A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5340/

Вирусээс сэргийлэх зүүлт зүүж буй төрийн түшээд

Вирусээс сэргийлэх зүүлт зүүж буй төрийн түшээд
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5340/

Коронавирусээс хамгаалах зүүлт зүүсэн Төрийн Думын гишүүн (нүүрэн талд)

Тахлын халдвар өөрсдийнх нь зиндаанд ихэссэний улмаас ОХУ-ын зарим улс төрч, Кремлийн албаны хүмүүс коронавирусээс хамгаалдаг гэгдэж буй зүүлт зүүцгээх болов. Эмийн бүтээгдэхүүний apteka.ru вэбсайтад 867 рубль буюу 12 ам.доллараар зарж буй, Японд үйлдвэрлэсэн цагаан загалмай бүхий хуванцар тэмдгийг ОХУ-ын парламентын доод танхим Төрийн Думын хэд хэдэн гишүүн зүүсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга, COVID-19-ээр өвдсөнөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн Дмитрий Песков мөн ийм тэмдэг зүүж байсан юм. Вирус Орос орны улс төрийн элит хэсгийнхний дунд тархсаар байгаа ч нэр нөлөөтэй олон хүн амны хаалт, бээлий зэрэг уламжлалт хамгаалах хэрэгсэлгүйгээр ажлаа хийсэн хэвээр. Ерөнхий сайд Михаил Мишустин, засгийн газрын гурван сайд, Төрийн Думын таван гишүүн коронавирусийн халдвар туссаныг тогтоогоод байна. “Эрдэмтэд одоогоор үр дүнг нь санал нэгтэй зөвшөөрөөгүй” хэмээн Төрийн Думын даргын орлогч, “Шударга Орос” намын гишүүн Ольга Епифанова тэмдэг зүүсэн учраа Gazeta.ru-д тайлбарласан юм. “Зарим нь лут хүчтэй эд, зарим нь зүгээр плацебо нөлөөтэй л гэлцэж байна.” Сэтгүүлчид анзаараад байхаар нь тэмдэг зүүхээ больсон нь алдаа байсан бололтой хэмээн Песков пүрэв гарагт “Коммерсант” сонинд тайлбарласан юм. ОХУ нь коронавирусийн халдвараар мягмар гарагт Испанийг гүйцэж дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт орсон. Гэхдээ халдвар их зарим улстай харьцуулахад ОХУ-д коронавирусээр эндэгсдийн тоо тун бага, бямба гарагийн байдлаар 2,537. Тавдугаар сарын байдлаар тус улсад өдөрт дунджаар 10,000 шинэ тохиолдол бүртгэж байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан гурав л малчдын “толгойны өвчин” болж байна

 0 сэтгэгдэл
  • Ченжийн үүрэг гүйцэтгэсэн сайд Ч.Улаан салбартаа тодорхойгүй байдал үүсгэж , жамаараа яваа зах зээлийг төр хэрхэн бусниулж болдгийг харууллаа
  • Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Ч.Улаан сайд мандатгүй хоцорсон. Нэгэнт нэр дэвшихгүйгээс хойш одоо малчдын горьдлого маньд хамаагүй гэж байгаа бололтой

