ энэ сарын 21-нээс үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчээ. Хоёр хоногийн өмнө дөрвөн тоглогчоос коронавирус илэрсэн ч тэд лигээ үзэгчтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ талаар Оросын хөлбөмбөгийн холбооноос “Бид үзэгчтэй тоглолт явуулах боломжийн талаар Хяналтын газартай зөвлөлдсөн. Багууд ч үзэгчтэй тоглохыг хүсэж байгаа. Эхний үед цэнгэлдэх хүрээлэнгийн 10 хувьд л үзэгч оруулна. Зайгаа барих тул ямар ч эрсдэлгүй” гэж мэдэгджээ. Ингээд топ лигүүдийг тойрсон мэдээллээс тоймлон хүргэе. 



Хамгийн өрсөлдөөнтэй, бас хамгийн олон үзэгчтэй Английн Премьер лигийг энэ сарын 17-нд эхлүүлэхээр албан ёсны тов гарсан. Багууд контакттай бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд бэлтгэл, тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаах ёстойг албаныхан онцоллоо. Хэрвээ аюулгүй байдал алдагдвал тоглолтыг шууд цуцлах тухай хүртэл ярьж байгаа аж. Английн Премьр лигт зохион байгуулагдах ёстой 9-10 тойрог бүхий 92 тоглолт үлдсэн. Хэрэв “Манчестер Сити” ирэх тоглолтуудад оноо алдвал “Ливерпүүл” 30 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт дахин түрүүлэх нь тодорхой болно. “Ливерпүүл” 29 тойргийн дараа 82 оноотой, “Манчестер Сити”-гээс 25 оноогоор илүү яваа. Коронавирусийн цар тахлын улмаас тэмцээнийг үзэгчгүй явуулах бөгөөд тоглолтын өмнө бүх тоглогч, албаныхныг тогтмол шинжилгээнд хамруулна. Өнгөрсөн хугацаанд Премьер лигт коронавирусийн 2752 шинжилгээ хийхэд 10 гаруй тохиолдол илэрсэн бөгөөд сүүлд л гэхэд дөрвөн тоглогчийн хариу эерэг гарчээ. Гэсэн ч аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж улирлаа үргэлжлүүлэхээр болсон юм.

Бундеслиг

Германы дээд лиг эхэлснээс хойш багууд 3-4 тоглолт хийжээ. 29 дүгээр тойргийн дараа “Бавари Мюнхен” 67 оноогоор тэргүүлж байгаа бол тэдний араас “Боруссия Дортмунд” долоон оноо дутуу нэхэж яваа. 29 дүгээр тойргийн хүрээнд “Борусси Дортмунд”-ын залуус “Падерборн”-ы талбайд зочлохдоо 6:1-ээр өрсөлдөгчөө буулган авсан. Уг тоглолтод “Дортмунд”-ын Жейдон Санчо анхны хет-трикээ толилуулсан бөгөөд эхний гоолоо хийсний дараа цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдод хүндэтгэл үзүүлсэн юм. Санчо дотор цамц дээрээ Justice for George Floyd хэмээн бичсэн байжээ. Лигийг тэргүүлэгч хоёр багийн араас “Лейпциг” 58, “Боруссия М.Гладбах”, “Байер Леверкуен” клуб тус бүр 56 оноотой эхний таван байрт бичигдэж байна. Эдгээр таван багийн хооронд гол өрсөлдөөн өрнөж байгаа бол “Вольфсбург”, “Хоффенхайм”, “Фрайбург”, “Херта”, “Шальке” Евролигийн нэг эрхийн төлөө тэмцэл өрнүүлж байна. Харин “Падер борн”, “Бремен”, “Дюссель дорф”, “Майнц” клуб доод лигт унахгүйн төлөө тэмцсээр. Бундеслигийн сүүлчийн тойргийн тоглолт энэ сарын 27-нд болсноор лигийн 2019-2020 оны улирал өндөрлөх юм.

Ла лиг

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Movistar-д ярилцлага өгөхдөө коронавирусийн улмаас зогссон лигийн тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон тухай ярьжээ. Тебас “Зургаадугаар сарын 11-нд “Севилья”, “Бетис” багийн дерби тоглолтоор эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ тоглолт дээр бид цар тахлаар амиа алдсан бүх хүний дурсгалыг хүндэтгэх болно. Одоо хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол багуудын бэлтгэл байна. Бэлтгэлдээ бүгд орвол энэ долоо хоногт ойрын дөрвөн тойргийн хуваарийг танилцуулах болно” гэж хэлсэн байна. Өчигдрийн байдлаар Ла лигийн 13 баг бэлтгэлээ эхлүүлээд байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Оюунболд аварга цолтойгоо үлдэж, барилдах эрхээ хасуулах зорилготой байна

 0 сэтгэгдэл
  • Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт нь хугацаа хожих гэсэн л арга ажээ

