A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3003/

Гишүүдийн тоог 99, парламентын хугацааг таван жил болгохыг дэмжихгүй

Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх санал дэмжлэг авахгүй нь тодорхой болов

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3003/


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй 150 заалтаар санал хураалт явуулж буйгаас 60 орчим заалт үлдээд байна. Ээлжит бус чуулганы хуралдаан өчигдөр өглөө санал хураалтаар үргэлжилсэн боловч МАН-ын бүлэг зарчмын зөрүүтэй 10 багц асуудлаар байр сууриа нэгтгэхээр завсарлага авсан юм. МАН-ын бүлэг санал хураалтын үеэр парламентын хугацааг таван жил, гишүүдийн тоог 99 болгох, баялгийг төрийн нийтийн өмчид хамааруулах, шүүхийн байгууллагын хариуцлагын тогтолцоог сайжруулах, сонгуулийн тогтолцоог тодорхойлох зэрэг таван асуудлыг хойшлуулаад байсан. Үүн дээр нэмэгдээд Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх саналыг бүлгийн түвшинд дахин ярилцахаар болсон юм. Өнгөрсөн лхагва гарагт хоёрдугаар хэлэлцүүлгийн санал хураалтаар энэ санал унасан учраас бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлага гарсан.

Үүнийг дагаад одоогийн үндсэн хуульд байгаа сайд нар УИХ-д ажлаа тайлагнах агуулгыг хасах санал, Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь өргөн барих зэрэг заалт хойшлоод байгаа юм.

МАН-ын бүлгийг талцуулаад буй Ерөнхий сайд танхимаа бүрэн хариуцах заалтаар гишүүд өөр өөрийн байр сурийг илэрхийлж буй.

• Баг хорооны Засаг даргыг аймаг, дүүргээс томилох төслийн заалтыг хасахаар тохирчээ.

• МАН-ын бүлгийн гишүүд зарим заалтаар нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр болов. 

• МАН-ын бүлгийн гишүүд өөр өөрийн үнэлэмжээр санал өгөх болсноор олон заалт хэлэлцүүлгийн шатанд “унах” магадлалыг нэмэгдүүллээ.

АН-ын зүгээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх заалтыг үндсэн хуульд тусгах санал гаргасан ч хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд дэмжлэг аваагүй. Тэд энэ саналыг дахин хэлэлцэх хүсэлтийг МАН-ын бүлэгт хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж.

Харин МАН-ын бүлэг ийн хойшлуулсан 10 багц заалтаар байр сууриа нэгтгэхээр хуралдсан ч зарим асуудалд байр суурь нэгдэж чадалгүй завсарлагын хугацаа тулсан тул арга буюу чуулганы хуралдаанд орсон талаар гишүүд ярьсан. Харин бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж санал нэгдсэн байна. Мөн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналыг олонх нь дэмжсэн бөгөөд баг хорооны Засаг дарга нарыг аймаг, дүүргээс томилох асуудлыг энэ удаагийн өөрчлөлтөөр хөндөхгүй байхаар тохирчээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар гишүүд зарим асуудлаар шийдвэрээ гаргалаа. Тухайлбал төрийн албан хаагчтай холбоотой, Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилдог байх, баг, хорооны даргыг томилох зэрэг асуудлаар бүлгийн шийдвэр гарсан. Бусад хойшлуулсан асуудлаар гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгөөд явах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ” гэв.

УИХ-ын гишүүдийн байр суурь энэ мэтчилэн эсрэг тэсрэг байгаа. МАН-ын бүлэг ч гишүүддээ өөрийн үнэлэмжээр санал өгөх “эрх”-ийг олгосноор олон заалт УИХ-ын 57 гишүүний дэмжлэг авч чадалгүй үндсэн хуулийн өөрчлөлтөөс хасагдах магадлалтай боллоо.

С.Бямбацогт

-Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах нь үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг. Өнөөдөр Засгийн газрын сайд нарыг УИХ-аас томилж байгаа нөхцөлд парламентаас хараат сайд нар мэргэжлийн үүднээс салбарынхаа бодлогыг бие даан авч явах боломж бүрдэхгүй байна. Тиймээс сайд нар зөвхөн танхимын тэргүүнийхээ өмнө хариуцлага хүлээж салбарын ажлаа мэргэжлийн түвшинд хийх боломжийг олгох ёстой.

