A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/386/

Гаднынхан тоодоггүй салбарт дотоодын компаниуд тоглолт хийдэг

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг дотоодын компаниуд олборлож байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/386/

Уул уурхайн үндсэн нэрийн түүхий эдэд алт, нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш, газрын ховор элемент зэрэг байгалийн эрдэс баялаг дээгүүр эрэмбэлэгддэг. Эдгээр нь экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлж, төсөвт жил бүр их наяд төгрөгөөр хэмжигдэх орлого төвлөрүүлж ирсэн. Тэгвэл гадаад зах зээлд төдийлэн эрэлттэй бус ч дотоодод өргөн ашиглаж буй түүхий эд бол элс, хайрга, дайрга. Барилга, зам, гүүрийн бүтээн байгуулалт эрчимжихэд нийслэл болон орон нутагт эдгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт эрс нэмэгддэг. Ялангуяа, ДНБ-ий 75 хувийг бүрдүүлж буй Улаанбаатарыг тойрсон элс, хайрганы үйлдвэрлэл идэвхжиж байна. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 230 гаруй аж ахуйн нэгж эзэмшиж буй. Өнгөрсөн хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэт замбараагүй олгосон нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэ төрлийн бизнест олон компани хуйлрахад хүргэжээ.
Гэвч техник технологийн шаардлага хангаагүй, нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон талбай даамжирсан тул шинээр тусгай зөвшөөрөл олгохоос аль болох төр зайлсхийж эхэлсэн. Ялангуяа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гарсан цагаас хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус салбар дахь зохицуулалт ялимгүй сэргэж, цэгцэрч байгаа. Хэдий тийм ч тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, дамлан зарах, татвар, хураамжаас зугтах байдал амь бөх оршсон байгаа юм. Олон нийт, төр засгийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалд харьцангуй уян хатан хандаж, компаниудад нээлттэй, тэгш боломж олгосон гэж хэлж болно. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд олборлолт нэмэгдэх хэрээр зөрчил, гомдол гарах нь ч олширсон. Тухайлбал, хайгуулын 296 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа боловч эдгээрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил түгээмэл. Ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын 14 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт олгосон байна. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон.


• Хайгуулын 296 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа боловч эдгээрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил түгээмэл.
• Хамгийн их тусгай зөвшөөрлийг Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт олгосон байна.
• Орон нутгийн өмчит компани байгуулах, улмаар ашигт малтмал олборлох хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн.

Гэвч хууль зөрчих тохиолдол энэ салбарт цөөнгүй гарсаар. Олборлолт хийж буй зарим компани байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байх нь нийтлэг. Үүнд тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхардсан зөрчил давамгайлж байна. Нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд 96 тусгай зөвшөөрөл цуцалсан. Мөн тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа нь тогтоогджээ. Газрын хэвлий ашиглах эрхтэй компанийн тоог зохистой түвшинд байлгаж, улмаар нийгмийн хариуцлага үүрүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлого чиглэж байна. Ялангуяа, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх, буух эзэнтэй, буцах хаягтай болгох шаардлагатайг Д.Сумъяабазар сайд хэлдэг. Нийслэлд гэхэд, хайрга, дайрга, элс тоосгоны шаврын нийлүүлэлтэд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани ажиллаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын салбарт дан дотоодын компаниуд хүч сорьдог. Гаднын тоглогч болон томоохон хөрөнгө оруулалт энэ салбарт огт нэвтрээгүй юм.