2020.04.06. “Өнөөдрийн байдлаар ноолуурын бэлтгэл ажил эхлээгүй байна. Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй.” 2020.04.24. “Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй ш дээ. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм.” 2020.05.25. “Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн.” ХХААХҮ-ийн сайд Ч. Улааны ноолуурын үнийн талаар хийсэн мэдэгдэл, хэлсэн үгнүүдийг та харж байна. Хоорондоо сар хүрэхгүй зайтай, эргэж буцсан, хоосон яриа нь харин 260 гаруй мянган малчин өрхийг орлогоос нь салгаж, дотоодын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хүнд байдалд оруулаад байна. Малчид “Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан гурав л бидний толгойны өвчин болж байна даа” гэж ярих болсон гэнэ. Ноолуурын үнийг албадан тогтоох гэсэн тооцоогүй мэдэгдэл нь эцэстээ малчдын амьдралд тохуурхал болсны нотолгоо энэ. Нийслэлийн иргэдийг мах, түүхий эдээр хангадаг Эмээлт төвд хөл хөдөлгөөн бараг тасраад буй. Ойр орчимд нь илжирсэн арьс, ширний өмхий үнэр ханхалж, ялаа, батгана л байна. “Ноолуур авна” гэсэн хаягтай хашаа бүхэн хаалттайгаас харахад 100 мянгаас буулгахгүй гэж амласан Ч.Улаан сайдын үг “улайсныг” нотолж байна. Малчдаас түүхий эд худалдаж аваад, үйлдвэрт нийлүүлж ашиг олдог ченжүүдийн нөхцөл байдал цар тахлын улмаас хүндэрч, малын арьс, шир илжирч, малчны амьдрал хэцүүдээд удаж буй. Мал, малчин хоёроос гадна ноос, ноолуурын салбарын тоотой хэдэн үндэсний үйлдвэрлэгчээ сөхрүүлэх шахаад байна.Ноолуураа 100 мянгаар өгнө гэж найдсан малчин өнөөдөр хоёр дахин бага үнээр өгөх гээд ч чадахгүй байна. Бүр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Улаан нар сонгогдох тойргоо тойглож, зүүн аймгийн ноолуурыг 100 мянгаар авах жишиг үнийг яамны түвшинд тусгайлан тогтоосон ч нэмэр болсонгүй.

Төрөөс хөнгөлөлттэй зээл аваад, тэндхийн ноолуурыг аваач гэсэн ч тийм гоомой үйлдэл хийх “тэнэг” энэ салбарын гишүүдэд лав алга. Ад үздэг хятадууд ч ноолуураас дөлөв. Учир нь Хятадын ноолуурын салбар хүндрэлд орсон. Харин ченжийн үүрэг гүйцэтгэсэн сайд Ч.Улаан салбартаа тодорхойгүй байдал үүсгэж, жамаараа яваа зах зээлийг төр хэрхэн бусниулж болдгийг харууллаа. Ч.Улаан сайд хэлсэн ханшаараа малчдын ноолуурыг худалдан авч чадахгүйгээ мэдэгдсэн цаг хугацаа нь ч шог байна. 10 хоногийн өмнө байсан бол тэр хүний амнаас ийм үг унах нь байтугай, “ноолуур 100 мянгаар авна” гэх худал үгээ улайхгүйгээр ярьсаар явах байлаа. Учир нь улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Ч.Улаан сайд мандатгүй хоцорсон.Нэгэнт нэр дэвшихгүйгээс хойш одоо малчдын горьдлого маньд хамаагүй гэж байгаа бололтой. Ганц сайд Ч.Улааны биш, энэ Засгийн газрын үнэн төрх. Махны үнийг өсгөхгүй, ноолуурын үнийг бууруулахгүй байх бүтэшгүй зүйлийг камерын өмнө сүртэй ярьсан Ерөнхий сайд та Ч. Улаан сайдын толгойг цавчдаггүй юм гэхэд уучлалт гуйж, үнэнийг малчдад ойлгуулна уу. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр Засгийн газар малчдад тал засаж, алдаагаа баллуурдах гэж килограмм ноолуурт 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Гэвч урамшуулал олгох тухай мянга яриад ч унасан салбар, уруудсан үнэ энэ хавар сэргэхгүй нь тодорхой болж байна. Хөдөө аж ахуйн бирж байгаад ч ноолуурын үнэ тогтворжиход нэмэр болсонгүй. Тус биржийн арилжааны мэдээг харахад хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард ердөө 12 өдөр л арилжаа хийсэн байна. Тавдугаар сарын тайлан долоо хоногоор ч байхгүйг бодоход хөдөө аж ахуйн бирж мөн Засгийн газрын худал мэдэгдлийн хөлд өртөж, “хөлдсөн” бололтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чойжин ламын сүм музейн газрын 20 хувьд автомашины зогсоол барина

 0 сэтгэгдэл
  • Манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдад зориулсан автомашины зогсоолгүй. Жуулчны том оврын автобус ирж зогсох боломжгүй учраас зам дээр яаран сандран буулгадаг гэв
  • Тус сүмийг 1904-1908 оны хооронд Чойжин лам Лувсанхайдавын (8-р Богд Жавзандамба хутагтын дүү) шашин номын үйл хэрэгт зориулан бүтээжээ