Ц.Даваасүрэн

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ өөрийн хамаатан, ойр тойрны хүмүүсийг сайдаар томилчихвол парламент хариуцлага тооцох боломжгүй болно. Мөн бүлэглэлийн нөлөөнд орох боломж бий болно. Тийм учраас би одоогийн байгаа хэлбэрийг хэвээр үлдээх саналтай байгаа. Сайд нар хууль бус зүйл хийгээд байвал хариуцлага тооцож, огцруулж чадахгүй хэмжээнд хүрнэ.

Ц.Гарамжав

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж өөрөө хариуцлагаа хүлээх энэ заалтыг дэмжиж байгаа. Одоогийн хуулиа бариад явахаар хоёр Ерөнхий сайдтай юм шиг нөхцөл үүсчихсэн. Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүн Ерөнхий сайдад эрх мэдэл олгох энэ заалт дээр өмнө байсан байр сууринаасаа буцаж байгаа нь иргэдээс гарсан саналтай холбоотой болов уу гэж харж байна.

Б.Баттөмөр

-Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох хэлбэр парламентын засаглалтай орнуудад байдаг л зүйл. Энэ үүднээсээ УИХ-ын 62 гишүүн үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх тухай тусгасан. Гэхдээ Ерөнхий сайд Засгийн гарын гишүүдээ томилж, чөлөөлөх боловч УИХ-д танилцуулах ёстой. УИХ-ын гишүүд тухай сайдын ажлын төлөвлөгөөг сонсож, анхаарч ажиллах асуудлыг нь хэлдэг байх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл"

Ардчилал бидэнд юу өгснийг залуусаар дэнслүүлэв

 0 сэтгэгдэл


Ардчилал бидэнд юу өгсөн бэ? Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд дээрх асуултад хариулт хайлаа. Монголын Улс төрийн гол хоёр хүчин ардчилсан нам, МАН болон бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Монгол Улс ардчилллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулсан юм.

Эл хурлын онцлог хийгээд авууштай тал нь амжилт ололт, алдаа оноо, тулгарч буй бэрхшээл сорилтыг дунд, залуу үеийнхнээрээ дүгнүүлсэн нь ололттой байв.

Хурлын модератороор ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, эдийн засагч Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал нар ажилласан нь бас содон хошил байсан.

Эдийн засагч Р.Амаржаргал 230 жилийн өмнө өрнөсөн Францын ардчилсан хувьсгалыг дүгнэх болоогүйг мэргэчүүл нь хэлдгийг эш татаад, 30 настай Монголын ардчиллын алдаа оноог ярихад эрт байна гэв.

Тэрбээр “Монголын ардчиллыг ардчилсан нам хэзээ ч өмчилж байгаагүй. Энэ бол монголчуудын хамтын бүтээл. Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл байсан. Ардчилал гэдэг америкчуудад нэг өөр. Япон ч юм уу өөр улсуудын хувьд бас ондоо. Харин монголчуудын хувьд ардчилал гэдэг дөрвөн жилд болдог сонгууль, олны өмнө гарч ирээд цээжээ дэлдэж орилдог популзм, жендэрийн тэгш эрх энэ тэрийг зарлан тунхаглах тухай биш юм. Харин Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын баталгаа нь ардчилал юм” хэмээв.

Харин илтгэгчдээр дипломатч Ц.Сүхбаатар, Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, үндэсний брэндийн зөвлөлийн тэргүүн Н.Дэмбэрэл, LEAD хөтөлбөрийн төгсөгч, судлаач Г.Булганчимэг, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх нар оролцсон юм. Тэд Монголд өрнөсөн ардчиллын ололт хийгээд сорилтыг хэрхэн тодорхойлсныг тоймлон хүргэе.

Ц.СҮХБААТАР: /диплиматч/ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААР МОНГОЛ ОРОН ОББЬЕКТООС СУБЬЕКТ РҮҮ ШИЛЖСЭН