Тэрчлэн бусад түүхий эдтэй харьцуулахад, маш бага мөнгө эргэлддэг учраас хөрөнгө оруулагчдын хараанд өртөж чаддаггүй сул талтай. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрт өнгөрсөн онд 2.4 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт төвлөрчээ. Энэ нь 2016 онтой харьцуулахад 300 орчим сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн тайлангаас харахад, шинээр бүртгэгдэж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тоо маш бага хувийг эзэлжээ. Барилгын материалын түүхий эд болгон ашиглаж буй элс, хайргыг эрэх, хайх, олборлоход зардал бага гардаг. Нарийвчилсан хайгуул хийх шаардлага ч энэ салбарт байхгүй. Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт, түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар нарийн тодорхой зорилт ч алга. Харин сүүлийн жилүүдэд ипотек хэрэгжиж, барилгын салбарт орон сууцны том төслүүд хэрэгжиж эхэлсэн нь түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлтэд нөлөөлжээ. Барилга, хот байгуулалтын яамны мэдээллээр, Улаанбаатар хотод 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж буй. Барилгын салбарын үндсэн түүхий эд болдог түгээмэл тархацтай ашигт малтмалын салбарт орон нутгийн өмчит компани байгуулах, улмаар энэ төрлийн ашигт малтмал олборлох хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж, энэ хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөө сайжирчээ. Тухайлбал, Хөвсгөл аймаг чулууны үйлдвэр байгуулахаар холбогдох тендерийг зарласан бол Говь- Алтай тоосгоны үйлдвэр ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Импортын шатахуун тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурчээ

 0 сэтгэгдэл


УУХҮЯ-аас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын  энэ оны эхний 11 сарын  статистик мэдээллийг олон нийтэд хүргэснээс газрын тосны бүтээгдэхүүний чиглэлд дараах мэдээллийг өглөө. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнд: А-80 автобензин 86, Аи-92 автобензин 30, Дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй. 

2018 оны байдлаар нийт 1,6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох төлөвтэй байна. 2018 оны 12 дугаар сард импортлосон газрын тосны бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, Аи-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болсон байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Алтны ил тод байдал хумигдаж болзошгүй

Төв банкны алт худалдан авалт 19.8 тоннд хүрчээ

 0 сэтгэгдэл


МОНГОЛ
Дархан-Уул аймгийн иргэн Дорж олборлосон алтаа тушаагаад охиныхоо сургалтын төлбөрийг төлжээ. Ингэснээр намраас хойш чихнээс нь уяатай байсан нэг хонхоо чимээгүй болгосондоо Дорж додигор байна. “Сургалтын төлбөрийн дарамтаас салж санаа амарлаа. Одоо цагаан сар хүртэл их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарахгүй” хэмээн тэрбээр өгүүлж байна. Энэ намар Дархан-Уул аймагт Үнэт металлын шинэ лаборатори үүдээ нээж, үйлчилгээгээ бичил уурхайчдад илүү ойртуулсан. Ингэснээр гар аргаар алт олборлодог олон Дорж алтаа төв банкинд тушаахаар айдас тээн Улаанбаатар хотыг зорихоо больж, орон нутагтаа борлуулдаг болсон нь олборлогчдын магнайг тэнийлгэжээ.

Шинэ лаборатори иргэдээс алтыг нь Лондоны үнэт металлын биржийн ханшаар худалдан авч буй нь дэлхийн зах зээл Дарханд нүүдэллэн ирсэн гэлтэй. Энэ сарын 5-ны байдлаар тус лаборатори 107 килограмм алтыг иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авсныг төв банк мэдээлж байна. Ингэснээр орон нутагт байгуулсан үнэт металлын шинэ лабораториуд Монгол Улсын алтны нөөцийг зутаатгахад түлхэц болсон. Мөн энэ үед төв банкны алт худалдан авалт 19.8 тоннд хүрсэн нь 2017 оныхоос 3.2 хувиар ахисан дүн. 

Ингэснээр иргэн Доржийн тушаасан эрдэнэс алтны ил тод сүлжээгээр дамжсаар эх орныхоо эдийн засгийн дархлааг тэтгэж, Монголын эдийн засгийн баганыг бататгахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Бичил уурхайн олборлолтын сүүдрийг сөхөж, ужгирсан асуудлыг шийдэж, зөв зохион байгуулалт оруулсан нь ийнхүү энгийн иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэр болоод зогсохгүй Монголын эдийн засгийн үл ганхах баганыг тулахад чухал нөлөө үзүүлж байна гэсэн үг.

