A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/599/

Гадаад бодлого шинэ шатанд гарлаа

​Ирэх жилүүдэд бид илүү хүчтэй, илүү нөлөөтэй ШХАБ-ыг харах нь​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/599/


Дэлхий дахиад эргэлтийн цэг дээр ирчихлээ. Энэ гарагийг хэд бол хэд ч хуваах чуулга, уулзалтууд дуу дуугаа авалцан болж, дэлхийн геополитикийн уур амьсгал цаг уурын өөрчлөлтөөс ч хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Энэ хэрээр урьдчилан таахад улам түвэгтэй болчихоод байна. Хойд Америкийн цээжинд байрлах Канадын Квебек хотод “Их-7”-гийн гүрний удирдагчид чуулах ертөнцийн нөгөө хязгаар, БНХАУ-ын Чиндао хотод дэлхийн хамгийн тэсрэлттэй улсуудын төрийн тэргүүнүүд хуран цуглав. Хар хүрэмтэй ажил хэрэгч хүмүүсийн уулзалт ингээд дуусахгүй. Ирэх өдрүүдэд ч дэлхийг удтал хүлээлгэсэн нэгэн уулзалт болохоор товлогдоод байгаа. Ёсорхуу уулзалтуудын хөшгийг сөхвөл “Их-7”-гийн уулзалт ширүүхэн өрнөж байна уу гэлтэй. аргадсан, аархсан хоёрын засварт өрнөж буй бол өрнө зүгт аядуу уур амьсгал ноёлж байна. Сэвшээ салхитай Чиндао хотод болж буй чуулган итгэлцэл, элгэмсэг, найрсаг хaрилцаан дор болж өнгөрөв. Ер нь эх газрын геополитикийн “хавтангууд” хоорондоо мөргөлдөж, бас нэгдэн нийлж байна. Өөрөөр хэлбэл, улс хоорондын харилцаа таагүй, таашгүй болсоор. Энэ задрал, нэгдлийн завсарт дэлхий тэнхлэгээ эргэсээр байна. Олон улсын харилцаа хоёр туйлт бодлого задарсан XX зуунаас хойших хамгийн тодорхойгүй байдалд хүрээд байгаа. Ийм ээдрээтэй цаг дор Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн интеграцийн хамгийн ирээдүйтэй хүч болох ШХАБ-ын чуулганд оролцлоо. Олон улсад нүүрлээд буй хуваагдал, талцал манайд ч байгаа. ШХАБ-д элсэх эсэхэд монголчууд сүүлийн сар гаруй хугацаанд хоёр туйл адил хуваагдчихаад байгаа нь үнэн. Тэгвэл талцлыг таслан, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны үеэр хариу өглөө. 14 жил ШХАБ-ын ажиглагч байсан Монгол улс дотооддоо элсэх эсэхээ ул суурьтай хэлэлцэж байж шийднэ хэмээв. ШХАБ-д элсэх эсэх нь Чиндаод авчирсан Ерөнхийлөгчийн хөзөр биш байж. Харин арваад жил амь тавин хөөцөлдөж буй Эдийн засгийн коридорыг урагшлуулах нь Чиндаог зорьсон Ерөнхийлөгчийн гол зорилго байжээ. Тэрбээр саналаа шулуухан хэлж, шуудхан шийдлээ танилцуулав. ихийг нуршилгүй, Ерөнхийлөгчийн санал, шийдлийг шуудхан танилцуулъя.

Ерөнхийлөгчийн санал

• “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах

• Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах

• АН-3 чиглэлд хурдны авто замын бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх

• Гурван улсын тээврийн сайд нарын уулзалтыг зохион байгуулж, тогтмолжуулах

• Аялал жуулчлалаар гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх

• 2019 онд болох Silk Way авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх

• ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос байгалийн хийн хоолойг Монголоор дамжин өнгөрүүлэх

Ерөнхийлөгчийн шийдэл

• Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой.

• Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн нарийвчилсан судалгаа хийх, эдийн засгийн үндэслэлийг сайтар боловсруулах

• Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулахыг яаравчлах

Гурван улсын дөрөвдэх уулзалт

Чиндао зуны хэмнэлдээ хөтлөгдөж, 22 хэмийн халуун, цэцэгсийн анхилам үнэрт нозоорч байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу зургадугаар сарын 9-ний өглөө тэнгэр бүүдийж байсан ч бороо орохын даваан дээр больж, завгүй уулзалтуудын эрчийг нэмэв. Энэ өдрийн хамгийн гол уулзалт 18.30 цагт эхэлсэн бөгөөд мөнхийн хөрш гэгддэг Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар хэлэлцээрийн ширээний ард суулаа. Гурван улсын төрийн тэргүүний дөрөвдэх уулзалт ШХАБ-ын дээд хэмжээний чуулган уулзалтын төвийн “Чилу” танхимд эхэлсэн. шаргал эмжээртэй танхимын үүдэнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр хөршөө элгэмсгээр угтав. Энэ уулзалтаар Эдийн засгийн коридор, аялал жуулчлал, дамжин өнгөрүүлэх тээвэр гээд олон талт сэдвээр хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтыг хэвлэмэл болон цахим хувилбар нь нийт 30 сая уншигчдад хүрдэг “China Daiy” гурван улсын ерөнхийлөгчийн зургийг онцолж, тогтвортой хөгжлийн төлөөх нөхцөл бүрдлээ хэмээн тодотгосон нь уулзалт хэр хэмжээний үр дүнтэй болсныг илтгэнэ. Харин хоёр талт уулзалтын салхийг хагалсан Ерөнхийлөгч Х.Баттулга Беларусийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой ээлжит уулзалтаа хийж, удиртгалаа алгасаад шууд л хоёр улсын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх тухайгаа ярьсан. Мөн Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзаж, өслөө гэхэд 15 сая ам.доллараас хэтэрдэггүй, Ираныг чиглэсэн махны экспортоо ахиулах талаар ярилцав. Бас XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний хэсэг өнөөгийн Иран улсад төвлөрч байсан ил хаант улсын түүхийн талаарх хамтарсан судалгааг өргөжүүлэх тухайд санал нэгдэв.

Дижитал ертөнц дэх Торгоны зам

Монгол улсын Ерөнхийлөгч ийнхүү эх түүх судлалаа эргэн сэргээж буйтай бүс нутагт тэртээ 1000 жилийн өмнөх торгоны зам эргэн сэргэж байна. Түмэн бээрийг холбож, дэлхийн соёл иргэншлийг зангидаж байсан торгоны зам эргэн сэргэж ирж байна. Үүнийг бид Бүс ба зам, торгоны зам гэж янз бүрээр нэрлэж байгаа ч Евразийг зөөлөн бөгөөд хатуу дэд бүтцээр холбох зорилготой. Интеграци нэгдэл эмзэг болж, бутарч магадгүй болчихсон энэ үед ШХАБ яалтчгүй хүчирхэгжиж байна. Өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан хэмээх хоёр хүчээр хүч нэмсэн энэ нэгдэл олон талаар дэлхийн хамгийн найрсаг хийгээд хамгийн олон гишүүнтэй, хамгийн том газар нутгийг хамарсан хамтрал болсон. Гурван тэрбум хүнийг нэгтгэж буй энэ байгууллага 2017 оны байдлаар дэлхийн эдийн засгийн 21 хувийг бүрдүүлж буй нь Европын холбооны ДНБ-ий жингээс 0.1 хувиар бага үзүүлэлт. Хятадын шинжлэх ухааны академийн тооцоогоор ШХАБ-ын гишүүн орнууд импортын татваргүй болчихвол ДНБ нь 98 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Дээд хэмжээний чуулганы сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 10-нд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар цэрэг, улс төрийн чиглэлийг жанжин шугамаа болгодог байсан ШХАБ ирэх жилүүдэд эдийн засгийн салбарт илүүтэй анхаарч, дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлж, худалдааны саад хоригийг бууруулна хэмээн гишүүн орны удирдагчид хэлж байна. Ирэх жилүүдэд бид илүү хүчтэй, илүү нөлөөтэй ШХАБ-ыг харах нь. БНХАУ-ын Чиндао хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эхний хэсгийг хүргэлээ. Үргэлжлэлийг ирэх өдрүүдэд хүргэх болно.