Эртний түүхэн дурсгалт Чойжин ламын сүм музейн эргэн тойрныг тохижуулах нэрийн дор автомашины зогсоол барьж байна гэх мэдээлэл цахим орчинд эрчтэй тархаж, олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тиймээс хотын захиргаа болон музейн удирдлагууд тэр дор нь хэвлэлийн бага хурал зарлаж, үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарлалаа. 2001 оны Засгийн газрын тогтоолоор музейн барилгыг улсын хамгаалалтад авсан бөгөөд 2019 онд музейн захиргаанаас тавьсан хүсэлтийн дагуу зөвшөөрөлгүй барилгыг буулгаж, тохижилтын зураг төслийг баталсан болохыг Хот байгуулалт хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр хэлэв. “Музейн хоёр га газрын 60 хувьд ногоон байгууламж, 20 хувьд нь автомашины зогсоол барих бол 20 хувь нь явган хүний зам талбай байх юм” хэмээн тэрбээр тайлбарласан. Хэрмэн хашаан доторх тохижилтыг нийслэлийн төсвийн 365 сая төгрөгөөр хийсэн бол Махранзын сүмээс Гэндэнгийн гудамж хүртэлх 7393 ам.метр талбайн тохижилтыг MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд 700 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн болохыг Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх хэлсэн юм. Харин Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн өнөөгийн нөхцөл байдлыг нэмэлт хачиргүй тайлбарлав. “Музейн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах гэж бид 10 жилийн турш шүүхдэлцсэн. 

Тэр буулгасан газар дээрээ машины зогсоол барьж байгаа юм. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Жуулчны том оврын автобус ирж зогсох боломжгүй учраас зам дээр жуулчдаа яаран сандран буулгадаг. Үүнээс болж дүрэм зөрчсөн хэргээр жолооч нь торгуулах  тохиолдол олон. Үүнээс гадна том автобус зогсох гэж тэр хавьд маш их түгжрэл үүсгэдэг. Энэ газарт бид олон улсын жишигт нийцсэн ажлуудыг шат дараатай хийж байгаа. Юун түрүүнд авто зогсоол баригдах юм. Араас нь ногоон байгууламж, явган хүний зам баригдана. Манай музей төвийн халаалтгүй, гүний худагтай. Тениэр халаалтаа шийддэг. Гэтэл 2010 оны судалгаагаар тус гүний усыг унданд хэрэглэж болохгүй, нефтийн агууламжтай байна гэсэн. Манай хүмүүс хүнд байдалд ажиллаж байна. Мөн хэрмэн хашааг автомашинууд маш их гэмтээдэг. Гэтэл энэ хашаа бол соёлын өв” хэмээн Д.Отгонсүрэн захирал ярьсан юм. Тус сүмийг 1904-1908 оны хооронд Чойжин лам Лувсанхайдавын (8-р богд Жавзандамба хутагтын дүү) шашин номын үйл хэрэгт зориулан бүтээжээ. 1940-1960 оны хооронд гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлдэг хаалттай музей байсан бол 1961 оноос иргэдэд нээлттэй болгосон байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүний нутагт гацсан хүүхэд, эхчүүдээ хөсөр хаясан Монголын эмгэнэл

 0 сэтгэгдэл
  • Нью Жерсид 16 хүүхэд гацжээ
  • "Бид Монголдоо очихыг маш их хүсэж байна. Монгол дахь ар гэрээсээ мөнгө авч байгаа. Ээж, аав, эх орныхоо тухай өдөр болгон бодож, санадаг. Манай найзууд ч бас гэрээ санаж байгаа. Визний хугацаа удахгүй дуусна"
  • “Ковид-19-ийн шинж тэмдэг хүүхдэд хөнгөн илэрдэг ч халдвартай хүүхдүүд ноцтой өвчлөх бөгөөд эцэг эхчүүд болгоомжтой байх хэрэгтэй. Судалгаанаас харахад вирусийн халдвар авсан нярай хүүхдүүдийн 10 хувь нь маш хүнд өвчтэй болсон” 