Алт тушаалт өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өсчээ

Гэтэл нэгэн цагт иргэн Дорж Монголын эдийн засагт дэм үзүүлэх нь бүү хэл төр, засаг ч үл шийдэж чадах “шүдний өвчин”ий нэг хэсэг болчихоод байсан нь үнэн. Дорж шиг хувиараа алт олборлогчид “нинжа” хэмээн адлуулж, нийгмээс гээгдсэн мэт амьдарч байсан. Гэтэл бичил уурхайн сүлжээний сүүдрийг сөхөж, хууль бус олборлолтыг албажуулснаар алтны салбар цэгцэрч, нийгмийн нэг “шүдний өвчин” эдийн засгийн амь болчихоод байгаа нь энэ. Дорж өдгөө нөхөдтэйгээ хоршоо байгуулж, хууль, журмын дагуу олборлолт хийдэг болсон. ингэж албан бус олборлолтыг ил тод болгосноор уул уурхай төдийгүй экологи, эдийн засаг, нийгмийг хүлсэн гурвалсан гинжийг тасалжээ.

ЛАТИН АМЕРИК


Монгол Улс ийн албан бус олборлолтыг албажуулж буй бол бичил уурхай энэ салбарын том сүүдэр хэвээр. 1980-аад оны эхээр бичил уурхай дагасан гэрэл, сүүдэр Латин Америкийг дайрч байжээ. 20 дугаар зууны сүүлчээр эхэлсэн уул уурхайн тэсрэлт Латин Америкийн Боливи, Чили, Перу зэрэг улсыг дайрч, уул уурхай дагасан сорилтууд ар араасаа цуварчээ. Эквадор улс л гэхэд одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөн усыг хяналтаасаа алдаж, химийн энэ элементийн өмнө өвдөг сөхрөхөд хүрээд байв. Аравхан настай бяцхан хүү Чад мөнгөн усаар тоглож буй гэрэл зураг дэлхий нийтийг цочоож байсан удаатай. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд Эквадор алтны бодлогоо нээлттэй болгож, хууль журмаа хөнгөвчилсөн. 

Мөн Боливи, Перу улсад хүүхэд эмэгтэйчүүд уурхай дагасан хүнд хүчир ажилд үрэгдэж, алт олборлолт зах замбараагаа алдсан. Боливийн Засгийн газар, төв банкны алтны худалдааны хөтөлбөр нээснээр алтны далд худалдаачид болон Боливи-Бразилийн хил дээрх ченжийн сүлжээнд том цохилт өгчээ. Ингэснээр тус улсын хууль ёсны алтны үйлдвэрлэл 25 хувиар өсчээ. Боливи дэх алт худалдан авах түргэн үйлчилгээний цэгүүд нь том хотуудад биш уурхайн ойролцоох зам, жижиг суурин зэрэг бичил уурхайчид очиход дэд бүтцийн хүндрэлгүй газруудад чөлөөтэй нээж эхэлсэн байна. 

Дэлхийн №1 эдийн засаг болох Америкийн зарим зах хязгаар нутгуудад бичил уурхайчид алт хайн тэнүүчилдэг бөгөөд аль XIX зуунд ухаж сэндийчсэн хэсгийг дахин онгичиж эхэлсэн тухай CNN агентлаг тусгай сурвалжилга хийн гаргаж байсан юм. Агуу Америкаас эхлээд Ази Африкийн олон орон өнөө хэр уул уурхайн сүүдэр болсон албан бус олборлолттой нүүр тулж байна. Ийнхүү бичил уурхайчдын тоо өсөхийн хэрээр хааж хориглохоос илүүтэй зохицуулах, ил тод байлгах, хамтран ажиллах бодлогыг дэлхийн улсууд чухалчлах болжээ. 