Эшлэл
Ши Жиньпин /БНХАУ-ын Ерөнхийлөгч/
-Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтын шинэ үе эхэлж байна. Талын хамтын ажиллагааны хөгжлийн явцад үнэлэлт өгч, цаашдын ажлын чиглэлийг гаргахад бэлэн байна.
В.В.Путин /ОХУ-ын Ерөнхийлөгч/
-ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх Монголын транзит ачаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байна.
Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн сайд/
-Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа талууд хоорондоо ярилцлаа. Эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгч, гол анхаарал үүнд чиглэж байна. Монгол улсын хувьд 10 гаруй жил ажиглагчийн статустай явж ирсэн. Энэ удаагийн уулзалтад мөн ажиглагчийн байр сууринаас оролцож байна. Эдийн засгийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах хэрэгцээ, шаардлага их байна. БНХАУ-аас бүс нутгийн хамтын ажиллагааны санхүүжилтэд 30 тэрбум юанийн санхүүжилт буюу тав орчим тэрбум ам.долларыг дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахаа мэдэгдлээ.
Д.Цогтбаатар /Гадаад харилцааны сайд/
-ОХУ-тай хоёр орны харилцааны тулгамдсан асуудал, транзит тээврийн хэлэлцээрийг ажил хэрэг болгох яриа, хэлэлцээр өрнөсөн. Тразит тээврийн хүрээнд манайх 25 жилийн турш хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь манай хувийн хэвшил бараа, бүтээгдэхүүнээ Японы болон Европын зах зээлд гарахад ихээхэн дөхөм болох юм. Мөн Монголын газар нутгаар хийн хоолой дамжуулах шугам барих асуудлыг ярьж байна. Гурван талт уулзалтаар энэ төслийг ОХУ дэмжиж, эдийн засгийн тооцоог сайтар хийх хэрэгтэй гэж үзсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл тойрсон хууль зүйн маргаан эцэс боллоо

​УДШ: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль бус​

 0 сэтгэгдэл


Улсын дээд шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол улсын Засгийн газар, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлалыг хэлэлцэв. Хоёр жил гаруй сунжирсан эл маргаан өмнө нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу хянан хэлэлцэгдэж шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд шийдвэрлэж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон УДШ-ийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэл дэх 49 хувийг худалдан авчирсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрхийг дахин баталгаажуулав.

Шүүх хуралдааны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Монголросцветмет компанийн хувьцаатай холбоотой маргааныг дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх нөхцөл боломжоор хангагдаж байна. Манай компанийн зүгээс хэдийгээр энэ маргаан хоёр жил хагас сунжирсан ч шүүхээс хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад талархалтай байна. Үндсэн хуульд зааснаар дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагууд түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид төрийн байгууллагаас дээд шүүхийн шийдвэрийг даруй биелүүлэхийг шаардан ажиллана. Мөн нөгөө талын хувьцаа эзэмшигчидтэйгээ нийлэн ТУЗ-ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв. Түүний хэлсэнчлэн өнөөдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

• Өчигдрөөс эхлэн Засгийн газарт хууль бус үйл ажиллагааг залруулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийг албан ёсоор хуралдуулах нөхцөлийг хангах үүрэг ногдлоо.

• Ц.Пүрэвтүвшин “Төрийн 51 хувийг төлөөлөх талтай нийлэн ТУЗ-ийг яаралтай хуралдуулж “Эрдэнэт” үйлдвэрт тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх болно” гэв.

• “Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл.

Хэдийгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарсан ч Эрдэнэт үйлдвэрт олон ярвигтай нөхцөл байдал бий болоод байгаа. Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалснаас үүдэлтэй маргаанд Монгол Улсын Засгийн газар ялагдал хүлээсэн нь тус үйлдвэрийн өмнө тулгараад байгаа гол бэрхшээл болоод байгаа юм. Энэ талаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэртэй маань холбоотой олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, 51 хувийн гэж хэлэгдээд байгаа “Жаст” компанитай холбоотой асуудал байна.

Засгийн газар 49 хувийн төлөөлөлтэй зөвшилцөөгүй нь буруу гэж үзэв

Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалснаас үүдэн 112 сая ам.долларын өр төлөх тухай яригдаж байна. Өдөрт 3-4 сая ам.доллараар өр нэмэгдэж байгаа. Манай компанийн эзэмшдэг 49 хувийг төрд авах шийдвэр гарснаас эхлээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харахад Стандарт банкны хэрэгтэй холбоотойгоор манай компанийн эрхэнд улс төрийн зорилгоор халдсан юм болов уу гэсэн бодол төрдөг. Тэр нь ч зарим нэг үйлдлээс нь батлагдаж байна. Манай компанийн зүгээс “Жаст”-ын тавьсан өрийг Эрдэнэт үйлдвэр төлөх бус буруутай этгээдүүд төлөх ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Энд зөвхөн нэг хэргийн тухай яригдаж байна. Үүний цаана арбитрын шүүхээр шийдвэрлэсэн өөр асуудлууд бас байгаа. Манай компанийг Стандарт банкны тодорхой хувийг худалдан авсан мэтээр цуурхал тараасан байна. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж няцаая.” гэсэн юм. Лхагва гарагт дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд танхимын шүүгчээр М.Батсуурь, шүүгчдээр Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа нар оролцож хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцсэн.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Засгийн газар, ТӨБЗГ, ОӨУБЕГ-ын “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах захиргааны актууд хууль зөрчсөн гэж үзэн, 13 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаад байсан юм. Засгийн газар 2017 онд долдугаар тогтоол гаргаж дээр дурдсан харъяа байгууллагуудад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахтай холбогдуулсан 10 заалт бүхий үүрэг, чиглэл өгсөн байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Засгийн газрын 7 дугаар тогтоолын зарим заалт илт хууль зөрчсөн, зарим нь хуульд нийцсэн гэсэн шийдвэрүүдийг гаргаад байсан юм. Үүнийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Засгийн газрын 7 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг дээд шүүхээс хүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь заалтад “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэжээ.

Харин дээд шүүх шийдвэрлэхдээ Засгийн газрын 7 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчсөн бус тус тогтоолын 1, 4, 5 дахь заалт илт хууль зөрчсөн гэж үзэв. Өөрөөр хэлбэл эдгээр заалтын дагуу ТӨБЗГ захиргааны акт гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-ийн дүрмийг өөрчлөн ОӨУБЕГ-т бүртгүүлсэн нь хууль бус ажиллагаа болсон гэж дээд шүүх үзсэн байна. Ингэснээр дээд шүүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргалаа. Мөн дээд шүүхийн шийдвэрт нэг зүйл чухал нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, УИХ-ын 23-р тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа хувьцаа эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай заавал зөвшилцсөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг ЗГ-т үүрэг болгосон байдаг. Гэтэл Засгийн газар тус компанийн төлөөлөлтэй албан ёсоор хэлэлцээрт оролгүй шууд шийдвэр гаргаж харъяа байгууллагуудад чиглэл өгсөн нь буруудаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Бямбацогт: Дэгийн тухай хуулийг дахин өргөн барина

​Нөхөн сонгуулийг хэзээ ч зарласан хуулийн зөрчил үүсэхгүй​

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын даргын зөвлөл дээр намрын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэсэн чигтэй байгааг эх сурвалжууд хэлж байна. 26 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт гаргачихсан байхад ээлжит бусыг зарлахгүй бол Үндсэн хууль зөрчинө гэх мэтээр зарим гишүүн хэлж байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд энэ талаар тодорхой заасан байгаа. Гэхдээ ээлжит чуулган нээлтээ хийхэд арав гаруйхан хоног үлдлээ. Ийм байхад ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй байх.

-Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй нэлээд асуудал нэмэгдэхээр байна. Тухайлбал, нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэр, Зам тээврийн яамны сайдын томилгоо гэх мэт.

-Гайгүй биз дээ. Асуудлуудаа хэлэлцээд л явчихдаг шүү дээ. Намрын чуулган таван сар үргэлжилдэг. Энэ хугацаанд хэлэлцэх асуудлаа бүгдийг нь хэлэлцээд баталчих байх. Намрын чуулганы гол хэлэлцэх асуудал нь ирэх оны төсөв. Үүн дээр нэлээд анхаарч ажиллах байх. Мөн Зам, тээврийн сайдын томилгоог хамгийн эхэнд хэлэлцэх ёстой.

-АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэх болов уу?

-Түүнийг ёстой мэдэхгүй.

-Энэ намрын чуулган шинэ Дэгийн тухай хуулиар явах уу?

-Намрын чуулганаар баталсан дэгийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ бидний санаачилсан зарим заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан. Тиймээс дахиад дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, өргөн барина.

Аравхан хоног дутуу байхад ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй

Тухайлбал, төрийн албан хаагчидтай холбоотой хариуцлагын асуудал байна. УИХ төрийн эрхийг барих дээд байгууллага. Энэ байгууллагад холбогдох албан тушаалтан мэдээлэл өгөхдөө худлаа, үнэн мэдээлэл өгч, асуултаас бултдаг байдал газар авсан. Нэг үгээр хэлбэл, УИХ-д хүндэтгэлгүй ханддаг. Үүнийг засах заалтыг оруулсан боловч хэлэлцүүлгийн явцад хассан. Тиймээс дахиж оруулна. Мөн гишүүд хурууны хээгээр санал өгдөг болно. Ингэснээр хүний өмнөөс кноп дардаг нь арилах юм. Тоног төхөөрөмжийг бүрдүүлэх үүднээс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлэхээр болсон.

-Хэрвээ чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулахаар төрийн байгууллагаас ирсэн албан тушаалтан буруу ташаа мэдээлэл өгөх, асуултад хариулахаас татгалзсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Одоо бол УИХ-ын гишүүд их сайндаа загнаад л өнгөрч байгаа шүү дээ?

-Хэрвээ төрийн эрх барих дээд байгууллагад худал хэлэх, ард түмнийг хууран мэхэлж, буруу ташаа мэдээлэл өгвөл төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн хариуцлагын заалт тусгасан байсан. Энэ заалтыг дахиж оруулна.

-Цэцийн дүгнэлтээс болоод Хэнтий аймагт болох нөхөн сонгууль хойшилсон. Тэгэхээр 2020 он хүртэл нөхөн сонгууль болохооргүй болов уу?

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс шалтгаалаад дараагийн үйл явц өрнөнө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал нэг өөр, хүлээж авахгүй бол өөр асуудал яригдана. Өмнө нь сонгуулийн тухай хуульд ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгууль зохион байгуулахгүй гэж заасан байсныг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиас хассан. Тиймээс нөхөн сонгуулийг хэзээ ч зохион байгуулж болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгуулийн тухай хуулийн цоорхой сонгодог арга боллоо

​Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх БЗДийн сонгуулийг түдгэлзүүлжээ​

 0 сэтгэгдэл


УИХ-ын 42-р тойрогт зарласан нөхөн сонгуулийг холбогдох хуулийн алдаатай заалтаас болж үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлээд байгаа. Үүний нэгэн адил Сонгуулийн тухай хуулийн цоорхой БЗД-ийн ИТХ-ын дахин сонгуулийг ч мөн адил гацаагаад байна. Тус дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойрогт 2016 оны сонгуулиар ялалт байгуулсан хоёр нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь гурван шатны шүүхээр тогтоогдож, дээд шүүх эцэслэсэн тул дахин сонгууль зарлах зайлшгүй шаардлага бий болсон. Хуулийн дагуу шүүхийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор сонгууль зарлах ёстой. Үүнд уягдсан Нийслэлийн сонгуулийн хороо тус дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, дарга нарийн бичгийн даргыг шинээр томилжээ.

