A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3382/

Гишүүд төсвөөс хасагдсан тойргийн мөнгөө нэхэж байна

Ноос, улаанбуудай, арьс ширний урамшууллыг төсөвт суулгахаа мартжээ.

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3382/
  • УИХ-­ын 23 гишүүн санал гаргаж өөрийн тойрог бүрт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх, заримыг нь өөр бүтээн байгуулалтын ажилд шилжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Төсвийн байнгын хороогоор 2020 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд ирэх оны төсөвт орох боломжгүй болсон 1.2 их наяд төгрөгийг хэрхэх талаар Сангийн сайдаас тодруулсан юм. Ш.Раднаасэд Сангийн сайд хууль нь хүчингүй болсон орлогыг төсөвлөж оруулж ирсэн талаар шүүмжилсэн бол, Д.Тогтохсүрэн төсвийн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээс өмнө холбогдох хуульд өөрчлөлт оруулж, 1.2 их наяд төгрөгийн цоорхойг нөхөх аргаа олж төсвөө батлахгүй бол болохгүйг учирласан. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ажлын хэсэг хуралдаж ҮХЦ­-ийн шийдвэрийн дагуу хуулийг өөрчлөх, төсвийн орлогын 1.2 их наяд төгрөгийг хэрхэх арга замыг хайж байна. Хуулийн төсөл боловсруулаад тодорхой шийдэлд хүрэх байх” гэв. Үндсэн хуулийн цэц АМНАТ­-ийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулан УИХ­-ын дарга Эдийн засаг болон Хуульзүйн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайдын тайлбарлаж буйгаар тус ажлын хэсэг АМНАТ­-ийн татвараас бүрдэх ёстой байсан 1.2 их наяд төгрөгийг цоорхойг нөхөх аргыг хайж байгаа аж. Ингэснээр Сангийн сайд алдаатай төсөв оруулж ирснээ нэг талаар хүлээн зөвшөөрч, ажлын хэсгийн түвшинд шинэ арга хайж эхэлснийг ийн мэдэгдлээ. Мөн өнөөдөр хуралдах УИХ нэгдсэн чуулганаар ч АМНАТ-­ийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэцийн шийдвэрийг хангах болсон талаар гишүүд нэгдсэн ойлголтод хүрэв.Үүнээс гадна 2020 оны төсвийн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн гол сэдэв ажлын хэсгийнхэн зарим гишүүний тойргийн хөрөнгө оруулалтын зардлаас хассан тухай гомдоллов. Гишүүд Сангийн сайдыг төсвийн төслийг өргөн барихдаа хөрөнгө оруулалтын задаргааг танилцуулаагүй байж 375 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад нэмэлтээр оруулснаа гэнэт зарласан нь асуудал үүсгэж байна гэж шүүмжилсэн. Мөн Ж.Эрдэнэбат Дархан­Зүүнхараа чиглэлийн авто замын хөрөнгө оруулалтаас таван тэрбум төгрөг хассан тухай, Н.Амарзаяа Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр ямар, ямар суманд таван тэрбум төгрөг төсөвлөснөө зарлахгүй байгаад “гомдол гаргав”. УИХ-ын 23 гишүүн санал гаргаж өөрийн тойрог бүрт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх, заримыг нь өөр бүтээн байгуулалтын ажилд шилжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Харин ХХААХҮ-­ийн сайд Ч.Улаан зарчмын зөрүүтэй санал хэлэхдээ “ЖДҮХС­-г хоёр салгаж Хөдөө аж ахуйг дэмжих сан байгуулсан ч тус санд сүү, улаан буудай, ноосны урамшууллын мөнгийг суулгаагүй мартсан байна” гэсэн гомдол мэдүүлсэн. Ийн гишүүд тойрогтоо хуваарилсан мөнгийг нягталж, дараагийн хэлэлцүүлгээс өмнө зохицуулахаар дор бүрнээ хичээж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар "Чөтгөрийн тойрог"-оос гарлаа

Нэг сайдын алдаа бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг шийдэх учраас хариуцлага нь асар үнэтэй гэсэн үг

 0 сэтгэгдэл


ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРОН ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙГЭЭ ПАРЛАМЕНТ НЬ ТОМИЛДОГ ОРНЫГ Л ХЭЛДЭГ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж батлахдаа сүүлийн 20 гаруй жилийн Монголын улс төрийн амьдралаар туулсан алдаагаа зассан гэж олон хүн найдаж байна. Үндсэн хуулийн 28 хувьд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс энэ удаа гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтэй холбоотой орсон өөрчлөлтийн ач холбогдыг эхлээд дурдъя.