Миний бие 1980-аад оноос гадаад харилцааны салбарт ажилласан. Тухайн үед ЗХУ болон социалист нөхөрлөлийн орнуудын эрх ашгийг хамгийн эхэнд тавьдаг, Монгол өөрөө бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Цөөн хэдэн улстай харилцдаг, гадагшаа явахдаа социалист чиг баримжаатай орнууд руу л явна. Өөрсдийгөө азид буй коммунизмын гол тулгуур гэж үздэг, ЗХУ-ын 100 мянга гаруй бие бүрэлдэхүүнтэй цэргийн ангийг нутагтаа байршуулсан байдалтай 1990 онтой золгосон. Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд зүг чигээ хамгийн хурдан олсон салбар бол гадаад харилцааны салбар. Тэр үед Монголыг эдийн засгийн хувьд тэжээж байсан ЗХУ нуран унаснаар манай орон эдийн засгийн гүн гүнзгий хямралд орсон. Тиймээс тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат болон гадаад харилцааг ахалж явсан Ц.Гомбосүрэн, эдийн засагч Да.Ганболд нар маш зөв бодлого хэрэгжүүлж, “Монголд хандивчлагчдын чуулган” гэх бүтцийг өндөр хөгжилтэй орнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ нь улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг хийх боломжийг бий болгосон. Товчхондоо ардчилсан хувьсгалаар Монгол Улс обьектоос субьект рүү шилжсэн.

Н.ДЭМБЭРЭЛ /Үндэсний брендийн зөвлөл/ АРДЧИЛСАН ЧӨЛӨӨТ БОДЛОГОО ХЭРХЭН АВЧ ЯВАХАА ШИЙДЭХ ТҮҮХЭН ҮЕ ИРЛЭЭ

Өнөөдөр дэлхий нийтээр дахин нэг тектоник хөдөлгөөн явж байна. Угаасаа Евразийн энэ хэсэгт дэлхийд бодлогоо хэрэгжүүлдэг геополитик байна. Энэ онолын дагуу их гүрнүүд хоорондоо өрсөлдөж байгаа. Гэхдээ одоо хоорондоо дайтаад явахгүй нь тодорхой. Харин эдийн засаг, улс төр, дипломат бодлого явуулж байна. Дэлхий даяар өрнөж буй эдийн засаг, геополитикийн орчинд Монгол Улс 300 жилд анх удаа өөрсдөө авч явж буй ардчилсан чөлөөт бодлогоо хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг түүхэн цаг үе ирлээ гэж хардаг. Гэтэл хувь заяаны шоглоом ч гэдэг юм уу, яг энэ хугацаанд засаглал солих хэмжээнд хүртэл улс төр яригдаж байгааг бүгд харж байна.

О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ: /Эдийн засагч/ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТОГТОЛЦООГ ХУУЧНААРАА УДИРДАХ ГЭСЭН АРГА БАРИЛ БАЙСААР БАЙНА

Эдийн засагт хувийн хэвшил давамгай болсон, худалдаа нээлттэй болсон, дэлхийн худалдааны байгууллагад элссэн, санхүүгийн хямралуудыг давж гарсан гээд ардчиллаас хойш Монголын эдийн засгийн салбарт гарсан ахиц дэвшил их. Гэхдээ бидний өмнө сорилтууд байна. Хамгийн түрүүнд ядуурлыг хэлмээр байна. Дэлхийн банкны үзүүлэлтээр 2018 онд хүн амын 28 хувь нь ядуу байна. Өөрөөр хэлбэл ядуурлын түвшин хэт өндөр. Нөгөө тал дээр орлогын ялгаатай байдлын үзүүлэлт ч мөн хэт өндөр. Түүнээс гадна ДНБ дэх төсвийн зарлагын жин тогтмол 30-аас дээш байна. Заримдаа 40 хүрдэг. Энэ бол орлогын ялгаатай байдал, ядуурал ихтэй, эдийн засаг дахь төрийн оролцоо давамгай хэвээрээ байгаагийн илрэл. Хэдийгээр манай хувийн хэвшил либеральчлагдаж, өнөөдрийн зэрэгтэй явж байгаа ч өмнөхөө санагалздаг, шинэ тогтолцоог хуучнаараа удирдах гэж оролддог байдал төрд байсаар байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг дахь сэтгэлгээний өөрчлөлт хийгдээгүй байгаа юм. Цаашид эдийн засгийг удирдах гэж оролдож байгаа, бизнесийн орчныг сайжруулах гээд муутгаж байгаа хуучинсаг, зөвлөлт маягийн арга барилаа өөрчлөх нь хамгийн чухал.