Улмаар шинэчлэн байгуулсан дүүргийн Сонгуулийн хороо тогтоол гаргаж, ирэх сарын 27-нд дахин сонгууль явуулахаар товлон зарлаж хоёр тойрогт өрсөлдөх дөрвөн намд батламж олгоод байв. Гэтэл БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн сонгуулийн хороог байгуулсан нь хууль зөрчсөн хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандаад буй. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж дахин сонгууль зарласан тогтоолыг түдгэлзүүлсэн. Ингэснээр БЗД-ийн дахин сонгууль хуулийн хүрээнд нам зогсов. Энэ маргаанд хоёр тал тус, тусын тайлбар хийж байгаа. Хоёр тал гэдэг нь БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Нийслэлийн сонгуулийн хороо хийгээд түүнээс томилогдсон дүүргийн сонгуулийн хороо юм.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “дүүргийн сонгуулийн хорооны гишүүд орон тооны бус байдаг. Дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн сонгуулийн хороо томилдог. Ингэхдээ дурын төрийн албан хаагчийг томилчихдоггүй. СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан гэрчилгээтэй, СЕХ-ны нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонгож ажиллуулна. Сонгуулийг ямар нэгэн маргаан, будлиангүй зохион байгуулах үүднээс сонгуульд оролцогч субьектийн болзол шаардлагыг хангасан төлөөлөгчийг оролцуулдаг” гэсэн юм. Ү.Ганболдын тайлбар Сонгуулийн тухай хуулийн 33.4 дэх заалт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна” гэсэнтэй таарч байгаа юм.

• Үүргээ биелүүлээгүй ИТХ-ын Тэргүүлэгчдэд ямар хариуцлага тооцохыг тодорхойлоогүй нь АН-ынханд зол болж гэлтэй.

• Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдын тайлбар Сонгуулийн тухай хуулийн заалттай таарч байгаа юм.

• БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дахин сонгууль зарлах, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилох эрх зөвхөн дүүргийн ИТХ-д байдгийг дурджээ.

Тэгвэл БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дахин сонгууль зарлах, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилох эрх зөвхөн дүүргийн ИТХ-д байдгийг дурджээ. Сонгуулийн тухай хуулийн 33.5 дахь заалтад “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, улсын их хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын тэргүүлэгчид энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэсэн байх аж. Дээрх хоёр заалтын аль нь дүүргийн дахин сонгуульд хамаатай болохыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх удахгүй тунгаана. Тэр хооронд дахин сонгуулийн бэлтгэл ажил цалгардаж, хойшлох нөхцөл бүрдээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн цэц УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоолыг түдгэлзүүлсэнээр ирэх хаврыг хүлээхээс өөр хуулийн гарцгүй болсон гэсэн үг. Энэ нь ганцхан суудлын илүүгээр БЗД-т засаглаж байгаа АН-ынханд ашигтай. Мэдээж нөгөө талд нь МАН-ынханд дахин сонгуулиар хоёр суудал авч дүүргийг удирдах хүсэл буцалж байгаа нь тодорхой. Мөн Сонгуулийн тухай хуульд сум, дүүргийн дахин сонгуулийг 30 хоногийн дотор зарлах заалт байгаа ч үүргээ биелүүлээгүй ИТХ-ын тэргүүлэгчдэд ямар хариуцлага тооцохыг тодорхойлоогүй нь АН-ынханд зол болж гэлтэй. Хуулийн цоорхой иймээс хойш тэднийг буруутгах нь учир дутагдалтай. Энэ мэтчилэн 2015 оны сүүлчээр яаран сандран баталсан Сонгуулийн тухай хууль “бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрийг ойр ойрхон амсуулж байна. Уг нь УИХ-д өргөн барьсан гурван шатны сонгуулийн хуулийг намрын чуулганы эхэнд яаралтай хэлэлцэн баталвал дээрх томоос жижигт халдварлаж буй буруу жишгийг даруй засах боломж бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Цолмон: Эрчим хүчний төслүүд урагшлах боломжийг нээлээ

​Тавантолгойн ордоос ОХУ нүүрс авахаар ярилцаж байгаа​

 0 сэтгэгдэл


ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн чуулганд манай улс өндөр ач холбогдол өгч оролцсон. Харин үр дүн ямар байдлаар тусаж болохыг дипломатч Ц.Цолмон ярьж байна. Тэрбээр ОХУ, Болгар улсад элчин сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд юм.