39.1-д Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

39.4 Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд чөлөөлж, томилж, огцруулна. Засгийн газрын гишүүн нь УИХ-д тангараг өргөнө.


43.2 Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.


Эцсийн мөчид шахуу оруулж, баталсан эдгээр заалт Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлж байна гэхээс илүү улам хариуцлагажуулсан хэлбэр гэж ойлгож болно. Учир нь 1992 оноос хойш Монголд байгуулагдсан 14 Засгийн газрын тэргүүнүүд хүний өөрийн нам, фракцаас санал болгосон “үхрийн бөөр” шиг нэгдлийг нэг танхимд зангидаж, ажиллах амаргүй давааны өмнө үгээ бардаг байв. Аль нэг салбарт доголдол үүсч, хариуцлагын асуудлыг ярихаар харьяалах фракц нь кабинетийг тэр чигээр нь хөмрүүлчих гээд түвэгтэй. “Манай хүнийг огцруулбал бүгд унана шүү” гэсэн байнгын барьцаанд ажиллах Ерөнхий сайдууд болсон болоогүй хүмүүстэй хамтарч ажиллахаас өөр аргагүй байдалд зохицуулалт хийх болдог байв. Түүнээс гадна хугацаанаасаа өмнө огцорсон Засгийн газруудыг харахад санаачилга хийгээд шийдвэр нь дандаа УИХ дахь олонхоос буюу эрх баригч намаас өөрөөс нь гарч, хэрэгжсэн байдаг. УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болсон нам өөрийнхөө болон хамтарч байгуулсан Засгийн газраа дуртай үедээ огцруулж буй нь гүйцэтгэх засаглал хэт сул, УИХ-аас хараат байгаагийн нотолгоо. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн гэж хэлж болохуйц энэ хямралыг засаж, Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлж, чөлөөлж, томилох эрх мэдлийг олгосон нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс онцлох шийдвэр. Парламентын засаглалтай орон гэж Засгийн газрын тэргүүнээ парламент нь томилдог орныг л хэлдэг. Түүнээс бус парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засаглахыг хэлэхгүй. Монгол Улс шиг Засгийн газрынхаа эрх, үүрэг рүү хэт ордог байдал төлөвшсөн парламенттай орнуудад байдаггүй. Англи, Герман, Финланд, Япон, Чех, Польш, Эстони, Литва тэргүүтэй улс орнуудад сайдыг томилж чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд өөрөө бие даан шийдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг. Засгийн газар тогтвортой, бодлогын залгамж чанар хадгалаатай улс орон хэрхэн хөгждөгийг Монголтой яг адилхан парламентын тогтолцоотой Англиас харж болно. 1992 оноос хойш Монголд 14 Засгийн газар ажиллаж, нэг кабинет дунджаар 1.8 жил л оршин тогтнож байхад энэ хугацаанд Англид ердөө таван Ерөнхий сайд ажиллаж, Засгийн газрууд нь тогтвортой байжээ. 