Монгол Улс алт дагасан олборлолтыг ил болгохоор зорьсон. 2012 онд эх орны алтаар эрдэнэсийн сангаа зузаатгахын төлөө алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон түүхтэй. Ингэснээр төв банкинд алт тушаах иргэн, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдсэн юм. Гэтэл энэ хуулийн хугацаа улирч буй 2018 онтой хамт дуусна. Холбогдох албаныхан алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байх зохицуулалтыг цааш таван жилээр сунгах санал УИХ-д өргөн барьсан. Монголын эдийн засагт амь тариа болсон энэ хуулийн хугацааг сунгах нь зүйтэй гэж бодлого тодорхойлогчид үзсэн. Гэхдээ зарим төрийн түшээ алтны татварыг өсгөх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлээд байна. Монгол Улс алтны татварыг өсгөөд, тус таваарын зах зээлийг далд хэлбэрт шилжүүлж, гадаад хөрөнгө оруулагчдыг үргээж байсан гашуун түүх саяхных. Өнгөрсөн жилүүдэд алтны салбарт өрнөсөн ахиц дэвшил, доржийн амьдралын өөрчлөлт, өсөлтийг өндөрсгөсөн татвар, журмууд салхинд хийсгэж болзошгүй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол нүүрсний шинэ найдвар нь Энэтхэг

Хятадын нүүрсний эрэлт саарах ч Энэтхэгийнх эрчимжинэ

 0 сэтгэгдэл


Нүүрсний зах зээл биднээс алсарч байна. Урд хөршийг чиглэх Монголын нүүрсний экспорт энэ оны эцэс хүртэл түр зогссон. Ирээдүйд энэ зогсолт эрэлтээс шалтгаалан давтагдах эрсдэл ч бий. Гэтэл Хятадын зах зээлд байр сууриа ахиулах өрсөлдөөн улам ширүүсэж, өрсөлдөх чадвар өндөр тоглогчид хүч түрж эхэллээ. Одоогоор Хятадын зах зээлд Австрали, Монгол, Индонез улс нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохиж буй бол тэдэнтэй зэрэгцээд хүчин чадлаа сэлбэсэн Орос хэмээх хүчтэй тоглогч байр сууриа өсгөхөөр зорьж эхэллээ. ОХУ Алс дорнод, Зүүн Сибириэр дамжин нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж буй нь байршлын хувьд ойр Монголын нүүрсний нийлүүлэлтэд томоохон сорилт болох нь. ОХУ-ын Эрчим хүчний яам 2030 он гэхэд коксжих нүүрсний олборлолтоо 101-106 сая тоннд хүргэх зорилт тавьжээ. Тус улсын коксжих нүүрсний экспортын орлого Монгол улсынхаас хэд дахин  өндөр төдийгүй БНХАУ-ыг чиглэсэн импорт нь жилд хоёр оронтой тоогоор өсөж байна. 

Сүүлийн жилүүдэд Хятад улс нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй төдийгүй энэ нь хэдийн бодитоор хэрэгжээд эхэлсэн. Дээрээс нь удааширч буй энэ зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсч буй нь Монгол зэрэг орныг илүү шахаж эхлэх шинжтэй. Ингэснээр ирэх жилүүдэд түүхий нүүрсээ зараад, экспортын орлого олчихдог байсан бид томоохон сорилттой нүүр тулах нь. Гэтэл Монгол Улс энэ эрсдэлийг тооцож байгаа ч юм алга. Нүүрснээс экспортын орлогынхоо бараг гуравны нэгийг олж, эдийн засгаа тэтгэхээр төлөвлөчихсөн сууна. Гэхдээ гутрах болоогүй. Учир нь нүүрсний зах зээлийн “халим” болох хятадын эрэлт буурахтай  зэрэгцээд тус түүхий эдийн хэрэглээгээр урд хөршийн араас, хоёрдугаарт жагсдаг Энэтхэгийн эрэлт эрчтэй өсөж байна. Тус улсад гангийн үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний эрэлт өссөнөөр Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй. Гэтэл энэ эрэлтийг нь тус улсын дотоодын олборлолт гүйцэхгүй нь тодорхой болсон тул импортоо өсгөсөөр буй.