Хүүхдүүд халдвар авах, хөл хорионоос үүдэлтэй стресст өртөх, хөдөлгөөний дутагдлын эмгэг өвчинд нэрвэгдэх зэрэг түм буман эрсдэл дунд байна 

Одоогоос хоёрхон сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэдээ хүний нутагт орхихгүй. Засгийн газраас гадаадад байгаа монгол иргэдээ авч ирэхэд шат дараатай арга хэмжээ авна. Хүний нутагт эмчлүүлэх гэж очоод гацчихсан, идэх хоолгүй болчихсон, орох орон, оочих аягагүй болчихсон байгаа иргэдээ татна. Үе шаттайгаар зохион байгуулна. Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Монгол хүн битгий хэл монгол морь эх орон руугаа гүйдэг юм шүү” хэмээн уянгалж, дэлхийгээр таран суугаа монголчуудыг баярлуулж байв. Гэтэл хэдхэн хоногийн өмнө өнөөх сайхан үгээсээ буцаж, “Хилээ нээхгүй, вакцин гарсан цагт өндөржүүлсэн бэлэн байдлыг зогсооно” хэмээн мэдэгдэж, төр засагтаа итгэж, найдаж байсан олон мянган иргэнийхээ итгэлийг хөсөрдүүллээ. Энэ хооронд коронавирусийн халдварын улмаас Монгол Улсын нэг иргэн өөд болж, амьсгал хураах хүртлээ эх орондоо итгэж байсан тухай Америк дахь монголчууд харамсан өгүүлж байна. Хүний нутагт үнс болно гэдэг юутай гачлантай. Хүч буурай орны иргэдийн амь ийм хямдхан юм гэж үү. Хилийн цаана Монгол Улсын үнэ цэнтэй иргэд, ирээдүйд энэ улсыг авч явах 358 хүүхэд эцэг эх, элгэн нутгаа санан бэтгэрч, эрүүл мэнд амь нас нь эрсдэлийн дөрөөн дээр дэнжигнэж байна. Эдгээр хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр бие даан гаднын оронд байгаа бол бага насны хүүхэдтэй 1610 гаруй эцэг, эх нутгийнхаа зүг горьдлого тээж буй. Халдварын төв болоод байгаа Нью-Йорк хотын дэргэдэх Нью Жерси мужид гэхэд сурагч солилцоогоор очсон 16 хүүхэд байгаа бөгөөд тэд бүгд насанд хүрээгүй. Хүний нутаг, гүний хошуунд насанд хүрсэн иргэд нь хүртэл гудамд гарахдаа тулж, айдастай нүүр тулан аргаа барж байхад, хүүхдүүд сэтгэл санаа, санхүү мөнгөнөөс эхлээд бүх л талаараа хохирч, Монголын ирээдүй хэмээн ярьдаг хэрнээ хөсөр хаяж, өвчин гэсэн нүдээр харж байгаа томчуудын шийдвэрт гомдож, цөхөрч байгаа. Тус мужид хорионд ороод буй 16 настай Э.Хүслэн “Хөтөлбөр маань аль гурван сард дууссан боловч Монгол Улс хариу өгөхгүй байгаа болохоор одоог хүртэл хүлээж байна. Миний нөхцөл бусад хүүхдүүдтэй харьцуулахад тийм ч хүнд биш. Энд надаас гадна 15 хүүхэд бий. Хөтөлбөрийн дагуу хүлээж авсан айлдаа, эсвэл энд байдаг хамаатныхаа гэрт амьдарч байна. Бид Монголдоо очихыг маш их хүсэж байна. Монгол дахь ар гэрээсээ мөнгө авч байгаа. Ээж, аав, эх орныхоо тухай өдөр болгон бодож, санадаг. Манай найзууд ч бас гэрээ санаж байгаа. Визний хугацаа удахгүй дуусна” хэмээн өгүүлсэн юм. Мөн тус улсын Охайо мужид байгаа 16 настай охин таньдаг айлдаа толгой хорогдож буй бөгөөд визний хугацаа нь дуусаад хоёр хоносон аж. Түүний амьдарч буй муж хөл хорионд орж, бүх зүйл зогссоноос гадна азиудыг ялгаварлан гадуурхах хандлага хэрээс хэтэрчээ. Тус мужид дөрвөн монгол хүн коронавирусийн халдвар авсан байна. 