Харин манай УИХ-ын гишүүд Үндсэн хууль дахь “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна” гэсэн заалтыг ашиглан хэт эрх мэдлийг өөрсдөдөө олгосоор ирсэн юм. Ерөнхий сайд болон кабинетынх нь гишүүдийг нэг бүрчлэн томилж, чөлөөлөх эрх УИХ-д бий тул гүйцэтгэх засаглалын эрх мэдэлрүү халдаж, улсын төсвийг дураараа захиран зарцуулдаг байдал энэ удаагийн төсвийн хууль дээр ч харагдлаа. Зөвхөн өөрт ирэх унацаар улсын ажлыг харж, том төслүүдийг тушдаг популист гишүүд, тэрчлэн Ерөнхийлөгчийн институц Засгийн газрын хөлийг нь тушиж, гарыг нь хүлсээр ирснийг тодотгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн өнөөгийн УИХ, Ерөнхийлөгчийн институцад хамаатай үг биш. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш Монголын төрийн бодлого энэ “чөтгөрийн тойрог” дунд хий эргэсэн гэдгийг сануулъя. Монголын улс төрийн намууд дотроо фракцад задардаг өнөөгийн нөхцөлд Засгийн газар УИХ-аас хараат байна гэдэг тэр олон фракцын хүсэл, үзэмж дор л ажиллана гэсэн үг. Үүнийг өнгөрсөн 20 жилийн гүйцэтгэх засаглалын түүх бидэнд харуулж байна. Ажиллах гэхээсээ илүү амьд үлдэхээр тэмцсэн Засгийн газрын эцсийн гарц нь фракцуудын эрх ашгийг хангах, тэдгээрийн төлөөллийг албан тушаалд томилох, төсөв мөнгийг тэдний хяналт дор хуваарилах байдлаар ажиллахаас аргагүй байдалд оруулдаг. Ингэснээр Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах боломжгүй болж, УИХ-ын тоглоомын байгууллага болсоор байгаа юм. 

Харин өнөөдөр парламентын засаглалыг илүү бэхжүүлж, гүйцэтгэх засаглалаа бие даалгах боломжийг олгох байдлаар Үндсэн хуулийг өөрчилсөн нь сайн хэрэг. Юуны түрүүнд төсөлд тусгасан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болох заалтыг онцолъё. Ингэснээр Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яамдын сайд нар УИХ-аас томилогдоно гэсэн үг. Гэхдээ зөвхөн үндсэн чиг үүргийн гэдэг үгээр Үндсэн хуульд суулгачихвал Засгийн газрын бүтцээ батлуулахдаа ийм яамаа нэмчихдэг практик манайд бий. Тиймээс Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд хэмээн тооны хязгаар тавьжээ. Хэрэв гүйцэтгэх засаглалын танхимд Ерөнхий сайдаас бусад гишүүнийг гаднаас 100 хувь гаднаас бүрдүүлсэн бол бүр мэргэжлийн Засгийн газар байгуулах боломж байлаа. Гэхдээ чамлахаар чанга атга, УИХ-ын гишүүд тэр чигээрээ Засгийн газрын кабинетад ороод суучихдаг байдал ирэх намраас засарна. Нөгөөтэйгүүр УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь (өнөөдрөөр жишээлэхэд) Засгийн газарт ороод суучихаар парламентын үндсэн үүрэг болох хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих ажлаа хийдэггүй. Өөрөөр хэлбэл, засаглалын тэнцвэртэй байдал алдагддаг өнөөгийн гажуудлыг засах боломж нь давхар дээлийг тайлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа юм. Мөн сайд нарыг томилж чөлөөлдөг эрхийг УИХ-аас “хурааж”, Ерөнхий сайдад олгосноор Засгийн газрын тэргүүн биечлэн хариуцлага хүлээдэг болно. Өөрөөр хэлбэл, нэг сайдын алдаа бүхэл бүтэн Засгийн газрын хувь заяаг шийдэх учраас хариуцлага нь асар үнэтэй гэсэн үг. Энэ бол хариуцлагатай байх хамгийн том хөшүүрэг. Ерөнхий сайд хариуцлагагүй нэгнээр танхимынхаа хувь заяагаа тоглуулахгүйн тулд томилгоогоо ч зөв хийнэ. Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулж харин томилж, чөлөөлөх, огцруулах эрхийг өөрөө эдэлснээр гүйцэтгэх засаглалын бодлого, хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх, эрх мэдлийн хяналт тэнцлийг сайжруулж, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа нэгдсэн удирдлагад шилжих нөхцөл ийн бүрдлээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН-ын бүлэг Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар зүтгэж эхэллээ

Ж.Бат-Эрдэнэ: Гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхийг Засгийн газарт олгохоор ярьсан