Өнгөрсөн есдүгээр сард гэхэд тус улсын дулааны нүүрсний импортын өсөлт сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрчээ. Энэ төрлийн нүүрсний импорт бараг 35 хувиар өсөж, 124.6 сая тоннд хүрсэн байна. BP Global-ийн тооцоогоор Энэтхэгийн нүүрсний эрэлт ирэх 10 жилд эрчтэй өснө. Тухайлбал, коксжих нүүрсний импорт 2017 онд 47 сая тоннд хүрсэн бол 2023 онд 58 сая болж өсөх төлөвтэй. Коксжих нүүрсний импортоор өдгөө хятад улс тэргүүлж буй ч энэ манлайллаа алсдаа Энэтхэгт алдсаар, 2023 он гэхэд дэлхийн хамгийн том  нүүрс импортлогчийн байр суурь Энэтхэгт шилжинэ гэж судлаачид дүгнэж байгаа юм. Австралийн Засгийн газрын хийсэн судалгаагаар 2021 онд дэлхийн коксжих нүүрсний импортын эрэлт 326 сая тонн болж нэмэгдэнэ. үүнээс хамгийн ихийг буюу 73 сая тонныг Энэтхэг улс импортлох юм.

Энэтхэгийн нүүрсний хэрэглээ ирэх хоёр жилд БНХАУ-ыг давах төлөвтэй

Учир нь тус улсын хүн амын тоо хурдтай өссөнөөр нүүрс нэхдэг эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын хөгжил хурдасчээ. Мөн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн 1.3 тэрбум иргэнийг эрчим хүчээр бүрэн хангах амлалт өгсөн. Н.Модигийн Засгийн газрын нэр хүндийг өсгөх гол хөзрийн нэг болох энэ амлалтаа биелүүлэхийн тулд Энэтхэгийн албаныхан нүүрсний импортод ээлтэй хандсаар байгаа юм. Ингэснээр нүүрсний эрэлтийн хүндийн төв хүссэн, хүсээгүй хятадаас Энэтхэг рүү шилжих нь тодорхой болов. 

Энэ шилжилтийг эртнээс олж харсан улс орнууд хэдийн ажилдаа оржээ. БНХАУ гэхэд дотоодын хэрэгцээгээ ч хангаж дийлдэггүй атлаа Энэтхэгийг чиглэсэн коксжих нүүрсний хэмжээгээ огцом нэмэгдүүлээд байна. Мөн тус улс дахь Энэтхэгийн компаниуд хилийн чанадын нүүрсний уурхайнуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Тухайлбал, тус улсын Adani групп Австралийн нүүрсний салбарт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Уг нь Австрали зэрэг улстай харьцуулахад Монгол Улс Энэтхэгтэй илүү ойр. Монголоос 2500 километрийн радиус дотор дэлхийн коксжих нүүрсний импортын 60-70 хувийг ашиглаж байхад энэхүү зах зээлийн 60-70 хувийг 6-10 мянган километрийн цаанаас хангасаар байгаа. Тэгвэл Энэтхэг улстай соёл, улс төрийн нягт харилцаатай, байршлын хувьд зэргэлдээ оршдог манай улсын оролцоо нүүрсний зах зээлд хангалтгүй байсаар. 