Коронавирустэй холбоотой байж болзошгүй цочмог үрэвслийн тохиолдол өдрөөс өдөрт өссөөр 

Хөл хорионд байгаа хүүхдүүд эцэг эхээ санаж бэтгэрэхээс гадна эрүүл мэнд, амь нас нь эрсдэл дунд байгааг мартаж болохгүй. ДЭМБ-аас хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөх боломжтойг баталж, шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа талаар мэдээлээд хэдэн сар өнгөрч байна. Тавдугаар сарын эхний долоо хоногийн мэдээгээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд коронавирустэй холбоотой байх магадлалтай, ховор боловч үхэлд хүргэх үрэвсэлт синдромын тохиолдлууд гарсан талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж, долоо хоногийн дотор Их Британи, АНУ, Франц, Итали, Испани, Швейцар гэсэн зургаан улсад 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ явдлаас долоохон хоногийн дараа энэхүү үрэвсэлт өвчний улмаас Нью-Йоркт гурван хүүхдийн амь нас эрсдсэн талаар тус мужийн захирагч Эндрю Куомо мэдээлж, өвчинтэй төстэй хортой цочрол бүхий шинж тэмдэг илэрсэн 73 тохиолдол бүртгэгдсэнийг зарласан юм. Мөн хүүхдэд ховор тохиолддог өвчний 15 тохиолдол нь COVID-19-тэй холбоотой болохыг ч анхааруулсан. Түүнчлэн Жонс Хопкинс хүүхдийн төвийн хүүхдийн эмч, халдварт өвчний мэргэжилтэн Аарон Милстон “COVID-19-ийн шинж тэмдэг хүүхдэд хөнгөн илэрдэг ч халдвартай хүүхдүүд ноцтой өвчлөх бөгөөд эцэг эхчүүд болгоомжтой байх хэрэгтэй. Судалгаанаас харахад вирусийн халдвар авсан нярай хүүхдүүдийн 10 хувь нь маш хүнд өвчтэй болсон” хэмээн сэрэмжлүүлсэн юм. Гэтэл Монгол Улс халдварын голомтод байгаа нялх хүүхдүүд, өсвөр насныхныгаа вирус гэж харж, амиа бодож байгаа нь дэндүү хүн чанаргүй үйлдэл биш гэж үү. Тэд зөвхөн COVID-19-ийн эрсдэл дунд байгаа юм биш. Үрсээ үлдээсэн ээжүүдийн хөхний сүү нь чинэрч, эцэг эхээсээ хол бойжиж буй багачууд вирусийн халдвар авах, хөл хорионоос үүдэлтэй стресст өртөх, хөдөлгөөний дутагдлын эмгэг өвчинд нэрвэгдэх, дархлаа нь унах, асран хамгаалагч нь гадаадад гацсан хүүхдүүд хараа хяналтгүй үлдэх зэрэг түм буман аюул дунд өдөр хоногийг аргацааж байна. БНСУ-д 1-8 насны гурван хүүхэдтэйгээ гацсан Б.Нинжээ “Энд 20 хонох гэж ирээд дөрвөн сар хоригдлоо. Бага хүүхэд маань аавыгаа санаад шөнө бүр уйлж, хоолоо ч идэхгүй байна. Хүүхдүүдээ харж байгаа учир ажил хийх боломжгүйн дээр өвчин авч, хүүхдүүддээ халдаахаас айгаад гарч чадахгүй юм. Гурвын гурван жаахан хүүхэдтэй байгаа учир өөрөө ч маш их ядарч, сэтгэл санааны хямралаас болоод унахын даваан дээр байна. Хүний нутагт хүүхдүүд минь өвдчихвөл яах билээ” хэмээн учирласан юм. Утасны цаанаас уйлахгүй гэж хичээх түүний хоолойг сонсоод өрөвдөхөөс өөр хэлэх үг олдсонгүй. 