 0 сэтгэгдэл


ГИШҮҮД ОЮУТОЛГОЙН 34 ХУВИА НӨӨЦ АШИГЛАСНЫ НЭМЭЛТ ТӨЛБӨР БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛӨӨР СОЛИХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

МАН-ын бүлэг ээлжит хурлаараа Оюутолгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулж, УИХ-аас гаргах тогтоолын төсөл, парламент болон Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгүүдийг нэгтгэх талаар хэлэлцжээ. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан 10 гишүүнтэй Ажлын хэсэг сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж, тогтоолын төслийг боловсруулан бүлгийн хуралд танилцуулсан байна. Тус Ажлын хэсэг тогтоолын төслөө 2018 онд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн санал, зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн боловсруулсан аж. Тиймээс бүлгийн гишүүд "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой тогтоолын төслийг удаахгүйгээр холбогдох Байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулахыг чухалчилжээ. Тус тогтоолын төсөлд гэрээг хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийг зөрчиж гэрээн дээр шинээр нэмсэн заалтуудыг засах, хэлэлцээрт ороход Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох зэрэг долоон зүйлийг тусгасан аж. Мөн Монголын талын эзэмшиж буй 34 хувийг орлуулах, үр өгөөжийг өөр хэлбэрээр авах боломжийг нарийвчлан оруулах юм. Өөрөөр хэлбэл тус тогтоолоор Засгийн газарт "Оюутолгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг үүрэг болгох юм. УИХ-ын гишүүд "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахдаа 2010 онд баталсан ТЭЗҮ-ийг үндэслэл болгож байгаа бөгөөд түүгээр Монголын талын 34 хувийг 14 тэрбум ам.доллар гэж тооцон нийт 118 тэрбум ам.долларын борлуулалтын орлогоос зардлыг хасаж тооцсон дүнгээр 45 тэрбумыг нь төсөл хэрэгжих хугацаанд хүртэх ёстой гэж үзэж буй юм. Харин 34 хувиа эзэмшихгүй, ногдол ашгаа хүлээхгүй гэвэл ашигт малтмал ашигласны нэмэлт төлбөр болон бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл, бусад татвар хэлбэрээр 20 хүртэлх тэрбум ам.доллар олох гарц шийдлийг олохыг Засгийн газарт үүрэг болгож эргэн ярилцахаар тохирчээ. Монголын төр 34 хувиа орлуулах хэлбэрээр авах болсон шалтгааныг "Оюутолгой" төслийг нарийн хянах төрийн бүтэц байхгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахад Засгийн газрыг шийдэмгий алхам хийхийг шаардсан аж. Зарим гишүүн хөрөнгө оруулагч тал гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын төрийн бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Засгийн газарт хатуу сануулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Оюутолгойн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хамтарсан Ажлын хэсэгт олгохоор болсон” гэсэн юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл явдлын ард гарсан МАН-ын бүлэг дараагийн том “алхам"-аа ийн "Оюутолгой"-н гэрээ рүү чиглүүллээ. Харин хэлэлцээрийн ширээний ард суух Засгийн газарт энэ тогтоолын төсөл хэр тус болох нь ирэх өдрүүдэд мэдрэгдэнэ. Магадгүй хөрөнгө оруулагч талтай тохиролцож чадахгүй бол гэрээг цуцлах нь ч дээр гэж үзэж байна. Төслийг хянах төрийн тогтолцоогүйгээс ашгаа татвар хэлбэрээр авах заалтыг зүтгүүлж эхэлж байгаа нь энэ бололтой. Харин бүлгийн хурлаар хугацаа нь тулаад байгаа АМНАТ-ийн хуульд өөрчлөлт оруулах, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг чөлөөлөх зэрэг асуудлыг яриагүй гэж эх сурвалж мэдээлж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн 27 хувьд нь өөрчлөлт орлоо

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаcан

 0 сэтгэгдэл


ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД ДОР ХАЯЖ 12 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ БАЙЖ, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХ АЖ.

УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, тус хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүдийн хамт мэдээлэл хийв. Үндсэн хуулийг өөрчлөх хүсэл, сонирхол сүүлийн 20 гаруй жилийн турш байсан бөгөөд, гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж байсныг С.Бямбацогт онцлов. Харин энэ удаагийн парламент сүүлийн таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталлаа гэж тэрбээр мэдээллийнхээ өмнө тодотгож байв. Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй. Харин үүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт орсон заалтуудаас онцолбол

● "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж хуульд тусгасан байна. 

● Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн зарчмын шинжтэй заалт орсон. Түүнчлэн улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт оруулжээ. 

● Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. 

Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах ёстой. Энэ нь өнөөдрийн нөхцөлд дор хаяж 12 мянган хүн эвлэлдэн нэгдэж байж, улс төрийн нам байгуулах аж. 800 иргэний гарын үсгээр нам байгуулах хүсэлтээ УДШ-д хүргүүлдэг өнөөгийн босгыг өндөрсгөж байна гэсэн үг. 

● УИХ-ын ээлжит чуулганы хуралдах хугацаа 75-аас доошгүй хоног байх бөгөөд нийт гишүүний олонхын саналаар хууль баталж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийднэ. Энэ нь дор хаяж 39 гишүүний саналаар хууль батална гэсэн үг. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Засгийн газрын тухайд

● Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, чөлөөлөх эрхийг бие даан хэрэгжүүлэх бөгөөд, УИХ-ын дөрвөөс илүү гишүүн давхар дээл өмсөж, сайдаар ажиллахгүй. 

●Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаcан. Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Үндсэн хуулийн энэ заалт 2025 оноос эхлэн хэрэгжинэ. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомж баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН 100 хувийн саналаар батлав

 0 сэтгэгдэл
  • Ардчилсан нам хулхидуулж, Ардын нам “хүчиндэв”