-Дорнын эдийн засгийн чуулганд манай улсын Ерөнхийлөгч байр сууриа тодотгож, БНХАУ-тай том төслүүд дээр хамтрахаар тохиролцлоо. Үүний хэрэгжилтэд манай улс ямар байдлаар оролцох вэ?

-ОХУ-аас зохион байгуулдаг эдийн засгийн чуулган уламжлал болж тогтлоо. Энэ чуулганд Зүүн хойд Азийн орны удирдлагууд жилд хийх ажлаа тохиролцдог болсон нь олзуурхууштай. 6000 мегаваттын цахилгаан станц барьж БНХАУ-руу эрчим хүч экспортлох тухай 10 гаруй жилийн өмнөөс яригдсан төсөл. Энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой. шивээовоо, Багануурын нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станц барихаар яригдсан. Зүүн хойд Азид эрчим хүчний супер сүлжээ бий болгоход монгол улс эрчим хүч нийлүүлдэг орон болох саналыг эдийн засгийн чуулганаар ярилцсан. Нүүрсний ордод түшиглэн цахилгаан үйлдвэрлэх, улмаар хоёр хөршдөө эрчим хүч экспортлох санал 2006 онд намайг гадаад хэргийн сайд байх үеэс эхлэн яригдсан юм. Энэ төсөл монгол улсын эдийн засагт маш том дэмжлэг болно. Тиймээс одоо үүнийг хэрэгжүүлэх цаг хэдийнэ болсон. Монголчуудын нэгнийхээ ажлыг татаж унагадаг “тамын тогооны үлгэр” үүнд нөлөөлчихгүй бол хэрэгжих бүрэн боломжтой.

-Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах яриа хэзээ ажил хэрэг болох боломжтой вэ?

-Байгалийн хий хоолой тавих ажил тийм амар шийдчих зүйл биш ээ. Үүнд гурван орны том улс төрийн яриа хэлэлцээ хийгдэж, итгэлцлийг бүрэн хангаж байж хэрэгжих ажил. Хэдэн жилийн өмнөөс яригдсан энэ ажил хоёр хөршийн болгоомжлолоос болж хойшлоод байгаа. Монголын дотоод улс төрөөс шалтгаалж хийн хоолойг хаачихвал яах вэ гэдэг болгоомжлол олон жил яригдаж байна. Мөн ОХУ-ын Буриад, БНХАУ-ын өвөрмонгол хийн хоолойг монгол улсаар дамжуулахыг таашаахгүй байгаа. Тэд өөрийн газар нутгаар хийн хоолой тавьж, эдийн засгаа дэмжих бодлого барьж байснаас энэ төсөл 10 жил хойшлогдсон. одоо ч бүрэн шийдэгдээгүй. Монгол улс үүнд онцгой анхаарч ШХАБ болон Дорнын эдийн засгийн чуулганд гурван орны ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө явах ёстой.

-Бид хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Холбогдох яамнаас ажлын хэсэг гаргаж зогсолтгүй хөөцөлдөх шаардлага бий. Сая Дорнын эдийн засгийн чуулганаар санаачилга болж тавигдсан. Түүнийг баримт бичгийн урьдчилан хийгдсэн ажил гэж ойлгох хэрэгтэй. Ер нь бодит ажил хэрэг болоход төвөг их бий. Хоёр хөршийн өвөр Байгал, ӨвөрМонголтой өрсөлдөхөд хөөцөлдөлгөө маш их шаардлагатай.