Нэрэн дээрээ хүүхдийн эрх гэдэг ч нидэр дээрээ амиа бодсон томчууд 

Хэдхэн хоногийн дараа эх үрсийн баяр болох гэж байна. Манай оронд энэ баярыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн сүр жавхлантайгаар тэмдэглэдэг ч одоогийн байдлаар багачуудынхаа эрхийг хамгаалж, гавьсан зүйл алга. Монгол Улс хүүхдийн эрхтэй холбоотой олон улсын бүх л гэрээ конвенцод нэгдсэн бөгөөд энэ бүхэн цаасан дээрх үг төдий гэдэг нь үүдээ түгжиж, наадмаа хийхээр бужигнаж буй засгийн шийдвэрээс тодхон харагдана. Бид 2019 онд Үндэсний их баяр наадмаа 2.9 тэрбум төгрөгөөр тэмдэглэж байв. Энэ жилийн тухайд цомхон тэмдэглэнэ гэж байгаа ч баярын төлөө багагүй хөрөнгө зарцуулах нь тодорхой. Гэтэл гадаадад гацсан хүүхэд, эхчүүд тусгай нислэг болон тусгаарлалтын өндөр дүнтэй зардлыг төлж дийлэхгүйгээ учирлаж байна. Энэтхэгээс ирэх 300 бяцхан ламхайн дийлэнхэд нь олон сая төгрөгийн нислэгийн зардал асар хүнд тусаж, аргаа барсан зарим хүүхэд үлдэх шийдвэр ч гаргах болжээ. Арай боломжтой нэг нь ах дүүгээсээ зээлж, зардлаа төлж ирнэ гэх. Солонгос улсад гурван хүүхэдтэйгээ гацсан Л.Нинжээгийн хэлснээр зөвхөн онгоцны билетийн зардал нь 4.3 сая төгрөг бөгөөд тусгаарлалт, шинжилгээний төлбөр зэрэг нь нэмэгдээд найм сая орчим төгрөг болж байгаа аж. Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд үед ийм их мөнгө төлж чадах нь хэд билээ. Харийн оронд гацсан монголчууд маань эхнээсээ мөнгөгүй болж, даатгалгүй хүнийг хүлээж авахгүй гэх хатуу үг сонсоод олон сарыг үдэж байна. АНУ-д байгаа иргэн Б.Лхамсүрэн 0-16 насны дөрвөн хүүхэд, насанд хүрсэн гэр бүлийн гурван хүний хамт нийт наймуулаа гацсан бөгөөд визний хугацаа нь дуусаж, 500 ам.доллараар сунгуулахаас гадна түрээсийн байшингийнх нь төлбөр нэхэгдэж аргаа баржээ. Тусгай нислэгээр ирье гээд ч тэд зардлыг нь дийлж хүчрэхгүй. Энэ мэтчилэн эдийн засгийн бэрхшээлээс болоод нислэгт багтаж чадахгүй хэдэн зуун хүн харийн оронд байна. Монголчууд “Амьд явбал улсын наадам үзнэ” гэлцдэг. Хүний нутагт амьд үлдэх гэж аргаа барж буй иргэдээ аварч, наадам тэмдэглэх зардлаа тэднийг авчрахад нэмэрлэвэл хэчнээн гэр бүл бэтгэрэхийн зовлонгоос салж, нулимсаа хатаан, нуруугаа тэнийлгэх бол.

ЗГМ Тодруулга

Хуульч Б.Сүнжидээс коронавирусийн үед авах хуулийн арга хэмжээ болон гадаадад байгаа хүүхдүүдийн эрхийн талаар тодруулга авлаа. 

-Монгол Улс онц байдал зарлаагүй хэр нь гадаадад байгаа иргэдийн эх орондоо ирэх эрхийг хязгаарласан. Хилийн чанадад байгаа 10 мянган иргэний эрхийг зөрчсөн гэж үзэж болох уу? 

-Хүүхэд, ахмад настан, эрэгтэй, эмэгтэй ямар байхаасаа үл хамааран Монгол Улсын иргэн бүр эх орондоо буцаж эрхтэй. Хилийн чанадад байгаа иргэдээ авах нь төрийн үүрэг мөн. Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болно. Гадаадад байгаа иргэдээ ирүүлэх эсэх тухай асуудал байхгүй. Монголын төр иргэнээ авах л ёстой. Иргэдээ эх оронд нь татан авах нөөцийн талаарх мэдээллээ илүү тодорхой болгох шаардлагатай гэж харж байна. 