Монгол Улсын отгон аварга Э.Оюун болдоос допингийн төрлийн бодис илэрсэн ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж чадалгүй бүтэн жил тойрлоо. Ардын засгийн наадамд түрүү бөхөөс допинг илэрсэн анхны тохиолдол нь олныг шуугиулав. Илрэхдээ нэг биш бүр гурван өөр төрлийн бодис байсан нь хачирхалтай. Гэтэл аварга Э.Оюунболд үүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй шүүхэд хандсан байдаг. Гэвч тэрбээр өөрийн биеэр шүүх танхимд очсон нь нэгээхэн ч үгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх этгээдээр халхавч хийж, өөрөө үйл явцыг алсаас ажиглаж байгаад бөх сонирхогчид дургүйцэж байна. Урьдчилсан шатны хэлэлцүүлэгт төлөөлөгчөө явуулсан тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр ч өөрийн биеэр байсангүй. Хамгийн гол нь тэрбээр шүүх хурал болохоос ердөө ганцхан хоногийн өмнө өмгөөлөгчөө сольжээ. Ингээд Э.Оюун болдын шинэ өмгөөлөгч шүүх хуралд ирэхдээ “Материалтай танилцаж огт амжаагүй. Тиймээс хугацаа олгооч” гэсэн хүсэлт тавьсныг нь ёсоор болгов. Ийнхүү Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх сарын 3-ныг хүртэл хойшилсон юм. Дэлхийн спортын түүхэнд допинг илэрлээ гээд шүүхээр явсан тохиолдол үгүй. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг эсэргүүцсэн Э.Оюунболд хугацаа хожиж баяр наадмын комиссын гаргасан шийдвэрийг цуцлуулах л зорилготой бололтой. Шүүхэд ялагдлаа гэхэд аварга цолтойгоо үлдэж, барилдах эрхээ хоёр жилээр хасуулах башир арга хэрэглэж байна. Уг нь бол баяр наадмын комиссоос түүний цолыг хурааж, давхар барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж чадаагүй хэвээр.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европын хөлбөмбөг эргэн ирлээ

 0 сэтгэгдэл
  • Хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ

Коронавирусийн цар тахлын улмаас сар гаруй зогссон Европын хөлбөмбөг эхнээсээ эргэн ирж байна. Өмнө нь БНСУ болон Беларусь, Никарагуа зэрэг хэдхэн улс хөлбөмбөгийн лигээ үргэлжлүүлж байсан. Харин энэ удаа Европын ТОП таван лигийн нэг Германы Бундеслиг эрсдэлийг үл хайхран тоглолтуудаа үргэлжлүүлэхээр шийдсэн нь спортын хорхойтнуудад барьсан том бэлэг байв. Нөгөөтэйгүүр бусад улсын лигүүдэд ч итгэл найдвар төрүүлсэн гэж болно. Гэхдээ Бундеслиг асар их бартаа саад туулан байж тоглолтоо явуулж байна. Нэг дор олон хүн бөөгнөрөхгүй байх дүрмийн дагуу тамирчид хэд хэдэн автобусанд хуваагдан цэнгэлдэхэд ирснээс гадна вирусийн шинжилгээ өгч, халуунаа үзүүлсний эцэст тоглолтод оролцох эрхтэй болсон. 

Мэдээж үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтууд явагдсан бөгөөд ердөө 213 хүн дотогш нэвтрэх эрхтэй байв. Үүнд хоёр багийн тамирчин, дасгалжуулагч, бөмбөг зөөгч нийлсэн 98 хүн, шүүгч, харуул хамгаалалт, эмнэлэг, хэвлэл мэдээллийн 113 хүн багтсан. Харин видео шүүлтэн дээр ажиллах 119 хүн цэнгэлдэхийн гадна байршжээ. Багийн албаныхан болон сэлгээнийхэн хоорондоо зайтай сууснаас гадна бүгд маск зүүх ёстой. Мөн бөмбөгийг тоглолт эхлэхийн өмнө болон завсарлагаанаар тогтмол ариутгаж байв. Сэтгүүлчид ярилцлага авахын тулд тухайн хүнээсээ зайтай зогсож, сунадаг урт микрофон ашигласан бол хөлбөмбөгчид гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл хоёр метр зай барих дүрмийг баримталжээ. Өмнө нь гоол оруулсан нэгэн дээрээ гүйлдэн очиж, дээрээс нь бүчин авдаг байсан дүр зураг өөрчлөгдөж, хоёр метрийн зайнаас нэгэндээ баяр хүргэх нь их л содон харагдаж байв. 

Үзэгчгүй тоглолт давсгүй хоол мэт санагдаж байсныг хөлбөмбөгийн экспертүүд энэ үеэр ярьж байв. Тухайлбал, Английн шигшээд тоглож явсан, өдгөө телевизийн аналистаар ажиллаж буй О.Харгривз “Фэнүүдгүй тоглолт үзнэ гэдэг хүндхэн юм байна” гэсэн бол BBC-гийн тоймч Ж.Чиверс “Дунд сургуулийн хүүхдүүд зааланд сагс тоглож байгаа юм шиг л санагдсан” гэжээ. Гэхдээ ямар ч байсан хөлбөмбөг цар тахлыг ялан дийлж, эргэн ирсэнд хүн бүр баярлаж байна. Ирэх зургадугаар сард Англи, Итали улс лигээ эхлүүлэхээр төлөвлөж, судалгаа хийсээр байгаа юм. Түүнчлэн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA улирлаа эргэн сэргээх арга замыг эрэлхийлсээр байна. Лигийн зүгээс багуудыг нэг хотод цугларуулж, тоглолтуудаа үзэгчгүй явуулахаар төлөвлөж буй. Одоогоор Орландо болон коронавирус хамгийн бага бүртгэгдсэн Лас Вегас хотууд лигийн тоглолтуудыг хүлээн авах хүсэлтээ илэрхийлжээ.