-Монголын дотоод улс төрийн байдал нөлөөлдөг гэж та ярьлаа. Дөрвөн жилээр бодлого хэрэгждэг болохоор улс төр нь тогтворгүй гэж тооцдог гэсэн үг үү?

-Тийм. Харамсалтай нь манайд төрийн ажлын залгамж чанар алдагддаг. Японд Засгийн газар нь хэд ч солигдсон төрийн ажил хэвийн явагдаж байдаг. Монголд төрийн бодлого дөрвөн жилийн хугацаатай. Сайд солигдоход яамны аппарат дагаж солигдоод бодлого алдагддаг. Ний нуугүй хэлэхэд, монгол төрийн менежмент бүс нутагтаа хамгийн сул байна. Үүнийг засчихвал олон улсын болгоомжлол багасах учиртай. Хамгийн гол нь гадаадад ярьсан том төслийг дотоодын улс төр болгож унагадаг дутагдлаа асах ёстой. Би л биш бол өөр хэн ч хийх ёсгүй гэдэг байдлаар хүнээ унагах гэж байгаад том төслүүдээ юу ч биш болгосон олон жишээ байна.

-Тухайлбал ямар төслийг замхаруулав?

-БНХАУ-ын зүгээс шивээовоогийн нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станц барих санал тавьж, хөрөнгө оруулалтыг шийдсэн байсан. Гэтэл манай тодорхой нэр бүхий нөхдүүд Шивээ-Овоод төсөл хэрэгжих гэж байгааг дуулаад хувьчилж авахаар булаацалдаж олон жил болсон. Дараа нь нөгөө төслөө хэрэгжүүлэхээр болоход БНХАУ-ын Засгийн газар таван жилээр ажлаа төлөвлөдөг учраас хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөсөө хассан байсан. Харин сая Владивостокын эдийн засгийн чуулганаар Шивээ-Овоод түшиглэсэн цахилгаан станц барих ажлыг манай талаас санал гаргаж, БНХАУ таван жилийн төлөвлөгөөндөө тусгахаар болж байна. Манай улс ч гэсэн энэ том төслийг урт хугацааны бодлого болгон хэрэгжүүлэх байх.

-Восточный боомтоор Тавантолгойн нүүрсийг экспортлох тухай яригдаж байна. Бодит ажил болох боломж хэр байгаа вэ?

-Саяхан болсон “Coal Mongolia-2018” чуулга уулзалтаар энэ тухай бас хөндсөн. Нүүрс олон янз. Ялангуяа, тавантолгойн коксжих нүүрс бүс нутагтаа ховор чанартай нүүрс юм байна. Үүнийг зах зээлд гаргахын тулд ОХУ-ын боомтыг ашиглах тухай Дорнын эдийн засгийн чуулган дээр бас ярьсан. Мөн ОХУ нүүрс ихтэй ч гэсэн тавантолгойн нүүрсний онцгой чанараас шалтгаалж нүүрс авахаар ярьж байгаа.

-Монгол-Оросын Төмөр замын дамжин өнгөрөх тарифын хөнгөлөлтийн хэлэлцээрийг 25 жилийн хугацаатай байгууллаа. Уг хэлэлцээр манай улсад ямар тустай вэ?

-Урт хугацааны гэрээ гэдгээр бизнесийн олон талын ашигтай. Мөн ОХУ манай экспортын бүтээгдэхүүнд 25-30 хувийн өндөр татвар ногдуулдаг. Үүнийг өөрчлөхийн тулд манай улс олон жил санал тавьж байгаа. Намайг ОХУ-д Элчин сайд байхад энэ асуудлыг хөндөж байхад бусад орон барьцана гэдэг байдлаар хүлээж авдаггүй байлаа. Ер нь манай хоёр хөрш сүүлийн жилүүдэд “Монгол улс одоо л нэг гадагшаа харсан улс төр, эдийн засгийн бодлоготой боллоо” гэж дүгнэж байх шиг байна. Тэр үүднээсээ хөнгөлөлт тарифын чиглэлээр тавьсан саналыг нааштай шийдэж байгаа.