-Хилээ хааж, иргэдээ авахгүй байгаа нь хуулийн үндэслэлтэй юу? 

-Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг шаардлагатай нөхцөлд хязгаарлаж боломжтой. Итгэл үнэмшилтэй байх, Монгол Улсын иргэний харьяатыг гадаад иргэнд шилжүүлэхгүй байх, амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хүний туйлын эрхүүд бий. Өөрөөр хэлбэл энэ эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлах боломжгүй. УОК, ЗГ-аас ямар нэг шийдвэр гаргахдаа эрх зүйн үндэслэлээ танилцуулж, хамгийн гол нь бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр гаргах ёстой. Төрийн шийдвэрт хуулийн үндэслэл байгаа ч нөхцөл байдлын мэдрэмж дутмаг байна. Дэлхийн улс орнууд цар тахлын нөхцөлд үндэслэн шинэ хууль баталж, цар тахал нэрийн дор хүний эрхийг зөрчихгүй байх, хуулийн үйлчлэх хугацааг тодорхой байлгах зэрэг шаардлагуудад онцгой анхаарч байна. 

-17 настай хүүхдийг 16-аас дээш насны иргэн учир тусгай нислэгт багтаагаагүй байна. Энэ хүүхдийн эрхийн зөрчил мөн үү? 

-Нөхцөл байдлыг нарийн мэдэхгүй учир шууд дүгнэх бэрхшээлтэй юм. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенц гээд бүх л баримт бичгүүдэд 18 хүртэлх насны иргэнийг хүүхэд гэж үздэг. Эрх зүйн үндэслэлийн дагуу бол хүүхэд гэж үзэх ёстой.

Байр суурь

Монгол хүүхдүүд хүний нутагт бэтгэрч, эрүүл мэндээрээ хохирч байна

  • АНУ, Энэтхэг, БНСУ зэрэг орнуудад олон сарын турш гацсан бага насны хүүхэдтэй ээжүүдээс нөхцөл байдлын талаар тодруулга авлаа

Хоёр нялх хүүхэдтэй, өөрөө жирэмсэн учир эх орондоо яаралтай буцмаар байна

Б.Ургамалцэцэг /АНУ-д гацсан иргэн/ 

Энд тав болон гурван настай хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Одоо таван сартай жирэмсэн. Наашаа ирэхдээ хөл хүнд болсноо мэдээгүй байсан. АНУ-д суурин амьдардаггүй 10 хоногийн хугацаатай ирээд гацсан болохоор хүнд байна. Нэгдүгээр сарын 20- оос хойш дөрвөн сар энд байлаа. Бусад хүмүүстэй харьцуулахад миний нөхцөл байдал гайгүй байсан учир хил нээгдэнэ гэж найдаад тусгай нислэгт бүртгүүлэлгүй хүлээж байсан. Гэтэл нөхцөл байдал улам хүндэрлээ. Ихэнх компаниуд 32-оос дээш долоо хоногтой бол нислэгт оруулахгүй гэсэн дүрэмтэй. Тусгаарлах зардал, онгоцны тийзээс эхлээд маш их асуудал байна. Хилээ хааж, иргэдээ оруулахгүй байгаа орон Монголоос өөр алга. Эх орондоо очих эрхээс эхлээд сонгох, сонгогдох эрхийг минь хүртэл хааж, биднийг гаргуунд нь хаясан төр засагт үнэхээр гомдож байна.