Г.БУЛГАНЧИМЭГ: /судлаач/ МОНГОЛЧУУД ТЭГШ БУС БОЛОМЖИЙГ ЭДЭЛДЭГ

Өнөөдөр Монголын нийгэм яагаад ийм их бухимдалтай, ардчилсан тогтолцоогоо буцаах хэмжээний эргэлзээ үүсчихэв ээ гэдэг нь гол асуулт. Миний бодлоор иргэдэд нийгэм, эдийн засгаа сайжруулах боломж нь хангалттай үүсээгүй байна. Энэ боломж үүсэхгүй байгаа хамгийн том шалтгаан нь ерөөсөө л тэгш бус байдал. Монголд ядуурал маш их байна. Гэхдээ засаглалын асуудлаас болж энэ ядуурал бий болоогүй, зөвхөн хүмүүст олдож байгаа боломж нь л тэр. Хүмүүс өөр өөр боломжийг эдэлж байна. Хамгийн түрүүнд баялгийн дахин хуваарилалтын асуудал. Энэ магадгүй 1990 оны эдийн засгийн хувьчлалаас эхэлсэн байх. Би дундаж айлын хүүхэд. Тиймээс би гадаадад сургуульд сурах тэтгэлгийг олж авахын тулд хичнээн олон цоожтой хаалгыг нүдэж онгойлгосныг мэдэхгүй. Гэтэл тэр боломжийг зүгээр нэг эрх мэдэлтэй айлын хүүхэд ямар амархан олж авсныг би бас мэдэхгүй. бүр нөгөө талдаа над шиг тийм боломжийг ч эдэлж чадахгүй өчнөөн айлын хүүхэд байгаа. Хүн хөрөнгөөрөө ингэж хуваагдаад эхлэхээр мэдээлэл олж авах байдлаараа ч хуваагдаад эхэлнэ. Тухайлбал, саяхан болсон ЖДҮ-гийн хэрэг хамгийн том жишээ. Ийм зээл байдаг юм уу гэж гайхшаа барж, нийгмээрээ цочирдсон. Гуравдугаарт хүн мөнгөгүй, мэдээлэлгүй болохоор ямар ч эрх мэдэлгүй, тойргийн гадна үлдэнэ. Өөрөөр хэлбэл улс төр ч юм уу оролцоог нь хязгаарлаад эхэлж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Махны экспорт өөдөлдөггүйн учир

 0 сэтгэгдэл


Оросын эрэн сурвалжлах сэтгүүлчид тус улсын махны бизнесийн хамгийн том компани Ерөнхий сайд Д.Медведевийн эхнэрийнх нь ахын нэр дээр байдгийг илрүүлжээ. Манайд ч гэсэн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хадам дүү нь махны экспортын компанитай. Уг нь хамгийн ашигтай нь малын махны экспорт гэдгийг С.Баяр ОХУ-д Элчин сайдаар суухдаа арав гаруй жилийн тэртээгээс хөөцөлдөж, бүр улс төрөөс гарч хувийнхаа бизнес болгохоор ярьж явсан гэдэг. Гэвч тухайн үед намын даалгавраар сонгуульд  оролцож, махных нь бизнес "ума хум" болов. Тиймээс улс төрийн оролцоо их энэ бизнесийг эрх баригчид эзэмшиж, улсын төлөө биш, хувьдаа овоо мөнгө өвөртлөх гэсэн сэдлээс нь болж экспорт хөгждөггүй байна. Ийм шунал зөвхөн манайд ч биш, дарангуйлагч төртэй орнуудад элбэг байдаг гэнэ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Эрдэнэ: Ардчилсан нам парламентын засаглалыг хамгаална

 0 сэтгэгдэл


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Харин Ардчилсан нам санал асуулгын эхийг зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулжээ. Энэ талаар болон бусад асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой шийдвэр гаргалаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өглөө. Энэ хурлаар хэлэлцсэн гол асуудал нь үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Ардчилсан намын баримтлах байр суурь юм. Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд чиглэл өгсөн. Ард нийтийн санал асуулга дээр намын байр суурийг нэгтгэж, Ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсэг үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах юм. Өөрөөр хэлбэл, ард нийтийн санал асуулгыг ямар эх хувиар явуулах вэ гэдэгт тодорхой шийдэл хайна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр дахь хэлэлцүүлэг дууссан. Ардчилсан нам хоёр дахь хэлэлцүүлгийн төслийг 100 хувь үгүйсгэж байгаа. Учир нь анх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ардчилсан нам, Ерөнхийлөгчөөс өгсөн санал үүнд тусгагдаагүй. хоёрдугаарт, үндсэн хуулийг өөрчлөх анхны зорилтоосоо өнөөдөр байгаа төсөл ухарсан. Одоо байгаа төсөл нь үндсэн хуулийг өөрчлөх шаардлагыг хангаж чадахгүй гэж үзсэн учраас хоёр дахь төслөөс санал асуулга явуулахыг эсэргүүцэж байгаа юм.