Уг нь Энэтхэг улс Монголоос нүүрс худалдан авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Тодруулбал, 2011 онд Энэтхэг улсын Ерөнхийлөгч асан Пратибха девисингх Патил Монгол улсад айлчлах үеэр нүүрсний экспортыг хөндсөн. Улмаар “Энержи ресурс” компани 2012 онд туршилтын журмаар Энэтхэг рүү бага хэмжээний нүүрс экспортолжээ. Гэхдээ төд удалгүй зогссон байна. Учир нь энэ туршилтыг тууштай нийлүүлэлт болгохын тулд хилийн шалган нэвтрүүлэх дэд бүтцийг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэн, хилийн боомтыг олон улсын статустай болгох шаардлагатай гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарчээ. Манай нүүрсний импортод Хятад улс ирэх жилүүдэд ч голлох худалдан авагч байх нь тодорхой. Гэхдээ бид зөвхөн урд хөршид борлуулж, нэг улсын татан авалтаас хараат байх бус худалдан авагчаа нэмэх шаардлага тулгарсаар байгаа юм. Монгол Улсын нүүрсний зах зээлээ тэлэх боломжит худалдан авагч нь яах аргагүй Энэтхэг улс болчихоод байна. Үнэнийг хэлэхэд, манай бүс нутгийн буюу Азийн таван зах зээлд (Хятад, Япон, БНСУ, Тайвань, Энэтхэг) дэлхийн нийт коксжих нүүрсний импортын 80 хувь нь ногддог. Гэвч бид тэдний ердөө ганцхан улсад нь нүүрс нийлүүлж байгаа. Ингэхдээ тогтвортой ч бус, байсхийгээд гацаж, зогсолтод өртчихдөг болсон. Хэрэв бид боломжит зах зээлээ ашиглаж чадсан бол өнөөдрийнх шиг ингээд нэг улсыг харан, гар хумхиад суухгүй л байлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сайжруулсан түлшний борлуулалт удааширчээ

Хувийн үйлдвэрүүд ямар ч түүхий эдгүй болж, гацжээ

 0 сэтгэгдэл


Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэхэд зургаахан сар үлдлээ. Ирэх өвөл нүүрсний оронд хэрэглэх түлшээ туршиж үзэх хүсэлтэй иргэд ч цөөнгүй байна. Тиймээс манай сонин нийслэлийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажил ямар шатандаа явж буй талаар сонирхлоо. Улаанбаатарын 220 гаруй мянган өрх жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ хэрэгцээг төрийн өмчит “Тавантолгой түлш”-ээс гадна “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн гишүүн 12 үйлдвэр хангахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэрүүд энэ сард бүтээгдэхүүнээ борлуулалтад гаргана гэж байсан ч өнөөдрийн байдлаар нэг нь ч албан ёсоор шахмал түлш борлуулж эхлээгүй байна.

УЛСЫН ДӨРВӨН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” компани нийслэлчүүдийн шахмал түлшний хэрэглээний 70 хувийг дангаараа хангахаар зорьж байна. Тус компани сайжруулсан түлшний дөрвөн үйлдвэр ажиллуулахаар  төлөвлөж буй. Эхнийх нь өнгөрсөн наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “ТЭЦ-2”-ын дэргэдэх шахмал түлшний үйлдвэр. Шаардлага хангаагүй, технологийн зөрүүтэй тоног төхөөрөмж авчирч суурилуулснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон уг үйлдвэрийн зөвхөн шахах цехийг “Тавантолгой түлш” компани ашиглаж байгаа юм. Харин энэ онд багтаж Сонгинохайрхан дүүрэг дэх толгойтод шахмал түлшний хоёр том үйлдвэр ашиглалтад оруулах бөгөөд эхнийх нь энэ баасан гарагт нээлтээ хийнэ. Түүнчлэн Налайх дүүрэгт бас ахин нэг үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Биднийг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, “ТЭЦ-4”, “ТЭЦ-2”-ын ойролцоо байрладаг “Тавантолгой түлш” компанийн агуулахад очиход наймдугаар сараас хойш 350-360 тонн буюу 14 мянга гаруй шуудай шахмал түлш нөөцөлсөн байлаа. Туршилт хийхэд багагүй хугацаа шаардсан тул төдийлэн их нөөц бүрдүүлж чадаагүй юм байна. Харин баасан гарагт нээлтээ хийх толгойт дахь үйлдвэрийн хашаанд мөн ийм хэмжээний шахмал түлш бий аж. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” компани одоогоор нийт 700 орчим тонн шахмал түлшний нөөцтэй байна. Нэг өрх жилд 2.5-3 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэж тооцвол энэ нь 280 орчим өрхийн л жилийн хэрэгцээг хангах хэмжээ юм. Гэхдээ тус компанийнхан шинэ үйлдвэрүүд ашиглалтад орчихвол ирэх намар гэхэд нийслэлчүүдийн нүүрсний хэрэглээний 70 хувийг хангахуйц нөөцтэй болж чадна гэж тооцож буй аж. “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнээ энэ сард багтаж худалдаанд гаргах юм байна. Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхэлжээ. Хэрэв “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшийг хэрэглэж үзье гэвэл агуулахаас нь очиж авахаас өөр аргагүй. Одоогоор энгийн шуудайнд савласан бөгөөд албан ёсоор борлуулахаар бол тусгай лого бүхий шуудайнд ууталж зарах аж. Саяхан тус компанийн шахмал түлшийг нэгэн хувийн компани өөрсдийнхөө үйлдвэрлэсэн түлш хэмээн иргэдэд сурталчилж, зарсан тохиолдол ч гарсан юм байна. Тиймээс худалдаанд гаргахаас өмнө багагүй бэлтгэл шаардаж буйг “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл хэллээ. 