Монгол Улсын түү­хэнд тэмдэглэг­дэх том үйл явдал өчигдөр тохиов. Хаврын чуулганы төгсгөлд УИХ-­ын 62 гишүүний санаачилгаар өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэ­лэлцүүлгийг хийж баталсан нь энэ удаагийн парламентын хамгийн том амжилт болов. Гуравдугаар хэлэлцүүлгийн гол зорилго АН-­аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцэх, хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан 10 гаруй заалтын эцсийн най­руулгыг хийж эцэслэн батлах байв. Үдээс өмнө парламент Үнд­сэн хуулийн нэмэлт, өөрчлөл­тийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төс­лийг хэлэлцсэн юм. Энэ хуу­лийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хэлэл­цэхийг зарим гишүүн буруу гэж үзсэн. АН-­ын зөвлөлийн даргаД.Эрдэнэбат дагаж мөрдөх журмыг хэлэлцэхээс өмнө “Ямар заалт 57 гишүүний босго давахыг мэдээгүй байж нийцүү­лэх журмаа батлах гэж байгаа нь алдаатай” гэж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг түрүүнд нь хийх горимын санал гаргасан боловч МАН-­ын гишүүд дэмжээгүй юм. Улмаар Д.Эрдэнэбат нарын гаргасан УИХ­-ын сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх заалтыг дэмжих боломжгүй гэж үзэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.Дараа нь УИХ­-ын гишүүд гурав­дугаар хэлэлцүүлэгт шилжсэн. Эхэнд нь зөвшилцлийн хүрээнд АН­-аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцсэн бөгөөд Ерөн­хий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох заалтын талаар хэлэлцсэн гишүүдийн дийлэнх олонхоор дэмжсэн ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ­-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хоёр санал 57 гишүүний босго давж чадсангүй. Уг нь сонгуулийг холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг МАН­-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн шийдвэр гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлгийн явцад эрх баригч гишүүд байр сууриасаа буцав. Энэ нь АН­-ын хувьд мэхлүүлсэн явдал болсон бөгөөд АН­-ын зөвлөлийн дарга ч ийм байдал гаргасан эрх баригчдад гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө АН хичээсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд орох бүхий л санал дээр хамтарч ажиллан та бүхэнд итгэж найдаж байсан. Харамсалтай нь АН­-аас гаргасан зарчмын гурван саналын хоёрыг нь дэмжсэнгүй. Зөвшилцлийн үр дүн гарсангүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм доголон байдлаар баталж болохгүй. Тиймээс энэ мөчөөс эхлэн АН-­ын зөвлөл, зөвшилцөл болон гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдье” гэсэн юм. Харин АН­-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг батлах ажлыг та нар үнэхээр гурилдаж байна. Унасан саналаа хурууны хээ унших төхөөрөмжид чихээд босгож баталж байна. Энэ хурууны хээгээр санал хураах төхөөрөмж зүгээр ажиллаж байгааг АН-­ын жигүүрт суусан гишүүд нэг ч удаа тийм асуудал гараагүйгээс харж болно. Өнөөдөр нэр хүнд нь унасан УИХ­-аар Үндсэн хуулийг батлуулж болохгүй гэж ярьсаар л байгаа. Өнөөдөр Үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт чинь Ховд аймгийн захын суманд байгаа иргэний амьдралд нөлөөлөхгүй. Та нарын өнөөдөр тогтоосон сонгуулийн хэлбэр, тоглоомын дүрмээр чинь 2020 оны сонгуулиар ард түмэнтэйгээ хамт хариугаа өгнө гэдгийг хэлье” хэмээн гомдлын үг чулуудаад гарч одов. АН-­ын зөвлөлийг ийн хэлэл­цүүлгээс гарснаа мэдэгдсэний дараа МАХН­-ын гишүүн О.Баасан­хүү “Үндсэн хуульд намын үүргийг “улсын хэмжээнд бодлого хэрэг­жүүлж ажиллана” гэсэн заалт орлоо. Уг нь намыг Үндсэн хуульд болон хөгжлийн бодлогод нийц­сэн үйл ажиллагаа явуулна гэж тусгаж болох байсан. Би ийм санал гаргасан ч хүлээж авсангүй. Тиймээс би ч бас гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “АН энэ удаа молигодууллаа. Хамгийн харамсалтай нь анхнаасаа МАН­-д хулхидуулна даа гэж АН­-д хэлж байсан ч үгэнд ороогүй” хэмээн эрх баригчдыг “хатгачихаад” чуулганы танхимаас гарсан юм.Үүний дараа УИХ­ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан заалт болон зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүд 57­-гоос дээш санал өгснөөр гурав ду­гаар хэлэлцүүлгийг дуусгасан юм. Ингэснээр АН Үндсэн хууль батлах үйл явцад цэвэр хулхидуулж МАН гишүүдийн олонхоор нэмэлт өөрчлөлтийг “хүчиндэв”. Гуравдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд спикер Г.Занданшатар энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгаж буй зүйл, заалтыг цэг, таслал алгасалгүй уншиж танилцуулсан. Тэдгээрээс онцлох заалтуудыг дурдвал, Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор УИХ баталж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах, хариуцлага алдсан шүүгчийг огцруулах болон сахилгын шийтгэл оногдуулах сахилгын хороог байгуулах, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах, УИХ-ын сонгууль явуулахаас нэг жилийн өмнөөс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа огцруулах эрх олгох, Засгийн газрын гишүүдийн дөрөв нь парламентын гишүүн байж болохыг зөвшөөрсөн заалт орлоо. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-­ын гишүүдийн дөрөвний нэг санал гаргасан тохиолдолд парламентаар гурав хоногийн дотор хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэр гаргаж байхаар болов. Мөн Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн сүүлийн таван жил эх орондоо оршин суусан иргэнийг нэг удаад зургаан жилээр сонгоно.Үндсэн хуульд орсон эдгээр өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-­ны өдрийн 12:00 цагаас улс орон даяар мөрдөхийг төгсгөлд нь тусгажээ. Гишүүд санал өгсний дараа УИХ-­ын дарга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан, гурван шатны хэлэлцүүлэгт бэлтгэсэн, зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон, саналаа өгсөн бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлж, чуулганы танхим алга ташилтаар мялаав. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталсныг тохиолдуулан Төрийн дуулал эгшиглэж гишүүд алга ташин баяр хүргэлээ. Хуралдааны төгсгөлд УИХ­-ын дарга нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулснаар УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор 36 удаа, 105 цаг хэлэлцэж, дөрвөн сарын хөдөлмөр зарцуулсан түүхэн үйл явдлыг ард гарснаа зарлав.