-Ардчилсан нам хэлэлцүүлгээс гарч буйгаа өмнө нь мэдэгдсэн. Тэгэхээр одоо буцаад хэлэлцүүлэгт оролцоно гэсэн үг үү?

-Бид аливаа асуудлыг мухардалд оруулахгүйн тулд үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахыг судалж, эрх баригчидтай зөвшилцөх зорилгоор энэ Ажлын хэсгийг байгуулж байгаа юм. Бид өнөөдрийг хүртэл аль болох зөвшилцөх байр суурьтай байсан. Өнөөдөр ч , цаашид ч энэ байр суурь дээрээ зогсоно.

-Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгыг явуулахдаа засаглалын хэлбэрийг асуухыг санал болгосон. Танай нам Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ардчилсан намд хамаатуулах оролдлого их гарч байна. Бид үүн дээр хатуу байр суурь баримталж байгаа. 2018 онд болсон Ардчилсан намын IX их хурлаар үзэл баримтлалаа баталсан. Улмаар УДШ-д анх удаа үзэл баримтлалаа бүртгүүлсэн улс төрийн хүчин болсон. Үүгээр Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалыг дээдэлсэн, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байхаа баталсан. Энэ үзэл баримтлалаа  цаашид ч хамгаалах болно. Тиймээс Ардчилсан нам цаашид сонгодог парламентын төлөө тууштай ажиллана.

-Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй ажиллах бол?

-Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Харин дэд даргаар нь хуульч Х.Тэмүүжин болон Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нарын гишүүн бүрэлдэхүүнд нь орсон. Ажлын хэсгийн үндсэн үүрэг нь ард нийтийн санал асуулгын эх загварыг эрх баригчидтай зөвшилцөх юм. Аль болох зөвшилцөлд хүрэхийг үүрэг болгосон.

-Ард нийтийн санал асуулгын эхийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан. Одоо танай намын Ажлын хэсэг зөвшилцлөө гэхэд эхийг өөрчлөх хууль эрх зүйн бололцоо бий юу?

-Санал асуулгын эхийг баталсан өчигдрийн хувилбар үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг хангахгүй. Тэр хувилбараа эрх баригчид хүч түрэн зүтгүүлнэ гэвэл бид зөвшилцөхгүй. Харин зөвшилцөлд хүрээд, үнэхээр ард нийтийн хүлээлтийг хангасан өөрчлөлтийг оруулбал хамтрахад бэлэн. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг парламентаар эхлэхээс өмнө Ардчилсан нам ард нийтийн санал асуулга явуулахыг санал болгосон. Эхлээд ард түмнээсээ асуух тэр саналыг маань эрх баригчид дэмжээгүй.

Ажлын хэсэг санал асуулгын эхийг эрх баригчидтай зөвшилцөх үүрэгтэй

Харин оронд нь Зөвлөлдөх санал асуулга гэсэн хууль бус бүтцийг бий болгож, зөвхөн төрийн албан хаагчдын дунд явуулсан. Би өнгөрсөн зун 21 аймгаар явж ажиллалаа. Ихэнх газарт ард нийтийн зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд тун цөөн байсан. Гэтэл үүн дээр тулгуурлаж үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Харин өнөөдөр тэр төсөлд үндсэн хуулийг өөрчлөх шаардлагыг хангасан нэг ч зүйл алга.

-Ард нийтийн санал асуулгыг 29 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар УИХ хэлэлцэж байна. Энэ төсвийн талаар Ардчилсан намын байр суурь ямар байгаа вэ?