“Тавантолгой түлш” энэ сард багтаж шахмал түлшээ борлуулж эхэлнэ

Уг түлшийг нийслэлийн агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд багтдаг Сонгинохайрхан дүүргийн 10 орчим хорооны өрхөд туршиж байгаа аж. “Уг нь бид одоо байгаа нөөцөө зарж, борлуулахад бэлэн. Гэхдээ Засгийн газраас шахмал түлш борлуулах үнийг яг таг тохирсон шийдвэр гараагүй байгаа. Хэрэв энэ шийдвэр гарчихвал борлуулж эхэлнэ. Одоогоор нэг шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэж байгаа ч үнэ нь дээшээ, доошоо бага зэрэг хэлбэлзэж магадгүй байна” гэж тус компанийн мэргэжилтэн Н.Янжмаа хэлсэн юм.

ХУВИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД НЭГ Ч ШУУДАЙ ТҮЛШНИЙ НӨӨЦ АЛГА

Дорноговь, Дархан, Говьсүмбэр, төв аймагт байсан шахмал түлшний үйлдвэрүүдийг өнгөрсөн хавар нийслэлийн Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд төвлөрүүлсэн. ингэснээр тээврийн зардал багасаж, бүтээгдэхүүний үнэ ч буурна гэж тооцсон. Гэвч Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийн эдгээр 10 гаруй үйлдвэрт одоогоор нэг ч шуудай шахмал түлшний нөөц алга. Үйлдвэрүүд техник, технологио шинэчилж, бэлтгэлээ хангаад буй ч түүхий эдээ авч чадаагүйгээс ийнхүү зогсонги байдалд оржээ. Хувийн үйлдвэрүүд нэг тонн шахмал түлшээ 150 мянган төгрөгөөр худалдаална. Харин үйлдвэрлэсэн нэг тонн тутамд нь 50 мянган төгрөгийн татаас олгохоор олон сар ярьсан. Энэ асуудал өнгөрсөн даваа гарагт л шийдэгдэж, уржигдар БОАЖЯ болон Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн холбоо гэрээ байгуулжээ. Гэхдээ татаасаа гурав хувааж олгохоор болсон байна. Эхний ээлжинд үйлдвэрүүдэд татаасны 30 хувийг олгох бөгөөд үлдсэнийг нь бүтээгдэхүүнээ борлуулж эхэлмэгц 40 ба 30 хувиар хувааж өгөхөөр гэрээлжээ. Тиймээс дээрх үйлдвэрүүд эхний ээлжийн санхүүжилтээ хүлээж байна. Гэхдээ санхүүжилт орж ирсэн ч бас нэг бул хар чулуу үйлдвэрүүдийн ажлыг гацааж, дөнгөлчихөөд байна.