16 нас хүрсэн учир том хүүг маань тусгай нислэгт багтаагаагүй

Д.Туул /Хүүхдүүд нь Энэтхэгт байгаа ээж/ 

Хүүхдүүд маань хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Энэ сарын 29, 30 хавьцаа гэж сонссон ч одоогоор нам гүм байна. Тэнд хоёр хүү маань дунд сургуульд суралцдаг. Гэтэл 2003 онд төрсөн хүүг минь 17 хүрсэн гээд нислэгт багтаагаагүй. Бага хүү маань ганцаараа ирэх бололтой. Манай хоёр хүүгийн байгаа газар 29 хүүхэд тусгай нислэгт бүртгүүлсэн ч 11 хүүхдийн нэрийг л баталсан байсан. Нислэгийн зардал өндөр болохоор ах дүү нараасаа зээл авч, төлнө. Санхүүгийн асуудлаас болоод ирж чадахгүй байгаа маш олон хүүхэд бий. Шашны сургуульд ихэвчлэн амьдралын боломжгүй, бага орлоготой айлын хүүхдүүд суралцдаг. Энэтхэгт халдварын тархалт нэмэгдсээр байна. Хүүхдүүддээ санаа зовж, байнгын айдастай байна.

Дунд хүү маань өндөр төлбөртэй хагалгаанд орсон

Х.Ичинхорлоо /БНСУ-д байгаа иргэн/ 

Би Солонгост ажил хийдэг. Хүүхдүүдээ улирлын амралтаар нь авч ирсэн. 13-тай, долоон настай, нэг ой 10 сартай гурван хүүхэд маань энд дөрвөн сар гацаж байна. Нэг сар л байна гэж төлөвлөсөн учир олон хүндрэл үүсэж байна. Ямар ч мэдээлэл өгөлгүй хаасан. Одоо хүүхдүүдээ харахын тулд ажлаасаа гарч, өдөр хоногийг хүлээлгийн байдалтай өнгөрүүлж байна. Гэрээсээ гарахгүй байгаа учир хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж, дунд хүү маань бүдүүн нарийн гэдэс нь үрэвсэж, өндөр төлбөртэй хагалгаанд орсон. Энд амьдардаг монголчууд маань тусалж, дэмжиж, Солонгосын эмнэлэгт хүсэлт гаргасны хүчинд хүүхдээ эмчлүүллээ. Транзит нислэгт суух ямар ч мөнгөний боломж алга. Анх төр засагтаа итгэж, тайван хүлээсэн. Гэтэл ингээд хүний нутагт хөсөр хаягдаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Судсан дотор явах чадвартай микроробот бүтээлээ

 0 сэтгэгдэл

Хүний зүрх судасны тогтолцоон дотуур “зорчих” чадвартай микророботыг ХБНГУ-ын Штутгарт дахь Оюунлаг систем хөгжүүлэх Макс Планкийн хүрээлэнгийн (MPI-IS/Max Planck Institute for Intelligent Systems) эрдэмтэд Турк, АНУ-ын судлаачидтай хамтран бүтээлээ. Эрдэмтэд хүний судас дуурайлгасан лабораторийн орчинд соронзон жолоодлогот микророботыг амжилттай удирдан залж, хорт хавдрын эсэд эм тээвэрлэж хүргэх туршилтыг амжилттай хийсэн нь инвазив бус эмчилгээний салбарт нэг шатны дэвшил болов. Дотроо хавдар эмчлэх эм бүхий бөмбөлөг хэлбэртэй микроробот нь хорт хавдрын уургийн эсрэг биеэр бүрсэн бүрхүүлээрээ хавдрын эсэд “наалдах” чадвартай. Дараа нь хэт ягаан туяаны үйлчлэлээр микроробот доторх эмээ хавдрын эс дотор шахах аж. Ердөө найман микро-метрээс (0.008 мм) үл хэтрэх хэмжээтэй бөөрөнхий микророботыг шилний бичил хэсгээр бүтээжээ. Бөмбөлгийн нэг тал нь никель, алт ны нимгэн бүрхүүлтэй, нөгөө тал нь хавдрын эмийн молекул, хавдрын эс таних чадвартай тусгай био молекулаас бүрдэнэ. Хүний судсан дахь цус ны урсгал дотор уг “робот”-ыг соронзон орны үйлчлэл ашиглан жолоодох юм. Туршилтаар секундэд 600 микрометр урагшилж буй микророботыг анагаах ухааны хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн бэрхшээл шийдвэрлэх ёстойг уг судалгааны удирдагч, MPI-IS-ийн захирал Млетин Ситти тайлбарлав.