-СЕХ-ноос 12.5 тэрбум төгрөгт багтаан ард нийтийн санал асуулгыг зохион байгуулъя гэдэг саналаа УИХ-д ирүүлсэн юм билээ. Үүн дээр УБЕГ, цагдаа зэрэг байгууллагаас нэмэлт зардлын санал ирж, гурван тэрбум төгрөг нэмсэн байна. Үндсэндээ 15 гаруй тэрбум төгрөгөөр энэ санал асуулгыг явуулах боломжтой гэсэн үг. Гэтэл эрх баригчид ямар үндэслэлээр энэ төсвийг бараг хоёр дахин нэмж, 29 тэрбум төгрөг болгов. Үүн дээр нэмэлт гурван тэрбумыг мөн суулгана гэж байна. Эцсийн дүндээ 32 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол нөгөө л мөнгө угаадаг, магадгүй мөнгө тарааж ард нийтийн санал асуулгын ирцийг хангах гэсэн оролдлого гэж би хардаж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ санал асуулгыг явуулах хөрөнгө Засгийн газрын нөөцөд байхгүй гэсэн. Бас Сангийн сайдын дампуу мэдэгдэл байна. “Бид хэмнэлт гаргах замаар энэ санхүүжилтийг бүрдүүлэх ёстой” гэсэн. Улсын төсөв гэдэг хөдөлшгүй баримт бичиг байдаг. Гэтэл Сангийн сайд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь буруу. Цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, хүүхдийн мөнгө өгөх гэхээр мөнгө байхгүй гэдэг хүн шүү дээ. Гэтэл өөрийн намын бодлогыг санхүүжүүлэх болохоор баталсан төсвийг хэмнэнэ гээд зогсож болохгүй.

-Санал асуулгын эхэд яг ямар саналыг тусгах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн давхар дээлгүйгээр зөвхөн хууль боловсруулах, батлах чиг үүргээ дангаар биелүүлэх ёстой гэдэг байр суурь ганц Ардчилсан намынх биш. Ард нийтээрээ үүнийг шаардаж байна. Засаглалын хямрал юунаас болж бий болдог, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага яагаад унаад байна гэдгийн буруу нь давхар дээлтэй болсных гэдгийг бүгд хэлж байна. Харамсалтай нь, эрх баригчид энэ зорилгоос буцлаа. Сонгодог парламентын зарчим буюу гүйцэтгэх засаглал нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх нөхцөл байдлыг хангах нь Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм.

-Сэдэвтэй хамаагүй нэг асуулт байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Тийм шийдвэр огт гараагүй. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.туваан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Энэ хүний талаар манай намын дотоод хяналтын байгууллагаас үнэлэлт дүгнэлт гаргаагүй, алдаа дутагдал гаргасан гэх гомдол санал ирээгүй. Тиймээс энэ хүн томилгоот албан тушаалаа хэрэгжүүлж байгаа. Намын удирдлагын түвшинд Ерөнхий нарийн бичгийн томилгоотой холбоотой юу ч яриагүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шаардлагатай гэвэл Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж болно

Ард нийтийн санал асуулгын зардлыг дахин хэлэлцэхээр боллоо

 0 сэтгэгдэл


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын төслийг хэлэлцүүллээ.

Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, Ерөнхийлөгчийн тавьсан засаглалын хэлбэрийг хамт асуух талаар ярилцаад явах нь зүйтэй байх гэв. Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин ярилцах шаардлагатай байгаа учраас хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгнө үү гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал тайлбар өгөхдөө, Ерөнхийлөгчийн санал Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ гаргасан хойно ирсэн гэдгийг онцлов. Улмаар одоо энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаас шаардлагатай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаавал асуудлыг хэлэлцэх боломж бий гэсэн юм.

Харин ард нийтийн санал асуулга явуулах зардал мөнгө, санал асуулга явуулах өдөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг дурдлаа.

Ард нийтийн санал асуулга явуулах нь сонгуулиас өөр тул зардлыг нь харьцуулж таарахгүй


Тус хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дах хэсэг буюу байгалийн баялагтай холбоотой заалтыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүний гаргасан саналыг тусгаад дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг дэгийн хуульд заасны дагуу өгсөн аж.

Тодруулбал, тэдгээр 20 гишүүн “Стратегийн ордын 50-иас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томъёолол оруулах саналыг Ажлын хэсэг гаргасан байна. Тэгвэл уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн найруулахаар болов.

Мөн ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо. Харин өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы хуралдаан дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ талаар тайлбар өгөв. Учир нь ард нийтийн санал асуулга явуулах нь сонгуулиас өөр тул зардлыг нь харьцуулж таарахгүй хэмээв. Гэхдээ зардлыг бууруулах талаар судалж байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр зардал өсөх болсон шалтгаан нь улсын бүртгэл болон цагдаагийн байгууллагаас нэмэлт зардал бүхий хүсэлт ирүүлсэн байна.