ТЭЭВЭРЛЭЛТ АЖИЛ ГАЦАХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖЭЭ

Улаанбаатарт хэрэглэх шахмал түлшийг зөвхөн “Энержи ресурс” болон “Тавантолгой” ХК-ийн баяжуулсан эрчим хүчний нүүрсний медлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд баяжуулсан эрчим хүчний нүүрсний хэмжээ жижигтэй учраас шигшигдэж үлдсэнийг нь шахмал түлшний үйлдвэрүүдэд үнэгүй өгөхөөр болсон юм. “Энержи ресурс” компанийн хашаанд гэхэд одоогоор 2.4 сая тонн ийм нүүрс овоолоостой бий. Гэвч үүнийг тээвэрлэх ажлыг зөвхөн төрийн компани гүйцэтгэнэ гэсэн шийдвэр гарсан нь ажил гацах гол шалтгаан болжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаахудаг, Тавантолгой орд Улаанбаатар хотоос 500 гаруй км зайтай. Хувийн жижиг үйлдвэрүүдэд тээврийн зардал хүндээр тусч, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр байгаа тул төр зохицуулах хэлэлцээрт хүрсэн юм. Гэвч бизнес эрхлэгчид баярлан хүлээж авсан энэ шийдвэр хувийн компаниудад одоо тус биш ус болчихоод байна. Үйлдвэрүүд түүхий эдээ татъя гэхээр “Төрийн компани зохион байгуулах учраас хувийн компаниудад тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй. Та нар хүлээж бай” гэсэн хариуг холбогдох албан тушаалтан өгчээ. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг хүлээхгүйгээр чанарын шаардлага хангасан өөр нүүрсээр түлшээ үйлдвэрлэе гэсэн ч мөн л хориглосон аж. Төрөөс татаас авах дээрх үйлдвэрүүдийг зөвхөн ухаахудаг, тавантолгойн медлингийг ашиглахыг шаардаж буй. Хэрэв өөр нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, үйлдвэрийг нь хаах хүртэлх арга хэмжээ авна гэжээ. Тиймээс үйлдвэрүүд ямар ч нүүрсгүй, агуулах нь хов хоосон байгааг “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн төлөөлөл хэллээ. Уг нь эдгээр үйлдвэр жилд 150 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. хэдийгээр “Тавантолгой түлш” компанийн дөрвөн үйлдвэрийн хүчин чадал нийлээд 600 мянган тонн буюу нийслэлийг 100 хувь хангах чадалтай ч энэ бол зөвхөн онолын хэмжүүр. Бодит байдал дээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 50 хувийг л ашигладаг учраас нийслэлчүүдийг түлшээр хангахад хувийн үйлдвэрүүдийн хүч, оролцоо шаардлагатай гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгээд ч төлөвлөсөн дөрвөн үйлдвэрийн нэг нь “ТЭЦ-2”-ийн цех, хоёр нь ашиглалтад орох болоогүй байгаа учраас үүргээ бүрэн гүйцэтгэнэ гэж тооцоход бэрхтэй.

• Хувийн үйлдвэрүүдийн шахмал түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас олгоно.

• Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхлээд байна.

• Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна.

Ийнхүү түүхий нүүрсийг орлох шахмал түлшний улсын болон хувийн үйлдвэрүүд төрийн шийдвэрийг хүлээж сууна. Тэрнээс, энэнээс болсон гээд хөлөө жийлцээд ажлаа урагшлуулахгүй байвал төсвийн хэдэн тэрбум төгрөг үрэгдэж, иргэд өвлийн хүйтэнд түлх түлшгүй хоцрох вий. Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна. Сайжруулсан түлш гэдэг үгийг мянгуужингийн үлгэртэй адил төсөөлөхөд хүргэсэн өмнөх бүтэлгүй түүхүүдийг давтахгүйн тулд шахмал түлшний үйлдвэр, нөөц бүрдүүлэх ажилд эртнээс анхаарах шаардлагатай байна.